Unread Media-ийн хамт олон UNICEF Mongolia, IWFCI Mongolia байгууллагуудтай хамтран ажил олгогчид, бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа гэрээсээ ажиллах, уян хатан ажиллах бололцоог олгохыг уриалан #БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome сошиал медиа аян (challenge)-ыг хамтран эхлүүлсэн билээ.

Сошиал медиа аяныг яагаад эхлүүлсэн тухай:
#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ #WorkingFromHome challenge-ийг эхлүүлэх нь

Unread

#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ challenge-д оролцогч удирдах ажилтнуудын хариулт #1

Unread

Энэхүү аян маш амжилттай, эрчтэй үргэлжилсээр, олон олон байгууллагын захирал, удирдах ажилтнууд нэгдээд байна. Энэ удаа бид мөн адил өөрсдийн туршлагаас хуваалцсан 11 захирлын хариултыг нэгтгэн хүргэхээр бэлтгэлээ.

эрхэс монголиа ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэр бүлээрээ хамт байж, хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж сурч байна. Өглөө гараад орой ирдэг байсан цаг үеэ бодохоор, гэртээ ажиллахад ямар их бүтээмжтэй байж болдгийг харж байгаа. Хүүхдүүдтэйгээ хамт өдөр бүр өөрийн гараар хийсэн эрүүл хоолоо хийж идээд, эрүүл амьдралын хэв маягт орж байгаагаа мэдрэх болсон.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Ес, долоо, таван настай хүүхдүүдтэй хамтран ажиллахын тулд богино хугацаанд асуудлыг хурдтай шийдэж, аль болох үр дүнтэй ажиллахыг хичээж байна. Мөн өөрийн гэсэн ажлын орчинг бүрдүүлж, ажлынхаа дундуур дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь илүү үр дүнтэй ажиллах хослол болж байгааг анзаарсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Харилцагчтайгаа харилцах, баг хамт олондоо ажлын даалгавар үүсгэх зэрэгт Эрксис програмаа ашиглаж байгаа бол хурдтай чат харилцаанд Rocket Chat гэх нээлттэй эхийн програм хангамжийг ашиглан чатлах, видео аудио яриа, цахим хурал зэргээ хийдэг.

Шинэ Эрүүл Амьдрал ТББ ын гүйцэтгэх захирал Л.Шинэцэцэг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Виртуалд оффислож, зайнаас ч үр дүнтэй ажиллах бүрэн дүүрэн боломж бидэнд байгаа нь харагдлаа.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Бүхнийг хамтдаа л хийнэ гэдэг бага насны хүүхэдтэй учир ажлын өдөр ч гэсэн хамт тоглох, хүүхэлдэй үзэх, зураг зурах, хажууд нь зүгээр л сууж асуудлыг нь сонсох гээд төлөвлөгөөгүй “ажил” их гарна. Хоол унд бэлдэнэ гээд л ээжүүд ер нь завгүй шүү дээ. Иймд гэрээс ажиллах үед цагийн хуваарь буюу дүрэм тогтоогоод, хүүхдийнхээ бүтээлч ажлын төлөвлөгөө гаргачихсан (баримлын шавар, цаас, цавуу, даавуу, элс гээд хэрэгтэй бүхнийг бэлдээд нөөцлөөд тавьчихсан) байхад хаос үүсэхгүй санагдсан. Долоо хоногийн ажлын зорилгоо, өдөр өдрийн ажлын жагсаалтаа тодорхой гаргасан байхад өөрт олдох цагийг үр дүнтэй өнгөрүүлэх бүрэн боломжтой.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Манай медиа баг саяхан бага ангийн сурагчдад зориулж танин мэдэхүйн Babuka & Friends гэх шинэ сэтгүүлийг бүтээж, уншигчдад хүргэсэн юм. Хамгийн сонирхолтой нь, энэ ажил яг хөл хорионы хугацаатай давхцсан учир үнэндээ би багийнхаа зарим шинэ уран бүтээлчидтэй одоог хүртэл нүүр тулан уулзаж үзээгүй л явна. Гэсэн ч бид сайхан гар нийлж, бүтээлч ажиллаж чадаж байгаа. Хоорондоо гол төлөв утас, мессенжер, Google Drive-аар холбогдож, ажлын явцаа MindMap-аар тайлагнаад явж байна.

тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, уран зохиолын орчуулагч Б.баясгалан

Гэрээс ажиллахын тухайд хамгийн арвин туршлагатай хүмүүсийн нэг нь би байж ч мэднэ. Карантины өмнө ч гэрээс ажиллах гэдэг миний хувьд тун энгийн зүйл байлаа. Карантины дараа ч тийм л байх болов уу. Миний хувьд гэртээ тусдаа ажлын өрөөтэй, түүн дотроо өдөр ч, шөнө ч "сууж" л байдаг хүн.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэр, ажлын байр хоёрынхоо ялгаа зориулалтыг маш сайн ухамсарлахаас ажлаа эхлэх хэрэгтэй. Гэр гэдэг хүмүүсийн хамгийн тааваараа, өөрийнхөөрөө байх орчин тул таны гэрээсээ ажиллаж буй нь гэр бүлийн бусад гишүүдэд дарамт, дагах ёстой шинэ дүрэм журам болох ёсгүй. Иймийн тулд би та нараас болж.., би ийм юм хийх гэтэл та нар ингээд... гэх мэт гомдол, цухалдал аль болох бага өрнүүлэх байдлаар ажлаа зохицуулаарай!
Ингэмэгц ихэнхи хүмүүс гэр бүлийн гишүүдийг унтаж байх үеэр буюу шөнө ажиллахыг сонгодог. Гэвч энэ нь таны нойрны болон эрүүл мэндийн дэглэм, амьдралын хэмнэлд хэрхэн нөлөөлөхийг ч бодолцох хэрэгтэй. Би хувьдаа ихэвчлэн шөнөөр ажилладаг ч, үүнээс үүдэлтэй нойргүйдэл болон бусад асуудлыг одоо ч даван туулсаар явна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Бага багаар олон удаа гэдэг эрүүл хооллолтын дүрэм гэрт ажиллах цагаа хуваарилахад яг тохирох юм шиг санагддаг. За, таван имэйл биччихээд аяга цай ууж, хүүхдээ юу хийж байгааг харж, ойр зуурхан ажил амжуулж байгаад орж ирээд гурван параграф засна гэх мэт. Энэ нь таны нүд, бие эрүүл мэндэд ч сайн. Сайтар бодно гэдэг сайтар хийсний хагас нь. Ажлаа жижиглээд дундуур нь амьдралаа аялуулж байхдаа юу хийхээ сайтар бодож болно. Хамгийн аятайхан санаанууд аяга угааж зогсоход, цай ууж суухад орж ирдэг шүү.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Оффис хэрэглээний програмууд, сошиал медиа платформууд байна. Бас цэв цэвэрхэн өрөө, маш замбараагүй бичгийн ширээ. Бүх юмыг нь өрж эмхэлсэн бичгийн ширээ нэг л тухгүй, хиймэл санагдаад ажиллаж чаддаггүй. Bookstand буюу ном дэлгэгч, бичгийн цаас тогтоогч тавиур бол амин чухал хэрэгцээ болдог. Эцэст нь Виржиния Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө"-г уншаарай! Гэрээсээ ажиллагчийн манифесто шахуу юм даа. Өөрийн гэсэн өрөө яагаад чухлыг дотор нь ажиллаж үзэж байж л мэддэг шүү!

unread media-ийн хамтран байгуулагч А.ундрал

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?
Гэртээ суухад энергийн менежмент их чухал юм гэдгийг ойлголоо. Ялангуяа ор, хөргөгч, зурагт "ойрхон" байхад ажлуудаа зөв эрэмбэлж, нозоорох, уйдах зэргээс зайлсхийх хэрэгтэй юм байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
Шинэхэн аав, эрх муурны эзний хувьд олдож байсан сул цагаа байнга л хамгийн бүтээмжтэйгээр ашиглахыг эрмэлзсэн. Хүүгээ унтаж байх үед нь ядаж гурван мэйл явуулах, хооллож байх үед нь контент драфтуудаа амжиж гаргах гэх мэт. Гэрийн үүргээ ч ажлынхаа нэг хэсэг болгож, тэр ачааллаа бүтээмжтэй байх хөшүүргээр ашиглан тултал нь төвлөрөх нь зөв гэж бодлоо.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Unread Media-ийн хувьд Slack, Trello, Google Drive-ийг ашигладаг. Харин видео дуудлагадаа Skype ашиглалаа.

өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд тбб-ын хамтран байгуулагч а.анударь

Үнэнийг хэлэхэд үүнийг бичиж байхдаа ажил дээрээ сууж байна. Миний хувьд анхнаасаа л их хайбрид ажлын хэмнэл, орчинтой байсан хүн л дээ. Гэртээ үндсэн ажлаа хийх, "халтуур" хийж суух, хичээл хийж (номын санд сууж чаддаггүй байсан) суух гээд гэрт ажиллахын зовлон жаргалыг энэ хөл хорионоос өмнө ч бага сага мэддэг байсан. Ер нь бол гэртээ ажиллах дуртай. Гэхдээ л над шиг унтлагын өрөөндөө ажилладаг хүнд ороо мартах гэдэг бас л том сорилт л доо.

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Гэрт суухад цагийн баримжаа алдагдаж, нойр хоолоо мартдаг тал бий. Шөнөөр сууна, хэт удаан сууж чилнэ. Сургамж нь наад захын гурван дасгалтай болох... Энэ мэтчилэн үүр цайлгаж орондоо ороод, унтсан ч үргэлжлүүлээд л ажлаа зүүдэлдэг, амарсан болохгүй. Тийм болохоор ширээнээсээ босоод шууд унталгүй, хэсэг өөр юм хийж эсвэл бодлоо өөр зүйлд шилжүүлж байгаад унтдаг.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Өөрөө хоолоо хийх. Идэхдээ хоолондоо бүрэн анхаарч, амрах хэрэгтэй. Ингэх нь эрүүл мэндэд ч тустай. Ажлын үр дүн бол deadline буюу хийж дуусгах хугацаа нь тодорхой үед л гардаг юм шиг санагддаг.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Компьютер, үндсэн хэрэглээний програмууд, чихэвчтэй байхад л болдог доо. Уйдсан үед дуу хөгжим... Гэхдээ дандаа биш.

Urban jeans брэндийн захирал Д.тунгалаг

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Миний хувьд өдөр бүр ажил дээрээ, эрч хүчээр дүүрэн залуучуудыг харж, шинэ сонин санаануудыг нь сонсож, үйлдвэрийн чимээн дунд ажиллах дуртай. Үнэндээ гэрээсээ ажиллана гэдэг тийм сайхан санагдахгүй байсныг нуухгүй ээ. Гэвч ажлын онцлогоос хамаараад биечлэн гүйцэтгэх шаардлагатай ажил биш л бол заавал ажил дээрээ очиж ажлаа хийх ёстой гэдэг сэтгэхүйгээсээ салах цаг үе ирсэн байна. Би ч гэсэн энэ байдалд өөрийгөө дасгаад явж л байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Гэрээс ажиллахаар илүү төвлөрч, үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг юм байна. Түгжрээнд зарцуулдаг цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх боломж гарах болсон. Мөн манай компанийн залуус тус тусын ажил мэргэжилдээ туршлагажаад, хөндлөнгийн заавар зөвлөгөөгүйгээр бие даан ажилладаг болж байгаа нь гэрээсээ ажиллах хамгийн том давуу талыг бий болгож байгаа.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Интернет, үүрэн холбоо гэж том буян юмаа. Бодоод байхаар би зөвхөн ажил дээрээ л ажлаа хийдэггүй, бусад үед ч байнга л ажлаа бодож явдаг байсан юм билээ.

