Манай улсын хүн амын талаас илүү хувь нь буюу 1.7 сая хүн амьдардаг нийслэл хотод маань шийдлээ хүлээсэн олон суурь асуудал тулгараад багагүй хугацаа өнгөрчээ. Нэгэн цагт “Азийн цагаан дагина” гэгддэг байсан Улаанбаатар хотын иргэд өдгөө жилд бүтэн нэг сартай дүйцэхүйц хугацааг түгжрэлд өнгөрүүлэхээс гадна усны хэрэглээнийхээ 90 хувийг газрын гүнээс авдаг боловч гэр хорооллын нүхэн жорлонгоос салж чадаагүй байсаар байгаа нь агаар, хөрс, усны бохирдлыг гамшгийн хэмжээнд хүргээд буй. Энэ мэт дэд бүтцийн алдаатай төлөвлөлтөөс үүдэж бага насны хүүхдүүд тогтоол усанд живэх, ил гарсан цахилгааны утсанд цохиулан нас барах гэх мэт золгүй явдал ар араасаа тохиож байгаа нь хотын асуудал ямар хэмжээнд хүрснийг илтгэнэ.
Хэдийгээр гэр хорооллыг дахин төлөвлөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажлууд тодорхой хэмжээнд урагшилж байгаа ч энэ нь хангалтгүй хэвээр байгаа юм.
Энэ удаагийн мэтгэлцээний дэвшүүлж буй асуудал: “Хэзээ иргэндээ ээлтэй хотыг цогцлоох вэ?”
1-р дугаарын тойм: “Боловсролыг дахин томьёолох нь”
2-р дугаарын тойм: “Хөдөлмөрийн зах зээл ба залуусын дайжилт”
3-р дугаарын тойм: “Эрчим хүчний бодлого”
4-р дугаарын тойм: “Гамшгийн бэлэн байдал ба Хотын стандарт”
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
5-Р ДУГААР "ХОТЫН АСУУДАЛ"
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
Эх орон намаас 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшигч Б.Эрдэнэбат
Новосибирск хотын Геодези, зураг зүйн дээд сургуулийг геодезийн инженер, МУИС-ийн эдийн засгийн удирдлагын менежер, эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй тус тус төгссөн. “Эрэл” компанийн Гүйцэтгэх захирал.
ИЗНН-аас жагсаалтын 5-д нэр дэвшигч Т.Бат-Эрдэнэ
Отгонтэнгэр Их сургуулийг хууль зүйн ухааны магистр, Монгол улсын эрдмийн Их сургуулийг олон улс судлалын доктор зэрэгтэй тус тус төгссөн. Улаанбаатар хотын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан ногоон хөгжлийн бодлого судлаач.
ХҮН намаас жагсаалтын 47-д нэр дэвшигч Э.Золзаяа
МУИС, Тайванийн Үндэсний Дун Хуа Их сургууль, Шведийн Уппасалагийн Их сургууль, АНУ-ийн Виржиниагийн их сургууль, Сингапурын Ли Куан Ю-ийн нэрэмжит Төрийн бодлогын институтийг Хотын усны нөөцийн менежментээр төгссөн. ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга.
АН-аас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Баатархүү
МУИС-НШУС, Хан-Уул дээд сургуулийг төгссөн. Харвард ментор хөтөлбөрийн төгсөгч, улс төр судлаач, нийгэм судлалын багш, хэрэглээний математикч.
МАН-аас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч П.Сайнзориг
Австралийн Нью Сауд Уэльсийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Нийслэлийн ЗД-ын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч
Иргэдийн оролцооны нэгдэл намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч З.Туяа
Архитектурын чиглэлээр магистр, АНУ-ын Айовагийн Их сургуулийг хот, бүс нутгийн төлөвлөлтийн магистр, Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг төрийн удирдлагын докторын зэрэгтэй төгссөн. “Нью Урбанизм” компанийн Үүсгэн байгуулагч, Захирал.
ЮУ ЯРИВ?
1-р үе: Нээлттэй индэр
Манай намын энэ удаагийн сонгуулиар дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн агуулгыг “Монгол улсыг монгол хүн хөгжүүлнэ” гэх үгээр илэрхийлж болох юм.
Эх орон намын хувьд 2000-2008 онд УИХ-д суудалтай нам байсан. Тэдгээр жилүүдэд миний бие Батлан хамгаалахын сайд, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан ба энэ хугацаанд Монгол Улсын бүх сумдыг төвийн эрчим хүчний системд холбож, “Сэргээгдэх эрчим хүчний хууль”-ийг 2007 онд батлуулан хууль эрх зүйн орчинг шинэчлэн ажиллаж байв. Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний бүх эх үүсвэрүүдийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашлаад Монгол улс эрчим хүчний импортлогч бус экспорлогч улс байх үндэс суурийг тавьж байлаа.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын асуудал дээр танай намын байр суурь юу вэ?
