Бидний шинэ дугаарын зочноор Mazaal AI компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Энхболд оролцож байна. Эх орондоо ирсэн ахархан хугацаанд нь амжиж уулзах боломж бидэнд тохиосон нь энэ юм. 

Түүний хувьд 2013 оноос эхлэн хиймэл оюуны чиглэлээр мэргэшиж, гаднын зах зээлд туршлага хуримтлуулсаар 2023 онд өөрийн компанийг үүсгэн байгуулаад буй. McKinsey & Company-д ажиллаж байхдаа тэрээр томоохон байгууллагууд л хиймэл оюуныг утгаар нь ашиглаж, бизнесээ тэлж байгааг анзаарсан төдийгүй жижиг, дунд бизнес болон хиймэл оюун хөгжүүлэлтийн баггүй компаниудад хүртээмж муу байгааг ажиглажээ. Тийнхүү хиймэл оюуныг зөвхөн мэргэжлийн хүмүүст бус хүн бүрд илүү хүртээмжтэй болгох үндсэн зорилго дор Mazaal AI платформыг бүтээж, өдгөө монгол хэл дээрх хувилбараа хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Байршил: Мэдээлэл, технологийн үндэсний парк, 304 тоот
Эрхэлдэг ажил: Mazaal AI компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Hisense A9
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro M1
Сошиал хуудсууд: Enod Bataa (Facebook), 127.0.0.10 (Instagram), Enod Bataa (LinkedIn)

1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний хувьд ШУТИС-ийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн их сургуулийг сүлжээний инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 2011 онд Юнител группээс эхэлж, системийн инженерээр хоёр жил ажиллаад гадагшаа явж мэргэжил дээшлүүлэх шийдвэр гаргасан юм. Улмаар 2015 онд Тайванийн Засгийн газрын тэтгэлгээр Шиньжү хотын Үндэсний Цин Хуа их сургуульд хиймэл оюуны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, төгссөнийхөө дараа 2017 он хүртэл стартап компанид өгөгдлийн шинжээчээр (data scientist) туршлага хуримтлуулсан.

Тайванийн стартапын экосистемийг зах зухаас нь ойлгож, туршлагажиж байсан энэ үед Data Artist компанийн Япон дахь салбараас надад ажлын санал тавьсан юм. Би ч саналыг нь хүлээн авч, тэндэхийн гурав дахь монгол ажилтнаар карьераа үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд Дэнцү компанийн хиймэл оюун хөгжүүлэлтийн хэлтэст ажилласны зэрэгцээ Дэнцүгийн удирдлагуудад монголчуудынхаа чадвар чансааг хүлээн зөвшөөрүүлж, Монголд “Дэнцү Дата Артист Монгол” судалгааны төвийг байгуулахад хувь нэмрээ оруулж байв.

Үргэлжлүүлэн Японы ExaWizards компанид хиймэл оюун судлаач инженерээр ажиллаж, япон хэл дээрх анхны их хэлний загваруудыг (LLM) нь сургах, олон нийтэд open source (нээлттэй эх) байдлаар гаргах, турших ажилд гар бие оролцож байлаа. Мөн эрдэм шинжилгээний бүтээлүүд маань дэлхийн алдарт судалгааны хурал болох ACL-д уригдан, материалуудаа хэвлүүлж байсныг ч онцлууштай. Сонирхуулахад, тухайн үед энэ компани маань хараахан бүтээгдэхүүн гаргаагүй, зөвлөх үйлчилгээний стартап байсан бөгөөд би анхны бүтээгдэхүүнийх нь судалгааны үе шатнаас эхлээд бүтээгдэхүүн болж гарах хүртэлх бүхий л үйл явцад оролцож байсан. Тэдний хувьд анхны хөрөнгө оруулалтаа амжилттай татаж, өдгөө олон жилийн түүхтэй томоохон групп компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Япондоо хамгийн шилдэг хиймэл оюуны стартап компани болжээ.



