Ээж болно гэхээр сэтгэл догдолно, бас барьц алдана. Энэ бол танил бус ертөнцийг хэвлийдээ бүрэлдүүлэх юутай ч харьцуулахын аргагүй, ер бусын мэдрэмж. Хэдийгээр бид мэдээллээр халгиж цалгисан цаг үед амьдарч байгаа ч эрүүл мэнд, сэтгэл зүй, хооллолт гээд жирэмслэлттэй холбоотой өдий төдий асуулт гарч ирсээр л байдаг. Тиймээс ч бид А-Я булангийнхаа шинэхэн нийтлэлийг тулгар биетэй бүсгүйчүүддээ зориуллаа.



а бол амьдралын эхлэл

Аавынх нь 400 сая гаруй эр эсээс ганцаараа шалгарч таны өндгөн эстэй нийлсэн үр хөврөл яг одоо хэвлийд тань тайван амгалан бойжиж байна. Шинэ амьдралын эхлэл цэг таны дотор бойжиж буй эсэхийг баттай шалгах хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга нь жирэмсний тест билээ. Зөвхөн жирэмсэн эмэгтэйн шээсэнд л гонадотропин буюу hCG даавар агуулагддаг тул бүдэг ч хамаагүй тест дээр хоёр зураас гарсан л бол та эргэлзээгүй бие давхар болжээ гэсэн үг. Цаашлах тусам таны шээсэн дэх hCG дааврын хэмжээ ихэсдэг учраас хэрвээ тестэнд эргэлзэж байвал хэдэн долоо хоногийн дараа дахин шалгаад үзээрэй. Мөн түүнчлэн хөх хөндүүрлэж томрох, хатгуулах, ядрамтгай болох, үтрээнээс их хэмжээний шингэн ялгарах, үнэрт мэдрэг болох гэх шинж тэмдгүүд жирэмсний эрт үед илэрнэ.

Б БОЛ БЭЛГИЙН ХАРИЛЦАА

Судалгаагаар, удахгүй аав, ээж болохоо мэдсэн хосын 50-80 хувь нь бэлгийн харилцаанд орох нь ургийг гэмтээх магадлалтай гэж сэрэмжилдэг ч эмч нар дуу нэгтэйгээр хэвийн жирэмслэлтийн явцад санаа зовох зүйл үгүй хэмээн зөвлөдөг. Харин ч таны бие дэх даавруудад өөрчлөлт орон аарцаг орчим дахь цусны эргэлт 40 хувиар нэмэгдсэнээс шалтгаалан сэрэл нэмэгдэж, хурьцахдаа хэвийн үеийнхээс илүү таашаал авах нь бий. Жирэмсэлчих вий хэмээн санаа зовох ч шаардлагагүй учир бүр л амар. Жирэмсний эхэн үеийн хордлого, ядаргаа болон зулбах вий гэх айдсаас үүдэн бэлгийн харилцаанаас зайлсхийж байгаа бол хайртдаа халуун дулаан үг хэлж, хоёр биенээ энхрийлэхээ бүү зогсоогоорой.

В БОЛ ВАКЦИН

Шинэ коронавирусийн дэгдэлт өндөр байгаа энэ үед вакцин хийлгэх тухай асуудал жирэмсэн эмэгтэй бүрийн санааг чилээж буй. Одоогийн байдлаар дэлхий дахинаа вакцин жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны ажил хийгдсээр байгаа бөгөөд ковид-19-ийн эсрэг вакцин нь Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эхчүүдэд хориглох заалттай байгаа юм.

Гэсэн хэдий ч халдвар авах өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа эсвэл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй ковид-19 тусвал хүндрэх эрсдэлтэй тул эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийлгэж болно гэж ДЭМБ-аас зөвлөсөн. Та дээрх тусгай заалтын дагуу вакцин хийлгэх шаардлагатай бол зайлшгүй хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай.


Г БОЛ ГАДААД ҮЗЭМЖ

Хүүхдийн хөдөлгөөн танд мэдрэгдэж эхэлдэг, жирэмсний дунд үед бие маш хөнгөн байхаас гадна царай гэрэлтэж, өнгө зүс эрс нэмэгддэг. Энэ үед үс, хумсны ургалт огцом идэвхжиж, арьс толийн, нүүрэн дээрх батганууд хүртэл ор сураггүй алга болно. Жирэмсэн үед үс болон хумсаа будах нь урагт хортой гэсэн яриа ээжүүдийн дунд байдаг ч одоог хүртэл хийгдсэн судалгаагаар жирэмсний хугацаанд үсээ будуулах нь урагт сөрөг нөлөө үзүүлсэн баримт илрээгүй. Гэхдээ ургийн аюулгүй байдлыг хангахын тулд жирэмсний дунд үе хүртэл харзнахад буруудах зүйлгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд үнэрт хэт мэдрэг болдог учраас үсээ будахаар шийдсэн бол агааржуулалт сайтай орчинд бээлий өмсөж аль болох гар болон биеийн бусад хэсэгтээ будаг хүргэлгүй будаарай.


