Хүн бүрд төрөлхөөс өгөгдсөн заяагдмал чанар болох нэр төрийн тухай ойлголтыг бүрэн утгаар нь авч үзвэл тэгш эрх, үнэ цэнийн тухай цогц ухагдахуун болдог. Чихнээ хоногшсон уг холбоо үгийн цаана хүн байхын эрхэм чанар, нэгнээ хүндэтгэх хүндлэл, оршихуйн талаарх утга давхар агуулагдаж байдгийг та бид нас нэмэх тутмаа улам бүр ухаж ойлгодог гэхэд хилсдэхгүй болов уу. "10 ертөнц, 10 өнцөг" цувралынхаа ээлжит дугаарт бид нас насны төлөөлөл болсон эгэл зочдыг урьж, нэр төр гэсэн сэдвийн хүрээнд товчхон хөөрөлдсөн юм.
З.Дуламжав
"Хүн нэрээ тогос өдөө" гэдэг. Эрдэмтэн мэргэн, алдартан, баян байхаас илүү хүн байх гэдэг нь л нэр төрөө сайхан авч явахын нэр. Хүн байна гэдэг нь их багаас эхэлдэг зүйл. Хүүхдээ хүн болгохын тулд эцэг эх өөрсдөө зөв хүмүүс байх хэрэгтэй, үлгэр дуурайл сайтай хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүүхдэдээ хайрлагдаж, хүүхдээсээ хүндлэл олж чадна. Бидний үеийнхэн бол эцэг эхийнхээ амьдад нэрийг нь гаргаж, үхсэн хойно нь ясыг нь өндөлзүүлэхгүй явах юм сан гэж л их хичээдэг. Эцэг эх минь бидний хувьд тийм л үнэтэй, нэртэй төртэй явсан хүмүүс гэсэн үг.
Гэтэл одоо дэлхий даяарчлагдаж, хүн бүр гар утсаараа хурдан хугацаанд олон хүнд мэдээлэл түгээж чаддаг болсон нь эцэг эхийнхээ ч, өөрийнхөө ч, бусдын ч нэрийг хайрлахаа болиход хүргээд байна уу даа гэж анзаарагдах юм. Хүний уул мөн чанарыг нь мэдэхгүй байж, нэг талыг нь харсан болоод л толгойд орсноороо муулж сайлна, үнэлж дүгнэнэ гэдэг яавч явууртай сайн зүйл биш. Нэр төр гэдэг босгоход их хэцүү мөртлөө нураахад даанч эмзэгхэн зүйл гэдгийг ойлгомоор байгаа юм. Өөртөө ч, өрөөлд ч хайртай, хүндлэлтэй байгаасай.
Ер нь хүнийг хайрлаж чаддаг, эргээд хайрлуулж, хайр дааж чаддаг байх шиг том эрдэм энэ дэлхийд үгүй. Үүний тулд хүн оюун санааны хувьд тэгш байх хэрэгтэй. Үүнийг зөв төрхтэй хүн хэмээнэ. Зөв төрх гэж дан ганц гадаад байдал, царай зүсийг хэлдэггүй юм шүү. Аав ээжийнхээ үлгэрлэснээр, засаг төрийнхөө зааснаар, өөрийнхөө ойлгож ухаарснаар аливаад мөнгөний ус шиг хөлбөрөлгүй, улааныг харж урвалгүй, шарыг харж шарвалгүй нэг чиг шугамаар амьдарч сурвал зохилтой. Зөв төрхтэй, зөв хүн байхын тулд эрүүл бай, шударга бай, өөрийн болон эцэг эхийнхээ нэрийг даах чадвартай бай. Энэ баян гэж долгинодоггүй, энэ ядуу гэж дарладаггүй бай. Ингэж чадвал хар аяндаа нэр төртэй амьдрал бий болно.

Тос удах тусмаа нэвчдэг. Үнэн яг үүнтэй адил. Ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ. Нэр төртэй амьдрал үнэн байхаас эхэлнэ шүү.
Г.Тэлмүүн
Би энэ талаар сайн бодож байгаагүй юм байна. Гэхдээ найзууд, гэр бүл минь надад хайртай, намайг сонсдог. Би ч бас дүү нараа сайн харж, аавдаа тусалж, найзуудынхаа ярьж байгааг дуустал сонсдог. Бас том хүмүүстэй хүндлэлтэй харьцдаг. Сургууль дээрээ багш нартаа толгой бөхийн мэндчилдэг. Өглөөний мэнд, сайн байна уу, баярлалаа, уучлаарай гэдэг үгсийг тогтмол хэрэглэдэг. Би үүнийг л нэр төр гэж бодож байна.

