Ураг төрлөөрөө учран золгодог цагаан сар, дурлалт хосын баяр, дөрвөн жилдээ ганц удаа тохиох өндөр жил зэрэг тэмдэглэлт үйл явдлууд ээлжилсээр хоёрдугаар сар нүд ирмэх зуур л харваж одлоо. 

Түүний дотор номын ертөнцөд ч уран зохиол, шинжлэх ухаан, философи, түүх, намтар цадиг, загварын ертөнцийн тухай сонирхон унших, сонжиж мэдэх олон бүтээлүүд гарсныг уншигч та бүхэндээ "Шинэ сарын номууд" ээлжит цувралаараа тоймлон хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын шинэ номууд

Нэгдүгээр сарын шинэ номууд


“Хүнийг баярлуулах чинь өөрийгөө давхар баярлуулж байгаа хэрэг. Баярлаж байгаа амьтныг харах л хүний дээд баяр байдаг. Үнэн баяр л жинхэнэ жаргал юм”

Д.Урианхай

Нэпко хэвлэлийн газар
Д.Урианхай "Философийн суулгацууд" нэмж засварласан шинэ хэвлэл

Саванд шилжүүлэн хийж, соёолуулсан ургамлын үрийг суулгац гэдэг. Яруу найрагч, зохиолч, гүн сэтгэгч Д.Урианхай абугай яг л үүний адилаар туулсан амьдралынхаа үзэл санаа, гүнзгий бодрол, эргэцүүллээ ирээдүй хойчийн үргэлжлэл, эх орноо залгамжлан авч авах хэн бүхэнд зориулан түгээж буй ажээ.

Зохиолч номынхоо тухайд сүүлийн жилүүдэд нийгмийн амьдралын үйл явцын далд руу материалист бус өнцгөөс харж хийсвэр, трансцендентал \ведийн уламжлалын бясалгалын төрөл\ сэтгэмжийн эргэцүүллүүдээ “Философийн суулгацууд”, “Философийн ургацууд” нэрээр эмхэтгэн хэвлүүлж буй гэжээ.

“Суулгацууд”-д минь хүн төрөлхтний тэнэг бодолтнуудын болоод гэгээн бодолтнуудын аль алины нь бодсоныг би давхардуулан бодсон “Хоёрдогч” санаанууд байгаа л байх, бодоогүйг нь өөрийнхөө толгойгоор бодоод өөрийнхөөрөө томъёоллож, шинэ санаа оноо ч уулын энгэрийн яргуй хөөж яваа ямаа, хонь шиг бэлчээстэй ч байгаа л байх, мэргэдийн бодсон бичсэнийг уншаагүй, мэдээгүй омтгойтсоноор тэдний орхисон онгорхой цоорхойг нөхөх, цойлдох үүрэгтэй байтал чадаагүйн гэм ч цухалзаж байгаа л байх, би өөрөө баттай үнэнийг хэлж мэдэхгүй байна, харин “Суулгацууд”-ыг минь бүрэн бүтнээр нь уншиж дууссан хүн товтойг хэлж чадах нь магад аа!

Үнэ: 86.240₮
Онлайнаар захиалах



НОЖО хэвлэлийн газар
Жон Стейнбек “Сувд”
Орчуулсан: Б. Минжбадамгарав

Жон Стейнбек 1962 онд 60 насандаа Нобелийн шагнал хүртэж байв. Уг шагналд найман удаа нэр дэвшсэн түүний тухайд өөр олигтой сонголтгүй болоод өгчихлөө хэмээн нэг бус сонин хэвлэл, утга зохиолын нэр бүхий зүтгэлтнүүд эрс эсэргүүцэж байжээ. Гэхдээ энэ нь Жон Стейнбек аз, тохиолдлоор Нобель авчихсанаас биш ер нь тааруухан зохиолч юм гэсэн санаа биш аж. Түүний өвөрмөц үзэл санаа, ур чадвар ямар түвшинд гэдгийг “Уур хилэнгийн усан үзэм”, “Хулганууд ба хүмүүс” зэрэг роман болон “Сувд” бяцхан туужаас нь харж болно.

