Уншигч та к-попын талаар хэр сайн мэдэх вэ? Миний хувьд л гэхэд хүүхэд насны маань хамгийн тод дурсамжууд энэ хөгжмийн урсгалтай нягт холбогддог. Магад та ч бас нэгэн цаг үед к-поп хамтлаг дуучдын уран бүтээлийг шимтэн сонсож, даган дуурайн надтай ижил олон дурсамж бүтээсэн ч байж мэдэх. Хэрэвзээ тийм бол к-поп урсгалыг зөвхөн дуу хөгжмөөр үл хязгаарлагдах бүхэл бүтэн системтэйгээр хөгжиж буй салбар гэдгийг мэдэх биз ээ. 

Иймд аливаа сэдвийн талаар сонирхолтой бөгөөд цогц байдлаар бэлтгэн хүргэдэг А-Я нийтлэлийн энэ удаагийн дугаарт 2024 онд зах зээлийн хэмжээ нь 10 тэрбум ам.долларт хүрч буй к-поп хөгжмийн ертөнцийг онцолж байна. 20-р зууны төгсгөл үеэс 21-р зууны өнөөг хүртэлх хугацаанд үзэгч сонсогчийн тоогоо үлэмж нэмж, улс орныхоо эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй эл салбарын хөгжлийг ийн тайлбарлая.

А БОЛ АНХНЫ ДУЙЛААН

Олон жилийн турш “даруу” байдлаа хадгалсаар ирсэн Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд 90-ээд оныг хүртэл зохиолын болон үндэсний дуу хөгжим ноёлсоор байлаа. 8 настайгаас 80 настай буурлууд телевизээр цацагддаг хөгжмийн нэвтрүүлгээс л шинэ дуу, шинэ уран бүтээлчдийн тухай олж мэддэг байв. Тэгтэл энэ байдал 1992 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр тэр чигтээ өөрчлөгдсөн ба өөрсдийгөө “Seo Taiji and Boys” хэмээн нэрийдэж, сул өмд, этгээд цамцаар гоёсон гурван залуу өнөөх хөгжмийн нэвтрүүлгийн тайзнаа дуулиантайнхан гарч иржээ. Хэдий нэвтрүүлгийн шүүгчдээс хамгийн тааруу оноо авч, тайзнаас сэтгэл гонсгор буусан ч тэдний “I Know / Nan Arayo” нэртэй дуу нь маргаашаас эхлээд чартуудыг тэргүүллээ. Баараггүй энэ үеэс к-попын түүчээ эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу.


Б БОЛ БЭЛТГЭГДЭГЧИД

Анхны дуулианы эзэд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй ч БНСУ-ын хөгжмийн ертөнцөд нэгэнт эргэсэн салхи эрчээ авч, телевизийн нэвтрүүлгээр л “од” болох боломжтой байсан нөхцөл байдал өөрчлөгдөв. Илүү тодруулбаас, шинэ уран бүтээлчдийг бэлтгэх зорилготой энтертэйнментүүд үүд хаалгаа нээсэн ба “Их гурвал” хэмээх тодотголтой YG, JYP, SM энтертэйнментүүд энэ үеэс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэдний бэлтгэн гаргаж, амжилтад хүргэсэн хоёрдугаар үеийн хамтлагуудаас Big Bang, 2NE1, Wonder Girls, Girs’ Generation-ийг дурдахгүй өнгөрч үл болно.

Trainee буюу бэлтгэгдэгч хэмээх ойлголт эл үетэй зэрэгцэн бий болж, өдөр бүрийн шахуу бэлтгэл сургуулилт, хатуу дэглэмийн үр дүнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх уран бүтээлчид мэндлэх болов. Дунджаар 2-4 жилийн хугацаанд бэлтгэгдэж, дуулах, бүжиглэх, жүжиглэх чадвар болон гадаад хэлээ сайжруулах нь айдол болохоор зорьж буй хэн бүхний хувьд хамгийн наад захын шаардлагууд байлаа.

В БОЛ ВУАВ, ИЙМ БАЙЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

К-поп хамтлагуудын нэгдүгээр үеийн төлөөлөл болох H.O.T 1996 онд дэбют хийж, БНСУ төдийгүй Азийн хөгжмийн зах зээлд тэсрэлт хийлээ. “Их гурвал”-ын нэг SM энтертэйнментаас төрөн гарсан тэд 2001 он хүртэл үйл ажиллагаа явуулахдаа “Хөгжмөөр нэгдсэн онцгой залуусын дуу, бүжиг, рэпийн хоршил” хэмээн тодорхойлогдож байв. Ийнхүү нэрлэсэн нь ч учиртай. Гадаад төрх, хувцаслалт, дуулах хэв маяг нь тухайн цаг үедээ тун содон, давтагдашгүй мэдрэмжийг төрүүлж байсан нь Америк болон Япон хамтлагуудаас санаа авч, тэдний онцлогийг хоршуулсантай салшгүй холбоотой. Тиймдээ ч тэд Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцөд мөрөө үлдээж, дараагийн “idol” буюу к-поп хамтлагуудын амжилтын жимийг тодорхойлж чадсан юм.

