Орчин цагийн иргэд амьдралын хэв маягтаа ихэд анхаарч, эерэг дадал хэвшилд суралцахаар олон төрлийн апп, хэрэгслүүдийг турших болжээ. Гагцхүү тэдгээрээс өөрт тохирсныг олж, өдөр тутмын хэрэглээндээ нийцүүлэх нь чухал сонголт болж буй.
Өнөөдрийн дугаартаа бид Оптимал Эн Макс ХХК-ийн хөгжүүлж буй “HabiDo” аппликейшний хамт олныг онцолж байна. Иргэдийнхээ амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээхээр ажиллаж буй HabiDo аппликейшн нь 2021 оны аравдугаар сард олны хүртээл болсон ба өдгөө апп таталтын тоо нь 46 мянгад хүрчээ. Тэд хувь хүний хөгжилд шаардлагатай долоон бүлгийн 35 дадал бүхий цогц шийдлийг багтааснаас гадна хэрэглэгчийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сэтгэл зүйн төрөл бүрийн тест, тэдгээртэй холбоотой нийтлэлийг санал болгодгоороо онцлогтой. Ингээд HabiDo дадал хэвшүүлэгч аппликейшний хамт олонтой танилцъя.
HabiDo аппликейшний тоймыг ЭНДЭЭС уншина уу.
Байршил: Улаанбаатар, Монгол Улс
Вэб: www.habido.mn
Сошиал хуудсууд: HabiDo (фэйсбүүк), habido.official (инстаграм)
Апп татах: Android, iOS
ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Г.Мандухай
“Оптимал Эн Макс” компанийн Гүйцэтгэх захирал
Миний бие Орос улсад сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед III түвшний залуу оюутан надад “Сэтгэл судлалын үндэсний төв”-д дадлагажих боломж олдон, зуны амралтаараа нутагтаа ирж мэргэжлийнхээ дагуу бодит туршлага олж авч байлаа. Ийнхүү би ажлын гараагаа ССҮТ-өөс эхэлсэн түүхтэй. Үүний дараа байгууллагын сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эн Пи Си Мандал” компанид судалгааны менежер, сэтгэл судлаачаар ажиллаж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Ажлын эхний өдрөөс л олон шинэ сорилттой тулгарч, тэр бүрд удирдлагуудын зүгээс ямагт зааж зөвлөдөг байсан нь одоо бодоход их дэм болсон юм шиг санагддаг.
Манай мэргэжилд практик дадлага асар чухал. Тиймдээ ч ажлын талбарт хөл тавьснаас хойших эхний гурван жилийн хугацаанд эл салбарт сайн боловсон хүчин болохын тулд нэлээдгүй хичээн ажилласан. Тэр дундаа сэтгэл зүйн судалгааг илүүтэй сонирхож, монгол хүүхдийн нийгэмшлийн хөгжлийн судалгаа, хувь хүний зан төлөвийн онцлог, тэдэнд тулгардаг бэрхшээл, ажилтны бүтээмжид сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг талаар цөөнгүй судалгаанд гар бие оролцсон байна.
Улмаар 2019 онд “Оптимал Эн Макс” ХХК-д судалгааны албаны менежрээр ажиллаж эхэлсэн ба монгол хүний зээлээ эргэн төлөх хариуцлагыг сэтгэл зүй талаас нь судлах психометрик үнэлгээний “PsyFint” моделийг боловсруулах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд бичил зээлийн салбарт “Zeely” аппликейшнд “PsyFint” моделио нэвтрүүлэн, судалгааны ажлаа олон улсын мэргэжлийн судлаачдын хянан магадлагаа (peer-review) хийдэг “MDPI” сэтгүүлд нийтлүүлж монгол судлаачдын бүтээлийг олон улсад таниулсан билээ.
Харин 2022 оноос компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Манай компани нь шинжлэх ухаан, технологид тулгуурлан хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг нийгэмдээ хүргэхийг зорьдог. Сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжигч дадал, хэвшлийн аппликейшн HabiDo бол тэдгээр ажлын нэгэн биелэл юм.
ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Б.Нандин-Эрдэнэ
Сэтгэл судлаач
Өглөө бүр хоёр аяга бүлээн ус ууж өдрийг эхлүүлдэг. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд хийх ажлуудаа төлөвлөж, шаардлагатай хүмүүстэй холбоо барьсны дараа тогтмол мэдээлэл авдаг вэбүүдээс (psycnet.apa.org, digest.bps.org.uk) судалгаа шинжилгээний материал унших, хэрэглэгчдийн санал хүсэлтэд хариулах зэрэг ажилдаа төвлөрнө. Аппликейшнтэй холбоотой алдаа гарсан үед технологийн багтайгаа ярилцаж асуудлыг тэр дор нь шийдэх, үйл ажиллагаанд ямар нэг доголдол үүссэн бол удирдлагын багийнхантайгаа зөвлөлдөөд ямар ч бэрхшээлийг хамтдаа давж гардаг.
Манай хамт олон бүгд нээлттэй, хөгжилтэй хүмүүс болохоор ажлаас үүдэн цухалдах нь тун бага. Цайны цагаар эсвэл ажлаасаа түр амсхийсэн үедээ бид хөнгөн сэдвээр яриа өрнүүлж, бяцхан quiz буюу танин мэдэхүйн асуулт хариулт явуулж, инээлдсээр нэг л мэдэхэд сэтгэл зовоосон асуудлаа мартчихсан байдаг.
ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
И.Тогтуун
Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн менежер
Сайтар төлөвлөх болон хугацаандаа ажлаа гүйцэтгэх бол миний ажлын арга барил. Манай хамт олны хувьд ч мөн адил зорилгоо зөв тодорхойлж, сайн төлөвлөсний дүнд ажлуудаа хийдэг. Бидний чөлөөтэй, эерэг, нэгнээ дэмждэг уур амьсгал ажлын бүтээмжид чухал нөлөө үзүүлдэг шүү. Бүгд л хошин шогийн мэдрэмж өндөртэй, бие биетэйгээ нөхөрсөг харилцдаг учраас ямарваа нэг асуудал тулгарахад гаргалгааг нь олоход тийм ч их цаг зарцуулдаггүй. Ажлын ийм арга барил нь багийн гишүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг юм шиг санагддаг. Ойлгодог, дэмждэг, эерэг, хөгжилтэй, чөлөөтэй уур амьсгалд хэний ч сэтгэл санаа дээшилж, ихийг бүтээх хүсэл ундрах нь мэдээж.
Төвлөрлийн тухайд би үдээс өмнө төлөвлөлт, хяналтын ажлууд дээрээ түлхүү анхаарч, үдээс хойш үндсэн ажлууддаа илүү сайн төвлөрдөг. Мэдээж зөв цагтаа завсарлага авч амрах, эсвэл дуртай хөгжмөө сонсох, заримдаа ажлын орчноо сэлгэж суух нь илүү сонирхолтой, бүтээмжтэй байхад нөлөөтэй.
АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ш.Бямбажаргал
Сэтгэл судлаач
Ажлын онцлогоос хамаарч ашигладаг хэд хэдэн програм бий. Ихэнхдээ судалгаа, шинжилгээнд суурилсан ажил хийдэг учраас Microsoft Excel, SPSS програмуудыг голчлон хэрэглэж байна. Харин чөлөөт цагаараа тархиа сэргээх зорилгоор BrainHQ, Lumosity зэрэг тоглоомыг сонирхож, өдөр тутмын дадлуудаа HabiDo аппдаа тогтмол тэмдэглэдэг. Энэ маань ч намайг аппликейшний үнэлэмжийн дээд хэмжээ буюу “Ялагч” цолтой болгосон.