Муухай харьцаа, дээрэлхэлт, хэрүүл зэрэг л нэр төрийг үгүй хийж байдаг байх.
Н.Амгалан-эрдэнэ
Бид амьдралаас маш их зүйлийг авдаг. Гэхдээ үндсэн өгөгдөл маань өгөх байдгийг мартчихсан мэт. Уг нь байгаль дэлхийгээс, энэ амьдралаас авч байгаа бүхнээ эргээд өгдөг, өгөхийг хичээдэг байвал бидний амьдардаг дэлхий, орчин нөхцөл илүү гоё байж болно.
Би байгууллагын хогийн менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг. Яг одоо хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хамгийн хурц асуудлуудын нэгэнд гарц шийдэл боловсруулж, энэ чиглэлд хүмүүсийг уриалдаг энэ ажлаа тун их таашааж, талархаж хийдэг юм. Олон сайхан хүнтэй уулзуулж, "хог хаях гэдэг ийм сонирхолтой, сэтгэл ханамжтай зүйл гэдгийг мэдрүүлдэгт баярлалаа" гэх мэт урмын сайхан үгсээр тэтгэж байдаг тун эрхэм ажил. Юм нь элбэг болох тусам үнэ цэнийг нь бүрэн ойлгож үнэлэхээ болин, аливааг хайрлах чадвараа улам бүр алдаж байгаа энэ үед нийгэмдээ бага боловч өнгө нэмж яваа минь миний нэр төр, бахархал болов уу.

Хэн нэгэнд муухай зүйл хийхгүй, хариуцсан ажлаа сэтгэлээсээ чанартай хийж, бага гэлтгүй үнэ цэнтэй амьдрах нь миний хувьд нэр төр.
Т.Ундрах
Нөхөр бид хоёр наймдугаар ангидаа танилцаад үерхэж дотноссон. 14,15 настай л байсан гэсэн үг. Жил ирэх бүр хоорондоо дасаж, харилцаа гүнзгийрсээр 20 гараад л хөөрхөн охины аав ээж болцгоосон. Сайхан амьдарна, болгоно бүтээнэ, хамтдаа байна гэдэг итгэл хэн хэнд маань хангалттай байсан ч биднийг таньдаг хүмүүс, нийгмээс ирэх зарим нэг хандлага бодсоноос шал өөр, хааяа гомдмоор байсан шүү. "Их сургуулиа төгсөөгүй байхдаа хүүхэдтэй болчих юм уу? Хүүхдээрээ хүүхэдтэй болоод, одоо тэгээд мөнгө төгрөггүй, эрхэлсэн ажилгүй та хоёр яах юм?" гээд л явж өгнө. Эндээс л бусдад хүлээн зөвшөөрөгдөх, хамтдаа чадна гэдгээ батлан харуулах буюу гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах, нөгөө талаас санхүүгийн асуудлаа шийдэх эрэлхийлэл, хүсэл эрмэлзэлтэй болсон шиг байгаа юм.
Ерөөс ямар нэг зүйл эхлүүлэхийн л түүс болчихсон, хүүхдийнхээ хажуугаар тийм л зүйл ярьдаг байсан. Ярин ярьсаар "Хоёулаа ядаж өнгөт принтертэй болчихвол загвараа өөрсдөө гаргаад "цорын ганц" бүтээгдэхүүн хийгээд байж болох юм байна" гэж шийдсэн. Ингээд нөхөр маань гар утсаа зараад дээрээс нь багахан мөнгө нэмээд өнгөт принтер авч байлаа. Оюутан хүний мэдлийн ганц өмч л гар утас байна шүү дээ (инээв). Тэгээд л ажилдаа орсон. Чин сэтгэлийн хөдөлмөр хүнд танигддаг юм байна лээ. Үйлчлүүлэгчээ сайтар сонсож, яг хүссэн зүйлийг нь хийгээд өгчих юм сан гэдэг эрмэлзэлтэй, алдсан бол хариуцлагаас зугталгүй тэр бүрийг шийдэх хандлагатай байсан биднийг нэг нэгээсээ дуулсан худалдан авагчид тасралтгүй зорьж ирдэг болсон. Ингээд үйл ажиллагаа өргөжихийн хэрээр сошиал хаягтай болох шаардлага гарч, ярьж ярьж "Хөөрхөн принтшоп" гэсэн нэр өгөөд ажиллаж эхэлсэн дээ.
Тэгээс эхэлж байсан манай инстаграм хаяг одоо 22.7 мянган дагагчтай, есөн ажилтантай, байнгын үйлчлүүлэгчидтэй подхийсэн бизнес болсон. Валентин, Цэргийн баяр, Мартаар бүр хонон өнжин ажиллаад ч захиалга, эрэлтээ дийлэхгүй болдог нь тухайн үедээ ядравч эргээд бодоход "Хоёулаа чадаж байна" гэсэн урамтай бодлыг төрүүлдэг. Бас зөвхөн захиалгын ажил авалгүй бэлэн бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүртэй болж өргөжсөн. Ажлын байр бий болгож, хэдэн хүний амьдралд нэмэр тус болж байгаа нь их гоё. Манайх ч бүл нэмж, одоо дөрвүүлээ болсон. Хөөрхөн охин, "Хөөрхөн принтшоп" маань бид хоёрт олон гоё зүйлийг авч ирсэн шүү. Ер нь энэ ажлын хамгийн гол үнэ цэн нь мөнгө санхүүгээс гадна бидний нэр төр, чадна гэдгээ харуулж буй явдал гэж боддог. Нэр төр, хүндлэл гэдэг чинь нийгмийн нэг хэсэг болж амьдарч байгаа хэн бүхний хувьд анхдагч хэрэгцээ шүү дээ.

