Бүхий л шинжлэх ухааны суурь болж, логик сэтгэлгээ, асуудал шийдэх чадварыг олон талаас нь хөгжүүлждэг салбар бол гарцаагүй математик. Энэ чиглэлд хэдий чинээ анхаарч суралцваас хожим мэргэжил сонголт, ажиллах салбар гээд олон талбарт тэр хэмжээгээрээ эрх чөлөө эдлэх нь бий.
Бидний өнөөдрийн зочин А.Ганбат математикийн салбарын үр шим, ач холбогдлыг өөрийн түүх, карьерын замналаараа батлан харуулж буй оюунлаг залуусын нэгэн төлөөлөл. Нэгэн цагт математикт эргэлт буцалтгүй дурлан, улс дэлхийн чанартай олон олимпиадад амжилт үзүүлж явсан тэрээр өдгөө дараагийн үеэ бэлтгэх үйлсэд ханцуй шамлан ороод буй.
Байршил: БГД, 10 дугаар хороолол, Эрхэт Эрдэм сургуулийн хоёрдугаар салбар
Эрхэлдэг ажил: "Эрхэт Эрдэм" сургуулийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad
Сошиал хуудсууд: Ganbat Atarsaikhan (LinkenIn), ЭРХЭТ ЭРДЭМ сургууль (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Математик өөрөө суурь шинжлэх ухаан болохоор энэ чиглэлээр явсан хүмүүс бүгд л багаасаа эхэлсэн байдаг. Миний хувьд тавдугаар ангиасаа математикийн амтанд дурласан гэж боддог юм. Учир нь энэ үеэс тооны хичээлд зориулах цагаа уртасгаж, сууж суран, олимпиадад нэмэлтээр бэлдэж эхэлсэн. Улмаар ЕБС-аа төгсөхдөө МУ-ын математикийн аварга, олон улсын математикийн олимпиадын мөнгөн медальт, мөн багаараа 19 дүгээр байрын эзэд гэх мэт чамлахааргүй амжилт үзүүлж байлаа. Сонирхуулахад, багаараа гаргасан тэр амжилт маань саяхныг хүртэл улсын хэмжээнд рекорд байсныг хоёр жилийн өмнө дүү нар маань 11 болгож ахиулсан баяртай үйл явдал болсон. Удахгүй багаараа олон улсад эхний аравт шалгардаг болно доо.
Оюутан болох жил МУИС-аас урилга ирж, онолын математикийн ангид дөрвөн жил суралцан төгссөн. Энэ хугацаандаа оюутны улсын олимпиадад мөнгөн медаль хүртсэнээс гадна П.Энхболдын нэрэмжит улсын нээлттэй уралдаанд аварга болж, цаашлаад олон улсын оюутны олимпиадаас хүрэл медаль авсан.
Мастерын зэргээ Япон улсын Киотогийн их сургуульд (Япон улсдаа хоёрдугаарт, Нобелийн шагналтны тоогоор Азидаа тэргүүлэгч) динамик системийн чиглэлээр хамгаалаад, үргэлжлүүлэн тархины мэдрэлийн эсүүдийг загварчлах, нейронуудын бүтэц динамикт хэрхэн нөлөөлдөг талаар судалж, тодорхой үр дүнгүүд гаргаснаар докторын зэргээ амжилттай хамгаалж байлаа.
Ирээд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд ахлах багшаар хоёр жил, Математикийн хүрээлэнд судлаачаар ажилласны дараа эдийн засаг, санхүүгийн чиглэл рүү хөрвөсөн. 2016 оноос "Монголбанк"-ны Мөнгөний бодлогын газарт загвар хөгжүүлэгч эдийн засагчаар ажиллан, инфляцийг таамаглахад математик загваруудыг ашигладаг байв. Нэг жил хагасын хугацаанд хэд хэдэн загвар боловсруулсан. Дараа нь "Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл"-ийн ажлын албанд даргаар дэвшиж ажиллаж байгаад 2019 онд гэр бүлээрээ Их Британийг зорьж, СтратКлайдын их сургуулийн санхүү, хөрөнгө оруулалтын магистрын хөтөлбөрт элсэн суралцсан ч дунд нь ковид гарсны улмаас үлдсэн хугацаанд нь онлайнаар сурч төгссөн.
