Дэлхийд найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар өвчилж байгаа бол манай улсад нэг жилд дунджаар 250-300 эмэгтэй уг өвчнөөр оношлогдож буй. Энэ тоо цөөн хүн амтай Монгол Улсын хувьд өндөр үзүүлэлтэд тооцогдох төдийгүй нийт өвчлөгсдийн 1-2 хувь нь эрчүүд байгааг анхаарах хэрэгтэй. 

Аравдугаар сар бол дэлхийн хөхний хорт хавдрын эсрэг сар. Олон улсад хувь хүмүүс болон албан байгууллагууд эдгээр өдрүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөхний өвчин эмгэгийн талаар нийгэмд мэдлэг олгох, урьдчилан сэргийлэхэд уриалах аян, хөдөлгөөнийг өрнүүлдэг. Тиймээс бид энэ удаагийн зочноор Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн мэс засалч Б.Одбаярыг урьсан юм. 

Байршил: Хавдар судлалын үндэсний төв
Эрхэлдэг ажил: ХСҮТ-ийн Хөхний төвийн мэс засалч
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудсууд:


1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Мэргэжлээ хэрхэн сонгож байсан талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Би физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд суралцаж байгаад наймдугаар ангидаа химийн гүнзгийрүүлсэн сургалттай зургаадугаар сургуульд шилжин суралцсан. Тухайн үед надад эдийн засагч эсвэл эмчээр суралцах хоёр сонголт байлаа. Гэвч гэр бүлийнхэн маань эмч болох санал тавьснаар миний хувьд эргэлт буцалтгүй анагаахын салбарыг сонгож байв.

Эхэндээ эмчийн мэргэжлийг хүүхдийн дэврүүн бодлоор цагаан халаттай, хүний амь авардаг баатар мэтээр төсөөлж байсан ч 2004 онд одоогийн АШУҮИС буюу тэр үеийн ЭМШУИС-д элссэний дараа өнөөх хөнгөн бодол маань хөрсөн дээрээ буусан юм. Их сургуулийн эхний жилүүдэд хэцүү санагдаж, шантармаар үе олон байсныг нуух юун. Больдог юм билүү ч гэж бодох үе цөөнгүй байв. Тэгтэл гуравдугаар курсын зун ХСҮТ-д нэг сарын дадлага хийх завшаан гарч, өдийг хүртэл уншиж мэдсэн бүхнээ өөрийн нүдээр харах боломж тохиодог юм байна. Тэр зун мэргэжилдээ гүн дурласан, үнэ цэнийг нь ойлгож заавал мэс заслын эмч болно гэж шийдсэн зун байлаа.

Ингээд 2010 онд их сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн улсын нэгдүгээр төв эмнэлэгт резидент эмчээр хоёр жил ажиллаж, мэс засалчийн гараагаа эхлүүлсэн. Харин 2013 оноос хойш өнөөг хүртэл ХСҮТ-дөө ерөнхий болон цээжний хөндийн мэс засалчаар ажиллаж байгаад 2021 оноос “Хөхний төв”-ийн мэс заслын эмчээр ажиллаж байна. Одоогоор манай Хөхний төв үндсэн мэс заслын гурван эмч, гэрээт дөрвөн эмч болон феллов, резидент эмч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Эмнэлгийн ажил өглөө 08:30 цагт эхэлдэг. Миний хувьд үзлэг, оношилгоо, эмчилгээндээ урьдчилан бэлтгэх шаардлагатай учраас үүнээс эрт ирэх ёстой. Өдөрт дунджаар 50-60 өвчтөн хүлээн авч, мөн ижил тооны өвчтөнд хяналтын үзлэг хийдэг бөгөөд долоо хоногийн дөрвөн өдөрт хагалгаатай байдаг. Бид ажлаа долоо хоног, сар, жилээр нь нарийн төлөвлөж, хуваарилалт хийдэг болохоор гэнэтийн зүйлс гарч ирэх нь харьцангуй бага.

