Монголын финтек салбарын нэг гол тоглогч болоод буй Storepay аппыг бүтээгчид 2022 онд компаниа олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж буй. Энэхүү төлөвлөгөөг "Storepay Holding Singapore" компани хариуцан хэрэгжүүлж, ТУЗ-ийн гишүүн Жилл дө Дюма чухал хувь нэмэр оруулах юм. Тэр бол Credit Suisse, Credit Agricole зэрэг дэлхийн тэргүүлэх банкуудад удирдах албан тушаал хашиж, Францын Эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, банк санхүүгийн салбарт арвин туршлагатай нэгэн. Ингээд Frontiers Capital, FrontCap Asia-ийн үүсгэн байгуулагч түүний ажлын арга барилтай танилцъя.
Байршил: Тайланд, Бангкок
Эрхэлдэг ажил: Стор Пэй Холдинг Сингапур компанийн ТУЗ-ийн гишүүн, Frontiers Capital ба FrontCap Asia-ийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro 16'' (Apple M1 Max chip)
Сошиал хуудсууд: ЛинкэдИн
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би карьераа Парис, Лондон, Нью Йорк дахь JP Morgan-д ажиллан эхлүүлж, Bankers Trust International буюу деривативаар хамгийн инновацлаг, хамгийн тэргүүлэгч банкинд Стратегийн деривативын захирлаар ажилласан. Тэгээд Лондонд Credit Suisse-ийн Хөрөнгө оруулалтын банкинд, дараа нь Нью Йоркт Гүйцэтгэх удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж 10 жил болсон. Тэр жилүүдэд Европын болон дэлхийн хэмжээнд хийгдсэн олон томоохон хэлцлийн заримд зөвлөж, заримыг нь удирдан ажиллаж байлаа.
Францын Эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн сайдын тусгай зөвлөхөөр мөн хэсэг ажилласан.
Дэлхийн топ 10 банкны группийн нэг Credit Agricole CIT-ийн орлогч CEO-оор томилогдож 57 улс, Францын 22 мужийг хамарсан үйл ажиллагааг хариуцан ажиллаж байлаа.
2012 онд Францад Frontiers Capital-ийг, 2017 онд Хонг Конгд FrontCap Asia-г үүсгэн байгуулж олон төсөлд оролцох болсон. Airbus Group-д "Space Plane Project" дээр нь зөвлөж, Европын хамгийн урт настай рестораныг "Thai Group"-д зарж, Лаосд ялааны ферм байгуулж, APAC (Сингапур)-ын харилцаа холбооны тэргүүлэх компанид хөрөнгө оруулж байв.
Сүүлийн үед гэвэл маш ирээдүйтэй NFT платформд мөн зөвлөж байна. Amundi (2 их наяд гаруй ам.долларын хөрөнгийг удирддаг Америкийн бус хамгийн том хөрөнгийн менежментийн компани)-ийн Гүйцэтгэх захирлын Азийн стратегид нь зөвлөж, Сингапур, Хонг Конг, Бангкок дахь ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж буй.
Харин одоо Хангал болон түүний багийнхны бичиж буй Storepay-ийн амжилтын түүхийн нэг хэсэг болоод явж байна даа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Гэрээсээ ажилладаг тул өдөр бүр өөр. Гэхдээ өглөө голдуу 6 цагт босож, өдрийн 15 эспрессо шот кофеныхоо эхнийхийг уудаг. Дараа нь нэг цаг муа-тай боксын дасгал хийдэг. Тэгээд л компьютерынхоо өмнө шаардлагатай цагаар сууна даа. Би сардаа дор хаяж 2 удаа гадаад явж таардаг. Тийм болохоор сүүлийн үед хөл хорио, PCR тест, аяллын дүрэм журам, бичиг цаасны талаар тун ч мэдлэгтэй болоод байна шүү.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Би банкир байсан хүн тул юм юмны зах зухтай шүү. Тийм ч учраас эдийн засгийн ихэнх салбар чиглэлд экспертийн түвшний зөвлөмж өгөх бололцоотой. Би бас туйлын залхуу нөхөр. Бүр багаасаа л юмыг хойшлуулах авьяасаа хөгжүүлсэн (инээв).
