МОСТ Финтек ХХК нь 2008 онд байгуулагдсан Монгол Улсын ууган Финтек компани бөгөөд 2010 онд анхны цахим хэтэвч болох MOST MONEY үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, олонд танигдсан билээ. Төлбөр тооцоо, гүйлгээ боловсруулалтын платформ, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд банкны салбарын 60 хувь, бичил санхүүгийн 32 байгууллага, 20 гаруй хэтэвч, 1.7 сая хэрэглэгчийг өөртөө холбосон улсын хэмжээнд түгсэн үндэсний технологийн бүтээн байгуулагч компани юм.

Монгол Улсын төдийгүй олон улсын түвшинд цахим хөгжлийн түүчээлэгч байх, дотоодын оюун ухааны бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргах зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж буйгаа баталгаажуулан нээлттэй компани болох дараагийн алхмаа ийнхүү эхлүүлж байна.

Байршил: Сүхбаатар дүрэг, Централ таур, 13-р давхар
Эрхэлдэг ажил: Цахим төлбөр, тооцооны платформ
Сошиал хуудсууд: MOST Fintech (Facebook), mostfintech (Instagram), most.mn (website)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Үйл ажиллагааны газрын захирал Ж.Цолмонбаатар

Unread


Миний хувьд Өмнөговь аймагт төрж өссөн. 2000 оны эхээр мэдээлэл технологийн мэргэжил цөөн байсан ч технологийн чиглэлд тун сонирхолтой хүүхэд байсан болохоор ШУТИС-ын КТМС-д элсэж, 2004-2008 оны хооронд суралцаж төгссөн. Оюутан байхдаа автомат машин зохион бүтээдэг Робокон гэх тэмцээнд гурав, дөрөвдүгээр курстээ багаа ахлан оролцож байлаа. Тэмцээндээ бэлдээд сургууль дээрээ сар гаруй хугацаанд амьдарч, багаараа хичээнгүйлэн бэлдсэний үр дүнд дэд байранд шалгарч байсан юм. Одоо бодоход тэр хугацаанд баг удирдан зохион байгуулах, багаар ажиллах зэрэг тун их зүйлийг суралцаж авсан гэж боддог.

Сургуулиа төгсөөд МОСТ Финтек гэх том айлын гишүүн болж системийн инженерээр ажиллаж эхэллээ. Анх системийн дэд бүтэц, сервисийг хариуцаж байсан бол ахлах инженер болоод системийн программын үйл ажиллагаа зэрэг илүү нарийн чиг үүргүүд нэмэгдэв. Олон газар ажиллаж үзээд туршлага хуримтлуулж, шинэ зүйлс суралцахын давуу тал мэдээж бий. Гэхдээ миний хувьд 15 жил энэ компанидаа үнэнчээр ажилласан нь оносон гэж боддог. Ерөөс аливаад хоёрдмол сэтгэлгүйгээр ажилдаа эзэн болж, бүхий л нөөц бололцоогоо ашиглан, сэтгэл зүрхээ зориулж ажиллах хэрэгтэй болов уу. Хүн хамгийн шилдэг нь байх албагүй ч өдөр бүр хамгийн сайнаараа хичээвэл ажилдаа эзэн болж буйн шинж. Сурч мэдсэн зүйл ахар, юуны ч захад хүрээгүй атлаа ойр ойрхон ажлаа солиод байх нь хэр зөв бэ? гэдгийг сайтар бодож үзэх л хэрэгтэй.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Хэрэглэгчийн үйлчилгээний менежер Д.Гэрэлтуяа

Unread


Ажилдаа ирээд хамгийн түрүүнд и-мэйлээ шалгаснаар миний ажлын нэг өдөр эхэлдэг. Дараа нь системийн ямар нэгэн тохиргооны шинэчлэлт хийх хүсэлтүүд болон хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтүүдийг шалгана. Үүний дараа систем дээр гарч буй гүйлгээнүүдийг хянаж, ямар нэгэн асуудалтай гүйлгээ байгаа эсэхийг сайтар нягталдаг. Мөн ажилтнуудаас системийн тохиргоотой холбоотой хүсэлтүүд ирснээр тэдгээрийг гүйцэлдүүлэхэд ажлын цагийг зарцуулна. Мөн давхар төслүүд дээр ажилладаг учраас нэг л мэдэхэд ажил тарах цаг болчихсон байдаг юм.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?  

