Дэлхий дахинд өнгөрсөн онд олон шилдэг бүтээл хэвлэлтээс гарсны зэрэгцээ номын хорхойтнуудад ч уншихуйн гайхамшигт автах завдал гарав. Тив дэлхийг хамарсан цар тахал, хөл хорионы улмаас ихэнх хүмүүст гэртээ, өөртэйгөө, ганцаар цагийг өнгөрүүлэх боломж гарч, тэр дундаа ном сонирхогчдод хойш тавьсан номоо эргэн барьж авах, шинэ номын адал явдал, аялалд гарах сэдэл төрсөн болов уу. Тиймээс бид "Номын тухай" булангийн шинэ оны эхний дугаартаа номын хорхойтнуудын энэ онд уншихаар төлөвлөж буй номуудыг онцлон хүргэж байна. 

Sekstsagaanbogd 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Миний хувьд номын тэмдэглэл хийж үзээгүй. Харин дахиж уншихыг илүүд үздэг. Уншсан номоо бусадтай хэлэлцэх эсвэл дахиж уншаад тухайн ном эсвэл бүлгийн утга санааг өөрөөр ойлгох үе бий. Номоосоо хамаараад заримдаа нэг өгүүлбэр эсвэл бүлэг уншчихаад тунгааж бодох үе байна. Хүний намтар эсвэл уран зохиолыг гүйлгээд л уншчихдаг. Харин илүү гүнзгий, философийн номуудыг их аажуу эргэцүүлэн уншдаг. Сүүлийн нэг жил олон ном зэрэг уншдаг дадалтай болоод байгаа.

2020 ОНД ЯМАР ТӨРЛИЙН НОМ ТҮЛХҮҮ УНШСАН БЭ? 

Монгол гэхээс илүүтэй англи хэл дээр уншсан жил байлаа. Сэтгэл судлалын номууд түлхүү уншсан ч дундуур нь шинжлэх ухаан, түүхийн хэд хэдэн ном уншаад амжсан.

Онцлох номууд:

Виктор Фрэнклийн “Man’s Search for Meaning

Хүмүүс аз жаргалаас утга учрыг амархан олно, зовлонг утга учиргүй гэх нь бий. Гэвч хүн өөрийн зовлонд утга учир оноож, өөрийг нь хурцлагч гэж хүлээж авах нь зүйтэй хэмээх ухаарлыг энэхүү жижигхэн хэрнээ баялаг номоос ойлгож авсан.

Карло Ровеллийн “Order of Time

Тун төвөгтэй цогц санаануудыг маш энгийнээр тайлбарласан уг ном ертөнцийг харах, хүртэх, ойлгох өнцгийг минь бүрэн өөрчилсөн гэж болно.

Жордан Питерсоны “12 Rules for Life

Гарчгийг нь уншихад жирийн нэг хувь хүний хөгжлийн ном мэт боловч эл номд философи, шашин, домгийн сэтгэлгээ хийгээд сэтгэл судлалын тухай маш гүн гүнзгий бодролуудыг багтаасан. Питерсоныг энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий сэтгэгч гэж хардаг.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

Жордан Питерсоны “Order Now” гэх цуврал номыг нь урьдчилан захиалаад хүлээж сууна. Үүнээс гадна Даниэл Канэманы “Thinking Fast and Slow”-ыг уншиж дуусгах санаа байна. 2021 онд Стивен Пинкерийн “How The Mind Works”, Карло Ровеллийн “Reality Is Not What It Seems” ном уншина. Тэгээд өнгөрсөн онд уншсан номуудаас ганц хоёрыг нь дахиж уншина байх даа.

Ц.Ариунсанаа 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Номыг яаралгүй тайван уншихыг хүсдэг. Тун сонин санагдсан эсвэл мартахыг огт хүсэхгүй байгаа хэсгүүдийг дэвтэр дээрээ хуулж бичдэг. Түүндээ ч их таашаалтай. Ер нь уншсан номоо дахиж нээх нь тун ховор, зүгээр л хадгалдаг. Харин дэвтэр дээрх тэмдэглэлээ хэзээ л бол хэзээ харж, эргэн эргэцүүлдэг. Орой эсвэл амралтын өдрөөрөө өөртөө цаг гаргаж, тухтай чимээгүй орчинд төвлөрч уншихыг хичээдэг. Гэхдээ нэгэнт тэр номоороо амьсгалбал хажуугаар нь кино ч үздэггүй, тувт тэр номтойгоо зууралддаг. Өөртөө дарамт өгөлгүй, хүссэн үедээ жаргаж уншдаг даа.