Тэрээр зохиолынхоо санааг 1940 онд Мексикийн Бажа-Калифорниа мужид зочлохдоо Ла Паз хэмээх хагас арлын бяцхан тосгоныхны ярьдаг ардын аман зохиолоос авчээ. Жирийн нэг сувд түүгч Кийногийн жаахан хүү хилэнцэт хорхойд хатгуулав. Ойр орчимд нь байх ганц эмчид аврал эрсээр очиход цагаан арьст эр хүлээж авсангүй. Залуу гэр бүлийн амь тавин хайрладаг ганц хүү эндэх эсэх нь эмчид чухал биш, төлбөрийн чадвартай эсэх нь л чухал. Аргаа барсан Кийногийн гэргий аз хийморь заяахыг хүсэн шившиж, хүссэнээр нь ер бусын гайхамшигтай том сувд олдох нь тэр. Хүүгийн эмчилгээний төлбөр төдийгүй баян тансаг амьдарч, хүүгээ ч сургуульд сургах боломжтой болов. Гэвч тэр сувд хүүг нь сургуульд оруулсангүй, бүр аварсан ч үгүй, харин ч аймшиг, гэтлэх аргагүй зовлонг дагуулав. Учир нь тэр сувд олон хүний дотор байдаг ад чөтгөрийг сэрээж үйл явдал үргэлжилнэ.

Эл туужаар хэд хэдэн уран сайхны кино, хүүхдийн кино ч хийсэн бөгөөд хүний мөн чанар, эд баялаг хийгээд оршихуйн үнэний тухай гүн ухааны уран тод тайлбар хийсэн нь уншигч танд нэгийг бодогдуулах болов уу.

Үнэ: 22,000₮
Онлайнаар захиалах



Garuna хэвлэлийн газар
Шел Силверстай “Алдагдсан хэлтэрхий том О-той таарсан нь …”
Орчуулсан: Б.Оюундэлгэр

Цай уух зуураа л уншиж дуусах зурагт ном мэт харагдавч бүрэн утга санааг нь ойлгоё гэхдээ давтан давтан уншлаа. Амьдралын философийг илэрхийлэх ганцаардсан хэлтэрхий хажуу бөөрөндөө наагаад хаашаа ч хамаагүй хамт явах хэн нэгнийг хүлээнэ. Зарим нэгэнтэй нь таарна. Гэвч хоёул хөдөлж чадахгүй. Заримтай нь хамт хөдөлж чадавч, яг сайхнаар таарахгүй нь элдэвтэй.

Өчүүхэн энэ хэлтэрхий яг л бид шиг. Зааварчилгаагүй ирсэн амьдралд хэрхэн хэцүү бэрхийг, уйтгар гунигийг, шантралыг, урам хугарсан үедээ хаачихыг, хэрхэн даван туулахыг, алдаанаасаа суралцахын чухлыг заасан, бүх насныханд зориулсан бодрол бүтээл ажээ. Энгийн хэр нь гүн гүнзгий, яруу найргийн хэллэгээр илэрхийлэгдсэн энэ ном тэртээ 48 жилийн анх хэвлэгдэж байсан ба Garuna хэвлэлийн газраас монгол уншигчдадаа хүргэж байна.

Үнэ: 25,000₮
Онлайнаар захиалах


Хүнийг хайрлана гэдэг чинь эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй сэтгэцийн өвчин туслаа л гэсэн үг дээ.

Нэгдүгээр биеийн ганц тоо" 19-р тал

Монсудар хэвлэлийн газар
Мүраками Харики "Нэгдүгээр биеийн ганц тоо"
Орчуулсан: Мицунага Ёко

Урин хаврын дулаахан өдрүүдийг санагалзсан хүлээлт үү, угаас Мүраками тийм нэг хөнгөн гунигт автуулах илбэтэй юу алин болохыг мэдэхгүй ч эцсийн өгүүллийн дараа гүнзгий санаа алдалт тод үлдлээ. Японы уламжлалт уран зохиолоос илүүтэй барууны утга зохиол, урлаг, соёлыг шимтэн сонирхож, дэлхийн утга зохиолын түүхэнд өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон Мүраками Харүки 1979 онд анхны номоо гаргаснаас хойш үргэлжилсэн үгийн 36 ном туурвиж, 50 гаруй хэлнээ орчуулагджээ.