Д БОЛ ДЕкрет

Жирэмсний группүүд дээр хамгийн их яригддаг асуудал нь “декрет” болохыг анзаарсан л биз дээ. Анхлан төрөх гэж буй бүсгүйчүүд хэзээнээс декрет авах, хэд орчим төгрөг авах, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ хэмээн эртнээс бодож эхэлдэг. Декрет авахын тулд 12 сарын турш НДШ төлсөн байх шаардлагатай бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь тасралтгүй төлсөн байх ёстой. Гэхдээ таны декрет авах сард төлсөн НДШ нь энэхүү хугацаанд тооцогдохгүй болохыг анхаараарай. Жишээлбэл, та тавдугаар 15-нд 31 долоо хоног хүрч листээ бичүүлэх бол тавдугаар сараас өмнөх саруудын нийлбэрээр декрет бодогдоно гэсэн үг. E-mongolia эсвэл НДЕГ-ын аппаас нийт шимтгэл төлөлтөө хялбархан харах боломжтой. Төрөхийн өмнөх листийг зөвхөн 31-32 долоо хоногтойд бичдэг учраас энэ хугацаанд багтаан декретээ хөөцөлдөх ёстой гэдгээ хэрхэвч мартаж болохгүй шүү.

Таны нэг жилийн турш авсан цалингийн хэмжээ, төрөхийн өмнөх болон дараах сарууд дахь ажлын өдрөөс шалтгаалан жирэмсний болон амаржсаны тэтгэмж ялгаатай дүнгээр бодогддог тул хөл хүнд болсон даруйдаа нягтлантайгаа уулзаж, тэтгэмжийн хэмжээгээ тооцуулаад авахад гэмгүй. Сайхан мэдээ дуулгахад, өнгөрсөн жил хүртэл сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг 12 сарын орлогын дунджаас 70 хувиар тооцдог байсан бол энэ хувь 2020 оноос албан даатгуулагчтай адил 100 хувь болж өсжээ.
Жирэмний тэтгэмж хэрхэн бодогддог тухай дэлгэрэнгүй тооцооллыг эндээс үзнэ үү.

Е БОЛ E-HALAMJ.MN

Монгол Улсын Засгийн газраас жирэмсэн эмэгтэй бүрд таван сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд сар болгон 40 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Хэдхэн жилийн өмнө энэ тэтгэмжийг авах нь хороон дээр өргөдөл бичих, эмчээс тодорхойлолт авах, банк орж цэнхэр дэвтэр бөглүүлэх гээд чамгүй явдал суудалтай ажил байсан билээ. Харин одоо бол ердөө халамжийн нэгдсэн системд хувийн дансаа бүртгүүлэхэд л хангалттай. Системд амжилттай бүртгүүлсэн ч таны мэдээлэл баталгаажихгүй арваас дээш хоносон бол яаралтай өрх болон дүүргийн хяналтын эмчтэйгээ холбогдоорой. 20 долоо хоногоос хэтэрч халамжийн системд бүртгүүлбэл өмнөх саруудад олгогдох байсан тэтгэмж нөхөж ордоггүй гэдгийг санууштай. Өөрөөр хэлбэл, таван сартайдаа эход үзүүлмэгцээ та шуудхан жирэмсний тэтгэмждээ бүртгүүлээрэй.


ё бол "ёох, ядарч байна"

Яг одоо энэ нийтлэлийг бичиж суугаа найман сартай жирэмсэн миний сүүлийн саруудад хамгийн олон удаа давтаж хэлсэн үг бол “Ёох, ядарч байна.” Жирэмслэлт бүхэн өөр хоорондоо адилгүй. Зарим эмэгтэйчүүд хүссэн бүхнээ идсээр үртэйгээ уулздаг бол зарим нэг нь эхний гурван сарын турш суултууртай найзлах нь бий. Арайхийж шарталтын мэдрэмжээс ангижрахад араас нь залгуулаад дааврын өөрчлөлт, илүүдэл жин, хөлийн хаван, умайн тонус гээд ядраах асуудлууд энэ есөн сард шил шилээ даран ундарсаар л байдаг.

Жирэмслэлт бол насан туршийн хайртайгаа учрахад бэлдэх аз жаргалтай есөн сар гэдэг нь үнэн ч нөгөө талдаа бидний тэсвэр тэвчээрийг шалгадаг хүндхэн аялал. Тиймдээ ч энэ аяллын турш санаа зовох зүйлгүйгээр ойр дотнын хүмүүсээсээ туслалцаа ав. Боломж гармагц хангалттай сайн амар. “Үгүй” гэдэг үгийг зоригтойгоор хэлж, өөрийн болон үрийнхээ тав тухыг нэгдүгээрт тавь. Хорвоогийн ямар ч гайхалтай төсөл, хэлэлцээрээс хамаагүй чухал ажил хийж байгаа гэдгээ үргэлж санаарай.

