Залуу мэргэжилтнүүдийн дунд хамгийн ихээр яригддаг сэдвүүдийн нэг бол яахын аргагүй мэргэжил дээшлүүлэх. Сургуулиа ямар шалгуураар сонгох, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, цаашид ямар чиглэлээр гүнзгийрэх вэ гэхчлэн уг сэдвийг тойрсон асуулт дундаршгүй. Яг энэ шалтгааны улмаас манай редакцын хамт олон луу жилийн босго дээр “Бид хэрхэн суралцдаг вэ?” хэмээх цоо шинэхэн булангаа өлгийдөн авч байна.

Зочид маань өөрсдийн сурч буй сургууль, хүртэж чадсан тэтгэлэг хийгээд оюутны амьдралын жаргал зовлонгийн тухай өөр хаанаас ч олохооргүй үнэ цэнтэй мэдээллийг уншигчдад өгөх болно. Ийнхүү эхний дугаартаа бид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Чевенинг тэтгэлэгт энэ хичээлийн жилд шалгаран суралцаж буй залуустай ярилцсан юм.

Тэртээ 1983 онд тухайн үеийн Их Британийн Гадаад хэргийн сайд сайд Фрэнсис Пим олон улсын авьяаслаг оюутнуудад Их Британид боловсролоо дээшлүүлэх боломж олгох шинэ тэтгэлэгт хөтөлбөр санаачилсан нь Чевенинг билээ. Анхандаа гурван жилийн хугацаатай хэрэгжих байсан тус хөтөлбөр өдгөө 41 дэх жилдээ тасралтгүй үргэлжлэн, дэлхийн хамгийн нэр хүндтэй тэтгэлгүүдийн нэг болж, 160 гаруй улсын 57 мянга гаруй төгсөгч Чевенингийн тусламжтай Их Британид мастерын зэргээ хамгаалаад буй.

1. та чевенингийн тэтгэлэгт тэнцсэн өөрийн туршлагаасаа хуваалцана уу? 



Д.Мөнхчимэг: Миний хувьд хоёр дахь удаагаа Чевенингийн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа бүрдүүлж өгснөөр тэнцсэн. Эхний удаагийнх маш том сургамж, бас туршлага болсон гэж хардаг. Эссэгээ сайн бичиж өгсөн боловч бүр ярилцлагад ч орж чадаагүй. Үнэндээ би сургуулиа төгссөнөөс хойш 15 жил ажиллаад, карьерын хувьд тодорхой амжилтад хүрсэн боловч тэр замдаа туйлдаж, ядарсан байсан юм билээ. Тэтгэлэг авч сурах хүсэл маань ердөө ажлын завсарлага авах төдийхнөөр хэмжигдэж байсан гэсэн үг.

Тэрийгээ ойлгоод карьер көүч авч, өөрийгөө хөгжүүлэх, ажил амьдралаа тэнцвэржүүлэх тал дээр хэдэн сар ажилласан юм. Тэр үедээ тав, арван жилийн дараа ямар байхыг хүсэж байгаагаа тодорхой болгосон. Алсын хараагаа тодорхой болгочихоор Чевенингийн тэтгэлэг авах нь түүндээ хүрэх нэг шат болж, хавьгүй амар санагдаад ирсэн. Санаандаа багтаачихсан гэх үү дээ. Тэгээд тэтгэлэг авсан хүмүүсийн туршлагаас судалж, сонгосон сургуульдаа материалаа бүрдүүлж өгөөд, алхам бүрдээ л үнэхээр явна гэдэгтээ итгэлтэй болж ирсэн.

Хавар эхний шатанд шалгарсан гэдгээ мэдээд, ярилцлагад бэлдэж эхлэх үедээ би аль хэдийн гурван сургуульдаа тэнцчихсэн байсан. Тэр дундаас далайн эрэгтэй ойролцоо Брайтон хотын University of Sussex сургуулийг сонгомоор байсан учраас сэлж хүртэл сурсан гээч. Энд ирснээс хойш цаг агаар сэрүүхэн байгаа тул далайн эрэг дээр очиж, сэлж амжаагүй ч зун заавал сэлнэ гэж бодож байгаа.

Яагаад гэхээр тэр мөрөөдөл минь намайг ийш хөтөлж, урам зориг өгч байсан юм. Дүгнээд хэлэхэд, урт хугацааны зорилгоо тодорхой болгож, түүнд хүрэхэд тэтгэлэг авч сурах нь яагаад чухал вэ гэдгээ өөрөө ойлгож, чин сэтгэлээсээ хүсэж, тэмүүлж, түүнийгээ биелүүлэх алхмууд хийсэн нь намайг амжилтад хүргэсэн гэж боддог.

2. тэтгэлгийн шалгаруулалтын үе шатуудад хэрхэн бэлдсэн бэ? 


