Бид блокчейн, криптовалютын тухай хэд хэдэн нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. Энэ удаад криптовалютын зах зээлд шинэчлэл хийсэн стэйблкойны талаарх баримтуудыг бэлтгэн хүргэж байна. Үргэлжлүүлэн уншиж стэйблкойн нь бусад криптовалютын төрлүүдээс юугаараа ялгаатай, хэрхэн олон улсад болон манай оронд ашиглагдаж буй тухай мэдээлэлтэй танилцаарай.
Санал болгох:
1. Smart contract хөгжүүлэгч: Блокчейн технологийг ойлгох нь
2. Биткойн худалдаж авах нь зөв үү? - Дэлхийн банк санхүү, технологийн лидерүүд биткойныг дүгнэсэн нь

тогтвортой КРИПТОВАЛЮТ гэж бий юу?
Криптовалютын үнэ байнга хүчтэй хэлбэлзэж, ашиг эсвэл алдагдлыг үргэлж хүлээж байдаг. Ийнхүү крипто валютаас бий болдог ашиг болон алдагдлыг шууд зохицуулах боломж байхгүй ч түүнтэй харьцах тогтсон үнэтэй, үнэт зүйл болох стэйблкойн гэх ойлголт бий болж, виртуал хөрөнгийн түүхэнд шинэ хуудас нээгджээ.
Стэйблкойн гэдэг нь хөрөнгөөр баталгаажсан үнээ тогтвортой хадгалдаг криптовалютын нэг төрөл юм. Блокчейнд суурилсан эдийн засгийн төлбөр тооцооны хэрэгсэл болох криптовалютын бүх онцлог давуу талууд, уламжлалт фиат мөнгөний үнийн тогтвортой байдлыг шингээсэн гэдгээрээ стэйблкойн энэхүү хоёр санхүүгийн ертөнцийн гүүр болон ашиглагддаг байна.
Стэйблкойн нь биткойнтой адил блокчейн технологи дээр суурилан бий болсон виртуал хөрөнгө боловч үүнээс ялгарах гол шинж нь түүний өөр хөрөнгөтэй уяж аргамжсан үнэ цэнийн тогтвортой байдал юм.
СТЭЙБЛКОЙНЫ ТӨРЛҮҮД
2014 онд анхны BitUSD болон NuBits хэмээх ам.доллартай тэнцүү криптовалютаар баталгаажсан стэйблкойнууд гарсан хэдий ч төдий л амжилт олж чадаагүй. Тун удалгүй бидний сайн мэдэх USDT буюу Тетер нэрээ сольж бодит хөрөнгөөр баталгаажснаа зарлан зах зээлд гарч ирсэн. Түүнээс хойш төрөл бүрийн валюттай аргамжсан стэйблкойнууд бий болсон. Стэйблкойн нь дараах төрлөөр дэлхий даяар ашиглагдаж байна. Үүнд:
- Уламжлалт фиат мөнгөөр баталгаажсан (USDT, USDC, MONT)
- Алт, мөнгө зэрэг түүхий эдээр баталгаажсан (PAXG, XAUT)
- Криптовалютаар баталгаажсан (DAI, UST)
- Баталгаажаагүй буюу нарийн төвөгтэй алгоритмыг ашиглан үнээ тогтвортой хадгалдаг (AMPL) гэх мэт төрлүүд багтана.
Өнөөдрийн байдлаар хамгийн их ашиглагдаж буй таван стэйблкойн болох USDC, DAI, UST, BUSD, USDT нь 176 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Түүнчлэн хоёр их наядын үнэлгээтэй крипто зах зээлийн найм гаруй хувийг бүрдүүлж, долоо хоногт 830 гаруй тэрбум ам.долларын арилжаа хийгдэж байгаа юм.

ШИНЭЧЛЭЛД НЭГДЭГСЭД
Энэхүү зах зээлд өрсөлдөхөөр банкууд, хөрөнгө оруулагчид ч хошуурч байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын "J.P Morgan" банк стэйблкойныг олон улсын гүйлгээнд тохиромжтой шийдэл гэж үзэн өөрсдийн JPM Coin хэмээх ам.доллартай 1:1 үнэлгээ бүхий криптовалютыг томоохон байгууллагуудын хооронд төлбөр, тооцоог шийдвэрлэхээр гаргахаа зарласан. Түүнчлэн "Фэйсбүүк" (одоо Мета болж нэрээ өөрчилсөн) тэргүүтэй технологи, санхүүгийн топ компаниуд нэгдсэн "Diem" төсөл (өмнө нь Libra нэртэй байсан) нь дэлхий даяар хэрэглэх Libra токеноо танилцуулж, маш их шуугиан тарьсан ч зохицуулагч байгууллагуудаас зөвшөөрөл авч чадалгүй 182 сая ам.доллараар зарагдсан аж.
Стэйблкойн нь санхүүгийн салбарт дэвшил, инновац авчирж бусад виртуал хөрөнгөөс илүүтэйгээр олон нийтэд ашиглагдах, санхүүгийн хүртээмжтэй байдлыг сайжруулах боломжтой.
ФАТФ-ын 2020 оны зөвлөмжөөс
Монгол Тетер буюу MONT стэйблкойн
Манай улсын хувьд ч криптовалют өнгөрсөн оны хамгийн халуун сэдэв байж хоёр их наяд төгрөгийн үнэлгээнд монгол койнууд хүрсэн. Зах зээлийн дүрмийн дагуу үнэ нь өсч, уруудсаар байна. Харин анхны стэйблкойныг өнгөрөгч оны 10 дугаар сард "Монгол Дифай" ХХК гаргажээ. Энэ нь төгрөгөөр баталгаажсан, төгрөгтэй аргамжсан "Монгол Тетер" буюу MONT стэйблкойн юм.
MONT-ын зорилго нь крипто хэрэглэгчдийг үнийн савалгаа их үед эзэмшиж буй хөрөнгийнх нь үнэ цэнийг хамгаалах, DeFi (Decentralized Finance) буюу төвлөрсөн бус санхүүгийн төслүүдэд монгол төгрөг ашиглан арилжаанд оролцох гүүр болох, түүнчлэн гадаад гуйвуулгын үйлчилгээг блокчейн технологийн тусламжтайгаар хямд, хялбар шуурхай болгох зорилготой аж.

хүссэн үедээ төгрөг рүү хөрвүүлэх боломж
MONT нь олон улсад түгээмэл ашиглагддаг токенжуулсан ам.доллар болох USDT болон USDC-тай адил зарчмаар ажиллах бөгөөд эдгээр виртуал хөрөнгийн хамгийн түгээмэл шинж болох "аргамжсан" чанарыг ч мөн агуулжээ. Крипто бирж дээр арилжаалагдаж байгаагаас бусад тохиолдолд MONT нь монгол төгрөгтэй тэнцүү ханштай байх аж. Түүнчлэн банканд байршуулсан нөөцийн хэмжээгээр зах зээлийн үнэлгээгээ тодорхойлдог байна.
Дэлгэрүүлбэл зах зээл дээр гарсан нэг MONT бүрийн цаана арилжааны банканд мөнгөн хөрөнгөөр нэг төгрөг ямагт байна гэсэн үг. Ийнхүү байршуулж буй шалтгаан нь зах зээл дээрх нийлүүлэлт болон үнэ цэнийг тогтвортой байлгаж, хэрэглэгч хүссэн үедээ MONT-оо буцаан төгрөг болгож хөрвүүлэх нөхцлийг хангаж байгаа юм.
MONT-ын давуу талууд ба хэрэглээ
- Бирж хооронд олон давхар шимтгэл төлөх шаардлагагүй шууд блокчейн гүйлгээгээр шилжүүлэх;
- Түгээмэл ашиглагддаг койнуудтай хосолт хийсэн тул койноо арилжаалах;Койноо заавал зарахгүйгээр бэлэн мөнгөний шаардлагатай үед зээл авах боломжуудыг одоогоор олгож байна.
Удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүдээс нь дурдвал:
- Өөрийн эзэмшиж буй MONT-оо түгжин гадаслах буюу stake хийн өгөөж хүртэх;
- DeFi төслүүдэд хөрөнгө оруулж өгөөж хүртэх;
- Хөгжүүлэх боломжтой ухаалаг гэрээ буюу upgradeable smart contract-тай хийгдсэн тул ирээдүйн технологийн төслүүдтэй холбогдож хэрэглэгч болон хөгжүүлэгчдэд олон боломжийг үүсгэх;
- Улс хоорондын гуйвуулгыг блокчейн технологийн давуу талуудыг ашиглан шуурхай, хялбараар хүлээн авах, илгээх;
- MONT-ыг өөрийн хийж буй платформ, шийдлүүддээ ашиглах боломж бүхий экосистемийг бүрдүүлсэн API, SDK-г хөгжүүлэгчид маань ашиглах боломжтой болох аж.

MONT-ыг хэрхэн, хаанаас авах вэ?
Одоогоор MONT-ыг DAX.mn, Trade.mn, Denode.io, Idax.exchange, Corex.mn биржүүд дээр арилжиж ашиглах боломжтой. Түүнчлэн MONT-ын хэрэглээг илүү хялбар, хүртээмжтэй байлгах зорилгоор Ард апп дээр холболт хийж MONT-оо хөрвүүлэх, хоорондоо шилжүүлэх, стэйк хийж өгөөж хүртэх боломжуудыг нээж өгжээ. DAO, DEX төслүүд нь дэлхийн блокчейн эдийн засгийг Монгол Улсын эдийн засагтай холбох гүүр болох ажлын суурь нь аж.
хамтрагч төслүүд
MONT-ын хамтарч буй төслүүд дундаас хамгийн сонирхол татахуйц төслийн нэг бол яах аргагүй "Ард Мааний" (Ard Money) төсөл. DeFi буюу төвлөрсөн бус санхүүгийн нэг чухал хэсэг бол DAO буюу төвлөрсөн бус биеэ даасан тогтолцоот байгууллага байдаг. DAO-г хэн нэгэн этгээд удирддаггүй, өөрсдийн governance токен ашиглаж, олон нийтийн дунд санал асуулга явуулан шийдвэрүүдийг гаргадаг бөгөөд Ард Мааний токен нь уг үүргийг энэхүү DAO-д гүйцэтгэх аж. Энэ нь уламжлалт санхүүгийн үйлчилгээг өөрчлөн, блокчейн технологийг ашиглан, хил хязгааргүй болгох боломжийг Монголчууддаа олгох зорилготой төсөл. Энэхүү төслийн эхний бүтээгдэхүүн DEX буюу төвлөрсөн бус биржийг удахгүй нээж MONT-оо ашиглан дотоодын койнуудтай арилжаа хийх, гадаад койнуудтай холбогдсон pool-рүү нэвтрэх, MONT-оо ашиглуулсныхаа төлөө өгөөж хүртэх зэрэг боломжуудыг хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