2020 ОНД ЯМАР ТӨРЛИЙН НОМ ТҮЛХҮҮ УНШСАН БЭ? 

Өнгөрсөн онд уран зохиол, сэтгэл судлал, хувь хүний хөгжил зэрэг төрөл бүрийн ном уншсан. Оны эхэнд японы нэрт зохиолч Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” зохиолыг эх хэл дээрээ унших боломж олдсон юм. Зохиолч Дазай Осамү амьд ахуйдаа нэлээд тэрслүү, зоримог зохиолч байсан ч дотроо асар их ганцаардлыг тээж явсныг өөрийн хамгийн сүүлийн зохиол дээрээ магадгүй хамаг үнэнээ өчиж бичсэн нь гайхам сонин байсан. Гаднаасаа хамгийн сайн сайхан зүйлс ч дотроо илэрхийлэгдээгүй, нууцгай, худал, хуурмагийг агуулдаг. Үнэндээ түүнийг илэрхийлье гэвэл хүн ёсны харилцааны давхаргыг давахгүй ч юм шиг. Дотор бодогддог нэгэн бодлыг илчилж бичсэн зохиол байсан.

Хувь хүний хөгжлийн холбогдолтой судлаач Брене Брауны “Dare to Lead” номыг одоо ч амьдралдаа хэрэгжүүлэхээр хичээж байгаа. Брене Браун бол "vulnerability" буюу хүн өөрийн эмзэг үнэнийг хүлээн зөвшөөрөх, бусадтай хуваалцах талаар 20 гаруй жил судалсан судлаач юм. "Dare to lead" буюу манлайлж зүрхлэх буюу өөртөө итгэлтэйгээр бусдыг удирдан манлайлах тухай энэ номд дурдсанаар хүмүүс олон нэр үгсийн тухай буруу ойлголттой амьдарч, түүнээсээ айж эмээн, хангалттай мэдрэмж, айдсаа хуваалцаж чадаагүйгээсээ болж зовдог. Мөн асуудлуудаа шийдэж чадалгүй өнгөрөөдөг тухай өгүүлдэг. Энэ ном бол хүмүүстэй хамтарч ажилладаг хүн бүрд тусалж чадах бүтээл юм. Миний хувьд одоо ч ажлынхантайгаа хамт уншиж хэрэгжүүлж байгаа болохоор их урам зориг өгсөн.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

2020 оны сүүлээр Сара Бэйквэллийн “Хэрхэн амьдрах вэ?” буюу Монтэнийн намтар номыг эхлүүлсэн. Удаан хүлээсэн болохоор ч тэр үү бас удаан, нухацтайгаар тэмдэглэж, эргэцүүлэн уншиж байгаа. Энэ номыг удахгүй дуусгаад, неврологич Оливер Саксын хэд хэдэн номыг "epub" өргөтгөлөөр татаж авсныгаа сайхан мөлжих бодолтой байна.

Ч.Сайхнаа 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Жилийн эхэнд унших номынхоо жагсаалтыг төрөл бүрийн номоор бүрдүүлэн гаргаад, уйдахгүйн тулд өөр төрлийн номуудыг зэрэг эхлүүлдэг. Жагсаалтаа яг таг дагана гэж байхгүй л дээ. Зарим номоо дараалал дайраад унших нь бий. Жилдээ дор хаяж нэг шинэ зохиолчийн анхны ном эсвэл улс орны түүх, аж байдлын тухай шинэ ном уншихыг хичээдэг.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

Ричард Шепердийн “Unnatural Causes

Задлан шинжээч, эмч Ричард Шефердийн ажил дээрээ учирсан хачин жигтэй үхэл, гэмт хэргүүдийн хийгээд тэдгээр тохиолдол түүнд хэрхэн нөлөөлж, амьдралыг нь өөрчилсөн тухай маш сонирхолтой бичсэн ном. Элдэв хачин гэмт хэрэг, триллер ном унших дуртай хүмүүст зөвлөх байна.