А.Одсүрэн: Эссэ бичих хэсгээ аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй. Ямар сургуулийн, ямар хөтөлбөр надад илүү тохирох бэ, сургуулийн хөтөлбөрөө сонгох явцад, заавал үзэх хичээл болон сонгож үзэх хичээлүүдийг ямар профессор заадаг, тэдгээр профессоруудын хийсэн подкаст, судалгаа зэрэгтэй танилцах зэрэг энгийн алхам маш их цаг авах тал бий. Миний хувьд дээрх хэсэг хамгийн амархан байсан учраас эссэгээ үргэлж эндээс эхэлдэг байсан.

Бусад гурван асуултын хувьд судалгаа гэхээс илүү өөрийнхөө дотоод хүнээс хариултаа хайж эхэлсэн. Урт хугацааны дараа ямар ажил хийх вэ? гэдэг асуулт эмч, санхүүч гэх мэх мэт нарийн мэргэжилтэй бус аль эсхүл дахин салбараа солих хүсэлтэй ч хараахан шийдээгүй хүмүүст хэцүү байж болох юм.

Тиймээс ирээдүйг тааварлахад хэцүү ч гэлээ карьер хэсгээ бичихдээ аль ч салбарт ажилласан байлаа өөрийн үнэт зүйл, итгэж үнэмшлээ гол болгон ажиллана гэсэн санааг шигтгэхийг зорьсон. Эссэг эрт эхлүүлбэл өөрөө уншиж, өөрт чинь таалагдах хүртэл дахин, дахин засах боломжтой. Чевенингийн зөвлөгөөнүүдэд бусдаар уншуулж санал, бодлоо сонсоорой гэсэн хэсэг түгээмэл бий. Хэрвээ энэ чамд тохирохгүй санагдвал заавал ментор хайх шаардлагагүй. Чамайг хамгийн сайн мэдэх хүн бол чи шүү дээ.

Эхний даваагаа амжилттай давлаа ч баярлах хараахан болоогүй. Ярилцлагын тухайд цахим шуудан ирсэн даруйд системдээ нэвтэрч, ярилцлагын цагаа даруй захиалаарай. Учир нь ярилцлагын сүүлийн сарын цаг маш хурдан дуусчихдаг. Хоёр ч удаа орж байсан хүний хувьд хэлэхэд сайн бэлдэнэ гээд хэтэрхий сүүлд цагаа авчихаар элдэв юм хэт их уншсанаас бэлтгэл цөмрөх аюултай. Тиймээс хэт орой ярилцлагадаа ороод хэрэггүй гэж зөвлөе. Мөн тухайн өдрийнхөө өглөөний цагийг аваарай, чадвал тэр өдрөө ажлаасаа чөлөө авсан нь дээр.

Жил бүрийн ярилцлага миний мэдэхээр карьерын хэтийн зорилго, Их Британид ирээд юу хийх, ажлын туршлагатай холбоотой асуултын хүрээнд өрнөдөг. Эдгээр асуултуудад хөнгөн, үнэн, жинхнээсээ хариулаарай. Хэт гүнзгий мэргэжлийн юм ярихаар ярилцлага авч буй хүмүүс төөрнө. Асуултад хариулахдаа STAR буюу Situation, Task, Action, Result стратегийг ашиглан бэлдээрэй.



Д.Сувд-Эрдэнэ: Чевенингийн тэтгэлгийн хувьд манлайлал, мэргэжлийн харилцаа холбоо тогтоох чадвар, салбартаа төдийгүй нийгэмдээ шинийг санаачилсан төслүүд, мөн төгссөний дараах тодорхой төлөвлөгөөтэй байдлыг чухалчилж хардаг учир эссэгээ бичихдээ энэ талаас нь өгүүлбэр бүрийг бодож бэлтгэх нь чухал санагдсан.

Эхний оролдлогоороо тэнцэхэд надад маш их тусалсан хүчин зүйл бол өмнөх жилийн төсгөгч оюутнуудтайгаа холбоо тогтоож, зөвлөгөө авах явдал байсан. Энэ жил ч бид Монголоос холбогдож, тэтгэлэг авахыг хүсэж байгаа хүмүүст өөрсдийн мэдэх, чадах зүйлээрээ тусалж байна. Бас нэгэн чухал зөвлөмж нь эссэндээ маш тодорхой жишээ дурдах, түүнийгээ тоо баримтаар дэмжих нь эссэг илүү хүчтэй болгодгийг санууштай.

Ярилцлагын хувьд Их Британийн ЭСЯ, Боловсролын яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл сууж, ойролцоогоор 45 минут үргэлжилдэг. Ярилцлагад бэлдэж байгаа хүмүүст зөвлөхөд эхнээсээ уур амьсгал, ярилцлага авч буй хүмүүсээ мэдэрч, тайван, цэгцтэй ярих хэрэгтэй. Өөрийн бэлэн байдлаа тэдэнд харуулахыг хичээгээрэй.

