Unread Media-ийн хамт олон UNICEF Mongolia, IWFCI Mongolia байгууллагуудтай хамтран ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах, уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome сошиал медиа аян (challenge)-ыг хамтран эхлүүлсэн билээ.

Сошиал медиа аяныг яагаад эхлүүлсэн тухай:
#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome challenge-ийг эхлүүлэх нь

Unread

#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ challenge-д оролцогч удирдах ажилтнуудын хариулт #1

Unread

Энэхүү аян маш амжилттай, эрчтэй үргэлжилсээр, олон олон байгууллагын захирал, удирдах ажилтнууд нэгдээд байна. Энэ удаа бид мөн адил өөрсдийн туршлагаас хуваалцсан 14 захирлын хариултыг нэгтгэн хүргэхээр бэлтгэлээ.

Авеникс партнерс хамтран үүсгэн байгуулагч Б.Солонго

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээсээ ажиллахдаа гол нь ажиллах тухтай орчноо бүрдүүлэх нь чухал санагдсан. Угаас оффис дээрээ хоёр дэлгэцтэй ажиллаад дадсан болохоор гэртээ ч мөн хоёр дэлгэцтэй ажиллаж үзэхэд ажлын бүтээмж төдийлөн буураагүй.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээс ажиллахад мэдээж сахилга бат, төвлөрч суухад тухтай орчин чухал юм билээ. Ажил дээр ямар орчинд ажилладаг вэ? Яг тэр орчноо гэртээ бүрдүүлэх гээд үзвэл үр дүнтэй ажиллахад илүү дөхөмтэй. Мэдээж хүн бүрийн ажиллах арга барил өөр учраас өөрийн бүтээмжтэй ажиллах цагийг зөв тооцоолж, нэг дор хэт ачаалал авалгүй тайван ажиллах нь чухал. Мөн гэртээ, хөдөлгөөн хязгаарлагдмал нөхцөлд ажиллаж байгаа учраас хөнгөн хооллох, биеийн чилээг гаргах дасгалуудыг хийж хэвшвэл үр дүнтэй.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Оффисийн хэрэглээний програмууд ашигладаг. Outlook-ээр имэйл харилцаа явуулахад төвөггүй байдаг. Zoom, Google hangouts, Starleaf програмуудыг ашиглаж онлайн уулзалт, хурлуудаа явуулсан. Zoom-ээр онлайн хичээл заахад санасныг бодвол хялбар байсан шүү.

IRIM судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Минжирмаа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Эхлээд анхаарлаа төвлөрүүлэх, гэрийн орчинд ажиллаж дасах, арга барилаа олох гэж нэлээд эргэлдсэн. Анхаарах, сатаарах зүйл ихтэй болохоор... Гэхдээ төвлөрөөд суугаад ирэхээр оффист сууж ажилласнаас илүү үр бүтээлтэй, бага цагт их ажил амжуулаад байх шиг. Цаашдаа энгийн үед ч долоо хоногийн нэг өдөр гэрээсээ ажиллаад байхад болохгүй зүйлгүй санагдсан.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Ажлын төлөвлөгөө, deadline-уудаа багтайгаа сайн тохирч, тогтмол холбогддог цагтай болох хэрэгтэй юм билээ. Мөн гэр бүлийнхэндээ хэдий би гэртээ байгаа ч гэсэн энэ бол ажлын өдөр, ажлын цаг шүү гэдгийг сайтар ойлгуулахгүй бол боломгүй. Бүр шаардлагатай үед хаалгаа түгжээд сууж болохоор байх хэрэгтэй

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Office 365, Outlook, Planner, Teams, Sharepoint ...

