1 гол сэдэв
Юу болов?
Apple шинэ үеийн iPhone 15 утсаа танилцууллаа. iPhone 15 нь энгийн, Plus, Pro, Pro Max гэсэн хувилбаруудтайгаар худалдаанд гарах бөгөөд эхлэлийн үнэ нь 799 доллар байна гэнэ. Тэд дэлхийн хамгийн анхны 3 нанометрийн чипийг танилцуулсан нь видео тоглоом сонирхогчдын хувьд том мэдээ байв. Энэ бол гар утасны тоглоомын зах зээлд "хувьсгал болохуйц" үйл явдал гэсэн үг.
Гол онцлог юу байв?
iPhone 15 Pro-ийн хувьд сансрын стандарт гэгдэх титан их биетэй болсон нь гол давуу тал байлаа. Мөн тэд Европын холбооны шинэ зохицуулах журамтай холбоотойгоор бүх оролтоо USB-C болгон шинэчилжээ. Үүнээс гадна Roadside Assitance нэртэй функцийн тусламжтайгаар хиймэл дагуулын технологи ашиглан яаралтай түргэн тусламж дуудах, цаашлаад хүний амь аврах боломжтой болсон гэдгээ онцлов.
Өөр онцлох юу байна?
Apple-ийн ээлжит ухаалаг цаг Apple Watch 9 өмнөх загварасаа 60%-аар хурдан болсон нь шинэ S9 чиптэй холбоотой. Мөн ухаалаг утаснаас ч тод дэлгэцтэй хэмээн тодотгосон Apple Watch Ultra 2 адал явдал эрэлхийлэгчдэд шинэ сонголт болох нь гарцаагүй. Тэд хоёр хуруугаараа үйлдэл хийх боломж олгосон Double Tap нэмэлтийг танилцуулсан нь энэ өдрийн гол дүрийн нэг боллоо. Ингэснээр хэрэглэгчид дэлгэцэндээ хүрэлгүйгээр эрхий, долоовор хуруугаа нийлүүлэн мессеж, дуудлагад хариулах, дуу тоглуулах зэрэг үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм.
ДЭЛГЭРЭНГҮЙГ:
Unread: Цоо шинэхэн iPhone 15 + Apple-ийн арга хэмжээнээс мэдэх ёстой бүх зүйлс
Unread: Apple-ийн арга хэмжээнээс таны анзаараагүй байж мэдэх 8 зүйл
2 чухал тоо
43.000.000.000 - Дата шинжилгээ, дата архитекторын платформ Databricks-ийн үнэлгээ 43 тэрбумд хүрлээ. Технологийн компаниуд дундаас IPO хийх хамгийн магадлалтайд тооцогдож буй тус компанид NVidia, Capital One 500 сая долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн нь энэ юм.
3,958 - Ливи улсын зүүн хэсгийг дайрсан хүчтэй далайн шуурганы улмаас хоёр далан нурж, Дерна хэмээх хотыг бүхэлд нь усанд автуулав. Үүний улмаас одоогийн байдлаар 3958 хүн амиа алдаж, 9000 хүн ор сураггүй алга болжээ. М.Гадаффигийн засаглалаас хойш огт засвар хийгдээгүй далан нурсантай холбоотой амиа алдагсдын тоо 10000 давлаа хэмээн зарим хэвлэл мэдээлж байсан ч НҮБ-ын албан тоо шинэчлэгдэн зарлагдсан нь энэ юм.
3 онцлох өгүүлбэр
I. АНУ vs Google-ийн шүүх хурал эхэллээ.
- АНУ-ын хууль сахиулах байгууллагаас Google-ийг хайлтын зах зээлд монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээн буруутгаж байгаа юм. Тэд байр сууриа бататгах үүднээс бусад өрсөлдөгчдийн үйл ажиллагааг боогдуулан хязгаарласан шинжтэй гэрээг байгуулдаг хэмээх үндэслэл эхний өдрүүдийн гол баримт байв.
- Энэ бол 2001 онд Microsoft-ийг веб хөтчийн чиглэлд монополчилж байна хэмээн үзсэн түүхэн шийдвэрээс хойшхи хамгийн том технологийн салбарын шүүх хурал. Google-ийн хувьд давамгай байр сууриа хадгалах үүднээс Apple зэрэг компаниудад жил бүр 10 тэрбум доллар төлдгөөс гадна Andriod үйлдлийн систем ашигладаг компаниудад ч Google Search ашиглах шаардлага тавьдаг аж.
- Google ерөнхий хайлтын зах зээлийн 89%-ийг дангаараа эзэлдэг. Энэ тоо нь л тэднийг ямар давамгай тоглогч гэдгийг харуулах хэдий ч Google-ийн хувьд TikTok, Amazon зэрэг бусад платформуудыг ч хайлтын хэрэгсэл мөн хэмээн маргаж байгаа юм. Шүүх хурал 10 долоо хоног үргэлжилнэ.
II. Америкийн конгресс AI-ийн асуудлаар тусгай форум зохион байгууллаа.
- Сенатын 60 гаруй гишүүд оролцсон энэхүү сонсголд дэлхийн технологийн ертөнцийн гол төлөөлөгчид оролцсон нь олон нийтийн анхаарлыг татав. Тэд бүтэн өдрийн турш үргэлжилсэн хаалттай хурлын үеэр AI-тай холбоотой засаглал, хөрөнгө оруулалт, талент, хэрэглээний талаар өргөн хүрээтэй яриаг өрнүүлжээ.
- Уг хуралд И.Маск (Tesla, SpaceX), С.Пинчай (Google), М.Цукерберг (Meta), С.Наделла (Microsoft) нар өөрийн биеэр оролцож, санал бодлоо хуваалцав. Мөн энэ салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй NVidia, OpenAI, IBM-ийн гүйцэтгэх захирлууд, Б.Гэйтс, Э.Шмидт зэрэг технологийн салбарын лидерүүд байлцжээ.
- Хурлын үеэр AI-ийг ямар нэг байдлаар зохицуулах нь зөв гэж үзэж байна уу гэсэн асуултад бүх оролцогчид гараа өргөн "Тийм" хэмээн хариулсан гэнэ.
III. Disney-ийн телевизийн зах зээлийг орхиж магадгүй.
- Disney-ийн CEO Б.Айгер хоёр дахиа томилогдсноосоо хойш компанид бүтцийн өөрчлөлт хийж, зардал бууруулах чиглэлд ихээхэн анхаарч буй. Тиймдээ ч тэрээр зах зээлийн чиг хандлагатай холбоотойгоор телевизийн бизнесээс гарч магадгүй хэмээн саяхан мэдэгдсэн билээ.
- Тэгвэл үүнтэй холбоотойгоор нэрт комедиан, медиа могул Б.Аллен Disney-ийн тв бизнесийг 10 тэрбум доллараар худалдаж авах санал тавьсан гэнэ. Үүнд ABC, FX, National Geographic-ийн сүлжээ телевизүүд багтаж байгаа бололтой.
- Б.Аллены хувьд өнгөрсөн жилүүдэд 1.3 тэрбум долларыг Weather Channel тэргүүтэй кабелийн болон орон нутгийн телевизүүдийг худалдаж авахад зарцуулаад байгаа юм. Disney-ийн хувьд энэ саналыг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна. Сонирхуулахад, тэд спортын суваг ESPN-ийн зарим хувьцааг NBA, NFL зэрэг топ мэргэжлийн лигүүдэд зарж, хамтран эзэмших сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.