Ирээд БНСУ-ын "Мирэ ассет секьюритиз" хэмээх Азидаа тэргүүлэх (500 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг) хөрөнгө оруулалтын компанийн Монгол дахь салбарт хөрөнгө оруулалт хариуцан ажиллаж байлаа. Үүний дараа "ЛендМН"-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах төслийн тусгай зориулалтын компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж 4.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээр амжилттай татан төвлөрүүлсэн. Ингээд өнгөрөгч зургаадугаар сард боловсролын салбартаа эргэн ирж, математик-мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай "Эрхэт Эрдэм" сургуулийн гүйцэтгэх захирлын албанд томилогдоод байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өмнө нь бодох, төвлөрөх, судлах, шийдэл олох ажлууд хийдэг байсан бол одоо уулзах, ярилцах, зохицуулах, холбох ажлууд илүүтэй хийх болсон байна. Ерөөс уулзалтаас уулзалт гэдэг л хуваарьтай (инээв). Нөгөөтээгүүр гүйцэтгэх захирлын алба бүх ажилдаа өөрөө ордог онцлогтой юм байна. Засварын ажил, салбарын нээлт, элсэлт, эцэг эхчүүдийн уулзалт, ажлын ярилцлага, хөтөлбөр боловсруулах, бодлогын чиглэлд төвлөрөх гээд л.
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болохоор өдөр бүрийн хуваарь жигдрээгүй, бүх өдөр харилцан адилгүй. Ганц өөрчлөгдөөгүй зүйл нь өдөр бүр ажил тарсны дараагаар 30 минутаас нэг цаг хүртэлх хугацаанд ганцаараа сууж, тухайн өдрийн ажлаа дүгнэж, маргааш хийх зүйлсээ төлөвлөдөг. Энэ нь илүү цэгцтэй, бүтээмжтэй ажиллахад тусалдаг л даа.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Энэ тал дээр математикийн салбарын хүмүүс ижил шинжтэй хариулт өгөх байх. Математикт нэг асуудлыг (бодлогыг) аваад, түүнийг шийдэх хамгийн үр дүнтэй, зөв гарцыг хайж олохын тулд төрөл бүрээр туршиж үздэг. Иймд аливааг нухаж, эрснээ олохын тулд сууж сурдаг нь зайлбаргүй. Хариу гаргах зөв арга замаа олох гээд дөрвөн цаг гаруй босохгүй суучихсан байх нь бий. Тэр хэмжээгээр төвлөрөл нэмэгдэнэ. Ингэх явцдаа бид асуудлыг томоор харах, нэг том ажлаа олон жижиг хэсэгт хуваах, зөв гарц хайх, дүн шинжилгээ хийх, хамгийн товч арга замыг эрэх мэт чухал чадваруудад суралцдаг. Түүнээс биш хүмүүсийн хэлдгээр зөвхөн косинус, альфаг олох гээд л цагаа үрээд суудаг юм биш шүү дээ.
Бас биеэ даах чадвар байна. Математикийг сайн суръя гэвэл бие дааж оролддог хандлагатай байх хэрэгтэй. Үүнд багш нэг бүрчлэн заахаас илүү чиглүүлэгч хийж өгдөг. Бидний хувьд ч манай багш сүүлийн хэдэн жилд бодох аргачлалаас илүү чиглүүлэх маягаар ажилладаг байв. Тиймээс аливаа ажилд шууд хүнээс асууж, арга замаа нарийн заалгахаас илүүтэй том зургаа хараад өөрөө нухах, эргээд багийнхнаа өөрөөр нь шийдвэр гаргуулж, биеийг нь даалгах аргачлалтай болсон.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Утасныхаа Notes аппыг их ашиглана, тэглээ гээд аналог буюу цаасан дэвтэрт ажлуудаа давхар төлөвлөдөг дадлаа орхиогүй. Зарим тохиолдолд код бичих шаардлага тулдаг учраас лаптоп дээр бичээд, турших боломжтой VS code, Python зэрэг аппууд бас бий.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хоорондоо уялдаатай ажлуудаа аль болох нэг дор барьж авч хийхийг хичээдэг. Ажил хөөцөлдлөө гэхэд хаана очихоосоо хамаарч нэг гаралтаараа тэр хавьд хийх, уулзах бүх ажлуудаа дугуйлах гэх мэтээр. Нэг чиглэлийн олон ажилд тус бүрд нь цаг үрэх гарзтай санагддаг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Асуудлаа эхэлж томоор хараад, яг эцсийн хүрэх гээд байгаа зорилгоо маш сайн ойлгоно. Ингээд асуудлаа дотор нь чухал болон яаралтайгаар ангилаад, хийх шаардлагагүй зүйлсийг орхиж, хийх ёстой зүйлүүддээ зөв гаргалгааг тодорхойлох зарчимтай.