Нэгдүгээр үеийн хамтлагуудтай танилцах




Г БОЛ ГАДАГШАА ТЭЛСЭН ЗАХ ЗЭЭЛ

2008-2009 оныг к-попын “Алтан үе” хэмээн үзэх нь бий. Энэ үед тэдний нэр алдрыг дэлхий дахинд бататгасан Girls’ Generation “Gee,” Big Bang “Haru, Haru,” Wonder Girls “Nobody” зэрэг “классик” уран бүтээлүүд төрөн гарч, Ази төдийгүй дэлхийн хөгжмийн зах зээлд хүч сорьсон жилүүд байлаа. Хоёрдугаар үеийн хамтлагуудаас өндөр амжилт үзүүлсэн тэднээс к-попын үндсэн гурван шинж чанарыг тодорхойлж болно.

1. Сайтар бэлдэж, боловсруулсан тайзны үзүүлбэр, бүжиг
2. Өөрсдийн өнгө төрх бүхий дизайн, брэнд шийдэл
3. Артистуудыг үйлдвэрлэх мэт зогсолтгүй ажиллах систем

Эдгээрийн үр дүнд 2009 онд Wonder Girls хамтлаг "Nobody" дуугаараа Billboard-ийн жагсаалтад орсон анхны эмэгтэй хамтлаг, кпоп уран бүтээлчид болж, 2NE1 2014 онд гаргасан "Crush" хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгоор Billboard 200 жагсаалтын 61-р байранд тус тус бичигдэж байв. Үүний зэрэгцээ 2NE1 бол дэлхийд аялан тоглолтоо хийсэн анхны к-поп охидын хамтлаг билээ.

Д БОЛ ДЭБЮТ

К-попоос хамгийн түрүүнд мэдэх ёстой ойлголтуудын нэг бол дэбют. Олон жил бэлтгэгдсэн уран бүтээлчдийг ямар авьяас чадвартай, хэр ирээдүйн потенциалтай вэ гэдгийг харуулах басхүү үзэгч сонсогчдод анхны сэтгэгдэл үлдээхэд дэбют үзүүлбэр тун чухал үүрэгтэй. Нөр их хөдөлмөрийг нэг удаагийн үзүүлбэрээр тодорхойлж болох учраас энтертэйнментийн талаас ч, уран бүтээлчдийн зүгээс ч өндөр ач холбогдол өгч ажилладаг. Ихэвчлэн телевизийн хөгжмийн нэвтрүүлгээр дамжуулан шинэ хамтлаг, дуучдыг танилцуулдаг ба одоогоор хамгийн залуугаараа дэбют хийсэн уран бүтээлч бол Им Со Вон. Тэрээр Universe Ticket шоунд оролцож, 12 настайдаа к-попын карьераа эхлээд буй.

Е БОЛ ЕРӨӨСӨӨ К-ПОП ГЭДЭГ ЧИНЬ

К-поп бол Korean Pop гэсэн үгний товчлол бөгөөд барууны хөгжмийн урсгалаас санаа авч, Ази хэв маягийг үндэсний соёлтойгоо уялдуулан гаргасан хөгжмийн урсгал юм. Энэ урсгалыг шүтэн бишрэгчдийн 90 хувь нь олон улсын иргэд бөгөөд өдгөө зөвхөн дуу хөгжмөөр үл барам улс орны эдийн засаг хөгжихөд томоохон хөшүүрэг болж байна.



Ё БОЛ ЁООЁ, ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ?

БНСУ-ын эдийн засагт багагүй байр суурийг эзэлж буй к-поп 2022 онд 11 триллион орчим воны борлуулалтын орлого, 927.6 сая ам.долларын экспортын орлого олсон байх жишээтэй. Түүнчлэн Өмнөд Солонгосын дөрвөн том хөгжмийн агентлаг болох YG, JYP, SM, HYBE энтертэйнментүүд 2019-2023 оны хооронд нийт орлогоо гурав дахин нэмэгдүүлж, ойролцоогоор гурван тэрбум ам.долларт хүрсэн төдийгүй үйл ажиллагааны ашиг нь 450 сая ам.доллар аж.

