Уншигч, сонсогч бидний эчнээ сайн танил Unlock подкастын хамтран үүсгэн байгуулагч Х.Дэлгэрцэцэг. Монгол залуусын оюуны түгжээг тайлах зорилготой аудио подкастаараа долоон жилийн турш дэлхийн шилмэл 150 орчим номыг тоймлон хүргэж одоо хэр нь үргэлжлүүлсээр буй нь бахархмаар амжилт.
Бизнесийн стратегич мэргэжлээр Японы топ сургуульд суралцаж олон улсын тэргүүлэх консалтинг компанид ажилласан туршлагатай тэрээр "TomYo School of Ulaanbaatar" сургуулийг хамтран үүсгэн байгуулсан юм.
Шинэ дугаараараа Мэнэнгийн талд өссөн даруухан охин Монголын боловсролын салбарт хэрхэн гэгээ татуулан ажиллаж буйтай танилцуулъя. Өнөөдрийн зочин бол "TomYo School of Ulaanbaatar" сургуулийн захирал Х.Дэлгэрцэцэг
Байршил: ХУД 4-р хороо, Яармаг,Мандала Гардэн хотхон
Эрхэлдэг ажил: " TomYo School of Ulaanbaatar" сургуулийн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Delgertsetseg Tsognemekh (LinkenIn), Delgertsetseg Tsognemekh (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Дорнод аймгийн хүүхэд. Жирийн л монгол айлын адилаар аав, ээж минь дүү бид хоёрын боловсролд анхаарч, сайн боловсрол эзэмшүүлэхээр гуравдугаар ангид гэр бүлээрээ хот руу шилжиж байлаа. Олимпиад, уралдаан алгасдаггүй, хичээлд “хэнхэгтэй” охин Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд элсэн орж төгссөн. Би багаасаа зураг зурах дуртай. Төгсөх жилээ ШУТИС-ийн архитектурын ангид шалгалт өгч үзтэл нэгээр жагсав. Гэхдээ мэргэжил сонгохдоо өндөр цалинтай, эрэлттэй ажил хийх нь амьдралд тустай санагдаж, МУИС-ийн Бизнесийн сургуульд банкир мэргэжлээр нэг жил сурсан юм. Тэр үедээ Японы Засгийн Газрын тэтгэлэгт шалгарч, Хитоцубаши их сургууль сургуульд бизнесийн стратеги чиглэлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалсан. Японы хөрөнгө оруулалтын банкнуудад дадлага хийх явцдаа мөнгийг хэт чухалчилдаг тэрхүү хүйтэн хандлагаас үүдээд банкир гэдэг мэргэжил яагаад ч миний дурлан хийх ажил биш гэдгийг ойлгосон юм.
Япон оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн хичээлээ ч хойш тавин ажлын байраа шаргуу хайдаг. 100 гаруй газар өргөдлөө илгээж, олон удаагийн ярилцлагад орж, тэнцсэн хариу ганцыг авах нь хэвийн үзэгдэл. Тухайн үед миний гайхсан зүйл нь оюутнууд ажил хайх үед хэр сайн хичээлээ хийсэн, ямар дүнтэйгээс илүү Японоор “Бүкацү” буюу хичээлээс гадуурх нийгмийн ажилд хэр идэвхтэй, ямар үүрэгтэй оролцож байснаар нь ажил олгогч компаниуд хувь хүний зөөлөн ур чадварыг нь онцгой чухалчилдаг. Учир нь тэндхийн хүүхдүүдийн хувьд хичээл, цагийн ажил, хичээлээс гадуурх дугуйлан хамрагдах нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг. Уг нь би дунд сургуульдаа сурлага сайтай, олимпиад уралдаанд байнга оролцдог, зүгээр суудаггүй идэвх чармайлттай хүүхэд байсан ч Япон хүүхдүүдтэй харьцуулахад өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, хувийн зохион байгуулалт зэрэг зөөлөн ур чадварт сураагүй байх жишээтэй. Сургуульд заадаг тэр олон хичээлийг мэдье, гэхээс илүүтэй зүгээр цээжилж тогтоосон хэрэг.
