"The Apprentice Mongolia" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын сүүлийн даалгавар финалд үлдсэн шилдэг хоёр өрсөлдөгчийн хамтаар ийнхүү эхлэв. Гурван сар шахмын хугацаанд үргэлжилсэн тус нэвтрүүлгийн сүүлийн даалгавар бол оролцогчид нийгэмд чиглэсэн бизнес төслийн санаа гарган боловсруулан хөгжүүлж, улмаар "Шарк Танк" нэвтрүүлгийн шаркуудад танилцуулах даалгавар байсан юм. 11 дүгээр дугаарт юу болов? Ялагч болоход хэн нэг алхам дөхөх вэ?

Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #10: Шилдэг таван оролцогчийн өрсөлдөөн

Unread

XI дугаарын даалгавар:

11 дүгээр дугаарт шилдэг хоёр оролцогч нийгэм болон хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх эерэг нөлөө үзүүлэх тогтвортой бизнес загвар бүхий сошиал энтерпрайз төсөл бичин боловсруулж, "Шарк Танк" нэвтрүүлгийн таван шарк болон тусгайлан зохион байгуулах арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын өмнө бизнес төслөө танилцуулна. Ингэхдээ шилдэг хоёр оролцогч дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Нийгэмд тулгамдаж буй асуудлыг багаараа ярилцаж, санаагаа тогтох
  • Бизнес санаандаа судалгаа хийх
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах
  • Бэлэн болсон бизнес төслийг Шарк Танк нэвтрүүлгийн таван шаркад танилцуулж, үнэлгээ дүгнэлт авах (Ингэхдээ таван шаркаас санхүүжилт авахгүй бөгөөд зөвхөн үнэлгээ авна)
  • Тусгайлан зохион байгуулах арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын өмнө бизнес төслөө танилцуулах
  • Тус арга хэмжээний үеэр боловсруулсан бизнес төсөлтэй холбогдуулан тайз засаж, танилцуулга хийх

Ялагчийг дараах үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:

  • 40%: Чэйрмэний үнэлгээ
  • 30%: Шаркуудын үнэлгээ
  • 15%: Төсөл боловсруулалт
  • 15%: Арга хэмжээнд ирсэн зочдын санал хураалтын дүн

Нийгмийн энтерпрайз нь хүрээлэн буй орчин, нийгмийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн алдагдалгүй /non-loss/ атлаа хувь нийлүүлэгчдэд ашиг тараадаггүй /non-dividend/ бүх нийтийн сайн сайхны төлөө аж ахуйн нэгж юм.

эргэн нэгдсэн нь

Нэвтрүүлгийн сүүлийн дугаарт тус улирлын оролцогчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, финалын шатны оролцогчдын багт тэнцүү тоотойгоор хуваагдан багаар ажиллахаар болсон нь дугаарын онцлох хэсэг байв. Ингэхдээ Г.Намхайдорж, Ж.Дашням нар нь зоос хаяж шодон багаа бүрдүүлэхээр болсон ба оролцогч Г.Намхайдорж эхлэн сонголт хийн, багаа бүрдүүлэв.

Г.Намхайдорж ахлагчтай "PENNY" багийн бүрэлдэхүүн: Х.Цагаанцэцэг, Б.Жамъянхорол, Т.Азжаргал, П.Даваажаргал, Т.Дөлгөөнтамир, Б.Баярцэнгэл

Ж.Дашням ахлагчтай "EVO" багийн бүрэлдэхүүн: Г.Содцэцэг, Б.Баттогтох, Б.Энхтуяа, Ч.Сэргэлэн, Т.Пүрэвбазар, Д.Отгонзаяа


PENNY БАГ


Оролцогч Г.Намхайдорж багийн гишүүдийн хамтаар 20 гаруй санаа гарган ярилцсаны үндсэн дээр Т.Дөлгөөнтамирын санал болгосон эм, эмийн бүтээгдэхүүний зөв хэрэглээг дэмжих зорилготой “Emuna” платформыг хөгжүүлэхээр санал нэгдсэн юм. Бизнес төслийнхөө хүрээнд тэд технологи хөгжүүлэгч "Procraft agency"-тай хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснээс гадна мэргэжлийн эм зүйчид хандан, аппын зөвлөхөөр ажиллуулахаар болов. Цаашид зөвхөн эмийн зөв хэрэглээнээс гадна эрүүл мэндийн салбарт өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө сэргийлэх тогтолцоог илүү ашигтай, хүртээмжтэй болгохоор зорьж буйгаараа онцлогтой.