Ж БОЛ ЖИНХЭНЭ ТҮҮХ БҮТЭЭГЧИД

К-попын түүхэнд урьд хожид гараагүй өндөр амжилт үзүүлсэн хөвгүүдийн хамтлаг бол BTS. Тэд шинэ төрлийн Солонгос хамтлагийг бий болгох асар том амбицдаа хөтлөгдсөн хөгжмийн зохиолч Бан Ши Хёкийн 2012 онд үүсгэн байгуулсан, BigHit агентлагийн артистууд бөгөөд SM, YG, JYP-тай өрсөлдөхүйц хамтлаг гаргах даацтай зорилгын биелэл билээ. Жинхэнэ түүх бүтээгчид хэмээн нэрлэсний учир нь BTS 2018 онд Hyundai Research Institute-ээс гаргасан судалгаагаар жилд Өмнөд Солонгосын эдийн засагт 3.54 тэрбум доллартой тэнцэхүйц мөнгө оруулж ирсэн ба эдийн засгийн нэмэгдсэн үнэлэмж нь жилд 1.26 тэрбум долларт хүрчээ. Энэ бол дэлхийн топ авиа компаниудын нэгт тооцогдох Korean Air компанийн Солонгосын ДНБ-д оруулж буйтай тэнцэхүйц гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ BTS-ийн эдийн засагт үзүүлэх арван жилийн нөлөө нь 49.8 тэрбум доллартой тэнцэх ба энэ нь 41.6 тэрбум долларын нөлөөтэй байсан 2018 оны Пёнчаны Олимпыг ардаа орхих үзүүлэлт аж. Сонирхуулахад, 2024 оны байдлаар BTS-ийн нийт хөрөнгө 100 сая ам.доллароос давж, гишүүн бүрийн хөрөнгө 20 сая ам.доллароос дээш байгаа юм.

Тэдний талаар дэлгэрүүлэн унших

З БОЛ ЗАГВАРЫН ТАЙЗ

Улс орныхоо эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэхийн сацуу дэлхийн брэндүүдийн анхаарлыг татаж, элч төлөөлөгчөөр ажиллах явдал улам бүр нэмэгдээд буй. Үүний хамгийн тод жишээ нь YG энтертэйнментийн 2016 онд бэлтгэн гаргасан Blackpink охидын хамтлаг юм. Илүү тодруулбал, хамтлагийн гишүүн Lisa нь Celine, Jennie нь Chanel, Jisoo нь Christian Dior, Rose нь YSL тэргүүтэй олон улсын брэндүүдийн нүүр царайгаар сүүлийн жилүүдэд тогтмол ажиллаж буй.

Үүний зэрэгцээ загварын тайз хэмээн нэрлэсний учир нь хамтлаг, дуучид клипэндээ аль брэндийн, ямар загвар зохион бүтээгчийн, хэчнээн төгрөгийн үнэтэй хувцсаар гоёсон, мөн хэдэн удаа хувцсаа сольсон гэдгээр битүүхэн өрсөлддөг. Эл боломжийг олж харсан брэндүүд ч энэ тийш маркетингаа чиглүүлэн ажиллаж буй нь нууц биш.




И БОЛ ИЛ БА ДАЛД ТЭМЦЭЛ

Өнгөц харахад к-попын ертөнц дуу хөгжмөөр дамжуулан өөрсдийн карьерыг бий болгож, алдар нэрд хүрч байгаа мэт боловч энэ бүхний ард өрнөдөг олон бэрхшээл бий. Шахуу цагийн хуваарьтай бэлтгэлээс гадна хэрэв тухайн энтертэйментийн шалгуурт дүр төрх нь нийцэхгүй бол гоо сайхны мэс засалд оруулах, их хэмжээгээр жин хасуулах, үерхэхийг хориглох, зөвхөн тэдний хэлсэн хувцсыг хэр их задгайгаас үл хамааран заавал өмсөх гээд сайн сайхан амжилтын сацуу саар муу зүйл цөөнгүй тохиолддог. Харьцангуй энэ бүгд сүүлийн жилүүдэд намжиж байгаа ч энтертэйнментийн зүгээс тавих утгагүй шалгуур, хайхрамжгүй байдлыг эсэргүүцэн цөөнгүй айдол ил ба далд энэ талаар шүүмжилдэг аж. Жишээ нь (G)I-DLE хамтлагийг нэрлэж болох бөгөөд Cube энтертэйнментэд харьяалагддаг тэдний хувьд авьяас чадвараа гүйцэд харуулахад агентлаг нь саад болдог, тэднийг бүрэн дүүрэн дэмждэггүй гэх мэтээр дургүйцлээ цөөнгүй удаа илэрхийлсэн юм.