Asteriks technologies компанийн үүсгэн байгуулагч ц.өнөржаргал

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Манай компани Od ERP системээ өөрсдөө ашигладаг болохоор гэрээс шилжиж ажиллахад бэрхшээл харьцангуй бага тулгарсан. Хоёр сар гэрээс ажиллаж үзсэний эцэст манай компани чөлөөт байршил, цагийн хуваарь руу эргэлт буцалтгүй орох шийдвэр гаргасан байгаа.
Тиймээс цаашид том оффисын хэрэггүй болж түрээсийн зардлаа багасгаж, ширээ сандал, шүүгээ, процессоруудаа зарж, ажилтнуудаа нөүтбүүктэй болохыг дэмжиж, нөүтбүүкнийх нь түрээсийг сар бүр төлөх замаар нүсэр компьютеруудаас салснаас гадна оффисоо co-working space байдлаар тохижуулахаар шийдээд байна.
Чөлөөт хуваарьт дасаагүй зарим ажилтнуудын маань бүтээмж буураад байх шиг санагдсан тул тийм хүмүүсээ ойр ойрхон гүйцэтгэлийг нь шалга бүтээмжтэй цагаа олоход нь туслах хэрэгтэй байгаа. Мөн зайнаас ажиллахад дунд шатны менежерүүдийн ажилтнууддаа тавих хяналтыг улам ойртуулж, төлөвлөгөө гүйцэтгэлийг нь нямбай гаргаж өгөх шаардлага гарч ирсэн. Бид технологийн компани хэрнээ л өмнө нь онлайн уулзалт ийм хялбар, тухтай байж болдгийг мэддэггүй байсан юм билээ.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Хувийн зохион байгуулалтын хувьд:

  • Өглөө бүр эхлээд календариасаа хэзээ ямар уулзалттайг харна, тэгээд хийх ёстой ажлуудаа урьтаж тавиад ажилдаа ордог.
  • Шууд дуусах боломжгүй урт хугацааны төслүүдийн хувьд ажлаа жижиглэж хуваагаад өдөрт заавал нэг нэгж ажил хийсэн байхыг эрмэлздэг.
  • Яг бүтээмжтэй байдаг цагаа олоод тэр цагаа бусдаас харамлаж сурах хэрэгтэй санагдсан. Тэр цагтаа төвлөрч ажиллаж чадвал энгийн үед зарцуулдаг цагаа бараг хоёр дахин хэмнэж чаддаг.
  • Миний хувьд гэртээ яг төвлөрч суугаад ажил гараас гаргах хэрэгтэй бол “Бүгэх өрөө” рүүгээ орчихдог. Бүгэх өрөөнд ямар ч онлайн хурал хийхгүй, видео үзэхгүй зөвхөн төвлөрөөд дээд хурдаараа ажиллана гэсэн дүрэмтэй. Тэгээд дуусахаас нааш гарч ирэхгүй гэсэн зорилт тавьдаг. Мөн энэ өрөөндөө өдрийн ном уншлагаа хийдэг байх дадал суулгахыг хичээж байгаа.
  • Хурал уулзалт хийх бол арай гэрэлтэй чимээтэй өрөөндөө орж ирдэг.
  • Гэртээ байсан ч яг цайны цагтаа өдрийн цайгаа уухыг эрмэлздэг.
  • Шийдэл гаргахдаа чимээгүй газарт орж, самбар дээр зурж, дүрсэлж бодвол миний хувьд үр дүнтэй байдаг.
  • Завсарлахдаа яг үргэлжлүүлээд хийхэд амархан хэсэг дээрээ зогсвол эргээд ажилдаа ороход илүү хялбар байдаг.
  • Гэрийнхнээсээ хуралтай үед чимээгүй байх, ТВ үзэхгүй байх, өрөөнд орж ирэхгүй байхыг хүсэж, тохиролцоо хийх шаардлага гарсан.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Шийдэл гаргах, төлөвлөх, мөрөөдөх зэрэгт цагаан самбар эсвэл iPad-ийг, ажилтан хаана явааг харахдаа Zenly-г, онлайн хурал хийхдээ Skype-ийг, файл хадгалахдаа Owncoud-ийг, код менежментээ Gitlab-аар, хувийн бүх тэмдэглэлдээ Notes-ийг хэрэглэдэг.
Харин Od ERP-гаа ажлынхантай чатлах, зар мэдээ түгээх, уулзалт, хурал товлох, санхүү, мөнгөн хөрөнгө, авлага, өглөгөө хянах, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлүүдийг хянах, сарын ажиллагсдын KPI батлах, цалин бодох, сэжим, борлуулалтаа харах, амралт, чөлөөний менежмент хийхдээ ажилладаг.

