“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс 20 жилийнхээ хүрээнд Unread медиа компанитай хамтран зохион байгуулсан “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр” амжилттай болж өнгөрлөө. Бид зургаадугаар сарын 7-ны өдөр дөрвөн сарын турш үргэлжилсэн уг хөтөлбөрийн үр дүнг хуваалцаж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Ингээд хөтөлбөрт хамрагдсан 20 оролцогчийг төлөөлж, ажлын үр дүнгээсээ хуваалцсан арван ментийгийн илтгэлтэй танилцъя.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ЭРГЭН САНАХ НЬ
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг хэрхэн хийж буй арвин туршлагаа хуваалцах зорилгоор энэ оны хоёрдугаар сард уг хөтөлбөрийг эхлүүлсэн. Нийт 150 гаруй оролцогч бүртгүүлсэнээс шаардлага хангасан 20 ментий уг хөтөлбөрийг цааш үргэлжлүүлсэн юм.
Хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын тухайд хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах, ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох, байгаль орчны талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, салбарын танилын хүрээгээ тэлэх, карьераа нэг шат ахиулах байв. Энэ зорилтдоо хүрч ажиллахаар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн болон хувь хүний хөгжилд зориулсан сургалт, менторшип уулзалтууд тогтмол зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн нэн чухал хэсэг болох уурхайтай танилцах аяллыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү танилцах аяллаар баяжуулах үйлдвэрийн цогцолбор, химийн бодисын агуулах, шинэ Бор-Овоо булаг, ил уурхай, хаягдлын нэгдсэн сан, ус цэвэршүүлэх ба савлах үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, байгалийн ургамал үржүүлэх газартай тус тус танилцсан билээ.
онцлох үр дүнгүүд
Би энэхүү хөтөлбөрт оролцохдоо биологийн олон янз байдлын суурь судалгааны мэдээллийг нэгтгэж, зүйлийн жагсаалтыг шинэчлэх, хар сүүлт зээр хүзүүвчлэх ажил болон шилжилт хөдөлгөөний дата мэдээлэл боловсруулах арга зүйн зөвлөмж авах зэрэг зорилтыг тавьсан. Энэ ч зорилгоо биелүүлэн хар сүүлтийн шилжилт хөдөлгөөний талаар ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болж, цуглуулсан өгөгдөл, мэдээллийг цэвэрлэх аргад суралцан амьтдын ажиглалтын цэгүүдийг оновчлох тал дээр олон шинэ зүйл сурч аваад байна. Цаашид ажиглалтын цэгүүдийг оновчлох, амьтан, ургамал тодорхойлох зурагт лавлахаар хангах, хар сүүлт зээрийн шилжилт хөдөлгөөний анализ хийх, мөн түүний байршил нутгийн хэмжээг улирлаар гаргах зэрэгт төвлөрөн ажиллах болно.
Миний хувьд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдээс уурхайн бүсэд хийсэн аялал сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Тэрхүү аяллаас байгалийн ургамлын мод үржүүлэг, хүнсний хаягдлыг бордоо болгон ашиглаж буй жишээ, төвлөрсөн хогийн цэгийн ландфилл ашиглалт, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж зэргийг онцлох нь зүйтэй.
Хөтөлбөрт анх хамрагдахдаа хөрс хамгаалал, хөрсний менежмент, ус зарцуулалт, усны бодлого, тэрбум мод тариалалт, ховор болон нэн ховор ургамал чиглэлээр туршлага судлахаар зорилго тавьсан. Одоо дүгнэн харахад бүгдийнх нь биелэлт 80 хувьд хүрсэн байна. Мөн хөтөлбөрийн хугацаанд зохион байгуулсан хоёр удаагийн сургалтаар мэргэжлийн сэдвээс гадна хувь хүний хөгжилд нөлөөлөх сургалтууд багтсан нь тун олзуурхууштай байлаа. Мэдээж бидний харилцаа холбооны гол хэрэгсэл болсон Slack апп миний хувьд цоо шинэ туршлага байсан.