К БОЛ К-ПОП ҮЕҮД

Ихэвчлэн ижил хугацаанд дебют хийсэн хамтлагуудыг ийнхүү ангилан хуваадаг аж. Үе бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд тухайн цаг үеийнхээ чиг хандлагад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.

1992-2002: 1-р үе
“Seo Taiji and Boys” хамтлагаар нэгдүгээр үе эхэлсэн ба Америкийн хөгжмийн өнгө аяс энэ үеийн уран бүтээлүүдэд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг.

2003-2011: 2-р үе
К-попын “Алтан үе” хэмээгддэг энэ үед хамтлаг бүр өөрсдийн хэв маяг, онцлог чанараараа ялгарч, дотоодын зах зээлээс олон улс руу үйл ажиллагаагаа тэлсэн чухал цаг хугацаа.

2012–2017: 3-р үе
Поп, техно, рок урсгалын үе. Энэ үеийн онцлох хамтлагуудаар BTS, Blackpink, EXO, Twice, Red Velvet, EXID зэрэг уран бүтээлчийг нэрлэж болох юм.

2018–2022: 4-р үе
ITZY, Aespa, (G)I-DLE, New Jeans, TXT, Stray Kids хамтлагууд бол 4-р үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид.

2023-3-р сараас одоог хүртэл: 5-р үе
Big Bang, 2NE1, Blackpink хамтлагуудыг бэлтгэн гаргасан YG энтертэйнментийн 5-р үеийн охидын хамтлагаар Babymonster бол энэ үеэс өндөр амжилт үзүүлж буй охидын хамтлаг юм.

Л БОЛ ЛУТ АМЖИЛТ

Одоогоос 12 жилийн өмнө 2NE1 дэлхийн хэмжээний аялан тоглолтоо хийсэн анхны кпоп охидын хамтлаг болон түүхэнд бичигдсэний сацуу энэ ертөнцөд шинэ стандартыг тогтоосныг онцлохгүй байхын аргагүй. Долоон орны 11 хотод зохиогдсон уг тоглолт зөвхөн цар хүрээ төдийгүй дэлхийн хэмжээний продакшн баг, дэлхийд алдартай мэргэжилтнүүдийг цуглуулснаараа алдартай. Тухайлбал, бүжгийн дэглэлтийг Michael Jackson-ийн тоглолтын бүжгийн найруулагч Travis Payne, тайзны загварыг Mark Fisher хариуцсан байна.



М БОЛ МЕРЧ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

К-поп хамтлагуудын шүтэн бишрэгчдийг дутуу үнэлж огт болохгүй. Бусад барууны уран бүтээлчдийн фенүүдтэй харьцуулахад тэд бүхий л боломж нөөцөөр дуртай хамтлагаа дэмждэг. Эл тоглоомын дүрмийг ойлгосон хөгжмийн салбарынхан тухайн уран бүтээлчдийн мерч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ба мэдээж шүтэн бишрэгчид дуртайяа худалдан авна.

Статистик мэдээллээс харахад хамгийн алдартай к-поп бүтээгдэхүүнээр цомог, подволк, юүдэнтэй цамц, зурагт карт, lightstick тэргүүлж буй бөгөөд 2023 онд дэлхийн 26 оронд явуулсан судалгаагаар сард дунджаар 4.5 ам.долларыг к-поп мерч бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг гэжээ.

Н БОЛ НАМТАР ЦЭВЭР

Хэрэв та к-поп алдартан болохыг хүсвэл намтар цэвэр байх учиртай. Алдар нэрд хүрэхэд хангалттай хэцүү замыг туулдаг энэ салбарт нэг л хазгай гишгэвэл ямар ч өршөөлгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Учир нь сүүлийн жилүүдэд ахлах сургуулийн үе тэнгийн дээрэлхэлтийн хэрэгт холбогдсон цөөнгүй айдолууд карьераа дуусгаж, зарим нь хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн уран бүтээлээ хийж буй.

О БОЛ ОЛОН УЛСААС ШАЛГАРАГСАД

Томоохон агентлагуудын хувьд дараагийн шинэ авьяастныг олохын тулд дэлхий даяар тогтмол сонгон шалгаруулалт зарладаг билээ. Эдгээр шалгаруулалтуудаас төрөн гарсан гадаадын бүтээлчид кпопыг улам солонгоруулж, олон улсын хэмжээнд илүү өргөн цар хүрээтэй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.

