Технологийн салбарын чухал сэдвүүдээс сорчилж, товч бөгөөд тодорхой ойлголтыг тус салбарт давшиж яваа залуу хөгжүүлэгчдийн зөвлөгөөний хамт хүргэдэг нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт блокчейн технологийг онцолж байна. Хүн бүрийн мэдэх болсон блокчейн технологи бидний амьдралд улам илүү нягт шингэсээр байгаа билээ. Тиймдээ ч асар өргөн хүрээнд яригдах энэхүү технологийн талаар таны заавал мэдэх ёстой бүхнийг бэлтгэн хүргэж байна.
Өмнөх нийтлэлүүдийг унших:
Front-end хөгжүүлэгч: UI, UX-г ойлгох нь
VR хөгжүүлэгч: VR, AR, MR-г ойлгох нь

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ
Үүсэл – Анх 1991 онд криптографын шифрлэлтээр хамгаалагдсан блокуудын сүлжээг Стюарт Хабер, Скотт Скорнетта нар танилцуулж байсан нь одоогийн блокчейн технологитой тун төстэй байв. Харин энэхүү технологийн талаар та бидний илүүтэй мэдэх болсон үе нь 2008 онд буюу “Биткойн”-ы үүсгэн байгуулагч Сатоши Накамото төстэй технологиудаас санаа авч өөрөө хэд хэдэн шинэ зүйлийг нэмснээр блокчейн технологийг үүсгэсэн явдал байлаа. Түүний эрдэм шинжилгээний өгүүлэлд блокуудын хэлхээний талаар дурдсан (block, chain) бөгөөд хожим бидний мэдэх блокчейн гэх нэршлийг бий болгосон аж. Үүний дараа Сатоши Накамото 2009 онд цахим гүйлгээний зориулалттай анхны блокчейнийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж дэлхий нийт блокчейн технологитой илүү ойртсон билээ.
Хэрхэн ажилладаг вэ? – Блокчэйн нь компьютерийн сүлжээний зангилаа хооронд буй мэдээллийн сан бөгөөд энгийн датабазаас бүтэц, зохион байгуулалтаараа ялгардаг. Товчхондоо мэдээллүүдийг блок болгож багцлан хооронд нь хэлхэж гинжин хэлхээг бүрдүүлдэг байна.
Яагаад хэрэгтэй вэ? – Өнөөдөр блокчейн технологийг компьютерийн шинжлэх ухаанд “Тав дахь хувьсал” хэмээн нэрлэж буй. Учир нь мэдээллийг дижитал орчинд блокчейн шиг найдвартай хадгалах технологи урьд өмнө үгүй байсан билээ. Илүү нарийвчлан тайлбарлавал, энэхүү асар том мэдээллийн сан нь хүчирхэг компьютерүүдээс бүрдсэн серверт өгөгдлүүдээ байршуулдаг. Харин эдгээр сервер нь олон хэрэглэгчийг мэдээллийн санд нэгэн зэрэг нэвтрэхэд шаардлагатай тооцоолох чадвар, хадгалах багтаамжийг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд үүний тулд хэдэн зуун мянган компьютер ашиглагдах ёстой болно. Дэлхий даяар тархсан энэхүү серверүүд нь тодорхой нэг субъектын мэдэлд байх боломжгүй учраас блокчейн нь хүн болгонд нээлттэй, мэдээлэл технологийн өндөр хамгаалалттай мэдээллийн сан болж чадаж байгаа юм.

