Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн туслалцааны хүрээнд ЖАЙКА-гийн Төслийн баг Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-г боловсруулах төслийн явцыг олон нийтэд танилцуулах, залуучуудын санал бодлыг сонсох зорилгоор хоёр удаагийн онлайн хурал зохион байгуулах гэж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Бид өнөөдөр, цаашдаа бусад төслүүдэд үлгэр жишээ болох эдгээр хурлыг тоймлон ямар ач холбогдолтой байв, хэрхэн зохион байгуулав, ямар үр дүнд хүрсэн талаар хүргэе. 

ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧООР

“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-г боловсруулах төсөл нь Монгол болон Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Төслийн зорилго нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулан, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж Монгол Улсын тогтвортой хөгжлийг (2020-2040 он) хангах юм.

"Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө"-г эцэслэн боловсруулах үе шатанд яваа бөгөөд 2021 оны зургаадугаар сард бүрэн хэрэгжүүлж бүрэн дуусах юм.

ЗАЛУУЧУУДЫН ДУУ ХООЛОЙГ СОНСОХ ХЭРЭГЦЭЭ

Манай зарим уншигчид саяхан УИХ-аас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа 2050" баримт бичгийг баталсан шүү дээ, дахиад яагаад хөгжлийн цогц төлөвлөгөө яриад унав хэмээн гайхаж магадгүй. Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаярын тайлбарласнаар энэхүү цогц төлөвлөгөө нь "Алсын хараа 2050" баримт бичгийн бүрэлдэхүүн болох учиртай аж. Ирэх онд УИХ-аар хоёр том бодлогын баримт бичиг хэлэлцэгдэх нь Бүсчилсэн хөгжлийн бодлого болон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл юм. Японы жишгээр энэ хоёр бодлогын баримт бичгийг "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө"-нд хамруулан боловсруулж буйг тэрээр онцолсон юм.

Тэгэхээр улс орны хэдэн арван жилийн ирээдүйг тодорхойлох учиртай энэ чухал баримт бичигт Монголын хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын дуу хоолойг тусгах нь нэн чухал гэдгийг төслийн багийнхан ухамсарлаж, энэхүү онлайн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар зорьжээ. Төлөвлөгөө ёсоор бол онлайнаар бус хурал, уулзалт хэлбэрээр зохион байгуулах байсан ч цар тахлын үүсгэсэн нөхцөл байдлаас шалгаалан онлайнаар зохион байгуулсан нь энэ юм.

НЭГ. ОНЛАЙН ХУРАЛ - 2020 оны 8-Р САРЫН 17

Онлайн хурлын зарыг өмнөх нийтлэлээр түгээж, оролцох хүсэлтэй, Монголын өнцөг булан бүрд суугаа болон гадаадад ажиллаж амьдарч буй 20-35 насны залуучуудыг Google Form ашиглан онлайнаар бүртгэсэн юм. Бүртгүүлсэн оролцогчдод төслийн дэлгэрэнгүй тайлан ба хураангуй, мөн хурлын илтгэлийн материалуудыг хүргүүлж урьдчилан танилцах боломжоор хангасныг онцолъё.

Хурлын эхэнд БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр нар мэдээлэл өгч, дараа нь ҮХЦТ боловсруулах төслийн багийн ахлагч Т.Хашимото төслийн эцсийн тайлангийн төслийг танилцуулан илтгэл тавьсан юм.

Хуралд нийт 177 залуус оролцсоноос 65 буюу 36 хувь нь гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа залуучуудын төлөөлөл байв. Тодруулбал, дэлхийн 12 орноос монгол залуучууд улс орныхоо хөгжлийн бодлогод санаа тавин холбогдсон байлаа (Япон, АНУ, БНСУ, Франц, Унгар, Бельги, Люксенбург, Герман, Норвеги, Турк, Энэтхэг, Шриланк). Үлдсэн 112 оролцогч нь Улаанбаатар болон 12 аймгийн төлөөлөл болсон залуучууд байв. (Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Хэнтий, Ховд, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан, Дархан, Эрдэнэт, Багануур).