Би хөтөлбөр эхэлснээс хойш бохирдол үүсэж буй эх үүсвэр дээр хяналт тавих, улирал тутмын мониторинг судалгаа хийх, бохир усны дээжлэлтэд анхаарч ажиллах, ус ашиглагч байгууллага болон орон нутгийн иргэдийн хооронд итгэлцэл бий болгох, усны мониторингийн хөтөлбөрийг сайжруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Эдгээрээс хамгийн онцлууштай нь орон нутгийн иргэдтэй хамтран хийсэн усны мониторинг байлаа. Цаашид ч сурсан зүйлсээ хэрэгжүүлж, ялангуяа хамтарсан мониторингийн ажлын үр дүнгээ Нарийн сухайтын орд газарт үйл ажиллагаа явуулж буй уурхайн байгаль орчны мэргэжилтнүүдтэй хуваалцах болно.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд уурхайн үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг бууруулах, ангилах ялгах, дахин ашиглах ажлыг хэрхэн хийж хэрэгжүүлэх тухай сургалтыг 1255 ажилтанд нээлттэй байдлаар зохион байгуулсан. Үүнээс гарсан эерэг үр дүнд суурилан цаашид хог хаягдлын дагалдах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах, хог хаягдлыг үүсвэр дээр нь ангилан ялгаж, бүртгэл мэдээллийг цахимжуулах, хоолны хог хаягдлаар компост бордоо хийж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжийг судлахад төвлөрнө. Мөн хог хаягдлын менежментийн сургалтаа тогтмол зохион байгуулна.
Би хөтөлбөр эхэлснээс хойш хог хаягдлын менежментийн сайжруулалтын төлөвлөгөөг гаргаж, энэ чиглэлээр ажилтнууддаа суурь ойлголт өгөх ажлыг эхлүүлсэн. Мөн хог хаягдлын нэгдсэн бүртгэлийг эхэлж, харилцагч байгууллагуудтай холбогдон гэрээний ажилдаа орсон байгаа. Цаашдаа ч гаргасан төлөвлөгөөний дагуу сайжруулалт хийж, салбартаа үлгэр жишээ байгальд ээлтэй байгууллага болохоор зорьж байна.
Анх хөтөлбөрт хамрагдахдаа хог хаягдлын менежментийн тогтолцоог хэрхэн оновчтой төлөвлөх, мод арчилгаа, усалгааны оновчтой шийдэл олох тал дээр туршлага судлах зорилготой байсан. Миний хувьд эдгээр зорилгоо биелүүлж, хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн туршлагадаа үндэслэн мод үржүүлгийн газрын төсөл боловсруулсан. Мэдээж дараагийн хийх ажил бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны намар гэхэд нэг га талбайд мод үржүүлгийн газрын зориулалтаар хүлэмж барих ажлыг эхлүүлэх болно.
Өнгөрсөн хугацаанд өөрийн сонгосон сэдвийн хүрээнд “Оюу толгой” компанийн газарзүйн мэдээллийн системийн хэрэглээтэй танилцаж, энэ төрлийн дата өгөгдөл бүрдүүлэлт, хадгалалтыг хэрхэн хийх тал дээр туршлага олж авсны зэрэгцээ сентилел хиймэл дагуулын мэдээ татаж, ашиглахад суралцаад байна.
Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан менторшип уулзалтаар говийн бүсэд заг, сухай зэрэг унаган ургамлыг хэрхэн тарих, арчилгаа тордолтыг яаж хийх талаар заавар, зөвлөгөө авсан нь миний хувьд тун авууштай байлаа. Мөн тухайн жилийн БОМТ-ний биелэлтийг орон нутагт тайлагнахдаа төлөвлөгөө тус бүр дээр юу анхаарах вэ гэдгийг ментороосоо суралцсан.
Миний хувьд Олон улсын сэргээн босголтын банкны шаардлага, экваторын зарчмуудын хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх тал дээр ментороосоо маш их зүйл сурч авсан. Түүнчлэн гол мөрний хагшаас ус зүйн гидродинамик загварчлал, цианобактерийн талаар шаардлагатай мэдээллүүдийг авч чаджээ.
эцэст нь
Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн тус хөтөлбөр нь уул уурхайн салбарын ажилтан, мэргэжилтнүүдтэй сайн туршлагаа хуваалцах, улмаар улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг цогцлооход дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой байсан. Тэр ч утгаараа бид аль нэг компанийг давхардуулахгүйг хичээж, оролцох хүсэлтэй уурхай бүрийг тэгш хамруулахаар оролцогчдоо шалгаруулсан билээ. Ийнхүү анх бүртгүүлсэн 150 оролцогчоос шаардлага хангасан 20 ментий маань хөтөлбөрийн үр дүнд мэргэжлийн болоод хувь хүн талаасаа шат ахиж чадлаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна.
"Оюу толгой" компанийн хувьд мэргэжилт нэгтнүүд нь өөрсдийн компанидаа тэдний сайн туршлагуудыг хэрэгжүүлж эхэлсэнд туйлын баяртай байгаагаа хэлж байсан юм. Мөн эхний жилийн оролцогчдын хувьд ч тэднийг Монгол Улсад байгаль орчны чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлаараа түүчээлж байгааг нүдээр үзэж, туршлага солилцсондоо тун баяртай байгаагаа дуу нэгтэй хэлж байлаа.