Ер нь аливаа шинэ дадал хэвшлийг өөртөө бий болгоно гэдэг хэн бүхний хувьд бэрхшээлтэй байдаг. Үр дүн тэр дороо ажиглагдаад байдаггүй учраас тэр байх. Харин HabiDo апп үүнийг хялбаршуулж өгсөн. Тодруулбал хүмүүс өдөр бүр алдалгүй хийж чадсан дадлынхаа тэмдэглэлийг харснаар өөрөөрөө бахархах мэдрэмж авахаас гадна өөртөө итгэлтэй болно гэсэн үг. Энэ нь манай аппликейшний хамгийн давуу, үр дүнтэй шинж чанар гэж бодож байна.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
И.Тогтуун
Судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн менежер
Ярилцах. Хүн аливаа нэг ажлыг хэнээс ч тусламж авалгүй хийх нь зарим тохиолдолд ажил удаашрах, шийдэлд хүрэхгүй “таг гацах” шалтгаануудын нэг болдог. Тэр үед бусдаасаа асууж, ганцаараа бус олуулаа шийдлийг эрж хайх хэрэгтэй. Товчхондоо хэн хаана юу хийж байгаа нь тодорхой, ямар ачаалалтай ажиллаж буй нь илэрхий байвал ихээхэн цаг хэмнэдэг. Нөгөө талаас хурдан хугацаанд, хүссэн үр дүндээ хүрэх боломжийг олгодог гэж хэлж болно.
Харин хувь хүнийхээ үүднээс түгжрэлд цагаа үрэхийг таашаадаггүй. Тиймээс хурдан хэмнэлтэй дуу эсвэл хэрэгтэй мэдээлэл бүхий подкаст сонсоод алхах дуртай.
ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Б.Наранзаяа
Брэнд менежер
Миний хувьд HabiDo төслийн брэнд менежерийн ажлаас гадна сэтгэл судлаач мэргэжилтэй. Тиймээс ямарваа нэг контент бэлтгэхдээ хүмүүст түгээмэл тохиолддог сэтгэл зүйн асуудлууд болон түүнийг даван туулахад ямар дадлыг тогтмол хэвшүүлбэл зохистойг юун түрүүнд судалдаг. Үүний дараа багийнхантайгаа хамтран илүү бүтээлч санааны эрэлд гарч, брэйнсторм хийнэ. Мөн бид ажлаа эхлэхээс өмнө тухайн онд юунд зорьж, ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа хэлэлцэж жил бүрийн эхэнд алсын хараагаа тодорхойлон Google Sheets дээр тэмдэглэл хийдэг. Урт болон богино хугацааны төлөвлөгөөг тодорхой тэмдэглэж гаргах нь эргээд өдөр тутамд хийх ажлыг илүү ойлгомжтой болгож, цаг алдалгүй ажлаа үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгодог.
Хувийн зүгээс өдрийн төгсгөлд HabiDo аппынхаа “Ажлын бүтээмж” хэсгийн “Өдрөө дүгнэх” дадлыг тогтмол тэмдэглэдэг заншилтай. Өдрөө дүгнэх дадалд тодорхой асуултууд байдаг учраас ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна дараа нь юун дээр анхаарч ажиллах хэрэгтэйг тодорхой харуулдаг нь их тус болдог.
ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Г.Мандухай
“Оптимал Эн Макс” компанийн Гүйцэтгэх захирал
Бүтээмжтэй ажиллая гэвэл чанартай амарч чаддаг байх нь чухал. Миний хувьд бие махбод болоод тархи оюунаа сайтар амрааж байж дараагийн ажилдаа төвлөрдөг төрлийн хүн. Ихэвчлэн усанд сэлж, ууланд гарч эрч хүчээ сэлбэдэг. Заримдаа алхах дуртай. Ер нь бодлоо цэгцэлж, асуудлаа шийдэхэд алхалт тусалдаг гэж хэлж болох юм. Энэ ч бас нэг талаараа дадал хэвшил шүү дээ. Хүн ер нь өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийвэл илүү тууштай байж чадах юм шиг санагддаг.
