Одоогоос даруй 2500 жилийн тэртээх Ромын Бүгд Найрамдах Улсын үед Марсыг дайны бурхан, басхүү үржил шим, газар тариалангийн бурхан хэмээн шүтдэг байжээ. Ромчууд Марс бурхан улсынх нь хил хязгаарыг манаж, дайн тулаанд ивээлээ хайрлана хэмээн итгэдэг байв.
Энэхүү гаргийг төвөдөөр “мягмар”, самгардиар “ангараг” гэдэг. Манай ард түмэн ч бас Ангарагийг өөрсдийнхөөрөө нэрлэж байсан бөгөөд 1748 онд зохиогдсон орчуулгын онол, нэр томьёоны журамламал даягийн тухай “Мэргэд гарахын орон” хэмээх бүтээлд тус гаргийг өлзийт, улаан биет, газрын хөвгүүн, залуу, газраас төрсөн, улаан гишүүт, есөн гэрэлт гэх мэтээр нэрлэсэн байдаг. Энд дурдагдсан улаан биет, улаан гишүүт гэх нэрс нь чухамдаа алсаас хүртэл улалзан харагддаг Ангарагийн дүр байдлаас улбаатай нь илэрхий.
Жил бүр 10-р сарын 4-10-ны хооронд тэмдэглэдэг “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг тохиолдуулан бид энэ удаагийн нийтлэлдээ Ангараг гараг хийгээд түүнийг судлах ажил хэрхэн өрнөж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
Ангарагийн тухай хэдэн баримт
Нарны аймгийн гаргуудаас Ангараг яагаад ганцаар нэлэнхий улаан бордуу өнгөтэй юм бол хэмээн та бодож үзсэн үү? Үүний хариулт нь ТӨМРИЙН ОКСИД! Усны цорго, паар зэрэг устай ойр байдаг төмөрлөгүүд нэг мэдэхэд зэвэрчихсэн байдаг даа. Яг үүнтэй ижил процесс Ангараг дээр явагдсан буюу чулуулагт агуулагддаг төмөр нь ус, хүчилтөрөгчтэй урвалд орсноор зэв үүсэж, яваандаа өнөөх нь тарж бутраад тоосонцор болж, ус салхинд дайгдан хавь ойрыг “улайлгасан” хэрэг.
Эндээс бидний мэдэх ёстой дараагийн баримт урган гарна. Тэр бол УС. Ангараг гараг устайгаар барахгүй, урьд нь бүр гол горхи, далай тэнгис цалгилсан чийглэг газар байсныг судлаачид тэмдэглэдэг. Зөвхөн шингэн төлөвийн усанд үүсдэг эрдэс чулуулгууд, цаашлаад гол мөрний сүлжээ, нуурын ёроол байсан болов уу гэмээр газар орны байр байц энэ бүхнийг гэрчилдэг байна. Өдгөө энэ гараг туйлын бүсийнхээ хөрсөн доор усыг хатуу төлөвт шилжүүлэн “хадгалж” байгаа юм.
Хэрэв устай юм бол тэнд амьдрал бий юү? Ямагт хүн төрөлхтний сонирхлыг татаж ирсэн энэхүү асуултын хариултыг өнөө хэр судлаачид эрсээр буй. Харин өнгөрсөн сард, одон орон сонирхогчдын сонорыг мялаах нэгэн мэдээлэл түгсэн нь Ангарагийн нэгэн дээжээс амьд биетийн ул мөр байж болохуйц тогтоц илрүүлсэн явдал байв. Хэдийгээр шууд баттай хэлэх боломжгүй ч энэ бол “Ангараг дээр амьдрал байсан, байгаагүй” гэх жинлүүрийн нэг талд дөмөгхөн чулуу нэмэхтэй адил чухал баримт болсон нь дамжиггүй.
Эдгээр судалгаа шинжилгээний ард ер нь хэн байна вэ хэмээн та гайхаж байна уу? Өнөөг хүртэлх Ангарагийн судалгаанд хамгийн чухал байр суурийг эзлэх улс бол яах аргагүй АНУ, тэр дундаа НАСА.