Матт Хайгийн “The Midnight Library

Эл бүтээл "Goodreads"-ын 500 мянган уншигчдын сонголтоор 2020 оны шилдэг уран зохиолын номоор шалгарсан. Нэгэн бүсгүй ажил, амьдрал, сэтгэл санаа гээд л бүх талаараа баларч, цөхөрч гүйцээд амьдрах утгаа алдаад байтал гэнэт шөнийн номын санд сэрнэ. Тэнд номоос өөр зүйлгүй, тоолоод баршгүй олон ном байдаг.

Айзек Азимовын “Foundation” цуврал

Уран зөгнөлт зохиолыг үндэслэгчдийн нэг Азимовын бичсэн "Хөмрөг" хэмээх долоон цуврал ном бий. Энэ номоор Apple TV цуврал кино хийж 2021 онд гаргахаар төлөвлөж буй юм. Түүнээс өмнө цувралын сүүлийн хоёр номыг уншиж дуусгана. Цувралын эхний гурван ном монгол хэлнээ орчуулагдсан.

Лиз Пичоны “Tom Gates Series

Хүүхдийн номын төрөлд томоохон шагналуудыг хүртэж, 43 хэлнээ орчуулагдсан "Том Гэйтсийн гайхамшигт ертөнц” монгол хэлнээ орчуулагдаж, эхний ном нь хэвлэлтээс гарч байгаа. Дүрсгүй Томын уйдах завгүй өдрүүд, хөгжилтэй зургууд хэнийг ч уйдаахгүй гэж амлая.

Лулу Миллерийн “Why Fish Don't Exist: A Story of Loss, Love, and the Hidden Order of Life

Сэтгүүлч Лулу Миллерийн Стэнфордын их сургуулийн анхны захирал, загас судлаач, эрдэмтэн Дэвид Стар Жорданы амьдралын тухай бичсэн намтар ном. 2020 оны шилдэг ном хэмээх олон жагсаалтад багтсан юм билээ. Зохиолчийн авьяаслаг, зэвүүн өвөрмөц бичлэгийг уншихаар яарч байна шүү.

Мөн “Арбатын хүүхдүүд” бол миний багадаа уншсан хамгийн сонирхолтой номуудын нэг. Хатуу чанга социалист дэглэмтэй ЗХУ-д эл номыг хэвлэж, монгол руу орчуулахыг яагаад зөвшөөрсөн юм бол гэж хүн бүр гайхсан байх. Уг цувралын сүүлийн ном болох “Үнс чандруу” монгол хэлнээ хөрвүүлэгдсэнийг саяхан мэдлээ, олж уншина.

Ж.Зоригт 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Аливаа номыг уншихаасаа өмнө тухайн номын тухай шүүмж, сэтгэгдэл уншаад үнэхээр уншихуйц ном мөн эсэхийг урьдчилж судалдаг. Нөгөө талаас сэтгэл санаагаа ч бэлдчихнэ. Орчуулгын ном байвал орчуулгыг нь товч хараад унших эсэхээ шийддэг. Уншихдаа өөрийгөө шахалгүйгээр, дуртай үедээ уншиж, дуртай үедээ зогсдог. Уншиж байгаа номоо дундаас нь зогсоод, дуусгалгүй хаячих үе их бий. Зарим номыг заавал уншиж дуусгах шаардлагагүй. Мөн зарим номыг унших явцдаа хэт автахаар бол бодож байгаад тохирох ая тавьж уншдаг. Сүүлд Крейцерийн сонатын дундаас хойш тувт Тартинигийн Devil’s Trill сонатыг сонссоор уншиж дуусгасан. Зохиол орчуулахдаа түргэн хэмнэлтэй жааз, сонгодог ая тавьчихаар сатаарахгүй хурдан дуусгадаг.

2020 ОНД ЯМАР ТӨРЛИЙН НОМ ТҮЛХҮҮ УНШСАН БЭ? 

Хөл хорионоос болоод 2020 оны эхээр нэлээд зав гарч, эхэндээ бараг л өдөрт нэг ном уншаад байв уу даа. Ерөнхийдөө дуртай зохиолчдынхоо номуудыг уншиж дуусгахаар шийдээд, уншаагүй үлдээд байсан Кафкагийн “Америк”, Габриел Гарсиа Маркезын “Тахлын үеийн дурлал”-ыг хамгийн түрүүнд олж авсан. Мөн хайртай зохиолч Х. Ф. Лавкрафтынхаа аймшгийн өгүүллэгүүдийг нэлээн удаан тэвэрч, хэд хэдийг нь орчуулж амжлаа.