Ж БОЛ ЖИН

40 долоо хоногийн хугацаанд таны биеийн жин дунджаар 10-12 кг-аар хэлбэлзэнэ. Таны нэмсэн нийт жингийн 40 гаруй хувийг хүүхэд эзлэх бөгөөд үлдсэн хувийг цус ба илүүдэл шингэн, хөх, өгзөг, гуя, ургийн шингэн, эхэс зэрэг зүйлс бүрдүүлдэг. Жирэмсний үзлэг тутам эмч таны жинг хянаж, хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тохиолдолд эрүүл хооллолт болон биед тохирсон дасгал хөдөлгөөнийг зөвлөнө. Байх ёстой хэмжээнээс илүү жин нэмэх нь нурууны булчин хөшиж өвдөх, хөл хавагнах гээд олон таагүй шинж тэмдгийн урьдач шалтгаан болдог тул сэргийлэх нь чухал.

Ураг эрчимтэй өсөхтэй зэрэгцэн ээжийн хоолны дуршил ч нэмэгдэх хандлагатай. Дийлэнх ээжүүд хоёр хүн зэрэг тэжээж байгаа юм чинь жирийн үеэс хоёр дахин их идэх ёстой гэж боддог ч угтаа жирэмсэн үед 2200-2900 ккал илчлэг авахад хангалттай гэсэн судалгаа бий. Энгийн үеийнхээс багахан л нэмэгдүүлэхэд хангалттай гэсэн үг.

З БОЛ ЗӨВЛӨГӨӨ

Жирэмсэн болсон цагаас ээж, эгч, дотнын найз, тэр битгий хэл ажлын газрын одонтой эгч хүртэл үй түмэн зөвлөгөө өгч, алхаа гишгээ бүрд тань санаа тавих нь хэвийн үзэгдэл. Ялангуяа анхлан төрөх гэж буй бүсгүйчүүдэд ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө ч хангалтгүй санагдаж, нийгмийн сүлжээн дэх жирэмслэлттэй холбоотой бүхий л группүүдэд нэгдэн, хэдэн цагаар ч хамаагүй мэдээлэл бүрийг нь нэгд нэгэнгүй шүүрдэн унших нь бий. Гэвч үтрээнээс цус гарах, хэвлий орчмоор хүчтэй базалж өвдөх, хүүхдийн хөдөлгөөн мэдрэгдэхгүй болох зэрэг ноцтой шинж тэмдэг илрэх үед фэйсбүүк шагайхын оронд цаг алдалгүй эмчид хандан зөвлөгөө аваарай. Өөр ээжүүдэд тантай ижил шинж тэмдэг илэрсэн байж болох ч үүссэн шалтгаан, эдгээх арга зам нь ондоо байх магадлалтай тул мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх нь найдвартай арга зам.



И БОЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН

Мэдэж байна аа, бяцхан үрээ хүлээж суугаа та хүн бүхэн дасгал хөдөлгөөний тухай сонсохыг ч хүсэхгүй байгаа биз. Гэсэн ч жирэмслэлтийн хугацаанд өөрт тохирсон дасгал хийх нь танд төдийгүй хүүхдийн хөгжилд тустай. Наанадаж төрөлтийн дараа илүүдэл жин хасахад илүү хялбар байх юм. Жирэмсний иогоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн нуруу өвдөх нь харьцангуй бага байдаг бөгөөд амьсгалын дасгал тогтмол хийдэг тул дасгал хийдэггүй ээжүүдтэй харьцуулахад илүү хурдан, хүндрэл багатай төрдөг аж.

Дээр нь нэмээд дасгал хийдэг бие дээд зэргийн уян хатан байдаг учраас хүүхэд төрүүлэх чухал мөчид булчин нь хангалттай сайн сулрах давуу талтай. Орчин цагт жирэмсэн бүсгүйчүүдэд зориулсан төрөл бүрийн иогийн сургалтууд олширсон. Хэрэв сургалтад суух боломжгүй бол цахим орчноос энгийн дасгалууд хараад ч хийх боломжтой. Сонирхуулахад, алхах, усанд сэлэх болон иог хийх нь жирэмсэн эхчүүдэд тохирох шилдэг дасгалууд гэнэ.