Мөн мэргэжлийн өнцгөөс ярихаас гадна хувь хүний талаас, эссэндээ тулгуурласан байдлаар ярих нь дараа дараагийн асуултууд үүсэж, сандралгүй байхад их тусална. Ямар асуудал байсан, юу хийсэн, ямар үр дүн гарсан гэх байдлаар дэс дараалалтай яриагаа өрнүүлэх эсэх нь 100 хувь танаас хамаарна. Биеийн хэлэмж буюу харц, гарын хөдөлгөөн зэргээ ч анхаарч бэлдээрэй.

3. таны суралцахуйн арга барил, амжилттай суралцах нөү-хау


Н.Минжирмаа: Англи Улсад мастерт суралцахад:

Нэгдүгээрт, маш нарийн төлөвлөгөөтэй байх нь чухал. Английн мастерийн хөтөлбөр нь ганцхан жил учраас бусад улс орнуудтай харьцуулахад ихээхэн шахуу бөгөөд тэр хирээрээ ачаалал ч харьцангуй их. Ялангуяа суралцаж байх хугацаанд чинь их хэмжээний мэдээллийг богино хугацаанд бие даан уншиж, судлахыг шаарддаг. Тиймээс хувийн зохион байгууллалтын хувьд сайн төвлөрч, төлөвлөж байх нь хичээлүүдийнхээ ачааллыг хуваарилах болон хоцрогдолгүй байх, шалгалтуудаа амжилттай давахад тусална.

Хоёрдугаарт, өөрийгөө хөгжүүлэх бүх боломжуудыг тогтмол эрэлхийлэх. Сургууль бүрд оюутны чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой сайн дурын олон төрлийн үнэ төлбөргүй хөтөлбөрүүд бий. Тухайлбал, академик англи хэлний бичгийн сургалт, онолын материалыг богино хугацаанд анхааралтайгаар унших чадвар эзэмшүүлэх сургалт гэх мэт.

Үүнээс гадна бэлтгэл, ялангуяа сургуульд өргөдлөө өгч байх тэр цаг үеэс эхлэн заавал унших шаардлагатай материалуудаас мэдээлэл авсан байх, сургуульдаа элсэн орсны дараа хичээл тус бүрийн өмнөх бэлтгэлээ маш сайн хангах, заавал болон нэмэлтээр унших бүхий л материалуудтай танилцаж, тэмдэглэл хөтлөх зэрэг нь амжилттай суралцахад ихээхэн нөлөөлнө.

Мөн цагийн менежмент их чухал. Өөртөө чөлөөт цаг гаргах, аялж зугаалах, шинэ хүмүүстэй танилцах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэрэг дуртай зүйлсээ хийж, хичээл болон хувийн амьдралын тэнцвэрийг хангах нь сөрөг мэдрэмжүүдийг бууруулж эрч хүчтэй, эерэг байхад тус дэмтэй.

4. оюутны нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ? 


Б.Хулан: Ерөнхийдөө миний хичээлийн өдрүүд их тайван, уйтгартай гэмээр өнгөрдөг. Өглөө босож, цайгаа уухын хажуугаар өдрийн хоолоо бэлдэнэ. Сургууль дээр өдрийн ихэнх цагаа өнгөрөөдөг. Лекц, семинардаа сууна. Хичээлээс гадуурх уулзалт, сургалтанд сууж бас хичээлээ хийнэ. Энэ улирлын хувьд хичээлээс гадуур өмнө нь туршиж үзээгүй шинэ төрлийн спортоор хичээллэхээр төлөвлөсөн. Сургууль дээр бас найзуудтайгаа уулзаж, хамт хоолоо хувааж идэж, чалчих дуртай шүү.

5. оюутны хувиар хамгийн ихээр ашиглаж буй апп, хэрэгслүүд 


Б.Төгөлдөр: Би өөрийн мэргэжилтэй холбоотойгоор дийлэнх хугацаандаа санхүүгийн чиглэлийн аппуудыг өдөр тутамдаа ашигладаг. Үүн дотор Bloomberg Terminal-ийг зах зээлд болж буй бүхий л мэдээлэлтэй ойр байх, одоогийн нөхцөл байдлыг үнэлэх, ирээдүйг таамаглах болон мэргэжлийн байгууллагуудын тооцооллыг өөрийн хийж буй ямар ч төрлийн төсөл, хөрөнгийн үнэлгээнд ашиглах зорилгоор өдөр тутамд хэрэглэдэг. Мөн зах зээлийн мэдээлэл, тоон өгөгдлийг олж авах, бусад эх үүсвэртэй нийцүүлэх зорилгоор Financial Times, The Economist, Mergent Online, S&P Capital IQ, Factset зэргийг хэрэглээндээ тогтмол ашиглахыг зорьж байна.