БЛОКЧЕЙНИЙ ТӨРЛҮҮД
Үндсэн дөрвөн төрөл байдаг.
Public буюу нээлттэй: Дэлхийн хаанаас ч, хэн ч ашиглах боломжтой. Энэ төрлийн блокчейний хамгийн том жишээ бол Биткойн.
Private буюу хувийн: Зөвхөн нэг байгууллагын эзэмшиж буй блокчейн. Хэрэглэгчид нь нарийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Concertium: Хувийн блокчейнтэй төстэй боловч ганц бус олон субъект удирдаж оролцох боломжтойгоороо ялгарна.
Hybrid буюу хосолсон: Нээлттэй болон хувийн блокчейний шинж чанарыг хослуулсан ба оролцогч талуудын тодорхой мэдээллийг хүн бүрт нээлттэй эсвэл заримыг нь нууцлах боломжтой байдаг.
БЛОКЧЕЙНИЙ ДАВУУ ТАЛ
Блокчейнд байгаа мэдээлэл нь хамтын хэрэглээний, мөн байнгын зохицуулагдах өгөгдлийн сан хэлбэрээр хадгалагддаг учраас олон талын давуу байдлыг бий болгодог.
Төвлөрсөн бус бүтэц
Аливаа нэг удирдах байгууллагагүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой нь энэхүү технологийн хамгийн том давуу тал. Ихэвчлэн нээлттэй эх сурвалж болдог учраас хүн бүр хяналт тавьж, эд хөрөнгөө бүрэн эзэмших боломжтой.
Илүү аюулгүй ба хувийн нууцлал
Төвлөрсөн бус бүтэц, зохион байгуулалт нь аюулгүй байдлыг ямагт дагуулдаг. Өөрөөр хэлбэл, блокчейний өгөгдлийн сан нь тогтсон нэг газарт хадгалагддаггүй, мэдээ баримтууд нь олон нийтэд нээлттэй учраас амархан баталгаажуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр хакерууд тогтсон нэг мэдээллийн төвлөрсөн сан руу халдах нь бараг л боломжгүй зүйл.

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ
Өдгөө блокчейн технологийг олон төрлийн салбарт ашиглаж байгаагаас хамгийн их үр нөлөөгөө өгч буй нь крипто зах зээл. “Биткойн” үүссэн цагаас эхлээд л түүний суурь технологи болон гарч ирсэн блокчейнийг өдгөө санхүү бизнес, худалдаа арилжааны салбараас гадна ложистик тээвэрлэлт, эрүүл мэнд, боловсрол, засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй. Тэдгээрээс жишээгээр тайлбарлая.
Засгийн газар
Засгийн газрууд захиргааны үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авилгыг арилгахын тулд блокчейн технологийг ашиглах боломжтой. Түүнчлэн засгийн газрын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтын ил тод байдал, сонгуулийн үйл явц, үр дүнг олон нийтэд нээлттэй байлгах нөхцөлийг энэхүү технологи бий болгоно.
Ложистик, ачаа тээвэрлэлт
Блокчейн технологийг ашиглан ачаа тээвэрлэлтийн явцыг илүү боловсронгуй болгох боломжтой. Тодруулбал: Үйлдвэрлэгч, захиалагчийн аль ч талаас өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хаана, ямар горимын дагуу тээвэрлэгдэж хэдий хугацаанд хүрч очих талаарх мэдээлэл нь ил тод байх юм. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчдэд бүтээгдэхүүний гарал үүслийг олж авах боломжийг олгодог ба шударга зах зээлийг үүсгэхэд томоохон түлхэц болдог.
Банк, санхүүгийн үйлчилгээ
Өнөөдөр бид блокчейн технологид суурилан банк, санхүүгийн үйлчилгээг авч байна. Үүний нэг жишээ бол гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр хэн нэгэнтэй гэрээ хийх боломжийг олгож буй smart contract буюу ухаалаг гэрээ билээ. Ухаалаг гэрээ нь хувиршгүй бөгөөд блокчейн дээр бичигдсэн кодыг өөрчлөх, устгах боломжгүй учраас энгийн цаасан гэрээнээс хэд дахин аюулгүй, найдвартай.

SMART CONTRACT ХӨГЖҮҮЛЭГЧИЙН ЗӨВЛӨГӨӨ
Блокчейний судалгаа, хөгжүүлэлтийн тал дээр салбартаа тэргүүлэгч "Input Output Global" компанид ажиллаж буй цорын ганц монгол инженер Э.Түвшинцэнгүүнийг танилцуулж байна. Тус компани нь 50 орчим улсын 400 гаруй ажилтантай бөгөөд тэрээр Cardano блокчейний “Smart contract” дээр төвлөрөн ажилладаг. Ингээд түүний зөвлөгөөг хүргэе.
Ташрамд дурдахад, тэр бол “DevSummit 2022” арга хэмжээний илтгэгч билээ.
“DevSummit 2022” арга хэмжээний тухай ЭНД дарж үзнэ үү.

