Хувь хүний хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх программ хөгжүүлэгч “Doist” компани нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд дэлхийн 30 гаруй орны 1700 хүнээс өнгөрсөн онд тохиосон амжилт, бүтэлгүйтлийнхээ түүхийг хуваалцахыг хүссэн байна. Оролцогчид 2020 онд тавьсан зорилгууд, биелэлтийн тухайгаа болон энэ онд юу төлөвлөж буйгаа ярьжээ. Уг судалгааны зорилго нь хүмүүс урдаа тавьсан зорилго, төлөвлөгөөндөө хүрэхэд юу хамгийн их нөлөөлж, хэрхэн өөрчилж шинэчилж буйг олж мэдэх юм. 2020 он бол цар тахал нүүрлэж, дэлхийн өнцөг булан бүрд хөл хорио тогтоосон амаргүй жил байсан. Гэнэтийн шийдвэр, төсөөлөөгүй сорилтоор дүүрэн энэ цаг үед хүмүүс хэрхэн зорилгодоо хүрэхээр уян хатан ажиллаж буйг сонирхуулъя. 

2020 оныг хэрхэн давав? 

Цар тахлын улмаас хүн бүрд гэнэтийн үйл явдал олон тохиосон ч судалгаанд оролцогчдын 27 хувь нь ихэнх зорилгодоо, 38 хувь нь заримд нь хүрсэн хэмээн хариулжээ. Харин 5.5 хувь нь төлөвлөгөөт бүх ажлуудаа гүйцээсэн хэмээжээ.

Зорилгодоо хүрэхэд хамгийн дөхөм болсон арга барилын тухайд алхам алхмаар тодорхойлсон төлөвлөгөө илүү үр дүнтэй байжээ. Мөн тэмдэглэлийн дэвтэр, гар утасны апп дээр хүрэх үйл явцаа мөшгөж явах нь чухал аргын нэг байв. Харин зорилгодоо хүрсний дараа өөрийгөө урамшуулах, бусадтай хуваалцаж, амлалт өгөх нь тийм ч чухал нөлөөгүй гэж үзжээ. “Netflix”-ийн “100 humans” цувралаар хүмүүсийг хоёр багт хувааж, нэгэнд нь мөнгө амлаж, нөгөөхөд зөвхөн хөгжилтэй байхыг хүсэхэд эцсийн үр дүнд мөнгөний сураг сонсоогүй баг тэмцээнд түрүүлсэн нь материаллаг зүйлс богино хугацаанд зорилгоо биелүүлэхэд тусалж болох ч сэтгэл ханамж өгч чадахгүйг харж болно.

Тэгвэл оролцогчдоос зорилгодоо ямар аргаар хүрэх нь үр дүнтэй болохыг лавлахад урт хугацаа шаардах дадал зуршлыг өдөр тутамд хийж болох жижиг алхмуудад хувааж, мөрөөдлийн бус бодит төлөвлөгөө зохиох нь хамгийн чухал гэж үзжээ.

Хүмүүсийн бүтэлгүйтсэн зорилгуудыг ангилбал хамгийн өндөр хувийг эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнтэй холбоотой төлөвлөгөө эзэлсэн нь ихэнх хүмүүсийн толгойд жингээ хасах, эрүүл хооллохоос эхлээд олон мөрөөдөл хөвөрдгийг харуулна. Удаах бүтэлгүйтлийн жагсаалтад карьер болон боловсролтой холбоотой зорилгууд багтжээ. Ихэнх залуус оны босгон дээр хэлээ сайжруулна, онлайн хичээлд хамрагдана гэх сайхан зорилтыг сийрүүлж бичдэг болов уу. Энэ бүхэн мэдээж хэрэг амархан зорилтууд биш. Гэхдээ тэд бууж өгөөгүй шүү. Тэдний 85 хувь нь уг зорилгодоо хүрэхээр энэ жил илүү хичээж ажиллана гэсэн байна лээ.

Сонирхолтой нь, 2021 онд шинэ зорилго тавьсан хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхдөдөө цаг гаргаж, анхаарал тавихад ихээхэн ач холбогдол өгчээ. Шинэ зорилго тавьж буй хүмүүсийн ихэнх нь эрүүл мэнд, боловсролтой холбоотой зорилгуудыг чухалчилдаг бол энэ оны тухайд тун өвөрмөц үр дүн гарсан нь хүн хоорондын харилцааг эрхэмлэсэн явдал байв.

Насны онцлогоор ангилах нь 

Gen Z буюу нэн залуу үеийнхний хувьд эрүүл мэндтэй холбоотой асуудлыг 55 насныхантай адил түвшинд чухалчилж, нэн тэргүүнд анхаарал хандуулах учиртай хэмээн үзжээ. Ялангуяа, сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг даван туулахад амаргүй хэмээн үзэж буй тул санаа зовних болсон байна.

Тэгвэл "Урдаа тавьсан зорилгодоо хүрэхэд хамгийн саад болж байсан зүйл?" хэмээх асуултад 55-аас дээш насныхан урам зориг, мотивацыг онцолсон бол миллениалууд мэдрэлийн ядаргаа, стресстэй холбоотой асуудлыг хөнджээ. Ямар ч насныханд тулгардаг хамгийн том бэрхшээл нь урам зориг, эрч хүчээр дутах, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй уурлах, уцаарлах зэрэг байв.

