Энэ удаагийн дугаарт "Монгол эрэгтэй хүн дунджаар 66 насалж байна" гэх судалгаанд тулгуурлан, нэвтрүүлгийн зүгээс “Монос Xүнс” ХК-ийн “Эр хүн та эрүүл байгаарай” кампанит ажлын постерыг бүтээх даалгаврыг өгөв. 

Өмнөх дугааруудад оролцогчид борлуулалтын дүнгээр өрсөлдөж байсан бол энэ удаагийн даалгаврын гол үзүүлэлт нь бүтээлч санаа байлаа.

Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #5: Xатуу удирдагч байх нь

Unread

VI ДУГААРЫН ДААЛГАВАР:

Зургаа дахь дугаар эрүүл хүнсийг түгээн дэлгэрүүлж буй “Монос Хүнс” ХК-ийн “Эр хүн та эрүүл байгаарай” аяны хүрээнд фото зураг авалт хийж, постер бэлтгэх даалгавартай байв. Даалгаврын гүйцэтгэхдээ багууд контент бүтээх болон түгээх гэсэн хоёр багт хуваагдах юм.

Контент бүтээх баг:

Санааг боловсруулах, дүрээ тодорхойлох, зураг авалтын үйл явцыг хариуцах, уриа үг боловсруулах, постер зургийг бэлэн болгох, “Монос Хүнс” ХК-ийн удирдлагуудад бэлтгэсэн постер зургаа танилцуулах үүрэгтэй.

Контент түгээх, маркетингийн баг:

Иргэдээс судалгаа авах, цахим орчинд идэвхжүүлэлт хийх, хоёр олны танил нөлөөлөгчөөр контентыг түгээлгэх, контент бүтээх багийн танилцуулгыг судалгааны үр дүнд суурилан бэлтгэх үүрэгтэй.


Даалгаврын ялагчийг тодруулахдаа:  

  • “Монос Хүнс” ХК-ийн удирдлагуудаас өгсөн үнэлгээ: 30 хувь
  • Шинээр Фэйсбүүк хуудас үүсгэж элсүүлсэн хүний тоо: 30 хувь
  • Постын хандалт: 20 хувь
  • Нейромаркетинг судалгааны дүн: 20 хувь


EVO БАГ

ХУВААРИЛАЛТ

  • Контент бүтээх баг: Ч.Сэргэлэн (багийн ахлагч), Т.Азжаргал
  • Контент түгээх, маркетингийн баг: Ж.Дашням (дэд ахлагч), Т.Пүрэвбазар

ҮЙЛ ЯВЦ

Сугалааны үр дүнд Evo баг "Монос Хүнс" ХК-ийн Vitos SHOT' бэлдмэлийг ашиглахаар болов. Тэд багаараа ярилцаж хэлэлцсэний үр дүнд өвөө, аав, ач хүү гурван үеийн төлөөлөл хамтдаа автомашинд явж буй эерэг постерыг бэлтгэн цацсан нь “Монос Хүнс” ХК-ийн удирдлагуудад ихэд таалагдсан юм. Энэ удаагийн даалгаварт оролцогч Ч.Сэргэлэн өөрийн саналаар багаа ахалснаар ялалтад хүрч, удирдах чадвараа дахин батлав.

Контент бүтээх баг зургийн студитэй хамтран постер зургаа шөнийн 2 цаг хүртэл засварлаж, бэлэн болгов. Оролцогч Т.Азжаргал студийн ойролцоох хүмүүсээс зураг авалтад орохыг ятгаж, дүрдээ ороход нь тусалсан бол Ч.Сэргэлэнгийн хувьд дизайн талаас нь анхаарч ажилласан юм. Хоёр оролцогч бие биеэ нөхөж, хийх ёстой ажлуудаа сайн хийснийг Chairman-ий зөвлөх Г.Сэлэнгэ сайшаасан билээ.

