Албан бус зуны амралт өндөрлөхөд хэдхэн хоног үлджээ. Сонгож, наадаж дууссан бид эргээд ажилдаа орох цаг ойртлоо. Ажлын идэвхийг сэргээж, мэдлэгээ зузаатгаж, олонтой танилцахад туслах нэгэн арга хэмжээ 8-р сарын эхний долоо хоногт болж буй нь Data Summit. Арга хэмжээний үеэр дэлхийн тэргүүлэх технологийн компаниудад (Tesla, Uber, Samsung, SpaceX…) ажилладаг гадаад болон монгол мэргэжилтнүүд туршлага, мэдлэгээ хуваалцах юм. 

Уг арга хэмжээг санаачилсан, олон нийтэд “Tesla-гийн” гэдгээрээ танигдаж яваа Э.Жавхланг энэ удаагийн дугаартаа урилаа. 

Байршил: Берлин хот, ХБНГУ
Эрхэлдэг ажил: Дата инженер, Tesla
Хэрэглэдэг гар утас: iPhone 14
Хэрэглэдэг компьютер: Macbook Air M1
Сошиал хуудас: Instagram, Substack



1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?

Миний хувьд БНХАУ-д найман жил гэр бүлийн хамтаар сурч, амьдарч байгаад 2008 онд Монголдоо ирсэн. Ирээд Үй Цай ЕБС-д сурч байгаад ШУТИС-д эрчим хүчний инженерээр элсэж байв. Тухайн үедээ Билл Гейтсийн ирээдүйд эрэлттэй болох мэргэжлүүд гэсэн нийтлэл уншиж таарсан юм. Тэр нийтлэлд эрчим хүч, хиймэл оюун ухаан, биотехнологи зэрэг мэргэжлүүдийг дурдсан байсан. Тийнхүү 2013 онд ХБНГУ-ыг зорьж хэлний бэлтгэлээс нь эхлээд магистр хүртлээ нийт долоон жил сурсан. Бакалавраа эрчим хүчний инженер, магистраа сэргээгдэх эрчим хүч, литиум ион батарейны чиглэлээр төгссөн.

Магистраа төгсөх жил Tesla Германы Берлин хотод Gigafactory буюу автомашин үйлдвэрлэдэг үйлдвэрээ нээж таарсан. Ингээд л төгсөөд шууд Tesla-д орсон доо. Их сургуульд сурахын зэрэгцээ эрчим хүчний салбарт програм хөгжүүлдэг компаниудад ажиллаж байсан нь тэнцэхэд нөлөөлсөн болов уу.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Tesla хэдий аварга том компани ч стартап шиг ажилладаг. Олон жижиг багтай, баг бүр нь хариуцаж байгаа ажлаасаа хамаараад өөрийн гэсэн арга барилтай. Миний бие автомашины их бие болон үйлдвэрийн эрчим хүчтэй холбоотой багт ажиллаж байгаад өдгөө Tesla Model Y-ийн powertrain буюу мотор, батарейтай холбоотой дата мэдээллийг хариуцсан багт ажилладаг.

Манай баг Model Y-д ашигладаг хоёр төрлийн моторт ашиглаж байгаа эд ангиас эхлээд тухайн моторын нийт зардал гэх мэт бүх л датаг хариуцдаг. Бидний цэвэрлэж, цэгцэлж, боловсруулсан тэдгээр мэдээллүүд нь дата инженер болон дата scientist-уудын ажиллах суурь болно. Өдөр тутамдаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, роботтой ажилладаг инженерүүдтэй түлхүү ажилладаг гэсэн үг.

Өмнөх баг маань өглөө бүр уулзаж (sprint), хийх ажлуудаа эрэмбэлдэг байсан. Жишээлбэл, Элон Маскаас яаралтай даалгавар орж ирвэл тэр ажил шууд л P1 буюу хамгийн чухал ажил болж хувирна. Харин одоогийн баг маань харьцангуй жижиг учир өглөөдөө уулзалтгүй, хийх ажилдаа л илүү төвлөрдөг. Товчхондоо үдээс өмнө код бичих, үдээс хойш уулзалт хийх ажилдаа анхаарч байна.

Дэлгэрүүлж унших: Tesla-ийн анхны Монгол инженер Жавхлангийн “журнал”

3. Таны ажлын арга барил?

