Шинэ он гарсаар 34 хоног улирчээ. Цаг хугацаа ч нүд ирмэх зуур юм аа хэмээн санаашрахаас урьдаар өөрчлөн шинэчлэх, өсөж хөгжих, үйлдэхийн сайханд шамдах өөр 11 сар байгааг санаарай. 

Сайн ном гэдэг үнэтэй байх бус мөнхөд хоцрогдохгүй хэрэглээ байдаг гэдэг. Энэ сард юу унших вэ? гэдгээ төлөвлөж буй номын хорхойтнууддаа зориулж нэгдүгээр сарын шинэ номуудыг танилцуулж байна. Сонгодог бүтээлийн орчуулгыг унших аз зөвхөн сонгодог орчуулагчтай ард түмэнд л олдоно хэмээн бичиг соёлын мэргэд айлдсан байдаг тул бид нийтлэлдээ бүтээл бүрийн орчуулагч нарыг тодотгож буй юм. Уншигч та 2024 ондоо уншихаар төлөвлөж буй хүслийн жагсаалтаа бидний хүргэж буй энэхүү цувралаар баяжуулаарай.   

Арванхоёрдугаар сарын шинэ номууд

Unread


Райан Холидэй “Бэрхшээл бол зам” Орчуулагч: О.Онон

Дэлхийн агуу хүмүүст онцгой аз, авьяас, эсвэл туршлага байсангүй. Тэд зөвхөн “Замд бэрхшээл болж буй зүйл нь зам болж хувирна” гэх үгийг л дагадаг аж. Олон улсын алдартай маркетингийн мэргэжилтэн, бестселлер номын зохиогч Райан Холидэй саад, бэрхшээлийг тэсвэр тэвчээрээр даван туулах эртний Грекийн гүн ухаан стоикизмаас сэдэл авч амжилтад хүрэх аргыг шинэчлэн тайлбарлажээ.

Эл бүтээлд оёдолчин, сургуулийн жижүүрээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Эндрю Жонсон, Жеймс Гарфилд нарын тухай жишээлэх бөгөөд стоикизмийн ачаар илүү сайн замд хүрсэн тухай өгүүлнэ. Энгийндээ бид зөвхөн өөрсдийн удирдаж чадах зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлж, бусдыг нь орхиж, тохиох шинэ бэрхшээлийг илүү сайн боломж болгон хувиргаснаар амжилтад хүрэх юм. Шинэ ондоо хичээл сургууль, ажил карьераа ахиулахаар шамдаж буй хэн бүхэнд урам зориг, ухаарал хайрлах бүтээлийг унших жагсаалтдаа багтаагаарай.

Үнэ: 19,900₮
Онлайн захиалга



Болор судар хэвлэлийн газар “Агуу санаа - Винтэйж Мини цуврал”

Орчин цагт суут зохиолчдын сод бүтээл, нүсэр романуудыг товчлох, хураангуйлах, халааслан явж, чөлөө заваараа уншихад зохируулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Уншигчдын энэ хэрэгцээг Английн Пингвин хэвлэлийн газар гярхай ажиглан Винтэйж мини хэмээх халаасны цуврал гаргажээ. Суут зохиолчдын үзэл санаа, философийг уран бүтээлээс нь шүүрдэн авч, ном болгон хэвлээд уншигчдынхаа халаасанд хийж өгсөн хэрэг. Уг цувралын онцлог нь аль нэг сэдвийг сонгоод, тухайн сэдвээр хамгийн сайн бичдэг, гүн утга санааг илэрхийлдэг нэг л зохиолчийн бүтээлүүдээс шүүрдэн авч эмхэтгэжээ. Жишээлэхэд “Худал” хэмээх сэдэвт Ирландын суут зохиолч Оскар Уайльдын бүтээлүүдээс сорчлон оруулсан бол ‘Аллага’-ын тухайд Сэр Артур Конан Дойлиос илүү бичих хүн үгүй. Болор судар хэвлэлийн газраас тус цувралыг албан ёсны эрхтэйгээр, “Агуу санаа” нэрийн дор цувралаар хүргэж буй. Эхний ээлжид Виржиниа Вүүлф “Халдашгүй эрх”, Луиза Мэй Олкотт “Эгч дүүс”, Жэйн Остин “Гэрлэлт”, Оскар Уайльд “Худал”, Артур Конан Дойль “Аллага” гэсэн таван ном хэвлэлтээс гарчээ.