Хүний сонголт, шийдвэрийг хүндлэх хэрэгтэй. Санал оруулж, санаа тавьж болно, гэхдээ бүр ойр дотнын хүн нь биш л бол өөрийн бодлыг тулгаж, сөрөг үгээр гомдоох шаардлага үгүй. Энэ бол хүндлэл, нэр төрийн тухай хамгийн энгийн ойлголт.
Х.Цогтбилгүүндарь
Амьдралын минь сүүлийн найман жил АНУ-д өнгөрсөн юм. Анх очиход жаахан хүүхэд байсан болохоор эхний хэдэн жилд зүгээр л байгаа орчиндоо уусаж, соёлыг нь ойлгож, түүнд нэвтрэхийг хичээдэг байсан. Боломж ихтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг том, сайхан улс ч гэлээ нөгөө талаар олон үндэстэн амьдардаг орон болохоор яг дотор нь ороод, биеэр мэдрээд явахад ялгаварлан гадуурхалт санаснаас нэлээд их. Засгийн Газар, нийгмийнх нь бий болгосон соёл хандлага нь хүмүүсийг улс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөөр ерөнхийд нь ангилчихдаг, иргэд нь ч түүнийг нь хүлээгээд авчихсан байх жишээний. Тэгэхээс ч аргагүй. Тэнд амьдарч л байгаа болохоор би бас анхандаа түүнд нь баригдаад, нэг мэдэхэд л дотроо хүмүүсийг ялгадаг болсон байснаа хэдэн жилийн дараа анзаарсан. Тогтолцоо, системчлэлд нь автсан байснаа ойлгосон даруйдаа энэ хэвшмэл хайрцагнаас гарахын тулд тэгш эрх, хүндлэлийн талаар илүү цаг гаргаж бодох болсон л доо.
Гэтэл 2020 оны ихээр Жорж Плоид хэмээх хар арьстай залууг цагаан арьст цагдаа хүзүүн тус газар нь өвдөглөсөөр байгаад амьсгалыг нь боож аминд нь хүрсэн цочирдмоор хэрэг гарсан. Тэр нь Миннеполис хот буюу миний амьдардаг, тэгээд бүр гэрээс маань тавхан минутын зайтай газар болсон нь нэлээд цочирдуулсан. Надтай ийм ойрхон ялгаварлан гадуурхалт, бурангуй дээрэнгүй хүмүүс байна шүү дээ гэх бодол. Уг явдлын улмаас идэвхэжсэн #BlackLivesMatter хөдөлгөөн цар тахлын үед ч эрчтэй сайн өрнөсөн нь ерөөс хүн нэг бүрийн нэр төр, эрх ашиг, хүндлэлийн төлөө шүү дээ. Хэнийг ч ялгалгүй, хүнийг хүнээр нь хүлээж авч хүндэлье гэдэг агуулгыг л олон нийтэд хүргэх гэсэн дуу хоолой.
Монголдоо ирээд зөвхөн үндсэн ажлаа хийгээд явалгүй нийгэмдээ ахиу үнэ цэнтэй хүн байхыг хүссэн учраас "Global Shapers UB Hub"-д нэгдсэн. Энэ нийгэмлэгийн гишүүн болоход хэрэгжүүлж байгаа төслүүдээс нь "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн ажил хамгийн их анхаарал татсан. Үнэхээр л хүн бүр бусдын нэр төрийг хүндэлж, хүний тэр амин чанарт нь хүлээцтэй хүндлэлтэй хандахад л олон асуудал хялбархан шийдэгдэнэ. Ойлгож сурч яваа зүйлээ бодит ажил болгож байгаа маань надад үнэ цэнтэй санагддаг.

