“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Тиймдээ ч дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон наадмыг монгол хүн бүр тэмдэглэхээс гадна сонирхон үзэх жуулчдын хөл зуны дэлгэр цагт татрах нь үгүй. 

Наадмын үеэр эрийн хүч самбааг сорих бөхийн барилдаан, эрэмгий цэц мэргэнийг үзэх сур, шагайн харваа, эрмэг хүлгийн шандас шалгах хурдан морины уралдаан болдог. Мөн өв уламжлал, ёс заншил, нээлт, хаалтын үйл ажиллагаа зэрэг монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон олон цогц үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. Ингээд түүхт тэгш ой тохиож буй энэ жилийн Үндэсний их баяр наадмын тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд багтаан хүргэж байна. 

Монгол түмэн минь сайхан наадаарай! 


А БОЛ АЯЛАЛ ЗУГААЛГА

Ид бүтээн байгуулалтын цагаар ажлын бүтээмж бууруулдаг хэмээн үе үе ад үзэгддэг хэдий ч наадмын урт амралт бол яахын аргагүй бидний хүсэн хүлээдэг аялал зугаалгын цаг билээ. Өнгөрсөн жил л гэхэд эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 741 мянган иргэн, 455 мянган тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон аж. Цар тахлын дэгдэлт намжсан энэ жилийн хувьд дээрх тоо улам нэмэгдэх нь тодорхой. Тиймээс хэрэв та амралтын хугацааг ашиглан хөдөө гарч, халуун чулуу атгахаар зэхэж буй бол бэлтгэлээ сайтар хангаарай хэмээн зөвлөе. “Болно доо, болгочихно доо ” гэх хайнга, хэнэггүй зангаа хойш тавиад бүрэн бэлтгэлтэйгээр сэтгэл амар аян замдаа гараарай, наадамчин түмэн минь.

Б БОЛ БРЭНДИНГ

Монгол наадам нь өнөө цагт залуу үедээ нүүдэлчин соёл иргэншлийн өвийг таниулах, түгээх, өвлүүлэх их үйлийн эхлэл бөгөөд үндэсний ижилсэл, тусгаар тогтнолоо бататгах онц үйлийн үргэлжлэл болж буй. Энэхүү ач холбогдол, онцлог шинжүүдийг товойлгон гаргах, дэлхийд данстай албан ёсны брэнд арга хэмжээ болгон таниулах зорилгоор “Наадам” брэндийг энэ жил танилцуулсан.

Наадмын үндсэн илэрхийлэл нь эв нэгдэл, төрт ёс, бахархал бөгөөд өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон гал, нар, сарыг бэлгэдэн эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга чанарыг илтгэнэ. Энэ л учиг сэжмээр Үндэсний их баяр наадамд зориулан Есөн хөлт Их цагаан тугийг гол бэлгэдлээ болгон монгол бичгээр тодотгон чимж, албан ёсны логог бүтээсэн байна.

Наадмын брэндигийн талаар дараах нийтлэлээс дэлгэрүүн уншаарай!

Брэндийн тухай


В бол Вирусын дараа 

Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдэж, улмаар манай оронд ч халдварын тоо эрс нэмэгдэж байсантай холбогдуулан хөл хорио тогтоож, нэг дор олноор цуглахгүй байх зөвлөмж гарснаар өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг цуцалсан билээ. Тэгвэл энэ онд тус цар тахлын хүрээ хумигдаж, ихэнх иргэд вирусын эсрэг дархлаа тогтоох вакцинд хамрагдсанаар ийнхүү ойн баярууд давхацсан баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх бололцоотой болов.


Г бол Гангараад гаръя буюу Үндэсний хувцас

Үндэсний хувцас нь нүүдэлчдийн ахуй байдал, амьдралын хэв маяг, цаг уурын нөхцөлд тохирсон хийцтэй ба гоёл чимэг, хэлбэр хэмжээ, учир бэлгэдлээрээ олон онцлог, давуу талтай. Манай оронд нутагладаг хориод үндэстэн ястны дөрвөн зуу орчим дээл, хорь гаруй гутал, арав орчим бүсний төрөл бий.

Хот суурин газарт бол тэр болгон өмсөөд байдаггүй үндэсний хувцсаа монголчууд наадам, цагаан сараар өмсөн гангардаг уламжлалтай. Бүгдээрээ монгол дээл, гутал хувцсыг ном журмынх нь дагуу өмсөж, үр хүүхэддээ энэ тухай мэдлэг олгож, Үндэсний их баяр наадмаа "чимэцгээе".

