1 гол сэдэв

Энэ долоо хоногийн гол сэдэв, мэдээж, коронавирус.

Мэдэх ёстой тоо

Дэлхий даяар халдвар авсан иргэдийн тоо 80 саяыг давав. Одоогоор 1.7 сая хүн тус вирусын улмаас амиа алдаад байна. Одоогийн байдлаар нийт 4.2 сая тун вакцин хийгдээд байгаагийн 1.9 сая нь АНУ-д харьяалагдана. Антарктидад тивд анхны халдвар бүртгэгдсэн нь Чилийн судалгааны баазын 36 ажилтан байв.

Мэдэх ёстой баримт

Их Британид коронавирусын хувьсалд орсон хувилбар илэрч, улс орнууд хөл хориогоо чангатгаж эхлэв. ӨАБНУ-д анх илэрсэн уг мутант вирусын халдварлах чадамж нь 56 хувиар илүү гэдэг эхний судалгааны дүгнэлтүүд гарсан байна. Гэхдээ одоогоор хэрэглэгдэж буй вакцин тус вирусын эсрэг үйлчилгээтэй хэвээр гэдгийг шинжээчид мэдэгдсээр буй юм.

Мэдэх ёстой зүйл

Монгол улсад халдварт тохиолдлын тоо 1000-ыг давав. Улаанбаатар хотод шинэ голомт бүртгэгдсэнтэй холбоотой хөл хориог чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 1-р сарын 6 хүртэл сунгаад байна. Одоогоор БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-үүдэд халдварын голомт үүсээд байгаа. ЭМЯ-аас халдвартай нь тогтоогдсон 76 настай иргэн зүрх судасны дутагдлаар нас барсныг зарласан ч ковидын улмаас хэмээн албан ёсоор бүртгээгүй байгаа билээ

2 чухал тоо

2028: Хятад улс 8 жилийн дараа гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно гэнэ. Коронавирусын хямралыг хамгийн үр дүнтэй даван туулсан нь тус улсад хамгийн том давуу талыг олгож, АНУ-г гүйцэх боломж олгоно хэмээн CEBR-ийн тайланд онцолжээ. Өмнөх судалгаагаар 2033 онд Хятад АНУ-г гүйцэх төлөвтэй байв.

644: Лионель Месси Барселона клубын өмсгөлтэй 644 дэх гоолоо оруулснаар нэг клубийн төлөө хамгийн олон гоол оруулсан рекордыг эвдлээ. Домогт Пеле 1956-1974 онд Сантосын төлөө 643 гоол оруулсан нь өмнөх дээд амжилт байсан юм.

3 онцлох өгүүлбэр

I. Хятадын эрх баригчид "Alibaba"-г мөрдөн шалгаж эхэллээ.

- Хятадын засгийн газар "Alibaba"-г шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн хэмээн буруутгаж буй. Тэд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд "хоёроос нэгийг сонгох" зарчмыг тулгадаг нь монополь шинжтэй хэмээн үзсэн байна. Энэ нь цаанаа худалдаачид Алибабаг сонгосон тохиолдолд өөр онлайн худалдааны платформоор бараагаа борлуулахгүй байхыг зөвшөөрсөн гэрээ байгуулах нөхцөлтэй аж.

- Үүнтэй холбоотойгоор "Alibaba"-ийн нэгж хувьцааны үнэлгээ 13 хувиар буурч, үүсгэн байгуулагч Жэк Магийн хөрөнгө 4 тэрбум орчим доллараар багасжээ.

- Сонирхуулахад, эрх баригчид тус компанийн санхүүгийн нэгж "Ant Financial"-ийн IPO-г 2 хоногийн өмнө гэнэт зогсоосон нь олны анхаарлыг татсан.Тэд дэлхийн хамгийн том IPO-г хийж, 37 тэрбум доллар босгохоор зэхэж байсан билээ.

Дэлгэрэнгүйг: Time | SCMP | Forbes


II. Оросын төрийн дэмжлэгтэй хакеруудын халдлагад 18 мянга гаруй байгууллага өртжээ.

- Техаст төвтэй SolarWinds-ийн сүлжээ хакеруудын бай болсон нь энэ. Дэлхий даяар 300 мянган хэрэглэгчтэй тус компани АНУ-ын бүх түвшний төрийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг байсан нь энэ халдлагын ач холбогдлыг үлэмж нэмэгдүүлэв.

- Шинжээчдийн үзэж байгаагаар тэд SolarWinds-ийн хамгийн алдартай Orion платформоор дамжин, хэрэглэгчийн сүлжээнд нэвтэрч, улмаар 12-14 хоногийн дараагаар цуглуулсан мэдээллээ гадагш илгээдэг байсан гэнэ.

- SolarWinds-ийн халдлагад Fortune 500-ийн бараг бүх компаниас гадна Microsoft, Cisco, Intel, NVidia зэрэг бусад үйлчилгээндээ дэд бүтцийг нь хэрэглэдэг технологийн компаниуд ч өртсөнийг мартаж болохгүй. ZDNet-ийн ил гаргасан "хохирогчдын" дотор Монголоос АПУ ХК-ийн вебсайт бүртгэгджээ.

Дэлгэрэнгүй: ZDnet | CNET | Trends


III. Among Us тоглоомыг зөвхөн 11-р сард 500 сая орчим хүн тогложээ

- Энэ нь бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон хүн нэг тоглоомыг тоглосон үзүүлэлт. Өмнөх хитүүд болох Candy Crash, Pokemon Go ч ийм амжилт үзүүлж байсангүй.

