Бидний шинэ дугаарын зочид бол тус тусынхаа салбарт хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай мэргэжилтнүүд юм.

Дижитал бүтээгдэхүүн, маркетингийн чиглэлээр олон чадварлаг залуусыг нэг баг болгон нэгтгэж, Нью-Медиа группийг босгосон А.Мэнд-Оршихыг сүүлийн жилүүдэд цахиурын хөндийд цахиур хагалах зорилготой “Erxes.Inc” платформыг амжилттай хөгжүүлж буй үлгэр жишээ энтрепренер гэдгээр нь технологийн ертөнцтэй ойр хэн бүхэн мэднэ.

Харин монголын отгон хөрөнгө оруулалтын сангийн нэг болох Зайон ассет менежмент ҮЦК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ш.Батхишиг нь 2013 оноос хойш АНУ-ын "Charles Schwab", "New Mountain Capital" зэрэг санхүү, хөрөнгийн зах зээлийн компаниудад 1.4-1.8 тэрбум ам.долларын багц удирдан ажилласан шинэ цагийн чадварлаг санхүүч юм.

Үл хөдлөх хөрөнгө, зуучлалын чиглэлээрх Монголын анхдагчдын нэг болох “Тэнхлэг Зууч” компанийн үүсгэн байгуулагч Д.Гэрэлт-Од болон тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д. Должинсүрэн нарын тухайд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, маркетинг, судалгааны чиглэлээр олон жилийн турш мэргэшсэн маркетер, судлаач нар юм.

Тэд өөрсдийн чадвар, мэдлэг, нөлөөллөө нийлүүлж, барилгын салбарт томоохон өөрчлөлтийг авчрах BLOCK.MN платформын нээлтээ түрүү долоо хоногт хийгээд байна.


Байршил: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг - 14240, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Бизнес Тауэр, 16 давхар

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

А.Мэнд-Орших

"Erxes.Inc" үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


Би мэдээлэл технологи, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй 12 жилийн туршид ажиллаж байна. Цахиурын хөндийд монгол компани, монгол инженерийн бүтээлийг гаргана гэх том мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж яваа нэгэн.

Одоогоор хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын платформ болох "Erxes.Inc” болон үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн BLOCK.MN платформ зэрэг төслүүд дээр төвлөрч байна.

“Erxes.Inc” платформын алсын хараа бол "Mission and Community Driven Ecosystem"-ыг бүтээх юм. Нэг ёсондоо зөвхөн нээлттэй эхийн програм хөгжүүлэхээс гадна тус программыг ашиглан, үр шим хүртэх боломжтой бүх хүмүүст зориулсан цогц экосистем бүтээхээр зорьж байна. Монголд анхны нээлттэй эхийн програм үүсгэе, гадаадын зах зээлд өрсөлдье, бизнесийн моделийн хувьд шинэ зүйлийг нэвтрүүлье гэх чин хүсэлд хөтлөгдөн энэ бүх ажлыг зоригтойгоор эхлүүлсэн гэхэд болно.


Д. Должинсүрэн

"Тэнхлэг зууч" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал

Миний үндсэн мэргэжил судлаач. Тэр ч утгаараа төрөл бүрийн бизнес модель, салбарын хөгжлийг ажлаа хийнгээ судлах, олон хүнтэй танилцах боломжтойгоороо онцлог. Мэргэжлийн онцлогоос хамаарч хүмүүсийн ажиллах хэв маяг тогтдог шүү дээ. Судалгааны ажил бол суух, унших, бодох тусам сайжирч, харилцагчдаа үнэ цэн бий болгодог ажил. Тиймээс миний хувьд олон цагаар төвлөрч суух нь хэвийн үзэгдэл.

Анхны ажлын гараагаа би хоёрдугаар курсээсээ эхлүүлж байлаа. Хичээлийнхээ хажуугаар бүтэн цагийн ажил хийдэг байсан учир өглөө хичээлдээ суугаад, үдээс хойш ажил дээрээ очоод шөнө 22, 23 цаг хүртэл сууж байж ажлаа амждаг байсан түүхтэй.