К БОЛ КЕГЕЛ

Бие давхар болсон надад нэг хэсэгтээ хэрэг болохгүй биз гээд кегелийн бөмбөлгөө шүүгээнийхээ ёроолд хийчихсэн үү? Жирэмсэн үед кегелийн бөмбөлөг ашиглах нь оновчтой санаа биш ч үтрээний булчин чангалах энэхүү дасгалыг тогтмол хийх нь таны төсөөлснөөс ч илүү ид шидтэй шүү. Жирэмсний дунд сараас эхлэн кегелийн дасгал тогтмол хийснээр жирэмсний сүүл болон төрсний дараах эхний саруудад түгээмэл тохиолддог шээс дусагнах эмгэгт санаа зовох шаардлагагүй болдог. Түүнчлэн кегел нь аарцгийн доод булчинг хөгжүүлдэг болохоор төрөх үед буруу дүлэх, хярзан хайчлах мэс ажилбар болон урагдалтаас сэргийлнэ. Кегелийн дасгал хийхэд тохиромжгүй өдөр, байрлал, хугацаа гэж огтхон ч байхгүй тул яг одооноос эхэлсэн ч болох. Бөмбөлгийн тусламжгүйгээр хэрхэн яаж зөв хийхээ мэдэхгүй байгаа бол энэ нийтлэлийг уншаарай.

Л БОЛ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ

Жирэмсний явцад хүүхдийн хөгжил хэвийн бус байгаа эсэхийг тодруулах төрөл бүрийн оношилгоо, шинжилгээг эмч танд санал болгоно. Цусны дэлгэрэнгүй, биохими, шээс гэхчлэн ерөнхий шинжилгээг анхны үзлэгийн явцад жирэмсэн эх бүр хийлгэдэг бол заримыг нь ямар нэг сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд хийдэг. Жишээлбэл, эхээс урагт дамжих магадлалтай олон төрлийн халдварыг TORCH-ийн шинжилгээний тусламжтай эрт үед нь илрүүлэх боломжтой. Эхний жирэмслэлт дээр шээсний шинжилгээний хариу уураг алдалттай, үрэвсэлтэй гэж гарсан ч эмчилгээ хийлгэхгүй явсаар бөөрний үрэвслээ хүндрүүлсэн гашуун туршлага надад бий.

Тийм ч учраас анхлан төрөх гэж буй ээжүүддээ аль болох эрт хяналтдаа орох, шаардлагатай бүх шинжилгээнүүдийг өгөх, хэвийн бус хариу гарсан тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ хийлгэхийг зөвлөе.


М БОЛ МЭДЭЭЛЭЛ

Дээр дурдсанчлан бие давхар бүсгүйчүүд өөрт тулгарах олон асуултын хариу, зөвлөгөөг дан ганц цахим орчноос авах нь тун эрсдэлтэй. Гэвч бодит амьдрал дээр бид жижигхэн асуудал тулгарах бүрийд эмч дээр очих боломж хязгаарлагдмал шүү дээ. Ийм нөхцөлд мэргэжлийн хүн гар бие оролцон бүтээсэн жирэмсний апп, төрөл бүрийн номуудтай найзлахаас өөр гарцгүй. Дэлхийд алдартай Pregnancy, Ovia болон монгол ээжүүдийн хамтран бүтээсэн Hello baby аппыг танд санал болгоё.

Номын тухайд гэвэл, жирэмсэн эхчүүдийн "библи” гэж нэрлэгддэг “What to Expect When You're Expecting” бүтээлээс чамгүй их мэдээлэл цуглуулах боломжтой. Ташрамд дурдахад, дээрх ном “Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?” нэрээр хэвлэгдэн гарсан буй.

Н БОЛ НОЙР ХААЧИВ?

Төрсний дараах эхний хэдэн сар бараг бүх ээж “бүтэн нойртой хонох” гэсэн ганц мөрөөдөлтэй болдог. Гэвч хяслантай нь өнөөх хүслэн болсон нойр жирэмсний саруудад хаашаа ч юм мэдэхгүй хулжин одно. Хүүхэд идэвхтэй хөдлөх, шээс ойр ойрхон хүрэх, тухтай байрлалаа олж чадахгүй хөрвөөх гээд олон шалтгаанаас болж нойргүйдэх нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд элбэг. Нойртой холбоотой асуудлыг шийдэх хялбар аргуудаас дурдвал:

- Аль болох зүүн талаараа унтаж, гуяныхаа доор дэр тавьж өндөрлө. Боломжтой бол зориулалтын жирэмсний дэр худалдан ав. Дэр бол жирэмсний сүүлийн саруудад бөх унтахад туслах үнэнч туслах.
- Оройн цагаар чихэрлэг зүйл бага ид, шингэнээ ч мөн хязгаарла. Шингэн зүйл уумаар байвал балжингармын хандтай цай уу.
- Утсаа өөрөөсөө хол тавь, нөгөө өрөөндөө орхи. Дэлгэцийн цэнхэр гэрэл бүр л хулжаах болно.
- Унтахын өмнө халуун, бүлээн усанд хэвтэж, тайвшруулах амьсгалын дасгал хий. Нөхрөөрөө толгой, хүзүүний иллэг хийлгэх нь мөн чангарсан булчингуудыг суллахад ач тустай.