Хэдийгээр их сургуульд сурч байхад өдөр тутамд ашиглагддаггүй ч Meet нэртэй аппыг онцолъё. Уг апп нь манай London Business School-ийн үе үеийн төгсөгчид бие биетэйгээ холбогдох боломжтой хэрэгсэл юм. Дан ганц би гэлтгүй миний эргэн тойронд сурч буй оюутнууд өмнөх үед сурч байсан, одоо олон улсын мэргэжлийн зах зээлд ажиллаж буй хүмүүстэй харилцаа холбоо тогтоохдоо уг аппыг ашигладаг. Монголын их сургууль бүр оюутнуудынхаа эргэх холбоог сайжруулах чиглэлээр ийм төрлийн апп хөгжүүлвэл дөнгөж төгсөөд ажилд орох гэж байгаа болон их сургуульд дөнгөж орж буй оюутнууд зөвлөгөө авах, ирээдүйн карьераа зөв тодорхойлоход тун ч хэрэгцээтэй санагдсан шүү.

6. хичээл, шалгалтууддаа хэрхэн бэлдэж, төлөвлөдөг вэ?


С.Ариунзаяа: Миний хувьд хамгийн эхэнд суралцах гэж байгаа модул хичээл бүрийн хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцаж, дараагаар нь хичээл хийх нарийвчилсан төлөвлөгөөгөө календар, Microsoft Onenote, To Do ашиглаж боловсруулдаг. Хэр чухал, яаралтайгаас нь хамааран (лекц, семинарт бэлдэж судлах материал, хийх даалгаврууд, шалгалтын бэлтгэл гэх мэт) өнгөөр эрэмбэлдэг.

Тэгээд л төлөвлөгөөгөө ягт дагах нь сэтгэл санаа тогтвортой байж, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа тэнцвэржүүлж, гэнэтийн ажлуудад түүртэхгүй байхад тусалдаг. Мөн тогтмол лекц, семинартаа сууж, бусадтай ярилцаж, санал солилцох нь сурсан зүйлсээ бататгаж, хаана хоцорсон, анхаарах хэрэгтэйг ойлгуулдаг юм шиг санагддаг.

7. эРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 


Б.Төгөлдөр: Бие болон сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чадвал эрч хүч өөр өөрийгөө тогтмол сэлбэдэг гэж боддог. Миний хувьд бакалаврын түвшинд суралцах хугацаандаа цэргийн алба хааж, спортоор тогтмол хичээллэдэг байсан тул Лондонд ирсний дараагаар дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлж, биеийн хөгжлөө тогтвортой түвшинд хадгалахад асуудал багатай байсан.

Гэхдээ сэтгэл санаа талаас авч үзвэл анх удаа урт хугацаагаар гаднын улсад суралцах гэж байгаа, тэр дундаа манай орноос цагийн зөрүү ихтэй, цаг агаарын хувьд бороотой, үүлэрхэг нутагт ирээд ачаалал авч эхлэхэд сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт сөрөг мэдрэмжүүд төрж эхэлсэн.

Уг асуудлаас сэргийлэн сэтгэл санаа талаас миний авч хэрэгжүүлсэн хамгийн гол арга хэмжээ нь сургуулиас санал болгодог сэтгэлзүйчтэй цаг товлон уулзах байсан билээ. Ингэснээр өөрийн дотор юу болж буй, юунд сэтгэл ханамжгүй байгаа, цаашид юу хийх үү зэрэг асуултын хариултыг олж авахад түлхэц болсон шүү.

Мөн чөлөөт цагаараа аль болох найз нөхөдтэйгөө уулзах, хамтдаа аялахыг эрмэлзэх нь сэтгэл санааг дэмжиж өгдөг. Хэрвээ Та Англид ирэхээр төлөвлөж байвал цэлмэг нартай өдөр заавал гадагш гарч, нарыг мэдрээсэй гэж хүсэж байна. Сэтгэл санаа 100 хувь дээрдэж, таны нүүрнээс инээмсэглэл тодрох нь лавтай.

8. суралцахын хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 


Г.Мандухай: Английн Засгийн газар Ковидын дараа иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн төлөө 150 сая паунд нэмэлтээр төсөвлөж, иргэддээ хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төвүүдтэй хамтрах, шинээр байгуулах зэргээр нэлээн анхаарч байгаа. Энэ туршлагаас нь сурах зорилгоор “Mind” гэх 70 жилийн туршлагатай сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих байгууллагад сайн дурын ажил хийхээр төлөвлөж байна.

Бас хичээлийнхээ хажуугаар цахимаар Монголруу тодорхой цагаар ажиллаж энд хичээлээсээ сурч байгаа мэдлэгээ дор бүр нь ажил хэрэг болгох гайхалтай боломж байгаад баяртай байдаг. Монголд манай баг өсвөр, залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төслүүд эхлүүлээд байгаа ба тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэгтэй мэдээллүүдээр тогтмол хангахыг зорьдог.

Жишээлэхэд, энэ жил танилцсан Чевенир Сувд-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Эрүүл амьдралын жигүүр" ТББ байгууллага, манай HabiDo апп хамтран Монголынхоо 2000 өсвөр үеийнхэнд эрүүл мэнд, сэтгэл зүй, санхүүгийн боловсролыг олгох зорилготой төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ бол Чевенингийн тэтгэлэг дан ганц хувь хүний боловсролд хөрөнгө оруулаад зогсохгүй зорилго нэгтэй залуусыг нэгтгэж чадсанаараа нийгэмд чухал хувь нэмрээ оруулж байдгийн нэг тод жишээ гэж бодож байна.



