Монгол улсын банк санхүүгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, манлайлан ажиллаж буй Ард Кредитийн хамт олон манай энэ дугаарын зочид.

Тэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг PHYGITAL (Physical+Digital) хэлбэрээр хүртээмжтэй хүргэх зорилготой, ББСБ салбарын анхны кредит карт, анхны карт гаргагчийн тусгай зөвшөөрөл бүхий компани гэдгээрээ онцлогтой.

Салбарын хөгжлийг түүчээлэх алсын хараа бүхий тэдний хувьд өдгөө нэг сая гаруй харилцагчтай, 13 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компани болон өргөжөөд байна. Ингээд 2019 онд компанийн 25 хувийг олон нийтэд нээлттэй санал болгож, хувьцаат компани болсон цагаасаа хойш Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд дэвшээд зогсохгүй ТОП-20 индекст тасралтгүй дөрөв дэх жилдээ дараалан багтаж буй хамт олны ажиллах арга барилтай хамтдаа танилцъя.

Байршил: Сүхбаатар дүүрэг, Central Tower 17-р давхар
Эрхэлдэг ажил: Финтек, Санхүү, Хөрөнгө оруулалт, Зээл
Сошиал хуудсууд: Ard Credit (Фэйсбүүк), ardcredit (Инстаграм) ardcredit.com (Веб)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Д.Мөнх-Од, Төслийн ахлах менежер

unread.media


Сурагч байхдаа тоонд их дуртай, ангидаа ч муугүй боддог нөхдийнхөө нэг нь байлаа. Уг сонирхол нөлөөлсөн үү ерөнхийдөө санхүүгийн чиглэлд татагдаж, Банк, санхүү менежментийн чиглэлээр бакалавр дараа нь магистрын зэргээ хамгаалсан.

Ард гэх их айлын гишүүн болж, өнгөрсөн арван жилийн турш "Хүчтэй. Хамтдаа" гэх уриа дор чадварлаг залуустай хамтран хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоох үйлсд гар бие оролцлоо. Ард Кредит ББСБ-д зээлийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, өдгөө Төслийн ахлах менежерийн албан тушаал дээр нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэд бүтцийг угсрах, санхүүжилтийн боломжуудыг холбох зэрэг нийгэм эдийн засаг хийгээд бизнес, айл өрх бүрд өндөр ач холбогдолтой ажлын нэг хэсэг болон ажиллаж байна.

Амжилттай карьер гэдгийг хүмүүс өндөр албан тушаал хаших хэмээн хардаг талтай. Миний хувьд карьерын өсөлт нь ур чадвар нэмэгдэх үйл явц гэж ойлгодог. Хэрвээ мэргэжлийнхээ дагуу олон талын ур чадвар эзэмшиж, сурсан мэдлэгээ бодитоор хэрэгжүүлж чадвал шинэ боломжууд нээгдээд л байна. Ажилдаа өнгөц бус хариуцлагатай хандаж, хийж буй зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож ажилласнаар ур чадвар, туршлага бий болж, мэдлэг хуримтлагддаг юм шүү гэдгийг залуу мэргэжилтнүүддээ ямагт захидаг.

Ном бол ертөнцийг харах толь гэдгийн адилаар санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн, мэргэжлээрээ ажиллаж, хөгжиж дэвших зорилготой залуусын хувьд Ард Санхүүгийн Нэгдэл бол санхүүгийн ертөнцийг харах толь юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?


Б.Батцэцэг, Зээлийн эрсдлийн мэргэжилтэн

unread.media


Өглөө эртлэн босоод хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд 8 цагт ажилдаа ирнэ. Хамгийн яаралтай гэсэн ажлаасаа эхлэн хийсээр өдрийн 11 цаг гэхэд чухал ажлуудаа бараг л амжуулсан байдаг. Өдөр нь мөн хүүхдээ гэрээс нь авч сургуульд нь хүргэж өгөөд эргэж ирээд ажлаа үргэлжлүүлнэ. Төлөвлөсөн ажлуудаа дуусгаад л орой хүүхдээ авахаар яаран явна. Миний ажлын өдөр нэг иймэрхүү л өнгөрдөг дөө.