Мэтгэлцэгч тал: ХҮН намаас нэр дэвшигч Э.Золзаяа
Хотын хувьд алдаатай бодлогууд гаргаж ирснийг агаар, хөрс, орчны бохирдлоос хялбар дүгнэж болохоор. Хууль эрх зүйн орчин, стандартын хувьд бидэнд хотыг хөгжүүлэх боломж байсан. Гагцхүү түүнийг хангалттай дагаж чадаагүйд л байгаа юм. Энэ нь мэдээж авилга, хээл хахуультай холбоотой.
Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг шийдэх төгс шийдэл бол орон сууцжуулалт. Хэрэв төвлөрсөн системд холбож чадвал энэ маш боломжийн өртөгтэй шийдэл болж чадна. "Эрэл" компани Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт стандартын дагуу 60 хувийн барилгатай, 40 хувьд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, бүрэн шийдэл бүхий 3-5 орон сууцны хотхонг нийлүүлэн ажиллаж байв. Гэтэл сүүлийн жилүүдэд стандартаа бариагүйгээс болж 20 гаруй давхар, зогсоолгүй, хүүхдийн талбайгүй бүтээн байгуулалтууд ар араасаа хийгдэж, хотын төлөвлөлтийг эвдэж байгаа нь харамсалтай.
Энэ үеийн баримтыг шалгаж үзэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын утаа, 10 гаруй хувийг дулааны цахилгааны станц болон уурын зуухны яндан үлдсэн хувь нь барилгын материалын тоосжилт байдаг гэсэн нь худал байсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 44.2 хувийг ДЦС, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлж байна.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Нэгэнт газрыг нь олгоод, барилга байгууламж баригдсан тохиолдолд тэдгээр зөвшөөрлүүдийг өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Харин газар олголт хийгдсэн ч түүн дээр ямар нэг бүтээн байгуулалт хийгдээгүй бол газрын зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу цуцалж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлтийг нь шинэчлэн хийх ёстой гэж үзэж байна.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Агаар, хөрсний бохирдлын талаар хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу вэ?
Мэтгэлцэгч тал: ИЗНН-аас дэвшигч Т.Бат-Эрдэнэ
Жилд 500-аад хүн угаараас болж нас барж байна. Гэр хорооллын дулааныг шийдээгүйн улмаас энэ тоо энгийн зүйл мэт болж байна шүү дээ. Тэгэхээр утааны эх үүсвэрийг шийдэх ёстой байгаа юм.
Нөгөө талаас гэр хорооллыг бууруулахад залуу гэр бүлийн орон сууцжуулалт чухал. Тэгэхээр бид мөрийн хөтөлбөртөө тусгасан орон сууцжуулалтын төлөвлөгөөгөө бодит болгоход бэлэн байгаагаа илэрхийлмээр байна. Гол нь 20 гаруй давхар бүхий бетон шугуйг байгуулахаас татгалзах, үүний ард нуугдсан ашиг сонирхлоос зайлсхийх хэрэгтэй.
5-р үе: Хаалтын илтгэл
Өнөөдрийн хэлэлцэж байгаа бүх л хүндрэлтэй асуудлууд болон түүнийг шийдэх шийдэлтэй нь бид мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Түгжрэл дээр бид BRT-г хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бас нэг асуудал нь эрчим хүч. Аль ч улс эрчим хүчиндээ 20 хувийн нөөцтэй байхыг баримталж явдаг бол бид эсрэгээрээ 30 хувийн алдагдалтай явж байгааг санах хэрэгтэй. Хэрвээ бид УИХ-д суудалтай болбол Эгийн голын усан цахилгаан станцын төслийг дахин эрчимжүүлэх болно гэдгээ хэлмээр байна.
1-р үе: Нээлттэй индэр
Хот суурин газрын хөгжлөөс дэлхийн хөгжил хамаарч буй энэ цаг үед ИЗНН-ын зүгээс “Улаанбаатар хот ба суурин газрын хөгжил” гэх бүлгийг мөрийн хөтөлбөртөө оруулсан юм. 24 жилийн түүхтэй манай нам ардчилал хүний эрх, шударга ёсны төлөө тууштай зогсдог ба намын цөм үзэлдээ байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодлогыг байнга баримталж ирсэн.
Бидний хувьд сонгуулиар олонх болох, засгийн эрхийг барихад биш зөвхөн ногоон хөгжлийн бодлогыг баримтлах, ард түмний гүүр болох зорилгоор энэ сонгуульд оролцож байгаа билээ.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бидэнд ногоон нийслэлтэй болох хувь бий юу?
Мэтгэлцэгч тал: Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшигч З.Туяа
Монгол улсын хувьд бусад Азийн хотуудтай харьцуулахад нэг хүнд ногдох ногоон байгууламжаараа харьцангуй багадаа ордог. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэх, ногоон хот бий болгох боломж бидэнд байгаа. Жишээ нь, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань 900 орчим га талбай буюу Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэн болон дэлхийн бусад томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй харьцуулагдахуйц том хэмжээтэй. Үүнийг төлөвлөх, тохижуулахад анхаарахаас гадна гэр хороолол, бусад орон сууцны төслүүдийг дагасан ногоон байгууламжийн бодлогыг хэрэгжүүлэх учиртай.
Ингэхдээ, нэгт, төрийн бодлого, хоёрт, хотын захиргааны менежмент, гуравт, ТББ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна.