Бизнесийн газрын захирал Г.Бадамханд

Unread


Нэгэнт бүхнийг ганцаараа хийж чадахгүйгээс хойш чадвартай, найдвартай баг хамт олон хамгаас чухал. Багийн гишүүн бүр анхнаасаа маш чадвартай, итгэл даахуйц нэгэн байхгүй ч өсөж хөгжих үйл явцад нь удирдлагын хувьд дэмжиж, оролцохыг урьтал болгон ажилладаг. Аливаа үүрэг даалгавар өгөхдөө хүрэх ёстой эцсийн цэгийг нь нэн түрүүнд ярилцдаг. Тэгэхдээ өөрийнх нь ямар аргачлалаар, яаж ажиллахыг нэг бүрчлэн заах гэлгүйгээр зөвхөн “Аль цэгт хоёулаа уулзах ёстой вэ?” гэдгээ тайлбарлаж, ойлголтоо нэгтгэнэ. Удаан хугацаанд хамтарч ажиллаад, дадчихсан тохиолдолд ажил гүйцэтгэлийн бүх шатанд нь хянаад байлгүйгээр өөрийнх нь ажлыг өөрт нь үлдээдэг. Харин ажлын гараагаа манайхаас эхэлж байгаа, туршлага багатай залуу ажилтнууддаа бол хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх нь зүйтэй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД? 

Дата газрын захирал Т.Отгонбаяр

Unread


Өдөр тутмын ажлуудаа төлөвлөх, таск үүсгэх байдлаар Google Calendar, Google Drive-ийг тогтмол ашигладаг. Мэдээж Most Money аппаа өдөр бүр хэрэглэнэ.

Зарим тохиолдолд толгойдоо бодсон, төлөвлөснөө зураглах, тэмдэглэх зорилгоор дэвтэр, бал ашигладаг бөгөөд бодлоо цэгцлэхийн тулд юу ч хамаагүй сараачих тохиолдол ч бий.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Захиргаа, санхүүгийн газрын захирал Н.Урнаа

Unread


Жилийн төлөвлөгөөн дээр тусгасан ажлуудаас энэ сард хийх ёстой зүйлсээ толгойдоо зураглаад, дэвтэртээ тэмдэглэдэг. Энэ сард хийх ажлуудаа жижиглээд долоо хоног бүр шаардлагатай ажлуудаа хойшлуулалгүй гүйцэтгэх нь цагаа хэмнэх хамгийн сайн жор. Миний хувьд санхүүгийн тайлан, тооцоо зэргээ давхар хариуцдаг бөгөөд эдгээр нь хугацаа хоцрох учиргүй тул урьдчилж маш сайн төлөвлөсний үр дүнд цаг хэмнэж, мөн цаг алдахаас сэргийлдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Системийн админ М.Наранзаяа

Unread


Оны өмнө хийх ажлуудаа том зургаар нь төлөвлөдөг бол өдөр тутмын ажлаа цахим дээр төлөвлөөд дараа нь хийсэн ажилдаа дүгнэлт хийн, бусдадаа тайлагнах байдлаар ажилладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 

Мерчант байгууллагуудыг хариуцсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Т.Дөлгөөнмөрөн

Unread


Чөлөөт цагаараа найзуудтайгаа сагсанбөмбөг, хөлбөмбөг үзэж бас тоглодог.

Гэр бүл зохиож, залуу аав болсон болохоор хүүгээ харах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь миний хамгийн их эрч хүчээ авдаг зүйл. Өндөр ачаалалтай ажлын дараа ядраад гэртээ ороход эхнэр, хүүхдээ хараад л бүх стресс, ядаргаа арилдаг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ / АЖИЛ ЮУ ВЭ? 

Биллер байгууллагуудыг хариуцсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Т.Тамир

Unread


Спорт тэр дундаа сагсанбөмбөг сонирхдог болохоор групп компанийн лиг зохион байгуулагдах үед тогтмол оролцдог. Мөн шинээр нэвтэрч буй технологийн шийдлүүдийг сурч мэдэн, эзэмшиж авах сонирхолтой. Ингэснээр ажлын бүтээмжид ч эерэгээр нөлөөлдөг.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? 

Системийн менежер С.Мөнх-отгон

Unread


Миний хариуцдаг ажил шинэ техник, технологи судлан, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэдэг тул цаг үеэ даган судалгаа, шинжилгээ тогтмол хийж, мэдлэгээ зузаатган өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Мөн санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг технологийн компани гэдэг утгаараа маш олон талын мэдлэгээр өөрийгөө ямагт цэнэглэж байдаг нь бидний ажлын хамгийн авууштай тал хэмээн боддог.

