Салбарынхаа тэргүүлэгч байна гэдэг нь нэг талаар цар хүрээгээ тунхаглаж буй өргөмж, нэр хүнд ч гэлээ нөгөө талаар үргэлж мөс зүсэгч байж, шинийг, шилдгийг хэрэглэгчдэдээ хүргэх даалгаврыг сонголтгүй хүлээдэг шилэн титэм гэлтэй. “Үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ” хэмээх тодотголыг хэрэглэгчдийн тоо, борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны далайцаараа батлан эзэмших болсон “Шоппи” ч бас энэ замыг туулж яваа дотоодын шилдэг компаниудын нэг. Тийм ч болохоор Unread-ийн редакц тэдний хөгжлийн бүхий л үе шатад хамт байж, сургамжтай, санууштай, ойлгууштай бизнесийнх нь түүхийг залуу мэргэжилтнүүддээ хуваалцахыг эрмэлзсээр ирсэн юм. 

Уламжлал ёсоор тэд энэ удаад ч хүлээлтийг давуулав. Юу вэ гэвэл, “Шоппи” ХХК, БНСУ-ын цахим худалдааны Gmarket компанитай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Ингэснээр Өмнөд Солонгосын зах зээлд борлуулагдаж буй нэг сая бараа бүтээгдэхүүнээс гар утсаа ашиглаад л гэртээ хүргүүлэн авах боломжийг хэрэглэгчдэдээ өгөх юм. Энэ ажил өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст яг өнөөдрөөс апп дээр бодит биеллээ олж буй. 

Иймд чих сортойлгом уг мэдээтэй холбоотой илүү дэлгэрэнгүй, хэрэгтэй мэдээллийг өгөхөөр бэлтгэлээ. 


Gmarket-ийг танилцуулах нь: БНСУ-ын цахим худалдааны топ компани

Энэ нийтлэлийн гол баатар болох Gmarket нь 2000 онд Өмнөд Солонгос улсад байгуулагдсан цахим худалдааны компани юм. Сонирхуулахад, 2009 оноос эхлэн саяхныг хүртэл АНУ-ын eBay компанид харьяалагдаж байсан бол харин одоо Shinsegae групп компанийн удирдлагад шилжжээ. Цахим хуудсуудыг нь тооцолгүйгээр зөвхөн вэбсайтад нь сард 35.4 сая хэрэглэгч ханддаг гэхээр цар хүрээ, эрэлт, хэрэглээний хувьд анхаарал татахуйц энэ компанийг сонирхох газар цөөнгүй байх нь ойлгомжтой.

Судлаад үзэхэд амжилтын гол нууц нь барааны нөөц, бүтээгдэхүүний сонголт, хэрэглэхэд амар хялбар байдал, өрсөлдөхүйц үнэ зэргээсээ гадна хамгийн гол нь дотоодын болон гаднын зах зээлийг тусад нь салгаж, төрөлжин хөгжих шийдвэр байсан гэдэг. Тодруулбал, тэд Gmarket, Gmarket Global гэсэн хоёр платформтой ба Gmarket нь БНСУ-ын хэрэглэгчдэд зориулагдсан, харин Gmarket Global нь гаднын орны худалдан авагчдад хүртээмжтэй байдлаар хөгжүүлэгдсэн байдаг байна. Энэ нь англи болон хятад хэлтэй хүмүүст Gmarket Global-ийг ашиглахад илүү хялбар болгодог ба улс хоорондын логистикоо л шийдчихвэл Gmarket-д байршиж буй Өмнөд Солонгосын болон бусад олон улсын брэнд бүтээгдэхүүнүүд танд нээлттэй байх нь.

Санал болгох: Shoppy.mn - Хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа

Яагаад Шоппи гэж?: Давуу тал ба хэрэглээ

Тэгэхээр яагаад Шоппи гэж? Хариулт тун энгийн. Логистикийн элдэв асуудалгүй, албан ёсны, бас утсаараа захиалаад, гэртээ хүргүүлээд авах хялбар үйлчилгээ. Дунд нь олон хүнтэй харилцаж, санаа зовж, сураг ажиг тавих шаардлагагүй. Ерөөс Шоппиг ашигладгаараа ашиглахад л Солонгост дэлгүүр хэсээд байна гэсэн үг. Хэрэглээ талаас ялгаа гарахгүй ба логистикийн тал дээр тээвэрлэлтээ шууд нислэгээр хийх юм.