Илтгэл дууссаны дараа залуучууд тун идэвхтэйгээр асуулт тавьж эхэлсэн бөгөөд төслийн багийнхан холбогдох хариултуудыг өгч байв. Хэдий тэд цаг хугацааны боломжоос шалтгаалан бүх асуултад хариулах боломжгүй байсан ч хэд хоногийн дараа тавигдсан бүх асуултуудад имэйлээр хариулт ирүүлснийг нь онцлууштай.


ХУРЛЫН ИЛТГЭЛ, АСУУЛТ ХАРИУЛТЫГ МОНГОЛ ХЭЛЭЭР ҮЗЭХ


ХУРЛЫН ИЛТГЭЛИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ҮЗЭХ

ТӨСЛИЙН БАГААС ӨГСӨН ХАРИУЛТУУДЫН ЖИШЭЭ

Илтгэлээр танилцуулсан төслүүд нь УИХ-ын тогтоолын хавсралт болох юм уу?

"Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө"-г батлуулах тухай хууль тогтоомжид томьёологдоогүй боловч "Бүсчилсэн хөгжлийн бодлого" болон "Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" нь холбогдох хуулийн дагуу ЗГ, УИХ-аар батлагдана. ҮХЦТ-г МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050" баримт бичгийн техникийн асуудлыг тусгасан тайлан хэлбэрээр батлана гэж найдаж байна.

Төлөвлөгөө боловсруулж буй багийханд баяр хүргэе. Монголд маш олон хөтөлбөр, төлөвлөгөөг янз бүрийн газар хариуцаад хийгээд явдаг ч хоорондоо уялдаа холбоо муутай санагддаг. Миний санал гэвэл энэ бүх төлөвлөгөөгөө бусад яамд, орон нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаатай нийцүүлэх нь зүйтэй. Төсөвт суулгахдаа орлого талын бэрхшээлүүдийг тооцоолж харах, экспорт тал дээр цөөн хүн амтай улсад хүний капитал шингэсэн үйлчилгээг тооцоолох хэрэгтэй гэж бодож байна.

Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг 4 үндсэн чиглэлд хувааж танилцуулсан нь бодлогын нэгдсэн байдлыг хангах, яамд, орон нутгийн удирдах байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой. Мөн бидний санал болгож буй Бүсийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөрөөр дамжуулан засгийн газар улсын төсвийг илүү олон аймагт хүртээх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн бүс нутгийг хөгжүүлэхийн тулд орон нутагт чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх нь чухал байна.

Мах, махан бүтээгдэхүүн экспортолно гэвэл мал, амьтны гоц халдварт өвчингүй бүс, экспортод гаргах бүтээгдэхүүн бэлтгэхэд зориулан тусгаарласан аж ахуй хаана байрлах вэ? Мөн малын хяналтын цэгийн постуудаа газрын зурагтаа оруулмаар байна.

Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгон, малын мах экспортлох санал боловсруулж байна. Хяналт шалгалтын цэгүүдийг цаашид тогтоох хэрэгтэй.

Залуус хот суурин газар руу татагдах, сурсан газраа суурьших нь их болсон. Энэ төвлөрлийг сааруулах, хөдөө сум сууринг хөгжүүлэх, ажлын байр болон гэр бүлээрээ амьдрах орчиныг хэрхэн бүрдүүлж байна вэ? Мөн бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хүний нөөцөөс бусад нөөцүүд хөдөө орон нутагт байна. Орон нутгийн нөөц бололцоог ашиглаж, үйлдвэр байгуулах замаар залуусыг хөдөө рүү чиглүүлэх боломжтой гэж бид үзэж байна. Үр дүнтэй арга бол ҮХЦТ-ний санал болгож буй аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлэх юм.

ХОЁР. ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ - 2020 ОНЫ 9-Р САРЫН 7

Хоёр дахь арга хэмжээ нь 8-р сарын 17-ны онлайн хуралд оролцсон залуучуудыг ҮХЦТ-ний талаар бусад оролцогчидтой санал солилцох, санаа дэвшүүлэх илүү өргөн боломжийг олгохоор хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдав. Ингэхдээ 30 орчим залуучуудыг 4 багт хуваан хэлэлцүүлэг хийсэн юм.