Бидний хувьд өглөө хэдэн цагт ажилдаа ирэх нь тодорхой ч орой хэдийд тарах вэ гэдэг нь хариултгүй асуулт л гэсэн үг. Ямартаа л эмч хүнтэй цаг бүү тохир гэсэн хошин яриа гарах вэ дээ.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Өвчтөн бүрд тохирсон эмчилгээ төлөвлөх нь маш чухал. Үүний сацуу багийн ажиллагаа ажлын үр дүнтэй салшгүй холбогдоно. Тиймдээ ч бүх төрлийн үзлэг шинжилгээний дараа эмч нарын зөвлөгөөн хийж, тухайн өвчтөний эмчилгээнд юуг анхаарах, ямар арга барилаар ажиллах вэ гэдгийг гаднын эмч нартай зөвлөлддөг юм. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Германы эмч нартай зөвлөлдөж байгаа бол үүнээс өмнө жил гаруйн хугацаанд АНУ-ын эмч нартай хамтран ажилласан.

Мөн бидэнд мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний мэдрэмжтэй байдал асар их хэрэг болдог. Учир нь хөх бол гоо зүйн эрхтэн. Эмчийн ёс зүй талаасаа ч, хувь хүний ёс суртахуун талаасаа ч бид ямагт мэдрэмжтэй байж, өвчтөн болоод тэдний гэр бүлийн сэтгэлзүйг бэлдэх чадвартай байх хэрэгтэй.

Манай эмнэлэгт дадлага хийхээр ирсэн оюутнууд, дөнгөж ажлын гараагаа эхэлж буй залуу эмч нартаа нарийн зүйл бүрийг анзаарч, мэдрэмжтэй байгаарай гэж аминчлан захьдаг юм. Өнөөдөр хийж байгаа жижиг үйлдэл бүхэн ирээдүйд чадварлаг мэргэжилтэн болоход хамгийн том түлхэц болдог. Энэ хорвоо дээр хэн ч ямарваа нэг зүйлийг шууд төгс хийчихдэггүй шүү дээ. Түүнчлэн залуу мэргэжилтнүүдээ зөвхөн мэргэжлийн талаас зааж сургахаасаа урьтаад зөв төлөвшилтэй нэгэн болгохыг хичээдэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Утсаа ашиглах цаг зав тун хомс болохоор тоотой хэдэн аппууд ашигладаг. Ажлын орчинд Gmail болон аливаа эмнэлзүйн асуултуудад хариулт өгдөг UpToDate аппыг хэрэглэдэг. Мэдээж өдөр тутмын хэрэглээний сошиал аппууд бий.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний ажилд цаг хэмнэх гэсэн ойлголт бараг л байдаггүй. Нуулгүй хэлэхэд залуу насныхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж байна. Үүн дээр нэмээд хотын түгжрэл их цаг авна. Ажлаа дуусгаад гэртээ харих гэсээр асар богино хугацааг л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дээр дурдсанчлан ажлын төлөвлөгөөг долоо хоног, сар, жилээр нь гаргаж, баталдаг учраас тэдгээрийн дагуу ажиллахад болно. Хэдийгээр гэнэтийн ажлууд гарч ирэх нь бага ч гэлээ үндсэн ажил маань ихээхэн цаг шаарддаг тул ажлаас бусад зүйлээ төлөвлөхөд бэрх.

Мөн жил бүр мэргэжил дээшлүүлэх зорилгоор 2-3 сарын хугацаанд гадаад улсыг зорьж, туршлага судалдаг. Ийм үед тасаг, нэгж, эмнэлгийн удирдлагууддаа урьдчилан мэдэгдэж, эртнээс ажлаа төлөвлөх ёстой. Ямар нэг алдаа дутагдалтай зүйл үлдээж болохгүй учраас няхуур хандах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн хамт олон ч гэлтгүй өөрийн хяналтад байдаг өвчтөнүүддээ мөн сануулж хэлдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эмнэлгийн ажил амар биш гэдгийг хэн бүхэн андахгүй биз ээ. Алхам тутамдаа яарч сандарсан, айж тэвдсэн, гуньж гутарсан хүмүүстэй тааралддаг болохоор өөрийгөө аль болох өөдрөг байлгахыг хичээдэг. Тэр хандлагаараа бусдад ч нөлөөлөхийг хүсдэг юм. Хэдийгээр ачаалал, асуудал, стресстэй ажил ч гэлээ би олон хүнтэй харилцаж, тэдний талархсан сэтгэлийг хүлээн авдаг энэ мэргэжлээсээ урам зориг олж авдаг гэдгээ дурдах нь зүйтэй.

