"Улаанбаатарын хамгийн таатай хотхонууд" жагсаалтад тавтай морил!

Unread Media компани өөрийн брэнд контентуудын нэг "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд"-ыг 2018 оноос эхлэн алдаршуулж, нийт 40 гаруй шилдэг оффисын орчныг дөрвөн жилийн хугацаанд цувралаар танилцуулсан билээ. Тэгвэл энэ жил бид уншигчдынхаа ирүүлсэн саналын дагуу тус цувралыг баяжуулж, Улаанбаатар хотын хамгийн таатай хотхонуудын эрэлд гараад байна. Бид барилга, үл хөдлөхийн салбарт шинэ жишиг, шинэ стандартыг тогтоож буй үлгэр жишээ төслүүдийг танилцуулахаар ээлжит аяллаа хийж буй.  

Энэ удаагийн зогсоол бол “М Си Эс Эстэйтс” компанийн томоохон төслүүдийн нэг болох “Bella Vista” хотхон. “Үл хөдлөх хөрөнгийн менежментийг Монгол Улсад хөгжүүлнэ” гэх эрхэм зорилгын хүрээнд  “М Си Эс Эстэйтс” компани нь 2011 оноос “М Си Эс” группт харьяалагдах оффисын барилга, орон сууцны төсөл, агуулах, үйлдвэр зэрэг төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцан ажиллаж буй юм. Нийт 90 гаруй мэргэшсэн баг, хамт олныг бүрдүүлсэн тус компани өдгөө үл хөдлөх хөрөнгийн төрөлжсөн, цогц үйлчилгээг дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үзүүлж байна. 

Манай өнөөдрийн нийтлэлийн гол дүр болох “Bella Vista” хотхоны эхний барилгыг 2007 онд “М Си Эс Проперти” компани ашиглалтад оруулсан ба 2011 оноос “М Си Эс Эстэйтс” уг хотхоноос гадна Будда Виста, АСЕМ Виллаж тэргүүтэй үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцан ажиллаж эхэлжээ. Ингээд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, амьдралын хэв маягт зориулсан тансаг зэрэглэлийн пентхаус, дуплекс, таунхаус, түрээсийн орон сууц бүхий Монголын анхны цогцолбор хотхонуудын нэг “Bella Vista” хотхонтой илүү ойроос танилцъя. 

Хотхоны нэр: Bella Vista
Захиалагч: “М Си Эс Эстэйтс” үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани
Эхний блок ашиглалтад орсон он: 2007 он
Ашиглалтад бүрэн орсон он: 2020 он
Хотын төвөөс: 4 км-ийн зайд
Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж, "Bella Vista" хотхон
Холбоо барих: 77117172
Сошиал хуудас: Web, Facebook, Instagram, YouTube



ЯАГААД “BELLA VISTA” ВЭ?

Нийгмийн хөгжлийг дагаж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд "luxury" буюу тансаг хэмээх ойлголт нь өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. Хэдхэн жилийн өмнө бүх өрөө нь том зохион байгуулалттай, дээд зэрэглэлийн дотоод засалтай байх нь уг тодорхойлолтын хамгийн чухал шалгуурт тооцогддог байсан бол өнөөдөр нэг айлд оногдох зай талбай буюу нягтаршил нь дээрх ойлголтыг илэрхийлж буй.

Энэ л шалтгаанаар бид монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ стандарт, шилдэг жишиг тогтоож, хэрэглэгч олонд хотхон төлөвлөлттэй орон сууцыг анхлан танилцуулсан “М Си Эс Эстэйтс” үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийн “Bella Vista” хотхоныг онцолж байгаа юм.

“Vista” брэндийн бүх төслийн анхны санаа буюу концепцийн шатнаас эхлэн эргономик хөдөлгөөний стандартуудыг багтаасан төдийгүй орон сууцны төлөвлөлтийг цогцоор шийдэхийг зорьдог нь тэднийг сонгох гол үнэ цэн болдог.