Ажлын гараагаа олон улсын тэргүүлэх консалтинг компаниудын нэг Accenture байгууллагын анхны монгол ажилтнаар эхэлж байв. Тэтгэлгийн ярилцлагад орохдоо л Японд суралцан буцаж ирээд над шиг дундаж, бүр дунджаас доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг хүссэн сургуульдаа, чанартай боловсрол эзэмшихэд тусалж, олон хүнийг ажлын байртай болгоно гэдгээ сонгон шалгаруулалтын шүүгч нарт хуваалцаж байсан юм. Тиймээс анхнаасаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид богино хугацаанд их зүйл сурахаар шийдсэн. Бизнес стратегийн зөвлөх компанийн онцлог нь олон төрлийн бодит жишээн дээр ажиллаж, шийдэл гарц гаргалгаа хайдаг тул богино хугацаанд салбарын мэргэжилтнүүдтэй тэнцэхүйц мэдлэг хураадаг давуу талтай. Тийнхүү компанидаа зургаан жил ажиллаж, Монгол буцахдаа боловсролын салбарт өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн. Өөрийн карьераа эргэн харахад боловсрол, мэргэжил сонголт, сургууль зэрэг амьдралын чухал үеүддээ мэдлэг, мэдээлэлгүйгээсээ хоцорсон юм шиг санагддаг.
Токиод ажиллаж байхдаа Японы засгийн газраас гадаад стартапуудад хөрөнгө оруулах чиглэлийн төсөлд ажиллаж TomYo-ийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан ахтай танилцсан юм. Боловсролын салбарт тэр дундаа сургууль байгуулах В.Баярсайхан санаа их таалагдсан. Манай гэр бүл хоёр хүүхэдтэй. Японд байхдаа хүүхдээ чанартай сайн цэцэрлэг, сургуульд явуулдаг байсан ч монголд ирэхэд сонголт их хязгаарлагдмал санагдсан. Хүүхэд эх хэлээ гарамгай эзэмшиж, чанартай хөтөлбөрийн дагуу дэлхийн стандартад нийцсэн академик мэдлэгийг олж авахын сацуу өнөөх миний суралцаж чадаагүй зөөлөн ур чадварыг сургуулиасаа олж авах боломжтой тийм жишгийг бүтээж болох юм байна гэж бодсон тул Томьё сургуулийг хамтран байгуулахаар шийдсэн. Тиймээс эхлээд боловсролын салбарт туршлага хуримтлуулахаар TomYo Kids Club-ийг байгуулж бага насны хүүхдэд кодчилол, англи хэлний дөрвөн ур чадвар, зөөлөн ур чадваруудыг тэнцвэртэй хөгжүүлэх хөтөлбөрөө хоёр жилийн хугацаанд туршихад богино хугацаанд ахицтай, үр дүнгүүд гарсан.
Хоёр жилийн хугацаанд "Tomyo school of Ulaanbaatar" төсөл хэрэгжиж өнгөрсөн онд анхны сургуулийн үүд хаалгаа нээж байлаа. 40 минутын хичээлд багш онолоо тайлбарлан, туршилт хийж, төсөл хэрэгжүүлж, идэвхтэй аргаар суралцдаг нь бидний гол давуу тал. Өнгөрсөн жил орон нутаг, улсын сургуулиас шилжиж ирсэн есөн төгсөгч маань таван улсын 38 их сургуулиас тэтгэлэг авч, ЭЕШ-ийн дүнгээрээ дүүрэг, улсдаа дээгүүр оноотой жагссан нь бидний бахархал.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Сургууль гэдэг өдөр бүр адал явдалтай драма өрнөдөг газар. Бид энд улс эх орондоо, дэлхийд үнэлэгдэх хүн бүтээж байгаа. Өглөөнөөс эхлэн сурагч, багш, эцэг эхчүүдтэй уулзаж асуудал байвал халуун дээр нь шийдэхийг хичээдэг. Цэцэрлэг, сургууль нийлээд 100 гаруй багш хамт олонтой. Бид багш нараа сонгохдоо өсөн дэвжих сэтгэлгээтэй, идэвхтэй сурах арга барилтай, хүүхдэд хайртай зэрэг шалгууруудыг чухалчилдаг. Ярилцлагаас гадна загвар хичээл заалгаж, хүүхдүүдийн сонирхлыг өдөөж, хичээлд дурлуулж чадаж байна уу гэдгийг ажин, сурагчдаас санал, сэтгэгдлийг нь сонсдог.