Энэ үеийн баримтыг шалгаж үзэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнтэй дүйх хэмжээтэй гэсэн нь худал байсан ба Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 930 га талбайг эзэлдэг бол Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэн 340 га талбайг эзэлдэг байна.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Нэгдүгээрт, энд газар авсан иргэн хүний буруу байхгүй. Иргэн төрийн хуулийг давж өөрөө газар авах боломжгүй учраас тэр газрыг олгосон хэн нэг төрийн албан хаагчийн л алдаа болж хувирч байгаа юм. Тэгэхээр хууль бус шийдвэрээр, хууль эрх зүйн алдаанаас болж газар олгогдсон бол эхлээд төр өөртөө хариуцлага тооцож, иргэний хохирлыг барагдуулж, үүргээ гүйцэтгэх ёстой.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Агаар, хөрсний бохирдлын талаар хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу вэ?
Мэтгэлцэгч тал: Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат
Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хороолол, цахилгаан станц болон автомашины утааг нэрлэх хэрэгтэй.
Ер нь богино, дунд, урт хугацааны төлөвлөлтөө гаргаж түүнийхээ дагуу тууштай ажиллах хэрэгтэй. Бид богино хугацааны төлөвлөлтдөө анхаараад урт хугацаагаа харж чадахгүй байна. Үүний нэг жишээ нь, сайжруулсан түлш. Угтаа юм түлж л байгаа бол утаа гарах нь ойлгомжтой шүү дээ.
5-р үе: Хаалтын илтгэл
Бид маш ойлгомжтой, тодорхой мөрийн хөтөлбөрийг санал болгож байгаа. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ, хүртээмжтэйгээр хотыг төлөвлөнө, тогтвортой ногоон бүтцийг хэрэгжүүлнэ.
Хотын асуудлыг шийдэхийн тулд орлогын холимог тогтолцоонд суурилсан, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн технологийн хэрэглээг нэмэгдүүлж, хотын асуудалд иргэд, нийтийн оролцоог бэхжүүлж, Улаанбаатар хотын бизнес голлох салбарыг тодотройлон, ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлэх, ил тод засаглалыг нэмэгдүүлэх зэрэг зорилгыг тавьж байна.
1-р үе: Нээлттэй индэр
Миний бие өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын хөгжил, дэд бүтцийг судлах ажлын хэсгийг ахлан, ач холбогдол өгч ажилласан. Тиймдээ ч энэ удаагийн мэтгэлцээнийг хот төлөвлөлтийн урт хугацааны алсын хараа, нэгдсэн бодлогын хүрээнд явагдаасай хэмээн хүсэж байна.
ХҮН намын хувьд энэ сэдвээр МАН, АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхийг өөрсдийнхтэйгөө харьцуулж үзсэн. Үүний дүнд, манай мөрийн хөтөлбөр хотын бүх насны иргэдэд тааламжтай, эерэг, идэвхтэй амьдралын хэв маягийг шинээр танилцуулах заалтуудыг идэвхтэй оруулж өгснөөс гадна тэдгээр бүх арга хэмжээнүүдийн дийлэнх нь инновацын шинж чанартай, реформ хийх, нүсэр биш төсөр буюу илүү ухаалаг байдалд чиглэснээрээ ялгарч байлаа. Мөн өндөр настнуудын нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх гэх мэт олон ялгарал бүхий онцлог заалтууд орсон.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын асуудал дээр танай намын байр суурь юу вэ?
Мэтгэлцэгч тал: Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат
Бид эхлээд гэр хорооллын газар, түүнийг эргэлтэд оруулна, дахин төлөвлөхийг зах зээлийн зарчмаар харах хэрэгтэй байгаа юм. ХҮН намын хувьд үүнийг хотыг цоо шинээр төлөвлөх боломж гэж харж байгаа. Олон хүмүүс хотыг тэлж хөгжье гэх бодлогыг ярьдаг бол бид үүн дээр өөр байр суурьтай. ХҮН нам мөрийн хөтөлбөртөө нягтаршлыг аль болох дундаж хэмжээнд төлөвлөж, судалгаатай конпакт хотыг байгуулахаар оруулсан. Ингэхдээ холимог хэрэглээтэй, суперблок бүхий төлөвлөлтийг хотын 10 байршилд эхний ээлжинд хийх юм.