Үүн дотроос гарцаагүй туулах ёстой чухал бөгөөд хэцүү ажлууддаа хамгийн боломжит гаргалгааг тусгайлан боловсруулах зарчмаар ажилладаг. Магадгүй ийм болохоор математикийн хүмүүст олон жижиг ажил биш нэг том асуудал өгөх нь үр дүнтэй байдаг байх. Тэрийг нь төрөл бүрээр нухаж чадах болохоор (инээв). Ер нь "хамгийн оновчтой арга" гэдэг төлөвлөлттэй юм байна.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хийж байгаа ажлын үр дүн бодитоор харагдах мөч их сайхан. Тэр нь одоогийн ажил дээр маань бусдын амжилтаар бахархах гэж буух болов уу. Юу вэ гэвэл, энэ жил манай сургуулийн сурагчид олон улсын чанартай олон олимпиадаас медаль авч, шагналт байруудад шалгарлаа. Жишээ нь, бага дунд ангиллын олон улсын математикийн олимпиадад манай улсаас 24 хүүхэд оролцсоны гуравны нэгийг нь манай сургуулийн сурагчид бүрдүүлсэн юм. Бүгдээрээ тун амжилттай оролцож хоёр мөнгө, гурван хүрэл, хоёр шагналт байр хүртсэн.
Мөн Европт зохион байгуулагддаг охидын мэдээлэл зүйн олимпиадаас сурагч М.Амин-Эрдэнэ Монголоос хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт байранд шалгарлаа. Үүгээр зогсохгүй Улсын математикийн олимпиадаас манай сурагчид нийт дөрвөн медаль авсан. Яг өөрөө гардаад бэлдээгүй ч энэ бүрээс их урам зориг, эрч хүч авдаг. Ганцхан математик гэхгүй физик, хими, биологийн олимпиадуудад манай улс урамтай сайхан амжилт гаргасанд үнэхээр баяртай байгаа.
Мөн хүүхэд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь эрч хүчийг сэлбэдэг. Ер нь дулаан уур амьсгалтай, сайхан энергитэй орчин л хүнийг хамгийн ихээр сэргээдэг байх. Тайван чөлөөтэй үедээ тухтай сууж академик ном унших бас байна.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Миний дурлаж сонирхдог хоёр салбар бий. Нэг нь боловсрол, нөгөө нь санхүү, хөрөнгө оруулалт. Учир нь баялаг бүтээе гэвэл энэ хоёр салбар л гол тулгуур нь болох учиртай. Боловсон хүчин, хүний нөөц үгүй бол тэр салбар байхгүйтэй л адил, харин хүний нөөц нь бүрдсэний дараа санхүүжилтгүй бол тэр бүхэн зүгээр л мөрөөдөл болж хувирна. Тиймээс энэ хоёр чиглэлд их дур сонирхолтой.
Боловсролын салбарт одоо бүтэн цагийн ажил хийж байгаа бол санхүүгийн салбарт ажлын бус цагаар хөрөнгө оруулалт, арилжааны ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Математикийн хувьд энэ бүхний суурь нь болдог. Ажиглаад үзвэл хэдэн жилийн өмнө стартапууд мөнгө л хайдаг байсан, харин одоо мөнгөтэй хүмүүс чадвартай нөөцтэй баг хайгаад байна. Энэ хоёрын уялдааг зөв авч явахгүй бол болохгүй. Иймд цаашдаа энэ хоёр салбарыг холбосон гүүр болж, бусдыг бодит үр дүн гаргахад нь жинтэй туслах гэсэн хүсэл одоо юу хийхийг минь тодорхойлдог гэж болно.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Өмнө нь багшаар ажиллаж байхдаа математикийн салбарт хүүхэд бэлдэж, амжилт гаргая, ахиулъя, дурлуулъя гэхээр оюутан насанд арай л оройтсон байдгийг анзаарсан юм. Иймээс боловсролын салбарт ажиллахаар бол бага түвшинд орох ёстойг ойлгож авсан. Орсны дараах давуу тал гэвэл сургууль гэдэг үнэхээр гэгээлэг орчин. Хүүхдүүдтэй ажиллах их сайхан юм билээ. Өөрчлөлт, ахиц нь хурдан бөгөөд жинтэй гардаг. Ер нь математикийг орчин цагт эрх чөлөө гэж болохоор. Математик суурьтай хүн энэ цаг үед бүх л үнэлгээ өндөртэй, сайн сайхан гэсэн ажил мэргэжлээс дуртайгаа сонгох эрх чөлөөтэй болж байна. Программист, хөгжүүлэгч, инженер, санхүүч гээд л. Шийдэл гаргах чиглэлд авьяастай байдаг болохоор Google, Meta зэрэг дэлхийн том компаниуд яг заасан мэргэжлээр нь төгсөөгүй ч математик суурьтай хүмүүсийг авах бодлого баримталдаг нь тийм учиртай.