Д БОЛ ДУУ ХУУР

Баяр наадмын нээлт болон бусад арга хэмжээг дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Төв цэнгэлдэхэд наадмын тухай олон арван бүтээл явахаас гадна Хүй долоон худагт морины тухай дуунууд голдуу эгшиглэдэг. 1696 онд Долоннуурт болсон Даншиг наадмын үед “Түмэн эх” айзам уртын дуу зохиогдсон бөгөөд Монгол төрийн уртын дуу хэмээн нэрлэгддэг энэхүү бүтээл түүхийн явцад Үндэсний их баяр наадмын сүлд дуу болсон юм. Тиймдээ зуны дэлгэр цагт болох найр наадмыг "Түмний эх" дууг дуулснаар эхлүүлдэг уламжлал нэгэнт тогтжээ.

Е бол Есөн хөлт их цагаан туг

Есөн хөлт Их цагаан туг нь монгол төрийн сүр хүч, хүн зоны эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм. Төрийн ордны “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-нд залаатай байдаг тус тугийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр цэнгүүлж, нэг цагаан, найман шарга зүсмийн мориор төв цэнгэлдэхэд залдаг уламжлалтай. Есөн хөлт Их цагаан тугийг 1992 онд шинээр бүтээж, 21 аймгаас шилж сонгосон цагаан зүсмийн адууны дэл, сүүлээр хийсэн нь төр улс энх мөнх оршихыг бэлгэджээ. Цагаан өнгө нь цэвэр ариун, эрхэм дээдийн утгыг илэрхийлнэ.



Ё бол Ёс ёмбогор

Төр төмбөгөр, ёс ёомбогор тул үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг нарийн хуульчилсан журам гаргасан байдаг. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд "Баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно. Үндэсний их баяр наадмыг нээж, хааж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ, тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган, баярын хурал, ёслолын буудлага хийнэ" хэмээн заасан байдаг.

Басхүү наян настай буурлаас найман настай балчир хүртэл ахмадаа хүндэтгэн идээ цагааны дээжээ барьж, өглөөн наранд цацал өргөн уламжлал, ёс жудгаа дээдэлсээр иржээ.

Ж БОЛ ЖУРАМ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталжээ. Аймаг, сумдын баяр наадмыг өөр өдрүүдэд зохион байгуулдаг байсныг энэхүү төслийн хүрээнд өөрчилсөн юм. Үүнд “Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” хэмээн заасан байна.

З бол Зөвшөөрөл

Үндэсний их баяр наадмыг орон даяар бүх аймгууд нэгэн зэрэг зохион байгуулахаар болсон. Наадмын нээлт, бөхийн барилдаан, нээлт, хаалтын үйл ажиллагааг дэргэдээс нь шимтэн үзэхийг хүсвэл энэ жилээс эхлэн тасалбар, автомашины зөвшөөрлийг eNaadam.mn -ээр дамжуулан цахимаар борлуулж эхэлжээ. Улсынхаа наадмыг гэрээсээ ч үзэх боломжтой ба баяр наадмын хөтөлбөрийн үйл ажиллагааг өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 60 гаруй телевиз, 390 гаруй мэдээллийн сайтууд дамжуулан хүргэх юм.

eNaadam.mn -ээс тасалбар, зөшөөрөл авахдаа юун түрүүнд вэбсайтад албан ёсны бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатай. Харин үүний дараа тэрхүү бүртгэлээ ашиглан худалдан авах бөгөөд вэбсайтад бүртгүүлсэн хаягаараа хүргүүлэх боломжтой юм. Ташрамд дурдахад, энэ жилийн баяр наадмаар нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар, таван автомашины зогсоолын зөвшөөрөл авч болох аж.


И БОЛ ИНААДАМ.МН

Наадмын үнэ цэн, утга учрыг таниулах, холбоотой мэдээллүүдийг нэгтгэх, найдвартай сурвалж үүсгэх зорилгоор eNaadam.mn сайтыг тун удахгүй нээх гэж буй. Энэхүү вэбсайтаас наадмын хөтөлбөр, хурдан морь, хүчит бөх, сурын харваа, шагайн харвааны үр дүнгүүд зэрэг наадамтай холбоотой бүх л мэдээллийг авах боломжтойн сацуу наадмын нээлтийн тасалбар, машины зогсоолыг захиалах боломжтой.

Зөвхөн Улаанбаатарын төдийгүй 21 аймгийн наадмын мэдээллийг авч болно гэдгийг мөн дурдах нь зүйтэй. Товчхондоо eNaadam.mn вэбсайт нь Үндэсний их баяр наадмын тухай нэгдсэн мэдээллийг хялбар хүлээн авах платформ юм.