Уг платформын бизнес орлого нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаа байх ба цаашдаа “Emuna Pro” хувилбар нэмэгдэж, тодорхой хэрэглэгчийн өгөгдөлд үндэслэн нэмэлт онцгой үйлчилгээ буюу асаргаа сувилгааны үйлчилгээг нэвтрүүлэх аж. Тэд Well Be тэргүүтэй салбарын төлөөлөгчидтэй бизнес уулзалт хийн амжилттай хэлэлцээр хийж чадсан юм.


EVO БАГ


Оролцогч Ж.Дашням багийн гишүүдийн хамтаар хэд хэдэн санаа гаргасны үндсэн дээр, багийн хамтаар өөрийнх нь гаргасан хот тохижилт ногоон байгууламжийн “Green spot” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 25м2 хүртэл нэмэгдүүлэх бөгөөд аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэд, төрийг хамруулсан үр ашигтай экосистемийг 15 жилийн хугацаанд бүрдүүлэх явдал.

Ингэхдээ Улаанбаатарт буй тохижилтгүй байршлууд дахь ногоон байгууламжаас бий болсон карбон кредитийг олон улсад арилжаалж, өгөөжийг аж ахуйн нэгж хувь хүмүүст өгөх загвартай. Тус бизнес төслийн хүрээнд хэд хэдэн хөрөнгө оруулагч, хамтрагч талуудтай бизнес уулзалт хийсэн нь “Бүтээлч 100” төсөл, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Бид” ББСБ, ОНДО брэнд, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Метафорс ХХК зэрэг байсан ба дээрх байгууллагууд бүгд уг төсөлд хамтрахаа илэрхийлсэн юм.

ҮР ДҮН

"PENNY" багийн ахлагч Г.Намхайдорж Б.Анар шаркаас олон төрлийн асуудал шийдэх гэхээс илүүтэй нэг асуудлыг барьж авах зөвлөгөөг авсан юм. Харин Ц.Батбаатар шарк нийгмийн хариуцлагын төлөө долоон залуу цалин авалгүй цаг хугацаа зарцуулан ажиллаж буй нь зогсох эрсдэлтэй хэмээгээд энэхүү төслийн бизнес загварыг дахин харах ёстойг санууллаа. Харин Г.Сэлэнгэ зөвлөх хоосон санааг зөв дадал хэвшилтэй эрүүл монгол хүнийг төлөвшүүлэх бий болгох зорилго бүхий апп бүтээж чадсаныг урамшуулсан юм. Таван шаркийн хувьд тус багийн барьж авсан санаа, зорилгыг сайшааж, нийгэмд хэрэгтэй, амжилттай нээлтээ хийсэн тохиолдолд ашиглахаа өөр хоорондоо ярилцсан билээ.

"EVO" багийн ахлагч Ж.Дашнямын хувьд таван шаркийн төсөлтэй холбоотой асуултад тухай бүрд тохирсон бэлтгэлтэй хариулж явсан нь хэр хэмжээний бэлтгэлтэй байсныг харуулж байв. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй системийг нэвтрүүлж буй учраас улс төр, нийгмийн олон сорилтууд тулгарахыг О.Тэнүүн болон бусад шаркууд анхаарууллаа. Харин оролцогч Ж.Дашням өөрийн амьдралаа энэ төслийн үйл ажиллагаанд зориулахад бэлэн гэдгээ илэрхийлж, шаркуудын дэмжлэгийг авахаар боллоо. Г.Тэлмэн зөвлөхийн ажигласнаар оролцогч Ж.Дашням төсөл амжилттай хэрэгжихэд туслалцаа үзүүлэх байгууллага болоод шаркуудыг татаж чадсан тул "онц дүн өгөхөөр байна" хэмээн сайшаасан юм.

Ийнхүү шилдэг хоёр оролцогч багийн гишүүдийн хамтаар гурван сарын хугацаанд боловсруулсан бизнес төслүүдээ Шарк Танк нэвтрүүлгийн шаркуудад танилцуулж дууслаа. Тэд нэг чухал даваагаа давсан ч дахин нэг том даваа хүлээж байна. Тэд дараагийн дугаарт тусгайлан зохион байгуулах арга хэмжээнд тус тусын бизнес төслүүдээ цугларсан зочдын өмнө дахин танилцуулах ёстой. Чэйрмэнтэй хамтран ажиллах гүйцэтгэх захирал тодрох мөч ойртсоор байна.

XI дугаарт Chairman-ий өгсөн зөвлөгөө