Энэ нь 5-6 давхар орон сууц, түүнийг дагасан бүх төрлийн үйлчилгээтэй, богино зайн төлөвлөлт. Том зургаар нь аваад үзвэл суперблок төлөвлөлт нь орон сууц, барилгын тухай асуудал биш харин тухайн оройн зайг хамгийн бүтээмжтэй байдлаар төлөвлөдөг аргачлал юм. Бид ч үүндээ маш итгэлтэй байгаа. Гэр хорооллыг дахин төлөвлөлөө гэхэд түүнийг худалдаж авах, хөрөнгө оруулах худалдан авагчид байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ мэт эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулахгүй бол гэр хороолол нэг бүрийг төвийн системд холбоно, бүгдийг нь нэг зэрэг шийднэ гэдэг маш хэцүү зүйл.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Энэ асуудал сүүлийн жилүүдэд улс төрийн зорилгоор онилох байдлаар сөхөгдөж байна. Угтаа хамгийн чухал нь 2040 он хүртэл хөгжих ерөнхий төлөвлөгөө хаана байна вэ? гэдэг асуудал яригдах учиртай. Одоог хүртэл Улаанбаатар хотын хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөөгүй явж байна шүү дээ. Дараа нь, өнгөрсөн хугацаанд олгосон газар олголтын мэдээллийг нээлттэй болгож, мэдээлэлжүүлэх хэрэгтэй. Ингээд ирэхээр аль хэсгийн газрууд хувьчлагдсан, аль хэсгийн газар ямар зориулалтаар, дуудлага худалдаанд орохыг нийтээр хардаг болно. Үүнийг хийхгүй байгаагийн улмаас хот нь газар чөлөөлөөд байдаг, улс түүн дээр нь төлөвлөлт хийдэг, нөгөө талаас зарим хүмүүс өөрийн юмаа барьчихдаг олон замбараагүй тохиолдол гарч байгаа.
Манай намын хувьд нэгэнтээ аваад, хувьчилсан хүний өмчрүү онилж, нэрлэн халдана гэдэг маш аюултай гэж үзэж байгаа. ХҮН намын энэ дээр шийдэх асуудлаа шийднэ, цаашлаад ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах болно.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хотын даргыг хэн сонгох вэ?
Мэтгэлцэгч тал: МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг
Хаврын чуулганаар 100 гаруй хуулийг хоморголон баталсны дотор хотын асуудалтай холбоотой энэ хууль батлагдсан байгаа нь ХҮН намын харж байгаагаар маш зохимжгүй, уялдаа холбоо багатай хууль байсныг энд хэлмээр байна. Мэргэжлийн хүмүүс, хуульчдын баг ч энэ хуулийг аль болох хурдан хүчингүй болгох дээр ч санал нэгдэж байгаа.
Нийслэлийн дүүрэг бүрийг хот болгож, хотын даргад нь сургууль цэцэрлэгийн захирлыг солих гэх мэт хэмжээлшгүй эрх өгөх нь тун буруу. Манайх шиг хөгжиж буй эдийн засагтай хотод ийм хатуу байдлаарр бүтэцчилэх нь аюултай гэдгийг хэлмээр байна. Наанадаж 14 хоттой болж байгаа Нийслэлийн Засаг даргыг хэн, яаж сонгох юм бэ?
Энэ үеийн баримтыг шалгаж үзэхэд “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлахдаа хэлэлцүүлэг өрнүүлээгүй, гэрлийн хурдаар баталсан гэсэн нь худал байсан бөгөөд тус хуулийн төслийг хаврын чуулган эхлэхэд өргөн барьж, гурван сарын дараа баталсан байна.
5-р үе: Хаалтын илтгэл
Юун түрүүнд залуусыг хууль эрх зүй, засаглалын тогтолцоог анхаарал хандуулж, цаг гаргаж судлаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал энэ оны хаврын чуулганаар ямар хортой хуулиуд батлагдсаныг олж харж чадах болов уу? ХҮН намын хувьд энэ тал дээр зогсолтгүй дуу хоолойгоо оруулж ирсэн ч бид цөөндсөөр бөгөөд энэ үйл хэрэгт олон залуус нэмэгдэж ирэхийг хүсэж, уриалсаар ирсэн.
Ингэж чадвал бид бусдын гял цал үг, амлалтуудад хэрсүүжиж, асуудлыг бодитоор харах боломж бүрдэнэ. Аливаа хотын удирдлага хот маань цаашид тэлэх, хумих, конпакт байх сонголтуудаас алийг нь хэрэгжүүлж, яаж явахаа иргэддээ нээлттэй илэрхийлж, тэдэнд төлөвлөх, түүний нэг хэсэг байх боломжийг олгодог. Гэтэл одоогоор бид өдөр тутмын амьдралаа хамгийн бүтээмжгүй байдлаар үрж байгаад харамсалтай байна. Иймд залуусыгаа илүү их судлахыг, хэрсүү байхыг харин холбогдох хүмүүсээс мэргэжлийн хүмүүсийнхээ үг, зөвлөгөөг авахыг хүсэж байна.
1-р үе: Нээлттэй индэр
Миний хувьд найман жил НИТХ-ын төлөөлөгчийн албыг хашиж байсан. 2012-2016 оны НИТХ дахь АН-ын шинэчлэлийн багийнхан хот бол иргэд түүний дундаа хүүхдүүддээ ээлтэй хот байх ёстой гэж үзэн хүүхдүүдэд хүүхдийн ордонг, залуустаа старт-ап төвүүдийг, ахмадууддаа амрах талбайг нь ойртуулж өгөхөөр ажиллаж байв.