Сул тал гэвэл одоогоор эрхгүй анзаарагдаж байгаа нь хүний нөөц, боловсон хүчний дутагдал. Цалин хөлс, эцэг эхийн хамаарал, ажиллах цаг, ачаалал гээд олон зүйлсээс болж сайн багш нар нэг бол өөр салбарт, нөгөө бол уян хатан ажиллах боломжийг нь бодоод хувиараа давтлага, дугуйлан ажиллуулах болжээ. Энэ яах вэ, түр зуурынх гэхэд багш болоход үнэнхүү дурласан дараагийн үеийн сайн багш нар бэлтгэгдэхгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, сургуулийн босго давж буй хүүхдийн тоо тасралтгүй өсөж байхад багшаар төгсөж буй чадварлаг залуусын тоо буурч, багшаа бэлдэж амжихгүй бодит аюул нүүрлэсэн. Ингэхээр энэ бүхэн ганц салбарын биш бүхэл нийгмийн асуудал болоод байна л даа. Үүнийг өөрчлөх тал дээр төрөөс арга хэмжээ авч байгаа хэдий ч улам эрчимжүүлж яарахгүй бол гэж бодох юм.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Сургуулийн уриагаа бид "Дэлхийн компанид ажиллая, дэлхийн компанийг байгуулъя" хэмээн тодорхойлсон. Биднийг бага байхад дэлхийг мөрөөдье гэсэн ч хаа хүрэхээ, хаашаа хандахаа, хаанаас эхлэхээ мэддэггүй байлаа. Нэг үеэ бодвол одоо харин тийш очих жим гарч, өөрөө л хичээвэл бүх зүйл тодорхой болсон нь олзуурхууштай. Энэ жимийг гаргахад нэг үед хамт олимпиадад бэлтгэн оролцдог байсан найзууд маань том үүрэгтэй. Жишээ нь, олон улсын олимпиадаас мөнгө, хүрэл авч байсан Б.Баттулгыг одоо залуус Google-ийн инженер гэдгээр нь сайн мэднэ, харин олон улсын математикийн олимпиадын мөнгө, хүрэл медальтай хамгийн дотнын найз маань Нью-Йоркийн их сургуульд хиймэл оюуны чиглэлээр докторын зэргээ хамгаалаад, одоо Мета компанид ахлах инженерээр ажиллаж байна. Нөгөө нэг сайн найз маань Калтек-д эдийн засгийн чиглэлээр доктороо, үргэлжлүүлэн Калифорнийн их сургуулийн харьяа Санта Крузын их сургуульд профессороор ажилладаг. Энэ мэтчилэн хүрэх цэг харагдсан тул хийх юм тодорхой.
Ерөөс бид Монголын хамгийн авьяастай хүүхдүүдийг сургаж, гоц авьяастнуудыг олж, шат ахиулж чадах тийм нөөцтэй сургууль байя гэж байгаа юм. Үүний тулд ажлаа авснаас хойш хэд хэдэн ажил хийгээд байна. Нэгдүгээрт, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилж, өдийг хүртэл үүсгэн байгуулагч Ч.Сугардоржийн зүтгэл дээр явж ирсэн тэр их хөдөлмөрийг илүү хүчтэй болгохын сацуу энэ салбарт дур сонирхолтой, салбартаа амжилттай ажиллаж буй залуусаар хүрээгээ тэлэн, сургуулиа дараагийн түвшинд гаргах алхмыг хийсэн.
Мөн хөтөлбөрийн багтаа нэгдүгээр сургуульд 23 жил багшилж, олон улсын олимпиадаас хоёр алтан медаль хүртсэн Монголын цор ганц сурагчийн гарын багш, 2019 онд ерөнхийлөгчийн цомыг хүртсэн Н.Баянбат багшийг нэгтгэж, хүч нэмсэн. Манай боловсролын хөтөлбөр олон улстай харьцуулахад заах арга барил, дадлага гээд цөөнгүй талаараа хэдийн хоцрогдолтой явж байгаа нь нууц биш. Н.Баянбат багш цаашид энэ чиглэлд төвлөрөн, математикийн хичээлийн агуулга, хөтөлбөр дээр голчлон ажиллахаас гадна шинээр байгуулагдаж буй гурав дахь салбарыг хариуцан хамтран ажиллахаар болсон.