Үргэлжлүүлээд, гарцаагүй төрөх эргэлзээнүүдийг тань тодруулахыг хичээе.

  • Монгол болон Солонгосоос авч буй бүтээгдэхүүнүүдээ нэг сагсанд хийж бөөнд нь авч болно.
  • Ингэхдээ, Gmarket-аас захиалсан бараа багадаа 8-10 хоногийн дотор Монголд бууж, захиалсан бусад бараатай нэгтгэгдэн, таны гар дээр, гэрийн тань үүдэнд очно.
  • Gmarket салбартаа тэргүүлдэг болсон нь санамсаргүй тохиолдол биш. Тиймдээ ч бүтээгдэхүүнүүд нь яг л зураг дээрх шигээ ирдэг. Шоппигийнхны зүгээс өнгөрсөн хугацаанд туршилтын журмаар хийсэн захиалгууд нь бүгд “хүлээлтээс давсныг” онцолсон билээ.
  • Шоппи зөвхөн албан ёсны бараа бүтээгдэхүүн санал болгодгоороо ялгардаг. Тийм ч учраас Gmarket-аас санал болгох нэг сая гаруй бүтээгдэхүүн дотор платформд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдтэй давхцах зүйлс байхгүй гэнэ.
  • Эцэст нь онцлох гол давуу тал нь: Шоппиг ашиглах гол шалтгаан давуу тал нь та Солонгосоос буюу Gmarket-аас авч буй бүтээгдэхүүнүүддээ ч Шоппигийн төлбөрийн нөхцөлүүдийг бүрэн ашиглаж болох юм байна. Догь байгаа биз. Өөрөөр хэлбэл бүх төрлийн дотоодын банкны карт, дансуудаас гадна дөрөв хуваан төлөх нөхцөлтэй Storepay, ХХБ-ны цахим зээл гээд төлбөрийн бүх л боломжоо гаднын худалдан авалт гэлгүй адилхан ашиглана.



Хэрхэн худалдан авах вэ?: Үйл явцыг зураглахуй

Gmarket-аас худалдан авалт хийхээр шийдсэн бол Шоппигийн ангилал хэсэгт байрлах “Олон улсын захиалга” цэснээс Gmarket-ийг сонгоход л болно. Ороод үзэхэд тусгай логотой бүтээгдэхүүнүүд таныг угтан авна.

Ташрамд мэдээлэхэд, Шоппигийн зүгээс уг төслийг хэрэгжүүлсэн гол зорилго нь их энгийн аж. Хэрэглэгч аппаа ашиглан бараа худалдан авахад дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний нөөц дууссанаас болж нэгэнт хийгдсэн захиалгууд цуцлагдах тохиолдол багагүй гарах болжээ. Энэ асуудалд шийдэл хайсан нь олон улсын платформуудтай хамтран ажиллах явдал байв. Нөөцийн дутагдлаас сэргийлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гол зорилготой. Тэгэхээр хэт хөөргөдсөн үнээр авахвий гэдэг болгоомжлолоо багасгахад асуудалгүй.

Апп дээр захиалга хийсний дараа бүтээгдэхүүн Солонгостоо бэлтгэгдээд, Pick Pack-ийн логистик төвд хүргэгдэнэ. Монголруу шууд нислэгээр ирэх ба үүний дараа гэрт тань хүргэгдэх болно. Ингээд та тээврийн үлдэгдэл төлбөрөө төлөөд л бараагаа хүлээн авах юм.

Санал болгох: Shoppy.mn: 400%-ийн өсөлттэй ажиллаж буй онлайн платформ


Төлбөр хэрхэн тооцогдох вэ?:  Төлбөрт багтах бусад зардлууд

  • Төлбөр тухайн өдрийн валютын ханшаар бодогдож хийгдэнэ.
  • Мэдээж дээр дурдсанчлан Монгол дахь бүх төлбөрийн нөхцөлөөс сонголтоо хийж төлөх боломжтой.
  • Нэг кг ачааны төлбөр долоон ам.доллар байх юм байна.
  • Gmarket-аас захиалга хийж буй тохиолдолд барааны овор хэмжээнээс шалтгаалан хоёр хүртэлх удаагийн төлөлт хийнэ. Эхний удаад бүтээгдэхүүний үнэ, БНСУ доторх хүргэлт, нислэгийн тээврийн зардал дээр нэмээд нэг кг ачааны үнэ гэх мэт бүх тогтмол төлбөрүүдээ төлнө. Харин бараагаа авах үедээ барааны хэмжээнээс шалтгаалан (барааний жин нэг кг-аас илүү бол) зөрүү кг-ийн төлбөр болон дотоодын хүргэлтийн төлбөрөө хийснээр таны худалдан авалт дуусах ажээ.