Иймэрхүү завгүй хэв маягаар ажлын гараагаа эхлээд 32 нас хүртлээ буюу ээж болох хүртэл надад ээлжийн амралт бүү хэл, хагас бүтэн сайны амралт ч гэж байгаагүй гэхэд болно. Тэр хооронд бизнесийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ гэх мэт хэд хэдэн өөр орчинд ажиллах явцдаа яагаад ч юм 30 нас хүрэхээсээ өмнө хувийн бизнесээ эхлүүлнэ гэх бодолтой болчихсон байсан. Яг тухайн цаг үед “Тэнхлэг зууч” компанийн хамтрагчид маань хүчээ нэгтгэж, хамтралаараа хэн хэндээ үнэ цэн бий болгоё гэх санал тавьж, би ч итгэл үнэмшилтэйгээр багтаа нэгдэж байлаа. Түүнээс хойш үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбартай салшгүй холбогдож, хоббирч ажилладаг болоод байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ш.Батхишиг

"Зайон ассет менежмент ҮЦК" ХХК үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ш.Батхишиг


Зайон ассет менежмент ҮЦК-ийн хувьд Монголд хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 31 компаниас 30 дахь нь болж, Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ (ХОМК) эрхлэх зөвшөөрлөө өнгөрсөн жилийн сүүлээр авсан.

Сангийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байх үед ажлын хуваарь тун замбараагүй, өндөр ачаалалтай байсан бол одоо ачаалал харьцангуй жигдэрч, ажлынхаа дийлэнх цагийг хөрөнгө оруулалтын судалгаа болон сангийн тайлан тооцоонд зарцуулж байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Д.Гэрэлт-Од

"Block.mn" хамтран үүсгэн байгуулагч

Д.Гэрэлт-Од: Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Гэхдээ би үндсэн мэргэжлийнхээ хажуугаар олон нийтийн харилцаа, маркетингийн салбарт 2001 оноос хойш, үүнээс сүүлийн 12 жилд нь контент маркетингийн чиглэлд илүү түлхүү төвлөрч байна.

Контент бүтээх, копиврайтингийн чиглэлээр дотоодын зах зээлд чамгүй олон жил ажилласан туршлагатай учраас бусадтай харьцуулахад маш их бичнэ. Бичихийн тулд бодох, төлөвлөх хэрэгцээ их гарна. Аливаа ажлыг цаасан дээр буулгаж, том зургаар харахыг илүүд үздэг.

А.Мэнд-орших: Ажил дээрээ доорх гурван зарчмыг өөрийн мөрдлөг болгосон гэж хувьдаа дүгнэдэг юм.

Ажлыг бусдад даатгаж сурах: Нэг ёсондоо аливаа ажилд төвлөрч, гүн рүү нь орж гүйцэтгэхгүйгээр гаднаас нь томоор харж, бодож чиглүүлдэг.

Хийх ажлаа хурдтай гараас гаргах: Өөрт оногдсон ажлыг эхлээд бясалгаж байгаад, хурдтай барьж аваад хийдэг.

Самбар дээр цэгцтэй бичих, бичиж байхдаа шийдэл олох: Бусадтай уулзалт товлохдоо танай өрөөнд цагаан самбар бий юу гэж хамгийн түрүүнд асуудаг. Байхгүй бол бэлдээрэй гэж захидаг. Самбар ашиглаж, хурлын санаагаа буулгахад оновчтой шийдэл олдох нь хурдан юм шиг санагддаг.

Д.Должинсүрэн: Зарчимтай аль эсвэл чөлөөтэй байх гэсэн эсрэг тэсрэгийн туйлыг зөв хослуулж, тэнцвэртэй ажиллахыг хичээдэг. Хатуу төлөвлөгөөтэй чухал зүйлсээ яаж ч ядарсан, орчин нөхцөл бүрдэхгүй байсан ч хамаагүй машиндаа хүртэл амжуулах тохиолдол цөөнгүй.

Нөгөөтээгүүр амрах цаг багатай байдаг учир ажиллангаа зугаатай байх, өөрийгөө амраах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг бүх зүйлсээ л амжуулах дуртай. Манай багийнхны дэмжлэг мөн маш найдвартай байдаг учир заавал бүх зүйлд оролцох шаардлага багатай, гоё цаг үе дээрээ ажиллаж байна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Д.Гэрэлт-Од: Твиттер хаягтай ч идэвхтэй ашигладаггүй. Манайд энэ платформ бусад улсаас өөр хэлбэрээр хөгжчихсөн юм шиг санагддаг юм. Инстаграм дээр Фэйсбүүк шиг их цаг зарцуулж чаддаггүй ч идэвхтэй болох төлөвлөгөөтэй.