Мөн нийслэл хотын түгжрэлийг бууруулах үүднээс “Гудамж” төслийг эхлүүлсэн ба энэ ажлын хүрээнд хотын 33 уулзварыг цэгцэлж, түгжрэлгүй зорчих боломжийг олгож байв. Бидний үзэж буйгаар хотын иргэд хотын эзэд байх ёстой. Тиймд, Улаанбаатар хотын хөрөнгийн менежментэд шинэчлэл хийж, “Улаанбаатар бизнес хөгжлийн корпорац” байгуулсан байдаг. Ингэснээр иргэд энэ корпорацаас хувь эзэмшиж, бүрэн утгаараа хотын эзэд болж, нэмэлт орлоготой болох боломжийг олгосон.
Мөн бид газрын харилцаанд аудит хийж, газар өмчлөх үйл явцыг цахимаар явуулах боломжийг нээлттэй болгосноор 2012-2016 оны хооронд 100 мянган айл газраа өмчилсөн. Үүнээс хойш энэ ажил зонсонги болсон байна. Бидний хувьд иргэнд ээлтэй, ухаалаг, олон төвт буюу найман төвт хот байгуулъя гэх санаачилга дор мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн.
Энэ үеийн баримтыг шалгаж үзэхэд 2016 оноос хойш иргэдэд газар өмчлүүлэх ажил үндсэндээ зогссон гэсэн мэдээлэл худал байсан бөгөөд НЗДТГ-ын зүгээс иргэн бүрд газар өмчлүүлэх ажлыг 2028 он хүртэл сунгаж, 2023 онд л гэхэд 255.2 га газрыг 4386 иргэнд өмчлүүлэхээр хуваарилсан байна.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Түгжрэлийг бууруулах танай намын шийдэл юу вэ?
Мэтгэлцэгч тал: МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг
Сүүлийн найман жил төр барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92 хувь гэж дүгнэгдсэн байгаа ч 2020 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтийг УИХ-аас 29.6 хувь гэж үнэлсэн байгаа юм. Тэр дундаа ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх байгаль орчны хэсгийн биелэлт ердөө 18 хувь. Нөгөө талаас тэдний өгсөн утаа түгжрэлийг 70-80 хувиар бууруулах амлалт нь биелсэн үү гэдгийг иргэд дүн тавих болов уу. Түгжрэлийн тал дээр гэхэд олон улсын судалгааны байгууллагаас гаргасан тооцоонд Улаанбаатар хотод 10 км замыг туулахад 81 минут орж байна гэсэн тооцоо бий.
Энэ дээр сүүлийн найман жил хотыг удирдсан үе үеийн удирдлагуудын нөлөө их. Жишээ нь, дүүжин тээвэр. Шадар сайд С.Амарсайхан хотын удирдлага байхдаа уг төслийг санаачилж, Франц улсын хөнгөлөлттэй зээлээр 60 сая евро, нийслэлийн төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн энэ ажил 2021 онд дуусах ёстой байсан ч ажил нь эхлээгүй зогссон. Дараа нь, өөр нэг удирдлага “Тэнгэрийн тойрог” хөтөлбөр санаачлаад мөн л няцаагдсан. Энэ бүр дээр зөрчил явж байгаа. Дүгнээд хэлэхэд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх дорвитой шийдэл өмнөх хотын удирдлагуудад байсангүй. Дарга, хариуцах хүн хангалтгүй байсан уу, гэвэл үгүй. Улаанбаатар хот, түгжрэлийг хариуцсан сайд хүртэл гарсан шүү дээ.
Асуудал нь түгжрэлийг үүсгээд байгаа шалтгаанаа зөв харахад байгаа юм. Хотын иргэдэд алхаад очих зайд ажил, сургууль, цэцэрлэг алга. Өөрөөр хэлбэл, бид нэн түрүүнд нийгмийн дэд бүтцээ шийдэх хэрэгтэй байна. Үүнийг яагаад хийж чадахгүй байна вэ гэвэл хотын газрыг замбараагүй зарсантай холбоотой. Дараагийнх нь гэвэл нийтийн тээвэр. Өвлийн хүйтэнд хотын иргэд дээр туршилт хийж, маршрут төлөвлөлтийг судалгаагүйгээр гэнэт хийсэн ч иргэд эсэргүүцээд больсон туршлага бий. Тэгэхээр бидэнд ирээдүйд мэргэжлийн баг, судалгаатай шийдвэрүүд хэрэгтэй.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Үүн дээр би Улаанбаатар хотыг тойрсон дархан цаазат газруудад олгосон газрын зөвшөөрлийг ярьмаар байна. Аялал жуулчлалын нэрээр газар олгож, түүн дээр нь орон сууцны хорооллууд ар араасаа босож байгаа нь хотын газрын асуудлууд дотроос хамгийн харамсалтай нь. Дархан цаазтай газар байхад нийслэлийн удирдлагуудаас гадна Байгаль орчны яам зөвшөөрөл өгөөд дэд бүтцийг нь татдаг. Үүнийг УИХ дээр шийдэх шаардлагатай.
Хоёрдугаарт 10 иргэн тутмын найм нь газраа өмчилж аваагүй байна. Гэтэл байгууллагууд га, га-гаар нь худалдан авч, зориулалтын бусаар ашиглаад байгаа. Хотоос өмчлөх газар дууссан гэж байгаа. Энэ бол газар олголт, түгжрэлийн бууруулах нэртэйгээр иргэдийн газрыг дээрэмдэх шийдвэр байсан. Ийм хууль баталсанд харамсаж байгаа. Үүн дээр бид үнэндээ сонсгол хийх ёстой байсан. Мөн нэг чухал асуудал нь хотын төвийн газруудыг дуудлага худалдаагаар биш бэлэглэлийн байдлаар хуваасан байдгийг дурдах ёстой.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Нүүх үү? Үлдэх үү? Хотын дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?