2020 онд надад бас нэгэн гайхалтай үйл явдал тохиосон нь Австралийн McKinsey & Company-ийн хиймэл оюуныг хариуцаж ажилладаг Quantum Black-т ажиллах боломж олдсон явдал байв. Энэ завшааны ачаар би уул уурхай, боловсрол, санхүүгийн чиглэлийн S&P500 аж ахуйн нэгж компаниуд болон Австралийн Засгийн газарт хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Нэг ёсондоо хиймэл оюуны тухай чамгүй гадарладаг болсон гэх үү дээ.

2018 онд Японд ажиллаж байх хугацаанд хөгжүүлсэн бүтээгдэхүүнээс “Би чадах юм байна” гэх итгэлийг олж авсан гэж боддог. Цаашлаад McKinsey & Company-д байхад ажилласан төслүүдээс гүрэн дамнасан томоохон байгууллагууд л хиймэл оюуныг утгаар нь ашиглаж, бизнесээ тэлж байгааг анзаарсан төдийгүй жижиг, дунд бизнес болон хиймэл оюун хөгжүүлэлтийн баггүй компаниудад хүртээмж муу байгааг ажигласан юм. Ийнхүү олж авсан туршлага дээрээ үндэслэн бизнесүүдэд үйл ажиллагаагаа автоматжуулах, бүтээмжээ ихэсгэх, зардал болон эрсдэлээ багасгах зэрэг олон боломж, давуу талыг олгохоор 2023 онд Mazaal AI компанийг үүсгэн байгуулсан.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Австралид ажил, амьдрал эрт эхэлж, эрт дуусдаг. Миний хувьд өглөө ихэвчлэн 05:30-06:00 цагийн хооронд босоод аль болох цахилгаан төхөөрөмж, технологийн хэрэгсэлтэй ойр байлгүйгээр тухайн өдрийн ажлаа төлөвлөх, өглөөний цайгаа уух, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэх мэт хувийн ажлуудаа амжуулдаг дадалтай. Дараа нь оффис руугаа 15 минут унадаг дугуйгаар явдаг.

Ажил дээр очоод хамгийн түрүүнд бизнесийнхээ суурь үзүүлэлт, мэдээллүүдийг шалгаж, хэрэглэгчдээс ямар нэг санал, гомдол ирсэн бол тэдгээрийг шийдвэрлэдэг. Сонирхуулахад, эдгээр тайлан, мэдээллийг хүлээн авах, ангилан ялгах үйл явцыг Mazaal AI-ийн агентууд гүйцэтгэдэг юм.

Үүний дараа 09:00 цагийн үед багаараа босоо уулзалт хийнэ. Манай компани надтай нийлээд үндсэн дөрвөн ажилтантай. Хоёр нь Монголоос, нэг нь Иреландаас ажилладаг. Тиймээс заримынх нь хувьд өглөөний биш оройны уулзалт болдог гэсэн үг. Бид энэ хурлыг аль болох богино хугацаанд хийхийг хичээдэг. Хурал, уулзалт их байх тусам цаг үрэх гээд байдаг учраас үндсэн гурван асуултын хүрээнд буюу өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх, ямар нэг тулгарч байгаа асуудал байгаа эсэх агуулгын хүрээнд таван минутаас хэтрэхгүй мэдээллээ солилцдог. Хэрэв ажлаа явуулахад нь ямар нэг саад бэрхшээл байгаа бол удирдлагын зүгээс би тэдгээрийг шийдэж өгөөд, тодорхойгүй зүйл үлдээхгүйгээр ажлаа үргэлжлүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг юм.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би Австралид ирээд эхний гурван сар яг үнэндээ учраа олоогүй. Соёлын ялгаа, амьдралын хэв маяг, ажиллах арга барил гээд зүүний болон барууны ялгаа маш их байсан. Жишээ нь, Японд дунджаар өдрийн 12 цагаар ажилладаг, заримдаа амралтын өдрөөр ч ажиллах тохиолдол гарна. Харин Австралид өдөрт дунджаар зургаан цаг ажилладаг. Манай багийнхан, үйлчлүүлэгч, харилцагчид бүгдээрээ л ийм цагаар ажилладаг болохоор бага хугацаанд үр дүнтэй ажиллаж, үүнд нь дасан зохицох шаардлагатай болсон. Гол түлхүүр нь өөрийгөө үр дүнтэй ойлгуулах харилцааны чадвар бөгөөд үүн дээр анхаарч, энэ чадварыг өөртөө суулгаж чадсан.