Маркетингийн чиглэлээр олон жил ажилласан болохоор хүмүүсийн зан төлөвийг ажиглах, судлах, таньж мэдэх хүсэлтэй. Тиймдээ ч Фэйсбүүкийг судалгааны зорилгоор ашиглах нь олонтоо. Мөн би кино урлагийн үнэнч фен. Netflix-ийн шинэ цуврал, кинонуудыг аль болох цаг алдалгүй үзэхийг хичээдэг. Төрөл бүрийн салбарын олон хүмүүстэй өдөрт тутамдаа харилцдаг тул мэдээж чат аппуудыг өргөнөөр ашиглана.

Ш.Батхишиг: Өдөр тутамдаа тогтмол ашигладаг гол аппууд гэвэл Microsoft teams, Microsoft office болон Facebook messenger. Түүнчлэн Investing.com-оос хөрөнгө оруулалт, санхүүгийн салбартай холбоотой шинэ тутам гарсан сонирхолтой нийтлэлүүд уншиж, хэрэгцээтэй мэдээллээ авдаг.

А.Мэнд-орших: Discord чатын программыг хамгийн түрүүнд онцолъё. Erxes-ийн дотоод, гадаад хэрэглэгч, харилцагч, түнш, баг хамт олон гээд бүгдийг нь нэг дор нэгтгэн чатлах нь цаг хугацаа хэмнэдэг. Удаах нь Loom аудио ба видео бичлэг хийдэг програм. Ихэнх тохиолдолд би Loom-ийг ашиглан, хэлэх гэсэн санаагаа баг хамт олондоо аудио ба видео бичлэг байдлаар ойлгуулдаг. Зарим тохиолдолд цахим шуудан, чатаар харилцах үед санаагаа буруу ойлгуулж, мэдээллийн зөрүү үүсэх тохиолдол гардаг. Үүнээс аль болох сэргийлэх зорилготой.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?


А.Мэнд-орших: Цаг хэмнэх хамгийн сайн арга бол нэгдүгээрт, цаг хугацаандаа маш харамч байх, хоёрдугаарт, тэрхүү цагийг нэгэнтээ зарцуулахаар шийдсэн бол тухайн мөчдөө тултал үр дүн гаргах.

Д.Гэрэлт-Од: Мэдээллийг текстээр буулгах, харьцуулалт, дүн шинжилгээ хийх хэмжээнд боловсруулах нь цаг хэмнэх боломж олгодог юм болов уу.

Ш.Батхишиг: Улаанбаатар шиг жижиг хотын хувьд түгжрэлд цаг алдах хамгийн хайран. Түгжрэхгүйн тулд өдөр бүрийн маршрутаа алхаад очих хэмжээнд ойрхон зайд байлгахыг хичээдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?


Д.Гэрэлт-Од: Энэ тал дээр хуучинсаг гэх үү дээ. Ойрын хугацаанд гүйцэтгэх шаардлагатай ажлуудаа жагсаан бичиж, хийж дуусгах хугацааны дарааллаар нь эрэмбэлдэг. Түүнийгээ нэг үндсэн файл болгож хадгалдаг дадалтай. Мөн байнга харж байхын тулд ханан дах самбартаа давхар бичдэг. Мөн тухай өдөрт хийх ажлуудаа жижиглэн жагсааж, эрэмбэлнэ.

Ш.Батхишиг: Би multi-tasking буюу олон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэхийн эсрэг хүн. Олон жижиг ажлууд руу самгардан орж, хүчээ тарамдаж байснаас аль болох цөөн ажлыг чанартайгаар гараас гаргахыг эрмэлздэг.

А.Мэнд-орших: Reminders апп ашиглаж, хийх ажлын жагсаалтаа гаргадаг. Extended буюу нэмэлт дэлгэц дээр гаргаад, өөрт тохиромжтой байдлаар категоричилдог тул ашиглахад амар байдаг. Мөн Calendar-ийг тултал нь хэрэглэнэ шүү. Тэндээс шүүлт, хайлт хийхэд их амар. Мөн баг хамт олон маань миний календарь дээр шууд уулзалт товлох боломжтой. Над руу залгаж цаг асуухгүйгээр өөрсдөө бие даан төлөвлөж болох тун давуу талтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

А.Мэнд-орших: Өдөр бүр дуг хийх. Босоогоороо байсан ч хамаагүй. Ажлын цагаар багахан дуг хийчихэд бүтээмж дээшлэх шиг санагддаг. Ер нь өдөртөө хааяа хааяа дуг хийж, багахан нойр авах дуртай.
Улиралдаа бол нэг удаа хамт олонтойгоо DOTA 2-ын аварга шалгаруулах тэмцээн хийдэг. Бас л гал гарсан тэмцээн болно шүү дээ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?