Мэтгэлцэгч тал: Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэр дэвшигч З.Туяа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аас баталж, түүний хэрэгжилтийг НИТХ хангаж явдаг. Бид олон төвт хот байгуулах гэдэг шийдлийг танилцуулж байгаа. Түүнээс ажлын байраа дагаж хөгждөг хотыг хүчээр нүүлгэнэ, үлдээнэ гэж ярих утгагүй. АН-ын хувьд хотын дэд төвийг хөгжүүлэх бодлогыг баримтална. Ингэхдээ дэд төв бүрд тухайн бүсийн онцлогийг зайлшгүй тусгах юм. Үүн дээр дэлхийн томоохон хотууд хотын өмчөө хотын иргэддээ хувьцаагаар дамжуулан хамтран эзэмшиж, төр иргэний хамтын ажиллагааг дэмжиж, ямарваа бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд хийж, асуудлыг хурдтай шийдэж байгаа юм. Энэ бол ажилладаг систем. Үүнийг бид дэвшүүлж байгаа. Манай хотод Хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон тэргүүтэй 1.2 их наяд төгрөгийн өмч байна. Үүнийг хотын иргэд өөрсдөө эзэмших ёстой.
5-р үе: Хаалтын илтгэл
Бид худалдааны хуулийг шинээр батлахаа мөрийн хөтөлбөртөө оруулж ирсэн байгаа. Бидэнд тийм боломж байна. Харин дараа нь бид хууль бус үйлдлүүдийг тууштай мөшгөн, хуулийн хариуцлага хүлээлгэхээ илэрхийлж байна.
Мөн АН хотын анхаарлын төв иргэнээ тавьж, тэдний өмчийг хамгаалах болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын түүхэнд аймшигтай хар өдөр байсныг дурдах нь зүйтэй. Тодруулбал, өмчилж авсан газрыг нь хоёр талын айл нь зөвшөөрвөл булаан авах хууль бол хүний эрхийг зөрчсөн хар хууль байсан. Үүнийг бид нэн тэргүүнд засна гэж үзэж байна.
Мэдээж өмнө хэлсэнчлэн хотын иргэн хотын эзэн байх тогтолцоог хэрэгжүүлэх болно. АН-ын хувьд МАН-ын өнгөрсөн найман жилд түгжрэлийн эсрэг хийж хэрэгжүүлсэн ажилд маш хангалтгүй дүн өгч, хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа.
1-р үе: Нээлттэй индэр
МАН-ын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийн наймдугаар бүлэг дээр хотын асуудлыг тодорхой тусгаж, шийдлээ танилцуулсан. Бид “20 минутын хот” гэдэг үзэл баримтлалтай ажиллах болно. Ингэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж, уг үйл ажиллагаанд хувийн хэвшлүүдээ татан оролцуулах бодлогыг баримтлах юм. Үндсэндээ нийслэл хотыг хүүхдэд ээлтэй байдлаар буюу төлөвлөлт хийхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл үйлчилгээний газруудтай цогцоор нь төлөвлөнө гэсэн үг. Үүний тулд байх ёстой хууль эрх зүйн орчноо ч бас бүрдүүлсэн. Тодруулбал, хаврын чуулганы төгсгөлд 32 жилийн дараа “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлуулснаар ирээдүйд бид хотын иргэд хотын даргаа өөрсдөө сонгох боломжтой болж байна.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Түгжрэлийг бууруулах танай намын шийдэл юу вэ?
Мэтгэлцэгч тал: АН-аас нэр дэвшигч Ц.Баатархүү
Бид энэ бүхний суурийг хэн тавив? гэдгээс бодох хэрэгтэй болов уу? Учир нь нэг буруу шийдвэрийг засахын тулд 10 жил ордгийг бид туршлагаараа ойлгож явна. Дугаарын хязгаарлалтыг санаачилж, өрх бүрийг хоёр машинтай болох шийдвэрт хөтөлж, импортын машинд оруулах зардлыг хоёр нугалах үр дүнд хүргэсэн хүн бол хотын дарга асан Э.Бат-Үүл.
Ер нь аль ч талдаа нэг хоёр хүний алдаатай шийдвэрээр нийт багийн ажлыг харлуулж болохгүй. Бидний хувьд өнгөрсөн жилүүдэд замбараагүй газар олголтын алдааг засахаар олон газруудыг чөлөөлж ажиллаж байхад энэ асуудалд Э.Бат-Үүл даргын нөлөө их байсныг харж байсан. Гэсэн ч бид цаашид үргэлжлүүлэн өмнөх алдаа дутагдлуудыг засаж залруулахын төлөө ажиллах болно. Түгжрэл бол эрх мэдлийн өрсөлдөөн, авилгын асуудал. Хууль бус газар олголт, барилга байгууламжийн улмаас л залуу гэр бүлүүд хоёр автомашинтай болох сонголт хийж, амьдарч буй орчиндоо ногоон байгууламжгүйн улмаас хотоос гарахаар тэмүүлдэг нь замын ачааллыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа. Энэ мэтээр бид энэ асуудлыг үндсээр нь харж, шийдэл боловсруулж ажиллаж байна.