гүрүн академийн захирал Б.Даваасүрэн 

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Энгийн үед ажилдаа очихоосоо өмнө дасгалдаа явах, кофе уух гэх мэт дадалтай байсан. Тийм учраас гэрээс ажиллахдаа ч өглөөг хөнгөн дасгалаа хийж, кофегоо чанаж ууж эхлүүлээд, яг хуваарийн дагуу анхаарлаа төвлөрүүлээд ажлаа хийхэд харин ч сатааруулах зүйл байхгүй болохоор гүйцэтгэл сайжирсан. Цаашдаа яг чимээгүй орчинд төвлөрч суух ажлуудаа гэрээсээ хийж байя гэдэг шийдвэр гаргасан. Онлайн хурал хийх үеэр хүүхэд инээх, нохой хуцах гэх мэт өөр дуу чимээ орж ирэхээр биднийг нэг дэлхийтэй, ижил амьдралтай хүмүүс шүү дээ гэдгийг улам ойлгуулах шиг л санагдаж байлаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад, нэг нэг цагаар утсан дээрээ сэрүүлэг тавиад сэрүүлэг дуугартал яг тухайн ажилдаа төвлөрөх хэрэгтэй. Мөн уух ус, цай зэргээ бэлдээд хажуудаа тавьчихбал бүр зүгээр (гал тогоо дахин дахин эргүүлэхгүйн тулд). Ингээд төвлөрөөд ажиллаж чадвал оффист ажилласнаас илүү хурдан ажиллах боломжтой. Гол нь л анхаарлаа төвлөрүүлэх. Мөн ажлаа цагтаа дуусгаад сурвал зүгээр, орой үдэшгүй суугаад байвал дараа өдрийн хуваарь алдагдах магадлалтай.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Энгийн үед ч үргэлж Google Doc ашигладаг байсан учир хүмүүстэйгээ файлаа солилцох, хамтран засварлах зэрэг ажил хийхэд саад огт гараагүй. Ажлынхантайгаа хуралдахдаа Skype, Zoom ашигласан. Гадны түншүүдтэйгээ бол энгийн үед ч байнга Skype, Zoom ашиглаж хуралддаг байсан нь мэдээж өөрчлөгдөөгүй. Харин хүн бүр гэр гэрээсээ хуралдаж байгаа нь л өөр байлаа.

Оюу толгой ххк-ийн хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцааны тэргүүн зөвлөх: Э.лхагва

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Ажил амьдралаа холих дургүй хүн тул гэрээсээ ажилламааргүй байгаа... Гэвч дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт ажлын байрны ойлголт хүчээр өөрчлөгдөж байна. Магадгүй энэ том өөрчлөлт цаашдаа бидний ажлын шинэ арга барил болж үлдэж мэдэх юм. Нэгэнт бидэнд сонголт байхгүй тул чадах чинээгээрээ гэртээ ажлаа явуулах тайван орчин үүсгээд, хичээж байна. Гэр бүл маань ч намайг ойлгож дэмжиж байгаа. Гэрээсээ ажиллахад удаан хугацаанд босохгүй суух, харилцаа холбооны асуудал гарах үед тайван бус санагдах, илүү цагаар ажиллах сөрөг хандлагууд өөр дээрээ анзаарсан. 20-30 минут суугаад босож сунгалт хийх, болж өгвөл 12 удаа суниах гэх мэт дасгал хөдөлгөөн хийж байгаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Энгийн үед хэрхэн ажлаа явуулдаг, хэрхэн өөрийгөө ажлын долоо хоногтоо бэлддэг тэр дадлаа хэвээр хадгалж үргэлжлүүлэхийг олон хүн зөвлөж байна. Гүйдэг бол гүй. Алхдаг бол алх. Энэ сэтгэцийн эрүүл мэндэд их тустай гэж уншлаа.

Манай ажил өглөөний хурлаар эхэлдэг. Богинохон сунгалтын дасгалууд хийгээд аюулгүй ажиллагааны зөвлөмж хуваалцдаг. Түүний дараа тухайн долоо хоногийн ажилтай холбоотой голлох зүйлсийг бүтэн багаараа ярилцахыг хичээдэг. Гэрээсээ ажиллахдаа энэ бүхнийг өөрчлөөгүй. Өглөө, өдөр, орой ажлын цаг тарах үед гурван удаа багаараа хуралдаж мэдээлэл солилцдог хэвээрээ. Харин гэрээсээ ажиллахад сүлжээний найдвартай байдал, ухаалаг төхөөрөмжүүдийнхээ цэнэг, дата гэх мэт хувийн бэлтгэлээ хангахад анхаарлаа хандуулаарай. Хурлуудын үеэр камераа асааж баг хамт олноо харах харилцааг илүү сайжруулж амьд болгож буй санагдсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Dell Notebook, ажлын хувийн Iphone, Apple Earpods чихэвч. Оюу Толгойчууд бид Microsoft Outlook, Teams, Yammer, Cisco WebEX, Skype for Business ихэвчлэн ашигладаг. Дотоод сүлжээндээ холбогдохын тулд VPN хэрэглэнэ.