Д.Должинсүрэн: Ойрын хугацаанд сонирхон дурлаж байгаа ажил гэвэл барилгын re-design.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарт өрсөлдөөн ихэссэнтэй холбоотой зарим төсөл хэрэгжүүлэгч нар туршлагагүй бөгөөд худалдан авагчдын хүсэл, хэрэгцээг бүрэн дүүрэн ойлгоогүйгээс төслөө дуусгасан хэдий ч өнөөх барилгууд нь зарагдахгүй байх тохиолдол их.

Ийм төслүүдийг худалдан авах, эсвэл нэмж хөрөнгө оруулах байдлаар өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэ салбарт ажиллаж байгаа миний хувьд их сонирхолтой санагдаад байгаа. Эхний нэг, хоёр төслөө ч амжилттай дуусгаад байна. “Миний машиныг авраач” хэмээх шоутай адил үл хөдлөхийг бүхэлд нь өөрчилж, тэс өөр хэв маягтай болгох нь тун кайфтай мэдрэмж өгдөг юм билээ.

Д.Гэрэлт-Од: Би кинонд дуртай. Үзэхээс гадна хийх хүсэлтэй. Одоогоор энэхүү хүсэл маань кино зохиол бичихээр хязгаарлагдаж байна. Зохиолчийн хувиар би “Надтай гэрлээч”, “Ийм нэгэн дурлал” болон “Нэгэн нарны дор” телевизийн 26 ангит ОАУСК-ы зохиолын багт ажилласан туршлагатай. Хамгийн сүүлд “Ю Фильм”-ийн “Амьдралоги” уран сайхны киноны зохиолыг бичсэн. Бичихээр төлөвлөсөн хэд хэдэн кино зохиол байгаа ч цаасан дээр буулгалгүй, тархиндаа бичээд л байж байна.

Кино зохиолоос гадна ном бичих хүсэлтэй. “Эсрэг хүйстнээ найрах нууц” хэмээх нэртэй эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдлын тухай, түүнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч харьцах нь харилцааг амжилттай болгодог тухай ном бичиж байсан.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Д.Гэрэлт-Од: Бид BLOCK.MN-ийг уламжлалт бүтээгдэхүүний моделийг технологитой хослуулсан, түйвээлт хийх бүтээгдэхүүн хэмээн харж байгаа.

Энэхүү платформ олон хүнийг сэтгэл ханамжтай байлгах олон эерэг талтай. Хамгийн түрүүнд, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч болон төсөлд хөрөнгө оруулагч буюу оролцогч хоёр гол талыг сэтгэл ханамжтай байлгах бүтээгдэхүүнийг бид хөгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд уламжлалтаас илүү хялбар аргаар санхүүжилт босгох боломжтой. Харин мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүс өндөр өгөөж хүртэх, нэмээд олон төрлийн урамшуулал авах боломжтой.

Манай платформын үйл ажиллагааны үр дүнд зах зээл дээр алсдаа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна. Уламжлалт загвараас илүү хямд зардлаар санхүүжилттэй болж буй тул эцсийн бүтээгдэхүүний үнэ хямдарна. Түүнчлэн үл хөдлөх, барилгын салбарын хүрээлэл бүрдсэний үр дүнд шинээр хэрэгжих үл хөдлөх хөрөнгийн төслүүд хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлт, архитектур, дизайнтайгаар хөгжинө. Нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурснаар хүмүүсийн амьдралын хэв маяг, орчин нөхцөл, чанар сайжрах нь гарцаагүй.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, таны хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгө нь орц гарцаас авхуулаад тохижилт, зам харилцаа сайтай байх нь эмнэлэг, гал команд зэрэг машины нэвтрэлтийг эрсдэлгүй болгох давуу талтай байх юм. Гэрэлтүүлэг, аюулгүй орчны асуудлыг бүрэн дүүрэн шийдвэл нийгмийн ялгаа арилах зэрэг нийгмийг хамарсан асуудлуудыг ч шийдэх бололцоотой. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол барилгын салбарын үйлдвэрлэл хөгжинө. Төсөл хэрэгжүүлэгчид санхүүжилтээ шийдсэнээр урт хугацааны стратегитай ажиллаж чадна.