Энэ үеийг баримтыг шалгаж үзэхэд Э.Бат-Үүл хотын дарга байх үед хүн бүрийг хоёр автомашинтай болгох асуудлын үүдийг нээсэн. Өрх бүр өнөөдөр хоёр автомашинтай байна гэсэн нь худлаа байсан бөгөөд 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 465 мянган өрх, 690 мянган автомашин бүртгэлтэй байна. Өрх бүрд 1.5 машин ногдож байна.
Мөн нүүрсний хулгайн тэмцлийг өрнүүлэхэд улсын төсөв давж биелэн, энэ мөнгөөр метроны төслийг эхлүүлж байна гэсэн нь ташаа байсан ба метро барих ТЭЗҮ боловсруулах болон зөвлөх үйлчилгээ авах мөнгийг нийслэлийн төсөвт суулгасан. Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн 2024 оны төсвийг метроны төслийг санхүүжүүлэхээр тодотгосон.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Хууль бусаар олгосон болон дэд бүтэц татаагүй төлөвлөөгүй газар олгосон гэдгийг бүхлээр нь ойлгож байна. Нэгдүгээрт, эрх зүйн хүрээнд зохицуулахаас аргагүй. 2002 онд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах “Газрын багц хууль”-ийг баталсан байдаг. Гэвч үүнд нэг алдаа гарсан нь дэд бүтэц татаагүй газарт газар олгохыг зөвшөөрсөн явдал. Тэгэхээр хуулийн дагуу зэлүүд газар авсан иргэд өөрсдөө тэр бүтцийг татахаас өөр аргагүй болж байгаа юм, маш их зардалтай. Мэдээж өрхүүд өөрсдөө бие даан шийдэх боломжтой ч ингэснээс болж өнөөгийн газрын суурь асуудлыг үүсгэсэн гэж боддог. Энэ өөрөө гэрээний эрх үү, хууль зүйн эрх үү гэдгийг хууль зүйн талаас ч зөв тайлбарлаж чадахгүй, иргэд ч өөрсдөө сайн ойлгохгүй байгаа нь одоо том асуудал болж байна.
Энэ тодорхойгүй байдлаас үүдэн газар чөлөөлөлтөөс үүсэх нөхөн олговрын асуудал хурцаар тавигдаад явж байгаа юм. Хоёрдугаарт бид хариуцлагаа тооцох болно. Гол нь Монголд газар олголтын 4-5 байгууллага хариуцаж байгаа нь өөрөө нэг менежментэд зангидагдах боломжийг олгохгүй байгаа гэж болно.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Хотын даргыг хэн сонгох вэ? Ард иргэдэд хотын даргаа сонгох эрх хэзээ үүсэх вэ?
Мэтгэлцэгч тал: ХҮН намаас нэр дэвшигч Э.Золзаяа
32 жилийн дараа “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батлуулснаар ирээдүйд бид хотын иргэд хотын даргаа өөрсдөө сонгох боломжтой болсон. Төрийн анхан шат буюу хороо, хорооллуудад эрх мэдэл, эдийн засгийн чадамжгүй байгаа нь хот дээр олон асуудал тулгарч байгаа. Улс төр, засаглалын эрхийг иргэдэд өгч байгаагаараа онцлог.
Хот бүрийн татварын орлого, зарцуулалтыг бид цаашдаа “Хот байгуулалтын хууль”-иар илүү сайжруулж явах болно.
5-р үе: Хаалтын илтгэл
Улаанбаатар хотын асуудлыг шийдэхдээ засаглалын реформыг хийж байна. “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”, “Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлуулсан. Үүнийхээ хүрээнд шинээр 80 мянга орчим ажлын байрыг шинээр үүсгэнэ гэсэн тооцоотой байгаа. Мөн 21 аймгийн төв дээр хот бий болж, хотын төлөвлөлт хариуцсан архитектор ажиллаж хөгжүүлэх боломжтой болж эдгээр хуулиар бүрдэж байгаа юм. Ер нь бид Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд бизнесийн эрх чөлөөтэй болгохыг мөрийн хөтөлбөрөөрөө дэвшүүлж байгаа юм.
Цаашлаад бид энэ жилийн хувьд эрчим хүчний салбарт дутагдаад байгаа 200мвт-ыг, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг дэмжиж энэ аравдугаар сард эхний 150мвт-ыг, мөн наймдугаар сард 50 мвт-ын сэргээгдэх эрчим хүчийг оруулахаар ажиллаж байна.
Харин дэд төвүүдийг хөгжүүлэх бодлогоо цаашид иргэдийн оролцоотой хөгжүүлсээр байх болно.