Харин “Bella Vista” хотхоны хувьд судалгаа хөгжүүлэлтийн ажлыг 2005 оноос эхлүүлж 2007 онд дуплекс буюу дотроо хоёр давхар бүхий 100, 200, 300 дугаар байр, 2009, 2010 онд таунхаус барилгууд, 2011-2015 онуудад та бидэнд эчнээ танил болсон ихэр дөрвөн өндөр буюу 400, 500, 600, 700 дугаар байрууд, 2020 онд 800 дахь байрыг бүрэн ашиглалтад оруулж, цогц төлөвлөлттэй хотхон болгожээ.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент хэрэгжүүлсний эцсийн үр шимийг барилга биш хэрэглэгч хүртдэг онцлогтой. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, тав тух, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ерөнхий болон архитектур төлөвлөлтдөө дээд зэргээр анхаарсан нь “Bella Vista” хотхонд хөл тавьсан цагаас илтэд мэдрэгдсэн юм. Сайн үл хөдлөх хөрөнгө гэдэг хэзээд үнэ цэнээ алддаггүй гэдгийг уг хотхоны жишээ батлан харуулж буй мэт санагдсан билээ.



БАЙРШИЛ

Зайсангийн гүүрийг давахуйд харагдах зүс ижил дөрвөн байраар “Bella Vista” хотхоныг төвөггүйхэн таньж болно. Хотын төвөөс дөрвөн километрийн зайд байрлах уг хотхоны хамгийн том давуу тал нь байршил бөгөөд эхний блок байр ашиглалтад орсон цагаас Зайсангийн нэгэн бэлгэ тэмдэг төдийгүй орчны чимэг болсоор иржээ. Урд талаараа Богд уул, хойд хэсгээрээ Туул голоор хүрээлүүлсэн энэхүү хотхоноос ямагт байгальтай ойр амьдралыг мэдрэх боломжтой.

Голын ай савтай ойр барилга байгууламж барихад хөрсний нуралтаас эхлээд хүндрэлтэй асуудал цөөнгүй гардаг. Харин энэ асуудлыг тэд архитектур төлөвлөлт хийхдээ барилгын эх сууриас доош 20 гаруй метрийн гүнд ухалт хийж шийдсэн ба ингэснээр чийгээс үүдэлтэй барилгын чанар алдагдах эрсдэлийг бууруулсан аж.

СОНИРХОЛТОЙ ТҮҮХ

Хэрэв та “Bella Vista” хотхонд зочилж үзсэн бол том зай талбайн хойморт эгнэсэн өндөр, нам барилгуудыг харсан нь лавтай. Тийнхүү барьж байгуулсан нь ч учиртай. “М Си Эс Проперти” компани 17 орчим жилийн өмнө уг хотхоны эх суурийг тавихтай зэрэгцэн тухайн үеийн Байгаль орчны яамны сайд агсан У.Барсболд нэгэн хүсэлт тавьсан аж.

“Зайсангийн утга учир болсон Бурхан багш маань Засгийн газрын ордон руу мэлмийгээ чиглүүлсэн байдаг юм. Тиймээс та бүхэн ямар ч төсөл бүтээн байгуулсан бай харах мэлмийг нь бүү халхлаарай” хэмээн хүссэн гэдэг. Анзаарч харвал анхдагч 100, 200, 300 дугаар байр өндөр, удаах таунхаусууд нам байх бөгөөд үргэлжлэн 21 давхар бүхий 400, 500, 600, 700 дахь байрууд сүндэрлэнэ.



ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН АРХИТЕКТУР

“Bella Vista” хотхон нь пентхаус, таунхаус, дуплекс, амины орон сууц, түрээсийн орон сууц зэрэг 15 блок байраас бүрдэж буй.

Пентхаус – Олон улсын жишигт нийцэхүйц, Европ стандартын дагуу барьсан пентхаус нь дотроо хоёр давхар бөгөөд хоёр зочны өрөө, гал тогоо, хооллох өрөө, гурван унтлагын өрөө, ажлын өрөө, гурван угаалгын өрөө, хувцасны өрөө, террас зэргээс бүрдэх ба орон зайн ухаалаг ашиглалтыг төлөвлөсөн.