Тус бүрийн үнэ: 15,000₮
Онлайн захиалга



ДК хэвлэлийн газар “Бичил ертөнцийн гайхамшиг” Орчуулагч: Б.Эрдэнэбаяр

Зэрэг нэмэхийн өмнө киноны Долдой “Өт ч бас амьтан” гэдэг нь үнэн аж. Тоо томшгүй амьтад эгэл бидний нүдэнд үзэгдэхгүй ч оршиж, үржиж, хөгжсөөр хүн төрөлхтний өвөрт, дэргэд, бүр дотор нь амьдарсаар буй. Дэлхийн бичил биетүүд хүнээс 1100 хувь хүнд жинтэй бөгөөд хэрэв тэд үгүй болох аваас манай гаргийн экосистем нуран унана.

Орчин цагийн технологийн ачаар нүдэнд үл үзэгдэх өчүүхэн бичил, нууцлаг ертөнцийг тов тодорхой дүрслэн өгүүлэх “Бичил ертөнц” ном хэн бүхний сонирхолд нийцнэ. Уг бүтээлд бактери, вирусээс эхлээд үсний фоллизул, ургамлын тоосны мөхлөг хүртэлх бичил ертөнц хэрхэн хорвоогийн амьдралын үндэс болдог гэдгийг тайлбарлан өгүүлжээ. Номыг уншиж гүйцэхэд ялаа шумуул, бактери вирус мэтийн бичил биетнүүд ямар олуулаа, түм буман төрөл зүйлийнх болохыг олж мэднэ.

Үнэ: 90,000₮
Онлайн захиалга



С.Баатарцогт “Нохойн жиг”

“Алтан өд” оны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртсэн уг ном нэрээсээ авхуулаад л нэг тийм жиг ургасан, содон зөрчил бүхий үйл явдал, дүрүүдийн гадаад, дотоод сэтгэлзүйн зөрчлийг нарийн дэлгэнэ. Зөвхөн тууж бус уламжлалт ахуйн дүрслэл, хөдөө нутгийн онцлог, хүний шунал хийгээд нандин чанар, хүмүүсийн дотоод эмзэглэлийг тод томруун илтгэсэн өгүүллэгүүдийг багтааснаараа онцлогтой аж. Эл бүтээлийн тухайд уншигчид зохиолын дүрүүд дотроо өөр өөрсдийнхөөрөө амьдарч, тус бүртээ бие даасан уран бүтээлчид мэт эрс тод зан төрхтэйгөөр тэмцэлдэж буй мэт гэж дүгнэжээ.

Жишээ нь “Нохойн жиг” хэмээх өвөрмөц туужид “сөрөг” талын гэх зөрчилтэй эр Харгай, нууцлаг Бэлчир өвгөн, хүлээлтийн эзэн Мядаг, тавилангийнхаа дутууг нэхэх Чирэнгэр нарын тухай өгүүлэхдээ дүр бүхэнтэй зайлшгүй сэжмээр холбогдох чоно, нохдын энэлэнтэй хувь төөрөг, байгалийн жамт хэлээр тайлагнан дэлгэснийг харж болно.

Үнэ: 25,000₮
Онлайн захиалга


Би сайн биш шүү та минь. Миний номын шүүгээнд хүний сайн цугласан юм.

Яруу найрагч М.Цэдэндорж


Жорж Гилдэр “Баялаг ба Ядуурал” Орчуулагч: Ц.Улам-Ундрах

“Капитализмд хүрэх гарын авлага” хэмээн өргөмжлөгдсөн Жорж Ф.Гилдерийн эл бүтээл нь бүх цаг үеийн хамгийн алдартай эдийн засгийн номуудын нэг бөгөөд анхны хэвлэлтээс хойш нэг сая гаруй хувь борлогджээ. Зохиолч баялгийг хэрхэн өсгөх, ядуурлыг бууруулах талаар боломжит шийдлүүдийг санал болгож, халамж бол ядуусын дөнгө гэдгийг нотлон бичсэн нь сонирхолтой. XXI зуунд зориулан гаргасан шинэ хэвлэлд зохиолч Америкийн одоогийн эдийн засгийн сорилтуудыг өнгөрсөн түүхтэй, ялангуяа 1970-аад оны сүүлчтэй харьцуулж, Обамагийн засгийн газар болон дахин хуваарилах бодлого яагаад хор уршиг дагуулсан тухай тайлбарлажээ. Сонгуультай жилийг угтсан улсын төсвийн тэлэлтийн тухай сэдэв хуучраагүй энэ цагт уг ном судлаач уншигчдын сонирхолд нийцэх болов уу.

Үнэ: 55,000₮
Онлайн захиалга



А.Даваасүрэн Э. Базаррагчаа “Аа-чүү” найтаах тухай зурагт ном

Хүүхдээ хэрхэн сайн уншигч болгох вэ? гэж олон эцэг эхчүүд санааширдаг. Учир нь хүүхэд зургаан нас хүрэхэд тархины хөгжлийн 90 хувь нь хөгждөг бөгөөд эрчимтэй энэ үедээ гаднаас ирж буй мэдлэгийг саадгүй хүлээн авдаг байна. Тиймээс ч хөгжилтэй орнуудад зурагт номыг хүүхдийн боловсролд ашигласаар удаж буй.