Албан ёсны сошиал хуудсуудыг дагах:

Naadam 2022 Facebook
Naadam 2022 Instagram
Naadam 2022 Twitter

К БОЛ КОМИСС

Үндэсний их баяр наадмыг жил бүр есөн салбар хороод хамтран зохион байгуулдаг.
Үүнд:

  • Үндэсний бөхийн салбар хороо
  • Хурдан морины салбар хороо
  • Үндэсний сурын салбар хороо
  • Шагайн харвааны салбар хороо
  • Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороо
  • Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо
  • Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо
  • Хэв журмын салбар хороо
  • Хэвлэл мэдээлэл, сурталчигааны салбар хороо зэрэг орно.

Л БОЛ ЛАВЛАХ УТАС

Зургаадугаар сарын 29-ний өдрөөс долоодугаар сарын 12-ны өдөр хүртэл 1111 лавлах утасны дөрвөн шугам дээр нийт зургаан оператор ажиллаж Үндэсний их баяр наадамтай холбоотой мэдээллийг хүргэх аж. Хэрэв танд нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарь, наадмын өдрүүдээр амрах үйлчилгээний байгууллагуудын тухай эргэлзээтэй асуулт байгаа бол 1111 лавлах утас руу холбогдоорой.


М бол Морин уралдаан 

Монголчуудын хурим найр, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Уяач хүн адуун сүргийнхээ дотроос хамгийн хурдныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан бэлтгэсний дараа 6 насанд ангилан ялгаж, газрын хол, ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 22- 30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Унаач нь 7-12 насны хүүхдүүд байдаг.

Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, аргамаг хүлгийн тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг бахдан бишрэх сэтгэл төрдөг билээ.

Н БОЛ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Наадмын нээлт бол тухайн жилийн баяр наадмын өнгө, төрхийг тодорхойлох хамгийн чухал үйл явдал юм. Тиймдээ ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос соёл урлаг, нээлтийн үйл ажиллагааг "Монгол бахархал" нэрийн дор энэ улсын иргэд, монгол үндэстэн, Монголын ирээдүй, хүн байгалийн хүйн холбоо, эх хэл, өв соёл, дөрвөн улирал, түүхэн уламжлал зэрэг сэдвийн хүрээнд нэгтгэн холбож, орчин үеийн техник технологи дээр суурилсан хөтөлбөр, найруулгаар зохион байгуулахаар болжээ.

Энэ жилд 2016, 2017, 2018 онуудад наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулан дэглэсэн Төрийн шагналт, МУУГЗ Н.Наранбаатар найруулахаар болсон байна. Өөр нэг онцлог гэвэл мөн энэ оноос наадмын хаалтын үйл ажиллагааг тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу явуулах юм.

О БОЛ ОЙН БАЯРЫН ДАВХЦАЛ

Цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түүхэн ойг хамтатган тэмдэглэж буй онцлогтой. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой энэ жил тохиож байна.


Ө бол Өв уламжлал 

Орчин цагийн судлаачид монгол наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд уг гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл Чингисийн угсааны 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ.

Үүнээс хойш “Долоон хошуу даншиг” (1963), “Арван засгийн наадам” (1772), “Ардын төрийн наадам” (1922) зэргээр нэрлэн тэмдэглэж байв. Харин 1990 онд монгол орон даяар ардчилласан хувьсгал үүссэнээр 2006 онд Тулгар төрийн ой, Их Монгол Улсын байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэх болсноор 2015 онд Үндэсний их баяр наадам хэмээн нэрлэхээр хуульчилсан юм.

П бол Паспорт

Энэ жилийн баяр наадмыг үзэж, сонирхоор ирсэн гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт тусгай материалуудын хамт хүлээн авахаар болсон билээ. Жуулчид албан бичиг, нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт, ямар зочид буудалд байрлах болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийн хамт захиалга өгөх юм. Энэ нь жуулчдад дотоодын иргэд наадмын билет дамлан зарах болон бусад эрсдэлээс сэргийлж буй хэрэг.

Мөн наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэх, Хүй долоон Худагт болох хуран морины уралдаан сонирхох үеэр өөрийн гадаад паспортыг биедээ зайлшгүй авч явах хэрэгтэй аж.

Р бол Рекордууд 

Үндэсний их баяр наадмыг Монголчуудын уламжлалт өв соёлыг хадгалсан "спортын тэмцээн" гэхэд буруудахгүй. Тиймээс түүхэн дээд амжилтын эзэд, давахад бэрх рекордуудыг эзэмшигчид олон байдаг. Үүнээс дурдвал хамгийн олон түрүүлсэн бөх нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрээр 11 удаа түрүүлэхдээ 193 удаа даваа давсан байна. Харин Дархан аварга Х.Баянмөнх 27 буюу хамгийн олон удаа шөвгөрснөөс гадна 250 даваа давсан рекордуудыг эзэмшдэг билээ.

