Ярилцлагынхаа ээлжит зочноор “Sound Meditation Mongolia” компанийн үүсгэн байгуулагч бүсгүйчүүдийг урилаа. Хэрэв уншигч та бүхэн мэдэх бол Анридаас зохион байгуулсан хэд хэдэн арга хэмжээний нээлт энэхүү хөгжимт бясалгалаар эхэлж байсан билээ. Тэд 2023 оны тавдугаар сард “Бүх хүртэхүйд” 360 медиа арт, дууны бясалгал хосолсон анхны арга хэмжээгээ зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш бусдад хөгжмийн үелзлээр дамжуулан сэтгэлийн амар тайвныг мэдрүүлэн ажиллаж буй.

Үндсэн хөгжимчин Б.Тэлмүүний хувьд Философи, шашин судлалаар бакалаврын зэрэг хамгаалж, Австрали улсад дүрслэх урлаг, зураачийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн улмаар хөгжимт бясалгалын академид суралцан эл салбарт хөл тавьжээ. Харин хамтран үүсгэн байгуулагч Б.Батчимэгийн тухайд урлаг судлал чиглэлээр суралцаж, Mongol HD телевиз болон Монголын Урлагийн Зөвлөлд ажиллаж байсан туршлагатай.

Ингээд хүсэл зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж буй тэдний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Хан-Уул дүүрэг, King Tower, 121-р байр, 103 тоот
Эрхэлдэг ажил: “Sound Meditation Mongolia” компанийн хамтран үүсгэн байгуулагчид
Сошиал хуудас: Facebook, Instagram

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?


Тэлмүүн: Миний бага нас шарын шашинтай салшгүй холбоотой өнгөрсөн. Эмээ маань бурхан урлаач байсан тул балчир охин байхаасаа ойр зуурын ажилд нь гарын үзүүрт гүйдэг байлаа. Их сургуульд орох үеэр манай гэр бүл дан ганц шашин гэж туйлшралгүй гүн ухаан талаас нь суралцаж, судлах хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүний дагуу МУИС-ийн Философи, шашин судлалын ангид элсэж, 15 настайдаа их сургуулийн оюутан болж байв. Суралцах хугацаандаа шашныг маш олон талаас судалсны зэрэгцээ, урлагт татагдаж эхэлсэн.

Төгссөнийхөө дараа хэсэг Монголдоо байж байгаад 2015 оны сүүлээр нөхрийн хамт Австралийн Сидней хотыг зорьж, дүрслэх урлаг, зураачийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн юм. Суралцаж байх хугацаандаа хөгжимт бясалгалыг сонирхон сургалтуудад хамрагдаж, цааш илүү мэргэшин The Sound Healing Academy-д суралцаж байлаа.

Ингээд 2020 онд эх орондоо буцаж ирээд хоёр жил орчим бясалгал, иог хосолсон цогц хөтөлбөрөөр хүмүүст хичээл заахын сацуу хөгжимт бясалгалыг сонирхлоороо хийдэг байв. Тэр үед анх Батчимэгтэйгээ танилцаж, түүнээс хойш холбоотой байсаар 2022 онд надад хамтран ажиллах санал тавьсан. Ингээд албан ёсоор өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн компанийнхаа үндсэн хөгжимчнөөр ажиллаж, одоогоор өөрсдийн онцлог бүхий арав гаруй хөгжмийн зэмсгээр тоглож байна.



Батчимэг: Би МУИС-ийг Урлаг судлал чиглэлээр 2015 онд төгсөж, ажлын гараагаа 2017 онд Монгол HD телевизийн нэвтрүүлгийн албанаас эхэлж байсан. Жил гаруйн хугацаанд ажиллахдаа “Авьяаслаг монголчууд”, “The Voice” шоу нэвтрүүлгүүдийн арын албанд дайчлагдаж, энтертайнмент чиглэлд чамгүй туршлага хуримтлуулж байв. Гэсэн ч миний чин хүсэл урлагийн салбарт ажиллах байсан тул телевизийн салбараа орхин “Монголын Урлагийн Зөвлөл”-д маркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Цомхон бүрэлдэхүүнтэй баг байсан болохоор үндсэн ажлаас гадна олон зүйлд өөрийгөө сорьж үзэх боломж энд өнгөрүүлсэн дөрвөн жилд тохиосон юм.