Таунхаус – Гурван давхар бүхий неоклассик загварын интерьер шийдэлтэй таунхаус барилгууд нь классик, орчин үеийн (contemporary) шийдлийн төгс хослол болсон байв.

Дуплекс – “Bella Vista” хотхонд байрлах хамгийн анхны Вистагуудын нэг төдийгүй Монгол Улсдаа хамгийн анхны дуплекс зохион байгуулалттай орон сууц гэдгээрээ онцлогтой. Дотоод зохион байгуулалтын хувьд давхруудыг атриум буюу задгай хэсгээр холбож өгсөн бөгөөд энэ нь орон зайг илүү нээлттэй болгосон байв. Түүнчлэн хоёр давхрыг хамарсан таван метр өндөр цонхыг төлөвлөсөн нь тансаг харагдац, орчныг бүрдүүлж чаджээ.



Түрээсийн орон сууц – 157 м.кв талбайтай 400, 500 дугаар байрны хувьд дотроо мастер болон энгийн унтлагын өрөө, зочны өрөө, зочны ариун цэврийн өрөө, ажлын өрөө, гал тогоо, хооллох хэсгийг багтаасан байлаа. Дотоод зохион байгуулалтын хувьд үүдээр ормогц зочны өрөө угтан авах ба хооллох хэсэгтэйгээ холбогдсон нь дотор орчныг илүү уужим, цэлгэр болгох архитектурын шийдэл болжээ.

Хувийн орон сууц – Нийт 280 м.кв талбай бүхий 600, 700 дахь орон сууц нь тус бүр найман өрөөтэй бөгөөд хотхоны бусад байртай харьцуулахад 3.90 метр буюу хамгийн өндөр тааз, 2.1х4.8 метр бүхий хамгийн том цонхтой гэдгээрээ онцлог. Дотоод заслын хувьд зочны өрөө, хооллох өрөө, гал тогооны тасалгааг задгай зохион байгуулалтаар шийдсэн нь орон сууцыг илүү уужим, эрх чөлөөтэй амьдрах орчин болгож чадсан санагдав.

Хотхон дотроо бүх асуудлаа шийдье

Тансаг зэрэглэлийн төдийгүй хотхон төлөвлөлттэй үл хөдлөх хөрөнгө дотоодод танигдаж амжаагүй байхад “Bella Vista” шинэ жишгийг тогтоон олон зүйлийн анхдагч болжээ. Жишээлбэл, бүх байр газар доогуур холбогдож, гадаа гарах шаардлагагүйгээр аль ч байр руу чөлөөтэй нэвтрэх боломжийг оршин суугчдадаа олгосон нь Монголдоо анхдагчдын нэг байв.

Энэхүү хонгилын системээр дамжин кафе, усан сан, бялдаржуулах төв, ресторан, дэлгэцийн гольф, гоо сайхан зэрэг хотхонд байрлах бүхий л үйлчилгээний байгууллага руу саадгүй хүрэх боломжтой. Мөн 24 цагийн харуул хамгаалалт, гадна тохижилтын 30-аас дээш хувьд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлттэй нь тав тухтай, аюулгүй амьдрах орчин бий болгож чаджээ.

Байгальтай шууд харилцах боломж

Уг хотхоноос онцлох дараагийн давуу тал бол ногоон байгууламж. Дөрвөн га газрыг хамрах тус хотхоны 70-80 хувьд нь ногоон байгууламж бий бөгөөд тооцож үзвэл нэг айлд 200 орчим м.кв ногоон талбай ногддог аж. 2020 оны байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд 5.1 м.кв ногоон байгууламж ногдож байгаа ба уг тоог 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх талбайг “Bella Vista” оршин суугчдадаа санал болгож буй юм. Түүнчлэн хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам зэргийг дурдахгүй өнгөрч үл болно.