Жангар редакцын зүгээс өдөр тутмын энгийн үйлдлээр дамжуулан хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох “Аа-чүү” бүтээлийг гаргажээ. Хөгжилтэй үг хэллэгтэй тул хүүхэд өөрөө ч үелж уншихад хялбар төдийгүй сонирхолтой дасгал даалгаврууд нь тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх юм.

Үнэ: 19,900₮
Онлайн захиалга



Жэк Вэлч, Сюзи Вэлч “Ялагч” Орчуулагч: Ц.Улам-Ундрах

Америкийн үндэстэн дамнасан компани General Electric-д энгийн ажилтнаас гүйцэтгэх захирал болтлоо дэвшиж, компаниа дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд жагсааж чадсан CEO-ийн CEO хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн бол Жэк. Энэ ном бол түүний ялалтын түүх. Тэрээр 1981-2001 онд компанийнхаа ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааныхаа үнэлгээг асар өндөрт хүргэж байжээ.

Эл бүтээлд өөрийн ажил карьерын үе шатуудад тулгарч байсан хүнд сорилтуудын тухай болон албан тушаал ахих, үр дүнтэй төсөв зохиох, ажил амьдралаа тэнцвэртэй авч явах тухай илэн далангүй өгүүлсэн нь залуу дарга, удирдлагуудад ажил, амьдралын чиглүүлэг болох болов уу.

“Бизнест ялах нь аугаа хэрэг. Учир нь компани, хүмүүс алин ч бай ялахдаа цэцэглэн хөгжиж, өсөн дэвждэг учраас тэр. Газар сайгүй, хүн бүрд илүү сайн ажлын байр, боломж нээгдэнэ. Хүмүүс ирээдүйгээ өөдрөгөөр харна, тэд хүүхдээ коллежид явуулах, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах, зуслангийн байр худалдан авах, өөртөө таатай тэтгэвэр баталгаажуулах нөөцүүдтэй болно. Ялалт гэдэг илүү олон татвар хураамж төлөхөөс гадна асар чухал аргаар нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж олгодог”.

Үнэ: 31,250₮
Онлайн захиалга



Г. Билгүүн “Гэрийн амт”

Гэрийн хоол гэдэг хүн бүрийн өдөр тутмын шаардлагатай шим тэжээлээ авдаг эрүүл амьдралын үндэс, эрч хүчний эх булаг билээ. Орчин үед бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, сонголт үлэмж арвижсанаар монголчуудын гэрийн хоол өнгө үзэмж, төрөл, шим тэжээлийн хувьд баяжиж, хувьсан өөрчлөгдсөөр. Уг номоос зохиогчийн туршиж, зохиосон 100 гаруй хоолны жор, шим тэжээлтэй олон төрлийн хүнс, ногоо, жимсгэнүүдийг хоолондоо хэрэглэх тухай болон гал тогоонд хэрэгтэй орц найрлагуудын тухай өгүүлнэ. Орой юу идэх вэ гэдэг асуултад амтлаг хоол, шинэ жорны хариулт эрж буй хэн бүхэнд энэ ном тусална.

Үнэ: 109,800₮
Онлайн захиалга



М.Наран зураач Х.Анужин “Хамтдаа тоглоё”

Томчууд бид хүүхэдтэйгээ яаж тоглох вэ? гэж асуудаг. Энэ нь тун энгийн бөгөөд хүүхдүүд хөгжилдөн тоглох аргаа өөрсдөө сэдэж олдог. Бяцхан хүүхдүүд өөрийн төсөөлж байгаа орчиндоо хамгийн бүтээлчээр байж, асуудлыг шийдвэрлэж, ямагт шинэ зүйлст суралцаж байдаг онцлогтой. Энгийндээ аав, ээж, эгч ахтайгаа хамт тоглох үед тэдний ухаан тэлж, хэл яриа, бие бялдар нь хөгжиж байдаг. Хүүхэд амьдрал дээр тоглож байгаагаа хэрхэн төсөөлдөг тухай бодит хүмүүс, хүүхдүүдийн түүхийг өгүүлэх энэхүү бүтээлч номыг 0+ дээш насны хүүхэдтэйгээ хамт уншиж, хамт тоглох сэдэл санаа авч, өөрсдийн нандин дурсамжийг бүтээгээрэй.