о бол онцгой жирэмслэлт 

Дийлэнх эхчүүдийн жирэмсний явц хэвийн, байгалийн жамаар явагддаг боловч зарим нэг тохиолдолд хүндрэл гарч болзошгүй. Эхийн биеийн байдал тааруу, жин хэт бага эсвэл их, цус багадалт болон чихрийн шижин гээд суурь өвчинтэй, ихэр хүүхэдтэй үед эмч танд болон урагт илүү их анхаарал хандуулж, тусгай хяналтад авах шаардлага гарч болох. Гэхдээ сэтгэлээ айхавтар чилээх шаардлагагүй, таны жирэмслэлт бусдаас онцгой байгаа нь эрсдэлтэй гэсэн үг огтхон ч биш. Хяналтын үзлэгтээ маш хариуцлагатай хандаж, өөртөө ачаалал өгөлгүй, амгалан тайван байгаарай.



Ө БОЛ ӨТГӨН ХАТАЛТ 

Жирэмсэн эмэгтэйн бие дэх прогестероны түвшин болон ургийн өсөлтөөс хамаараад бүдүүн гэдэсний түгжрэл үүсэх, өтгөн хатах нь элбэг үзэгдэл. Ислэг ихтэй бүтээгдэхүүн идэж, тогтмол дасгал хийвэл бодисын солилцоо тань хэвийн явагдана. Овьёос, хар чавга, навчит ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэж, боловсруулсан нүүрс уснаас (цагаан гурил, будаа, гоймон) аль болох татгалзаарай. Өтгөн хаталттай тэмцэхийн тулд шингэн хангалттай уух ёстойг мартаж болохгүй. Ус уухаа мартаад байдаг бол тогтмол цагт шингэн уухыг сануулдаг тусгай апп утсан дээрээ татаад авчих.

Ээжийн биед болон ургийн хөгжилд ашиг тустай төрөл бүрийн амин дэмүүд (ялангуяа төмрийн бэлдмэл) өтгөн хатаах хандлагатай байдгийг энэ ташрамд сануулъя. Хэрэв витамин уух үед өтгөн хатаад байвал эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нэр төрлийг нь сольж, хэмжээг нь багасгаваас зохилтой.

П бол Пре-эклампс 

Пре-эклампс буюу жирэмсний хожуу үеийн хордлого нь цусны даралт ихэссэнтэй холбоотой эхчүүдийн биед илэрдэг хүндрэл юм. Хэрэв таны цусны даралт жирэмсний эхний хагаст өндөр түвшинд хүрч, шээсний шинжилгээ уураг алдалттай гарвал та пре-эклампстай байх магадлалтай гэсэн үг. Гар болон хөл орчмоор огцом хавагнах, нүдэнд оч харагдах, толгой хүчтэй өвдөх, биеийн жин долоо хоногт хоёр кг-аас дээш нэмэгдэх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай хяналтын эмчдээ үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөрэй. Хэрэв та жирэмсний 37 хоног хүрээгүй, пре-эклампсийн хөнгөн хэлбэртэй хэмээн оношлогдсон бол тогтмол цусны даралтаа хэмжих ёстой. Сүүлийн үеийн ухаалаг цагууд бараг бүгд цусны даралт хэмждэг тул ийм тохиолдолд ухаалаг цагаа биеэсээ бүү салга.

Олон улсад пре-эклампсийн эрсдэлийг бууруулахын тулд эхчүүдэд аспирин С, кальцийн нэмэлт санал болгодог. Гэхдээ эмчийн зааваргүйгээр дур мэдэн аспирин ууж болохгүйг анхаарна уу.


Р БОЛ РЕЗУС

Жирэмсний хяналтын анхны үзлэгээр таны цус резус сөрөг, нэмэхийн аль нь болохыг шинжилгээгээр тодруулаад өгнө. Хэрэв эхийн цус сөрөг резустай, харин хүүхдийнх эерэг байх юм бол хүүхдэд аюултай байдал үүсдэг. Rh (резус фактор) сөрөг хүний дархлалын систем нь эерэг бүлгийн цусыг түүнийг устгах эсрэг биет хэмээн таньж, бактерийн халдварын эсрэг довтолж байгаа мэт хүүхдийн цус руу довтолдог учраас тэр. Анхны хүүхэд дээр сөрөг нөлөө учрахгүй байж болох ч дараа дараагийн жирэмслэлт дээр хүндрэл гарах магадлалтай. Олон улсын туршлагаар, тус хүндрэлээс сэргийлэх зорилгоор сөрөг резустай бүх эмэгтэйчүүдэд жирэмсний 28-34 долоо хоногтойд “анти-Д” вакцин хийдэг.


С БОЛ СЭТГЭЛ ГУТРАЛ

Бие махбод толгой эргэм олон дааврын дайралтад өртөж байгаагаас үүдэн таны сэтгэл санаа есөн сарын турш яг л өсвөр насны үеийнх шиг хэлбэлзэж өгнө. Жирэмсний хордлого, цээж хорсолт, нурууны өвдөлт гэх мэт шинж тэмдгүүд сэтгэлзүйд хүнд тусах нь бий. Жижиг зүйл дээр ч хэт баярлаж хөөрөх, заримдаа гутарч, сэтгэлээр унах нь жирэмслэлтийн явцад хэвийн үзэгдэл ч нийт жирэмсэн ээжүүдийн 15 орчим хувьд удаан хугацааны сэтгэл зовоосон асуудлаас шалтгаалсан сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагддаг байна.