Хувь хүн өөрийгөө хөгжүүлж, түүнээсээ таашаал авдаг тул бид багш нартаа зориулж сурах, заах арга барил, сэтгэл зүй, EQ зэрэг сургалтуудыг дотоод, гадаадаас авч хэрэгжүүлж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Бид эерэг өөрчлөлтөөр түүчээлэх уриатай. Миний хувьд өдөр тутамдаа багш, сурагч, эцэг эхчүүд, бусад ажилчид зэрэг өдөр тутамдаа олон хүнтэй харилцах шаардлагатай учир аливаа асуудалд шийдэл, гаргалгааг түрүүнд харах, хэнд ч бай ойр, эерэг харилцахыг хичээдэг.
Мөн манай хамт олон “Circle of Safety” буюу аюулгүйн тойрог үүсгэх соёлтой. Энэ тухай Симон Синекийн “Leaders Eat Last” номоос уншиж,хэрэгжүүлэх санаа төрсөн юм. “Бүх цэргүүд хоолоо идэж дууссаны дараа, өөрөө иддэг хүнийг генерал гэнэ” хэмээн жишээлж манлайлагчид хэзээд хамт байгаа хүмүүсээ тухтай байлгахын төлөө өөрийгөө золиослох ёстой гэсэн байсан. Муу хамт олон гэж байхгүй, муу манлайлагч байдаг гэдэг. Би ч энэ үгэнд итгэдэг. Багш нар аз жаргалтай, сэтгэл ханамжтай байж чадваас сурагчид ч адил жаргалтай байна. Үүнд удирдлагын зүгээс дэд захирал бид хоёр онцгойлон анхаардаг. Дэд захирал Ц.Ариунтунгалаг сэтгэл зүйч мэргэжилтэй учраас ажилчидтайгаа илүүтэй ярилцдаг бол миний хувьд суралцах арга, академик талаас нь зөвлөж нэгнээ нөхөж ажилладаг. Хүүхдүүд хичээлдээ, багшдаа дуртай, сэтгэл хангалуун байгаа нь магад түүний үр дүн байх.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Сүүлийн үед багш, сурагчдын дурлан хэрэглэж байгаа Tomyo Ella-д их цаг зарцуулж байна. Уг аппаар дунд, ахлах ангийн маань сурагчид гэртээ бие даан англи хэлний чадваруудаа хөгжүүлж байгаа. Мөн E-Parent аппаар хүүхдийн хичээлийн хуваарь, өдрийн хоол, сургуулийн автобусны байршил зэрэг сургуулийн бүх ажиллагааг эцэг эхчүүдэд нээлттэй мэдээллэх боломжтой.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Зохион байгуулах төрлийн ажилд ихэнх цаг өнгөрдөг. Цаг хэмнэж байна гээд хурдан, хуумгай шийдвэр гаргаж болохгүй. Тиймээс аль болох олон оролцогч талуудыг хамруулж шийдвэр гаргадаг. Минийхээр үл ойлголцол, ойлголтын зөрүүнээс үүдэж хамгийн их цаг алддаг. Тиймээс харилцааг үр дүнтэй болгохын тулд багш нартайгаа тойргийн уулзалт хийдэг. Тойрч суугаад асуудлаа ярилцан шийдвэр гаргадаг гэсэн үг. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг дээ. Тийм чанартай хурлаас хүн бүр зөв ойлголттой, гарсан шийдвэрт оролцоотой байсан мэдрэмж төрдөг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай учраас санасан дээрээ сайтар тэмдэглэнэ. Хичээл ажиглаж суухдаа багшид өгөх зөвлөгөө, коридор анги танхимаар явахдаа аж ахуйн ажил зэргээр дэвтэртээ нарийн тэмдэглэж хариуцах хүмүүст нь даалгана.