Үүнээс гадна баг, хамт олон удирдаж байгаагийн хувьд тэднийхээ эрч хүчийг сэлбэх чухал үүрэг хүлээнэ. Хувийн зүгээс багийн гишүүдээ зөв цагт, зөв тунгаар магтаж, сайшаахыг эрмэлздэг. Мөн ажилтнуудынхаа идэвх, оролцоог дэмжсэн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч, байгууллагаараа сэтгэл зүйн эрүүл мэнд болон хувь хүний хөгжилд анхаарсан олон төрлийн арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг.
ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
П.Лхагвадорж
График дизайнер
Одоогоор үндсэн ажил болоод хамт олондоо илүү их цаг гаргахыг хичээж байгаа. Аппликейшний шинэчлэл, сайжруулалттай холбоотой ажлууд багагүй байгаа учраас яг одоо үндсэн ажилдаа бүрэн төвлөрөөд явж байна.
Хэтийн хүсэл мөрөөдөл, хийхийг хүсдэг зүйлээсээ хуваалцахад би өөрийн гэсэн хувцасны брэндтэй болохыг хүсдэг. Зөвхөн нэг хүнд зориулсан зураг, дүрслэлийг бүтээнэ гэдэг надад асар үнэ цэнтэй санагддаг юм. Харин чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох, ном унших дуртай.
ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ц.Баттүшиг
Back end хөгжүүлэгч
Технологи бидний амьдралыг илүү хөнгөвчилж, аливаа асуудалд шийдэл олоход тусалдаг. Тэр ч утгаараа өдөр бүр шинэ технологи бидний эргэн тойронд бий болж, энэ салбарын мэргэжилтний хувьд цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх шаардлага гарч байна. Үргэлж сурч боловсрохоос гадна шинийг эрэлхийлж байнгын суралцагч байх ёстой энэхүү шаардлага нь миний мэргэжлийн эерэг, онцлогтой тал гэж боддог.
Харин хэцүү бэрхшээлтэй тал нь гэвэл байнгын сурч хөгжихөд анхаарах нь амьдралын бусад хэрэгцээт зүйлд гаргах цагийг багасгадаг байж мэднэ. Товчхондоо идэвхтэй хувьсан өөрчлөгдөж буй салбарын ажиллах хүчин байна гэдэг бүрэн дүүрэн төвлөрөл, анхаарал шаарддаг гэсэн үг л дээ.
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Г.Мандухай
“Оптимал Эн Макс” компанийн Гүйцэтгэх захирал
Бид сэтгэл судлалын шинжлэх ухааныг технологитой хослуулсан гурван бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 2500 гаруй өсвөр үе, залуусыг хамарсан нийгэм-сэтгэл зүйн суурь судалгааны төсөл хэрэгжүүлдгээс гадна олон нийтэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, энэ чиглэлийн мэдлэг олгох, сургалт явуулах зэргээр олон талт үйлчилгээг санал болгодог. Энэ хүрээнд оны эхний улиралд багтаан HabiDo аппын сайжруулалтыг дуусгахаар зорьж байна. Агуулгын хувьд хэрэглэгчийн сегментээ нарийвчлан судалж, тэдний зорилготой уялдсан дадлыг санал болгох, сэтгэл зүйн тестийн төрлөө нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөсөн байгаа. Мөн автомат хариулагч буюу чатботыг нэвтрүүлэхэд бэлэн болсон.
Цаашлаад сэтгэл зүй, зан төлөвийн оношилгоо, үнэлгээний цогц судалгааны mindmetrix.mn платформыг олон нийтэд таниулж, дээр дурдсан “PsyFint” төслийг санхүүгийн салбарын бусад үйлчилгээнд нэвтрүүлэхээр төвлөрөн ажиллаж байгаа.
ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Б.Нандин-Эрдэнэ
Сэтгэл судлаач
Миний хувьд олон талын мэдлэгтэй байхыг эрмэлздэг. Аливаа нэг сонирхсон сэдвээрээ ном унших, подкаст сонсох, баримтат кино үзэх гэх мэтчилэн тухайн сэдвээр мэдлэг, мэдээлэл заавал олж авч, суралцахыг хүсдэг. Сүүлийн үед хэрэглэгчийн туршлага (user experience), бүтээгдэхүүний менежментийн (product management) талаар өргөн мэдлэг, туршлага хуримтлуулах шаардлагатай байгаа учраас онлайн сургалтад хамрагдаж байгаа. Басхүү баг, хамт олноосоо ч суралцаж явна.