Б.Хулан: Би сургуулийнхаа доктрант оюутны судалгааны ажилд сайн дурын ажил хийж байгаа. Ерөнхийдөө Брайтон хотын ЛГБТИК+ 55-с дээш насныхан болон залуу оюутнуудыг сард нэгээс хоёр удаа уулзуулж, нийгэмшүүлсэнээр ЛГБТИК+ үе хоорондын түүх солилцох, сэтгэлзүйн эрүүл мэндэд хэр эерэг нөлөөтэй вэ гэдэг тухай юм. Уг сайн дурын ажил миний хувьд заавал цаг гарган очдог үйл ажиллагаа юм. Яагаад гэвэл Монголд өөрийнхөөрөө амьдарч буй ЛГБТИК+ өндөр настнууд төдийлөн харагддаггүй болохоор надад энд эмээ, өвөө нарын урт удаан амьдрал, тэгш эрхийн төлөөх тэмцлийн түүхийг сонсох тун сонирхолтой.

Монголын хаалттай нийгмээс шалтгаалаад 50-с дээш насныхан өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг маш их нуудаг, өөрийгөө олж нээх боломжгүй эсвэл маш их үгүйсгэж амьдарч буй. Энд харьцангуй нээлттэй ч маш их ганцаарддаг тухай нь олон судалгаа бас сайхан ажлууд байх юм. Монголдоо очоод сурсан, харсанаа хэрэгжүүлэх юм сан гээд их урам авч байгаа.

9. суралцаж буй чиглэлийн тань онцлог? одоо суралцаж буй сургуулиа ямар шалгуураар сонгосон бэ? 


С.Гандолгор: Монгол Улс газрын баялгийн нөөц ихтэй ч төр засаг тогтвортгүй, улстөрчид хүний эрхийн мэдрэмж багатай. Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хамгаалахаа тунхагласан ч дээрх шалтгаанаар хүний эрхийн зөрчлүүд өдөр бүр л илэрсээр байна. Тиймээс улс эх орондоо хэрэгтэй, хувь нэмэр болох талаас нь магистрын зэргээ Хүний эрхийн чиглэлээр хамгаалахаар сонгосон юм. Мэдээж өөрийн сонирхол, ирээдүйн эрэлт хэрэгцээ сонголтод маань том байр суурь эзэлнэ.

Үүнээс гадна би Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Олон улсын сонгуулийн ажиглагчаар ажиллаж, сонгуулийн үйл явц, хууль эрх зүйн орчин болоод шударга өрсөлдөөн байгаа эсэхэд ажиглалт хийж, тус улсын Засгийн газарт нь тайлан өгдөг. Олон улсын сонгуулийг ажиглахад хамгийн чухал нь хүний эрх тэр тусмаа сонгох сонгогдох, мэдээлэл авах эрх, хүртээмжтэй байдал зэрэг асуудлыг чухалчилдаг шүү дээ. Тийм учраас хүний эрхийн чиглэлээр мэргэших нь зайлшгүй шаардлага. Тиймээс нийгмийн шинжлэх ухаанаараа дэлхийд хоёрт эрэмблэгддэг London School of Economics and Political Science-ийг сонгосон.

Сургуульдаа хүний эрх, хүний эрх дэх улс төр, улс төр ба нийгэм, олон улсын арбитр болон улс дамнасан байгалийн эрх зүй гэсэн хичээлүүд судалж байна. Улс төр дэх хүний эрхээс гадна Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ хүний эрх цаашлаад улсынхаа эрх ашгийг хэрхэн хангаж, талууд тэгш ашигтай ажиллах талаар мэргэшиж улс эх орондоо хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.



Т.Цэнгүүн: University of Manchester нь хөгжил судлал буюу Development studies чиглэлийн хөтөлбөрөөрөө дэлхийд дээгүүр буюу эхний долоод эрэмбэлэгддэг. Хөгжлийн асуудлыг дагнан судалдаг салбар институт Global Development Institute нь 60-аад жилийн түүхтэй бөгөөд ядуурал, тэгш бус асуудалд төвлөрсөн судалгаа болон бакалавр, магистр, доткорын түвшний сургалтаараа Европтоо хамгийн том институтэд тооцогддог.

Global Development Institute нь хөгжил судлалын зөвхөн магистрын түвшинд гэхэд 20 гаруй нарийвчилсан чиглэл, сэдвээс сонгон суралцах боломжийг олгодгоороо тун онцлог. Тэгээд сонголтоо хийхдээ өөрийн ажлын туршлага, бакалаврын чиглэл, цаашдын зорилготойгоо уялдуулж сонгосон бөгөөд сургуулийнхаа MSc in Global Development (Environment and Climate Change) хөтөлбөрт суралцаж байна.