Зарим алдартай гадаадын к-поп одуудаас дурдвал:

1. Lisa (BLACKPINK)
Үндэс угсаа: Тайланд

2. Jackson Wang (GOT7)
Үндэс угсаа: Хятад

3. Nichkhun (2PM)
Үндэс угсаа: Тайланд

5. Tzuyu (TWICE)
Үндэс угсаа: Тайван

6. Momo (TWICE)
Үндэс угсаа: Япон



Ө БОЛ ӨРСӨЛДӨӨН

К-попын дэлхийн хөгжмийн ертөнцөд орон зайгаа амжилттай тэлж чадсан нэг том шалтгаан бол дуучдыг бараа бүтээгдэхүүн мэт үйлдвэрлэдэг систем. Тайзан дээр дуулж буй тэр залуучууд 10-12 настайгаасаа л асар их өрсөлдөөн дундаас шигшигдэн гарч ирдэг.

Олон жилийн турш тусгай дуу, бүжгийн хичээлд хамрагдахын сацуу олон нийтийн өмнө биеэ хэрхэн авч явах, оддын амьдралаар амьдрахтай холбоотой төрөл бүрийн сургалт, хичээлээр нүдүүлдэг. Энэ олон шалгуурын эцэст азтай бөгөөд чадварлаг хэд нь тунаж үлдэн тайзан дээр гарах эрхийн эзэд болдог аж. Уран бүтээлчдийн олон сар, өдрийн нөр их хөдөлмөр бүхий мэргэжлийн агентлагуудын босгосон уг систем бол хаана ч зүйрлэшгүй өвөрмөц бүтэц юм. Ерөнхийдөө бэлтгэгдэж буй уран бүтээлчдийн 10-20 хувь нь л албан ёсоор дебют хийх боломжтой гэж үздэг бөгөөд зарим бэлтгэгдэгч 2-7 жил буюу түүнээс ч урт хугацаагаар бэлтгэгддэг.

П БОЛ PSY

Барууны ертөнцөд нэвтрэх гэж удаа дараа бүтэлгүйтсэн к-попын хувьд 2012 он эргэлтийн цэг байлаа. Та бидний сайн мэдэх PSY-ийн “Gangnam Style” (YouTube-д 5.2 тэрбум үзэлттэй) дуу дэлхийн даяар бүхий л хөгжмийн чартуудыг тэргүүлж, борлуулалтаараа Billboard-ийн платинум цолыг хүртэл авч чадсан нь энэ юм. Дахилтан дээр гарах ганц өгүүлбэрээс өөр англи үггүй энэ дуу од болсон нь хачирхалтай санагдах хэдий ч санамсаргүй хэрэг огт биш. Учир нь энэ л мөчийн төлөө к-попын ард оршин тогтнох бүтэн систем боловсруулагдсан байлаа. Товчхондоо энэ үетэй давхцан Rolling Stone сэтгүүлээс Хойд Америкийн зах зээлд амжилт олох магадлалтай топ арван хамтлагийн жагсаалтыг гаргасан бөгөөд үүнийг Big Bang, Girls’ Generation, 2NE1 зэрэг хамтлаг тэргүүлж байв.



Р БОЛ R&B УРСГАЛ

“Super Concert”-ийн гол дүр болох Rain 2002 оноос эхлэн R&B урсгалаар уран бүтээлээ туурвиж, арын бүжигчнээс дэлхийн хэмжээний од болтлоо тасралтгүй хөдөлмөрлөсөн нэгэн билээ. Тэрээр дуулах, бүжиглэх тал дээр Michael Jackson, Usher, Justin Timberlake нараас санаа авдаг төдийгүй уран бүтээлүүдээс нь эл хэв маяг нэвт мэдрэгдэнэ. Товчхондоо түүнийг R&B хөгжмийн урсгалын к-поп дахь бэлгэ тэмдэг гэхэд хилсдэхгүй болов уу.



С БОЛ СУПЕР КОНЦЕРТ

Evandis энтертэйнментээс намар цагийн нээлт болгон зохион байгуулж буй “Super Concert” есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д болох гэж буй. Зочин уран бүтээлчдээр дуучин, жүжигчин Rain, 2NE1 хамтлагийн гишүүн Dara, соло уран бүтээлч Bloo нар к-поп дуу хөгжмийг утгаар нь мэдрүүлэх гэж байна. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, гурван найзын, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа ба ЭНД дарж худалдан авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.



