"Ток Ток"-оос хоол захиалахад тань хөөрхөн инээмсэглэсэн, халуун хоол барьсан нэгэн хаалга тогшино. Магадгүй тэр хэн нэгэн нь "анхны явган хүргэгч" Б.Хүслэн ч байж мэднэ.

Өнөөдрийн нийтлэлдээ "Оном" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хүслэнгийн анхны ажлын тухай өгүүлье. Хөдөлмөрч, дэврүүн зангаараа бусдаас ялгарч буй "цахим танил"-тайгаа анх уулзахад зөөлөн инээмсэглэн, эелдэг мэндчилгээ нь өөрийн эрхгүй нүдэнд тусаж байлаа. Түүнийг 17 настай гэдгийг сонсоод хэрхэн ярилцах хэрэгтэй вэ хэмээн цаг гарган бодож байсан ч түүний ухаалаг, дөлгөөн хоолойг сонссоны дараа "нас" амьдралын туршлагыг илтгэхгүй гэдгийг сая л нэг санах шиг болсон юм.

Ахлах ангийн сурагч өөрийн чөлөөт цагтаа тохируулан цагийн ажил хийдэг нь олон нийтийн сонирхлыг татаж буй. Харин тэрээр энэ сониучирхалд "миний үеийнхэн, манай найзуудад ажил хийх сонирхол өндөр байдаг." хэмээн хариулсан юм.

Нэр: Б.Хүслэн
Сургууль: "Оном" бүрэн дунд сургууль
Цагийн ажил: Тоk Tok-ийн явган хүргэгч
Ажилладаг цаг: 5 (өдөрт)
Мөрөөдөл: Олон улсын харилцаагаар суралцаж дипломат болох


- Яагаад ажилд орохоор шийдсэн бэ?

- Томрох тусам л өдөр бүр аав, ээжээсээ хэрэглээний мөнгө асуух хэцүү санагдаж эхэлсэн. Найзуудтайгаа гадуур явах, кино үзэх гэхээр л мөнгөний хэрэг гардаг учраас эцэст нь хэрэглээний мөнгөө өөрөө л ольё гэж бодсон юм л даа. Гэвч олон газраар ажил хайсан ч "арай л жоохон байна" гээд намайг тоогоогүй.

Б.Хүслэн

Б.Хүслэн ахлах ангийн сурагч болж, иргэний үнэмлэх авсны дараагаас буюу өөрийнхөө төлөө хариуцлага үүрэх эрхтэй Монгол Улсын иргэн болсныхоо хувьд өдөр тутмын хэрэглээний зардлаа хөдөлмөрөөрөө олох нь зүйтэй гэж үзжээ. Ингээд л өөрийнх нь цаг завд таарсан, уян хатан цагтай ажил хайж эхэлсэн нь энэ. Түүний сонголт "ТокТок" байлаа. Боломжтой үедээ ажлаа хийж болох нь таалагдсан ч харамсалтай нь түүнд машин, мопед, унадаг дугуйны аль нь ч байсангүй. Хийе гэсэн хүнд гарц үргэлж байдагчлан тэрээр анхны явган хүргэгч болохоор шийдсэн нь амжилт олжээ. Ийн тэрээр "ТокТок"-ын анхны явган хүргэгч болжээ.

"Оном" сургуульд сурдаг тэрээр ирээдүйд олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар төлөвлөсөн. Чин шударга хөдөлмөр, хичээл зүтгэлийн сайхан талыг хэдийн олж харсан тул оюутан болсныхоо дараа ч энэ ажлаа цаг заваараа үргэлжлүүлэн хийхээр шийдсэн гэнэ.

ӨДрийг гэрэлтүүлэх ИНЭЭМСЭГЛЭЛ

"Алхаад" хүргэж өгөхөд хэрэглэгчдийн сэтгэгдэл таатай байдаг. Түүнийг анх хүргэлтийн ажлаа хийн явахад хүмүүс гайхан, өхөөрддөг байсан бол харин одоо "нөгөө хүүхэд байна" гээд таньдаг болсон гэнэ. Ажил хийж буй учраас зөвхөн цалин орлогоос гадна хувь хүнийхээ хувьд бусадтай харилцаж, олон янзын ааш авиртай хүмүүсийн арга эвийг олж сурч байгаа тухайгаа ч мөн яриандаа дурдаж байсан нь хайр татам. Одоо тэр хүмүүсийг гаднаас нь хараад л стресстэй байгаа эсэхийг нь шууд мэддэг болсон. Харин түүнийг өөдөөс нь "хөөрхөн харан" инээмсэглэхэд хүмүүсийн царайд баясал төрөөд ирдгийг сонсож суухад бахдалтай.

"Сайхан инээмсэглээд хүмүүст хүссэн, халуун хоолыг нь хүргэж өгөхөд тэр өдөр нь сайхан болчихлоо гэж хүмүүс хэлдэг."