Их ажлын дундуур завсар авч, тархиныхаа алжаалыг тайлахаар Франсуа дө Ларошфукогийн “Maxims” номыг эргүүлдэг болсон. Зохиогч энэ номдоо хүний зан төлөвийн мөн чанарт анализ хийж цөөн өгүүлбэрт жагсаан бичсэн нь уншихад амар, амттай байдаг. Нэг удаадаа нэг нүүр уншаад цааш нь эргэцүүлж бодмоор. Өөр нэг өөрчлөлт гэвэл 2020 онд философийн ном, сэтгүүл ихээр сонирхож, уншиж эхэлсэн. Анх удаа философийн хялбаршуулсан бүтээл бус мэргэжлийн ном, өгүүлэл уншиж үзсэн нь энэ.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

Хэрэв амжвал Лавкрафтын бүх зохиолыг уншиж дуусгана. Бас дунд болон орчин үеийн философичдын бүтээлээс сайн уншиж ойлгоё гэж бодож байна. Хэрэв зохиолч Жорж Мартин фэнүүдийнх нь удаан хүлээж байгаа “Гал мөсний дуун” цувралынхаа дараагийн боть “Өвлийн салхи”-ыг хэвлүүлбэл лавтай уншина. Курт Воннегутын “Slaughterhouse-Five”-ыг уншъя гэж хорхойсож байна. Мөн өөртөө Жак Дерридагийн “Of Grammatology” унших амлалт өгчхөөд байгаа. Одоогоор өөр номууд уншиж байгаа болохоор завдахгүй л байна.

Ц.Энхцэцэг 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Хүүхдээ унтуулаад гэрлээ унтраасан хойно унших боломж гардаг учраас номоо ихэвчлэн Kindle дээр уншдаг. Монгол эсвэл дурлаж авсан англи хэл дээрх номуудаа хэвлэмэл байдлаар уншина. Аль ч хэлбэрээр уншсан унших явцад онцгой сэтгэгдэл төрүүлсэн, хэрэгтэй гэж үзсэн хэсгүүдээ тодруулж, түлхүүр үгийг нь тэмдэглэдэг. Нэг хэсэг олон ном зэрэг уншихыг хичээсэн боловч амжилт олоогүй. Нэг мэдэхэд аль нэг номыг түрүүлээд дуусгачихсан байдаг.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

Кэролайн Криадо Пересийн “Invisible Women: Data Bias in a World Designed for Men

Хүний эрхийн идэвхтэн найз маань уншихыг санал болгосон юм. Жендерийн тэгш бус байдлын тухай суурь ойлголттой болохоос гадна технологийн эрин үе эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа тухай гардаг гэнэ лээ.

Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир

Сүүлд номын худалдаанаас хоёр дэвтэр энэхүү романыг худалдаж авсан боловч уншиж дуусаагүй байгаа. Монгол хэлнийхээ уран яруу дүрслэл, зүйрлэлүүдийг энэ романаас дахин мэдрэх байхаа.

Эбби Хоффманы “The Best of Abbie Hoffman

"Trial of the Chicago 7" киног Netlfix-ээс үзэж дуусаад хамгийн түрүүнд Аббигийн тухай мэдээллийг хайж эхэлсэн. Тэгсэн мань хүн хэд хэдэн ном бичсэн юм байна лээ. Тэгээд энэ номыг уншихаар сонгосон.

Джон ле Каррегийн “Smiley's People

Тагнуул, нууц ажиллагааны тухай гоё роман унших хүсэл төрж, судалж хайж байгаад энэ номыг сонгосон. Зохиолч нь сайн бичдэгээрээ алдартай юм билээ.

Г.Нямсүрэн 

ЯМАР АРГА БАРИЛААР НОМ УНШДАГ ВЭ?