Энэ хөтөлбөрт хөгжлийн судалгааны чиг хандлага, гол онолуудыг судлахын зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хөгжлийн асуудал, үйл явцтай хэрхэн уялдаж байгаа талаар суралцаж байна.

10. гадаадад суралцахын сорилт ба бэрхшээлүүд


П.Нямаа: Их Британийн боловсролын системийн нэг хэсэг болж шилдэг сургуулийн хөтөлбөрийг шилдэг профессоруудаар дамжуулан эзэмшинэ гэдэг үнэхээр сайхан зүйл. Үүнтэй яг зэрэгцэн сорилт/бэрхшээлүүд “давааны цаана даваа” шиг л зэрэгцээд л байж байдаг.

Мастерын хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай тул бүх хичээлүүд эрчимжүүлсэн шахуу хуваариар явагддаг. Профессоруудын зүгээс уншиж судлах ном, артикл, гарын авлагын жагсаалтыг өгчихдөг ба оюутнууд 70-80 хувийг бие даан суралцаж, лекцэндээ хамрагдах ёстой. Мэргэжлийн үг хэллэгүүдийн Англи нэршилийг сайтар ойлгох гэж нилээд цаг зарцуулсан. Англи хэлний IELTS-ийн сайн оноотой байх нь мэргэжлийн хичээлүүдээ 100 хувь ойлгоно гэсэн үг биш юм байна гэдгийг семестрийн эхний үед хангалттай мэдэрсэн дээ.

Ганцхан жилийн хөтөлбөр юм чинь гялалзтал сайхан сураад ирнэ ээ гэсэн бадрангуй хүслийг маань Английн бүрхэг цаг агаар, өглөөнөөс орой болтол хичээллэх шахуу сургалтын хөтөлбөр, орой гэртээ ороод ирэхэд хэн ч угтахгүй хоосон гэр/өрөө, ижил дасал болсон амттай сайхан Монгол хоолоо санах “ходоод” гэх асуудлууд бага багаар бөхөөж, эхний гурван сарын турш сэтгэл зүйн хямралтай нүүр тулсан. Соёлын ялгаатай байдлаас хамааран ихэнхи оюутнууд дасан зохицох энэхүү хугацааг даван туулдаг санагдсан. Их сургуулийн зүгээс ч энэ асуудал дээр нээлттэй хандаж, маш олон үйл ажиллагааг зохиодог нь авууштай.

Хоол хүнсний хувьд шууд бэлэн идэх хоолны сонголт тааруу. Хоол хүнсний бүтээгдэхүүний сонголт үнэхээр өргөн тул цаг гаргаж чанартай сайн хоол хийж идэх нь маш чухал. Манай улстай харьцуулахад хүйтний эрч нь сул ч гэсэн бороо элбэгтэй тул “чийгтэй, нойтон” хүйтэн байдал нь дасан зохицох хүртэл тухгүй байдлыг мэдрүүлдэг.

11. энэ улирлын хамгийн онцлох хичээл? сургуулиа төгссөний дараах таны ойрын зорилт? 


Б.Баярбаатар: Цахим эрүүл мэнд нь салбар шинжлэх ухаан болон хөгжиж байгаа харьцангуй залуу салбар. Тиймээс мэргэшсэн багшлах боловсон хүчин ховор ба яг энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөр тийм ч олон байдаггүй. Миний хувьд University of Bristol-д Цахим эрүүл мэндийн мастерын хөтөлбөрт суралцаж байгаа.

Хөтөлбөрийн хичээл бүр цахим эрүүл мэндийн интервенцийг төлөвлөх, өвчтөн, үйлчлүүлэгч, эмч, эрүүл мэндийн байгууллага гэсэн цогц системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоос эхлээд хэрэглээнд нэвтрүүлэх хүртэл бүхий л үе шатуудад үйлчлүүлэгч төвтэй, шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан арга зүйгээр ажиллаж, удирдан зохион байгуулахад шаардагдах онол болон ур чадварыг зааж буйгаараа онцлог. Эхний семестрт зургаа, энэ семестр таван хичээл авч байгаа. Эмчээс шилжин цахим эрүүл мэндрүү мэргэжил халин суралцаж байгаа тул сонирхолтой хэдий ч тэр хэмжээгээрээ ачаалал өндөр.

Эрүүл мэндийн өгөгдлийн загварчлалын хичээлээр эрүүл мэндийн төрөл бүрийн өгөгдлийг өөр төрлийн эх сурвалжаас цуглуулах, тэдгээрийг загварчилж үр дүн гаргах аргачлалуудад суралцаж байгаа. Энэ долоо хоногт цахим сурвалжаас өгөгдөл цуглуулахдаа Монголын эмнэлгүүдийн талаарх өгөгдөл цуглуулах алгоритм бичсэн. Яг одоогоор энэ чиглэлээрээ Миссисмпигийн их сургуулийн судлаачидтай хамтран уушиг болон хөхний хавдартай өвчтөнүүдийн зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлох судалгаан дээр ажиллаж байна.