Үнэ: 14,800
Онлайн захиалга



Виллиам Ж.Пэтэрс, Майкл Кинсэлла “Диваажингийн үүдэнд: Амьдралын дараах ертөнц рүү хийсэн хамтын аялал” Орчуулагч: Ц.Улам-Ундрах

Нойрсогсод бидэнд хорвоо ертөнц мөнх бус гэдгийг нотолж буй мэт санагддаг. Зохиогч Виллиам Ж.Пэтэрс 2000 оноос Хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ажиллахдаа олон өвчтөнийг насан эцэслэх нь гэдгийг совингоороо мэдэрчээ. Тийнхүү хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийг 20 жил хажуугаас нь харахдаа үхлийн ёр чухам хаанаас төрдгийг сонирхож, өөртэй нь ижил ёр мэдэрсэн хүмүүсийн яриа хуучийг цуглуулдаг болж. Өдгөө тэрээр харуусал гашуудлын сэтгэл засалчаар ажилладаг бөгөөд янз бүрийн соёлтой хүмүүс нас барахад талийгчтай хамт үхлийг мэдэрсэн хүнд сэтгэл засал хийхдээ цуглуулсан туршлагаараа энэхүү бүтээлийг бичжээ. Сэтгэл хөдлөм, бодит түүхүүдийг өгүүлж, ухамсрын хувьд хүн бид чухам хэн бэ? гэдгийг эргэцүүлэх эл ном амьдралын төгсгөлийн тухай, тэдгээрийн дэс дарааллыг судалж, мэдсэнээр үхлийн цаадах чанадад биднийг өөр нэгэн амьдрал хүлээж буйг гэрчилнэ.

Үнэ: 30,000₮
Онлайн захиалга



Ё.Отгонбаяр “Сандагдоржийн Хатанбаатар Магсаржав”

Уншигч миний л хувьд Өглөө киноны хэсэгт гардаг Ардын намынхан Зөвлөлт Оросоос тусламж гуйх бичигт Богд хаан тамгаа дарахдаа: “Сэлэм эргүүлэхээс өөр юм мэдэхгүй энэ хөөрхий амьтан хэний зараалаар ингэж яваа юм бол доо?” хэмээн бодож буйгаар Хатанбаатар Магсаржавыг төсөөлж ирсэн. Угтаа тэрээр цэргийн нэрт жанжин төдийгүй түүхэнд “Монголын автономи хийгээд амгалан байдлын нам” хэмээн тэмдэглэгдсэн ноёд, лам нарын эх оронч бүлэглэлийг толгойлж, хожим Ардын намын доторх ноёдын бүлэглэлийг ахалсан төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан аж.

Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгээс нэрт хүмүүний мэндэлсний 145 жилийн ойд зориулан “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралдаа шинэ дугаар нэмжээ. Олноо өргөгдсөн Монгол улс, Ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд онц гавьяатай оролцож, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө оросын цагаан, хятадын гамин цэрэгтэй байлдан ирсэн Сандагдоржийн Магсаржавын баатарлаг түүхийг уншаарай.

Үнэ: 25,000₮
Онлайн захиалга



Ким Вонгил “Бэршээлд бүү шантраарай” Орчуулагч: Б.Олзжаргал

Зутруухан амьдралтай ядуу гуталчин хүү хэрхэн БНСУ-ын хүний хөлд хамгийн эвтэйхэн гутал хэмээн алдаршсан Вайнер брэндийг байгуулсан тухай өгүүлэх намтар бүтээл. Дунд сургуулийн боловсролтой түүний хувьд нийгэмдээ хэрэгтэй хүн болж бэлтгэгдэхийг жинхэнэ боловсрол гэж үздэг. Ганц олдох амьдралдаа хичээнгүй ажиллаж, хураан цуглуулсан эд хөрөнгөө утга учиртай зүйлд зарцуулан амьдрах тухай түүний түүхээс нэгийг ухаарч, хоёрыг тунгаах биз ээ.

Үнэ: 25,400₮
Онлайн захиалга



Линь Гань “Эртний монгол овогтны түүх” Орчуулагч: Х.Зандраабайдий

Хятадын эрдэмтэн Линь Ганийн бүтээлийг Өвөр Монголоос уйгуржин бичгээр хөрвүүлэн хэвлүүлснийг Нэпко хэвлэлийн газар халх аялгуунаа буулган уншигчдадаа хүргэж буй. МЭӨ III зуунд хүчирхэгжин мандаж байсан Дунхуг умардын эртний цөөн тоот үндэстэн хэмээн үздэг. Энэхүү бүтээл нь Дунхугийн түүхийг сурвалж бичиг, археологийн материал зэргийг үндэслэн зан заншил, хэв суртахууныг нарийн шинжилж Дунху, Ухуань, Сяньбигаас гадна Роу Рань, Хумихи, Шивэйг судалж Шивэй бол одоогийн монгол үндэстний өвөг дээдэс хэмээн нотолсон байна.

Үнэ: 30,000₮
Онлайн захиалга