Дэлхийн хөгжлийн арга зүй доороос дээш буюу нийгмийн хамгийн бага нэгжээс эхлэх болоод байна. Амьдралд буусан, бодитой шийдвэр гаргалтад тэмүүлж байна гэсэн үг. Нийгмийн хамгийн доод түвшнийхний эрх ашгийг хамгаалж, нэр төрийг хүндэтгэх нь бидний хүсэж тэмүүлж ирсэн тогтолцоог бүтээх хамгийн үр дүнтэй арга байх. Тиймээс л сургуулиа төгсмөгцөө эх орондоо ирж ажиллахыг хүссэн.
Санал болгох: "Global Dignity Day" - Нэр төрөө эрхэмлэх өдрүүд
Н.Даваажав
30 гаруй жил нярайн сувилагчаар ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа эзэн нь болж, хоёргүй сэтгэлээр ажилдаа ханддагаа хамгийн нэр төртэй зүйл хэмээн бодож явдаг. Амин хэлхээг үргэлжлүүлэх нялх үрсийг энэ хорвоод ирэхэд нь тосож авч, асарч халамжилна гэдэг ганц нэр төрөөс гадна сүсэг бишрэлийн зүгээс харахад том буян юм болов уу.
Нэр төр заавал алдар нэрд оршдоггүй. Энэ бол хүн бүрд, өдөр бүр хийж байгаа ажилд нь, бодож байгаа бодолд нь байдаг зүйл юм.

Нэр төр бол зөв сайхан амьдаръя гэсэн сэтгэл зүтгэл, үзэл бодол, үнэ цэнтэй ажил мэргэжил юм.
А.Баттулга
Нэр төр... Нэлээд хүнд сэдэв шиг санагдаж байна. Ингээд асуухаар хамгийн түрүүнд нэг зүйл л толгойд орж ирж байна л даа.
Уран бүтээлч хүнийг гаргаж буй бүтээл, хувь хүнийх нь туулж буй намтар хоёрыг тусад нь салгаж хүлээн авах хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл уран бүтээлчид бусадтай хуваалцахыг хүссэн талаа л дэлгэн тавьдаг. Харин үзэгч түүнийг өөрийн мэдрэмжээр хүлээж авахын сацуу давхар тухайн уран бүтээлчийг дотроо төсөөлж, өөрийнхөөрөө зурагладаг. Гэвч хэзээ нэгэн цагт бодит байдал өөрийнх нь сэтгэлдээ зурагласан зураглалтай зөрөх үед хүмүүс ихэвчлэн нөгөө хүнээ өмнөх шигээ үнэлэхээ болиод, зарим тохиолдолд сөрөг мэдрэмжээ нийтэд, сошиал платформд бичээд, илэрхийлээд эхэлдэг нь өрөөсгөл санагддаг юм.