Морин уралдааны хувьд XX зууны Тод манлай уяач Д.Даваахүү улсын баяр наадмаас 21 түрүү, 43 айраг хүртсэн нь дээд үзүүлэлт юм. Мөн Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Б.Наранхүүгийн шарга азарга 6 түрүү, 2 айраг хүртсэнээр “Амгалан төрийн ажнай шарга” чимэгтэй болжээ.

Сур харвааны эрэгтэй төрөлд Дархан мэргэн Ш.Даваахүү 5 удаа түрүүлсэн ба 1995 оны Үндэсний их баяр наадамд 40 сумнаас 40 онож түүхэн дээд рекордыг тогтоосон байна. Харин эмэгтэй төрөлд Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг 6 удаа түрүүлжээ. Шагайн харвааны тэмцээнд 2010 оны баяр наадмаар Монгол Улсын гарамгай мэргэн Б.Мөнх-Эрдэнэ цуваа харваанд 20 сум тавьснаас бүгдийг нь онож, тасралтгүй 43 харваснаар дээд амжилтын эзэн болсон түүхтэй.


С бол Сур харваа 

“Эрхий мэргэн”-ий үлгэр, домог туульсаас харахад л сурын харваа нь үндэстэн оршиж эхлэхэд хамт буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэц мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийг цуваа байдлаар, эсвээс багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг.

XIII зууны үед айл гэр болгонд морин хуураас гадна нум сум байдаг байв. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч мөн харвадаг учраас наадамд “Эмэгтэй сурын харваа”-ны төрөл бий болсон байна. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэн бөгөөд түүний сум 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метрт туссан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Т бол Төв цэнгэлдэх хүрээлэн

Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар байгуулжээ. Талбайн хэмжээ 105 x 68, 12.500 хүний багтаамжтай. Жил бүрийн энэ л үеэр гадна, доторгүй хөл хөдөлгөөн бужигнаж зочид, жуулчдаар дүүрдэг. 1993 онд хувьчилснаар тус байгууламжийн 51 хувийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК эзэмшдэг болжээ.

Энэ жилийн баяр наадмыг угтан их засвар хийж 10 500 сандлыг шинээр сольсон байна. Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор босгосон Соёмбот багана бий.

У БОЛ УЯАЧДЫН НААДАМ

Үндэсний их баяр наадмын үргэлжлэл болгон тусдаа нээлт, хаалтын арга хэмжээ, хөтөлбөртэй Уяачдын наадам хийдэг уламжлалтай. Уг наадмаар бөх барилдах, сур харвах, морин уралдаан зэрэг нь төрийн наадмаас ангид болно. Мөнхүү Үндэсний баяр наадмаар элдэв цусны хольцгүй цэвэр монгол морь уралдуулах журамтай бол Уяачдын наадмаар эрлийз морьдыг нас, насны ангиллаар нь ялган уралдуулдаг онцлогтой.


Ү бол Үндэсний бөх

Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "Буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" хэмээж буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс, ширээр урлаж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно.

Дэнж хотойлгон дэвэх хүчит бөхчүүдгүйгээр монгол наадмыг төсөөлөхөд бэрх. Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнгүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ.

Фүү, болгоомжтой байгаарай

Фүү, юмаа марчихаж, хүүхэд хаачив, миний "ийм, тийм" эд зүйлс алга болчихож гэх мэт уулга алдсан үгс наадамчин олны дундаас цөөнгүй сонсогдоно. Зуны дэлгэр цагт наадмын ногоон дэвжээг хотолзуулан баясаж цэнгэхээр ирсэн хүн бүр хүүхдээ сайтар анхаарч, эд зүйлсээ хямгадан болгоомжтой байхыг анхааруулж байна. Хэрвээ асуудал гарсан тохиолдолд хүүхдийн тусламжийн 108 утас болон эргэлзээтэй зүйлсээ лавламаар бол дээр дурдсан Үндэсний их баяр наадамтай холбоотой мэдээллийг хүргэх 1111 лавлах утсанд холбогдоорой.