АНУ
АНУ-ын Ангараг гаргийг судалж буй үйл хэргийг дурдахын өмнө нэгэн оршил дэлгэе.
XVII зууны эхээр нэгэн гайхалтай багаж бүтээгдсэн нь дуран авай байв. Анх Галилей түүгээр гараг эрхсийг дурандсанаас хойш XX зуун гартал хүн төрөлхтөн мөнөөх багажаараа л хорвоо ертөнцийг тольддог байв. Ингээд XX зуун гарахтай зэрэгцэн орчин цагийн пуужинг зохион бүтээх, сансарт нисэх “өрсөлдөөн” АНУ, ЗХУ-ын дунд өрнөж эхлэв. Технологийн энэ тулаанд ЗХУ өрсөж, хамгийн анх задгай сансарт ниссэний сацуу Ангараг гарагт судалгааны аппаратаа буулгажээ.
Санал болгох: Гайхамшигт Галилей ба Ертөнцийн эхлэл
Хэдий ЗХУ анхдагч боловч “Марс 3” хөлөг нь Ангараг гараг дээр буусны хойно ердөө 20 секунд л дохио дамжуулаад зогссон байдаг. Харин АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА-гаас “Викинг 1” нэртэй судалгааны аппаратыг 1975 онд хөөргөн, Ангарагийн хөрсөн дээр буулгасан бөгөөд тус робот хамгийн анхны Ангарагийн гадаргын зургийг авснаас гадна агаар мандал, хөрсийг шинжилж; цаг агаар, геологийг судлах ажилд бүтэн зургаан жилийн турш зүтгэсэн байдаг. Энэ утгаараа АНУ-ыг Ангараг гарагт амжилттай газардан судалгаа шинжилгээг эхлүүлсэн анхны улс хэмээн үздэг байна. Викинг 1-ээс гадна, АНУ дараах судалгааны аппаратуудыг Ангараг гараг руу илгээж байжээ.
1996 онд Sojourner,
1998 онд Mars Climate Orbiter,
1999 онд Mars Polar Lander,
2001 онд Mars Odyssey,
2003 онд Spirit, Opportunity
2005 онд Mars Reconnaissance Orbiter,
2007 онд Phoenix
2011 онд Curiosity
2013 онд MAVEN
2018 онд InSight Lander
2020 онд Perseverance Rover
Энд дурдагдсан ровер, орбитер, ландер гэсэн үгсийг товч тайлбарлавал,
- Ровер (rover) гэдэг нь дугуйтай, явдаг робот бөгөөд газрын гадаргаар хэрэн хэсэж, зураг авч, хэрэгтэй мэдээлэл цуглуулаад, цуглуулсан мэдээллээ дэлхий рүү илгээх үүргийг гүйцэтгэдэг.
- Орбитер (orbiter) гэдэг нь дэлхийгээс аливаа нэг гараг руу ойртон очоод, газардалгүйгээр тойрог замд орон эргэлдэж, зайнаас мэдээлэл цуглуулах үүрэгтэй сансрын робот юм.
- Ландер (lander) гэдэг нь аливаа гараг дээр аюулгүй газардаж, мэдээлэл дамжуулах үүрэгтэй роботыг хэлнэ.
Дээрхээс гадна үүрэг, зориулалтаараа ондоо хэд хэдэн төрлийн судалгааны аппарат байдаг бөгөөд гол нь ямар нөхцөлд, ямар зорилгоор ашиглахаас шалтгаалан ялгаатай байдаг байна.
Дэлгэрүүлэн унших
европын холбоо
Тэд 2003 онд Ангараг гаргийн уур амьсгал, газрын гадарга, цаашлаад Ангарагийн дагуул Фобос, Дэймос хоёрыг судлуулахаар “Марс Экспресс”-ийг явуулжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тус аппарат ажиллаж байгаа бөгөөд агаар мандлынх нь химийн найрлагыг тодорхойлох, туйлын мөсний дор ус байгааг илрүүлэх зэрэг ажилд гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Хэдийгээр Европын холбоо ОХУ-тай хамтарсан “Эксомарс” төслийнхөө хүрээнд 2022 онд нэгэн ровер явуулахаар төлөвлөж байсан ч Орос Украины дайнаас үүдэн түр хугацаагаар хойшлуулсан байгаа аж. Энэхүү роверын зорилго нь Ангарагийн хөрсийг хоёр метр өрөмдөж, амьд биетийн ул мөрийг илрүүлэх гэнэ.