Хийсэн ажлууд, авсан зургууд маань хаа нэг өөр газар гарчихсан яваа харагддаг л юм. Оюуны өмчийн тухай ойлголт одоогоор манайд тийм ч сайн хөгжөөгүй байна. Ямар ч гэсэн ч түүнийг ашиглаж буй хүмүүс эх сурвалжаа дурдах нь зүйтэй. Хийж буй ажил бол тухайн хүний бий болгож буй үнэ цэн, нэр төр шүү дээ.
Ц.Чимэдюдон
2018 оны есдүгээр сард нөхөр бид хоёр хөөрхөн охины эцэг эх болсон юм. Энх амаржиж, гэртээ харих үед охид маань бусдын л адил нярайн эхэн үед илэрдэг шарлалттай байлаа. Бид ч бүх л хүүхдэд байдаг асуудал гэж бодоод эмчийнхээ зөвлөсөн арга хэмжээг тогтмол аваад явж байтал нэг л өглөө нэг ихрийн маань амьсгал боогдож, арьс нь хөхрөөд ирсэн. Яарч сандран эмнэлэгт үзүүлтэл шарлалт нь физиологийн хэвийн хэмжээнээс хальж эмгэгийн түвшинд очсон байсан л даа. Нярайн шарлалт хүндэрвэл тархинд нөлөөлж тархины саажилт үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг юм билээ. Үүнийг сонсоод айж сандарсан эцэг эхчүүд хүүхдээ аль болох хурдан фотоаппаратанд оруулахыг л хүсдэг.
Гэтэл тухайн үед ЭХЭМҮТ-д энэ аппарат цөөн тоотой байсны улмаас олон нярай ээлжээ хүлээн, эрсдэлд улам ойртсоор байсан нь эцэг эхчүүдэд маш хүнд тусаж байсан. Ялангуяа ямар ч эм, тариа гэрлийн шарлалттай дүйцдэггүй нь бүр ч их цухалдуулдаг. Аз болж охиноо сайн эдгээгээд эмнэлгээс гарсны дараа нөхөр бид хоёр үүний төлөө ямар нэг зүйл хийх ёстойг ойлгосон. Учир нь нярай хүүхэдтэй нялх биетэй ээжүүдэд маш түгээмэл тулгардаг эмзэг асуудал болохыг биеэр мэдэрсэн болохоор тэр. Ингээд бид ЭХЭМҮТ-д нярайн шарлалтын 10 фотоаппарат хандивлах зорилго тавиад "Эрүүл нярай" аянаа хоёр найзынхаа хамтаар эхлүүлсэн. Гурван жилийн хугацаанд сайхан сэтгэлт хүмүүс, хандивчлагчдаас нийт 26 сая төгрөг цуглуулж зорилгодоо амжилттай хүрч чадсан уг төсөл бидний амьдралдаа хийсэн хамгийн нэр төртэй зүйлсийн нэг. Ээж болно, хүүхдийнхээ сайн сайхны төлөө чадах бүхнийг хийнэ гэдэг эцэг эхчүүдийн хувьд том нэр төр. Үүний дараа бусдын хүүхдэд тусална гэдэг олон гэр бүлд нь өгч буй үнэ цэн гэж боддог.

Амьд яваа цагтаа өөртөө сэтгэл ханамжтай, бас бусдад тустай амьдрах шиг том нэр төр байдаг гэж үү.
Б.Мөнх-Амь
Нэр төр гэдэг миний хувьд яг ус агаар шиг, биеийн амин эд эрхтэн шиг чухал зүйл. Магадгүй энэ бол хүн бүрд төрөхөөс заяагдсан хамгийн чухал өгөгдөл байх. Амьсгалах, амьдрах гэдэг шал ондоо ойлголт. Нэр төргүй амьдрал бол зүгээр л амьсгалах төдийхнөөр оршиж байгаа хэлбэр, амьдарч чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Харин амьдарна гэдэг нэр төртэй байх явдал гэж хэлнэ. Би 12 дугаар ангид байхдаа ажлын байран дээр гарсан. Яг тэр үед харилцагч байгууллагууд миний юу хийж чаддагт биш зөвхөн нас, оворт л анхаарлаа хандуулдаг байсан нь таалагдаагүй. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж, өөрийнхөөрөө хүндлэгдэж, хийж чаддаг зүйлээрээ үнэ цэн бүтээж, нэр төртэй амьдрах гэж л бид энэ хорвоод ирдэг байх. Тийм ч учраас өөрийнхөө болон бусдын нэр төрийг ихэд хүндэлж, хүнтэй хүнийх нь хувьд харилцахыг хичээдэг. Ер нь нэр төр гэдэг жижигхэн зүйл дээр ч сэвтэж болох эмзэг эд хэрнээ хийдэг чаддаг зүйлтэй, зөв амьдарч чадвал хадгалж явахад тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ажиллах тусам ойлгож авч байна.