Стартап компани удирддаг хүний хувьд хоёр зүйл дээр анхаарч ажилладаг. Нэгдүгээрт, алсын хараа, стратегиа сайтар тодорхойлох. Стартап компаниудын нэг сул тал нь үүсгэн байгуулж, удирдаж байгаа хүн нь аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд гацаа үүсгэх гээд байдаг. Бүх зүйл надаас хамааралтай байх нь тийм ч сайн хэрэг биш шүү дээ. Үүнээс зайлсхийж ажилтнуудаа чадавхжуулах нь чухал. Жишээлбэл, инженерүүдээ давхар борлуулалтын чадварт сургах гэдэг ч юм уу. Хоёрдугаарт, стартап бол хязгаарлагдмал нөөц учраас гаргаж байгаа шийдвэр бүр нь хамгийн оновчтой байх ёстой. Тиймдээ ч ажилтнуудаа сүүлийн үеийн технологийн бүхий л хэрэгслээр хангахыг хичээдэг.

Хувьдаа болон ажлын орчиндоо баримталдаг бас нэг арга барил нь боломжтой бүгдийг автоматжуулах. Арван минутаас дээш хугацаатай, байнга давтагддаг, гар ажиллагаа шаардаж байгаа бүхнийг л автоматжуулж, цаг хэмнэдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Гар утсан дээрээ Kindle-ээр ном уншдаг. Өдөржин компьютерын дэлгэц ширтдэг болохоор e-ink дэлгэцтэй утас ашигладаг юм. Нэг талаас сошиал медиа зэрэг цаг үрэх аппууд руу орох шаардлагагүй, нөгөө талаас хар цагаан дэлгэц нь цаасан номтой төстэй болохоор дуртай мэдээний сайтууд болон ном унших сэдэл өгдөг гэсэн үг. Мөн Audible-аар уншиж байгаа номоо давхар сонсох дуртай. Илүү сайн тогтоодог юм шиг санагддаг.

Ажил болон амьдралдаа Perplexity AI-ийг байнга ашигладаг. Сүүлийн үеийн их хэлний загварууд бүгд байдаг болохоор шаардлага хэрэгцээндээ тааруулаад хүссэнээ сонгон хэрэглэх боломжтой. Үүний зэрэгцээ интернэттэй холбогддог учраас өрсөлдөгчийн судалгаа харахаас эхлээд цаг үеийн хэрэгтэй мэдээллүүдээ авч чаддаг.

Ажлын орчинд ашигладаг, бусад компанийг ч мөн адил туршаад үзээсэй гэж санал болгох нэг апп нь Sunsama. Миний хувьд бүтээмж нэмэгдүүлэх бүхий л апп, программыг ашиглаж үзсэн гэхэд хилсдэхгүй. Эцсийн дүндээ энэ аппыг шимтэн хэрэглэж байгаа. Хувьдаа ч тэр, багаараа ч тэр ашиглахад тохиромжтойн сацуу бусад программтай интеграц хийж болдог нь их таалагддаг. Тухайлбал, GitHub дээр орж ирж байгаа хүсэлт, Gmail дээрх харилцагчдын цахим шуудангуудыг шууд зөөж оруулаад ажлын task болгож болно.

Товчхондоо олон апп руу үсчиж цаг үрэлгүй нэг апп дотор бүгдийг хийж болдог нь хамгийн том давуу тал.

Хэрэгслийн тухайд Meta-ийн Ray-Ban-ийг хэрэглэж байгаа. Гэртээ байхдаа чихэвч зүүгээд явах нь онцгүй учраас подкаст, аудио ном сонсохдоо ихэвчлэн ашигладаг. Мөн Amazon-ы Kindle Oasis-ийг тэмдэглэл хийх, төлөвлөгөө гаргах, зарим тохиолдолд ном уншихад ашиглаж байна.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хэд хэдэн арга бий. Нэн түрүүнд тухайн өдөр заавал хийх ёстой ажлуудаа эрэмбэлэн гаргаж, 2-3 чухал ажлыг заавал хийж дуусгахыг эрмэлздэг. Өмнө нь хэлсэнчлэн хурал уулзалтыг аль болох цөөн бөгөөд богино байлгавал үр дүнтэй.

