Өнөөдрийн дугаартаа бид сургалт, зөвлөх үйлчилгээний National Consulting Service (NCS) болон ухаалаг гар утас, гэр ахуйн барааны худалдааны Smart Deal компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Болорыг урилаа. Тэрээр харилцаа холбооны салбарт засварын инженерээс гараагаа эхлэн олон жил үр бүтээлтэй ажиллаж Мобиком, Скайтел зэрэг үүрэн холбооны томоохон компаниудад удирдах алба хашиж байсан билээ. Энэ хугацаанд Д.Болор захирал салбарынхаа технологи, менежментийн олон шинэчлэл өөрчлөлт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Зочин маань сүүлийн жилүүдэд арвин туршлагаа шинэ залуу үеийнхэндээ хуваалцахаар гарааны бизнес, томоохон компаниудад зөвлөх үйлчилгээ хүргэх болсон бөгөөд одоо 2018 онд хэвлүүлсэн "СЕО" номынхоо дараагийн цуврал номыг бичиж буй ажээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Сургалт, зөвлөх үйлчилгээний NCS болон ухаалаг гар утас, гэр ахуйн барааны худалдааны Smart Deal компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Хэрэглэдэг гар утас: VIVO NEX3
Хэрэглэдэг компьютер: DELL Inspiron
Сошиал хуудсууд: Dorjnamjil Bolor (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Монголын Цахилгаан Холбооноос эхэлж байлаа. Тэнд 2003 он хүртэл ажиллахдаа инженерээс Технологи үйлчилгээ хариуцсан захирал хүртэл дэвшин ажиллаж, Цахилгаан холбооны суурь сүлжээг аналогоос тоон технологид шилжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй ажилласан юм. Ингээд 2003 оноос Мобиком корпорацийн борлуулалт, үйлчилгээний Ньютел компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон зургаан жил ажиллахдаа мэдээлэл харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний “ТЭДИ” төвийн төслийг санаачлан хэрэгжүүлснийг онцлох нь зүйтэй.

Аль ч салбарт үйлчилгээ бол улс орны нүүр царай болох тул Ньютелд ажиллахдаа Сингапур улсын үйлчилгээний төгөлдөршлийн “Service Excellence” стандартыг нэвтрүүлэн үйлчилгээний салбарын загвар компани болгож байлаа. Мөн Мобиком, Скайтелд чанарын удирдлага, мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлсэн юм. Дээрх компаниудад энэ мэт олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, орчин үеийн стандарт, менежментийн арга барилуудыг өргөн ашигласан. Ингээд 2017 оноос энэ салбарт хуримтлуулсан туршлагаа шинэ залуу үеийнхэндээ хуваалцахаар сургалт, зөвлөх үйлчилгээний NCS компани болон ухаалаг төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний Smart Deal компанийг байгуулан ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 6-7 цагийн хооронд босож, 20-30 минут дасгал хийгээд өглөөний цайгаа уун ажилдаа очдог. Өдрийн цайны цаг хүртэл имэйл шалгах, ажлын явцаа хянах, дотоод хурал уулзалтуудаа хийнэ. Ингээд үдээс хойш бизнес, коучинг уулзалтаа хийхийн хажуугаар бичих, судлах ажлуудаа амжуулдаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Менежмент, манлайллын аргуудыг түлхүү ашигладаг. Олон жил удирдах албан тушаал хашихдаа бусдыг зорилгоор манлайлан удирдах учиртайг гүнзгий ойлгосон. Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг хүн бүрд ойлгуулан сэдэлжүүлснээр зорилгоор удирдах боломжтой. Чингис хааны “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон дуусахгүй” гэх сургаал бий. Хийж буй ажлынхаа цаад зорилгыг ойлгож ухаарсан хүн өглөө ажилдаа дуртай ирж, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрддэг.

Ер нь бусдыг манлайлна гэдэг зөвхөн өөрөө манлайлах бус хүн бүрийг ажлын байрандаа манлайлахад чиглүүлэх тухай ойлголт гэж боддог юм. Технологи асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед техник чадвараас илүүтэй soft skills буюу уян чадвар чухалд тооцогдож байна. Эзэмшсэн мэдлэг боловсролынхоо үр өгөөжийг хүртэхийн тулд юун түрүүнд сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, харилцааны ур чадвартай байх нь зүйн хэрэг. Тиймээс удирдах албан тушаалд буй хэн бүхэн сэтгэл судлалыг заавал судалж, ойлгох хэрэгтэй.

Түүнээс гадна албан болон албан бус харилцааг зөв хослуулж, тэнцвэртэй барихыг хичээдэг. Бүх зүйлсийг хатуу дүрэм журмаар шийдэх бус хүн хоорондын харилцааг сайжруулснаар хүмүүсийг сэдэлжүүлж, багаар ажиллах, бие даан шийдвэр гаргахад туслах боломжтой.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажлын үүрэг даалгавар, гүйцэтгэлийн явц, уялдааг хянахад Trello-г, харилцаа холбоонд Facebook, Telegram ашигладаг. Гар утсан дээрээ Google Calendar, имэйлээ тогтмол ашиглана. Бусад үед зав гарвал Youtube дээрээс сэтгэл судлалын турхай сонирхолтой лекц, баримтат нэвтрүүлэг үзэх дуртай шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хэзээ ч нөхөж болдоггүй хамгийн үнэ цэнтэй зүйл бол цаг хугацаа. Тиймээс цагийн юмыг цагт нь л хийх хэрэгтэй. Ажлаа эрэмбэлж, хийхдээ гүн төвлөрч, их ажиллахаас илүү ухаалаг ажиллахыг илүүд үздэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Төлөвлөхийн тулд юун түрүүнд судалгаа сайн хийх хэрэгтэй. Би жилийн төлөвлөгөөгөө гаргаад дараа нь улирал, сар, долоо хоногоор хуваарилдаг. Түүнийгээ гар утасныхаа Calendar, Reminder-т оруулан тогтмол хардаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Сайн унтаж амрах, чанартай хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, гэр бүлээрээ аялах, найз нөхөдтэйгөө уулзах, сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах зэрэг нь миний эрч хүчээ сэлбэх гол арга гэж болно. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хааяа ууланд алхах, хааяа зааланд очиж тоглохоос илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Ер нь спорт гэдэг хүнийг тэсвэр хатуужилтай, зоригтой, хурдан сэтгэдэг болоход нөлөөлөхөөс гадна стресс тайлах амралт болдог шүү дээ. Бие султай, сул дорой хүнээс дорвитой шийдвэр гарахгүй нь ойлгомжтой.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

"Өглөөний хүн", "Эртэч Монгол" хөтөлбөрүүд болон байгууллагуудын хүсэлтээр заримдаа лекц уншиж байгаа. Мөн Business.mn сэтгүүлд нийтлэл бичиж байна.

Би мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилласан 20 жилийн туршлагадаа үндэслэн менежерээс удирдах албан тушаал руу өгсөж яваа, өгсөх залуу үеийнхэнд зориулан “Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу СЕО” хэмээх номоо 2018 онд гаргаж байв. Мөн ММЗИнститутын зөвлөхүүдтэй хамтран ЖДҮ бизнесменүүдэд зориулан “Бизнесийн зөвлөх ном” бичсэн. Одоогоор СЕО номынхоо үргэлжлэл болох хоёрдугаар дэвтрийг нь бичиж байна.

Түүнээс гадна инженер мэргэжилтэй хүний хувьд юм засаж янзлах дадлаа өдийг хүртэл хаялгүй гэр орондоо хийсээр л явна. Инженер байхдаа олон жил засварын ажил хийж байлаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бизнес эрхлэгчид гарааны бизнес эрхлэхэд зайлшгүй байх мэдлэг, ур чадварыг эзэмшихээр тэмүүлж буй нь сайшаалтай. Уг нь Монгол хүн бэлэнчилж залхуурахгүй л бол оюуны өндөр чадамжтай, ухаантай сэргэлэн хүмүүс шүү дээ. Манайд өмнө нь бусдын хийж буй бизнесийг зах зээлийн судалгаа, стратегигүйгээр шууд хуулбарлан хийх тохиолдол олон байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж байна. Бэрхшээл гэвэл Монголын бизнесийн орчны зах зээлийн багтаамж жижиг, хөгжлийн тогтвортой бодлогогүй, зохицуулалт тааруу, зээлийн хүү өндөр, татварын дарамт, төрийн хүнд суртал гээд олон асуудал бий.