Сэтгэл гутралыг тоолгүй орхивол бага жинтэй нярай төрөх, зулбах, түүгээр ч барахгүй төрсний дараах сэтгэл гутралд үргэлжлүүлэн өртөх аюултай. Ээжийн сэтгэлзүйн байдал урагт ихээхэн нөлөөлдөг учраас сэтгэлзүйн эрүүл мэндээ сайтар анхаарах хэрэгтэй юм шүү. Үнэхээр хүнд байвал, дангаар шийдвэрлэж чадахгүй байвал нэн даруй мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь ухаалаг шийдвэр билээ.

Т БОЛ ТӨРӨХ БЭЛТГЭЛ

Монголчууд эртнээс “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” хэмээж, удахгүй төрөх нярайд шинэ зүйлс бэлдэхээс цээрлэж ирсэн. Гэвч орчин цагт төрөхөөс дор хаяж нэг сарын өмнө хүүхдэд болон өөртөө хэрэгцээтэй бүх зүйлс бэлэн эсэхийг шалгаж, төрсний дараах ажлыг хөнгөвчлөн, шаардлагатай хүнс бас бусад зүйлсийг бэлдэх нь зүйтэй. Дөнгөж нярайлсан ээж нэг сар хүйтэн маханд гар хүрэлгүй гам барьдаг тул хоолны махаа бэлдэж тавихаас авхуулаад ажил их. Улсын эмнэлгүүд төрөхөөр ирэх үедээ юу авчрах ёстойг урьдчилан жагсаасан байдаг. Жагсаалтын дагуу хэрэгцээтэй бүх зүйлсээ нэг том торонд (халдвар хамгааллын дэглэмээс үүдэн цүнх оруулдаггүй) бэлдэж, шууд авч гарахаар өөрт ойр тавиарай.

Төрсний дараа шавхарга их хэмжээгээр гардаг тул дэвсдэг, өмсдөг том хүний памперс болон хангалттай урт ариун цэврийн хэрэглэл ахиухан бэлдэх хэрэгтэй шүү. Найрлагадаа дермакрем агуулсан "Naturella" ариун цэврийн хэрэглэл төрсний дараах эмзэгшсэн арьсыг хамгаалж, элдэв харшил үүсгэхээс сэргийлдэг. Амьдралынхаа чухал мөчид хамгийн найдвартай, эко бүтээгдэхүүнийг сонгох нь чухал гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

У БОЛ УРГИЙН БОЛОВСРОЛ 

Жирэмсний дунд гурван сарын сүүл буюу 28 долоо хоногоос ургийн нүд бүрэн нээгдэж, сонсгол сайтар хөгжсөн байдаг. Энэ үеэр түүнд сонгодог хөгжим, төрөл бүрийн ном уншиж өгөх нь хөгжмийн болоод хэл ярианы боловсролд нь тустай гэх явган яриа бий ч шинжлэх ухаанаар хараахан батлагдаагүй. Харин ч гэдсэнд байхаас нь хүүхдийн тархийг хөгжүүлэх гэж их хичээвэл насанд нь ахадсан дарамт шахалт болох магадлалтай.


Ү БОЛ ҮТРЭЭНИЙ СУНАЛТ

Жирэмсэн үед таны умайн хүзүүний амсар хүүхдийн хэвийн хөгжлийг хангах үүднээс хаалттай байдаг бол төрөх дөхөхөд аажмаар нээгддэг. Умайн хүзүүний амсар 10 хуруу нээгдмэгц та үртэйгээ уулзахад бэлэн болно. 10 см нээгдсэн бидний үтрээ байгалиасаа ер бусын уян хатан учраас хүүхэд төрүүлэх хэмжээнд тэлж үүргээ гүйцэтгэчхээд хэдхэн долоо хоногийн дараа урьдын хэвэндээ орж чаддаг. Гайхалтай биш гэж үү?

Ф БОЛ ФОЛИЙН ХҮЧИЛ

Фолийн хүчлийг зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүд уудаг юм биш. Эмч нар жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд ч өдөр бүр уухыг зөвлөдөг. Энэ нь ургийн тархины хөгжил саатах, нугасны ивэрхий үүсэх (спина бифида) гэх мэт мэдрэлийн тогтолцооны гажгаас сэргийлдэг, маш чухал бэлдмэл юм. Хүүхдийн нугасны гадуур байдаг бүрхүүл нь жирэмсний эрт үед хэлбэржиж эхэлдэг бөгөөд фолийн хүчил дутагдвал энэ бүрхүүл уртаашаа тэлж чадахгүйд хүрч улмаар нугасны ивэрхий үүсдэг. Жирэмсний эхэн саруудад фолийн хүчил хэрэглэх нь хүүхдэд энэхүү гаж хөгжил үүсэх эрсдэлийг 70 хувь бууруулдаг болох нь судалгаагаар батлагджээ.