Minimum viable product (MVP) буюу тухайн бүтээгдэхүүнийхээ хамгийн авсаархан хувилбарыг хамгийн хурднаараа бүтээхэд л төвлөрдөг. Аливаа зүйлийг төвөгтэй болгож, ажиллах эсэхийг нь мэдэхгүй байж хэт их хүч зардаггүй гэсэн үг. Tesla-гаас сурсан энэ арга барилаа ажилдаа ч тэр, хувийн амьдралдаа ч тэр байнга баримтална. Мөн Элон Маск ямар ч гоё зүйл байсан эцсийн дүндээ бизнесийн ямар ашигтай вэ гэдгийг нь үргэлж урьтал болгодог учир Tesla тэр чигтээ “хөрсөндөө бууж” ажилладаг гэж хэлж болно.

Мөн шийдвэр гаргахгүй байхаас зайлсхийдэг. Аливаа ажлыг хийе гэж бодож л байгаа бол хурдан шийдээд хий. Мэдээж алдаж болно. Алдвал алдаагаа зас. Эсвэл хийж чадах хүнээр нь хийлгэ. Ямар ч тохиолдолд шийдэхгүй удаж болохгүй.



4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Ажлын хүрээнд Microsoft-ийн бүх хэрэгслийг ашигладаг. Харин хувийн хэрэглээндээ аль болох л бага апп ашиглахыг хичээдэг. Сүүлийн үед Substack дээр хувийн болон ажилтай холбоотой бичвэрүүд оруулж байгаа. Гүйлт болон дугуй унахдаа Strava апп, Apple Watch хоёрыг ашигладаг. Бүх төрлийн код бичих ажилдаа GitHub-ийг ашиглана.

Дэлгэрүүлж унших: Introduction To Vehicle Manufacturing - Part 1

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Улаанбаатарт өнгөрүүлж байгаа, уулзалт ихтэй эдгээр өдрүүдэд уулзалтуудаа аль болох нэг дор, бүр чадахгүй бол нэг захаас нөгөө рүү явах байдлаар товлож байна. Түгжрэлд цаг алдахгүйн тулд алхаж байгаа. Берлинд бол ажилдаа ирж очих, оффисоосоо үйлдвэр орох зэрэгт галт тэргээр явахдаа хувийн ажлуудаа амжуулчихдаг.



6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Сүүлийн үед Obsidian-ийг төлөвлөгөө, оюуны зураглал (mind map) гаргахдаа ашиглаж байна. Эсвэл зүгээр л текст бичиж болдог энгийн програм ашигладаг. Хийсэн ажлуудынхаа тэмдэглэлийг (log) бичиж дадсан. Юу хийснээ харахаас гадна дараа нь менежерүүдтэйгээ уулзахад ч амар байдаг юм.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хэдий технологийн компани ч гэсэн үйлдвэр л бол үйлдвэр. Том тоног төхөөрөмж, чанга дуу чимээ, тасралтгүй өрнөх хэмнэлтэй учраас тэр бүгдээс ядарна. Тийм үедээ ганцаараа байхыг илүүд үзнэ.

Бусад үедээ спорт, тэр дундаа триатлоноор хичээллэнэ. Хоёр жилийн өмнө гүйлтээс болоод өвдөг маань өвдөж эхэлсэн юм. Өвдөгний хоёр талын булчингаа чангаруулахын тулд дугуй унаж болсон маань ч удалгүй үр дүнгээ өгсөн. Гүйлт, дугуй хоёр дээрээ усанд сэлэлт нэмчихвэл триатлон болчхож байгаа хэрэг. Манай хуучин менежер өвөлдөө хотын төвөөс үйлдвэр рүү ирж очихын 120 км дугуйгаар явдаг, “Ironman” нэртэй триатлоны тэмцээнд ордог хүн байсан юм. Түүнээс санаа авч, 30 хүрэхээсээ өмнө өөрийгөө сорихоор шийдээд 2025 онд Испанид болох “Ironman”-д орохоор бэлдэж байгаа.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй орон. Нар, салхинаас эрчим хүч цуглуулах нэг асуудал. Гэхдээ түүнээс чухал нь тэр эрчим хүчээ хаана нөөцөлж хураах буюу батарейтай холбоотой асуудлууд юм. Тиймээс сүүлийн хоёр жил батарейтай холбоотой судалгаа хийж байна.