Б.Хүслэн


АНХНЫ АЖИЛ

Хүмүүст 17 нас бага, балчир мэт санагддаг ч тэдний хувьд тийм биш ажээ. Тэд нас бага ч хэрэглээний мөнгөө өөрсдийн хүчээр олохыг хүсдэг. Хайртай нэгэндээ төвөг учруулахгүйг хичээж, хажуугаар нь ажил амьдралын туршлага хуримлуулахыг зорьдог байна. "Цүнх маань том хэмжээтэй ч гэлээ харагдаж байгаагаасаа хөнгөн шүү. Тэгээд ч өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгө хамгийн амттай" гэж хэлээд чин сэтгэлээсээ инээмсэглэн хэлсэн юм. Мөн өөрийн ажлаа дасгал, хөдөлгөөн хийж, энэ нь эргээд эрүүл мэндэд нь эерэгээр нөлөөлнө гэдэг талаас хардаг ажээ.

Дэлхийн аль ч оронд хүргэлтийн ажил хамгийн түгээмэл цагийн ажил байдаг. Манай нийслэл хотын төв нягтрал ихтэй, ресторан үйлчилгээний газрууд ч цөм энд эгнэн оршдог. Улаанбаатарт ажиллаж, амьдардаг хүн дуудлагаар халуун хоол, ямар нэг шаардлагатай зүйлээ захиалан авахад хэр их цаг ордгийг, дунд нь ямар гэнэтийн саад бэрхшээл гардгийг андахгүй сайн мэднэ. Ид түгжрэлийн үеэр МУИС-ийн номын сангаас төв номын сан хүртэлх хэдхэн км-т хоёр цаг гаруй машинаар явах нь ч энүүхэнд байдаг шүү дээ. Тийм ч учраас "ТокТок" хүргэлтийн шинэ үйлчилгээ болох "явган хүргэгч" үйлчилгээг нээхээр шийдсэн нь энэ болов уу. Явган хүргэгч гэхээр танд анхандаа хачин сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ явган хүргэлт нь замын түгжрэлтэй үеэр үйлчлүүлэгчдийн хүлээлтийн хугацааг багасгаж, цагийн ажил эрхэлдэг нэгний хувьд ажлын цагаа өөрөө сонгох гэх мэт уян хатан нөхцөлтэй ажлын байрыг бий болгодог байна.

"Хүргэх цагаа хүссэнээрээ сонгодог учраас над шиг хичээлтэй, ажилтай хүмүүст их амар."

Б.Хүслэн

Анхны хийсэн ажлаа хүн ер мартдаггүй шүү дээ. Ажлын гараагаа эхэлж буй оюутан, сурагчдын хувьд хамт олны хандлага, харьцаа нэн чухал байдаг. Мөн орлогоо нэмэгдүүлэхээр хагас цагийн ажил хийж буй нэгний хувьд ажлын уян хатан цагийн хуваарь ч мөн чухал. Тэгвэл дээрх бүх нөхцлийг хангасан ажилд орсондоо Б.Хүслэн баяртай байдгаа илэрхийлж байлаа. Мэдээж 18 нас хүрээгүй учраас эцэг, эхийн зөвшөөрөл авах шаардлагатай. Хүлээлт ёсоор аав, ээж нь ч түүний хүслийг дэмжжээ.

Ахлах ангийн сурагч учраас тэр өглөө бүр хичээлтэй байдаг. Өдөр хичээлээ тараад дөрвөн цаг хүртэл ажилладаг байна. Ачаалал их үед 11 хүргэлт хийх тохиолдол ч гарч байсан ба өдөрт дунджаар 6-8 хүргэлт хийдэг ажээ.

Б.Хүслэнгийн үе тэнгийнхэнд ажил хийж, бие даах сонирхол бий тухай өмнө нь дурдсан. Тухайлбал, түүний хоёр найз явган хүргэлтийн ажил хийхийг хүсэж буйгаа түүнд байнга хэлдэг гэнэ. Харин тэр найзууддаа "очоод уулзаарай" гэж зөвлөдөг.

"Цагийн ажил" ахлах ангийн сурагч байтугай оюутнуудад ч гэсэн олдохгүй байсан цаг саяхан. Ажлын гараагаа эхэлж буй бяцхан ажилчдад эелдэг, зөөлөн, хүн гэсэн сэтгэлээр ханддаг хамт олон нэмэгдэж буйг сонсоход хүртэл таатай байдаг. "Явганаар хүргэлт очих болноо" гээд захиалга авахдаа захиалагч нартаа сануулан хэлж байвал бяцхан хүргэгч нарт маань үйлчлүүлэгч нартайгаа ойлголцоход дөхөм болох болов уу.



МЕТРОПОЛИТОН ХОТЫН АЖИЛ

Хүн амын нягтрал ихтэй томоохон хотын хувьд "явган хүргэлт"-ийн үйлчилгээ шинэ зүйл биш ажээ. Харин Монгол улсад явган хүргэлтийн үйлчилгээ Б. Хүслэнгийн "явганаар хүргэж болох уу?" гэсэн асуултаас бий болсон гэнэ. 17 настай хүүхдийн тавьсан тэр "санал" олон тооны цагийн ажил бий болох урьдач нөхцөл нь болсон билээ.