Манай байгууллага ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг чухалчлан үзэж, ажлын уян хатан цаг, зайнаас ажиллах боломжоор хангадаг нь ажиллагсдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг. Ээжүүдийн хувьд зайнаас ажилласнаар хотын түгжрэлд өнгөрөөх цагийг үр хүүхдүүддээ зарцуулах боломж үүсдэг нь хамгийн их таалагддаг. Мөн оффисын 17 давхарт байрлах Криптос ресторан ажилтнуудaд өдрийн хоолтой. Ингэснээр өдрийн хоолны цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломж гардгаас гадна санхүүд ч хэмнэлттэй. Манай компани ажиллах орчин болоод ажилтнуудынхаа сэтгэл ханамжид тун их анхаардаг ховорхон байгууллагын нэг шүү.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Г.Чимэгсүрэн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт эрхэлсэн захирал

unread.media


Миний баримталдаг арга барил бол бусдад хүндэтгэлтэй хандах, бусдаас суралцах, бусдыг сонсох. Магтаал, шүүмжлэлийг зэрэг дааж явахын тулд аливаа санал, шүүмжийг авах гээхийн зарчмаар ажилдаа хэрэгжүүлж, бусдадаа өөрийн мэдлэг чадварыг хуваалцахыг эрмэлздэг.

Ямар түвшний албан тушаал эрхэлдэгээс үл хамааран мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асууж, тусламж авч сурах нь зүйтэй. Албан тушаалын түвшин бүр тодорхой ур чадварыг шаарддаг. Тухайлбал, дунд шатны албан тушаал дээр ирэхэд өөрийн санаа бодлыг бусдад ойлгуулах, хамтран ажиллагсадтайгаа “нэг цонхоор харах” нь чухал. Хамт олон нийтээрээ ойлголцож, нэг зүг рүү харж чадвал түүнийхээ төлөө мөр зэрэгцэн зүтгэж чаддаг. Мэдээж зөвхөн миний толгой дотроо хараад хэдийнээ ойлгочихсон санааг өөр хэн нэгэн надтай ижил хэмжээнд ойлгоно гэдэг хэцүү. Тиймээс тухайн байр суурийг бодолцож, ойлголцохыг эрхэмлэдэг.

Удирдах албан тушаал гэдэг нийт ажилтнуудаа нэг зүг рүү чиглүүлэх, оновчтой шийдвэр гаргах гэх мэт нөлөөллийн ажил учраас аль болох тодорхой, ойлгомжтой, зөв зааж, чиглүүлэхийг хичээдэг. Их сургуулиа дөнгөж төгссөн шинэ ажилтанд бүх ажлыг нь нэгд нэгэнгүй, алхам бүрээр нь зааж өгөх хэрэгтэй. Харин тухайн ажил дээрээ тодорхой хугацаанд ажилласан, өөрөөр хэлбэл мэргэшсэн ажилтанд хүрэх ёстой эцсийн цэгийг нь зааж өгөөд үүнд хүрэхийн тулд хийх ёстой алхмуудыг нь тайлбарлаж өгөхийг хичээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

А.Дуним, Дижитал хөгжил эрхэлсэн захирал

unread.media


Өдөр тутамдаа GMail, Skype, Telegram, Slack гээд ажлын шаардлагатай аппуудыг зайлшгүй ашиглана. Ард Аппаараа санхүүгийн бүх гүйлгээгээ шийдчихнэ.

Байгууллагын үндсэн системээр ГрэйпСити Монгол ХХК-ийн Поларис системийг ашиглан харилцагчдадаа хүрч үйлчилдэг. Мөн бид аливаа ажлын явцаа хянах, санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийж цаашдын стратегийн шийдвэр гаргахдаа дэлхийд тэргүүлэгч Tableau, Power BI зэрэг мэдээлэл задлан шинжлэх системүүдийг ашигладаг.

5. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Х.Цэрэннадмид, Ерөнхий нягтлан бодогч

unread.media


Нягтлан бодох бүртгэлийн гол зорилго бол байгууллагын санхүүгийн бүртгэл тайлагналыг холбогдох ОУ-ын стандарт, хууль, дүрэм журмын хүрээнд явуулах, удирдлага, хувьцаа эзэмшигчдэдээ үнэн зөв тайлан мэдээллээр хангах. Ер нь НББ-ийг бизнесийн хэл гэж нэрлэдэг дээ. Ийм чухал ажлыг хийдэг хүмүүс нягтлан бодогчид байдаг. Манай компанийн хувьд СЗХ, Монголбанкны нийт найман тусгай зөвшөөрөл бүхий үндэсний төлбөрийн системийн оролцогч финтек компани юм. Үүний ард өдөр бүр, долоо хоногоор, сараар, улирал, жил зэрэг хугацааны давтамжтайгаар тайлан гаргаж, хэрэглэгчдийг тогтмол үнэн зөв мэдээллээр хангаж, олон нийт, зохицуулагч байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага үүсдэг.

Мөн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөтэйгөө уялдуулан ажлаа төлөвлөнө. Сайжруулах, хөгжүүлэх, хүрэх үр дүнгээ KPI-даа тусгаж, явцыг хянаж, дүгнэж ажилладаг. Ажлын хувьд тун шахуу хуваарьтай байдаг хэдий ч байгууллагын зүгээс өсөж хөгжих боломж, нөхцөлийг ажилтнууддаа цаг үргэлж бүрдүүлэхээр хичээдэг тул хийж буй ажлаасаа халширч байсан удаагүй. Ард Санхүүгийн Нэгдлийн нэгээхэн хэсэг болж ажиллаж байгаадаа баяртай, бахархалтай байдаг.

6. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Бундархи, Дата аналист

unread.media


Ойлгомжгүй байдал цаг их үрдэг. Ойлгомжгүй байдлаас зайлсхийж, оновчтой зөв шийдвэр гаргахад хэрэгцээтэй тоон мэдээллийг боловсруулах нь хувийн болон компанийн шийдвэр гаргалтын түвшинд цаг хэмнэдэг давуу талтай.

Санхүүгийн тоон мэдээлэл дээр ажиллана гэдэг эрсдэлтэй бөгөөд маш хариуцлагатай ажил. Тиймдээ ч гүйцэтгэж буй ажилдаа гүнзгий төвлөрөхийн сацуу эмх цэгц, төлөвлөгөөтэй ажиллаж, аль болох алдаа гаргахгүй ажиллахыг хичээдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ц. Мөнхөө, Цахим мөнгөний мэргэжилтэн

unread.media


Хамгийн түрүүнд гэр бүл. Өглөө гэрээс гарахдаа, орой гэрийнхээ босгыг давахдаа үргэлж инээмсэглэж, гэр бүлдээ сайхан энерги түгээхийг хичээдэг. Хоёрт, өдрийн гуравны нэгийг хамтдаа өнгөрүүлж буй ажлын хамт олноосоо мэдээж эрч хүч авна. Манай багийнхан атгасан гар шиг нэг зүгт тэмүүлж чаддагаараа санхүүгийн салбартаа алдартай. Ийм зүтгэлтэй, эрч хүчтэй хүмүүстэй нэгэн дээвэр дор ажилладаг учраас өглөө ажилдаа яараад л ирдэг.

Би компанидаа цахим мөнгөний мэргэжилтнээс гадна тооцооны нягтлангийн үүрэг гүйцэтгэдэг. Нягтлангийн ажил цаг наргүй. Байнга оройтно. Он солигдох мөчид шөнийн 22 цаг гээд гэрийн бараа харах үе ч бий. Нэг хэсэг ажлын ачааллаас шалтгаалан ажлаасаа бага зэрэг халширч байсан бол одоо хамт олныхоо зөвлөгөө, тус дэмийн хүчинд ажлаа харьцангуй гартаа оруулж, ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж чаддаг болсон шүү.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ө.Мөнхтөр, Цахим зээлийн мэргэжилтэн

unread.media


Харааны бэрхшээлтэй иргэд техник хэрэгслүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэхэд хүндрэлтэй ч миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө хөгжүүлж чадвал, тохируулах хэрэглэгдэхүүн нь байгаа тохиолдолд ажлын байранд нээлттэй ажиллах боломжтой гэж үздэг.