Денк Фарм компанийн захирал Г.Энх-Амгалан

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Манай байгууллагын ажилтнууд ихэнх нь бага насны хүүхэдтэй учраас гэрээс ажиллах горимд Монгол улсад COVID-19 вирус бүртгэгдэхээс өмнө буюу хоёрдугаар сарын сүүлээр шилжсэн. Одоо хоёр дахь сардаа ажиллаад шинэ туршлага, давуу сул талуудыг олж нээгээд л явж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээс гурав хоногийн өмнөөс хэрхэн гэрээс ажиллах талаар багийнхантайгаа ярилцаж бэлтгэсэн. Миний хувьд гэрээсээ ажиллах үед байн байн хөргөгч рүүгээ явах, Netflix-ээр олон ангит кино эхлүүлээд binge watching хийж, шөнөжин үзэж нойр алдсан зэрэг хэдэн бэрхшээлтэй, сул талуудтай тулгарсан.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Үр дүнтэй ажиллахын тулд Pomodoro technique (саяхан уншсан номноос энэ санааг авсан) гэх анхаарал төвлөрүүлэх аргачлалыг туршиж эхэлсэн. Утасныхаа дууг хааж, өөрөөсөө хол тавиад, 25 минутын сэрүүлэг тавин тэр хугацаандаа зөвхөн нэг ажилд анхаарлаа төвлөрүүлнэ. Ингээд 25 минутын сэрүүлэг дуугарсны дараа 5 минут завсарлана. Тэгээд дараагийн блок 25 минут руугаа орж, ээлжит төвлөрөх ажилдаа шилжинэ. Энэ арга их дажгүй санагдсан тул багийнхандаа бас санал болгосон.
Мөн бие нозоорох, залхуу хүрэн, бүтээмж нэг л муутай болоод ирвэл хэдийд ч хамаагүй урт богино хугацаагаар иог эсвэл дасгал хийхэд сайхан сэргэлт авчихдаг. Энд тэнд дэлгээд тавьчихсан номнуудаа хэсэг барьж аваад уншихад толгойд гоё санаа орж ирдэг. Хойш тавьж, хүрч чадахгүй л яваад байсан ажлууд (илүү цаг гарч буй тул) руугаа шууд орох, сонирхолтой бусад онлайн сургалтуудаа авах, хоббигоо хөгжүүлэх гэх мэт олон давуу тал үүссэн шүү.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

G-suite, Zoom, Viber, Skype, Whatsuр, Google drive зэрэг програмуудыг ихэвчлэн ашиглаж байна. Хажуугаар нь бас тэмдэглэл хөтлөх апп, Тrello, календарь, Notes зэрэг аппуудыг ашигладаг.

Irbis Oasis компанийн гүйцэтгэх захирал Ч.Цэнгэл

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Ажлаа хэзээ эхлэх, дуусгахаа яг цав тодорхойлж өөртөө шинэ ажиллах зуршил үүсгэхгүй бол ажиллах, амрах орчин нэг болчихоор заримдаа өмнөхөөсөө хэт их ажиллаад байгаа ч юм шиг, эсвэл огт ажиллахгүй амраад ч байгаа юм шиг санагдах юм. Өөрийн ажиллах зуршлаа өөрчлөх шаардлага гарч байна.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