Харин бэрхшээлтэй тал гэвэл хэзээд бэлэн байдалд байх шаардлагатай. Утсаа унтраах, сүлжээгүй газар байх боломжгүй. Ажил тарсан, амарснаас үл хамааран аль болох үргэлж интернэт холболттой газар байхыг шаарддаг. Ээлжийн амралтаараа л сүлжээгүй газар, сэтгэл амар байж үздэг гэх юм уу. Гэхдээ ээлжийн амралтын үеэр ч мөн шаардлага гарвал ажилдаа ирэхэд бэлэн байх ёстой.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? 

Биллер байгууллагуудыг хариуцсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Т.Тамир

Unread


Одоогоор бид шинэ төслүүд дээр төвлөрөн ажиллаж байна. Жишээлбэл, миний хувьд хэрэглэгчдийн төлбөрийн шийдлийг цахимжуулах, нэхэмжлэхийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хялбар байдлаар харуулах замаар найдвартай, эрсдэлгүй төлбөр тооцоогоо хийх боломжуудыг нэвтрүүлэхэд төвлөрч байна.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Санхүүгийн байгууллагуудыг хариуцсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Э.Цэнд

Unread


Манай компани маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас ажлаа хийж байх явцдаа өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Шинэ технологийн дэвшил болон бусад салбаруудын талаар өдөр тутмын үйл ажиллагааныхаа хүрээнд тогтмол суралцаж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?  

Захиргаа, санхүүгийн газрын захирал Н.Урнаа

Unread


Японы зохиолч Мари Кондо-ийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номны ачаар гэр болон ажил дээрх удаан хэрэглээгүй буюу хэрэглэхээ больсон зүйлсээ хаяж, цэгцэлсэн. Элдэв хэрэггүй зүйлсээ өөрийн орчноосоо цэвэрлэчихээр сэтгэл доторх хогоо гаргаад хаячихсан мэт л сайхан болдог болохоор хүн бүхэн уншвал зохих ном хэмээн бодож байна.

Хамгийн сүүлд Монгол МУСК-г үзсэн. Утга санаа, өнгө хийцийн хувьд тун их таалагдсан тул монгол хүн бүхэн үзээсэй гэж хүсэж байна.

Дуу гэхээсээ илүү ая сонсох дуртай. Тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан төрөл бүрийн ая сонсдог. Тэр дундаа төгөлдөр хуурч Б.Чинбатын тоглосон монгол аялгуунуудыг сонсох дуртай.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ? 

Үйл ажиллагааны газрын захирал Ж.Цолмонбаатар

Unread


Захирлын маань хэлж байсан үг санаанд орлоо. Хүн цаг наргүй ажиллаад байвал стрессдэнэ. Өдөр шөнөгүй ажлаа бодоод байвал галзуурна шүү дээ. Тийм учраас ажил, чөлөөт цаг, амралтыг хослуулах хэрэгтэй. Ажлын өдрөөр ажлаа хийж, амралтын өдрөөр нь амарч байгаа ч ажлын үеэр амрах хэдэн минутыг өөртөө өгөх, дуртай зүйлээ хийх байдлаар тархиа сэргээж, биеэ амрааж байгаарай.

Эсвэл зарим чөлөөт цагаа сонирхолтой ажлаараа сольж болно. Нэг ажлыг удаан "нухаад" арга нь олдохгүй цөхөрч орхисон бол хэсэг зуур шинэ төсөл, судалгааны ажил дээрээ төвлөрөөд үзэх хэрэгтэй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?  

Бизнесийн газрын захирал Г.Бадамханд

Unread


Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээдэг талаар залуус маш олон хүмүүсээс сонсож байгаа байх. Гэхдээ миний хувьд 25 настай байхдаа энэ талаар сонссон ч огт ойлгодоггүй байлаа. Харин одоо 10 жилийн дараа 35 настай эмэгтэйн ухаанаар бодоход энэ үгийн учир шалтгааныг илүүтэй ойлгож, ухаарах болсон юм шиг санагддаг. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн карьерийн түүхээсээ олж авсан зүйл бол “Та бол таны бодол.” Тиймээс та хүсэж, зорьж буй зүйл рүүгээ бодлоо чиглүүлэх нь түүнийгээ биелүүлэхийн тулд хийж буй хамгийн чухал алхам юм шүү. Би үүнийг өөрийн амьдралаар мэдэрсэн юм. Хүүхэд байхаасаа л бодож, төсөөлж байсан зүйлс минь одоо эргээд харахад бүгд биелчихсэн байдаг. Одоо ч би аливаа чухал уулзалт, хурлын өмнө хэсэг бясалгал хийгээд бодол санаагаа цэгцэлчхээд ордог.