Төгсөөд Монголдоо хурдхан очоод эрүүл мэндийн цахим шилжилтэд нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтний хувьд хүн төвтэй, өртөг багатай, хэрэглэгчдэдээ хүндрэл багатай, системдээ өгөөжтэй байдлаар ажиллахад хувь нэмрээ оруулах, шинэ технологи нэвтрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй. Мөн Монголын Анагаахын Хиймэл Оюун Ухааны холбоог үүсгэн байгуулагчийн хувиар Их Британийн цахим эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

12. их британид суралцах, тэр дундаа чевенингийн тэтгэлгээр суралцахын давуу тал, боломжууд


Н.Минжирмаа: Англи Улс нь дэлхийн шилдэг боловсрол олгодог тэргүүлэх орнуудын нэг. Сургалтын чанарын хувьд маш олон стандартыг нэвтрүүлсэн, дэлхий дээрх хамгийн орчин үеийн чанартай боловсрол олгодог. Сургалтын хөтөлбөрийн сонголт арвин бөгөөд та өөр аль ч улс оронд байхгүй нарийн мэргэжлийн тусгай хөтөлбөрүүдийг олох боломжтой. Үүнээс гадна Англи улс сургалтын хугацааны хувьд харьцангуй богино бөгөөд уян хатан, тухайлбал мастерийн хөтөлбөр нь нэг жил байдаг тул олон жил суралцах боломжгүй хүнд илүү давуу талтай.

Харин Чевенингийн тэтгэлгийн давуу талуудаас дурдвал, та өөрийн хүссэн сургууль, хөтөлбөрөө сонгох боломж нээлттэй. Бизнесийн удирдлагаас бусад чиглэлээр бол та өөрийн суралцахыг хүсэж буй сургууль болон тухайн хөтөлбөртөө л тэнцэж чадвал хүссэн хотдоо, өөрийн суралцахыг хүсэж байгаа сургуульдаа, ямар ч хөтөлбөр байсан санхүүгийн болон бусад хязгаарлалтгүйгээр элсэн суралцах боломжтой.

Мөн Чевнингийн хөтөлбөр маш өргөн сүлжээтэй, олон орны өөр өөр соёлтой залуучуудтай тэтгэлгийн шугамаар танилцах зэргээр мэргэжлийн сүлжээгээ өргөтгөх боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал, сургууль болон хот бүрийн Чевенингийн тэтгэлгээр ирсэн хүмүүс нэгдэж, нэг comminity буюу сүлжээ үүсгэдэг. Суралцаж байх хугацаандаа нэгэндээ туслах, хамтарч ажиллах зэргээр ойр дотно, нэгдмэл байж чаддаг тул таны сүлжээ тэр хирээрээ өргөжин тэлж байдаг.

Чевенингийн тэтгэлэг нь оюутнууддаа зориулсан төрөл бүрийн арга хэмжээг жилийн турш тогтмол тасралтгүй зохион байгуулдаг бөгөөд хурал зөвлөгөөнд оролцох, дэлхийн томоохон байгууллагуудад суралцаж байх хугацаандаа дадлага хийх боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлог. Тийм учраас Чевнингийн шугамаар хичээлээс гадна өөрийгөө хөгжүүлэх, сурсан зүйлсээ бататгах хурал хэлэлцүүлэгт орж танилцуулга, илтгэл тавих, академик мэдлэгээ практикт ашиглаж дадлагажих гээд бүхий л боломж танд нээлттэй.

13. их британитай холбоотой санал болгох ном, хөгжим, кино


Ш.Цогзолмаа: Чевенингийн ярилцлагын шатанд бэлдэхдээ Шотландын түүх сонирхож, Mary, Queen of Scots, The Tudors үзээд тун таалагдсан. Үргэлжлүүлээд Outlaw King, Outlander үзэх бодолтой байгаа. Англи болон Шотландын дайн тулаан, зөрчлийг харуулсан заавал дурдах ёстой кино бол Braveheart. Их Британийн нийгэм, улс төр, хатан хаадын талаар ойлголт авахад The Crown, The King’s Speech, Darkest Hour киног санал болгоно.

Анх Глазгод ирээд “Waterstones” номын дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг аваад, “Very British Problems” гээд онигооны ном авч уншиж байсан юм. Англи, Шотландуудын хошигнол ойлгох гээд л тэр. Сүүлд Шотландын зохиолч Аласдер Грейгийн (Alasdair James Gray) “Poor Things” уншиж байна.

Хааяа Эдинбург орох үедээ тэндхийн хуучин номын дэлгүүрээр явах дуртай. Эдинбург бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй утга зохиолын анхны хот гэгддэг. Шорлок Холмын зохиолч Артур Конан Дойл, утга зохиолч Вальтер Скотт, бидний сайн мэдэх Ж. К. Роулингийн бүтээлээ бичиж байсан өлгий нутаг нь. Энд дэлхийн утга зохиол, соёлын өвийг тээж буй 50 гаруй хуучин, шинэ номын дэлгүүр бий. Нэг амралтын өдрөө зөвхөн Эдинбургийн номын дэлгүүрээр хэсэх аялал хийх бодолтой байгаа.