БНХАУ
Ангараг гараг руу судалгааны аппаратаа амжилттай хүргэсэн хоёр дахь “улс” бол БНХАУ. Тэд 2020 онд “Тяньвэнь-1” нэртэй судалгааны аппаратаа Ангараг руу явуулсан бөгөөд орбитер, ровероос бүрдэх тус судалгааны баг 2023 он хүртэл нэр төртэйгөөр үүргээ биелүүлсэн юм.
Цаашид ч БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газар энэ судалгаагаа өргөжүүлж, “Тяньвэнь-3” нэрийн дор 2031 он гэхэд Ангараг гаргаас дор хаяж 500гр дээж авчрах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан билээ.
Энэтхэг
2014 онд Энэтхэгийн “Марс Орбитер Мишион” аппарат Ангараг гарагт амжилттай хүрч, тойрог замд орж байв. 6-10 сарын хугацаатай ажиллана хэмээн тооцоолж асан тус аппарат 8 жил ажиллаж, агаар мандал, газрын гадаргын талаар чамгүй мэдээлэл дамжуулсан байдаг.
Энэхүү амжилттай туршилтынхаа хоёрдугаар хэсэг болгож Энэтхэгийн зүгээс ээлжит судалгаагаа ландер, ровер, нисдэг тэргээр өргөжүүлэн 2030 оноос хийхээр төлөвлөж байгаа юм.
Арабын Нэгдсэн Эмират Улс
Ангарагт судалгааны аппаратаа амжилттай байршуулсан тав дахь улс бол Арабын Нэгдсэн Эмират Улс. Тэдний "Хөүп" буюу Найдвар гэх нэртэй орбитер 2021 оноос тойрог замд орсон бөгөөд өнөө хэр ажиллан мэдээлэл дамжуулж байна. Найдварын анхны зорилго нь агаар мандлыг холоос ажиглаж, өндөр чанартай зураг авах байсан бол одоо Дэймосыг мөн судлах ажлыг хийж байгаа юм байна.
SpaceX
Дээрх улс орнуудаас гадна Ангарагийг судлахад ихээхэн хөрөнгө, хүч зарж буй нэр бүхий эрхмийг дурдах нь зүй. Элон Маск 2001 оноос л Ангараг гаргийг колоничлох талаар ярьж эхэлсэн бөгөөд бүр нэг сая хүнтэй хотыг Ангараг дээр байгуулах зорилго тавиад буй. Үүний тулд ойрын хугацаанд Старшип нэртэй пуужингаа хөөргөхөөр төлөвлөж байна. Хэрэв амжилттай болвол дөрвөн жилийн дотор сансрын нисэгчдээс бүрдсэн багийг тийш явуулах аж.
Тэд “Ангараг гараг хүйтэн ч гэсэн бид халаана, ургамал ногоо тарина, эрчим хүч үйлдвэрлэнэ, зам тээвэр, харилцаа холбоог хөгжүүлнэ” хэмээн ярих нь цэнхэр дэлхий маань “болохоо байвал”, “юмыг яаж мэдэх вэ” нөөц гарагтай байя гэсэн санааг тээж буй.
Хэрэв үнэхээр л энэ бүхэн биеллээ олбол хэзээ нэгэн цагт “Сургууль, цэцэрлэг, автобусны буудалтайгаа ойрхон 0,7 га газар Ангараг дээр зарна” гэсэн зар уншихыг ч үгүйсгэхгүй аж.
Дэлгэрүүлж унших: Элон Маскийн Ангарагт хүрэх аугаа төлөвлөгөөтэй танилц