Мэдээж эрч хүчээ эргэн олж авахад онцгой үүрэгтэй хүмүүс бол миний гэр бүл. Тэдэнтэйгээ өнгөрүүлж буй тэр багахан цаг хугацааг үр дүнтэй, чанартай байлгахын тулд чадах бүхнээ хийдэг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Одоогоор өдөр тутмын ажлууддаа 100 хувь төвлөрөн ажиллаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, хөхний хавдраар өвчлөгсдийн тоог бууруулахад миний зүгээс оруулах хувь нэмэр юу байж болох вэ гэдэг дээр цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс цөөнгүй бий.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

“Хөхний төв” байгуулагдсан нь хөхний өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг илүү сайжруулахад төвлөрөх гол шийдэл болсон. Тэр ч утгаараа бид Азийн бусад улсын эмнэлгээс туршлага судалж, тэндээс олж харсан бүхнээ эх орондоо нутагшуулахаар хичээж байна. Үүнийг бидний хийж буй ажлын гол онцлог бөгөөд эерэг тал болов уу гэж хардаг.

Сайны хажуугаар саар зүйлс олон. Ялангуяа бидний ажил хүн хоорондын харилцаанаас шууд хамааралтай тул асуудал бэрхшээлүүд гарах нь ойлгомжтой. Анагаахын нарийн үг хэллэг, ойлголтуудыг тухайн өвчтөнд энгийн бөгөөд амьдралд ойр тайлбарлах, эргээд тэрхүү мэдээллийг өвчтөн яаж хүлээж авах вэ гэдгээс хамаарч асуудлууд гардаг. Үүний зэрэгцээ олон нийтийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаагаас үүдэн өвдөхөөсөө өмнө бус өвдсөн хойноо эмнэлгийн байгууллагад хандах хүмүүсийн тоо олон байна. Тэгэхээр бүхий л оролцогч талууд нийгмийн эрүүл мэндийг боловсролыг чухалчлан үзэх хэрэгтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Өдрөөс өдөрт хавдрын эмчилгээ, оношилгооны арга барилууд генетикийн түвшинд хүртлээ нарийн болж байгаа. Бид ч үүнээс хоцрох эрхгүй тул энэ тал дээр нарийн төвлөрч ажиллаж байна. Илүү тодруулбал, гаднын эмнэлгүүдийг туршлагыг Монголдоо шууд нутагшуулахад шаардлагатай зүйлсийг судалж, тооцоолоход төвлөрч байгаа юм.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Анагаах ухааны салбарт хором бүрд шинэ тохиолдол гарч, түүнд тохирсон оношилгоо, эмчилгээг бий болгож байдаг. Эмч хүн тэдгээрээс хойш сууж огт болохгүй. Цаг ямагт шинэ судалгааны ажлууд уншиж, мэдлэг мэдээллээ сэлбэж байх учиртай. Тиймээс өдөр бүр уншиж өөрийгөө түвшин ахиулахыг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Миний санал болгох номыг хэн ч уншихгүй болов уу гэж айж байна. Учир нь бүгд анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн номууд. Цаг зав багатайгаасаа болоод өөр төрлийн ном унших нь тун ховор.

Киноны хувьд хуучны болон шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдийг шимтэн үзэх дуртай. Харин хөгжмийн тухайд аль болох тайвшруулж, тайван мэдрэмж өгдөг дуунууд сонсдог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Талийгаач багшийн маань байнга хэлдэг байсан нэг үг бий. “Эмч бид чинь амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлж, эмнэлгийг хоёр биш нэг дэх гэрээ болгосон улс. Гэр бүлдээ зарцуулдаг цаг хэтэрхий бага. Тиймээс ажил дээрээ байгаа үедээ бусдадаа битгий хатуу хандаж байгаарай, үргэлж нэгнийгээ хайрлаарай. Тэд ч бас хэн нэгний хань ижил, хайртай ээж аав нь шүү дээ” гэсэн эдгээр үг өнөөг хэр нь санаанаас гардаггүй юм. Үнэнхүү бидний ажил хүний нүднээс далд хөшигний ард буцалж байдгийн зэрэгцээ ямагт багийн ажиллагаа шаарддаг. Иймд бие биедээ хайртай байж, хамгаалж байх нь чухал.