Зөвхөн манай компанид гэхэд зургаан харааны бэрхшээлтэй хүн үндсэн болон гэрээт ажилтнаар ажиллаж байна. Харааны бэрхшээлтэй иргэд хүртээмжит технологийн мэргэжилтэн мэргэжлийг эзэмшсэнээр зөвхөн компьютерын гар, чанга яригч, процессор байхад л ажиллах боломжтой. Тиймээс ажлынхаа хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгч ажилладаг. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Тэгш оролцоот ээлтэй нийгэм ТББ-ын гүйцэтгэх удирдлагын албыг ажлынхаа хажуугаар давхар хашиж байна.



9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Д.Туяацэцэг, SCOPA төслийн байгууллага хариуцсан мэргэжилтэн

unread.media


Миний ажиллаж буй SCOPA төслийн гол зорилго нь үйлдвэрлэгч, мерчант, санхүүжүүлэгчдийг нэг цэгт огтлолцуулах, хамтын ажиллагааны гинжин хэлхээг нь тасралтгүй үргэлжлүүлэх явдал.

Онцлог нь бизнес эрхлэгч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч, худалдагч, худалдан авагч зэрэг бүх талууд "хожих" боломжтой шударга нөхцөлийг бүрдүүлж буй.

Good платформ дээр мерчант захиалга хийлээ гэхэд Ард Кредитийн зүгээс шаардлагатай санхүүжилтийг нь шийдэх бол нөгөө талаас нийлүүлэлтийг нь хангах жишээтэй.

Жижиг дунд худалдаа эрхлэгч болон малчид манайхаас хүүгүй зээл авч болно. Заасан хугацаанаас хэтрүүлэлгүй зээлээ буцаан төлөхөд хүү тооцогдохгүй, бүр урамшуулал авах ч боломжтой. Нэг ёсондоо зээлийн асуудлыг банканд очиж цаас бөглөхгүйгээр Ард Апп болон GOOD платформоор шийдчих давуу талтай.

Хэцүү бэрхшээлтэй зүйлс гарвал бид нөөц боломж, оролцогч талуудтайгаа хамтран асуудлаа шийддэг. Жишээлбэл, хөдөө орон нутагт малын тэжээлийн зээлийг олгох бага зэрэг хүндрэлтэй байдаг ч бид уг асуудлыг багийн дарга, Монгол Шуудангийн 400 гаруй салбараар дамжуулан шийдсэн.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Г.Мөнхсүх, Тусгай активын ахлах мэргэжилтэн

unread.media


Манай алба нийт зайнаас ажиллагсдыг зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тухайн ажилчид маань ч итгэл найдвар алдалгүй, үндсэн ажилтнаас дутахааргүй өндөр бүтээмжтэй ажилладаг. Тийм ч учраас бид цаашдаа зайнаас ажиллагсад болон харааны бэрхшээлтэй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Миний хувьд Ард Кредит гэх айлын гишүүн болоод удаагүй байгаа учраас байгууллагын соёлдоо дасан зохицож, удирдлагуудаасаа суралцан ирээдүйд илүү өсөж, дэвших зорилгыг өмнөө тавин үүнийхээ хүрээнд шаардлагатай ур чадваруудаа сайжруулж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэн удирдах арга барилд суралцахаар төлөвлөж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Д.Лхагва-Очир, Санхүү эрхэлсэн захирал

unread.media


Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөл байдалд өөрийгөө тогтмол сайжруулж, хөгжүүлэхгүй, зөвхөн их сургуулийн мэдлэгээрээ хязгаарлагдах нь олон сөрөг талтай.

Тиймээс миний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, санхүүгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхахын тулд мэргэшсэн санхүүгийн шинжээч (Chartered Financial Analyst) цолыг авахаар III түвшний шалгалтдаа бэлдэж байна.

