Цахим спортын салбарт олон арван түүхэн амжилт гарсан жил өнгөрч байна. Монгол тамирчид болон дасгалжуулагч нар гадаад багт уригдахаас эхлээд монгол багууд дэлхийн түвшинд тоглож, улсаа гэлтгүй тивээ ч төлөөлөх болжээ.
Манай редакцын ESN-тэй хамтран эхлүүлээд буй "Mongolian eSports Awards 2024"-ийн ялагчид ч мөн тодорсныг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.
MVP BY ESN
Энэ жилийн хамгийн онцлох амжилтуудын эзэн, олон нийтэд цахим спортыг ахин нэг удаа шинээр танилцуулж чадсан CS2-ийн The MongolZ багийн Senzu-г ESN-ий зүгээс оны хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр шалгаруулав. Тэрээр энэ жил өөрийн нэрээ цахим спортоос гадна хит дуунд ч мөнхлөөд амжсан билээ.
PC Player of the Year
CS2-ийн The MongolZ баг анхны S-Tier буюу хамгийн дээд түвшний тэмцээндээ түрүүлсэн нь Абу Дабигийн YaLLa Compass 2024 байв. Тоглогч 910 уг тэмцээнээс MVP шагналыг хүртэж, HLTV-ийн MVP-ийг авсан анхны Монгол тоглогч болсон билээ.
MOBILE PLAYER OF THE YEAR
esportsearnings.com сайтын жагсааснаар Монголоос нийт авсан шагнал нь 300,000 доллар давсан хоёр л тоглогч бий. Түүний нэг нь PUBG Mobile-ийн Team Falcons-ийн тоглогч TOP. Тэрээр энэ жилийн гар утасны тоглоомын шилдэг тоглогчоор шалгарав.
Дэлгэрүүлж унших: “Falcons Force” багийн тоглогч TOP-ийн журнал
IGL OF THE YEAR
IGL буюу "In Game Leader" бол багийнхаа гол тархи нь. Тэд л тоглолт дундуур ухаалаг шийдвэр гаргаж, багаа хожил эсвэл ялагдлын алинд хүргэхийг шийддэг хүмүүс. Энэ жил багаа хамгийн сайн манлайлж, түүхэнд бичигдэх амжилтууд гаргасан тул CS2-ийн The MongolZ багийн "IGL" bLitz шилдгээр шалгарчээ.
Highlight of the Year
Цахим тоглоомын салшгүй нэг хэсэг бол тоглолтын онцлох мөчүүд. Энэ жил монгол баг, тамирчид дэлхийн шилдэг багуудын эсрэг олон гайхалтай тоглолтууд хийсний дотроос CS2-ийн The MongolZ багийн Techno4K-ийн Vitality-тай хийсэн тоглолтын үеэрх энэхүү мөч шилдгээр шалгарчээ.
TALENT OF THE YEAR
Ямар ч спортыг тайлбарлагчгүйгээр төсөөлөх аргагүй. Тэд л тухайн спорт, цаашлаад баг, тамирчдыг гарын алган дээрээ тавьсан мэт мэдэж, үзэгч сонирхогчдод ойртуулж өгдөг билээ. Энэ жилийн шилдэг кастер буюу тайлбарлагчаар META-гийн KEi тодров. Түүний CS2-ийн тоглолтын тайлбарлалтууд олон арван мянган үзэгчдийг нэгэн дор тогтоож, олон мянган хүнийг энэ спорттой танилцуулсан юм.
streamer of the year
Цахим спортын бас нэгэн том салбар бол контент тэр дундаа стрийм (шууд дамжуулалт). Энэ жилийн шилдэг стриймэрээр нийт таван YouTube сувагтаа 500,000 орчим дагагчтай, CS2 тоглоом болон бусад төрлийн хөгжилтэй бичлэг, сонирхолтой даалгавруудаараа (challenge) олноо танигдсан MIO шалгарлаа.
COACH OF THE YEAR
CS2-ийн The MongolZ-ийн түүхэн амжилтуудын ард ажилласан хүн бол дасгалжуулагч Maaraa. Тэрээр энэ жил багаа олон улсын шатанд гаргаж, Монгол Улсаас гадна Ази тивээ төлөөлөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Түүнгүйгээр The MongolZ-ийн амжилтыг төсөөлөх боломжгүй.
FAN favourite PLAYER
Ердөө 17 настай ч насандаа баймгүй авьяас чадвартай Mzinho энэ оны олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн тоглогчоор шалгарч байна. Түүний нөхөрсөг байдал, хөгжилтэй мөч, тоглолтын дараах ярилцлагууд зөвхөн монгол гэлтгүй олон мянган гадаад фэнтэй болоход нөлөөлсөн билээ.
INTERNATIONAL TALENT
Бидний сайн мэдэх erkaSt мэргэжлийн тоглогчийн карьераа өндөрлүүлж, дасгалжуулагч болжээ. Ийнхүү тэрээр энэ оноос Австралийн FlyQuest багийг дасгалжуулан ESL Challenger-ийн хоёр тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд багаа оролцуулж, дэлхийн тайзнаа дасгалжуулагч болон тоглогчийн хувиар тус тус гарч чадав.
PC Esports Team of the Year
Энэ жилийн шилдэг багаар (компьютер) ямар ч маргаангүйгээр CS2-ийн The MongolZ шалгарлаа. Тэд энэ жил Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг өндөр зэрэглэлийн (S) тэмцээнүүдэд түрүүлэхээс гадна Дэлхийн аварга шалгаруулах Perfect World Shanghai Major 2024 тэмцээний финалын шатанд шалгарсан анхны Ази баг болсон юм.
Mobile Team of the Year
4Merical Vibes баг энэ жил PUBG Mobile Super League - Central and South Asia-ийн Spring, Fall тэмцээнүүдэд тус тус түрүүлж, PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р байранд орсон амжилтаараа оны шилдэг багаар (гар утасны) шалгарч байна.
Supporter of the Year
Цахим спортын хөгжлийг дэмжигч, хамтрагч, ивээн тэтгэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ жил цахим спортыг дэмжин ажилласан байгууллагууд дундаас Mountian Dew шилдгээр шалгарчээ. Олон арван тэмцээн, шууд дамжуулалтыг ивээн тэтгэж, олон мянган залуусын мөрөөдөл бодит болоход үнэтэй хувь нэмэр оруулсанд баярлалаа.
Амжилтаар дүүрэн 2024 он ийнхүү өндөрлөж байна. Ирэх жил улам их амжилт гарах болтугай. 2025 оны Mongolian eSports Awards-аар уулзацгаая.