Би ямар ном уншихаа бараг төлөвлөдөггүй. Goodreads, энд тэндээс сонирхол татсан ном эсвэл яг одоо уншиж байгаа номд дурдагдсан номуудыг уншаад явчихдаг. Ингэж уншиж яваад генетикийн салбарт маш сонирхолтой болчихсон. Энэ талын номуудаас түлхүү унших явцдаа "Генийн хайч (CRISPR-cas9)" технологи бий болж, үүнээс үүдэн хүн төрөлхтний хөгжилд нөлөөлөхүйц маш том хувьсгал хурдацтай өрнөж байгааг анзаарч эхэлсэн. Энэ явдал генетикийн салбарын талаар дэлгэрэнгүй унших хүслийг маань өрдсөн гэж болно. Мөн таарч танилцсан хүмүүсээс дуртай номыг нь асуух их дуртай. Ямар учраас тухайн номд дурлан шимтсэн нь тун сонирхолтой санагддаг юм. Дараа нь тэр номыг нь уншаад үзэхээр тухайн хүнийг ойлгоход, дотоод ертөнцтэй нь танилцахад ойр дөхөм болох шиг санагддаг.

2020 ОНД ЯМАР ТӨРЛИЙН НОМ ТҮЛХҮҮ УНШСАН БЭ? 

Удахгүй кино болж дэлгэцнээ гарах гэж байгаа “Dune” гэх ном маш их таалагдсан. Уран зөгнөлт мөртлөө улс төр, эрх мэдэл, гүн ухаан, амьдралын утга учир, байгаль экологи зэрэг олон талын чухал санааг шингээсэн нь ихийг бодогдуулсан.

Мөн 2020 оны төгсгөлөөс эхлэн он дамжиж уншиж дуусгасан Жон Берригийн “The Great Influenza” маш сонирхолтой санагдлаа. 1918-1919 онд дэгдсэн Испанийн томуу хэрхэн дэлхийн хүн амын гуравны нэгд тархаж, нийгэмд ямар үр дагавар авчирсан тухай юм. Мөн ард иргэд хэрхэн хүлээн авсан тухай эмч, анагаахын салбарынхны нүдээр тайлбарласан нь тун сонирхолтой байсан. Анагаахын шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй 1918 онд эрдэмтэд хэрхэн цагтай уралдаж эмчилгээний арга хайж байсан болон тахлын дараах нөхцөл байдал, үр дагаврыг өгүүлдэг.

Сонирхолтой нь, 100 жилийн өмнө ч хэсэг бүлэг хүмүүс маск зүүхийг эсэргүүцэж, эрдэмтдийн анхааруулгыг үл тоож улс төрийн жагсаал цуглаан хийж байжээ. Үр дүнд нь тэрхүү хайхрамжгүй байсан хотуудад нас баралт үлэмж нэмэгдсэн нь өнөөгийн бидний нөхцөл байдалтай тун төстэй байгааг анзаарахад нуруугаар хүйт оргисон. Өнөө үед ч "энэ бол зөвхөн ханиад" гэж үзэн үл тоох хандлагатай хүмүүс олон байгаа нь санаа зовоосон. Учир нь, 1918 оны томуу хүний тархи мэдрэлд ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай тухай гардаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь хүн төрөлхтөн хэзээ ч тусаж байгаагүй энэ шинэ вирусийн өвчин тухайн үедээ хөнгөн тусаад өнгөрөвч ирээдүйд ямар үр дагавар дагуулахыг хэн ч мэдэхгүй гэж бодохоор бас анхаарал сэрэмж хэзээд илүүдэхгүй болов уу. Маш чухал санагдсан учраас шууд дахиад эхнээс нь уншиж эхэлсэн.

ЭНЭ ОНД ЮУ УНШИХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ? 

2021 онд уншихаар төлөвлөж буй ном гэвэл, генийн хайч технологийг нээсэн эрдэмтдийн нэг Женнифер А.Дүднагийн намтар болох “The Code Breaker”. Стив Жобс, Бэнжамин Франклин, Эйнштэйн зэрэг алдартнуудын намтрыг бичсэн Уолтер Айсоксоны энэ ном тун удахгүй хэвлэгдэн гарах юм. Мөн энэ жил хөрөнгө оруулалтын талаар илүү судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тул аварга хөрөнгө оруулагч Уоррен Баффетын намтрыг унших бодолтой байна. “The Snowball: Warren Buffett and the Business of Life” гэх зузаан ном бий.