Үүний дараа урлагийн төсөл, хөтөлбөрүүд дээр бие даан ажиллахыг хүссэн. Тиймдээ ч 2022 онд ажлаа орхих шийдвэрт хүрч, шинэ он гарахтай зэрэгцэн Тэлмүүнтэйгээ шинэ төсөл эхлүүлсэн. Бидний зорилго бол урлаг болон бясалгалын хоршлоор дамжуулан тайвшрал, сэтгэлийн амар амгалан байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулах юм. Миний хувьд компанийнхаа менежмент, маркетинг гээд үндсэн хөгжимт бясалгалаас бусад бүх зүйлээ гардан хийдэг.

Бид 2023 оны тавдугаар сард “Бүх хүртэхүйд” 360 медиа арт, дууны бясалгал хосолсон анхны арга хэмжээгээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock-д зохион байгуулж байлаа. Өдгөө түүнээс хойш хэд хэдэн арга хэмжээний ард гарч, тогтмол үйлчлүүлэгчид хүлээн авч, ажиллаж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Тэлмүүн: Амралтын өдрүүд бол бидний ажлын өдрүүд. Миний хувьд ихэвчлэн өглөө болон үдийн цагийг иогийн хичээл заах, гэр орны ажлуудаа амжуулахад зарцуулдаг. Ингээд ойр зуурын зүйлсээ жин тан болгочхоод 17:30 цагийн үед студидээ ирнэ. Эхлээд цэвэрлэгээ сайн хийгдсэн эсэхийг шалгаад үйлчлүүлэгчдийг ирэхээс өмнө хөгжмөө дуугаргаж, шалгадаг. Орчны температур, агаарын чийгшил ямар байхаас дуугаралт нь хамаардаг болохоор нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Ялангуяа хэнгэрэгний төрлийн зэмсгүүд маань их эмзэг. Шаардлагатай тохиолдолд нар, салхинд гаргаж тавих үе ч бий.

Ингээд үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлтгэдэг. Гаднаас орж ирэхэд л үнэр, гэрэл, орчны өнгө үзэмж бүгд тааламжтай мэдрэмж төрүүлэх ёстой учраас лаагаа асаах, өнгийн гэрлүүдээ байрлуулах, дуу өсгөгчөөр тааламжтай аялгуу тавих гээд бүх зүйлд нарийн анхаарах хэрэгтэй. Үндсэндээ үйлчлүүлэгчдийг орж ирэхээс эхлээд мэлмийг нь баясгаж, хоёр цагийн турш үргэлжлэх хөгжимт бясалгалаар сонорыг нь мялаан гүн амрааж чадвал бидний зорилго биелэх нь тэр. Батчимэг маань ерөнхий бүртгэл, хүлээн авалтыг хариуцдаг бөгөөд 19:00 цагт хүмүүсээ оруулж, 19:15 цагт бясалгал эхэлнэ. 21:30 цагт бясалгал дуусаж, хаалт хийн үйлчлүүлэгчдээ халуун цайгаар дайлдаг. Үүний зэрэгцээ бясалгалын дараа бие, сэтгэлд гарах өөрчлөлт, үргэлжлүүлэн юун дээр анхаарч гам барих талаар зөвлөгөө өгнө.

