Ажил эрхэлдэггүй эмэгтэй гэж байхгүй. Зөвхөн ажил эрхэлснийхээ төлөө цалин хөлс авдаггүй эмэгтэйчүүд л гэж бий…

Ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ цалин хөлсгүй асарч, халамжлах ажлыг давхар хийдэг. Нэг ёсондоо эмэгтэйчүүд тодорхой үнэлэмжтэй хөдөлмөр хийхийн тулд цалин хөлсгүй хөдөлмөрийн ачааг байнга үүрч явдаг. Тэд халамжлах хөдөлмөрөөрөө дамжуулан эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тийм ч учраас “Асрахуйн эдийн засаг” гэдэг ойлголт дэлхий даяар хэдийнээ бий болжээ.

Манай улсын хувьд бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхээс өндөр бөгөөд ялангуяа 25-39 насны бүлэгт хамгийн их буюу 19.9- 30.4 хувийн зөрүүтэй байгаа нь эмэгтэйчүүд энэ насандаа хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой.

Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэгБид 2030 цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн бодит өртөг, бага насны хүүхэдтэй ээжүүдэд нийтлэг тулгардаг асуудлууд хийгээд тэдний хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэх ямар боломжууд байгаа талаар онцолж байна.



 Асрахуйн эдийн засаг гэж юу вэ?


Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд бүтэн цагийн ажил эрхэлж буй эсэхээс үл шалтгаалан эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Энэ ялгаа хүүхэд наснаас эхэлдэг ба 12-15 насны хөвгүүд аяга угаах, гэр цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцсаа угаах зэрэгт өдөрт 1 цаг 30 минут зарцуулдаг бол охид өдөрт 2 цаг 20 минут зарцуулдаг ажээ.

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин (51.5%) эрэгтэйчүүдийнхээс (66.4%) доогуур байсаар ирсэн бөгөөд төрөлтийн түвшин нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр оролцооны түвшин буурсаар байдаг нь харамсалтай. Ажиллах хүчнээс гадуурх эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгаан нь:

-103, 966 нь жирэмсэн болон хүүхдээ асрахаар

-8, 996 нь хүүхдээ сургуульд сургахаар

-12,586 нь бусдыг асарсан гэж хариулжээ.

Тэрчлэн өвлийн улиралд эмэгтэйчүүдийн ажил таслах тохиолдол эрэгтэйчүүдтэй харьцуулахад 1.65 дахин их, хүүхэдтэй ажилтны хувьд хүүхэдгүй ажилтантай харьцуулахад 1.87 дахин их байна.



 эмэгтэйчүүд=үнэгүй ашиглаж болох нөөц

Ар гэрийн цалин хөлсгүй хөдөлмөрийг огт хэмжихгүй байгаа нь бүх цаг үеийн хамгийн том өгөгдлийн цоорхойнуудын нэг. Өндөр орлоготой орнуудад цалин хөлсгүй асаргааны ажил ДНБ-ийнх нь 50 хүртэл хувь, бага орлоготой орнуудын хувьд 80 хүртэл хувьтай тэнцэх боломжтой гэх судалгаанууд байдаг.

НҮБ-ын тооцоогоор, 2012 онд зөвхөн АНУ дахь цалин хөлсгүйгээр хүүхэд харах үйлчилгээ 3.2 их наяд ам. долларын бүтээмж бий болгосон нь тухайн үеийн ДНБ-ийнх нь 20 хувьтай тэнцэх үзүүлэлт билээ.

2008 оны санхүүгийн зах зээлийн хямралын дараа Их Британи төрийн үйлчилгээний салбарын төсвөө үлэмж хэмжээгээр танасны дүнд таван жилийн хугацаанд хүүхэд харах 285 төвийг хаасан бөгөөд асран хамгаалагчид олгох тэтгэмжийг зөвхөн нэн шаардлагатай өрхүүдэд л олгохоор тогтсон байна. Үр дүнд нь хоёр жилийн дараа эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн 25 жилийн турш хамгийн дээд хэмжээндээ хүрч, эмэгтэйчүүдийн ажлын байрны дутуу ашиглалт 74 хувиар өсжээ. Энэ бодлогыг яагаад хэрэгжүүлсэн шалтгаан тун энгийн. Эмэгтэйчүүдийн цалин хөлсгүй хөдөлмөрийг бүртгэх, мэдээллийн сан үүсгэх, мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй учраас тэр юм.



Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар хэрэв бид эрэгтэй, эмэгтэй хүний хөдөлмөрийн зах зээлийн оролцоог байж болох хамгийн бага зөрүүнд хүргэж чадвал хөгжиж байгаа орнуудын хувьд ДНБ-ээ ес хүртэл хувиар өсгөх боломжтой.

Тэр бүү хэл эмэгтэйчүүд цалин хөлстэй ажлын байранд эрэгтэйчүүдтэй ижил тоогоор ажиллах боломжтой байсан сан бол дэлхийн ДНБ 12 их наядаар нэмэгдэх боломжтой гэж McKinsey тооцсон байдаг. Гэвч ар гэрийн эцэс төгсгөлгүй ажил, нийгмийн халамжийн үйлчилгээний буруу зохион байгуулалтаас үүдэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн гадна орхигдсоор.

"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

ТА ӨДӨРТ 1600 ТӨГРӨГИЙН ХӨЛСТЭЙ АЖИЛ ХИЙХ ҮҮ?

Нэг өдөрт 1600 төгрөг буюу сардаа 50 мянган төгрөг гэсэн үг. Хэрвээ та үгүй гэж хариулсан бол Монгол Улсын хэмжээнд жилдээ 200 гаруй мянган ээж 0-3 насны хүүхдээ асарсны хөлсөнд сар бүр “Цалинтай ээж” хэмээн нэрлэсэн энэ хэмжээний мөнгөн тэтгэмжийг Засгийн газраас авдгийг санаарай. Товчхондоо, манай улс бага насны хүүхдээ асарч буй ээжийн бүтэн өдрийн хөдөлмөрийг 1600 төгрөгөөр үнэлдэг гэсэн үг.

Харин Өмнөд Солонгос улсын хувьд төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд энэ жилээс эхлэн 0-12 сартай нярай хүүхэдтэй өрхүүдэд сар бүр 700 мянган воны “Хүүхэд асрах тэтгэмж” олгож эхлээд байгаа юм. Өмнө нь зөвхөн гэртээ хүүхдээ асардаг ээжүүдэд 300 мянган воны тэтгэмж өгдөг байсан бол энэ жилээс өдөр өнжүүлэх болон хүүхэд харах үйлчилгээний бусад үйлчилгээнд хамрагддаг эсэхээс үл шалтгаалан бүх хүүхэд бэлэн мөнгөөр тэтгэмж авах эрх үүсжээ.

Гэр бүл болсон таван эмэгтэй тутмын нэг нь гэрлэх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, хүүхдийнхээ боловсролд анхаарах зэрэг шалтгаанаар ажлаа орхих шаардлагатай болдог тус улсын хувьд энэхүү шийдвэр нь төрөлтийг дэмжих томоохон шийдвэр болжээ.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТДАА ХӨГЖИХ БОЛОМЖ БИЙ ЮҮ?

Манай улсын хувьд төрөөс санхүүжилттэй улсын цэцэрлэгийн тарах хуваарь 17:00 цаг бол ихэнх ажлын байрны тарах цаг 18:00 цаг байдаг. Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын үндсэн зорилго нь угтаа эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэдий ч хөдөлмөр эрхэлж буй тэдгээр хүмүүсийн ажилтай огтхон ч уялдаагүй цагийн хуваарьтай байдаг нь хачирхалтай.

Цэцэрлэгээс гадна төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээллэх цаг хамгийн ихдээ гурваас дөрвөн цаг, дээр нь нэмээд өдөр өнжүүлэх төвийн систем хөгжөөгүйгээс бүтэн цагийн ажил хийж буй ээж хэн нэгэнд төвөг удалгүйгээр бие даан хүүхдээ сургуульд зөөх ямар ч боломжгүй тогтолцоон дунд бид аж төрж байна.

Эмэгтэй ажилтнуудад дийлэнхдээ тулгардаг дээрх асуудлыг анзааран харж, өөрсдийнхөө хэмжээнд асуудлыг шийдэхээр томоохон компаниуд хичээж буй нь сайшаалтай. Жишээлбэл, Patagonia компани Калифорни дахь төв байрандаа хүүхэд асрах үйлчилгээний төв ажиллуулах, ажилтнууддаа хүүхэд асрах чөлөө авах болон ажлын цагийн хувиараа уян хатан байдлаар зохиох боломж олгох, хүүхэд асрах зардалд нь зориулан тусгай санхүүгийн тусламж үзүүлэх зэргээр анхаардаг аж.