4 мэдүүштэй зүйл
Шинэ өрсөлдөгч: Nokia брэндийн утсыг үйлдвэрлэгч HMD өөрийн нэрийн ухаалаг утас гаргах болсноо зарлалаа. Тус компани сүүлийн 6 жилийн турш нэгэн үе гар утасны зах зээлд давамгайлж явсан домогт брэндийг дахин сэргээхээр зүтгэж байгаа юм. Шинэ утасны талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Халуун зун: NASA өнгөрсөн гурван сар 1880 оноос хойшхи хамгийн халуун зун байсныг баталлаа. 6,7,8-р сар тус бүрдээ сарын рекордоо эвдснээс гадна дундаж температур нь өмнөх рекордоос 0.23 градусаар дулаан байжээ.
Крипто хэтэвч: 800 сая хэрэглэгчтэй чат апп Telegram крипто хэтэвчтэй болж байгаагаа зарлалаа. Крипто комьюнитигийн хамгийн түгээмэл ашигладаг апп-д тооцогддог тэд TON Space нэртэй хэтэвчийг 11-р сараас эхлэн нийт хэрэглэгчдэд ямар нэгэн бүртгэл, хураамж шаардлагагүйгээр нэвтрүүлэх гэнэ.
Хүртээмжтэй унаа: Жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Cruise 2024 оноос эхлэн тэргэнцэртэй иргэдэд зориулсан робот таксиг замд гаргана гэдгээ мэдэгдлээ. GM-ийн эзэмшдэг тус компани үндсэн машины хаалга болон орцыг шинэчлэснээр илүү хүртээмжтэй, тав тухтай сонголтыг бий болгоно хэмээн итгэж байна.