Т БОЛ ТИВ ДАМНАСАН ХАМТРАЛУУД

Томоохон энтертэйнментүүд хамтлаг, дуучдынхаа уран бүтээлд гаднын продюсер, ая зохиогч, бүжиг дэглээчдийг ажиллуулахаар багагүй хөрөнгө хаяж, к-попыг барууны хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ямагт хичээж ирсэн. Мэдээж энэхүү хичээл зүтгэл талаар болоогүй ба барууныхан к-поп уран бүтээлчидтэй хамтарч эхэлсэн нь үүний баталгаа билээ. Тив дамнасан топ хамтралуудаас дурдвал, Red Velvet хамтлагийн гишүүн Wendy болон John Legend-ийн “Written in the Stars” (2018), Blackpink болон дуучин Selena Gomez-ийн “Ice cream” (2020), BTS болон Usher-ийн “Standing next to you” (2024) зэргийг нэрлэж болно. Эдгээрээс Ковид-19 цар тахлын үеэр бүтээгдсэн “Ice Cream” уран бүтээлийг онцолж болох бөгөөд хөл хорионы нөхцөл байдалд ч хамтарсан дуу гаргаж, тэр ч бүү хэл клип хийж болдгийг яруу тод харуулсан юм.



У БОЛ УРАЛДААН

Хайртай хамтлагийнхаа тоглолтын тасалбарыг авах нь шүтэн бишрэгчдийн хувьд хэзээд хүндхэн даваа байдаг. 2017 онд л гэхэд EXO хамтлагийн "EXO Planet #4 - The ElyXion" тоглолтын тасалбар ердөө 0.2 секундийн дотор зарагдаж, рекорд тогтоож байсан бол BTS-ийн АНУ дахь 'Love Yourself' аялан тоглолтын тасалбарын үнэ 3,850 ам.доллар хүрч байсан түүхтэй.

Шүтэн бишрэгчийн тоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр аялан тоглолтын тасалбарын үнэ өнгөрсөн арван жилийн хугацаанд 60 гаруй хувиар нэмэгджээ. Гэсэн хэдий ч үнийн өсөлт, тасалбарын төлөөх алалцааныг үл ажран хайртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн төлөө цэнгэлдэх төвийн гадаа майхан барьж хонох нь кпоп ертөнцөд жирийн үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Сонирхуулахад, өнгөрөгч онд BLACKPINK “Born Pink” аялан тоглолтын үеэр нийт 703 мянга тасалбар зарж, 148.3 сая ам.долларын орлого олж, Billboard-оос жагсаадаг топ 100 аялан тоглолтын 10-т эрэмбэлэгдсэн байдаг. Тэд энэ жагсаалтад багтсан Ази тивээс гаралтай цорын ганц уран бүтээлчид юм.



Ү БОЛ ҮЛ ЭВДЭГДЭХ АМЖИЛТУУД

Billboard Hot 100: BTS хамтлаг "Dynamite" дуугаараа Billboard Hot 100 чартад анх удаа 1-р байр эзэлсэн анхны к-поп хамтлаг болсон. Тэд үүнээс хойш "Butter", "Permission to Dance" зэрэг дуугаараа энэ амжилтыг дахин давтаад буй.

  • Хамгийн их үзэлттэй клип: BLACKPINK-ийн "Ddu-Du Ddu-Du" клип нь 1 тэрбум үзэлтэд хүрсэн анхны K-pop хамтлагийн клип болсон.
  • "Million Sellers": EXO-ийн "XOXO" цомог 12 жилийн дараа 1 сая хувь борлуулсан анхны цомог юм.
  • YouTube-д 1 тэрбум үзэлттэй болсон анхны клип: Psy-ийн "Gangnam Style" нь 2012 онд YouTube-д 1 тэрбум үзэлттэй болсон анхны клип болж, K-pop урсгалыг дэлхий даяар түгээсэн.
  • Хамгийн олон цом: TWICE хамтлаг K-pop охидын хамтлагийн дундаас хамгийн олон удаа хөгжмийн шоуны шагнал хүртсэн.


Ф БОЛ ФЕНДОМ

К-поп шүтэн бишрэгчдийн дундаж нас 23 бөгөөд талаас илүү хувь нь эмэгтэйчүүд. Тэд хэр хүчтэй вэ гэдгийг ганцхан жишээгээр баталж болно. Сошиал платформуудад тэдний хүч илт мэдрэгдэх бөгөөд тэд 2021 онд #KpopTwitter хэмээх hashtag 7.8 тэрбум жиргээ цуглуулжээ. Энэ бол дэлхийн хүн амтай тэнцэхүйц хэмжээ төдийгүй үүнийг хүлээн зөвшөөрсөн X (тухайн үеийн Twiter) дэлхийн к-поп, к-контент хариуцсан хамтын ажиллагааны багтай болсон аж.

