Байгууллагын нэр: Брайт Ложистик ХХК
Байгуулагдсан он: 2017
Үйл ажиллагааны чиглэл: Тээвэр, ложистик
Хаяг: WW Tower, 7-р давхар, 701 тоот
Цахим хаяг: info@brightlogistics.mn
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram

Яагаад сонгох болов?

Таны бизнест гэрэл нэмнэ уриатайгаар бизнес эрхлэгчдэд тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлж буй Брайт Ложистик компани нь өөрийн салбартаа чамгүй хувь нэмрийг оруулаад зургаан жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд арвин их туршлагыг хуримтлуулж, салбартаа манлайлагч компаниудын нэг болсон тэд оффисоо хоёр дахь гэрээ болгож, тав тухтай орчныг бүрдүүлж чадсан учир бид энэ удаагийн “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2023” жагсаалтдаа онцоллоо.



Ажлын орчин, тохижилт

Үүд хэсэг: Өөдлөх айл үүднээсээ гэх үг бий. Брайт Ложистик оффисынхоо үүд хэсэгтээ зочдыг угтах буйданг зурагтын хамт байрлуулсан ба үүднээс төв танхим руу орох хэсэгт гадуур хувцсаа хийх шүүгээнүүдийг эгнүүлж, толь байрлуулан тохижуулжээ.



Оффисын амьтад: Мөн буйдангийн хажууд байрлах шилэн хоргонуудад тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Сугарын тэжээдэг хүйтэн цуст амьтад байх бөгөөд тэд аль хэдийн оффисын нэг хэсэг, гэр бүл нь болжээ. Улаанбаатарын ямар ч оффисоос могой, гүрвэл, хамелеон зэргийг олж харахгүй нь лавтай


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу


Unread


Ашигтай зай хуваарилалт: Оффис гэхээр заавал нүсэр том байх албагүйг Брайт Ложистикийн оффисоос харж болно. Энэ оффист хурлын том өрөө, нийт ажилчдын суух танхим, захирал, үүсгэн байгуулагчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, амралтын булан, төвлөрөх өрөө зэргийг бүгдийг багтаахын сацуу ногоон буланг ч гаргажээ. Үүдэн хэсгээс хурлын танхим руу явах замыг улбар шар өнгийн “чингэлэг” хэлбэрээр засаж янзалсан нь, мөн хурлын танхимдаа модоор сийлсэн дэлхийн газрын зургийг байршуулсан нь өөрсдийн үйл ажиллагааны нэрийн хуудсыг илэрхийлсэн сонирхолтой шийдэл байлаа.



Оффисын өнцөг бүрд шингээж өгсөн максималист хэв маягийн тод өнгийн хослол, модон хана, таазнаас унжих навчис зэрэг деталь шийдлүүд нь хоорондоо сайн зохицохын сацуу гэртээ байгаа мэт мэдрэмж өгч байв.



Цэлгэр цонх ба нарны гэрэл: Нарны гэрэл нь дархлааны системийг дэмжих, нойрны чанарыг сайжруулах, цусны даралтыг буруулах зэрэг олон сайн нөлөөтэй. Гэвч өдөр, шөнөгүй дөрвөн хананы дунд сууж, оффисын ажил эрхэлж буй хүмүүсийн хувьд хангалттай нарны гэрэлд гарахгүй байх эрсдэл өндөр. Харин энэхүү оффисын гол танхимд нарны гэрлийг шууд нэвтрүүлэх цэлгэр том цонх байгаа нь уг эрсдэлийг бууруулж чаджээ.



Гал тогоо: Брайт Ложистик компанийн өнгө төрхийг илэрхийлэх улбар болон цагаан өнгөнүүдийн хослолоор гал тогооны дотоод заслыг бүрдүүлж, олуулаа сууж хооллох боломжтой өргөн зай талбайд үргэлжилсэн модон ширээг хана дагуулж байрлуулсан байв. Гол танхимтай шууд холбогддог тул агаарын солилцоо хийх боломжтой гурван цонх, мөн агааржуулалтыг зохистой шийджээ.