Хоёрдугаарт, бид үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн мэдээлэл зүй, мэдээллийн технологийн хөтөлбөрт гүн төвлөрөх бөгөөд төгсөөд гарахад энэ чиглэлдээ шууд ажиллах хэмжээнд очихуйц чадвартай сурагчдыг бэлтгэхээр зорьж байна. Ойрын гэвэл хичээлийн шинэ жил эхлэх гээд элсэлтээс авхуулаад олон ажилтай явна. Бид төмөр зам, аравдугаар хороолол дахь салбар дээрээ нэмээд хотын төвд МУИС-ийн хойно, Япон-Монголын төвийн хажууд гуравдахь салбараа нээхээр шаргуу ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Дутагдаж байгаа чадварууд дээрээ онлайн хичээл авдаг. Өмнө техник талдаа ажиллаж байхад Coursera-аар хэрэгцээтэй хичээлээ үзчихдэг байсан бол менежмент, удирдлагын ажил хийж байгаа энэ үедээ чаддаг хүнтэй нь уулзаж, зөвлөгөө авахад анхаардаг болсон. Эдгээр нь зөөлөн ур чадвар болохоор тэр нь илүү үр дүнтэй байдаг гэх юмуу даа.
Ер нь бол өөрийгөө хөгжүүлэх хамгийн сайн арга нь турших гэж боддог болсон. Яаж ч хичээл авч, зөвлөгөө цуглуулж, үг сонссон өөрөө тодорхой хэмжээнд туршиж, хийж үзсэнээр л ойлгогдож байна. Оройруу орно гэж ярьдаг шүү дээ. Тиймдээ ч сүүлийн үед гялс туршаад үзчихье гэдэг болоод байгаа. Үүнд мэдээж хурд чухал.
Сайн багш болгон сургууль нээж чадахгүй, сайн тогооч болгон ресторан ажиллуулж чадна гэсэн үг биш. Магадгүй энэ миний менежментийн чиглэлд ажиллаж чадах эсэхийг өөртөө батлах цаг хугацаа, боломж ч юм билүү.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Ном гэвэл би уран зохиол, намтар, хувь хүний хөгжил гэхээс илүү академик номуудад цагаа зарцуулдаг. Саяхан менежментрүү ороод DELL компанийн үүсгэн байгуулагч Майкл Дэллийн "Play nice but win" номыг уншиж дуусгасан.
Киноны хувьд Мэтт Демоны фен.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав минь бага байхад "Аль болох мэдлэг хуримтлуул, мэдлэгийн баялаг цуглуул. Учир нь нэгэнт толгойдоо хийсэн эрдмийг хэн ч чамаас авч чадахгүй. Эдийг бол амархан булааж чадна шүү дээ" гэж хэлдэг байсан юм. Тухайн үед ойлгомжтой санагдаад тийм ч их тоодоггүй байсан ч амьдрал дээр гараад, олон хүний жишээг хараад л байхаар энгийн хэр нь яасан айхтар үг вэ гэж боддог.
Үнэхээр л цөөнгүй хүмүүст тохиолдож байсан зүйлсийг ажиглавал олон жил махарч зүтгэсэн ажлыг нь, хөрөнгийг нь өөр хүмүүс хэдхэн өдрийн дотор булааж чадаж байхад, сурсан юмтай, чаддаг ажилтай хүмүүс нь яаж ч унасан эргээд түүнийгээ нөхөөд олж авч чадаж байгаа нь харагддаг. Ийм болохоор сурсан юмтай, чаддаг ажилтай байх ёстойг сануулсан аавын үг хамгийн сургамжтай нь юм болов уу.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Алдарт хөрөнгө оруулагч Уаррон Баффет "Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол өөртөө оруулсан хөрөнгө оруулалт" гэсэн байдаг. Үнэхээр л ирээдүйн өгөөжөө үнэлбэл өөртөө, тэр тусмаа эрүүл мэнд, боловсролдоо оруулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө эргээд хэд нугарч өгөөжөө өгдөг.
Мөн технологийг ямагт сонирхож байгаасай. Бид өнгөрсөн үеийнхнээсээ хэд дахин хурдтай, тааварлашгүй ирээдүй бүхий цаг үед амьдарч байна. Энэ дунд шалгарч үлдье гэвэл яалт ч үгүй технологи түүний гарц нь. Мэдээлэл технологийн хувьсгал маш хурдтайгаар хиймэл оюуны хувьсгалруу чиглэж байна. Тиймээс өөртөө ямагт хөрөнгө оруулж, технологид цаг гаргадаг байхыг уриалмаар санагдлаа.