Туул голын чимээнд үнэгчлэн унтах нярай балчрууд, инээд хөөрөөр бялхан хөөцөлдөх энхрий багачууд, ногоон зүлгэн дээр болзон суух залуу хосууд, элдвийг хөөрөлдөн алхах буурал хөгшид. Намрын налгар өдрийн энэхэн зураглалыг зөвхөн “Bella Vista”-ийн арын талбайгаас олж харах боломжтой мэт. Ингээд бодохоор бид дан ганц үл хөдлөх хөрөнгө гэхээс илүү гэр бүл, хайртай дотнын хүмүүстээ зориулах цаг хугацаа, өөрийнхөө болон тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хөрөнгө оруулалт хийдэг аж.



Богд уул ба Туул голын огтлолцол дээр

“Bella Vista”-ийн аль ч барилгаас Зайсангийн үзэмж тодхон харагдана. Тэр дундаа ихэр дөрвөн өндөр буюу 400, 500, 600, 700 дугаар байрны цэлгэр цонхоор урд талаараа Богд уул, хойд талаараа Туул голын үзэсгэлэнг тольдох боломжтой. Бидний зочлон орсон 500 дугаар байрны 17-р давхар, 800 дугаар байрны 1-р давхрын цонхны алинд ч орчны үзэмж ижил тэгш харагдаж байсан нь Виста төслүүдийн архитектур төлөвлөлтийн үнэ цэн болох нэвт харагдах шийдлийг баримталсан гэдгийг илэрхийлж байв.

Сайтар ажиглавал ижил дөрвөн барилга нь өндөр бөгөөд нарийн төлөвлөлттэйгөөр баригдсан ба өргөн нь ердөө 12 м.кв юм. Түүнчлэн нэг м.кв хэмжээтэй жижиг тагт, саруулхан цонхыг шийдэж өгсөн нь хоёр тал руугаа гарах боломжийг олгохын зэрэгцээ өдрийн аль ч цагт нарны туяа ээлжлэн ээх нөхцөлийг бий болгосон байв. Байр хоорондох төлөвлөлтийн тухайд урд хойно нь барилга байхгүй, цаашид ч барих боломжгүй учраас байгалийн гэрлийг хангалттай нэвтрүүлж, бусад айлыг харах боломжгүй, хараа чөлөөтэй байдгаараа онцлогтой.

Ухаалаг бөгөөд “жижиг” шийдлүүд

Жижиг унтлагын өрөө – Бид нойрсохоос бусад гэртээ байх идэвхтэй хугацааныхаа 2.1 цагийг гал тогоонд, 4.4 цагийг зочны өрөөнд өнгөрүүлдэг. Тэгвэл “Bella Vista” хотхоны ихэр дөрвөн байруудын дотоод төлөвлөлтийг хийхдээ энэхүү хүчин зүйлийг тооцон унтлагын өрөөг жижиг, гал тогоо, зочны өрөөг том зохион байгуулалттайгаар шийджээ.

Харин өдөрт 6.8 буюу хамгийн олон цагийг өнгөрүүлдэг унтлагын өрөөг жижиг зай талбайд багтаан шийдсэн нь тун оновчтой санагдсан юм. Жишээлбэл, орны ард талын ханыг ашиглан хоёр талаасаа орох боломжтой хувцасны шүүгээг хийж өгсөн байв. Энэхүү нэвт гарах зориулалттай хувцасны шүүгээ нь тухайн хүнийг хамгийн наана гарт тааралдсан хувцсаа бус бүгдээс нь сонголт хийх боломжийг бий болгожээ.

Жижиг тагт – Магадгүй танд нэг м.кв хэмжээтэй тагт хэтэрхий жижиг санагдаж болох юм. Гэвч зай талбай элбэг байхын хэрээр бид ашиглахгүй эд зүйлсээ тагтан дээрээ хурааж, агуулах мэтээр хэрэглэх хандлагатай байдаг шүү дээ. Тэгвэл уг жижиг тагтны шийдэл нь оршин суугчдад минимал амьдрах сэдлийг өгөхийн зэрэгцээ барилгын имижтэй шууд холбогдоно. Үнэхээр л “Bella Vista”-ийн аль ч барилгын тагт оршин суугчгүй мэт цэмцгэр байсныг дурдах нь зүйтэй.