Нэгдүгээр биеийн ганц тоо гэх өгүүллийн түүврийн онцлог нь өгүүлэгч харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон эсвэл магад үгүй ч байж болох үйл явдлыг хүүрнэхдээ нууцлаг өвөрмөц дүрүүд болон дуу хөгжим, спорттой уялдуулан дүрсэлсэн нь кино шиг, дуу шиг танил дотно, нандин мэдрэмж төрүүлнэ. Жишээ нь "Шинагавагийн сармагчны наманчлал" гэх өгүүллэгт нэгэн ярьдаг сармагчин эзнийхээ Антон Брукнер, Ричард Штрауссын зохиолуудад дуртайг нь эргэн санахын зэрэгцээ хүүхнүүдийг "платоник" хайраар хайрладаг тухай гарах нь хачин боловч нэн сонирхолтой.

Номын өгүүллэгүүдээс зөвхөн "Якулт хараацай багийн тухай шүлгийн түүвэр”-т зохиолч өөрийн нэрийг дурдсан байдгаас энэ нь зохиолчийн жинхэнэ намтар дурсамж уу, уран зохиол уу гэдэгт эргэлзмээр. Зарим уншигч эдгээр өгүүллэг нь ганц өгүүлэгчтэй гэж таамагласан бол зарим нь жааз хөгжим, бейсболд дуртай ахимаг настай эрэгтэй өгүүлэгч нь зохиолч өөрөө гэж үзсэн нь бий. Мүраками зохиолууддаа сонгодог, орчин цагийн, жааз, рок, поп зэрэг төрөл бүрийн дуу хөгжмийг дурддаг онцлогтой бөгөөд энэ удаа ч мөн Percy Faith - Theme From A Summer Place 1959 -ийг өгүүлсэн нь бас л нэг учиртай байх.

Үнэ: 24,900₮
Онлайнаар захиалах



Garuna хэвлэлийн газар
ЯМЧА “Аз жаргалд хүргэх философи”
Орчуулсан: ТОМё БОДё

Өглөө бүр залхуутай сэрүүлгээ унтрааж, ажилдаа очиж, тарах цагаа дуусгаад гэрийн зүг яарах энэ амьдралын утга учир юу вэ? Үүний тухай өөртөө эргэцүүлж, ганцаардаж, ирээдүйдээ санааширч, нийгмээс хөндийрөн.. утгагүй ертөнцийн талаар эргэлздэг хүмүүст зориулсан хөгжилтэй, ойлгомжтой басхүү жаахан хайнга бүдүүлэг ч гэж санагдмаар “Аз жаргалд хүргэх философи” бүтээлийг уншигч танд санал болгоё.

Зохиогч Яамча нь философи, шинжлэх ухааны нарийн төвөгтэй мэдлэгийг хөгжилтэй, ойлгомжтойгоор тайлбарладаг блог хөтөлж олонд танигдсан нэгэн. Мөн манга Grappler Baki-ийн улаан фен гэдгээрээ алдартай. Философи, гүн ухааны цөөнгүй бүтээл бичсэн тэрээр энэ удаа Германы алдарт философич Ницшегийн гүн ухаан, философи гэж юу вэ? гэдгээс эхлээд түүний үзэл санааны гол цөм хүртэлх бүгдийн тухай охин, багш хоёрын хоорондох энгийн харилцан яриагаар эл номоо бичжээ. Сонсох төдийд хол санагдах, толгой эргүүлсэн академик онол ч биш басхүү өөр нэгний бус чухам таны тухай ярьж, таны амьдралыг хүүрнэх зохиол гэдгийг тодотгоё.

Үнэ: 25,000₮
Онлайнаар захиалах



Нэпко хэвлэлийн газар
Евгений Трифонов “Монголын нууцлагдсан түүх”
Орчуулсан: Баабар, Б.Гэрлээ

Архивч Трифонов нь Монголын түүхийн талаарх өгүүллийн түүвэртээ Чингисийн үеийн байлдан дагуулал, Чингис хааны тухай түгсэн ойлголтын засвар, эзэнт гүрний мөхлийн учир шалтгаанаас эхлээд Зүүн гарын хаант улс, Монголын нийтлэг түүхэнд халимаг, ойрд, буриадуудын гүйцэтгэсэн үүрэг гээд олон сэдвийг хөнджээ. Нэн ялангуяа ХХ зууны Монголын түүхэнд гойд анхаарал хандуулж, "Ардын" хэмээх импортын хувьсгал, 1937 оны хэлмэгдүүлэлт, Халх голын тулалдааны цаад учир, Зөвлөлт Монголын 70 жилийн харилцааны үнэн төрх, мөн чанарыг өөрийн өнцгөөс тодорхойлон бичжээ.

