Хүн төрөлхтний бүтээсэн хиймэл оюун ухаан гэх технологи эргээд бидний ачийг хариулж эхэлсэн тухай өмнөх нийтлэлээр дурдсан. Энэхүү дэвшлийг дагаад урган гарч ирэх “Хэрхэн яаж хүн төрөлхтөнд ач тусаа үзүүлэх вэ? Хиймэл оюун ухаантай хамтран ажиллахад бид бэлэн байна уу? Тийм бол ямар бэлтгэл ажлыг хангах ёстой вэ?” зэрэг чухал асуултуудын хариултуудыг эрүүл мэнд, технологийн салбарынхан нэгдсэн хамгийн том цугларалтаар хэлэлцсэн юм. Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү цугларалт бол “Хиймэл оюун анагаах ухаанд: Хиймэл оюуны үр шимийг хүртэх нь” олон улсын хурал билээ.

Хурлын танилцуулга нийтлэлийг унших бол энд дарна уу.


хурлын тухай

Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, хүний нөөц, технологийн шийдлийн талаар хэлэлцэх, хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг, уг технологийг хөгжүүлэхэд ямар бэлтгэл хангах тухай суурь ойлголтуудыг олгох, эрүүл мэнд, технологийн салбарын хамтын ажиллагааг бий болгох зорилготой. Тэдний зохион байгуулсан “Хиймэл оюун анагаах ухаанд: Хиймэл оюуны үр шимийг хүртэх нь” олон улсын хурлын зохион байгуулалт, илтгэл, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэгдэл зэргээс үзэхэд энэхүү зорилгодоо хүрсэн гэдэг нь батлагдаж байв.


Уг хуралд АНУ, БНСУ болон Монгол Улсын нийт 12 илтгэгч хүрэлцэн ирж, илтгэл тавьсан юм. Мөн эрүүл мэнд, технологийн чиглэлээр ажилладаг 100 гаруй мэргэжилтнүүд оролцож, хиймэл оюун ухааны Монгол дахь хэрэглээний талаарх илтгэлүүдийг сонсож, санал сэтгэгдлээ солилцон нэгэн өдрийг өнгөрүүлэв.


Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг аюулгүй нэвтрүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ тун чухал бөгөөд энэ удаагийн олон улсын хуралд АНУ-ын Radiology: Artificial Intelligence болон БНСУ-ын Korean Journal of Radiology сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлийн зөвлөлийн эрдэмтэд ирж оролцсоноороо чухал ач холбогдолтой байлаа.


хурлын үеэр

Нийт найман цагийн хөтөлбөрт "Хиймэл оюун гэж юу вэ? Хиймэл оюун бидэнд хэрэгтэй юу? Бид үүнд бэлэн үү?" гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 12 илтгэл сонордуулав.
Илтгэл тус бүр 20-30 минутын хугацаанд үргэлжилсэн бөгөөд сонирхолтой статистик мэдээллүүд болон судалгаа шинжилгээнд тулгуурласан дүгнэлтүүд зэрэг нь оролцогчдын хувьд үнэтэй мэдлэг, ойлголт болон үлдэж чадсан болов уу. Мөн олон орны мэргэжилтнүүд нэгэн тайзнаа цуглаж байгаа учир хүрэлцэн ирсэн зочдод хэлний бэрхшээл үүсгэхгүй байх үүднээс орчуулгын төхөөрөмжүүдийг бэлдсэн нь маш оновчтой шийдэл санагдав.


Бүтэн өдөр үргэлжилсэн хурлын хөтөлбөрийг гурван хэсэгт хуваан, хэсэг тус бүрийн төгсгөлд асуулт хариултын цагийг гаргасан нь хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд болон оюутан залууст авсан мэдээллээ шүүн тунгаах, дэлгэрүүлэн бататгах боломжийг олгож байсан юм.


Хурлын үеэр хэлэлцсэн сэдвүүд зөвхөн эрүүл мэндийн салбарт хамааралтай бус технологи, хууль эрх зүй болоод ёс зүйн асуудлуудыг хөндөн, хиймэл оюун ухааныг анагаах ухаанд нэвтрүүлэхэд тулгарч болох асуудал, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа, шинээр бий болох боломж, түүнийг хэрхэн соргогоор ашиглах зэрэг сэдвүүдийг хэлэлцсэн нь анагаах ухаан болоод түүний хам сэдвийн хүрээн дэх бүхий л өнцгүүдийг орхигдуулалгүй, цогц ойлголтыг өгч чадсан билээ.