"Ах маань нэг өдөр "Ток Ток"-ыг санал болгоод, очиж үзтэл бүх хүмүүс нь залуухан, уриалгахан болохоор их гоё санагдаж байлаа. Гэхдээ хүргэлт хийхийн тулд дугуй, мопед, машины аль нэгээр нь хүргэх ёстой гэхэд нь "явганаар хүргэж болох уу?" гэж асуусан юм. Саналыг минь нээлттэй хүлээж авснаар ажил маань эхэлсэн дээ."

Б.Хүслэн


CV-ЭЭ БАЯЖУУЛАХ БОЛОМЖ

Цагийн ажил гэхээр CV баяжуулахгүй гэж бодож болохгүй. Залуу боловсон хүчний хувьд цагийн ажил хийх нь мөнгөн орлогоос илүү олон төрлийн чадвар хөгжүүлдгийг орхигдуулж үл болно. Тэр тусмаа энэ төрлийн туршлага оюутнуудын CV-ийг баяжуулж, ажлын туршлагыг нэмдэг байна.

Хүргэлт хийснээсээ хойш маш их зүйл шинээр сурч, хувь хүн талаасаа өөрчлөгдөж эхэлсэн тухайгаа Б.Хүслэн хуучилсан. Ажил хийсний үр дүнд тэрээр бүрэг, ичимхий зангаа өөрчилж, харилцааны ур чадвараа сайжруулж, нээлттэй нэгэн болсон байна. Технологийн эрин үед хүргэлтийн ажилтанд зориулсан апп дээр ажиллаж суран, хаяг байршлын мэдээлэл болон, ресторан, хоолны талаар ч гэсэн мэдлэг, туршлагатай болж буй нь цаашид түүнд хэрэг болно гэдэгт тэрээр итгэдэг байна.

Энгийн нүдээр харахад алхаж, дугуй унаж, машин унаад зүгээр л нэг хүргэж өгч буй мэт харагддаг ч олон чадварыг давхар суулгадаг байна. Тэдгээр чадваруудаас дурдвал:

  • Үр дүнд чиглэх: Энэ төрлийн цагийн ажил хийсэн нэгэн "зорилтод тулгуурладаг" гэж товч намтар дээрээ бичиж болно. Хүргэлт хийж буй нь зорилгодоо хүрэх урам зоригтой байна гэсэн үг. Хүргэлт хийхдээ зарцуулсан хугацаагаа аппаар хэмжин үр дүнд хүрэхэд анхаарлаа хандуулсан хугацаагаа хэмжих боломжтой болох юм. Хувийн амжилтаа эвдсэн тухайгаа ч мөн CV-ндээ оруулж болох шүү дээ.
  • Тэсвэр хатуужилтай болох: Долоо хоногт хэдэн цаг ч бай боломжит хугацаагаараа цагийн ажил хийх нь тэсвэр хатуужлыг тань ажил олгогчид харуулах болно.
  • Стрессийг удирдах: Хүргэлт нь өгөгдсөн хугацаанд, цаг агаарын ямар ч нөхцөлд зөв газарт хүргэхийг шаарддаг. Энэ нь стресс удирдах чадамж суулгадаг байна.
  • Уян хатан байдал: Жижиг бүтэлгүйтлийг энгийн аргаар шийдэх дотоод чадвартай болдог. Зарим хүргэлтийн ажилчид өөрийн тухай бодох цаг, өөртэйгөө ажиллах боломжийг хүргэлтийн ажил өгдөг гэдэг.
  • Харилцагчийн үйлчилгээ: Хүргэлтийн ажилчид үйлчлүүлэгч бидэнтэй үргэлж эелдэг харьцдаг. Энэ нь тэдний төрөлх зан бус энэ төрлийн чадварыг сайтар эзэмшсэнтэй холбоотой.
  • Бие даан ажиллах: Энэ хугацаа таныг ганцаараа ажиллаж, шийдвэр гаргахад дасгах болно.

"TOK TOK" ГЭЖ ЮУ ВЭ?

Tok Tok бол нэг ч гал тогоогүй Монголын хамгийн том хоолны сүлжээ бүхий онлайн, хүргэлтийн платформ юм.


"Ток Ток" Монголдоо цагийн ажлын соёлыг төлөвшүүлэх, хүн бүрд хөдөлмөр эрхлэх боломж олгохыг зорьж буйг Б.Хүслэн хүүгийн жишээнээс харж болно. Хүргэлт гэхээр заавал машинтай байх шаардлагатай байх ёстой гэх ойлголтыг тэд няцааж чаджээ. Ялангуяа зуны улиралд унадаг дугуй, мопедоос гадна явган хүргэлт хийх боломжтой нь оюутан залууст тун амар. Харин тэрээр оюутан болоод дугуйтай болж, илүү олон хүргэлт хийх бодолтой байгаа гэв. "Хэрвээ хэн нэгэн Тоk Tok-ийн явган хүргэгч болохыг хүсэж байвал нойр, хоолоо сайн зохицуулаад, дулаахан хувцаслаарай" гэж Б.Хүслэн зөвлөж байна.

Явган хүргэгч болохыг хүсвэл дулаан хувцаслаад энд хандаарай.

Ток Ток