2023 он. Үерийн аюулыг урьдчилан таамаглах бот бүтээв.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Дата инженерийн гоё нь аливаа бизнесийг яг шил шиг нэвт хардагт оршино. Үйлдвэрлэлийн дата байлаа гэхэд үйлдвэрийн мэдээллийн урсгалыг эх булгаас нь эцсийн цэг хүртэл нь ойлгоно гэсэн үг. Хаана, хэзээ, ямар эд анги ямар материалаар, хэдэн төгрөгөөр бүтсэн гэдгийг харж болно.

Хэцүү тал нь мэдээлэл бүр төгс биш. Алдаатай байж болно. Хүний эсвэл роботын гаргаж болзошгүй тэр алдааг олж илрүүлнэ гэдэг өндөр хариуцлагатай ажил. “Буруу дататай байснаас ямар ч датагүй байсан нь дээр. Буруу датаа буруу шийдвэрт хөтөлдөг.” гэсэн үг байдаг.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Банк, санхүү, эрчим хүч, эрүүл мэнд, сансар гээд бүх л салбар дата өгөгдөлтэй холбогдож байна. Товчхондоо дата гэдэг орчин цагийн хамгийн чухал сэдвийн нэг болсон гэсэн үг. Энэ сэдвийн талаар санал солилцох, сурч хөгжих талбар бий болгохын тулд Data Summit-ийг санаачилж, гадаад болон дотоодын шилдэг мэргэжилтэн залуусыг наймдугаар сарын 8-ны өдөр нэгэн дээвэр дор цуглуулж байгаа. Энэ арга хэмжээндээ л бүх анхаарлаа зориулж байна даа.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Уншиж судлахад их цаг гаргадаг. Уншина гэдэг нь хамгийн зардал багатай суралцах арга гэж хэлж болно. Ялангуяа судалгааны ажил их уншина. Жишээлбэл, ChatGPT-ийг зүгээр ашиглаад өнгөрөх бус үндсэн судалгааг нь уншвал бүх зүйлийг нь ойлгохгүй ч ерөнхий ажиллах зарчмыг нь мэдээд авч болно. ResearchRabbit-ийг ашиглаад хүссэн сэдвийнхээ хүрээнд бүх судалгаа, мэдээллийг олж авч болдог. Харин мэдээ, мэдээлэл авахдаа Hackernews-ийг ашигладаг. Ямар нэгэн сурталчилгаа байхгүй, аливаа мэдээллийг уншигчид ач холбогдлоор нь эрэмбэлдэг болохоор их амар.

12. Санал болгох ном, кино, хөгжим?

Хөгжим гэвэл The Black Keys-ийн “Howling for You”-ийг санал болгоё. Ер нь их гоё хамтлаг. Киноны хувьд “Peaky Blinders” цуврал, номын хувьд “The Future Is Now: Solving the Climate Crisis with Today's Technologies”-ийг санал болгож байна.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Дээхэн үед нэг блог уншиж байгаад хурал уулзалтад орохдоо “Lead or to be lead” буюу “Нэг бол удирд, үгүй бол дага” гэсэн үг олсон юм. Тодруулбал, хэрвээ та өөрөө ямар нэгэн хурал уулзалт санаачлаад хүнтэй уулзаж байгаа бол агуулгаа удирд, харин бусдын санаачилсан хурал уулзалтад байгаа бол тэр хүнээ дага гэсэн үг.

14. Бусдад шидэх санаа?

Өнөөгийн бид эрчим хүчний шилжилт тохиож буй ховорхон бөгөөд боломжоор дүүрэн үед амьдарч байна. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой шинээр нээх, лавшруулж судлах олон зүйл байгаа.

Миний хувьд энэ чиглэлд сонирхож байгаа залуустаа батарейтай холбоотой мэргэжил эзэмшээсэй гэж хүсэж байна. Ирээдүйд өдөр тутмын автомашинаас эхлээд уул уурхайн том техникүүд хүртэл бүгд цахилгаанаар ажилладаг болно. Тиймээс энэ чиглэлийн програм (software) болон инженер (hardware) гэсэн хоёр талыг нь ойлгодог болоорой. Нэмээд үйлдвэрлэлийг (manufacturing) сурч, бодож олсон зүйлээ хэрхэн бодит болгож, олон хүнд хүргэхийг сурвал тэгээд л тасарлаа гэсэн үг.