Жижиг үүдний гонх – Гаднаас орж ирэхэд хамгийн түрүүнд угтах хэсэг бол үүдний гонх. Хүйтэн салхи халхлах, овор ихтэй эд зүйл хадгалах, цар тахал, ханиад томууны үед хувцсаа тайлж үлдээх зэргээр энэхүү гонхны давуу тал дуусахгүй.

Жижиг цахилгаан шат – 21 давхар 400, 500, 600, 700 дугаар байрны хувьд давхартаа хоёрхон айлтай бөгөөд тус бүрд зориулсан жижиг цахилгаан шат таны анхаарлыг татах нь гарцаагүй. Түүнчлэн гэр дотроосоо цахилгаан шатаа дуудаж болдог нь орчин үеийн ажил хэрэгч, завгүй амьдралд цаг хэмнэж, бусадтай давхцан суух тохиолдлыг багасгаж байгаа юм.

БАРИЛГЫН ЧАНАР

Цэлгэр цонх – Тухайн орчинд ажиллаж, амьдарч буй хүндээ ээлтэй буюу эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухыг нь хангаж байгаа эсэх, нөгөө талаас байгальдаа сөрөг нөлөөгүй, ээлтэй байх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт эко хэмээх ойлголтыг илэрхийлдэг.

Харин “Bella Vista” хотхоны тухайд манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны цаг уурын байдалд тохируулан Францын Saint-Gobain брэндийн цонх, Бельгийн Reynaers брэндийн хүрээ бүхий саруулхан цонхыг төлөвлөжээ.

Нарны хэт ягаан туяаг үл нэвтрүүлэх, гаднаас ирэх нарны хэт халалтыг ойлгон доторх дулааныг гадагшлуулахгүй тогтворжуулах, бүх айлд жигд нар тусах боломжийг олгож буй энэхүү цэлгэр цонхны шийдэл нь маргаангүй Виста брэндийн нэгэн чанар билээ.

Шалны халаагуурын систем – Италийн Giacomini брэндийн шалны халаалтын системийг бүх байранд суурилуулжээ. Шалны халаалтын систем ашигласнаар халаалтын радиаторууд суурилуулах шаардлагагүй болж байна. Түүнчлэн халаалтын тусгай систем нь өөрийн удирдлагатай бөгөөд та хүссэнээрээ өрөөнүүдийн дулааныг тохируулах боломжтой.



Амьсгалдаг ханын цаас – Үйлдвэрийн аргаар бүтэж, төрөл бүрийн бодис агуулсан ханын цааснууд хүний биед хортой хийг тогтмол ялгаруулж байдгийг бид тэр бүр анхаардаггүй. Гэвч бидний амьдарч буй орчны гуравны нэгээс илүү хэсэг ханын цаасаар бүрхэгддэг бөгөөд айл бүрийн хувьд ханын цаасаа хэрхэн сонгох вэ гэдэг нь чухал.

Тэгвэл Виста брэндийн бас нэгэн нэрийн хуудас нь цэвэр байгалийн гаралтай эко ханын цаас юм. Энэ бол Японы алдарт Lilycolor брэндийн ханын цаас бөгөөд чамин тансаг хийцтэй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул элдэв хорт бодис ялгаруулдаггүй гэдгээрээ давуу талтай.

Хоруу чанарыг бууруулах өнгөлгөө – Барилгын үндсэн материалд тооцогддог бетонд тодорхой хэмжээгээр цацраг идэвхт бодис агуулагддаг. Энэ нь аажмаар хүний эрүүл мэндийг хордуулсаар байдаг тул тэд энэхүү хоруу чанарыг багасгахын тулд чулуун хөвөн, хоёр давхар knauf гипсээр барилгын ханыг өнгөлж өгсөн гэв. Ихэнх барилгад нэг давхар хийгддэг энэхүү гипс нь дуу тусгаарлахын зэрэгцээ бетоноос ялгарах цацраг идэвхт бодисыг хаадгаараа онцлогтой.



ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД

Мэргэшсэн үл хөдлөх хөрөнгийн менежмент нь аливаа үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын дараах салшгүй, амин чухал хэсэг болдог. Хэдийгээр барилга байгууламжийн бүтээн байгуулалт нь өөрөө том сорилт хэдий ч олон улсын шаардлага, стандартыг хангасан зөв менежментийг хэрэгжүүлэх нь түүнээс ч илүү том даваа юм. Учир нь аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг ирээдүйд нэмэгдүүлэх, ашиг орлогыг урт хугацаанд хадгалахад үл хөдлөх хөрөнгийн менежмент томоохон үүрэг гүйцэтгэдэг билээ.

Зөвхөн “Bella Vista”-аас авч болох үнэ цэн

“Bella Vista” хотхонд 230 айл өрх аж төрдөг. Тэдэнд амгалан тайван, стрессгүй, тав тухтай амьдралыг цогцлоохын тулд “М Си Эс Эстэйтс” компани дараах гурван үнэ цэнийг оршин суугчдадаа санал болгохыг эрмэлздэг аж.

Vista Standard – Ерөнхий болон архитектур төлөвлөлтөд орж буй бүх материал, архитектурын шийдэл, өрөөний зохион байгуулалт зэрэг нь тус компанийн өөрсдийн хөгжүүлсэн олон жилийн судалгаанд үндэслэсэн стандартын дагуу барьж байгуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл, Виста брэндийн гол давуу тал болсон чанартай барилгын материал, тансаг зэрэглэлийн тавилга, нэвт харууц зэргийг урьдчилан баталсан “Бэлла стандарт”-ын дагуу гүйцэтгэдэг.

Vista Experience – Усан сан, бялдаржуулах төв, машины зогсоол, 24 цагийн харуул хамгаалалт, СӨХ-ны үйлчилгээ зэргээр дамжуулан оршин суугчдадаа ижил тэгш үнэ цэн, тав тух өгөхөөр хөрөнгийн менежментийн бүхий л үйлчилгээг өөрсдийн стандартын дагуу үзүүлдэг. Тиймдээ ч хотхоноосоо цогц үйлчилгээ авч заншсан Бэллагийнхан “Бэлла туршлага”-даа нэгэнт дассан бол эргэлт буцалтгүй “Bella Vista”-ийн иргэн болдог аж.

Vista Community – Хэдхэн жилийн өмнө байрны найзууд хэмээх “нандин” ойлголт байсан билээ. Харин сүүлийн үед хөршийн холбоо мартагдаж, бие биетэйгээ харилцаа холбоогүй байх нь элбэг болсон тул хотхоны оршин суугчдаа найрсаг хөршүүд, найз нөхөд, ажлын хамтрагчид байгаасай гэсэн үүднээс харилцаа холбоонд нь ихээхэн анхаарч буй. Ингэхдээ нийт оршин суугчдын хэдэн хувь нь гадаадын иргэн эсэх, хотхонд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллага оршин суугчдынх нь хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа юу зэргээр тэдэнд тулгарч буй асуудлыг нэг айлын бус нэг хотхоны хэмжээнд авч үздэг аж.


“Bella Vista” нь оршин суугчдынхаа аюулгүй байдлыг бүрэн хангаж, “гэр” хэмээхийн тав тухыг цаг ямагт мэдрүүлж, идэвхтэй амьдралын хэв маягаа алдахгүй байх, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ үнэ цэнтэй цагийг өнгөрүүлэх боломжийг олгож буй орчин үеийн минималист хэв маягийн орон сууцны хотхон юм.

ГЭР БҮЛ ТӨВТ "BELLA VISTA" ХОТХОН

Зөвхөн “Bella Vista”-ийн өгч чадах үйлчилгээ

Оршин суугчдынхаа худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтвортой өсөн нэмэгдүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанийн хувьд нэн тэргүүний үүрэг билээ. Тиймдээ ч “М Си Эстэйтс” компани өөрсдийн гэсэн стандартыг батлуулж, түүнийхээ дагуу үйлчилгээгээ үзүүлдэг.