"Physical distancing, but not social distancing". Энэ үг өнөө цагт их чухал санагдсан. Бие холдсон ч багийн гишүүд, хамт олонтойгоо оффистоо хамт ажилладагаас илүү ойр байж, харилцаагаа сайжруулах хэрэгтэй юм шиг. Хамтын үр дүнд хүрэхээр зорьж буй бол, мэдээж хамтдаа ажиллах хэрэгтэй. Харин "хамтдаа ажиллах" гэх ойлголт өнөө цагт заавал бие мах бодиороо хамт ажиллахыг илэрхийлэхгүй болсон. Гэр гэрээсээ хэрхэн үр дүнтэй ажиллах вэ? гэсэн асуултын хариулт нь "Хоорондоо улам их харилцах" юм болов уу.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?
Байнга хэрэглэдэг гар утас, чихэвч, зөөврийн компьютер зэргээс гадна тэмдэглэлийн дэвтэр ойрд ашиглаж сурч байна. Ирбис Оазис Нийгэмлэгийн гишүүдтэйгээ ойр хамтран ажиллах үүднээс Simpozium апп, болон өөрсдийн бүтээсэн Irbis Oasis платформ ашиглаж байна.

Onefit компанийн удирдах зөвлөлийн дарга М.хатанбүүвэй

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ?

Нэгдүгээрт, өөрөө өөрийгөө дийлэх. Гэр, ажил мэдээж хоёр өөр орчин. Өөрийгөө гэрийн нөхцөлд дийлэх нь сэтгэл санааны хувьд чухал.
Хоёрдугаарт, зайнаас ойлгуулах чадвар. Хажууд нь байхад биеийн хэлэмж, үйлдлээрээ ойлгуулж болдог бол зайнаас ажиллахад үед "Сая юу гэсэн бэ?, сонссонгүй" гэхэд л ойлгуулах шинэ аргууд бодож эхэлж байгаа юм.
Гуравдугаарт, техникийн хөгжил... Тайлбар илүүц байх.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Эхлээд цагийн хуваарь. Ер нь ганц хуваарьдаа ч биш, тухайн өдөрт хийх ёстой чухал ажлын жагсаалт гаргаад, заавал дуусгаж сур. Фокус.
Дараа нь Завсарлагаа. Байнга суугаад байвал ядарна шүү. Дундуур нь босож яваад, хажуудаа ус тавиад, шингэнээ нөхөөрэй.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Гэрээс ажиллахдаа Zoom, ТradingView, РepperStone, Google Docs зэрэг аппликейшн, програмуудыг түлхүү ашиглаж байна.

EZnis aiRwaYs Бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн захирал Э.Золзаяа

1. ГЭРЭЭС АЖИЛЛААД АВСАН СУРГАМЖ

Өмнө нь яг гэртээ суугаад ажиллана гэхээр боломжгүй юм шиг санагддаг байлаа. Хүүхдүүд өдөржин шаагилдах болохоор гэртээ ажиллах орчин бүрдүүлэхийг ч нэг их хүсдэггүй, аль болох бүх ажлаа ажил дээрээ амжуулахыг л хичээдэг байсан. Авсан сургамж гэхээс илүүтэй давуу талуудаа бодвол наад зах нь гэртээ эрүүл хоол идээд, кофегоо уугаад гэрийн хувцастай суух нь үнэхээр амар санагдах болсон шүү.

2. ГЭРТЭЭ ЯАЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?

Чимээгүй орчинд төвлөрөх дуртай болохоор цагаа зөв зохицуулж хүүхдүүдийн өдрийн унтлагын цагаар эсвэл орой унтсан хойно нь юм уншиж, ажил хийвэл илүү үр дүнтэй санагдаж байгаа.

3. ГЭРТЭЭ АЖИЛЛАХДАА ЮУ ЮУ АШИГЛАДАГ ВЭ?

Office 365-аас гадна лаптоп, гар утсан дээрээ чат аппликейшнүүд ашигладаг. Номнуудаа дижитал хэлбэрээр уншиж байна. Над шиг боломж л гарвал гарч явчих гээд байдаг хүнд гэртээ байгаад хийе гэж бодож байсан зүйлсээ бага багаар хийх нь сонирхолтой байгаа ч хурдан бүх зүйл сайхан болж, гэрээсээ гарч ажлаа хийх боломжтой болоосой гэж хүсэж байна. Үнэнээ л хэлье хэхэ.

#БиХэрхэнГэрээсээАжилладагВэ challenge-д оролцогч удирдах ажилтнуудын хариулт #2

Unread