Block.mn-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинэ шийдэл

Unread


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?


Ш.Батхишиг: Үндсэн ажил болох Зайон ассет менежмент ҮЦК-ийн өдөр тутмын ажлуудаас гадна сүүлийн саруудад BLOCK.MN-ийн санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын шийдвэр, хөрөнгө удирдахтай холбоотой ажлууд руу ханцуй шамлан орчихсон явна.

А.Мэнд-орших: Erxes.Inc-ийн хамт олон маань цахиурын хөндийн хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татах ажил дээр төвлөрч байгаа. Энэ ажлын үр дүн тун ойрхон буй.

Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт утаанаас Улаанбаатар хотоо салгах нийгмийн зорилготой, салбар бүртээ манлайлагч залуус хамтран үүсгэн байгуулсан BLOCK.MN платформ дээр ойрын хугацаанд төвлөрч байна.

Д.Должинсүрэн: Одоогоор хамгийн их орж хийж байгаа төсөл маань BLOCK.MN. Энэ салбарт олон жил ажилласны хувьд салбарын оролцогч болгон дээрх асуудал бэрхшээлийг мэдэж мэдэрдэг болсон. Тиймээс энэ төслөөрөө тэдгээр асуудлуудыг хэн хэнд нь ашигтай хувилбараар шийдэж өгөх боломж гэж харж байгаа учир ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Д.Гэрэлт-Од: Би маркетингийн салбарын хүн. Хамгийн өрсөлдөөнтэй, хурдацтай шинэчлэгддэг энэ салбарын эксперт нь тухайн салбарынхаа мэргэжлийн ТББ-ын гишүүн байх, фитнес эсвэл ямар нэг спортоор хичээллэдэг байх нийтлэг шинж тэмдгүүд байдаг тухай судалгаа бий. Тиймдээ ч жимд тогтмол явахыг хичээдэг. Гэхдээ, заримдаа хуваариа алгасах гээд байдаг талтай.

Дасгал хөдөлгөөнөөс гадна дэлхийн маркетинг, бүтээлч салбарынхны хамгийн том арга хэмжээ болох “Cannes Lions International Festival of Creativity”-д жил болгон онлайнаар оролцдог. Өдөр тутамдаа мэргэжилтэйгээ холбогдолтой ном, онлайн хичээл, лекц сонсоно.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?


А.Мэнд-орших: Миний дуртай зохиогчдын нэг Даниел Пинкийн “Drive: The Surprising Truth About What Motivates Us” номыг санал болгомоор байна. Тус бүтээлдээ мань эр мөнгө бол урамшууллын хамгийн сайн арга гэх хэвшмэл санааг үгүйсгэж, бид өөрсдөө амьдралаа удирдан чиглүүлэх, шинэ зүйлсийг сурч мэдэхийн төлөө эрмэлзэх нь өндөр гүйцэтгэл, сэтгэл ханамжтай амьдралын нууц юм хэмээх санааг дэвшүүлсэн байдаг юм.

Д.Должинсүрэн: "Big short” үзэх болгондоо урам зориг авч, босоод шууд л ажил хиймээр санагддаг, бас үзэх болгондоо шинэ зүйл сурч авдаг.

Ажил гольдролдоо ороод ирэхээр хүмүүс яаж назгайрдаг, тэрхүү нөхцөл байдал бидний юмсыг зөвөөр харах чадварыг хэрхэн алдагдуулдаг хийгээд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад тулгардаг сэтгэлзүйн олон ярвигтай асуудлыг харуулсан шилэвэр бүтээл.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?


Ш.Батхишиг: Хүн бүхэн өөрийнхөө амьдралын гол дүр.

Д.Должинсүрэн: “Өнөөдөр хийгээд дуусгачихвал маргааш хүн хийгээд өгсөн юм шиг сайхан байдаг юм” гэж анх хоёрдугаар курсийн оюутан байхад миний анхны захирал хэлж байсан юм. Энэ үгийг би одоо ч бодож, ажлаа хойш тавихгүй тухайн үед нь дуусгах гэж хичээдэг. Бүтээмжтэй ажиллахад тусалдаг гоё үг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Д.Гэрэлт-Од: Хүн бол хамгийн хувиа бодсон амьтан. Тэд хамгийн түрүүнд өөрт нь ямар ашигтайг хардаг. Дээр нь хүн зугаацахыг, инээхийг, хөгжилдөхийг хүсдэг.