Хүлээцтэй хандах зүйлс: 
“Сайжирна ш дээ”

Өдөр өдрөөр цахим худалдааны соёлд суралцаж буй бидний хувьд аливаа зүйлс өдөр өдрөөр сайжирдгийг харьцангуй сайн ойлгодог болсон. Энэ ёсоор ирээдүйд сайжрах, өөрчлөгдөх зүйлсийг нь түүвэрлэх гэж оролдъё.

1. Цаашид худалдан авалтын үнийн дүнг тухайн өдрийн валютын ханшаар тооцолгүй, тодорхой хугацаанд тогтмол байлгах арга хэмжээ авах талаар судлах гэнэ. Ингэснээр хэрэглэгч худалдан авалтаа тогтоогдсон хугацаанаас хамаарч, хоёр долоо хоног эсвэл сараар нь төлөвлөх боломжтой болох нь.

2. Одоогоор Gmarket-ийн бүтээгдэхүүнүүд Шоппи дээр солонгос хэл дээрх тайлбартайгаа байршиж буй. Удахгүй уг мэдээллүүд хиймэл оюуны тусламжтай монгол хэл дээр хүрдэг болно.


Unread туршив: Юуг? Хаанаас?

1. Gmarket, Шоппи хоёрын адил зүйл нь албан ёсны борлуулалт хийдэг. Тэр ч утгаараа буух эзэнтэй, буцах хаягтай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд байршдагийг мэдэх биз ээ. Тэр нь ч яг хэвээрээ байлаа. Харин Gmarket-ийн хувьд утасны кэйс, давс, элсэн чихрийн сав мэт жижиг бүтээгдэхүүнүүдэд брэнд гээд байдаггүйг анзаарлаа.

2. Барааны ангиллаас шалтгаалан юуг, хаанаас авбал хэмнэлттэй байх эсэх нь харилцан адилгүй байлаа. Жишээ нь, хувцас, гутал, гоо сайхны барааны тал дээр Монгол дахь албан ёсны борлуулагчид илүү таатай үнэ санал болгодог ч Шоппи дээрх бараануудын брэнд, загвар зэрэг нь өмнө монголын зах зээлд албан ёсоор орж ирж байгаагүй шинэ бүтээгдэхүүнүүд болохыг ажигласан юм. Шоппигийнхон ч үүнийг бүрнээ хүлээн зөвшөөрөх ба хэмнэлт, загварын сонголт зэрэг ихсэхийн сацуу гол давуу тал нь нэг сагсаар худалдан авах боломж, найдвартай хүргэлт-тээвэрлэлт, төлбөрийн уян хатан нөхцөлүүд хэмээсэн нь таатай санагдсан билээ.

3. Харин гарцаагүй ашигтай байх ангилал нь технологийн бүтээгдэхүүн, цахилгаан бараа аж. Жишээ нь, Cuckoo брэндийн бүтээгдэхүүнүүдийг эндээс л хамгийн хямдаар олох боломжтой байв.

Төгсгөлд нь

Цахим дэлгүүр, цахим худалдан авалт дэлхий нийтийн өдөр тутмын, энгийн хэрэглээ болоод 10 жил ч болоогүй байна. Гэвч суурь технологийг ашиглах чадварт хангалттай суралцаад амжсан хэрэглэгчдийн санаанд нийцсэн үйлчилгээ үзүүлье хэмээвээс “тэдний оронд гутлыг нь өмсөж”, системээ хамгийн хялбар, хамгийн ойлгомжтой, хамгийн хурдан, хамгийн шинэлэг байлгахаас өөр гарцгүй. Харин Шоппигийн ээлжит нүүдэл хэр оновчтой байхыг хэрэглэгчид шүүх л үлджээ.