Надад долоо хоногт 70 цаг ажилладаг байсан үе бий. Би ер нь өөрийгөө сорьсон зүйлд дуртай. Илүү хэцүү байх тусам тэр зүйлд татагдаад байдаг. Нөгөө талаар байнга давтагдсан ажилд дургүй гэсэн үг. Би байнга л шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, “боломжгүй” худалдан авалт, санхүүжилтийг хайж байдаг. Хамт ажиллах завшаан тохиосон банкууд, багуудын туслалцаатай би үйлчлүүлэгчдийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хичээж, тэдэнтэй хамт мөрөөдөж, итгэлт зөвлөх нь болдог байлаа.
Гэхдээ өөрийгөө сорих ч бас хангалттай биш. Өөрийгөө сорьж байна гээд өглөө эрт босож болох боловч бас сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх хэрэгтэй шүү дээ. Зугаатай байдал бол миний ажиллах дадлын чухал хэсэг. Хэрвээ хийж буй зүйл минь зугаатай санагдахгүй бол хийх хэрэгтэй зүйл биш л гэсэн үг. Зугаатай байдал гэдгийг ажлаа нухацтай авч үзэхгүй байхыг бус, харин өөрийгөө хэт чухалд авч үзэхгүй байхыг нэг ёсондоо хэлж байгаа юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Би утсандаа 406 апптай. Тийм ээ аймар сонсогдож байгаа гэдгийг мэдэж байна. Аппуудгүй бол ер нь амьдрал хэцүү шүү.
Би сүүлийн үеийн iPhone, iPad, MacBook, Apple Watch зэргийн хамгийн сүүлийн хувилбарыг хэрэглэхийг боддог. Хамгийн их ашигладаг аппууд гэвэл TripIt, Currency, Wallet, 12Calc зэрэг байна.
Тэгээд мэдээж санхүүгийн мэдээлэл авдаг аппууд байна. Эрүүл мэнд, фитнесийн болон сошиал медиа аппууд. Онгоц, зочид буудал мэдээлэл авдаг, такси дууддаг аппуудгүйгээр бас өөрийгөө төсөөлөхгүй. Оффисын програмуудыг мөн нэрлэх ёстой байх.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би онгоцоор зорчихдоо хэзээ ч ачаанд тээш өгдөггүй. Нэг удаа Сингапураас Улаанбаатар луу ирсэн юм. Сингапурт +35 градус байхад Улаанбаатар -35 градус байж билээ. Гэсэн ч би тээш ачаанд өгөөгүй. Тээшээ ачаанаас авахад багадаа л 20 минут зарцуулна гэж тооцвол жилдээ дунджаар 100 удаа нисдэг би 35 жилийн туршид 49 өдрийг хэмнэсэн гэсэн үг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Би цагийг үнэхээр хайрладаг. Өөрөөс хамаарахгүйгээр цаг үрэгдэхэд маш дургүй (онгоцны буудал дээр тээш хүлээж зогсох гэх мэт).
Харин би өөрөө цагаа үрж байгаа бол өөр хэрэг.
Надад одоо нэг апп олох хүсэл байгаа юм. Календарьт маань өдөр бүр хийх зүйлсийг автоматаар оруулчихдаг (тэрийгээ сар бүрийн бүх өдөр хувилаад тавьчихдаг), календарь дээрээ таск нэмж хасаж болдог тийм апп.
Харин аяллын үеэр бол би эцсийн мөчид шийдээд явдаг. Би ер нь өөрийгөө цагийн шахалтад орсон үед илүү сайн гүйцэтгэлтэй болдог гэж боддог.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би өөрөө өөрийнхөө дарга болохоор хүссэн зүйлээ, хүссэн цагтаа хийх боломж ихтэй. Би амьдралдаа хайртай болохоор эрч хүчээ сэлбээд сэргээгээд байх ч шаардлага нэг их гардаггүй гэж болно.
Ажлаа бол чөлөөт цагаараа ч, баярын өдрүүдээр ч орхигдуулдаггүй. Өдөр болгон баттай хийдэг зүйл гэвэл имэйлээ шалгаж хариу бичих байдаг.