- Гэхдээ нийт тоглогчдын ердөө 3 хувь нь 5 долларын төлбөртэй РС-ний хувилбарыг тоглодог гэдгийг мартаж болохгүй. Тоглоом бүтээгчид гар утасны хувилбараас мөнгө олох шинэ арга зам эрэлхийлж байгаагаа мэдэгдээд буй.

- Уг тоглоомыг бүтээгч InnerSloth компани 2015 онд байгуулагдсан бөгөөд ердөө 4 ажилтантай. Тиймээс тэд тоглоомын үргэлжлэлийг бүтээж байсан төслөө зогсоож, одоогийн хувилбарыг нэмж сайжруулахад анхаарч эхэлснээ мэдэгджээ.

Дэлгэрэнгүй: QZ | CNET | RedBull

4 мэдүүштэй баримт

Хиймэл нар: БНСУ-ын эрдэмтэд "хиймэл нар"-ыг 100 сая хэм хүртэл халааж 20 секундын турш ажиллуулсан байна. Устөрөгчийн цөмийн реактор ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслүүд БНХАУ, Франц, АНУ-д мөн амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Алгоритм эмчилгээ: TikTok-ийн толгой компани ByteDance хиймэл оюуны тусламжтайгаар шинэ төрлийн эм, эмчилгээ нээж илрүүлэх төслийг эхлүүллээ. Тэд уг төслийн хүрээнд Шанхай, Бээжин, Калифорнид судалгааны лаборатори байгуулж байгаа ажээ.

Ичдэг хүмүүс: Эрдэмтэд эртний хүмүүс урт, хүйтэн өвлийг давах зорилгоор ичээнд ордог байсан байж магадгүй талаар судалгаагаа танилцууллаа. Испанийн хойд хэсэгт орших Атапуэркагийн агуйд орчмоос олдсон 400 мянган жилийн өмнөх үед харьяалагдах олдворт судалгаа хийгдсэн эрдэмтэд ясны хөгжилд үндэслэн уг дүгнэлтийг хийжээ.

Сарны тогоо: Хятадын судлаачид AI, машин сургалтын тусламжтайгаар саран дээрээс нийт 109 мянган шинэ тогоог илрүүлжээ. Тэд хиймэл дагуулын зураг, өмнө илрүүлсэн тогооны байршил зэргийг үндэслэн моделио боловсруулсан нь энэ. Одоогоор сарыг 9137 тогоотой хэмээх албан ёсны бүртгэл байдаг юм.

5 сонин хачин

1. Apple 2024 он гэхэд өөрсдийн нэрийн автомашин үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд жолоочгүй машины технологи болон дэвшилтэт батарейн технологи хөгжүүлж байгаа аж. Уг төслийг Apple-ийн хайлт, хиймэл оюун, ухаалаг туслахын нэгжийг удирдаж байсан Ж.Жианнандреа тэргүүлж байгаа юм.

2. OnePlus хөдөлгөөн мэдэрдэг, өнгө нь солигддог шинэ утасны концепцоо танилцууллаа. OnePlus 8T Concept нэртэй уг утасны арын өнгө нь дуудлага, мэдэгдэл ирэх зэрэгтэй уялдаж өөрчлөгдөхөөс гадна камерын орчимд өрнөж буй хөдөлгөөнийг таньж, хариу үйлдэл хийх чадвартай гэнэ.

3. Автомат удирдлагатай машины технологи хөгжүүлэгч Nuro Калифорни мужид хүргэлт хийж, төлбөр авах эрх авсан анхны стартап боллоо. Хууль сахиулагчид тэдний робот хүргэгчдийг хамгийн ихдээ 56 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрсөн гэнэ. SoftBank-аас гол хөрөнгө оруулалтаа татсан Nuro 5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

4. Цар тахлын үеэр видео дуудлагын эрэлт өссөнтэй зэрэгцэн үнэ цэн нь эрс нэмэгдсээр буй Zoom үйлчилгээгээ өргөтгөх амбицтай байгаа гэнэ. Тэд ирэх жилийн эхээр имэйл болон календарийн нэмэлтийг багтаасан шинэ нэмэлтийг танилцуулахаар ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Ингэснээр Zoom дээрх үйлчилгээг багцаар нь санал болгодог Microsoft Teams, Google Workspace-тэй өрсөлдөхүйц болж байгаа гэсэн үг билээ.

5. Археологичид алдарт Помпей хотын тууриас сайтар хадгалагдсан "хоолны гудамж"-ийг илрүүлсэн байна. Төрөл бүрийн халуун хоол, ундаа зардаг байсан лангуу нь тухайн үеийн соёлын илэрхийлэмж болох дүрслэлүүдээр чимэглэгдсэн байжээ. Тус хот нь бараг 2000 жилийн өмнө буюу 79 онд галт уулын дэлбэрэлтийн улмаас мөхсөн гэгддэг билээ.

10 унших мэдээ

Ангайх: 2020 оныг "хадгалах нь" /The Verge/

Үзэх: Хатан хааны мэндчилгээ /BBC/

Санах: Дэлхий дахинаа 2020 онд /Montsame/

Турших: Анхны нууц камертай утас гарлаа /CNET/

Зочлох: Катар 2022 оны ДАШТ-ий төв цэнгэлдэхээ нээлээ /CNN/

Мэдэх: Youtube-ийн хамгийн өндөр орлоготой од 9 настай /Insider/

Үзэх: Pixar-ийн шинэ кино Soul-ийг тоймлох нь /Vox/

Гайхах: Трампын өршөөл /NYTimes/

Харьцуулах: Азийн хамгийн баян 20 гэр бүл /Bloomberg/

Судлах: NBA-ийн шинэ улирлын өмнө /The Ringer/