Task-уудаа эрэмбэлж дууссаны дараа календарь дээрээ блокууд үүсгэдэг. Ингэснээр тухайн агшинд зөвхөн нэг ажилдаа анхаарч, гүн төвлөрөх боломжтой. Түүнчлэн бүтээмж нэмэгдүүлэх сүүлийн үеийн ямар л хиймэл оюуны хэрэгслүүд байна, бүгдийг нь туршиж, хэрэглэхийг нь хэрэглэдэг. Бас хийж байгаа ажлаасаа хамаараад Mazaal AI агентуудыг үүсгэн ажлыг нь хуваарилж, цаг хэмнэдэг дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Sunsama дээр долоо хоногоор нь төлөвлөдөг. Ер нь л баасан гараг бүр багаараа уулзаж, ирэх долоо хоногтоо юу хийх, юун дээр анхаарах талаар тухтай ярилцдаг юм. Мөн өдрийн төгсгөлд ажлын дараа тухайн өдрөө дүгнэдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Bouldering буюу хамгаалалтгүй хананд авиралтын спортоор хичээллэх дуртай. Энэ спорт биеийн бүх булчинг ажиллуулж, уян хатан чанар шаарддагийн зэрэгцээ төрөл бүрийн түвшний хананууд нь асуудал шийдэх чадварыг сайжруулдаг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Хиймэл оюуны чиглэлээр судалгаа хийдэг болон энэ чиглэлд ажилладаг гадаад болон дотоодын мэргэжилтнүүдээрээ нийлээд бид зун бүр Deep Learning UB Summer School-ээр сургалт явуулдаг. Энэ жилийнх зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулагдана.

Үүний зэрэгцээ Австралид ирээд тохирох ажлаа олж чадахгүй байгаа сайн мэргэжилтнүүд, дөнгөж ирсэн оюутнууддаа туслах зорилгоор Mongolian Aussie Connect коммьюнитиг үүсгэсэн. Бид уулзалт зохион байгуулж, өөрсдийн чиглэлээр воркшоп, сургалт орохыг хичээдэг. Жишээ нь хиймэл оюуныг хэрхэн үр ашигтай хэрэглэх, яаж CV-гээ бэлдэх, ажилд ороход юун дээр анхаарах зэрэг сэдвээр мэддэг чаддаг бүхнээ хуваалцдаг юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хиймэл оюун бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, цаашлаад ажиллах хэв маягийг маань орвонгоор нь өөрчилж байна. Урьд өмнө нь огт боломжгүй гэж бодож байсан зүйлс биеллээ олж, өмнөхөөсөө хэд дахин үр бүтээлтэй ажиллах боломжтой боллоо. Тиймээс бид энэ ажилд гар бие оролцож байгаагийн хувьд өдөр бүр утга учиртай, урам зоригтой ажилладаг.

Нөгөөтээгүүр, салбар маань маш хурдацтай хөгжиж байгаа. Өглөө бүр л хиймэл оюуны шинэ модель гарч ирж, өрсөлдөөн улам ширүүсэж байна. Ийм цаг үед бид энэ зах зээлд тунан үлдэх том сорилттой тулж байгааг нуух юун. Ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс ялгарах бидний гол давуу тал бол үйлчлүүлэгч байгууллагын дотоод журмыг ойлгодог, түүндээ суурилан шийдэл санал болгодог агентууд. Ажлынхаа ихэнх хувийг хиймэл оюунаар хийлгээд хянах, шалгах, зөвшөөрөх, шийдвэр гаргах үйлдлийг хүн өөрөө хийж болно. Ингэснээр хиймэл оюунтай хоршин ажиллах боломж бүрддэг учраас манай бүтээгдэхүүн энэ жишгээр дизайн, платформоо хөгжүүлж байгаа.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Дэлхий дахинд найман сая гаруй хэрэглэгчид хүрдэг (гэрээний дагуу нэрийг нь дурдаж болохгүй) вэбсайтаас манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож, нэвтрүүлэхээр сонгосон. Тэдний хувьд улиралд ердөө таван стартап сонгодог бөгөөд тухайн компанийн өмнөөс бүх маркетинг, борлуулалтын ажлыг гардан хийдэг юм. Урьдчилсан тооцооллоор 3000-4000 төлбөртэй хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг ашиглах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор саяхан бүх интеграцын ажлаа гүйцэтгэж дууссан.