Фендомын тухайд хамтлаг бүр шүтэн бишрэгчдэдээ зориулж тусгай нэр зохиодог бөгөөд хайр, дэмжлэгээ илэрхийлдэг тусгай хэлтэй гэхэд ч буруудахгүй. Тухайлбал, 2016 онд “purple” гэх үг BTS хамтлагийн фенүүдийн хувьд “хайр” гэдэгтэй ижил утгатай болсон ба ийн яригдах болсон шалтгаан нь хамтлагийн гишүүн Тэ Хён тоглолтынхоо үеэр хэлсэн зүйлтэй холбоотой. Илүү тодруулбал, нил ягаан өнгө нь солонгын сүүлчийн өнгө учраас мөнхийн хайрыг илэрхийлдэг тухай ярьж, энэ үеэс эхлэн Арми нар (BTS хамтлагийн фендом нэр) ‘I love you’ гэхийн оронд ‘I purple you’ гэх болжээ.

Хамтлагуудын фендом нэрүүдтэй танилцах

Х БОЛ ХӨГЖМИЙН УРСГАЛ

Кпопын нэгдүгээр үеийн хамтлагууд уламжлалт, поп жанрыг түлхүү уран бүтээлдээ ашигладаг байсан бол 2NE1, F(X), Miss A зэрэг хоёрдугаар үеэс эхлэн илүү олон жанрыг хослуулж эхэлсэн билээ.

Тухайлбал, 2NE1нь поп, хип-хоп, R&B, электроник зэрэг барууны хөгжмийн жанруудыг солонгос поп хөгжмийн хэв маягтай хослуулсан нь тэдний дууг өвөрмөц, шинэ соргог болгож, олон улсын сонсогчдод хүрэхэд тусалсан. Жишээ нь, тэдний "I Am the Best" дуу нь электроник болон хип-хоп жанрыг хослуулсан байдаг бол "Come Back Home" нь регги болон EDM элементүүдийг багтаасан байдаг.


Ц БОЛ ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛГҮҮД

К-поп айдол болох үйл явц хэрхэн өрнөдгийг, хэр их хэцүү вэ гэдгийг ил тод харуулах зорилготой телевизийн шоунууд сүүлийн үед олноо хийгдэх болсон. Тухайлбал, Produce 101, Sixteen, Stray Kids, Univers ticket зэргийг дурдаж болох бөгөөд YG энтертэйнментийн зохион байгуулсан Last Evaluation нэвтрүүлгээс Blackpink-ийн дүү хамтлаг болох Babymonster уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн билээ.


Ч БОЛ ЧИНЭЭЛЭГ ОДОД

Өмнөд Солонгосын энтертайнмент ертөнцийн хамгийн хүчирхэг, хөрөнгө чинээтэй хосуудын жагсаалтын нэгдүгээрт дуучин Rain болон жүжигчин Kim Tae-hee нар бичигддэг. Тус хосын нийт хөрөнгө 81.4 тэрбум вон (72 сая ам.доллар) бөгөөд хөгжмийн болон жүжигчний карьераас гадна үл хөдлөх хөрөнгийн оновчтой хөрөнгө оруулалт нь тэдний хөрөнгөд чухал нөлөөтэй юм. Хөрөнгийн хэмжээ, алдар нэр гээд олон хүчин зүйл дээр үндэслэн тэднийг БНСУ-ын энтертайнмент, бизнесийн ертөнц дэх хамгийн хүчирхэг хосууд гэж нэрлэхэд буруудах зүйлгүй.

Rain-ийн хувьд ойролцоогоор 20 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр Hyundai, Lotte, Pantech, LG Electronics, SK Telecom, Pepsi зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болон ажиллаж байсан бөгөөд зөвхөн зар сурталчилгаанаас гэхэд ойролцоогоор 1-1.5 сая ам.долларын цалин авдаг аж.

Ш БОЛ ШҮТЭЭН

Idol буюу шүтээн. Ямар уран бүтээлч айдол болж чаддаг вэ? Мэдээж үүнд олон шаардлага тавигдах хэдий ч эн тэргүүнд биеэ авч яваа байдал нэн чухал. Учир нь олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг тэр зэргийн хариуцлагыг давхар хүлээх ёстой гэсэн үг шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлчийг сонсож, дэмждэг бага насны хүүхдүүд, өсвөр насныхан, үе тэнгийн залуусын хэнд ч бай үргэлж зөвийг үлгэрлэж, үг, үйлдлээ цэгнэх ёстой билээ. Тэгсэн цагт түмний хайр хүндэтгэлийг бүрэн дүүрэн дааж чадна.