2022 он гарснаас хойш бид дотооддоо чиглэсэн сургалт, үйл ажиллагаа цөөнгүй зохион байгуулсан. Үндсэн багийн гишүүдийн ихэнх нь сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд болохоор сүүлийн үед сэтгэл зүйн талаар бусдадаа сургалт явуулах нь элбэг болсон доо.
САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Ш.Бямбажаргал
Сэтгэл судлаач
Сүүлд Үй Хуа зохиолчийн “Амьдрахуй” хэмээх сонирхолтой номыг уншсан. Монгол хэлнээ 2018 онд гарсан энэ жижигхэн ном хэмжээндээ багтамгүй агуу зүйлсийг багтаасан тул заавал санал болгомоор байна. Мөн монгол хүн бүр “Тунгалаг тамир” романыг унших хэрэгтэй гэж боддог. Багадаа уншиж байсан ч төдийлөн утгыг нь бүрэн ухаараагүй явсан юм билээ. Сүүлд уншихдаа хүний амьдралд хэрэгтэй олон сургамжийг олж авсан.
Кино гэвэл “Community” ситком цувралыг санал болгож байна. Хөнгөн үйл явдалтай болохоор аль ч насны хүн үзэхэд тохиромжтой.
Үүнээс гадна баримтат кино үзэж хэвшихийг залуустаа санал болгоё. Баримтат киноноос олон зүйл сурч, мэдэж авсан болохоор надад их үр өгөөжтэй санагддаг. Хэрвээ баримтат кино хэт уйтгартай санагдаж байвал бодит явдлаас сэдэвлэсэн бүтээлүүд ч үзэж болно шүү дээ.
АВЧ БАЙСАН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ?
П.Лхагвадорж
График дизайнер
Аав маань намайг бага байхаас аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж байгаарай гэж захьсаар ирсэн. Тэр үгийг нь өдөр бүр санаж явдаг. Ер нь би өөрийнхөөрөө чөлөөтэй байж, хэн нэгнийг даган дуурайлгүй, өөрт оногдсон ажилдаа сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүсээс үргэлж урам зориг авдаг.
БУСДАД ШИДЭХ САНАА
Г.Мандухай
“Оптимал Эн Макс” компанийн Гүйцэтгэх захирал
Аль болох шүүмжлэлээс битгий ай. Өөртөө итгэхээс бүү эмээ. Тэр тусмаа нийгэмд ээлтэй, бусдад тус дэм болох санаа байгаа бол зүгээр л эхлүүлчих. Зорилго тань аяндаа таныг чиглүүлнэ. Хамгийн гол нь зорьсон зүйлийнхээ үнэ цэнд итгэж сурах хэрэгтэй. Басхүү би хийж, бүтээж чадна гэсэн итгэлээ алдахгүй байх нь чухал.
Хоёрдугаарт, сэтгэл судлаач хүнийхээ хувьд хэлэхэд, бид хэдийгээр сэтгэл зүйн эрүүл мэндийн чухлыг ойлгож байгаа ч үйлдэл хийхгүй явсаар байна. Цаг алга, боломжгүй гэх шалтгуудаар үйлдлээ хаацайлж өөртэйгөө нүүр тулахаас зугтддаг болжээ. Завгүй амьдралынхаа дундуур түр амсхийгээд өөр лүүгээ өнгийж, яг одоогийн мэдрэмжээ анзаарахаас эхлээд сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө үйлдэл хийж түүнийгээ дадал болгон хэвшүүлээрэй гэж хэлмээр байна. Амжилт хүсье!
З Зочин 2022.02.23 66.181.161.55
Super hamt olon shuu. Olon hund heregtei zuil bn. Keep going guys. Mongolian future generations depend on you guys