Контент түгээх, маркетингийн баг эхний өдөр ажлаа төлөвлөхдөө оролцогч Ж.Дашням цахим идэвхжүүлэлт хийж, Т.Пүрэвбазар олны танил нөлөөлөгчидтэй харилцахаар тохиролцов. Тэд хөтлөгч Э.Ууганбаяр, Киви хамтлагийн дуучин Б.Халиун, жүжигчин Р.Анхням нартай хамтран ажиллаж, судалгаагаа биеэр очин бөглүүлсэн юм.


PENNY БАГ


ХУВААРИЛАЛТ

  • Контент бүтээх баг: Б.Жамъянхорол (багийн ахлагч), Г.Содцэцэг, Б.Баярцэнгэл
  • Контент түгээх, маркетингийн баг: Г.Намхайдорж (дэд ахлагч), П.Даваажаргал

ҮЙЛ ЯВЦ

Оролцогч Б.Жамъянхоролын ахлагч болох хүсэлтийг олонхын саналаар шийдвэрлэхэд Б.Содцэцэг ганцаараа дэмжээгүй нь нэвтрүүлгийн эцэст маргаан үүсэхэд хүргэсэн билээ. Penny баг Цэнэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчийн сэтгэлд хүрж, догдлол үүсгэх, гүнзгий агуулга бүхий утга санаатай постер бэлдэхээр болсон юм.

Контент бүтээх баг “Хайрлаж чадсан уу? уриа үгийг ашиглаж дөрвөн постер бэлтгэсэн боловч дүрмийн дагуу кампанит ажил бус зөвхөн нэг л постер бэлтгэх ёстой байв. Нейромаркетингийн судалгаагаар Penny багийн эцсийн постер "Монос Хүнс" ХК-ийн аяны агуулгатай нийцэхгүй байна гэх үр дүн гарав.

Контент түгээх, маркетингийн багийнхан өөрсдийн постероо Фэйсбүүк бүлгэмүүд рүү хэт олон хуваалцсанаас болоод хуудсаа хаалгасан ч эцсийн үр дүнд ямар нэгэн нөлөө гарсангүй. Тэд giveaway зарлаад зогсохгүй, хэрэглэгчдийг өөрийнхөө түүхийг хуваалцахад уриалах байдлаар хандалтаа нэмсэн юм.

ҮР ДҮН


Chairman-ий хувьд оролцогчдоос өндөр хүлээлттэй байсан ч урам хугарснаа дахин, дахин хэлсээр байлаа. Учир нь Penny баг хэт хувийн мэдрэмжид тулгуурлан гунигтай постер бүтээсэн нь маркетинг хийж буй компанийнхаа өнгө төрхийг мэдрээгүй хэрэг байв.

Penny багийн ахлагч Б.Жамъянхорол багийг ялагдалд хүргэх гол хүчин зүйл нь постер гэж үзээд оролцогч Г.Содцэцэг, Б.Баярцэнгэл нарыг хасагдах оролцогчоор шүүлтийн өрөө рүү авч оров. Ийнхүү Chairman өнөөдрийн дугаарыг хүртэл нэг ч удаа санаачилгаараа багаа ахлаагүй Б.Баярцэнгэлийг тэмцээнээс хасхаар шийдвэрлэлээ. Оролцогч Г.Содцэцэг энэ шийдвэрт тийм ч таатай хандаагүй бөгөөд хасагдах ёстой оролцогчийг багийн ахлагч өөрөө хэмээн маргалдсан юм.

VI ДУГААРТ CHAIRMAN-ИЙ ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ

  • Маркетинг хийж буй компанийнхаа өнгө төрхийг мэдэрч, санаагаа зөв түгээх
  • Ямагт зоригтой байж, хариуцлага үүрэхэд бэлэн байх
  • Keep it simple stupid буюу төлөвлөгөөгөө асар энгийн байлгах
  • Хэт хувийн туршлагатаа суурилах нь бусад хувилбарыг харах чадварыг үгүй хийдэг