Аль бага байхаас л хүмүүс надтай "Өвөө чинь (МУАЖ Б.Дамчаа агсан) ийм мундаг хүн байсан байхад харин чи...!?" гэдэг хандлагаар ярьдаг байсан юм. Тэр нь нэг талаас урам зориг өгч, үүрэг хариуцлагыг ойлгуулдаг ч зарим талаараа дарамт мэдрүүлж, амьдрал минь өвөөгийнхөө нэр сүрэнд дарагдсаар өнгөрчих юм шиг таагүй мэдрэмж төрүүлдэг байсан. Одоо ч хааяа тэгж мэдрэгдсээр л байдаг. Энэ мэтээр том болох тусам ялгаатай хүмүүсийг хооронд нь жишиж, нэр төрийг нэр хүндтэй хольж хутган, өөрийнхөөрөө л амьдарч яваа хүний оршихуйд дураараа халдах нь бүдүүлэг хандлага шиг санагддаг болсон байна лээ.
Н.Дүгиймаа
Би "Нэр хугарахаар яс хугар" гэдэг хүмүүжлээр өссөн үеийн төлөөлөл. Тиймдээ ч миний хувьд нэр төр хамгийн чухал зүйлсийн нэг. Өөрийн нэр төрийг сэвтүүлэхгүй, бас бусдын нэр төрд халдахгүй байхын тулд би хүмүүсийн хооронд элдэв юм ярьж явахыг өөртөө хэзээнээс л зөвшөөрөлгүй явсаар өдийг хүрсэн. Хүний надад итгээд ярьсан зүйлийг өөр хүнд ярьж явна гэдэг бол өөрийн нэр төрийг үнэгүйдүүлж, итгэл алдаж байгаа хэрэг. Тиймээс яаж ч хэл загатнасан хүний нууцыг, хүний яриаг өөрийнхөө цээжинд л үлдээдэг. Хүн бүр алдартай, нэр хүндтэй байх албагүй, гэхдээ өөрийн нэрийг хамгийн энгийн зүйлс дээр ч эрхэмлэж явах хэрэгтэй. Тэгж л боддог.

Хэлэхийг хүссэн зүйлээ хэлэхийг хүссэн хүндээ нүүрийг нь хараад хэлж чадаагүй л бол араар нь бас юу ч ярихгүй л байх хэрэгтэй. Өөрөө ч мэдэлгүй, саваагүйтэж явахдаа бусдын нэр төр, амьдралд нь санамсаргүйгээр халдах магадлал их байдаг тул үүнээс болгоомжилж, өөртөө болон бусдад үнэнч явах нь нэр төртэй амьдрахын суурь зарчим байдаг болов уу.

Энэхүү контентыг "Дэлхийн Залуу Удирдагчид" болон "Глобал Шэйпэрс Улаанбаатар Хаб" нийгэмлэг, "Ард Санхүүгийн Нэгдэл", "Unread Media"-гийн хамтран зохион байгуулж буй "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд бэлтгэн хүргэв.

Сэтгэгдэл бичих (1)


Т Твшн 62.133.44.250
Амгалан-эрдэнэ бол энд хариулсан шигээ биш нэр хүнд тиймхэн хүүхэн. Хаанаас хэнээс мөнгө саахав, хэнд наалдаж долигнож байгаад ажил олохов гэж хэтэрхий шүлэнгэтдэг хүн. Хаягдлын үйлдвэрлэлд шинэчлэл хийж байгаа өөр мундаг эмэгтэйчүүд ч ингэж бүлт үсрэхгүй байхад инээдтэй байна шүү амхалан-эрдэнээ. Бусад нь жинхэнэ оригоороо хөөрхөн хариулжээ.