Бүх зүйлийн суурь хамгийн чухал
Блокчейн технологийн салбарт ажиллах хүсэлтэй, энэ чиглэлийг сонирхож байгаа бол юун түрүүнд компьютерийн шинжлэх ухааны үндсэн судлагдахууныг маш сайн судлах хэрэгтэй. Тэр дундаа өгөгдлийн бүтэц, тархсан тооцооллын тухай ойлгох нь хамгийн чухал. Хэдий энгийн мэт сонсогдож болох ч аливаа зүйлийн суурь ойлголт гэдэг юугаар ч орлуулшгүй.
Криптографийн талаар ойлголттой байх
Мэдээллийг нууцлах, хадгалах, хамгаалах талаар судалдаг шинжлэх ухааны бие даасан салбарыг криптограф гэдэг. Компьютерийн шинжлэх ухаан доторх нэг салбар болсон криптограф нь блокчейний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд блокчейнийг "блокчейн" болгож буй зүйл гэж ойлгож болно. Тиймээс энэ тухай тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй.
Консенсусыг ойлгох
Блокчейн доторх бүх зөвшилцлийн дүрмийг хэлж байгаа гэж ойлгож болно. Консенсус дотор блокыг хэн, хэрхэн үүсгэх, тэдгээрийн давхцалыг яаж шийдэх болон зоосны хэрэглээтэй блокчейний хувьд нийт хэдэн зоос байх уу, зоос яаж бий болж нэмэгдэж явсаар нийт зоосны тоонд хүрэх үү эсвэл анх гарахдаа бүх зоосоо гаргах уу гэх зэрэг дүрмийг хэлж байгаа гэсэн үг. Бугуйн цагаар зүйрлэвэл цаган доторх араанууд болон арааны механизм гэж ойлгож болно.
Блокчейний төрөл, онцлогуудыг судлах
Хандалтаар нь public/нийтийн, private/хувийн эсвэл хосолсон гэж гурван төрөлд блокчейнүүдийг хувааж болно. Ашиглаж байгаа данс тооцооллын загвараар нь UTXO загвар болон данс/account-ын загвар гэж хоёр төрөлд хуваадаг. Илүү тодруулбал, UTXO загвар нь бэлэн мөнгөтэй төстэй, дансны загвар нь банкуудын ашигладаг уламжлалт загвар гэж ойлгож болно. Хамгийн гол нь өөрийнхөө ажиллаж байгаа блокчейнийг аль төрлийн ямар онцлогтой вэ гэдгийг мэдэх нь чухал.
"Be right the first time"
Блокчейн дээр гарсан алдааг засах нь уламжлалт систем дээр гаргасан алдааг засахаас илүү төвөгтэй байдаг. Мөн уламжлалт систем дээр алдааг огт байгаагүй мэт засаж болдог ч блокчейний хувьд боломжгүй учраас илүү анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй. "Блокчейн дээр байгаа өгөгдлийг устгаж болдоггүй. Зөвхөн энэ өгөгдлийг устгасан шүү гэх өгөгдлийг нэмж хадгалдаг" гэсэн наргиа ч бий. Эхний удаа зөв хийнэ гэдэг нь амар биш учраас бүү шантраарай.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2022.03.17 192.82.82.20
Үнэхээр эрч хүчтэй дайчин чадварлаг эмэгтэй. Уулзаад суухад бүх асуудалд шийдэлтэй гарч ирнэ шүү дээ. Бас нийгмийн олон асуудалд анхаарал хандуулдаг санаа тавьдаг. Энгийн бүр үнэхээрийн энгийн даруу гайхалтай эмэгтэй. Үлгэр жишээ авдаг шүү. Амжилт хүсье танд