  • 55-аад насныханд эрч хүч, энергээр дутах үе гарсан ч сэтгэлзүйн хувьд хамгийн тогтвортой байв.
  • 40-өөд насныханд анхаарлаа төвлөрүүлэх нь багагүй сорилт болж байна.
  • 30-аад насныханд гэр бүл, хүүхэдтэй холбоотой үүрэг хариуцлагыг биелүүлэхэд амаргүй байгаа гэв.
  • Сонирхолтой нь, мөнгө санхүүгийн асуудлыг аль ч насныхан зорилгоо биелүүлэхэд саад болж буй бэрхшээлд тооцсонгүй. Жагсаалтын хамгийн сүүлд оруулжээ.

Сара Бэйквэллийн "Хэрхэн амьдрах вэ?" номд прагматик философийг баримталдаг стоик, эпикуристуудийн тухай онцолсон байдаг. "Тэднийхээр, амьдралын сайхныг мэдрэхэд хүмүүний хоёр сул тал саад болдог. Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, өнөө цагтаа төвлөрч чадахгүй байх. Энэ хоёрын учрыг олоод удирдаж, төвлөрөөд дадчих юм бол бусад асуудал аяндаа зүгшрэх аж. Иймд шууд амлан дайрахын оронд жишүү өнцгөөс шурган орж, өөрийгөө аажимдаа дадуулах хэрэгтэй" хэмээсэн. МЭӨ IV зууны философичид тун энгийнээр орчин цагийн хүн төрөлхтний толгойны өвчнийг тодорхойлсон хэрэг.

Жендерээр хараад үзвэл 

Судалгаанд оролцогчдоос эрэгтэйчүүд ихэнх зорилгодоо хүрсэн хэмээн итгэлтэй хариулжээ. Тэдний 10 хувь нь бүх зорилгодоо хүрсэн хэмээсэн бол эмэгтэйчүүдийн хувьд таван хувьтай байв. Эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн асуудал илүүтэй тулгарсан бол эрчүүдэд эрч хүч, урам зоригоор дутах нь гол асуудал болсон гэж байв. Хөл хорионы үед хүүхэд асрах, гэрийн ажил хийх эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага хоёр дахин нэмэгдэж, эрчүүдтэй харьцуулахад гурав дахин их ачаалал үүрч буйг НҮБ-ын судалгаанд дурдсан. Мөн цар тахлын голомт, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийн 75 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй тул эмэгтэйчүүд цар тахлын үед ачааны хүндийг үүрсээр буйг илтгэж байна. Мөн эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад илүү олон төрлийн зорилго тавьж, ойр дотнынхон, гэр бүлтэйгээ хуваалцахыг хүсдэг бол эрчүүд аль болох тайван орчинд амрахыг илүүд үздэг ажээ.

Бүтээмжийн тухай үлгэр домог мэт ярианууд

Бид бүтээмжтэй байх, тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх тухай амжилттай яваа олон эрхмийн түүх, арга барилыг уншиж, сонсож ирсэн. Тэднийг даган дуурайж, туршиж үзсэн хүмүүс хэдэн саяараа бий. Аливаа үр дүнд хүрэхэд нууц гэж байдаг бол тэр нь нэг зүйлд маш сайн төвлөрөх болохыг агуу уран барималч Микелажело Буонаррато өөрийн амьдралын түүхээр харуулсан. Тэрбээр өөр юунд ч сатааралгүй зөвхөн баримлаа барин суудаг байсан юм. Харин суут хөгжмийн зохиолч Моцартын арга барил огт өөр байв. Тэрээр хэд хэдэн томоохон бүтээлийг нэгэн зэрэг бичиж, олон ажлыг нэг дор амжуулдаг байсан аж. Үүнээс үзэхэд хүний амьдралын хэв маяг, бие физиологийн онцлогоос шалтгаалан бүтээмжтэй байх ялгаатай арга барилууд зохицох тул алдартай хүмүүсийн арга барилыг шууд хуулбарлах гэж оролдох нь таарахгүй хувцсаа өмсөх гэж үзэж буйтай адил билээ.

Алдартнуудын дээрх арга барилыг урам зориг авах түлхэц болгохоос, шүтэн биширч даган дуурайх нь тийм ч тохиромжтой биш билээ. “Deep work” номын зохиолч Кал Ньюпортын өгүүлснээр хүн өдөрт хамгийн дээд тал нь 3-4 цаг үр бүтээлтэй ажиллах боломжтойг онцолж, гүн төвлөрч ажиллах цаг гаргах хэд хэдэн арга байдгийг дэлгэрэнгүй тайлбарласан.“Бүтээмжтэй байна гэдэг цагийн менежментийн тухай ойлголт биш. Зөвхөн цаг хугацааг зохицуулахад төвлөрөөд байвал хэр их цагийг дэмий өнгөрүүлсэндээ л харамссаар байх болно. Бүтээмж болон бүтээлч сэтгэлгээ хоёр урвуу хамааралтай. Бүтээмж нь илүү анхаарал төвлөрөл шаарддаг бол бүтээлч сэтгэлгээ олон зүйлд сатаарч, ургуулан бодох тухай юм” хэмээн “Өгөх, авах ухаан” номын зохиогч Адам Грант өгүүлсэн билээ. Тиймээс олон сэтгэлзүйч “Сайн амарч, сайхан унтаад ав” гэж хэлдэг нь учиртай. Энэ бүхэн энергээ хэрхэн сайн нөхөж, юунд зарцуулах тухай асуудал юм шүү.

Нийтлэлийн агуулга болон зургийг "Doist.com" вэбсайт дахь хувь хүний хөгжлийн контентуудаас эх сурвалж болгов.