Харин манай улсад ХААН банк хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх хүрээнд, ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах, сэтгэл тайван, үр бүтээмжтэй ажиллах боломж олгох зорилгоор банкныхаа Жуков оффисын дэргэд “Хүүхэд харах өрөө”-г саяхнаас ажиллуулж эхлээд байна.

Тус оффист ажилладаг ажилтнуудын 3-10 насны хүүхдүүдийг түр хугацаагаар хүлээн авах зориулалттай энэхүү төв нь бага насны хүүхдийн онцлогт тохирсон орчин, нөхцөлийг бүрдүүлсэн, мэргэжлийн багштай, бага ангийн сурагчид хичээлээ хийгээд суух боломжтой гэдгээрээ онцлог. Цаашид ХААН Банк бусад томоохон оффисуудад энэ жишгээр хүүхдийн өрөөнөөс гадна хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг тус тус байгуулахаар төлөвлөөд буй.



ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДАЛ ХЭЗЭЭ ЦЭГЦРЭХ БОЛ?

Доорх графикааас харахад манай улсын сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхтэй хүн ам буюу 0-4 насныхан сүүлийн арван жилийн хугацаанд 60 мянгаар, харин 5-9 насныхан бараг хоёр дахин нэмэгджээ. Гэвч нөгөө талдаа эдгээр иргэдэд боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр байсаар л.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

Тогтвортой хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, хүртээмжтэй боловсролыг дэмжих чиглэлд ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн cантай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 оны 5-р сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

-Энэ сарын 10-ны өдөр “Монфемнет” үндэсний сүлжээ 14 дэх удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг “Асрахуйн эдийн засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

-Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Фумио Кишида хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхэд асрах чөлөө авч буй эрэгтэй ажилчдын тоог одоогийн 14 хувиас 50 хувь хүртэл өсгөх амлалт өглөө.

-Ирэх долдугаар сараас эхлэн жилд 80,000 доллараас бага орлоготой Австрали гэр бүлийн хүүхэд асрах үйлчилгээний төлбөрийн 90 хувийг Засгийн газрын зүгээс хариуцана.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай томчууд бид хангалттай их ярьдаг. Харин энэхүү Tedx илтгэл бол долоон настай Молли охины нүдээр томчууд хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулах, хүүхдийн бяцхан ертөнц биднээс чухамдаа юуг хүсдэг тухай гэдгээрээ онцгой.


Molly Wright: How every child can thrive by five | TED

КИНО:

Хүүхдийн хүмүүжилд зөвхөн эцэг эхийн ген, удамшлын мэдээллээс гадна хүрээлэн буй орчин, гэр бүлийн харилцаа, асран хамгаалагчдын хайр халамж тэр бүү хэл тоглож буй тоглоом, үлгэрийн цаг хүртэл таны төсөөлснөөс ч илүү нөлөөтэй байдаг аж. Эцэг эх бүрийн заавал үзэх баримтат кино.
The Beginning of life

НОМ:

Эл бүтээл нь хувийн амьдрал хийгээд албан ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн бүхий л талбарт өгөгдлийн цоорхойн улмаас эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, үүнээс улбаалан ямар ноцтой асуудал тулгарч буйг асар их баримтын тусламжтайгаар товч бөгөөд тодорхой дүрслэн өгүүлжээ.

Invisible Women


ПОДКАСТ:

Аз жаргалтай ээж л амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай хүүхдийг өсгөн бойжуулж чадна. Гэвч ээжүүд нийгмийн хүлээлт, хариуцлагаас шалтгаалан олон асуудлыг нуруун дээрээ үүрсээр сэтгэлзүйн эрүүл мэндээ хайхрахгүй орхих нь элбэг. Хэрэв танд ч ээж хүний хувиар асуудал тулгарч байгаа бол уг подкастыг сонсохыг зөвлөе.

Ээжүүдийн нүцгэн үнэн




Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.
Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

Unread Media & Khan bank