Хурал, уулзалтын танхим: Үйлчлүүлэгч, харилцагчтай уулзах болон цөөн тооны ажилчид уулзалт хийх үеүдэд үүд хэсэгт байрлах уулзалтын өрөөг энгийн байдлаар тохижуулжээ. Харин том хурлын танхимыг нүд татахуйц тод өнгөөр будаж зүүн хэсгийн хананд модон газрын зургийг өлгөсөн байв. Гол танхимтай адил нэг талын ханыг модоор бүрж, ургамлыг өрөөний гол болон тааз хэсэгт байрлуулсан нь ажилчдад хүнд сэтгэгдэл төрүүлэхгүй, анхаарал төвлөрөх, цаашлаад бодол санаагаа цэгцлэхэд тус болдог аж.



Амралтын хэсэг: Тус оффисоос анхаарал татсан хэсэг бол ажилчдын амрах булан юм. Гэхдээ зүгээр ч нэг амралтын булан биш. Хана, тааз дагуулан угсарсан турник, түүнээс уяж бэхэлсэн боксын мишок байх нь ажилчид биеийн чилээгээ гаргах боломжийг бүрдүүлжээ. Мөн ширээний хөл бөмбөг, Xbox-оос гадна амралтын буландаа номын санг ч багтаасан байв. “Be right, be bright” гэх үгийг шигтгэж навчаар хүрээлсэн ногоон буланд жижиг сандал ширээг байрлуулж өгсөн нь зураг даруулахад тохиромжтой булан болсон байлаа.


Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт

Халамжлагч: Оффисыг гэр гэж тодорхойлж байгаа бол ажилчид гэр бүл гэсэн үг. Нэгэн гэр бүлийг бүтээж буй байгууллагын халуун дотно харилцааны эхлэл нь шинэ ажилчдыг дааж авах ажлын байрны халамжлагч гэх албан тушаал юм. Энэхүү халамжлагч нь шинэ гишүүдээ гурван сарын хугацаанд зааж чиглүүлж, хамт олонтой нь танилцуулж, дотоод соёлыг дэлгэрүүлж, гэр бүлийн нэгэн гишүүн болоход нь тусалдаг байна.



Өглөөний цай: Мөн тус байгууллагын соёлоос онцлох зүйлсийн нэг бол өглөөний цайны хөтөлбөр юм. Өглөөний унд гэдэг тухайн өдрийг зөв эхлүүлэх чухал алхмуудын нэг учир ажилчдынхаа эрүүл мэндийг анхаарах, нөгөөтээгүүр байгууллагын дотоод уур амьсгалын бүрдүүлэх зорилготойгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ажээ.



Сонирхлын бүлгүүд: Ажилчид өөрсдийн санаачилгаар мод тарих, амьтны асрамжийн газарт сайн дурын ажил хийх зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулахад байгууллагын зүгээс тодорхой хэмжээнд тусалж, дэмждэг байна. Мөн сонирхлынхоо дагуу дотооддоо тодорхой бүлгүүдэд хуваагдаж дугуй унах, ууланд гарах гэх мэт хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг соёлыг хэдийн нэвтрүүлжээ. Түүнчлэн судалгаа, санал асуулгын үр дүнд улиралдаа таваас зургаан удаа сургалт хотоос гарч, цэвэр агаарт зохион байгуулдаг уламжлалтай.


Мөн дотоод үйл ажиллагаандаа Microsoft 365 платформыг ашиглан ажилладаг нь ажилчид хоорондын харилцаа холбоо, уялдааг сайжруулж бүтээмжийг нэмдэг байна.


Ажилтнуудын сэтгэгдэл


Манай оффисын давуу тал нь ажилтан бүр гэртээ байгаа юм шиг дулаан, таатай мэдрэмж авч чаддагт оршино. Айл гэрт юу байдаг бүхий л зүйл оффист маань бий. Миний хувьд оффисынхоо амралтын хэсэгт хамгийн дуртай. Өөрт тухтай байдлаар ажлаа хийх нь бүтээмжид эергээр нөлөөлдөг учир үргэлж ширээний ард суух бус хүссэн газартаа ажлаа хийж болдог нь нэн таатай.


Тээврийн хэлтсийн дарга: Ө.Энхбаяр


Чөлөөтэй, тав тухтай орчныг бүрдүүлснээрээ манай оффис онцлог давуу талтай. Оффисын амралтын буланд ялангуяа ширээний хөл бөмбөг тоглож байх үед ажилчид хамтдаа хөгжилдөж, хөгжилтэй яриа өрнүүлж чаддаг. Миний хувьд ажлын орчин хэт албан байх нь тав тухгүй байдаг. Чөлөөтэй, тухтай байдлыг эрхэмлэх нь ажлын бүтээмжийг ихэсгэдэг.


Борлуулалтын менежер: О.Анужин