Ашиглалтын менежмент – Өдөр тутмын менежмент, дэд бүтэц, засвар үйлчилгээнээс гадна онцлох үйлчилгээ бол угтах үйлчилгээ. Хотхоны бүх байр угтах үйлчилгээний ажилтантай ба аливаа айл өрхөд шаардлагатай тусламжийг цаг тухай бүрд нь үзүүлж, тулгамдаж буй асуудлыг нь холбогдох хүмүүст нь уламжлах зэргээр ажил үүргээ гүйцэтгэдэг.

Хүрээлэн буй орчны менежмент – Нэг айлд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр дээгүүрт бичигдэх тус хотхонд олон төрлийн мод, жимс, ургамал бий. Сибирийн хөх гацуур хүртэл “Bella Vista”-ийн хашаанд үзэгдэнэ. Үүгээр ч зогсохгүй тайрч зассан бут сөөг, тарьж ургуулсан мод жимсийг дагасан эгдүүтэй амьтадтай ч хотхонд хөл тавьсан цагаасаа эхлэн тааралдсан билээ.

Аюулгүй байдлын менежмент – Тус хотхонд зочилж буй хэнээс ч болов зорин ирсэн шалтгааныг нь тодруулж, замчлан дагуулах 24 цагийн харуул хамгаалалтын ажилтнуудын найрсаг хандлага нь оршин суугчдын аюулгүй бөгөөд тав тухтай байдлын баталгаа болж байв.



Үл хөдлөх хөрөнгийн салбарт жишиг тогтоогч

Сүүлийн үед жижиг зай талбайд шахуу баригдсан хотхонууд элбэгших болсон. Харин “М Си Эс Эстэйтс” компанийн хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжилтнүүд гэдэг талаасаа ч, хэрэглэгчдэд өгөх үнэ цэн гэх утгаараа ч аль аль талыг бодолцсон ерөнхий болон архитектур төлөвлөлтийг хийж ирсэн нь эл салбарт сайн жишиг болж буй. Тиймдээ ч “Bella Vista” төсөл эхэлсэн цагаасаа л байр борлуулах гэхээс илүүтэй иргэдэд амьдралын хэв маягийг (lifestyle) санал болгохыг эрхэмлэж ирсэн байна.

“Bella Vista” бол хотхон нь тэр аяараа өөрийнх нь гэр мэт мэдрэмжийг өгөхүйц, том зай талбайтай ногоон байгууламжаас эхлээд хүний бүхий л хэрэгцээг хангах үйлчилгээний байгууллагуудыг цогцоор нь нэг дор багтааж болдгийг харуулсан анхдагч жишээ юм.

“BELLA VISTA” ХОТХОНД ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

Бид тус цуврал нийтлэлээ уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй хийгээд цаг хэмнэхэд нь туслах үүднээс үнэлгээгээ

1. "Ногоон орчин, гадаа талбай"-н хүртээмж;
2. "Байршил";
3. Сар бүрийн тогтмол зардлын хэмжээг үнэлэх "Өртөг зардал";
4. Орчны тав тухтай байдлыг илтгэх "Дуу чимээ";
5. "Архитектур";
6. Нарны гэрэл, цонх, давхрын болон барилгын "Төлөвлөлт";
7. СӨХ-ны үйл ажиллагааг илтгэх "Хөрөнгийн менежмент";
8. Газар хөдлөлтийн тэсвэр, ус чийгийн хамгаалалт, агааржуулалт зэргийг үнэлэх "Барилгын чанар"

гэсэн найман тэмдэгтэд хуваан шалгуур бүрээр үнэлэх нь үр дүнтэй хэмээн үзсэн юм. Ингэхдээ барилгын зураг төсөл, төлөвлөлт, архитектур, инженерингийн зөвлөх үйлчилгээний N.A.P групптэй хамтран мэргэжлийн найман чиглэл бүхий 20 орчим шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж, зохих үнэлгээг өгч ажилласан билээ. Дээрх найман үзүүлэлтээс "Bella Vista" төсөлд өгөх үнэлгээ:



"Bella vista" ХОТХОНООР АЯЛАХ НЬ: