Гүйцэтгэх захирлын төлөөх ширүүн тулаан үргэлжилсээр. Логистик, бүртгэл тооцоо, маркетингийн даалгавар хосолсон цогц ажлыг хийж гүйцэтгэсэн "The Apprentice" шоуны хоёрдугаар улирлын дөрөв дэх дугаарыг тоймлож байна. 

Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #3: Ард апп-ийг идэвхжүүлэх нь

Unread


IV ДУГААРЫН ДААЛГАВАР:

Дөрөв дахь дугаарт нэвтрүүлгийн багийн зүгээс монголын ууган үйлдвэрүүдийн нэг "Монос Косметик" ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явцад оролцож, борлуулалт хариуцах даалгаврыг оролцогчдод бэлтгэсэн байлаа.

ДААЛГАВАР:

  • "Монос Косметик" ХХК-ийн 'Биомон' брэндийн халгай, ганга, чихэр өвс гэх гурван төрлийн ургамлын хандыг агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээг худалдан авагчдад сурталчлан таниулах, борлуулах, шинэ харилцагч татах,
  • "Монос Косметик" ХХК-ийн харилцагчдаас нэмэлт бүтээгдэхүүний захиалга авах ажлуудыг хийнэ.
  • Багууд захиалгын дагуу үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад гар бие оролцож, түгээнэ. Үйлдвэрлэл болон захиалга түгээлт гэх хоёр дэд багуудад хуваагдана.

Даалгаврын ялагчийг тодруулахдаа:

  • "Монос Косметик" ХХК-ийн харилцагчдаас нэмэлт захиалга авсан борлуулалтын гүйцэтгэл 40 хувь
  • Шинэ хэрэглэгч татсан шууд борлуулалтын орлого 30 хувь
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний гарцын тоо хэмжээний гүйцэтгэл 30 хувь


EVO БАГ


ХУВААРИЛАЛТ

  • Үйлдвэрлэлийн баг: П.Даваажаргал (багийн ахлагч), Г.Содцэцэг, Т.Дөлгөөнтамир
  • Захиалга, түгээлтийн баг: Г.Намхайдорж (дэд ахлагч), Т.Пүрэвбазар

ҮЙЛ ЯВЦ

Байршил: “Сандэй Плаза” 2, Барааны дэлгүүрүүд, Номингийн 10 сүлжээ дэлгүүр

Юун түрүүнд багууд "Монос Косметикс"-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцтай танилцсан юм. Ажлын байртайгаа танилцсаны дараа "EVO" баг дүрмийн дагуу захиалга түгээлт, үйлдвэрлэлийн багт хуваагдан, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулах стратеги баримтлахаар төлөвлөсөн.

Захиалга, түгээлтийн баг төлөвлөгөөнийхөө дагуу даалгавраа гүйцэтгэж байсан ч буруу мэйл явуулж алдаа гаргаснаас болж илүүдэл ангижруулагч үйлдвэрлэгдэн, нэг сая төгрөгийн борлуулалт алдав.

Тэд бүх борлуулалтаа утсаар хэлэлцэн тохирч буйгаа цаг хэмнэж байна гэж ойлгож явлаа. Гэвч үр дүнгээ тайлагнахад "Монос Косметикс"-ийн 10 харилцагч утсаа аваагүй гэх шалтгаанаар тал хувьд нь борлуулалт хийгээгүй байв.

Үйлдвэрлэлийн багт ажилласан П.Даваажаргал гараа урснаас болж тэмцээний явцад маш стресстэйгээр багаа удирдсан нь гишүүдийн шинэ санаа руу нээлттэй, чөлөөтэй хөрвөх санаачилгыг үгүй хийсэн. Тэр дундаа Т.Дөлгөөнтамир "хагарал" үүсгэхгүй байх үүднээс багийн ахлагчид алдааг нь сануулаагүй нь Чайрмэний (Chairman) хэлснээр удирдаж байгаа хүнээ удирдах чадваргүйг батлав. Багийн ахлагчийн хандлага, гишүүд хоорондын харилцаа тааруу байсан нь баг ялагдах гол хүчин зүйлсийн нэг болсон болов уу.


PENNY БАГ


ХУВААРИЛАЛТ

  • Үйлдвэрлэлийн баг: Ч.Сэргэлэн (багийн ахлагч), Т.Азжаргал, Х.Цагаанцэцэг, Ж.Дашням
  • Захиалга, түгээлтийн баг: Б.Баярцэнгэл (дэд ахлагч), Б.Жамъянхорол

ҮЙЛ ЯВЦ

Байршил: Хархорин зах, Номингын 12 салбар, Содон хороолол

Косметик бүтээгдэхүүний даалгаварт эмэгтэй ахлагч томилох Чайрмэний (Chairman) зөвлөгөөний дагуу Ч.Сэргэлэн өөрийн саналаар багийг удирдан ур чадвар, авхаалж самбаагаа харуулах боломжийг атган авсан юм. Үйлдвэрлэлийн багт ажилласан түүний зохион байгуулалт, арга барил, уялдаа холбоо, харилцаа хандлага сайн байлаа.

Үйлдвэрлэлийн баг зөвхөн хурдтай ажиллахад хэт төвлөрснөөс болж бүтээгдэхүүний чанарын стандарт алдагдаж, үйлдвэрийн хяналтын ажилчдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын гурван удаагийн анхааруулга авсан билээ.

Үүнд, бүтээгдэхүүний нэр төрлийг хольж, далий шошго наах, унагаж асгах, хэмжээнээс нь бага савлах, ариутгасан сагстай савыг бөөнөөр нь оруулж ирэх алдаанууд байв. Азаар тус алдаанууд үйлдвэрийн мастераас тэдэнд өгөх үнэлгээг бууруулснаас биш багийн ялалтад нөлөөлсөнгүй.

Захиалга, түгээлтийн багийн хувьд өөрсдийн нөөц бололцоог харгалзахгүйгээр илүү захиалга авсан нь борлуулалтын дүнг нэмэгдүүлсэн давуу талтай ч үйлдвэрлэлийн багийн ачааллыг нэмсэн сөрөг үр дагавар авчрав. Тэд зөвхөн хуучин харилцагчдад олгодог 10 хувийн урамшууллыг шинэ харилцагчдад тараасан нь дүрмээ гүйцэт уншаагүйн алдаа болов.

Энэ удаагийн даалгаварт дөрвөн дугаарын турш нэг ч ялагдаагүй Ж.Дашням, монголжуу яриа хөөрөө, арга барилаар нэвтрүүлгийн турш багийнхаа борлуулалтыг өөрийн "нуруун дээр үүрч буй" Б.Баярцэнгэл нарыг "PENNY" багт хуваарилсан нь сул оролцогчийг хасах гэсэн Чайрмэний (Chairman) санаа ч байж болох юм.


Үр дүн


"PENNY" баг өгөгдсөн санхүүжилтийг хэтрүүлэн хэрэглэж, борлуулалтын дүнгээсээ хасуулсан ч эрсдэлтэй алхмын ачаар ялагч болж чадлаа. Тэд борлуулалтын дүнгээр эсрэг багаасаа "хол тасархай" ялснаар өмнөх дугаарын ялагч Ц.Бархас болон бусад оролцогчтой оройн зоог барих эрх болон 'Хү' хамтлагийн анхны метаверс тоглолтын 'NFT' тасалбараар шагнуулав.

Харин шүүлтийн өрөөнд П.Даваажаргал өөрийн удирдах ёстой байсан захиалга түгээлтийн багийн үйл ажиллагааг "мэдэхгүй" хэмээн хариулсан нь багаа бүхлээр нь бус зөвхөн өөрийн хуваарилагдсан үйлдвэрлэлийн багт л анхаарч "дэд ахлагч"-ийн байр сууринаас ажилласныг илэрхийлнэ.

Тэр ялагдалд хүргэсэн үндсэн хүчин зүйл болох борлуулалтын дүнд үндэслэн захиалга түгээлтийн багийн ахлагч Г.Намхайдорж, өөрийн хариуцсан ажлыг хийгээгүй гэх үндэслэлээр Т.Дөлгөөнтамир нарыг хасагдах оролцогчдоор сонгосон.

Эцэст нь Чайрмэн (Chairman) туслахуудтайгаа хэлэлцэж, алдаа оноог дэнсэлсний үр дүнд удаа дараа хасагдах оролцогчоор шүүлтийн өрөөнд орж ирсээр буй Т.Дөлгөөнтамирыг тэмцээнээс хаслаа.


IV ДУГААРААС ЮУ СУРАХ ВЭ?: CHAIRMAN-ИЙ ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ

1. Хурдтай ажиллахад хэт төвлөрснөөр чанарт нөлөөлөх эрсдэлтэй учраас эмх цэгцэд давхар анхаарах.
2. Цаг хугацаа давчуу үед урт хугацааны харилцагч үүсгэхэд хэт анхаарахын оронд нөхцөл байдалтай уялдуулан хөрвөж ажиллах.
3. Заримдаа гар утасны цаанаас бус бодитоор уулзах нь бизнес харилцаанд давуу талтай.
4. Жижиглэн худалдаа эрхэлсэн ч бүртгэл, тооцоонд нямбай, анхааралтай хандах.
5. Багийн ахлагч өөрийнхөөрөө дайрч, айлгаж удирдах нь гишүүдийн санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гаргасан санаачилгаа үйлдэл болгох зоригийг үгүй хийдэг.
6. Шинэ санаагаар бүтээлч байж, даалгавар бүрд тууштай ажиллах.