Unlimited media группын дэд захирал ж.хулан

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэртээ байхад сатаарах зүйл мундахгүй учраас хийх ажлаа тодорхойлж, task үүсгэж ард нь гарах нь чухал. Ер нь өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх нь л чухал байдаг.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Яг л ажилдаа мөрддөг хуваариа баримталж ажиллах хэрэгтэй байх. Өглөө босоод кофегоо уугаад, ажилдаа төвлөрч, өдрийн цайндаа цагтаа орж, дараа нь хүмүүстэй харилцах гэх мэтчилэн... Гэрээс ажиллахад нэг хүндрэлтэй зүйл нь хөдөлгөөн багасдаг учраас үе үе чилээгээ гаргаж, дасгал хийх нь тустай санагдсан. Мөн хэтрүүлж ажиллах хандлага байдаг, тэр нь дараа өдрийн бүтээмжид нөлөөлөх учраас ажлын цагаа л мөрдөх хэрэгтэй юм билээ.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Оффис хэрэглээний програмууд, сошиал медиа платформууд л байна даа. Зарим уулзалтаа WhatsApp, Zoom ашиглаж хийсэн.

SMS-Startup Marketing Space-ийн үүсгэн байгуулагч ж.Золзаяа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Бидний ихэнх ажлууд төсөл хөтөлбөрөөр дамжуулан олон нийтийн ажил, сургалт хийх, зөвлөгөө өгөх, олон хүмүүстэй уулзалт хийх байдаг. Миний хувьд оффис гэр хослуулан ажиллаж байгаа. Гэрээр ажиллахад олон хүмүүстэй уулзахгүй болохоор яг нэг зүйлдээ маш сайн төвлөрч хийхээс гадна нүүр будах, хувцсаа өмсөх, замын түгжрэлд өнгөрүүлэх зэрэг цагийг хэмнэж байгаа нь таалагдсан. Мөн эрүүл, гэрийн хоол идсэнээр дархлаагаа дэмжих, жин хасах асуудлуудаа шийдэж байна. Сул тал нь Netflix-ийн олон ангит кинонуудад автах, илүү унтах байлаа. Гэхдээ үүнийг зохицуулахын тулд цагийн менежментээ л сайн хийх хэрэгтэй санагдсан.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Цагийн хуваарь гаргаж ажиллаж үзсэн чинь үр дүнтэй болж байна лээ. Жишээлбэл, өглөө босоод өглөөний цайгаа уугаад, 30 минут дасгалаа хийгээд өдрийн хоолны материалаа бэлдэж, гэрээ жаахан цэгцэлсний дараа гурван цаг ажилдаа төвлөрч суугаад, утас болон цахим хэлбэрээр хурал уулзалтуудаа хийгээд, өдрийн хоолоо хийж иднэ. Үүний дараа жаахан завсарлаад 30 минутын зайтай онлайн уулзалтуудаа үргэлжлүүлэн хийж, ажлуудаа нэг нэгээр нь гараас гаргана. Мөн манайхан SMS Family дотроо карентины үед MotivationMonth чалленж хийж, жин хасах, эрүүлжих зорилгоор зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийсэн нь бие биенээ идэвхжүүлээд маш үр дүнтэй байсан шүү. Сүүлдээ бараг тэр чалленж уралдаан болчихсон.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Бид анх байгуулагдсан цагаасаа Сloud ажиллах зорилготой байсан учраас цахим ажиллахад хүндрэл бага гарсан. Компьютертээ бараг файл хадгалдаггүй, дундын файл дээрээ ажилладаг. Энэ нь маш эмх цэгцтэй, хэн хамгийн сүүлд юуг хийсэн нь тодорхой, ийш тийш файл зөөх, илгээх шаардлагагүй, зэрэг хаанаас ч ярилцаад бичээд хянаад явахад амар байдаг. G Suite, Google drive, Hangouts, Zoom, Viber, Facebook chat, Linkedin, Whatsapp ашиглаж байна.

ariunaa suri брэндийн үүсгэн байгуулагч с.ариунаа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрээс ажиллах нь бас сайхан тал ихтэй байна шүү. Хүүхэддээ илүү их цаг зарцуулж, аливааг зааж өгч, хаа нэг эрхлүүлж үнсэнгээ ажлаа хийнэ. Хувцаслах, нүүрээ будах, замд явах, ирэх гэх мэт хугацааг хэмнэж өөртөө илүү цаг зарцуулах боломжтой болж байна. Нуруугаа амраагаад иога хийчихнэ гэх мэт олон давуу талууд харагдаж байгаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээсээ ажиллахдаа энгийн ажлын өдрүүдэд ажилладаг хэмнэлийнхээ дагуу эрт босож, бүтээмжтэй байх нь чухал. Хийж болох ажлуудаа жагсааж бичиж байгаад л эхэлнэ дээ.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Цаас харандаа баллуур, laptop, гар утас байхад л болоод байна дөө. Өөр юм хэрэг болбол ажлаараа нэг орохдоо аваад ирчихдэг.

өгөөж чихэр боов ххк-ийн ерөнхий захирал с.түмэнгэрэл

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

COVID-19 цар тахал гарснаас хойш Монгол улс маань урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч, өдгөө бараг гурав дахь сардаа бид хөл хорионд байна. Энэ хугацаанд уг цар тахал дэлхий даяар тарж, ихэнх улс орнуудыг сэтгэл зүй, санхүү, эдийн засгийн маш хүнд байдалд оруулжээ. Манай компанийн хувьд УОК-ийн тогтоолын дагуу 0-12 настай хүүхэдтэй эмэгтэйчүүддээ чөлөө олгож, хурал гэх мэт ажлын үйл явцаа цахим хэлбэрт шилжүүлсэн. Үнэхээр яах ч аргагүй үйлдвэрлэлтэй холбоотой ажилтнуудаа ариун цэврийн дэглэмийг сайтар сахиулж, цэвэрлэгээ ариутгалаа тогтмол хийж, маск, болон ариутгалын бодисыг үнэ төлбөргүй тарааж, зөвлөгөө зөвлөмжийг ухуулан таниулж, санамж зурагт хуудсыг бүхий л газар өлгөж, өдөр бүр бүх ажилчдын халууныг үзэж, тэмдэглэл хөтлөн ажиллаж байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Байгууллагууд хямралын энэ үед төлөвлөгөөгөө хэд хэдэн вариантаар зохиож, зардал, орлогын төсөөлөл, төлөвлөгөөгөө зөв тооцож, зүй зохистой хэмнэлтийн горимд шилжих, эсвэл бизнес моделио зоригтой өөрчлөх, бусадтай хамтарч ажиллах, мэдээллээ солилцож дутуугаа нөхөж дундуураа дүүргэх, харилцан ялна гэсэн зарчим барих хэрэгтэй байна. Мөн бэлэн мөнгөний урсгалаа зөв тооцох, бэлэн мөнгө бол хаан гэдгийг үргэлж санаж ажиллан, бүх нөөц боломжоо эргэж харах, ажиллах зарчмаа тохирох, ажилтнуудаа хайрлаж, аль болохоор халахгүй байхад анхаараасай. Ажилтнууд ч гэсэн сэтгэлээсээ ажиллаж, хариуцлагатай байж, хамтын хүчээр энэ хүнд цаг үеийг давж гарах хэрэгтэй шүү.

Анрид медиаг хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий редаКтор Д.Ганзориг 

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Зарим талаар хэмнэлттэй амар байсан ч зарим талаар нэлээн сатаарч байсан. Ажиллах тухтай орчин бүрдүүлэхийн сацуу хийх зүйлсээ нарийн цагаар төлөвлөж байх хэрэгтэй санагдсан шүү.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Манай ажлынхан зайнаас ажиллахдаа оффис дээр 10 цагаас босоо уулзалт хийдэг шигээ Skype-даа 10 цагаас цуглан ярилцаж, мөн 16 цагийн үед дахин цуглаж юун дээр ажиллаж байгаагаа хуваалцаж байлаа. Зайнаас ажиллахад сахилга бат, харилцаа холбоо гэсэн хоёр зүйл нэн чухал тул ингэж хоёронтоо цуглах нь үр ашигтай ажиллахад их нэмэртэй юм билээ. Энэ аргыг бусдад ч бас санал болгоё.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Манайхан чатаа Slack-аар, төлөвлөлтөө Trello дээр хийдэг. Видео дуудлагаа Skype-аар хийж байсан.

innov style үүсгэн байгуулагч, захирал о.энэрэл 

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Завгүй амьдралын хэмнэлд орсон байсан бид эдгээр бэрхшээлтэй өдрүүдийг боломж болгон ашиглахыг хичээж байна. Гэр бүл, хүүхдүүддээ анхаарал тавьж, өөрийгөө хөгжүүлэн, амралтын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрүүлж, үүнийгээ дадал болгохыг хичээж байгаа. Давуу талуудаа дурдвал ер нь л маш их.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Мультитаскинг буюу олон төрлийн ажлыг зэрэг хийх чадварууд шаардагдаж байгаа.

Аз жаргал энгийн зүйлсээс, одоо байгаадаа талархах сэтгэлээс эхэлнэ. Бидний талд үргэлж байж, урам зориг, дэмжлэг өгдөг хайртай гэр бүлдээ талархая. Хийх ажилтай байх сайхан... Хамтран ажиллаж, суралцах сайхан хамт олон, байгууллагууддаа талархая. Өнөөдрөөс эхлээд аз жаргалаар дархлаагаа дэмжье!

VMLY&R Mongolia - п.туул

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Бага насны хүүхдүүдтэй учир аливаа уулзалт, заавал хийх ёстой ажлуудаа аль болох урьдчилж төлөвлөх, ажилтай үеүддээ хүүхдүүдээ хэрхэн саатуулж, зохицуулах вэ гэдгээ зөв зохицуулахын чухлыг ойлгосон. Мөн ажил-амьдралын блансаа барих, хүүхдүүддээ тавих анхаарлаа бууруулалгүйгээр ажлын цагтаа багтаж ажиллах, хүүхдүүдтэйгээ байх цагаа бүтээлчээр өнгөрөөх нь хүүхдүүдэд маань ч, надад ч маш хэрэгтэй байлаа. Мөн хамт ажиллагсдын асуултуудад дор бүр нь хариулах нь харилцааг амьд байлгаж, түргэн шуурхай ажил явахад чухал санагдсан шүү.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэртээ үр дүнтэй ажиллахад хамгийн гол нь зөв төлөвлөлт. Хүүхдүүдийнхээ өглөө, өдрийн цай ундыг нь хийж өгөхийн хажуугаар ажилтнуудтайгаа онлайн уулзалтуудаа хийнэ гэдэг эхний үед маш хэцүү байсан. Тиймээс маргаашийнхаа ажлууд, хүмүүстэй ярилцах онлайн уулзалтууд, заавал хийх ажлуудын хугацааг урд өдөр нь calendar-таа зоогоод, эдгээр цагуудад аливаа зүйлд сатаарахгүйгээр ажилдаа чанартай цаг зарцуулахыг хичээж ажилладаг.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Microsoft O365, MS Teams, Project Management-ийн “Цагийн хүрд” систем, WPP, Kantar, VMLY&R-ийн дотоод систем, зарим нэг FB Workplace, банкны онлайн системүүд, нөүтбүүк, тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал, бас утас. MS Teams-ийн хувьд онлайн уулзалтууд хийх, мөн багийн ажлуудыг дундаа хуваалцаж, засварлах, хамтдаа ажиллахад маш өргөн боломжтой хамгийн үр дүнтэй хэрэгсэл маань гэж үзэж байгаа. Online хуралд олуулаа оролцож байгаа үед ярьж байгаа хүнээс бусад нь аудио-оо mute хийх нь орчны чимээ орж ирж саад болгохоос сэргийлж, ажил хэрэгч орчинг бүрдүүлдэг юм шүү. Project management-ийн бидний дотоодын “Цагийн хүрд” систем маань хүмүүсийн ажлын ирцээс эхлээд, аливаа төсөл дээр хүн хэдэн цаг ажиллах, ажиллаж байгаа, одоо хэдэн цаг ажиллах ёстой гэх мэт манай байгууллага шиг хүн цаг дээр суурилсан компанийн хувьд үйл ажиллагаагаа үр дүнтэй удирдахад байнгын хэрэглээ болдог.