Үйлчлүүлэгчдээ үдэн гаргасны дараа бид хоёр студиэ маш сайн цэвэрлээд тухайн өдрөө дүгнэн дараагийн төлөвлөгөө, хуваариудаа ярилцаж хамтдаа цайлдаг дадалтай. Ингээд л ажлын өдөр дуусдаг даа.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Тэлмүүн: Миний хувьд ажлаа аль болох эртнээс, эмх цэгцтэй, дэс дараалалтайгаар төлөвлөдөг. Цаг тулгаж хийнэ гэдэг миний зарчмаас гадуур зүйл. Юмс дээр дээрээсээ давхардах, ар араасаа шахагдахад тун дургүй гэх үү дээ. Мөн сэтгэл зүйн амар тайван, тогтуун байдал ажилд маань шууд нөлөөлдөг учраас хувийн амьдралд юу ч тохиолдсон бай ажлаа хийхдээ тэр бүгдийг ардаа орхихыг хичээдэг. Мэдээж хүн л юм чинь сэтгэл санаа дээшлэх, доошлох үе гарна шүү дээ. Тийм үед студи дээрээ арай эрт ирээд 20-30 минут бясалгадаг.

Батчимэг: Аливаа ажлын суурь судалгааг маш сайн хийх нь миний ажлын арга барил. Жишээ нь, гаднын улс орнууд яаж ажиллаж байна, бид цаашид юун дээр илүү анхаарч, төвлөрөх хэрэгтэйг байнгын харьцуулж судалдаг. Түүнчлэн ажлын онцлогоос шалтгаалаад бүх зүйлийг хурдан амжуулах хэрэгтэй. Нэг постер дээр цаг алдаад бусад ажлаа хойшлуулаад байвал сайн үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой учраас аль болох хурдтай ажиллахыг эрмэлздэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Тэлмүүн: Хэрэгсэл гэвэл хөгжмийн зэмсгүүдтэй маань хоршин ажиллах сайн дуу өсгөгч хэрэгтэй. Харин гар утасны аппуудын тухайд iTunes, Spotify, YouTube зэргийг тогтмол ашиглахаас гадна сүүлийн үед цагаа хэмнэх зорилгоор Mbook аппаар ном сонсож байгаа.

Батчимэг: Миний хувьд гаднын хөгжимт бясалгалын уран бүтээлчид ямар хөгжим тоглож, юу ашиглаж байгааг судлах зорилгоор YouTube-ийг байнга ашигладаг. Үүний зэрэгцээ компанийнхаа үйл ажиллагааг илүү олон хүнд таниулах зорилгоор богино бичлэг хийх, пост оруулахад Instagram-ийг идэвхтэй хэрэглэх болсон. Манайхыг сонирхогч хүмүүсийн дийлэнх нь тус платформын хэрэглэгчид учраас зайлшгүй ашиглах хэрэгцээ гарч байгаа.

Энэ ташрамд тун удахгүй To all senses нэртэй бидний өөрсдийн гар утасны апп хэрэглээнд нэвтрэх гэж буйг дуулгая. Аппаар дамжуулан анги дүүргэлттэй холбоотой бүхий л мэдээлэл, захиалга, бүртгэлийг нэг дор шийдэж байгаа болохоор манай үйлчилгээ илүү хүртээмжтэй болох нь гарцаагүй.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Тэлмүүн: Нэгэнт цаг хугацаа явдаг жамаараа л явах учраас үүнийг хэн үр бүтээмжтэй ашиглаж чадна, тэр хүн л олон зүйл амжуулж дөнгөнө. Харин олон ажил амжуулахын тулд сайн төлөвлөлт юу юунаас илүү чухал. Миний хувьд өглөөг яарч эхлүүлэх дургүй учраас цагаа сайтар хуваарилж, төлөвлөдөг. Жишээ нь, өглөө 06:30 цагт хичээлтэй бол 05:15 минутад заавал сэрсэн байх ёстой. Тэгж байж өглөөг тайван эхлүүлээд дараагийн ажлууддаа төвлөрч чадна шүү дээ. Өөр нэг арга нь төвлөрлөө зөв хуваарилах явдал. Хэрэв би өнөөдөр заавал гүйцэтгэх гурван ажил төлөвлөсөн бол эхний ажилдаа 50 хувь төвлөрөөд, түр орхин дараагийн ажилдаа 50 хувь төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, эхний ажлыг тодорхой хугацаанд төвлөрч хийгээд анхаарал буурсны дараа өөр ажилд анхаарлаа хандуулах байдлаар ээлжилж хийвэл сул цаг гаргахгүйгээр ажиллах боломжтой гэсэн үг.



Батчимэг: Цагийн менежментийн хувьд аль болох түгжрэлийн цагаар гэртээ ажлаа амжуулаад, түгжрэлийн бус цагаар гадуур ажлаа хийдэг. Эс бөгөөс хайран цаг түгжрэлд хий дэмий өнгөрчихнө. Хэрэв зайлшгүй байгууллагуудтай уулзалт товлосон бол алхахыг хичээдэг. Ажил гүйцэтгэлийн тухайд нэн тэргүүнд чухал, шаардлагатай байгаа ажлаас эхлээд ач холбогдлын дарааллаар нь хийдэг дадалтай.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Тэлмүүн: Би бол уламжлалт төрлийн хүн. Тэмдэглэлийн дэвтэр дээр бичих эсвэл зурж төлөвлөдөг. Энэ нь нэг талаасаа тархинд сайн нөлөөтэй юм билээ. Бид хийх ёстой ажлуудаа байнгын бодсоор тархиа ядраачихдаг талтай. Үүний оронд жагсаалт байдлаар бичээд гүйцэтгэсэн ажлуудаа чагталчихвал дахин бодох шаардлагагүй болно шүү дээ.

Батчимэг: Хувийн ажлуудаа дэвтэр дээр бичих эсвэл мартахгүйн тулд гар утсан дээрээ тэмдэглэдэг. Харин компанитай холбоотой ажлуудыг зайлшгүй ярилцаж байж төлөвлөнө. Үргэлж нэгнийхээ санаа бодол, зав зайг бодолцож төлөвлөлт хийдэг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Тэлмүүн: Би амьтанд маш их хайртай. Тиймдээ ч нохойтойгоо цагийг өнгөрүүлж, сэтгэлээ баярлуулдаг. Мөн гэр бүлтэйгээ салхинд гарч, байгальд ойр байж бясалгал хийхийн сацуу чанга хөгжим сонсох дуртай. Ер нь хөгжимгүйгээр амьдралаа төсөөлнө гэвэл бэрх.

Батчимэг: Ганцаараа алхах дуртай. Энэ үед зөвхөн өөртэйгөө байж, болох болохгүй бүхнээ эргэцүүлэн бодох нөхцөл бүрддэг гэх үү дээ. Үүнийг дагаад стресс ч буурна. Завтай үедээ аль болох сонгодог хөгжмийн тоглолт үзэхийг хичээдэг. Тэлмүүний адилаар дуу хөгжимд маш их дуртай болохоор энэ мэт тоглолт алгасахгүй байхыг боддог юм.


Зүүн гар талаас Б.Батчимэг, Б.Тэлмүүн


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Тэлмүүн: Долоон хоногийн хоёр өдөр Pluto holistic space-т иогийн хичээл заадаг. Мэдээж зураачаар мэргэжил дээшлүүлсэн болохоор цаг зав гарсан үедээ зураг зурах дуртай. Тухайлбал, энэ студийн хананаас эхлээд олбог хүртэлх ихэнх хэрэгслийг өөрөө урлаж, бүтээхийг хичээсэн.

Мөн эрүүл хооллолтыг эрхэмлэж, гар доорх материалаар хэрхэн хоол хийх болон Улаанбаатарт туршиж болох хоолны газруудын талаар YouTube сувагтаа хуваалцдаг.

Батчимэг: Үндсэн ажлынхаа хажуугаар Улаанбаатар дүрслэх урлагийн студийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Одоогоор 7-14 хоногтоо 45-90 хүнийг байгальд гаргаж, зураг зурах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Нэг талаас агаар салхинд гарчихна, нөгөө талаас 2-3 цаг зураг зурж суухдаа өөр зүйлд сатаардаггүй болохоор тэр хэмжээгээр тархиа амраах боломж олгодог юм.

Мөн сүүлийн үед урлагийн анхан шатны боловсролыг дээшлүүлэх зорилгоор Эртний Грекээс өнөөгийн контемпорари урлаг хүртэлх бүх түүхийг багтаасан Art history нэртэй нэг сарын сургалтыг эхлүүлэх гэж байгаа.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?


Батчимэг: Бид ажилдаа маш их дуртай. Эцсийн үр дүн үргэлж бусдын сайн сайхны төлөө байдаг болохоор ямагт ажлаасаа эрч хүч авдаг юм. Мөн биднийг зорин ирсэн үйлчлүүлэгчдийн эерэг сэтгэгдэл, амьдралд нь гарсан өөрчлөлтөөс хийж буй ажлынхаа утга учрыг олж хардаг.

Бэрхшээлтэй тал гэвэл хөгжимт бясалгал манай улсад харьцангуй шинэ салбар болон хөгжиж байна. Үүнийг дагаад бидний судалж, боловсруулсан мэдээлэл, нөү-хау бүхий мэдлэгийг үг үсэггүй хуулж ашиглах тохиолдол цөөнгүй гарч байгаа. Бид үүнийг хориглож, зогсоож эрхгүй ч энэ мэт арга барил, ур чадваргүй үйлдлүүд нь сөрөг үр дагавар авчрах тул санаа зовниж байна.



Тэлмүүн: Сайны хажуугаар саар гэгчээр хэцүү бэрхшээлтэй зүйлс цөөнгүй бий. Мэдээж бид хоёрыг огт танихгүй хүмүүс зорин ирж байгаагийнх анхны сэтгэгдлээрээ дутуу үнэлэх, бага зэрэг басамжлах үйлдлүүд гардаг нь нууц биш. Гэхдээ хөгжимт бясалгал дууссаны дараа “Баярлалаа, багш аа…” гээд инээмсэглэл дүүрэн гардаг. Сөрөг хандлагатай үйлчлүүлэгчид байдаг ч үйлчилгээ, ур чадвараараа бодлыг нь өөрчилж, энэ үгийг сонсоход л хэцүү санагдсан бүхэн арилдаг даа.

Ажлын талаас олон хөгжим зэрэг тоглож байгаа гэдэг утгаараа гэнэтийн асуудал гарч ирж болно. Өмнө нь шалгасан ч бясалгалын үед тааламжгүй дуугарах тохиолдол гардаг болохоор тэр бүрд бэлэн байж, хариу арга хэмжээ хурдан авах хэрэгтэй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Тэлмүүн: Миний хувьд сүүлд хөгжмийн төрлөө нэмсэн. Гэхдээ ойрын хугацаанд дахиад нэмж шинэ хөгжим тоглож сурахаар төлөвлөж байгаа. Нэгэн хэвийн хэдхэн хөгжмөө тоглох нь учир дутагдалтай шүү дээ. Энэ салбартаа мөс хагалж яваагийнх үргэлж шинэ соргог зүйлд бэлэн байх хэрэгтэй.

Батчимэг: Энэ тавдугаар сардаа багтан анхны гадаа орчин дахь арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн ойрын хугацаанд студиэ хотын төв рүү нүүлгэхээр боломжит хувилбаруудыг эрэлхийлж байна. Үүний сацуу Sound Artist Х.Цэцэн, Д.Нямхүү нараар хоёр дахь аяа хийлгэхээр ажиллаж байгаа ба энэ удаа илүү монгол хэв маягийг шингээсэн ая бэлдүүлэхээр зорьж байгаа юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Тэлмүүн: Цаг зав гарсан үедээ хөгжмүүдээ арай өөрөөр тоглож, туршиж үздэг. Хичээл дээр үндсэн техникүүдийг зааж өгдөг ч уран бүтээлч өөрөө мэдрэмжээрээ хөгжүүлж, баяжуулах нь чухал. Заримдаа Батчимэгийг хэвтүүлж байгаад л энэ хөгжмийг би ийм байдлаар тогловол хэр тааламжтай сонсогдож байгааг асууна. Их хөгжилтэй.

Батчимэг: Аливаа шинэ чадварт үргэлж соргог байхыг хичээдэг. Ялангуяа миний сонирхож байгаа чиглэлд мэргэшсэн хүмүүсээс суралцах, тэднээс зөвлөгөө авахыг боддог доо.



12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Тэлмүүн: Янн Мартел зохиолчийн “Пигийн амьдрал” хэмээх ном надад маш их таалагдсан. Энэ номыг заавал уншиж үзээрэй гэж зөвлөе. Киноны тухайд Ghibli студийн анимэйшнүүдийг санал болгомоор байна. Зөвхөн хүүхдэд бус томчуудад зориулсан өргөн агуулгатай бүтээлүүд бий.

Сүүлд “Сэр сэр салхи”, “Баавгай болохсон” кинонуудыг шимтэн үзсэн юм байна. Та бүхэн ч бас үзээрэй. Дуу хөгжмийн тухайд хоёр уран бүтээлч санал болгоё. Эхнийх нь Estas Tone-ийн The Song of the Butterfly дууг клиптэй нь заавал үзээрэй. Дараагийнх нь Польшийн уран бүтээлч Хания Ранигийн сет хөгжмийг санал болгож байна.

Батчимэг: Миний хувьд өмнө нь уран зохиолын ном түлхүү уншдаг байсан бол сүүлийн үед философийн номуудад шимтэх болсон. Санал болгох ном гэвэл Гэвш Майкл Роачийн “Очир огтлогч” болон саяхан ТомЁ БодЁ-ийн орчуулан хүргэсэн “Аз жаргалд хүргэх философи” номуудыг уншаарай.

Киноны тухайд “Poor things” бүтээлийг санал болгоё. Ухамсартай, ухаантай байхгүй бол таныг удирдах амархан гэх философи нь таалагдсан. Дууны хувьд голчлон үндэсний хамтлаг, дуучдаа сонсох дуртай. Онцгойлон санал болгох нь Хөсөгтөн хамтлагийн “Алтаргана” бүтээл.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Тэлмүүн: Бага байхад ээж маань ажлаа тарж ирчхээд орой бүр эгч бид хоёртой ярилцдаг байсан юм. Бид олон сэдвээр хөөрөлддөг байсан ч санаанд тод үлдсэн нь “Миний хүүхдүүд овойж оцойтлоо баян болох гээд хэрэггүй. Юм чинь хэмжээ хязгаартай байхдаа сайхан. Тиймээс ямагт алтан дунджийг баримталж, тэнцвэртэй амьдрах нь чухал шүү” гэсэн зөвлөгөө.

Батчимэг: Зөвлөгөө гэхээс илүү гэр бүлээсээ ойлгож авсан зүйл маань одоо ч амьдралд байнга бодогддог юм. Би айлын бага хүүхэд болохоор эрх дураараа, хүссэнээ хийж өссөн. Манай гэр бүл ч миний үзэл бодол, хүсэл зорилгыг бүх талаар дэмжиж, алдаа онооны алинд ч урам зоригийг минь мохоож байсан удаагүй. Гагцхүү хүмүүжилтэй байхад маш сайн сургасан. Гэр бүлийн хүмүүжлээсээ ямагт өөрийгөө хайрлаж, дуртай зүйлээ хийх нь чухал болохыг ойлгосон гэх үү дээ.



14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Тэлмүүн: Бясалгаж байгаарай гэж хэлье. Зүгээр нэг бодлоо цэгцлэхээс гадна өөрийнхөө сайн муу, сайхан муухай бүхий л зан чанарыг бясалгалын хугацаанд ажиглаж, танин мэдэх боломжтой. Мөн үргэлж бүтээлч байхыг эрмэлзээрэй. Мэдээж бусдаас санаа авч болно. Гол нь дэлхий дээрх цор ганц өөрийн өнгө аясаар баяжуулахаа мартуузай.

Батчимэг: Бүх үеийнхэнд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаж байгаа нь нууц биш. Улам даамжраад сэтгэл гутралд орох нь ч элбэг болж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг анхнаас нь үүсгэхгүйн тулд өөрийгөө амар амгалан болгох зүйлсэд үргэлж цаг гаргаж байгаарай.