5 сонин хачин
1. А.Кристигийн алдарт мөрдөгч Э.Пуарогийн адал явдлаас сэдэвлэсэн гурав дахь бүтээл "A Haunting in Venice" дэлхий даяар 37.2 сая доллар цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Энэ нь Disney-ийн хувьд өмнөх ангиудаа давсан үзүүлэлт болж байгаа юм. Хойд Америкийн зах зээлд тэдэнтэй өмнөх долоо хоногийн лидер "The Nun II" хүчтэй өрсөлдөөн үзүүлжээ.
2. Их Британид төвтэй Deep хэмээх нэгдэл 2027 он гэхэд далайн дор судалгааны станц байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Sentinel гэх төслийн хүрээнд тэд нийт 7 байгууламж бүхий станцад урт хугацаанд хүн оршин суух орчныг бүрдүүлэх амбицтай байгаа гэнэ. Эхний станцаа тэд Уэльсийн эрэг орчимд байгуулах ажээ.

3. Honda 995 долларын үнэтэй шинэ төрлийн скүүтерээ танилцууллаа. Motocompacto нэртэй уг скүүтерийн дизайн нь чемоданыг санагдуулам гэж хэлж болохуйц өвөрмөц. Гэхдээ 3.5 цагт бүтэн цэнэглэгдэж, нэг цэнэглэлтээр 20 км зай туулдаг, 25 км/цаг хурдлах чадалтай гэдгээрээ зах зээлд шинэ сонголт нэмэх нь гарцаагүй.
4. Meta-ийн хөгжүүлж буй VR платформ Horizon Worlds зарлагдснаасаа хойшхи хамгийн том шинэчлэлээ хийлээ. Энэ бол аватарууд хөлтэй болсон нь юм. Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг энэхүү хөгжүүлэлтийг хийхийн тулд тэд хүний биеийн хөдөлгөөнийг таамагладаг шинэ AI модель боловсруулсан гэнэ.

5. TikTok Billboard-той хамтран "Top 50" дууны жагсаалт гаргах болсноо зарлалаа. TikTok-д хамгийн их ашиглагдаж, хуваалцаж буй хит дууг тодруулах уг жагсаалт нь видеоны тоо, үзэлт болон хэрэглээнд үндэслэн эрэмблэх гэнэ. Эхний долоо хоногийн №1-т Sexyy Red-ийн "SkeeYee" бичигджээ.

10 унших мэдээ
Сонирхох: Анхны инфлүнсерийн түүх /Rolling Stones/
Амтлах: Luckin хэрхэн Starbucks-ийг ялав? /CNBC/
Гайхах: Мексикийн UFO үнэн гэж үү? /Vox/
Унших: Монголд зочлох уу? /Morning Brew/
Мэдэх: БНАСАУ-ын удирдагч Москвад зочлов /Reuters/
Тооцох: TikTok 368 сая доллараар торгууллаа /QZ/
Анхаарах: Трампын "Meet The Press"-ийн талаар /CNN/
Тоглох: Nintendo Direct-ийн эвентээс мэдэх бүх зүйлс /The Verge/

Сэтгэгдэл бичих