Unitel Group маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
Технологийн хөгжил биднийг зайнаас ажиллах бүхий л боломжоор хангаж байхад бид өөрсдөө л үүнд суралцах ажил үлдэж байна. Миний хувьд бүтэн гэрээсээ ажиллахад багаа зайнаас удирдах хамгийн “challenging” байна. Хүмүүстэйгээ байнгын харилцаатай байх, зөвлөмж өгөх, мотивацлах, хүндрэлтэй асуудлуудыг шийдэх гээд бүх зүйлийг зайнаас хийнэ гэдэг эхэндээ үнэхээр бэрхшээлтэй санагдсан.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Саяхан дахиад маматай болсон учраас миний зөвлөгөө илүү “working moms”-д тохиромжтой байж магадгүй. Өглөө бүр тухайн өдрийнхөө ажлуудыг жагсааж тэмдэглээд, хуваарь гаргах хэрэгтэй. Яг хуваарийн дагуу хийх магадлал бага ч гэсэн жагсаасан ажлуудаа дуусгах нь “routine”, зохион байгуулалтыг бий болгодог. Хүүхдүүдийн өдөр ба оройн унтлагын цаг буюу ганцаараа ажиллах цорын ганц боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Миний хувьд тусдаа оффисийн өрөө байхгүй бас хүүхдүүд маань яг л сүүдэр шиг дагадаг учраас хүүхдүүдээ түр сатааруулах бүх л зүйлийг ашигладаг. Бүр болохгүй үед яалт ч үгүй iPad хэрэглэчихдэг. Иймд хүмүүстэй хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Мөн “Interruption” буюу урьдчилан төлөвлөх боломжгүй саатал гарахад сэтгэл санааны хувьд бэлэн байх их чухал санагдсан. Юу эс болох вэ дээ. Гэрээс ажиллахад богино хугацаанд бүтээмжтэй ажиллахад суралцдаг юм байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Гар утсаараа бараг ажлынхаа 80 хувийг амжуулж байна мөн зөөврийн компьютер, MS Teams болон зарим аппууд.

Хөгжлийн Эдийн Засагч д.энхжаргал

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
1. Цаг мөнгө хэмнэж, түгжрэлийн стрессээс салж байна. Ажилд явах, хуралд бэлдэх, хувцсаа сонгож, нүүр будах гэх мэт цагийг илүү чухал зүйлд зарцуулах боломжтой болсон. “Гэр бүлийн Санхүүгийн боловсрол олгох” ажилд минь гэр бүлийн гишүүд принтэрлэх, цаас үдэх, цэгцлэх, шивэх гэх мэт ажлуудад тусалж байгаа шүү. Ер нь гэр бүлийнхэн маань ажлыг минь илүү сайн ойлгож мэдэж хүндэлдэг болсон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Гэрийн тэжээвэр амьтнаа ажлын ширээнд саад учруулахгүйгээр зохицуулах хэрэгтэй.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Workchat, Workplace, Microsoft teams, Zoom

Их эрин холдинг захирал э.Мөнхзул

Зураг дээр 1-р ангийн хүүхдээ хажуудаа суулгаад хичээлийг нь хийлгэнгээ ажлаа хийж буй ширээ.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
Үнэнийг хэлэхэд энэ долоо хоногийг хүртэл ажил дээрээ очиж суухгүй л бол төвлөрч чадахгүй байх шиг санагдаад, ажил руугаа гүйчихээд байлаа. Хэсэг хугацааны дараа энэ нь зөвхөн миний л дадал байж гэдгийг ойлгоод өөрчлөлт хийх гэж хичээж эхэлсэн. Энэ уриалгад нэгдсэн олон хүмүүсийн зөвлөгөөг харснаар ТОМ СУРГАМЖ, туршлагууд авч байгаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Гэр бүлийн гишүүд бүгдээрээ нэг зэрэг хуваарьтайгаар ажил болон хичээлээ хийж, зэрэг завсарлага аван амарч, эргээд бүгд ажил хичээлдээ орох нь бие биедээ саад болохгүй, анхаарал сарниулахгүй сайн талтай байна.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Багийнхантайгаа ажиллахдаа Slack, Click Up ашигладаг бол, орон нутаг болон төслүүдээ тус бүрээр нь Фэйсбүүк групп чат үүсгээд цаг алдалгүй бүгд мэдээлэл солилцоод явахад маш хялбар болж байна. Мэдээж имэйл, утсаа байнга ашиглана.

АЯНЫГ БУУХИАЛАХ ДҮРЭМ

Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг платформууд дээр гэрээсээ ажиллаж буй өөрийн зургийг юм уу гэрт ажилладаг орчныхоо зургийг хуваалцан, доорх 3 асуултад товч хариулах бөгөөд #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome хаштагууд болон UNICEF Mongolia, IWFCI, Unread пэйжүүдийг mention хийнэ. Тэгээд төгсгөлд нь дараагийн удирдах ажилтан, менежерийг аянд дуудах юм.

Асуултууд:

1. Гэрээс ажиллаад авсан сургамж?

2. Гэртээ яаж үр дүнтэй ажиллах вэ?

3. Гэртээ ажиллахдаа юу юу ашигладаг вэ?