14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Аливаа хавдрын өвчлөлд аль шатандаа явж байгаа вэ гэдэг нь асар чухал. Шинж тэмдэг өгч эхлэх нь тухайн өвчин даамжирсан гэдгийг илтгэж байгаа хэрэг. Тиймээс өвдөхөөс нь өмнө эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай. Дор хаяж жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд орох, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой байх нь ирээдүйд бидэнд учирч болох томоохон эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй хариуцлага, үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Тиймдээ ч дэлхий нийтэд аравдугаар сарыг "Хөхний хавдрын эсрэг тэмцэх сар" болгож, хөхний үзлэгт хамрагдах хугацаа гэдгийг сануулдаг.

ТАНЫ МЭДЛЭГТ

Эмэгтэйчүүдийн хөхтэй холбоотой түгээмэл өвчнүүд юу вэ?

Хөхний бэрсүү: Хөхний эдэд мэдрэгдэх ямар нэгэн хавдар эсвэл цуллаг эд. Хөхний бэрсүү нь түгээмэл тохиолддог эмгэг юм. Олон эмэгтэй ерөнхий бэрсүүжилтийг ялангуяа бэлгийн бойжилт, жирэмслэлт, сарын тэмдгийн мөчлөгийн өмнө хөх томрох үед мэдэрдэг. Энэ нь хөхний хөгжлийн хэвийн өөрчлөлт бөгөөд хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй. 10 хөхний бэрсүүний нэг нь л хөхний хавдрын улмаас үүсдэг гэдгийг анхаарууштай.

Мастит: Мастит нь хөхний идээт үрэвсэл бөгөөд нийт тохиолдлын 90 хувь нь төрсний дараах хөхүүл үед тохиолддог . Хөхний толгой хагарах, сүү зангирах, буруу арчилгаа, хувийн ариун цэвэр алдагдах, хөхний арьсанд үүсэх идээт өвчнүүд нь үүсгэгч гол хүчин зүйлс.

Хоргүй хавдар: Хорт хавдраас ялгаатай нь биеийн эд эсээс тодорхой заагтай байх ба эд эсийг түрж ургахаас биш нэвчиж ургахгүй.

Хортой хавдар: Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний хэлтэнцэр (уутанцар) эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эсээс үүсэж, ойролцоо эд эсэд нэвчин, тэдгээрийн бүтцийг гэмтээж ургадаг бөгөөд биеийн бусад хэсгүүдэд ч үсэрхийлэх аюултай. Хорт хавдар нь цусны урсгал ба тунгалгаар тархдаг. Хамгийн түрүүнд суганы булчирхайд үсэрхийлж цаашилсаар тунгалгийн булчирхай, яс, элэг, уушгинд очно. Эмчилгээ цаг алдалгүй хийх нь хавдар бие махбодын бусад хэсэгт тухайлбал яс, нуруу, уушги эсвэл элгэнд тархах магадлалыг бууруулдаг. Эрт илрүүлэг нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд хөхний хавдрын шалтгаант нас баралтын хувь хэмжээг бараг гуравны нэгээр бууруулсан гэх судалгааны үр дүн бий.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж чадвал эмчлэх олон төрлийн арга бий. Юун түрүүнд та дараах бичлэгийн дагуу гэрийн нөхцөлд хөхөө тогтмол шалгах дадал хэвшүүлээрэй. Сарын тэмдэг дууссанаас хойш хоёроос гурван хоногт хөх зөөлөрч, даавартай холбоотой элдэв өөрчлөлтүүд арилдаг тул энэ үе хамгийн зохимжтой.

Мөн мэдээж ХСҮТ-ийн "Хөхний төв"-д хандаж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой. ЭНД дарж цаг аваарай.


УНШИХ: Хөхнийхөө талаар та хэр ихийг мэдэх вэ?