Ногоон навчит ногоо, цитрусын бүлгийн жимс гээд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд фолийн хүчил агуулагддаг ч таны хүүхдийг хамгаалахуйц хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай. Иймээс та эмчийн заавраар 12 долоо хоног хүртэл фолийн хүчлийн шахмал уух хэрэгтэй.

Х БОЛ ХОРДЛОГО

Өглөө сэрэнгүүт шөнөжингөө наргиж хоносон мэт шартсан мэдрэмж төрж, шуудхан суултуурын зүг хар эрчээрээ гүйх нь ямар хэцүү зүйл болохыг зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүд л гадарлах байх. Өчүүхэн төдий хурц үнэр авмагц угаалгын өрөө орох шаардлагатай нөхцөлд хангалттай хэмжээний хоол хүнс хэрэглэнэ гэдэг хүнд даваа. Гэвч ходоод хоосон үед хордлого их байдгийг мартаж болохгүй. Энэ нь өлөн үед ходоодноос ялгарч байгаа хүчиллэг шүүс ходоодны ханыг цочроодгоос үүдэлтэй юм. Тиймээс жаахан ч болов юм идэлгүйгээр орноосоо өндийж болохгүй. Жигнэмэг, самар, сухарь гэх мэт ямар нэг хуурай, цардууллаг, үнэргүй амттан нь хүчлийг бууруулахад эерэг нөлөөтэй.

Дээр нь нэмээд цагаан гааг хүнсэндээ түлхүү хэрэглэ, ходоодоо эргэтэл бөөлжсөнийхөө дараа цагаан гаатай цай ууж дотроо онгойлго. Эрдэмтэд одоог хүртэл цагаан гаанд ямар бодис агуулагддаг болоод хордлогод сайнаар нөлөөлдөг болохыг олж тогтоогоогүй ч энэ ургамал хэцүүхэн өдрүүдэд үнэхээр ач тустай юм шүү.


Ц БОЛ ЦУС БАГАДАЛТ

Жирэмслэлтийн үед ургаас шалтгаалсан төмрийн нэмэлт хэрэгцээг хангах, төрөх явцад цус алдахаас урьдчилан сэргийлж төмрийн дутагдлыг зайлшгүй нөхөх шаардлагатай. Хэрэв цусны шинжилгээгээр цус багадалт илэрсэн бол эмч танд тохирох тун бүхий төмрийн бэлдмэл бичиж өгнө. Төмрийн бэлдмэлийг өдрийн хоолоо идсэний дараа жимсний шүүсээр даруулж уувал зохимжтой бөгөөд хоёр цагийн турш сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал зүгээр. Эс бөгөөс дотор муухайрах, өтгөн хатах шинж тэмдэг илрэх магадлалтай. Төмрийн бэлдмэл хэрэглэх явцад өтгөн хар өнгөтэй болдог тул хараад бүү сандраарай.

Ч бол Чийгшүүлэх, бас дахин чийгшүүлэх 

Язралтаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол чийгшүүлэх тос. Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, язралтаас сэргийлэх чийгшүүлэгч тос дэлгүүрт ёоз ёозоорой бий. Чийгшүүлэгч тос түрхэхдээ зөвхөн хэвлийдээ бус, хөх, гуя, өгзөг гээд биеийнхээ бүх хэсэгт хангалттай (энгийн үеийнхээс илүү) түрхэх ёстойг мартав зай.

Ш БОЛ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНС

Хэвлий дэх хүүхдийн хоол тэжээлээ авах цорын ганц эх үүсвэр бол та. Жирэмсэн байх хугацаандаа аль болох олон төрлийн, чанартай хоол идэх хэрэгтэй. Гэхдээ хэр их идэх нь бус, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэж буй эсэх нь чухал юм шүү. Хувийн туршлагаас харахад, гэдэс томрох тусам нэг суурин дээр хэт их идсэний уршгаар гэдэс цанхайх, амьсгал давчдах, ходоод хямрах магадлалтай байдаг учраас аль болох бага хэмжээгээр 2-3 цагийн зайтай хооллоорой. Мөн ус ууж өлсөх мэдрэмжийг хэсэгтээ хуурч болох юм.

Хүүхэд амьдралынхаа эхний 1000 өдрийн туршид буюу эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлэн хоёр насны төрсөн өдөр хүртлээ хоол хүнснээс хангалттай шим тэжээл авч чадвал насан туршдаа эрүүл амьдрах нөхцөл бүрддэг хэмээн эрдэмтэд дүгнэсэн нь бий. Эрүүл хооллолт уураг тархиных нь хөгжлийг дэмжиж, цаашлаад сургууль болон ажилдаа амжилт гаргахад нөлөөлдөг байна.