Ажиллаагүй үедээ би найзуудтайгаа цагийг өнгөрөөж, шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй уулзах дуртай. Байгальд хайртай болохоор Монголд татагддаг байх. Үзэмж гоё байгалийг бахдах ч сэтгэл санаа эрүүл саруул байхад нэн чухал шүү. Мөн 32 жил ханилсан хань минь, гайхалтай хүүхдүүд минь өнөөдрийг намайг бүтээлцсэн. Тэдний минь хайр, дэмжлэг, тэвчээр миний хувьд амьсгалах агаараас өөрцгүй.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Надад үндсэн ажлын хажуугаар хийдэг зүйлс гэж үгүй ээ. Үндсэн ажил төслүүддээ (тийм олон биш) би анхаарлаа 100 хувь төвлөрүүлдэг. Гагцхүү хийх, төвлөрөх цагууд нь л өөр юм.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ажилд маань эерэг сайн талууд л бий. Нелсон Манделагийн хэлсэнчлэн би хэзээ ч хожигддоггүй, нэг бол хождог, үгүй бол суралцдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Storepay-г олон улсад гаргах ажлаас гадна, маш инновацлаг NFT- платформд төвлөрөн ажиллаж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ СУРАЛЦДАГ ВЭ?
Бусдаас суралцдаг. Би хүн сонсохдоо жаахан тааруу байх. Би тухайн санааг эсэргүүцэж, маргаж мэднэ (франц хүн маргаж мэтгэлцэх дуртай хойно). Гэхдээ би дараа нь тэр талаар эргэцүүлж, бодол санаагаа өөрчлөх, илүү нээлттэй хандах боломжтой болдог. Storepay бол үүний жишээ юм. Хангал анх санаагаа танилцуулахад би нэг их юм бодоогүй ч дараа нь тэр санааг нэлээн нухацтай авч үзсэндээ баяртай байдаг. Би ер нь аливаа юмыг хийж, алдаж онож байж суралцдаг. Түрүүнд хэлсэнчлэн нэг бол онож, нэг бол суралцаж явдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Жорж Рой Хилл, Сержио Леон, Стэнли Кубрикийн кинонуудад дуртай. Хөгжмийн тухайд Саймон, Гарфункел хоёрыг шүтэж өссөн. Ном гэвэл Антуан дө Сэйнт-Экзюперигийн "Бяцхан хунтайж" зохиолыг нэрлэе.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Дэлхийн хамгийн топ 5 баяны нэгийн (баялгаа өвлөж аваагүй, өөрөө бүтээж босгосон хүн) хэлсэн зөвлөгөөг хуваалцъя: Хэрвээ чи ямар нэг зүйлд итгэвэл түүнийхээ хойноос яв. Битгий хямдхан бай. Битгий ай. Хамгийн үнэ цэнтэй зүйл бол чиний хэлэлцэж зөвшилцсөн зүйл биш чиний бүтээсэн зүйл юм. Хожим харамсах зүйлтэй амьдрах нь өдөр бүр чамайг идэх хорт хавдар л гэсэн үг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Storepay бол ердийн нэг амжилттай финтек биш юм. Түүнээс хавьгүй давсан эд. Авьяастай, алсын хараатай гайхалтай энтрепренерийн үүсгэн байгуулж удирдан буй компани. Н.Хангалтай хамт хөрөнгө оруулах нь миний гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Storepay эхний өдрөөсөө л амжилт олж эхэлсэн. Хангал гайхалтай шинэ санаануудыг гаргаж, Storepay-д байнга хөгжүүлэлт, сайжруулалтуудыг хийн, салбартаа хийж буй инновацаараа олон улсын хэмжээнд үнэлэгдэх болсон. Storepay дээр Хангалтай хамт ажиллаж буй минь үнэхээр завшаантай хэрэг. Одоо түүнийг олон улсын хэмжээнд танигдаж, том тавцанд тоглоход нь тус дэм болохоор би ажиллаж байна. Хэрвээ ухаалаг зөв санаан дээр бооцоо тавих хэрэг гарвал миний өчигдрийн, өнөөдрийн, бас маргаашийн сонголт Хангал буюу Storepay байх болно.

Сэтгэгдэл бичих