Үнэ: 25,000₮
Онлайнаар захиалах



Нэпко хэвлэлийн газар
А.Амарсайхан, Д.Мөнгөндалай “Дашдоржийн Дэмбэрэлцэрэн”

Түүх янз бүрийн цэгээс эхэлдэг. Заримдаа эзнээ төрөхөөс ч өмнө анхны мөрүүд нь бичигддэг намтар байна. Цаг үеийнхээ ачааны хүндийг үүрэх, шинэ үйл хэргийг түүчээлэх хувь заяатнуудын эдлэх тавилан тийнхүү бүрэлдэн боловсрох нь бий. Үүний нэгэн биелэл нь Дашдоржийн Дэмбэрэлцэрэн. Нэпко хэвлэлийн газрын "Түүхэн эрхмүүдийн цадиг" цувралд Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар бүтээл нэмэгджээ.

Энэ хүмүүний намтраас Монголын шүүх болоод, 1950-1990-ээд оны Монгол орны түүхэн үйл явцууд хөврөх болой. Учир нь манай түүхийн хамгийн эгзэгтэй үед Дээд шүүхийг тэргүүлж асан эл хүмүүний амьдрал улсын төрийн хоёр өөр тогтоц, эсрэг тэсрэг зарчим, тэдгээрийн хоорондох тайван ухаалаг шилжилттэй холбогдоно.

Дэмбэрэлцэрэнгийн амьдралын оргил үе БНМАУ-ын хууль цаазын сүүлчийн өдрүүд, ардчилсан шинэ Монгол Улсын эхний он жилүүдтэй давхцаж, тэрхүү адармаатай шилжилтийн түүхийг бичилцэж, хамтран боловсруулж, хэрэгжүүлэгч байх хувь тавилантай байж. Иймээс Дэмбэрэлцэрэнгийн намтрыг тал нутгийн хууль цаазын өв уламжлалаас эхлээд Монгол маягийн социалист дэглэм, шинэ ардчилсан үндсэн хуульт Монгол улс мэндэлсэн түүхийн өнгө, дэвсгэр дээр бичигджээ. Эл ном нэг талаасаа хувь хүний намтар, хуульчийн хувийн түүх төдийгүй Монгол үндэстний хууль цаазын хялбар түүх, иргэншсэн ертөнцийн дэг ёс нэвтэрсэн ойлголтын хураангуйлал болжээ.

Үнэ: 31,250₮
Онлайнаар захиалах



Эрдэмт хэвлэлийн газар
Кэтрин Ормерод “Кокогийн дүрмүүд”
Орчуулсан: Д.Эгшиглэн

Дэгжин хар даашинз, 2.55 цүнх, хоёр өнгийн шаахай, эмэгтэйчүүдийн хувцас загварт эрэгтэй хэв маягийг шингээсэн түүний торгон мэдрэмж одоо хэр нь загварын ертөнцөд үнэ цэнтэй хэвээр буй. Энэ бол дэлхийн загварын ертөнцийг өөрчилсөн загвар зохион бүтээгч Коко Шанел. “Та нар намайг юу гэж боддог нь хамаагүй, учир нь би та нарын талаар огт боддоггүй” гэх тэрслүү ч гэмээр түүний үзэл санаа, итгэл үнэмшил тухайн үеийн дэг журам, тэр дундаа эмэгтэйчүүдийн байр суурийн талаарх ойлголттой ихээхэн зөрчилддөг байв.

Коко 1924 онд анхны хилэн өнгөт уруулын будгийн цуглуулгаараа хүрэн улаан өнгийг тусгайлан бүтээж, өөрийн нэрийн хуудас болгосон түүхтэй. Тиймдээ ч тэр хэзээ ч уруулаа будалгүйгээр гэрээсээ гардаггүй байж. Хэрэв эмэгтэй та нэг л цог золбоогүй харагдаж буй мэт санагдвал энэ аргыг хэрэглээд үзвэл зүйтэй болов уу. Түүний үл хуучрах гайхамшигт зөвлөгөөнүүд нь “je ne sais quoi” буюу үгээр илэрхийлшгүй үнэ цэнийг мэдрүүлдэг тухайд загварын сэтгүүлч Кэтрин Ормеродын бичсэн эл бүтээлийг Эрдэмт хэвлэлийн газраас уншигчдадаа хүргэж буй.

Үнэ: 35,000₮
Онлайнаар захиалах