Э бол Эмнэлэг 

Жирэмсний эхний үзлэгтээ ормогц хяналтын эмч хаана төрөхөөр шийдсэнийг тань асуух болно. ЭМД төлөгч жирэмсэн эмэгтэй өөрийн харьяа дүүргийнхээ амаржих эмнэлэгт үнэ төлбөргүй төрөх эрхтэй. Хэрэв та хүүхдээ улсын бус, хувийн төрөх эмнэлэгт төрүүлэхээр шийдсэн бол эртнээс тухайн эмнэлгийнхээ жирэмсний хяналтын багцад хамрагдаарай. Хувийн төрөх эмнэлгийн жирэмний хяналтын болон төрөх багц, ор хоног, төрөл бүрийн шинжилгээний төлбөр тусдаа тооцогдох нь элбэг тул шийдвэр гаргахаасаа өмнө хувийн эмнэлэгт амаржсан ойр дотнын хүмүүсээсээ нийт гаргасан зардлыг нь асуугаад үзэхэд илүүдэхгүй.

Ю бол Юу юугүй төрөх нь ээ

Есөн сар, 40 долоо хоногийн аялал дуусаж, та төрөхөд бэлэн боллоо. Урт удаан хүлээсний эцэст сэтгэл догдлох нь мэдээжийн хэрэг. 40 долоо хоног гүйцсэн ч хүүхэд төрөх шинжгүй байвал харьяа төрөх эмнэлгийнхээ амбулаторид дотуур үзлэг хийлгэн, умайн хүзүү нээгдсэн эсэхийг шалгуулах нь зөв. Хүүхэд хугацаанаасаа наана цаана хоёр долоо хоногийн хэлбэлзэлтэй төрөх нь хэвийн үзэгдэл учраас сандрах хэрэггүй.

Харин бараг бүх эмэгтэйчүүдийн мэдэх, сарын тэмдгийн үед илэрдэг, хэвлийгээр хүчтэй базлах шинж тэмдэг ойр ойр мэдрэгдэж байвал өвдөлт өгч эхэллээ гэсэн үг. Базалж эхэлмэгц нэг цагийн турш давтамж болон үргэлжлэх хугацааг нь ажиглаарай. Базлалтыг хялбар бүртгэх боломжтой Contraction Timer аппыг утсандаа суулгаж, базлалт хоорондын хугацаа тогтворжмогц эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Базлалт улам хүчтэй, наад зах нь 40 секунд үргэлжлэх нь төрөлт эхэлж буйг илтгэсэн дохио. Эмнэлэг дээр очсон хойноо ч базлалт хоорондын хугацааг тооцохоо мартаж болохгүй шүү.

Я бол язралт

Хэвлий дэх ураг томорч, арьс тэлэгдэх тусам арьсан доорх эдүүд сунаж урагдсаны улмаас язралт гэгч гайхал үүсдэг. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг 90 гаруй хувийнх нь арьс их бага ямар нэгэн хэмжээгээр язардаг. Арьс язрахад үүссэн сорви бүрэн арилах нь ховор ч заримдаа төрсний дараа бүдгэрэн мөнгөлөг зураас үлдэх нь бий. Язралтаас бүрэн сэргийлэх боломжгүй ч хэт их жин нэмэхгүй байх, С амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, чийгшүүлэгч тос тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэхэд нэмэртэй.



Охиноо төрүүлсний дараах нэгэн хөгтэй явдал санаанаас минь огтхон ч гардаггүй. Дөнгөж төрсөн нярайн зунгаг маш наалдамхай шинж чанартай гэдгийг надад өмнө нь хэн ч хэлээгүй тул бараг бүтэн уут нойтон салфеткаг зөвхөн зунгаг арилгахад ашиглаж, шөнийн гурван цагт эмнэлэг даяар нойтон салфетканы эрэлд гарч байсан юм. Нярай хүүхэд өдөрт олон удаа шээдэг гэдгийг бас л мэдэхгүй байсан тул эмнэлэгт авч очсон памперс хэдхэн цагийн дотор дуусчихсан түүхтэй.

Та хэдний өдөр, ямар нөхцөл байдалтай эмнэлэгт хүргэгдэхийг хэн ч тааварлах боломжгүй учраас нярайд хэрэглэх памперс болон нойтон салфеткаг хангалттай нөөцлөөрэй. Сонирхуулахад, Номин супермаркетын бүх салбар болон take.mn-ээс энэ сарыг дуустал Pampers живх худалдан аваад UNI хүүхдийн хувцас зайлагч бэлгэнд авах боломжтой юм билээ шүү. Хэрэв та удахгүй төрөх нярайдаа хэрэгцээт зүйлсийг нь цуглуулаад эхэлчихсэн бол энэ урамшууллыг ашиглаад нэг сумаар хоёр туулай буудаарай.