Э БОЛ ЭРГЭН ИРЭЛТ

Аль ч орны уран бүтээлчдийн хувьд шинэ дуу гаргаж, үзэгч шүтэн бишрэгчтэйгээ уулзана гэдэг зүйрлэмгүй сайхан мэдрэмж билээ. Тэр тусмаа хувийн амьдрал эсвэл урлагийн карьерынхаа аль нэгийг сонгох шаардлагатай к-поп уран бүтээлчийн хувьд олон жилийн дараа дуу гаргана гэдэг зориг шаардах нь гарцаагүй. Тэдний нэг бол жүжигчин, дуучин Жон Хва бөгөөд 1993 онд дуучны карьераа эхлүүлж, 2000 оноос жүжигчний ажилдаа анхаарал хандуулсан тэрээр 2020 онд И Хюри, Жесси, Хваса нарын хамтаар “Refund Sisters” нэрэн дор дахин уран бүтээл гаргасан юм.


Энэ мэт олон жилийн дараа эргэн ирэлт хийж буй цөөнгүй уран бүтээлч бий бөгөөд тухайлбал, 2016 онд хамтлагийн үйл ажиллагаа зогсоосон 2NE1 хамтлаг ирэх аравдугаар сарын эхээр эргэн нэгдэж, 15 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн хэмжээний тоглолтоо хийх тухай таатай мэдээг зарлаад буй.

Ю БОЛ ЮУ НЬ ОНЦГОЙ ГЭЖ?

1. Клипний өндөр чанар, визуал
Өвөрмөц тайзны засал, орчин үеийн график технологи, нарийн бүжгийн зохиомжтой клипүүд нь сонирхол татам, өвөрмөц байдлаараа үзэгчдийн анхаарлыг татдаг. Жишээлбэл, BTS, BLACKPINK гэх мэт хамтлагуудын клипүүд 24 цаг хүрэхгүй хугацаанд хэдэн арван сая хандалт цуглуулж чаддаг билээ.

2. Агентлагийн бодлого, сургалтын хатуу систем

Дээр дурдсанчлан SM, YG, JYP, HYBE (Big Hit) зэрэг агентлаг trainee буюу бэлтгэгдэгчдийг олон жилийн турш хатуу бэлддэг. Зөвхөн дуулах, бүжиглэхээс гадна хэл сурах, харилцааны ур чадвар, нийгмийн харилцааны талаар ч сурч боловсордог.

3. Алсын хараа ба олон улсын зах зээлд чиглэх стратеги
Сүүлийн жилүүдэд кпоп хамтлагууд дебют бүтээлээрээ шууд олон улсын зах зээлд гарах алсын хараатай болсон. Англи хэл дээр уран бүтээлээ туурвих, гаднын орнуудад шүтэн бишрэгчдийн уулзалт, аялан тоглолт зохион байгуулах, олон нийтийн сүлжээн дээр идэвхтэй байх тэргүүтэй олон стратеги ашиглаж, олон улсын шүтэн бишрэгчдийн хүрээллээ бий болгож байна.

4. Фэнүүдтэй ойр харилцаа
К-поп хамтлагууд фэнүүдтэйгээ тогтмол харилцаж, тэдний хүсэл сонирхолд нийцсэн контент, арга хэмжээ зохион байгуулдаг. Шагналын индэр дээр гарах бүрдээ хамтлагуудын марталгүй хийдэг үйлдэл бол фэнүүддээ талархах юм.

Я БОЛ ЯАСАН ИХ ХАНДИВ БЭ?

К-попын цөөнгүй уран бүтээлч хандив, тусламжид гар татдаггүй гэдгээрээ алдартай. Тухайлбал, BTS хамтлаг өнгөрсөн оны байдлаар нийт 11 тэрбум, соло дуучин, жүжигчин IU 4.8 тэрбум воныг нийгмийн сайн сайхны төлөө хандивласан байх жишээтэй. Мөн “Super Concert”-ийн гол уран бүтээлч болох дуучин, жүжигчин Rain 2005-2007 онд Камбожид ундны усны 50 худаг, тоглоомын талбай барих, 2006, 2007 онуудад хийсэн дэлхийн аялан тоглолтын орлогоос ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдэд хандивлах, 2008 онд Тэанд газрын тосны асгаралтыг цэвэрлэх ажилд сайн дураараа оролцож, оршин суугчдад 300 сая воны тусламж үзүүлэх зэргээр нийгмийн сайн үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн билээ.