1-р үе: Нээлттэй индэр
Би хот төлөвлөгч мэргэжилтэй. Сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон байгаа хууль эрх зүйн хүрээнд хүндээ ээлтэй хотын төлөвлөлтийг боловсруулж байсан боловч биелэгдээгүй өдийг хүрсэн. Манай намын хувьд шинэ нам бөгөөд гишүүдийнх нь 78 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөрөөр хэлбэл нийгэмд тулгамдаад буй асуудлын эсрэг эмэгтэйчүүд нэгдэн шийдэл санал болгохоор ажиллаж байгаа гэсэн үг. Цаашдаа бид салбар салбартаа 30 орчим жил ажилласан мэргэжлийн баг бүрэлдэхүүнийхээ хамтаар тодорхой шийдэл санал болгон ажиллах болно.
2-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бидэнд ногоон нийслэлтэй болох хувь бий юу?
Мэтгэлцэгч тал: ИЗНН-аас дэвшигч Т.Бат-Эрдэнэ
Манай хотын хувьд бид эхлээд хотын экосистемээ харах ёстой. Улаанбаатар хот бол дархан цаазат газар буюу Богд уулыг даган байрласан хот. Тэр ч утгаараа Богд уулын дархан цаазат байдал нийт хотын экосимтемд шууд нөлөөлж байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд дархан цаазат газрыг хамгаалах нь бүү хэл дайрч орон, орон сууц, байшин барилга барьж, ой мод, ан амьтдын оршихуйд нь халдаж, бүр тойруулаад төмөр зам тавихаар хүртэл төлөвлөж байгаад тун харамсалтай байдаг.
Тэгэхээр бид нэн түрүүнд хотын асуудал дээр дундын соёлыг бий болгох шаардлагатай байна. Бидний ажил үндсэндээ хадгалж үлдэх, шинээр байгуулах гэсэн хоёр чиглэлтэй байна шүү дээ. Гол нь үүнийг хотын асуудлыг мэддэг хүмүүс хийж, хотын соёлыг хэвшүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас бүх нийтийн боловсролыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулж иржээ.
3-р үе: Иргэдийн асуулт
Асуулт: Замбараагүй олгосон газар олголтыг яаж цэгцлэх вэ? Дур мэдэж газар олгосон үе үеийн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцох вэ?
Бид өмчтэй болоод 21 жил л болж байна. Мэдээж алдсан оносон зүйл олон байгаа ч гол нь олгох газар, олгохгүй газар гэж байгааг санах хэрэгтэй байсан. Харамсалтай нь, хуулийг зөрчөөд олгосон газар их байгаа.
Тэгэхээр бид нийтийн дундын газрыг хэрхэн ашиглах ёстой вэ? гэдэг зохицуулалтыг одоо хүртэл хийж чадаагүй байна. Энэ жишгээр л Яармагийн газрыг алдсан шүү дээ. Угтаа газрын харилцааг зохицуулах газрын хоёр том механизм байдаг. Нэгдүгээрт, газар ашиглалтыг зохион байгуулах үүргийн бүсийн дүрэм болон хоёрдугаарт, газрыг хэрхэн хуваан олгох вэ гэсэн дүрмүүд. Энэ хоёр дүрмийг хийлгүй хийсэн өдийг хүрсэн нь энэ асуудлыг томруулсан. Иймд энэ дүрмээ батлаасай гэж хүсэж байна.
4-р үе: Халз мэтгэлцээн
Асуулт: Нүүх үү? Үлдэх үү? Хотын дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?
Мэтгэлцэгч тал: АН-аас нэр дэвшигч Ц.Баатархүү
Улаанбаатар хотын татварын орлогын талаас илүүг ХХОАТ бүрдүүлдэг. 35,200 орчим га газарта нийслэлийн 10 мянга орчим га талбайг гэр хороолол эзэлж буй. Үүнийх нь 25-30 хувь автозамын сүлжээ. Тэгэхээр энэ хэмжээний хүмүүс, бүтцийг дахин суурьшуулахаас илүү дахин төлөвлөх нь илүү зөв. Үүнийг бид өмчийн эзэд буюу газрын эзэд болсон иргэдийн хүчээр шийдэх хэрэгтэй.
Тэднийг газраа эзэмшиж, зөв төлөвлөхөд дэмжээгүй байж шууд нүүхийг санал болговол буруу болно. Тэдний эрчим хүчний болон дулааны системийг шийдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг шийдээд өгвөл иргэд энэ төлөвлөлтийн нэг хэсэг байх бүрэн боломжтой.
5-р үе: Хаалтын илтгэл
Мөрийн хөтөлбөрийн маань гол зорилт нь хүүхдүүд. Хүүхдүүддээ ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхэд гэр ажил олголт, амьдрах орчны нөхцөл байдал сайжрах бүрэн боломжтой. Хүүхдүүд нэг янзын орчин, тэгш боловсрол хүртэх ёстой. Үүний тулд бид хүртээмжтэй төлөвлөлт, түүний эх үүсвэрийг маш сайн бүрдүүлэхэд анхаарч байна. Ил тод, хэн нэгэнд давуу эрх үүсдэггүй тийм л нийгмийн төлөө манай нам тэмцэх болно.
Энэ сонгууль бол бидний эргэлтийн цэг байх болно.
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих