Энэхүү номд зохиогч Кога Фүмитакэ, Кишими Ичиро нар Алфред Адлерын сэтгэл судлалыг хүн бүхэнд ойлгогдохуйц энгийн үг хэллэгтэй харилцан яриагаар тайлбарлан өгүүлжээ. 

Дэлхий даяар 1,5 сая хувь борлуулагдсан уг номыг Гаруна Паблишингаас Монгол хэл дээр орчуулан гаргасан юм. Нэг нийтлэлээр 100 жилийн цаадхыг түрүүлж харсан Адлерын үзэл санааг бүхлээр нь тайлбарлах боломжгүй ч гол цөм хэсгийг нь бүлэг бүрээр хуваан танилцуулахаар зорилоо. 

НОМЫН тухай

Дүүгээ алдсаны улмаас анагаах ухааныг судалж эхэлсэн Алфред Адлерын үзэл санааны гол сэдэв нь ямагт хувь хүний аз жаргалын тухай байв. Түүнийг бусдыг сэнхрүүлдэг шашны номлогч хэмээн буруу ойлгох хүмүүс байдаг ч уг бүтээлд түүнийг сэтгэл судлалыг философи талаас нь гүнзгий судалж чадсaн болохыг батлан харуулжээ.

Жаргалтай болох зориг номд зохиогчдын өмнөх бүтээл болох Ад үзэгдэх зоригийн үйл явдал үргэлжилж, сэтгэл зүйн асуудалтай багш эр, хөгшин философичтой Адлерийн үзэл санааны талаар гүнзгий ярилцлага өрнүүлж байгаа тухай гардаг. Тийм ч учраас уншигч өөрөө сэтгэл зүйчтэй ярилцаж байгаа мэт мэдрэмж төрүүлэх уг бүтээлийг энгийн хувь хүний хөгжлийн сургаал гэхээс илүүтэй, сэтгэл зүйгээ тольдох толь, өөрийгөө олох аялал хэмээн тодорхойлж болмоор. Хэрвээ Алфред Адлер бидэнтэй энэ цагт зэрэгцэн амьдарч байсан бол сэтгэл засалч л байх байсан болов уу.

Түүнчлэн Адлерын хувьд боловсрол бол гол сэдэв бөгөөд хамгийн том хүсэл мөрөөдөл нь байсан гэдгийг номын агуулгаас харж болно.


Алфред Адлер (1870-1937)


муу нэгэн ба хөөрхий би

Эхний бүлэгт хувь хүний сэтгэл зүйн бүхий л асуудал бусдыг “муу нэгэн” гэж шүүмжлэн үзэн ядах сэтгэлгээ болон өөрийгөө өрөвдөж ”хөөрхий би"-гээ уйлан хайлах өчил хоёроос үүсэлтэй тухай өгүүлнэ.

Түүний үзсэнээр өнгөрсөн гэх зүйл бодитоор үл оршино. Арван хүн байлаа гэхэд тэдний хувьд өнгөрсөн гэдэг нь арван янзын одоогоор илэрсэн өөр, өөр тайлбар төдий зүйл. Бид бүгд обьектив бус, өөрсдийн утга өгсөн субьектив ертөнцөд амьдардаг. Өөрөөр хэлбэл, ертөнц ямар байх нь биш ертөнцийг хэрхэн харах нь чухал юм.

Бидний одоо өнгөрсөнд тохиолдсон үйл явдлаас бус өнгөрснөө юу гэж үзэж байгаа одоогийн бодлоос л хамаардаг. Тиймээс одоогоо хүлээн зөвшөөрөхийн тулд зовлон шаналантай байсан өнгөрснөө ч хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ номын эхний бүлгийг "Хүн хэзээд өөрийгөө шийдэж чадах оршихуй" гэсэн ганц өгүүлбэрээр хураангуйлж болно.

загнаж Ч БОЛОХГҮЙ, магтаж Ч БОЛОХГҮЙ

Дараагийн бүлэгт хүүхэд хүмүүжлийн явцад тохиолддог буруу үйлдлийн таван шатны тухай гардаг. Энэ бүх буруу үйлдлүүд магтуулах хүслээр эхэлдэг. Магтуулахаас бусдаар аз жаргалыг мэдрэхээ больсон хүүхэд амьдралын сүүлийн мөч хүртлээ магтуулсаар байхыг хүсдэг. Тийм хүн бусдын үзэл бодлоос хараат оршиж, үргэлж үнэлэгдэхийг хүссэн, үл ханам амьдралыг туулах болно.

Магтаал хүсдэг хүн буруу үйлдлийн дараагийн үе шат руу даамжрахдаа эргэн тойрондоо онцгой байр суурь олж авахын тулд намайг үзэн ядангаа надад анхаарал хандуул гэх үзэл санаатай болдог. Товчоор магтуулах эсвэл загнуулахын аль нь ч бай хамаагүй, ямар нэгэн аргаар л сурган хүмүүжүүлэгчийнхээ анхаарлын төвд байх хүсэл хэмээн тодорхойлж болох юм. Тиймээс Адлер боловсролд загнах болон сайшаах арга ямар ч үр дүнгүй гэж үзжээ.

өөрөөрөө байх зориг

Гуравдугаар бүлэгт хүн бусдын анхааралд өртөхийг хүсэж, хэн нэгнээс магтаал, сайшаал хүлээн амьдардаг нь гагцхүү бидэнд өөрөөрөө байх зориг дутдагаас болдог тухай өгүүлдэг. Учир нь бусдын зааврыг даган амьдрах нь хамгийн амар хялбар зам аж. Хэцүү ээдрээтэй зүйлсийг бодох шаардлагагүй, алдаа эндүүрэлдээ хариуцлага хүлээх хэрэг ч байхгүй. Тодорхой хэмжээнд бусдыг үнэнчээр дагаж байвал бүх ярвигтай асуудлын хариуцлагыг хэн нэгэн өмнөөс нь үүрчихнэ.

Өөрөөр хэлбэл, хүний төлөвшөөгүй нялх байдал нь ухамсар дутуугаас бус өөрийн ухамсрыг ашиглах зориг, шийдвэр байдаггүйд оршино. Ийм хүн үүрэг хариуцлагын хувьд насанд хүрэхийг хүсэхгүй байна гэсэн үг.

Сурган хүмүүжүүлэгчийн байр сууринд байгаа хүн, цаашлаад аливаа ажил хэрэг хариуцсан удирдагч ямагт өөрийнхөө удирдлага дор байгаа бусдыг бие даалгах зорилт тавих ёстой. Адлерын хэлэх гэсэн гол санаа нь аливаа хүн бие даахад суралцаж, амьдралаа өөрөө шийдэх тухай юм.

Хүн яагаад аврагч болох дуртай байдаг вэ?

Өөрийгөө бусдыг аврагч эзэн болгоод өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг “Мессиа комплекс” гэж нэрлэдэг. Энэ бол дутуугийн мэдрэмжээсээ ангижирч чадаагүй хүнд тулгардаг илүүгийн комплексын нэг хэлбэр юм.

Жаргалтай болох зориг номын хэсгээс

итгэх бүхнээс чухал

Хүн ганцаар амьдарч үл чадна. Тийм учраас юун түрүүнд өөртөө итгээд дараа нь бусдад итгэж байж хүн хоорондын харилцаа үүсдэг талаар дөрөвдүгээр бүлэгт өгүүлжээ. Бусдад ямар ч нөхцөлгүйгээр итгэх итгэл бол тухайн хүнд итгэх "би”-дээ ч итгэхийн нэр юм. Харин бусдад итгэх эсэх нь бусдыг хүндэлж чадах эсэхээс шалтгаална.

Бид нөхөрлөх явцдаа л бусдын нүдээр харж, бусдын чихээр сонсож, бусдын сэтгэлээр мэдрэхэд суралцдаг. Хүмүүс бид үл ойлголцох оршихуй учраас итгэхээс өөр аргагүй гэдэг нь энэ бүлгийн гол санаа юм.



ХАЙРЛУУЛАХ АРГААС ХАЙРЛАХ АРГА РУУ

Уг бүтээлийн эхлэл хэсэгт хүн "би” гэх үзлээсээ салснаар бие дааж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай гардаг. Үүнийхээ дараа бусдаас хариу нэхэлгүйгээр итгэх нь хүн хоорондын харилцааны гол арга гэдгийг тайлбарладаг бол эцсийн бүлгээр "хайрлах" талаар өгүүлжээ.

Энгийнээр зөвхөн бие даасан хүн л бусдыг хайрлаж чаддаг. Бид бусдыг хайрлаж байж л том хүн болдог. Хүнд хайрлуулах хэцүү ч бусдыг хайрлах нь түүнээс хэд дахин хэцүү асуудал.

Хүн ил ухамсартаа хайрлагдахгүй байх вий гэхээс айж явдаг боловч үнэндээ бол далд ухамсартаа хайрлахаас айдаг ажээ. Гэхдээ хайрлах хэн нэгэн гарч ирэхийг хүлээгээд байж болохгүй. Учир нь бид ямар ч хүнийг хайрлах чадвартай. Бид бусдыг хайрласнаар л хувиа хичээхээсээ ангижирч, бие дааж улмаар жаргалтай байж чадна.

Өмнөхөөсөө ч илүү гүн гүнзгий хөөрөлдсөн ярилцлага маань боловсролын онол, ажлын онол, нийгмийн онол, амьдралын онолыг хүртэл хамарч, эцэст нь “хайр” ба “бие даах” гэсэн том сэдэв урган гарч ирсэн юм.

Номын зохиолч Кога Фүмитакэ