Х БОЛ ХУУШУУР БА ХОРХОГ

Нар хур тэгширсэн наадмын өглөө асар майхнаас ил галын утаа савсаж, хуушуур, хорхогны үнэр хамар цоргисон танил, дотно дүр зураг төсөөлөгдөж буй болов уу. Хуушуур бол жижиглэн хэрчсэн амтат махаа, элдсэн гурилд чимхэж тосонд хайрдаг нарийн хоолны төрөл. Наадмын үеэр цэнгэлдэхийн нэг асар дунджаар 10 000 ширхэг хуушуур хайрдаг гэсэн албан бус судалгаа бий. Харин хорхогийн халуун чулуу атгаж, шөл уух нь хий хуй, ядаргаанд тустай тул голдуу зун, намрын цагт уг хоолыг хийдэг. Ангийн болон малын махны алинаар ч хийхэд тохиромжтой боловч ихэвчлэн хонины махаар хийж заншжээ.


Ц бол Цол чимэг 

Эрийн гурван наадам болоод шагайн харваанд амжилт гаргасан бөх, харваач, хурдан морьд олгодог цол чимэг мөн л эртнээс уламжлалтай. Улмаар ХI зууны сүүлчээс бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн шувуудын нэрээр цол хүртээж, XII зууны дунд үеэс тулгат, шандас хэмээх чимэг нэмэгдсэн ба XIII зууны мөн дундаас өдгөө хүртэл хэрэглэгдэж буй начин, заан, арслан, аварга гэх мэт наадамд шөвгөрсөн бөхчүүдэд даваа давсан байдлаар цол олгодог болжээ. Өдгөө Үндэсний бөхийн цол нь дархан аварга, даян аварга, арслан, гарьд, заан, харцага, начин зэрэг бий.

Харин хурдан морьдод улс болоод бүсийн чанартай уралдаанд түрүүлж айрагдсанаар ангилан үзэж дархан түмний эх, түмний эх, даян түмний эх, идэр түмний эх зэрэг цол олгодог. Мөн унаач хүүхдэд нь Спортын мастер, Спортын дэд мастер цолууд өгдөг журам бий.

Сур харвааны хувьд 2016 онд цол тэмдэг олгох журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Улсын дархан мэргэн” цол олгодог болжээ. Байр эзэлсэн болон түрүүлсэн харваачдад улсын мэргэн, гоц харваач цол олгоно.

Үүнээс гадна шагайн харвааны төрөлд амжилт үзүүлсэн харваачдыг Улсын үлэмж дархан мэргэн, дархан мэргэн, гарамгай мэргэн, мэргэн, дэд мэргэн, харьшгүй мэргэн, аймгийн гоц гэх мэтээр дэс дараалан цол олгодог уламжлалтай.

Ч бол Чимчигнэсэн айраг

Таван тамсаг идээний нэг болох айраг нь цагаан идээний ундаан дотроос анагаах увидас ихтэй, анхилам үнэртэйгээрээ онцгой алдартай. Халх монголчууд зуны дэлгэр цаг, найр наадмын үеэр гүүний сүүгээр, Баруун монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг. Аймгууд дотроос Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд амт чанараараа онцгой ялгардаг.

Айраг нь А, С, В витаминаар баялаг ба найрлаганд нь хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагдаж байдаг. Айргийг хөхүүр ба хөрөнгөөр голчлон исгэх буюу "Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” -ийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгэжээ.


Э БОЛ Эрхэм алба хаагчид: Хүндэт харуул, цагдаа

Наадмын өдөр төрийн их Есөн хөлт Их цагаан тугийг залж хүндэт харуулууд ээлжлэн манадаг. Эрт цагаас эр цэргийн сор болсон залуусаа торгон цэрэг хэмээн цоллож, хаан ордноо хамгаалуулдаг байсан нь өдгөө цагт хүндэт харуул болон өргөжжээ. Одоо цагт хүндэт харуулын үүрэг нэмэгдэж, ёслол хийгээд харуул хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэх болсон.

Мөн Хүй долоон худгийн талбайд уяач, морьд, наадамчин олны зэрэгцээ цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэдэг. Жил бүр дунджаар 1000 гаруй цагдаа нар завьт эргүүл, морьт эргүүл хийж наадамчин олны аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

Ю бол Юнескод бүртгэгдсэн нь

Монгол түмний баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадам нь дэлхийн хаана ч үгүй соёлын илэрхийлэл, нүдний баясгалан болдог. Тиймдээ ч 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэж дэлхий даяар тунхаглагдсан юм.

Я бол Яиа, дараа жилийн наадам даанч хол байна даа 

Дараа жилийн наадмыг даанч хол байна даа гэсээр урин дулаан цагийг сэтгэлдээ хөнгөн үдэж, намрын их ажилдаа ханцуй шамлан орох нь нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйн нэгэн онцлог юм. Тиймдээ ч монголчууд "Наадмын дараа намар" хэмээн хэлж заншжээ.