1 гол сэдэв

Apple намрын эвентээ "Time Flies" нэртэйгээр зохион байгууллаа. Цар тахлын улмаас тэд iPhone-ий үйлдвэрлэлээ хойшлуулсан учир энэ удаад өмнөх шиг шинэ утас танилцуулсангүй. Гэхдээ олны анхаарлыг татах хэд хэдэн зарлал гарсныг бид онцолж байна.

Хамгийн онцлох зүйл нь юу байв?

Эвентийн нэрээс л ихэнх хүмүүс энэ жилийн гол дүр нь "цаг" байх нь хэмээн таамагласан нь буруу байсангүй. Apple Watch 6 танилцуулгын гол бүтээгдэхүүн байлаа. 399 долларын үнэтэй, 2.5 дахин тод дэлгэцтэй, илүү хүчирхэг чиптэй уг цаг цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг болсноороо "эрүүл мэндийн төхөөрөмж" гэсэн ангилалд хүч түрэн орж ирэв. Мөн Series 5-тай ижил үзүүлэлттэй, илүү хямд хувилбарын цаг буюу 279 долларын үнэтэй Apple Watch SE-г худалдаанд гаргана гэнэ.

iPad-аар сонин сайхан юутай вэ?

Анх танилцуулагдснаасаа хойш 500 сая хувь борлуулагдсан гэх iPad-ийн Air загвар олны анхаарлын төвд байв. 10.9 инчийн дэлгэцтэй, 5 өнгийн сонголт, 599 долларын үнэтэй iPad Air-ийн хувьд Apple-ийн үйлдвэрлэж буй A14 Bionic чиптэй гэдгээрээ онцлог. Мөн VIII үеийн iPad өмнөхтэй ижил үзүүлэлт, загвартай ч илүү хямд буюу 329 доллараар борлуулагдах болжээ.

Өөр "гоё" зүйл байна уу?

Мэдээж. Энэ бол Apple-ийн үйлчилгээний шинэ бизнес болох "Fitness Plus". Тэд сарын 10 долларын төлбөр төлөн иог, бүжиг, дугуй зэрэг 10 төрлийн хичээлийг өөрсдийн төхөөрөмж дээр хүлээн авахыг санал болгож байна. Мөн өмнө таамаглаж байсанчлан Apple TV+, Apple Music, Apple Arcade болон iCloud-ийг нэгтгэсэн "цогц" үйлчилгээг "Apple One" нэрээр сарын 15 долларын төлбөр төлөн авах боломжтой болжээ.

2 чухал тоо

87 - Эмэгтэйчүүдийн эрх, ижил хүйстнүүдийн гэрлэлт, тэгш оролцооны төлөөх дуу хоолой хэмээн үнэлэгддэг АНУ-ын дээд шүүхийн шүүгч Р.Гинсбург 87 насандаа таалал төгслөө. Тус улсын дээд шүүхийн хоёр дахь эмэгтэй шүүгч тэрээр 1993 онд энэ албанд томилогдсон юм. Д.Трамп арваннэгдүгээр сард болох сонгуулийн өмнө түүний орыг залгах хүнийг томилох сонирхолтой байгаа нь ирэх саруудад улс төрийн томоохон тэмцлийн шалтгаан болох бололтой.

399: "Sony" арваннэгдүгээр сарын 12-нд худалдаанд гарах PlayStation 5-ын үнийг албан ёсоор зарлалаа. "Хамгийн том хэмжээтэй консоль" хэмээн тодорхойлогдсон PS5-ийн стандарт загвар 499 доллар байх бол CD-ний оролтгүй дижитал хувилбар нь 399 доллараар зарагдах гэнэ.

3 онцлох зүйл

TikTok гарц: Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй сошиал платформд тооцогдож буй TikTok-ийн "хувь заяа" тодорхой боллоо. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын "үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна" хэмээн үзэж, бизнесээ зарах эсвэл зогсоохыг тулгасан шийдвэрийн дараа тэд "TikTok Global" нэртэй шинэ компани байгуулах болсон байна. Америк дахь бизнес, хэрэглэгчдийн датаг хариуцах уг компанийн 20 хүртэлх хувийг "Oracle", "Walmart" компаниуд эзэмших бөгөөд ирэх жилд багтаан IPO хийж, нээлттэй компани болох нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулна. "Oracle" "технологийн түнш" гэсэн статустайгаар бүх дэд бүтэц, дата нууцлал болон хамгааллын асуудлыг хариуцах бол "Walmart"-ийн хувьд онлайн худалдааны боломжийг платформ луу нэгтгэж, арилжааны түншээр ажиллах гэнэ. Хятадын Засгийн газраас гаргасан, өндөр технологи, хиймэл оюунтай холбоотой технологийг зарах тохиолдолд зайлшгүй зөвшөөрөл авах шийдвэрийн дараагаар шинэ гарц эрэлхийлэх болсон TikTok Америкийн зах зээлд таван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 25 мянган шинэ ажлын байр үүсгэх амлалт өгчээ. Өмнө нь TikTok-ийг "Microsoft" худалдан авах хамгийн өндөр боломжтой гэгдэж байсан ч өөр нэг технологийн компани "Oracle" урьтсан нь энэ билээ.