CFA шалгалтыг өгснөөр зөвхөн мэргэжлийн мэдлэг ур чадвараа сайжруулахаас гадна салбарын мэргэжилтнүүдтэй танилцаж, танилын цар хүрээгээ нэмэгдүүлэх, хоорондоо туршлагаа хуваалцах, цаашлаад хамтарч ажиллах зэрэг давуу талууд үүсдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Б.Бүжин, Маркетинг, борлуулалт хариуцсан мэргэжилтэн

unread.media


Аливаад хамгийн шилдэг нь биш байж болох ч өдөр бүхэн хамгийн сайнаараа хичээх урам зориг хайрласан ном гэвэл Опра Уинфри-ийн “Миний сайн мэдэх зүйлс” намтар бүтээлийг нэрлэнэ.

Киноны хувьд яагаад ч юм манай ажлын үйл явц Кухня цувралтай ижилхэн санагддаг. Хайр дурлал, ажил хэрэг, нөхөрлөл гээд амьдралын бүхий л сэдвийг хөнгөхөн бөгөөд хөгжилтэйгөөр өгүүлсэн тус бүтээлд үйлчлүүлэгчийн ширээн дээр очих оройн зоогийг бэлдэхэд гал тогоонд ажиллаж буй бүх хүн ямар нэгэн байдлаар гар бие оролцдог шүү дээ. Манай ажил ч ялгаагүй. Хэрэглэгчийн гарт хүрэх зээл, кредит карт гэхчлэн бүтээгдэхүүн бүр дээр ажилтан нэг бүрийн хичээл зүтгэл шингэдэг.

Дууны тухайд бол Pompeya 90. Энэ бүтээлийг гунигтай, жаргалтай гээд амьдралынхаа аль ч мөчид сонссон ер бусын мэдрэмж мэдэрдэг. Дууг нь сонсохдоо давхар клипийг нь заавал үзээрэй хэмээн зөвлөе.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ё.Дуламсүрэн, Хуульч

unread.media


Их сургуулиа төгсөөд ажилд орсон анхны компани минь Ард Кредит. Эхэн үедээ гэрээ, хэлэлцээр тэргүүтэй ихэнх ажлууд их сургуулийн ширээн дээр үзсэн онолоос өөр байсан тул бэрхшээлтэй санагдаж байсан үе бишгүй.

Тулгарсан асуудлуудын шийдлийг олоход байгууллагын соёл, ажилчдын өгсөн зөвлөгөө эерэгээр нөлөөлсөн. Ойрын хугацаанд сонссон хамгийн их урам зориг авсан үг бол "Богино хугацаанд чадваржихын сацуу амжилтад хүрэхийн тулд бусдаас тусламж ав, бусдаас суралц". Хүн насан туршдаа суралцдаг тул одоо мэдэхгүй, чадахгүй байсан ч мэдэхийн төлөө, чадахын төлөө хичээх болсон.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Б.Пүрэвдорж , Маркетинг борлуулалтын албаны менежер

unread.media


Захирлаасаа долоо хоног бүр зах зээлийн тойм мэдээлэл танилцуулж байх үүрэг авсан юм. Эхний хоёр, гурван удаа нэг л болж өгөхгүй, болохгүй болохоор ихэнхийг нь Google-ээс хайж байгаад явуулчихдаг байлаа. Тэгэхэд захирал дуудаад “Зүгээр л хуулах юм бол заавал ингэж цагаа үрэх хэрэг байхгүй, бэлдсэн, уншсан хоёул цагаа үрнэ, тиймээс боловсруулах чадвараа сайжруул” гэсэн юм. Энэ зөвлөгөөний дагуу ажиллаж, сайн үр дүнд хүрч чадсан.

Үүний дараа судалж байгаа мэдээллээ өөрийнхөөрөө боловсруулж, дүгнэлт шинжилгээ хийж явуулахад долоо хоног бүр хийж байгаа ажил маань улам сайжирсныг анзаарсан. Үүнээс харахад аливаа ажлыг хийхэд өөрийн үзэл бодол, санааг тусгах нь тэр ажлыг амжилттай гүйцэтгэхэд, цаашлаад өөрийн тань хийж буй ажлыг бусад хүмүүс үнэлэхэд маш том түлхэц болдог гэдгийг ойлгосон. Тиймээс бүх цаг үед өөрийн оюун санаагаар боловсруулах чадварт суралцаарай гэж зөвлөе.