Харин иргэдийн хувьд сүүлийн үед минималист хандлагатай болж буй нь сайн хэрэг гэж боддог. Минимализм бол энгийн, даруу эрүүл амьдарч, хэт үнэтэй тансаг зүйлсийн араас мөнгө, цаг зав, эрч хүчээ үрэлгүй аз жаргалтай, тайван амьдрах тухай ойлголт. Би ч бас ийм хэв маягаар амьдрах гэж хичээдэг болсон.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Smart Deal компанийн хувьд ухаалаг гар утас, гэр ахуйн барааны худалдааг мэргэжлийн баг, хамт олон хүргэж байгаагаараа онцлогтой. Манайд үүрэн холбооны томоохон компаниудад ажилласан туршлагатай залуус нэг баг болж ажилладаг. Тэд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үр дүнтэй ашиглахад бүх талаас нь зөвлөн тусалж байна. Минималист хандлага түгж буй өнөө үед бид аль болох хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Тухайлбал, олон улсын зах зээлд тренд болж буй техникийн өндөр үзүүлэлттэй, боломжийн үнэтэй HONOR, VIVO, Realme зэрэг брэндийн ухаалаг гар утсыг дотоодын зах зээлд борлуулж байна.

Коронавирусын тархалт, хөл хорио тавьсантай холбоотойгоор сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудын ачаалал буурсан ч харилцагчидтайгаа онлайнаар холбогдож байгаа. Бидний хувьд “Монголд нутагшсан дэлхийн туршлагаар таныг хөтөлнө” алсын хараатайгаар ойрын таван жилд 100 компанид зөвлөж ажиллахаар зорьж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Орчин үед үргэлж юм уншиж судалж, алхам алхмаар хөгжихгүй бол цаг үеэсээ маш хурдан хоцорч гологдохоор болжээ. Ялангуяа, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, бизнесийн трендийг ярих ёстой. Би 20 жилийн өмнө ингэж байсан гэж ярих нь утгагүй. Хүний мэдлэг, ур чадвар асар хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөө үед ямар ч компанийн СЕО өөрийгөө байнга хөгжүүлж, бусдадаа үлгэрлэх ёстой. Миний хувьд ном, подкаст, Youtube дээрх лекцүүд, Business Insider, CEO.com , Chiefexecutive.net, мэдээ мэдээлэл авдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Би аль болох хөнгөн, цоглог, толгой амраах хөгжим сонсох дуртай. Залуу байхдаа их сонсдог байсан гадаадын поп хамтлагуудаа одоо ч сонсдог. Сүүлийн үед зохиолын дуу сонсох дуртай болоод байгаа. Хөгжмийн зохиолч Н. Жанцанноров гуайн аялгуунууд бас гайхалтай шүү.

Киноны хувьд хүнд ухаарал, урам зориг өгөх, эсвэл хүний сэтгэл зүйтэй холбоотой бүтээл сонирхдог. Netflix-ээс Mr. Nobody хэмээх маш сонирхолтой киног үзэхийг санал болгоё.

Ойрд голдуу манлайллын сэдвээр уншиж, судалж байгаа болохоор түүнтэй холбоотой сэтгэл судлалын ном, видео бичлэгүүд үзэж байгаа. Маркетингийн сэтгэл судлаач Роберт Чиалдинигийн Pre-Suasion ном, түүнтэй холбоотой лекцүүдийг Youtube-ээс үзэхийг зөвлөе.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хамгийн сайн зөвлөгөөг ааваасаа л авч байсан. Хүнийг хэн ч байсан ялгаварлахгүй харьцаж, бусдад боломжоороо тусалж дэмжихийг зөвлөдөг байсан юм. Бусдад мэддэг, чаддаг зүйлсээ харамгүй зааж өгөх хэрэгтэй шүү гэх үзлээр намайг хүмүүжүүлсэн. Эргээд бодоход бусдаас эхэлж авахаа биш өгөхөө бодохыг сургаж дээ гэж боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэй, санаачилгатай, тууштай байгаарай. Өөрийгөө бусадтай биш зорьсон зорилгынхоо гүйцэтгэлтэйгээ л харьцуулаарай.