Амьдралын сураг: Одон орончид Сугар гарагаас амьдрал байж болох шинж тэмдэг олсон тухай мэдээлэл шинжлэх ухааны ертөнцийг доргиолоо. Тэд уг гарагийн агаар мандлаас фосфиний хийн ул мөрийг илрүүлсэн нь энэ таамагт хүргэсэн аж. Зөвхөн амьд организмын нөлөөллөөр үүсдэг гэх уг хийг эрдэмтэд "biosignature" хэмээн нэрлэн амьдрал байх хамгийн эхний урьдач нөхцөл хэмээн үздэг юм. Ялзарсан мэт үнэртэй, маш хортой уг хий нь дэлхий дээр хүчилтөрөгч шаардалгүй амьдарч, фосфороор хооллодог есөн төрлийн бактериас гадна намаг, шаврын гүнээс эсвэл зарим амьтдын гэдэс дотроос ялгардаг. Хэдий эрдэмтэд Сугараас илрүүлсэн энэ ул мөр нь амьдрал байгааг шууд батлахгүй ч хэзээ нэгэн цагт амьд организм оршин байсан, эсвэл одоо амьдрал бүрэлдэж байгаа эсэхэд хариулт өгөхөд том түлхэц боллоо хэмээн үзэж буй. ЗХУ-ын үед буюу 1960-аад оны үед Сугар гарагийг идэвхтэй судлан, бүр амжилттай газардсан хөлөг илгээж байсан Орос улс 2026-31 оны хооронд тус гараг луу ахин судалгааны хөлөг илгээх төлөвлөгөөтэй байгаа. NASA ч робот төхөөрөмж бүхий хөлөг илгээж, 500 градус дулаантай, хүхрийн хүчлэн бороо ордог гэх тус гарагийн агаар мандлыг судлах сонирхолтой байгаа билээ.

Шинэ удирдагч: Япон улс шинэ ерөнхий сайдтай боллоо. 71 настай Сүга Ёшихиде намын даргын сунгаанд 70 хувийн саналаар илт давуу ялсны дараагаар албан ёсоор ерөнхий сайдаар сонгогдсон юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгсөн Ш.Абэгийн кабинетын ерөнхий нарийн бичгийн даргаар 2012 оноос хойш ажилласан тэрээр Абэгийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлаж буй. Түүний эмхлэн байгуулсан Засгийн газарт найман сайд албаа үргэлжлүүлэн хаших болсон нь ч үүний баталгаа болж байна. Олон нийтийн 66.4 хувь нь түүний багийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэнэ.

4 мэдүүштэй баримт

Шинэ хөдөлгүүр: GM цахилгаан машинд зориулсан шинэ батарейн технологийг танилцууллаа. "Ultium Drive"-д нийт гурван хөдөлгүүр, таван загварын батарей багтаж байгаа гэнэ. Саяхан "Tesla"-ийн өрсөлдөгч "Nikola"-д хувь эзэмших болсон тэд 2.2 тэрбум доллараар цахилгаан машин хөгжүүлэх үйлдвэр байгуулж, нийт 20 тэрбум долларыг шинэ технологид зарцуулахаа мэдэгдээд байгаа билээ.

Жолоочгүй шумбагч: АНУ бүрэн автомат удирдлагатай, батлан хамгаалахын нарийн ажиллагаа гүйцэтгэх чадвартай шумбагч онгоц бүтээх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд 800 сая долларын санхүүжилттэй уг төслөө 2025 он гэхэд дуусгах зорилготой байгаа нь Хятад улс цэргийн тоног төхөөрөмжөө бүрэн автоматжуулж, шинэчлэх төслөө эхлүүлсэнтэй холбоотой гэдгийг нуусангүй.