Төслийн менежментийн удирдлагад “бөмбөг өнхрүүлэх” гэх хэлц бий. Аливаа ажлыг эхлүүлэх буюу бөмбөгийг өнхрүүлээд орхих нь чухал гэсэн үг. Бөмбөг над дээр ирсэн байхад эхлүүлэхгүй байж болохгүй. Олон бөмбөгийг зэрэг өнхрүүлэхийн тулд долоо хоног, сарын хийх зүйлсийн жагсаалтаа гаргах ёстой. Өглөөдөө өнөөдрийн төвлөрөх зүйлдээ анхаарч, бусад детайль ажлуудаа хариуцах хүмүүст нь даалгадаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хамгийн сайн амралт бол өөр зүйл хийх хэмээн хаанаас ч билээ уншиж байсан юмдаг. Би ном унших, романтик кино үзэх дуртай. Миний хувьд ном уншиж, зохиолчийн зохиогчийн ертөнцөөр аялах нь хамгийн сайн амралт болдог. Хийж байгаадаа шантрах, залхах гээд байвал орчноо өөрчлөн, оюун бодлоо түр өөр зүг рүү эргүүлсний дараа дахин оролдоход илүү тодорхой болсон санагддаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Манай сургууль ментошип хөтөлбөртэй. Түүний дагуу ахлах, дунд ангийн сурагч нартаа хичээл, мэргэжил, сургууль сонголтод нь зөвлөн менторлож байна. Сонгон шалгаруулалтын ярилцлага хийхэд сурагчид мэргэжил сонголтын тухайд хэт төсөөллөөрөө ханддаг нь ажиглагдсан. Гэтэл гадны оронд цагийн ажил хийж, тэр чиглэлийн мэргэжилтэнтэй уулзан ярилцаж, наана цаанатай харьцуулан дүгнэж шийдвэрээ гаргадаг жишээтэй.
Тиймээс сурагчдад мэдээлэл өгөхийн тулд долоо хоног бүр гадаадад төгсөж, ажиллаж буй залуучуудыг урьж мэргэжил, сургууль сонголт, карьер төлөвлөлтийн тухай таниулан ярилцдаг. Нэг удаа гоё сайхан зүйл яриад урам зориг өгөх амархан. Манай ментор нар ментий сурагч нартайгаа тогтмол холбоотой байж, сургууль сонгох, өргөдөл гаргах, эсээ бичих зэрэг бүх талаар нь зөвлөн тусалдаг. “Нэг хүүхэд өсгөхөд бүхэл тосгоноороо хөдөлдөг” гэдэг шиг нэг сурагч дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд багаараа стратеги боловсруулж, богино хугацаанд өндөр үр дүн гарч байна. Мөн үнэнч сонсогч нартаа зориулж, Unlock подкастаа үргэлжлүүлсээр явна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Сургуулийн барилга ашиглалтад ороогүй байхад ч бидэнд итгэсэн эцэг эхчүүд, энд суралцан буй 900 гаруй хүүхдүүдийн ирээдүйд гэрэл асааж байна гэж бодоход урамшмаар сайхан санагддаг. Энд буй багш ажилчид, эмч, харуул, үйлчлэгч бид бүгдээрээ нэг сэтгэлээр тэр үнэт зүйлийг тээн ажилладаг.