Бид хиймэл оюуныг зөвхөн техник болон технологийн мэдлэгтэй хүмүүст бус хүн бүрд илүү хүртээмжтэй болгох алсын зорилготой. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай платформыг манай салбарынхан эсвэл тодорхой хэмжээний технологийн мэдлэгтэй хүмүүс түлхүү ашиглаж байна. Үүнээс үүдэн бид Mazaal Copilot нэмэлтийг танилцуулахаар бэлтгэж байгаа ба үндсэн санаа нь яг юу хиймээр байгаагаа хэлэхэд л өмнөөс нь автоматжуулах драфт орчныг үүсгэх юм.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Mazaal AI-ийн монгол хувилбар маань бэлэн болсон бөгөөд стратегийн хувьд түншлэх төр болон хувийн хэвшлүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж буйг дуулгахад таатай байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Технологи суурьтай стартап үүсгэн байгуулагчдын заавал эзэмших ёстой чадвар нь маркетинг, борлуулалт гэж боддог. Тэр ч утгаараа сүүлийн зургаан сарын хугацаанд энэ чадварт суралцаж, SEO, Lead Gen зэрэг дээр чамгүй ойлголттой болоод байна. Ялангуяа гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдэг нь тэрхүү зах зээлийн орчныг сайтар ойлгох чадвартай байх ёстой. Тиймээс миний хувьд ийм чадвартай байхыг эрмэлздэг.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ном унших дуртай ч амархан уйддаг төрлийн хүн болохоор олон ном зэрэг уншдаг. Сүүлд гурван ном зэрэг эхлүүлсэн. Тэдгээрийг санал болгоё. Эхнийх нь “The Courage to Be Disliked”. Гуравдагч өнцгөөс хоёр хүний яриаг харуулдаг нь таалагдсан. Дараагийнх нь стартаптай холбоотой “Influence: The Psychology of Persuasion” номыг уншаад үзээрэй. Хүний худалдан авах зан үйлийг шинжлэх ухаанчаар тайлбарладаг. Сүүлийнх нь “$100M Leads”. Танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүст ямар сувгаар, хэрхэн хүрэх тухай өгүүлнэ.

Дууны тал дээр Freddie Joachim-ийн хип хоп, жазз хольсон хөгжмүүдэд дуртай.

Киноны тухайд HBO-ийн White Lotus цувралын гуравдугаар улирлыг үзэж байгаа. Мөн удахгүй гарах The Last of Us 2-р улирал, Black Mirror 7-р улирлыг тэсэн ядан хүлээж байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бараг 13 жилийн өмнө Д.Энхбат гуайн нэг бичлэгийг үзээд сонссон үг санаанаас гардаггүй юм. “Чи 60 хүрээд өөрөөсөө нэг асуулт асууна. Энэ амьдралдаа хийхийг хүссэн зүйлээ хийсэн үү, үгүй юу? Хэрэв тийм бол чи хамгийн аз жаргалтай хүн. Үгүй бол чи харамсаж амьдарна.” гэж хэлж байсан. Яагаад Mazaal AI-ийг зоригтой эхлүүлэх болсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Стартап үүсгэн байгуулагчид болон компаниа байгуулах гэж буй хүмүүст хоёр санаа хэлмээр байна. Эхнийх нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ анхнаас нь зөвхөн Монголдоо гэж битгий хязгаарлаарай. Нэгэнт л үнэт цагаа зориулахаар шийдсэн бол гаднын зах зээл рүү тэлэх боломжийг нь харгалзан үзээд санаагаа хөгжүүлэх хэрэгтэй шүү.

Хоёрдугаарт, зах зээлээ сайтар судалж, хиймэл оюуны чадамж маш өндөр болсон энэ боломжийг алдалгүй барьж аваад, зоригтой хөдлөөсэй гэж хүсэж байна. Ийм цаг үе, боломж нөхцөл тэр бүр ойр ойрхон гараад байдаггүй шүү дээ.