Мөсөн гараг: NASA Санчир гарагийн дагуул Энкеладусаас мөсний ул мөр олсноо баталгаажууллаа. Тэд алдарт Cassini хөлгийн илгээсэн зургуудаас уг гарагийн өмнөд туйлд мөсний ул мөр байгааг илрүүлсэн байна. Эрдэмтэд 2005 онд анх уг гараг нь амьдрал оршин байх хамгийн магадлалтай хэмээн үзэж, далайцтай судалж эхэлж байсан билээ.

Робот ажилтан: Японы хамгийн том дэлгүүрийн сүлжээнд тооцогдох "FamilyMart" болон "Lawson" робот ажилчдыг нэвтрүүлж эхэллээ. 2.1 метр өндөртэй, хоёр гартаа гурван хуруутай уг робот өдөрт 3-5 цаг ажиллаж, дэлгүүрийн бүтээгдэхүүн өрөх, хураах зэрэг ажлыг гүйцэтгэнэ гэнэ. 2022 он гэхэд 20 дэлгүүртээ бүрэн нэвтрүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлэх болсон нь ажилчдын хомсдлоос үүдэлтэй ажээ.

5 сонин хачин

1. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч "NVidia" 40 тэрбум доллараар "Arm Holdings"-ийг худалдан авлаа. Дийлэнх ухаалаг утас, төхөөрөмжид ашиглагдаж буй чипийн архитектур, дизайны патентыг эзэмшигч Arm-ийг дөрвөн жилийн өмнө "SoftBank" 32 тэрбумаар худалдан авч байсан юм. "NVidia" Arm-ийг нэгтгэснээр хиймэл оюуныг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх технологийг хөгжүүлэх зорилготой байгаа гэнэ.

2. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн намтар ном "A Promised Land" нэртэйгээр гарах боллоо. Түүний ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх уг ном арваннэгдүгээр сарын 17-нд буюу ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 25 хэл дээр, 3 сая хувь хэвлэгдэх гэнэ.

3. MTV, Nickelodeon, Showtime, CBS зэрэг контент бүтээгчдийг эзэмшигч ViacomCBS стриминг үйлчилгээний нэрээ "Paramount+" болгон өөрчилснөө зарлалаа. Өмнө нь CBS All Access нэртэй байсан уг платформ нийт 30 мянга гаруй оригинал цуврал, контентийн сантай юм. Тэд Disney+, HBO Max, Peacock, Netflix зэрэг хүчтэй өрсөлдөгчид бүхий контентийн зах зээлд 2014 онд нэвтэрсэн тэд 2021 онд олон улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

4. Facebook-ийн AR/VR технологи хөгжүүлэлтийн шинэчлэлүүдээ танилцуулдаг "Connect" эвент явагдлаа. Энэ үеэр тэд 399 долларын үнэтэй VR төхөөрөмж Oculus Quest 2-оо ил болгосноос гадна ухаалаг шил үйлдвэрлэх болсноо албан ёсоор зарлав. Бүрэн AR орчныг үүсгэх Project Aria ирэх сараас бодит амьдрал дээр туршигдах бол Ray-Ban брэндтэй хамтран гаргах аудио, камераар тоноглогдсон ухаалаг шил нь ирэх жилээс борлуулагдах ажээ.

5. "Pepsi" унтахын өмнө тайвшруулан амрааж, бөх нойрсоход зориулсан шинэ төрлийн ус танилцууллаа. Цар тахлын үеэр хэрэглэгчдийн асуудлыг шийдсэн бүтээгдэхүүний санаа гаргах, компанийн дотоод уралдаанд түрүүлсэн уг ус "Driftwell" нэртэйгээр арванхоёрдугаар сараас эхлэн борлуулагдана. Найрлагад нь хар, ногоон цайнд агуулагддаг амин хүчлээс гадна магнезиум багтжээ.

10 унших мэдээ

Төсөөлөх: Унаж буй хүн /Esquire/

Унших: Э.Ратаковски - Өөрийн зургийн эрэлд /The Cut/

Цэгнэх: Б.Гэйтс ба коронавирус /Stat/

Жагсаах: Microsoft-ийн XCloud-ийн тоглоомууд /Polygon/

Судлах: IBM-ийн квант компьютерийн гарын авлага /IBM/

Үзэх: Эммигийн ялагчид /NYTimes/

Мэдэх: 21 настай словен залуу Тур Де Францад аваргалав /BBC/

Хүлээх: НҮБ-ын чуулганаас юу хүлээж болох вэ? /CNN/

Ойлгох: Европыг нөмөрч буй тахлын хоёр дахь давлагаа /Vox/

Тольдох: Гэр оффисуудыг шинжих нь /QZ/