Нөгөө талдаа багш, эцэг эхчүүд зэрэг хүн хоорондын харилцаанд ойлголт, мэдээллийн зөрүүг арилгах нь сорилттой ажил. Гэхдээ бидний хувьд амттай сорилт. Манайх цөм хөтөлбөр болон олон улсын хос хөтөлбөрийн сургалтын системтэй. Сурагч нэгдүгээр ангиасаа нь англи хэлний хичээл үздэг. Олон хэл сурах тусмаа хүүхдийн харах өнцөг өөрчлөгддөг, баруун, зүүн тархи зэрэг хөгждөг олон давуу талтай. Гэхдээ үүнийг хүртээмжтэй байлгахад манай улсад сайн багшийн боловсон хүчин ховор. Боловсролын чанар багшийн үнэлэмж, цалингаас шууд хамааралтай. Тиймээс ч манай сургалтын ихэнх зардлыг багшийн цалин эзэлдэг. Багш жаргалтай, ажилдаа сэтгэл хангалуун, дутагдах зүйлгүй байхын тулд цалин өндөр байх хэрэгтэй.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Өнгөрсөн жил бид сурагчдынхаа англи хэлний суурийг сайн тавихад анхаарсан. Энэ жил академик түвшний шинжлэх ухааны хичээлүүдийг англиар зааж эхэллээ. Хос хэлтэй, технологийн ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны чадвартай, бүтээлч сурагчдыг бий болгох нь бидний зорилго. Энэ үр дүн School Project -оор харагдана. Ахлах ангийнхан маань жилийн хугацаанд нэг хичээл сонгож багш, менторуудтайгаа хамтран Personal Project хэрэгжүүлж, 3500 үгтэй эсээ бичин төгсдөг.
Мөн олон улсын IB хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд бие дааж сурах, насан туршийн суралцагч болж хөгждөг тул энэ жил уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
О.Батнайрамдал, Б.Тэгшбаяр хоёр найзынхаа хамтаар 2017 оноос эхлэн Unlock подкастыг хийж байна. Бид хоёр долоо хоног бүр дэлхийн шилмэл номуудыг уншин тоймлон хүргэдэг. Миний хувьд подкаст эхлүүлснээс хойш амьдралын утга учрын тухай гүнзгий эргэцүүлдэг болсон. "How will you measure your life" номыг уншсаны дараа бид гурвуулаа амьдралаа илүү утга учиртай зүйлд зориулахаар шийдэж, хийж байсан тухтай бүхнээ орхин ёстой л амьдралдаа огцом эргэлт хийсэн. О.Батнайрамдал улс төрч болж, Б.Тэгшбаяр IT чиглэлээр бакалаврт суралцаж миний хувьд Монголд буцан ирсэн. Аливаа улс орны хөгжлийг боловсрол, эрүүл мэнд тодорхойлдог гэдгийг Factfulness номоос уншсан юм. Африкийн Кенид анагаахын старт апуудад хөрөнгө оруулдаг Associate санд ажиллаж байхдаа бага өртгөөр технологийн инновацлаг шийдэл ашиглаж болохыг харсан эрүүл мэндийн салбарын туршлагатай. Харин боловсролын салбарт урьд өмнө ажиллаж үзээгүй боловч зориглохоор шийдсэн. Энэ бүхэн номоос л эхлэлтэй.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Unlock подкастын шинэ дугаартаа Atomic Habits ном уншиж байна. Хүн өдөр бүр атом шиг жижиг дадлыг хурааж амьдралдаа хэвшүүлбэл урт хугацаандаа таны амьдралд томоор нөлөөлдөг тухай өгүүлдэг. Сүүлийн үед Өмнөд Солонгосын морин хийлч Yoonkyung Cho -ийн CelloDeck сонсож байна. Харин киноны хувьд хөнгөн, хөгжилтэй Twenty-five, twenty-one санал болгоё.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Хөдөлмөрч, тууштай байх, бүх нөхцөл, боломжоо дайчлан аливаа зүйлийг тултал нь хийх зан чанарыг ээжээсээ сурсандаа талархдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Өсвөр насны дүү нартаа захиж хэлэхэд, бид бүгдэд хүрэхийг хүссэн том зорилго бий. Гэхдээ түүндээ хүрэхийн тулд өөрийгөө хэт хүчлэх, албадах хэрэггүй юм шиг. Зөв дадалтай хүн өдөр бүр хийх ёстой зүйлсээ сахилга баттайгаар биелүүлж чаддаг. Өөрийгөө таньж, ойлгож мэдэрч зөв дадлыг төлөвшүүлбэл сэтгэлийн зовлон, шаналалгүйгээр зорьсондоо хүрч чадна.