"Дотоодын нөөцөд тулгуурлан нэн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд" (гаднын дэмжлэггүй) гэсэн сэдвээр оролцогчид идэвхтэй ярилцсан бөгөөд баг болгоны ахлагчид ярьж хэлэлцсэн саналуудаа хэлэлцүүлгийн бүх оролцогчдод товч танилцуулсан юм. “Хүнс, хөдөө аж ахуй”, “Хот төлөвлөлт”, “Аялал жуулчлал, тээвэр ложистик“, “ Мал аж ахуй“ гэсэн сэдвүүдээр хуваагдсан 4 багийн санал болгож буй санал, шийдлүүдээс зарим жишээг хүргэе:

Баг бүрийн танилцуулгад давхцаж байсан санал бол аль ч салбарт боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, тухайн мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг алсыг харж, урамшууллын системийг оновчтой тогтоох, ялангуяа багш бэлтгэх тогтолцоонд өндөр ач холбогдол өгч сайжруулах байлаа.

Мөн “Хүнс, хөдөө аж ахуй” болон “Мал аж ахуй” сэдэвт багийнхан нь гаднын улсын дэмжлэгийг заавал авахгүйгээр агуулах, зоорь, хөргүүрийн системийг барьж байгуулснаар хүнсний ногооны үнийн хэт хэлбэлзлийг багасгах боломж болон малын түүхий эдийг боловсруулах, бяслагны үйлдвэр зэргийг хөгжүүлэх нэн шаардлагатайг онцлон ярьж байлаа.

“Хот төлөвлөлт” сэдэвт багийнхан зам ашиглалтын төлбөрийг нэмэх (татварын бодлого) болон 8 хувийн зээлийг зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан олгохыг санал болгосон.

“Аялал жуулчлал, тээвэр ложистик“ сэдэвт багийнхан “Өртөө” авто замын дагуух мэдээлэл үйлчилгээний сүлжээ байгуулах нь байгаль орчин, нийгэм эдийн засаг, бүс нутгийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдолтойг хэлж байлаа. Мөн аймаг тус бүрийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд уялдуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ санаачлан боловсруулахын санал болгов. Жишээ нь: Төв аймгийн зүүн хойд буюу аялал жуулчлалын бүсэд Airbnb, Workaway апп шиг хэрэглээг нэвтрүүлэн, нутгийн иргэд, малчдын оролцоог бодитоор бий болгох. Харин хойд буюу тариалангийн бүсэд нь түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх замаар дотоодын аялал жуулчлалыг дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулах. Хэрэглэгчид жимс, ногооны талбай түрээслэн ажиллах, ургац хураахад бодитоор оролцох, газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулах зах зээлийг олон төрлийн үйлчилгээгээр баяжуулан хөгжүүлэх боломжтойг дурдаж байлаа.

Үүнийг төслийн багийнхан анхааралтай сонсоод, ҮХЦТ боловсруулах төслийн багийн ахлагч Т.Хашимото өөрийн бодлыг хуваалцаж, зарим саналд тодруулга өгч байв. Тухайлбал, тэрээр оролцогчдоос ирүүлсэн саарал усыг ашиглах санааг онцлон, илүү гүнзгийрүүлэн судлах бөгөөд баримт бичигт тусгая гэсэн нь энэ хурал, хэлэлцүүлгийн үр дүнгийн нэг жишээ байлаа. Тэрээр мөн монголчууд төлөвлөгөө гаргахдаа сайн ч хэрэгжүүлэх тал дээр сайн анхаарах хэрэгтэй санагддаг хэмээснийг нь уншигчдадаа уламжлахыг хүслээ.

Мөн тус онлайн арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан START Japan-ы залуучуудын оролцоог төслийн багийнхан онцолж байлаа.

Эцэст нь, бодлогын чухал баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад залуучуудын дуу хоолойг тусгах ажлыг санаачилж, түүнийгээ онлайнаар буюу шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулан, олон улс болон орон нутгаас залуучуудын төлөөллийг амжилттай хамруулсан төслийн багийнханд талархал илэрхийлье.