Түүнээс гадна Их Британид суралцах сонирхолтой залууст Л.Ариунзул эгчийн “Чевенингийн тэтгэлгээр Англид суралцсан тэмдэглэл” номыг санал болгоё. Дөнгөж ирээд Английн боловсролын системд хэрхэн дассан, амьдрал ахуй хэр байсан, ямар саад бэрхшээл тулгарч байсныг тун илэн далангүй хуваалцсан байсан.

Хөгжмийн хувьд Шотландад ирээд хөөрөгт цуур хөгжим хаа сайгүй сонсогдох болсон. Гудамжинд үндэсний хувцас килтээ өмсөөд, хөгжмөө тоглоод зогсож буй дүр зураг олон. Эхлээд чихэнд нэг л наалдахгүй, таатай санагдаагүй. Яваандаа бүр дасаад, дуртай болж эхэлсэн. “The Crown” киноны хэсэгт Хатан хаан Элизабет өөрийн оршуулгад эгшиглэх дууг сонгохдоо хөөрөгт цуураар тоглох “Sleep, Dearie, Sleep” дууг сонсоод дурладаг.

14. чевенингийн тэтгэлгийг сонирхож, мөн бэлдэж буй залууст шидэх санаа


П.Нямаа: Тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэхийн тулд таны “зорилго” тодорхой, өөртөө итгэлтэй, шаргуу байх хэрэгтэй. Та тэтгэлэгт хөтөлбөрт хүчээ үзэхээр нэгэнт л шийдсэн бол өөрийнхөө дотоод сэтгэлдээ үүнийгээ багтааж, төсөөлж, сэтгэл оюунаа бэлэн болгох нь маш чухал. Таны зорилго урт холын, өргөн цар хүрээтэй, бусдын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх тусам энэ нь хөтөлбөрийн үе шатуудад чухал үүргийг гүйцэтгэсээр байх нь дамжиггүй.

Миний бодлоор тэтгэлэгт хөтөлбөрийн үе шатуудын амин сүнс хэсэг нь “Эссэ”. Эссэ бичихдээ анхаарах гол зүйлсүүдийн нэг нь: “Асуудал – Шийдэл – Үр дүн”.

Шийдэх шаардлагатай байгаа асуудлыг хөндөж, шийдлийг тусгаж, хүлээгдэж буй үр дүнг илэрхийлсэн байх. Түүнчлэн эссэний үндсэн дөрвөн бүлэг хоорондын уялдаа, холбоог маш сайтар хангах, бодит үр дүнгээр хэмжихүйц жишээ дурдаж мэдээллээ бататгах, статистик тоо баримтуудыг дурдаж эссэ-гээ илүү итгэлтэй, мэргэжлийн болгоорой.

Таны эссэ-г хэдэн мянган бээрийн алсад, таныг, биднийг, манай улсын ямар ч төсөөлөлгүй “Reading Committee”-ийн гишүүд уншиж танилцах ба унших явцад тэдний “нүдэнд харагдаж, гарт баригдахуйц” өгөөжтэй, итгэл үнэмшил төрүүлэхүйц, урам зориг бадраасан эссэ байхаар тооцоолж сайтар цаг зарцуулж бичээрэй.

Харин “Ярилцлагын шат” гэдэг бол таны тэтгэлэгт хөтөлбөрийн хамгийн сүүлийн “даваа”. Та энэ шат хүртэл хамгийн багадаа нэг жил зарцуулсан, асар олон шат дамжлагуудыг амжилттай давж, олон зүйлс чинь тодорхой болчихсон шүү дээ. Жишээ нь, сургуулиа, мэргэжлээ сонгочихсон, эссэгээ биччихсэн, эссэ чинь шалгарчихсан, IELTS оноогоо авчихсан, бэлтгэл харьцангуй хангагдчихсан сайхан үе!

Одоо дахин өөртэйгээ ярилцах, өөрийгөө хурцлах, урамшуулах үе дээрээ ирлээ. Энэ хүртэл та маш олон сорилтуудыг амжилттай давсан тул түүгээрээ өөрийгөө урамшуулж, зоригжуулж, өөртөө итгэлтэй байдлаа хэд дахин нэмээрэй. Өөртөө итгэлтэй байдал энэ шатны гол “түлхүүр”. Тавигдах асуултууд мэдээж таны сонгож буй мэргэжил, сургууль, суралцах гэж буй улс, товчхондоо таны эссэ, сэдвийн хүрээнд л тавигдана. Таниас хаа хамаагүй өөр мэргэжил, шинжлэх ухаан, тэнгэр огторгуйн тухай асуухгүй.

Түгээмэл ирдэг асуултын төрлүүдээс жишээ авч, өөрийгөө туршиж бодитоор ярьж буй мэтээр бэлтгэл хийх нь “жинхэнэ ярилцлага”-ны сандрал, айдсаас чөлөөлөгдөхөд тустай.