Бичнэ гэдэг бодол санаагаа уудалж, толгой доторх цоожтой хаалгаа тогших аялал гэлтэй. Нэрт яруу найрагч М.Цэдэндорж "Өглөө бүр биеийн хөдөлгөөний дасгал хийдэг шиг оюун ухааны дасгал хийж, өөрийн хүслийн тухай 20 минут бодож бай. 5000 хуудастай ном уншсанаас илүү юм өгдөг юм" хэмээсэн билээ. Найруулан бичих эрдэмд суралцаж буй хэн бүхэнд зориулан дэлхийд алдартай зохиолч, яруу найрагчдын "MasterClass"-ийн хичээлээс онцолж байна. Ингэхдээ бид цуврал хичээлийн үеэр ярьсан зарим сонирхолтой хэсгийг эшлэл болгон түүвэрлэлээ. 

Малкольм Гладвэлл

"The New Yorker" сэтгүүлийн нийтлэлч Малкольм Гладвэлл карьерын түүхээрээ дамжуулан өөрийн бичлэгийн хэв маяг, онцлог, арга барилаа хуваалцсан юм. Баримтат бүтээл туурвихдаа юун дээр онож, алддаг тухай хувийн туршлагаас хуваалцаж, шимтэн уншдаг зохиолч, сэтгүүлчдийн бүтээлээс олонтаа эш татаж ярьсныг үзэж болно.

Тэрээр нийгмийн сэтгэл зүй, социологийн чиглэлээр цөөнгүй бүтээл гаргасан нь дэлхий дахинд олон хэл дээр түгсэн. Тухайлбал, "The Tipping Point: How Little Things Make a Big Difference" (2000), "Blink: The Power of Thinking Without Thinking" (2005), "Outliers: The Story of Success" (2008), "What the Dog Saw: And Other Adventures" (2009) гэх бүтээл нь одоо ч уншигчдын дунд эрэлттэй хэвээр буй. Бид тус бүр нь 10-15 минут үргэлжлэх нийт 24 хичээлээс сонирхол татсан хэсгүүдийг хүргэж байна.

Бичнэ гэдэг ердийн үзэгдэл биш. Зугаа цэнгэл эсвэл сатааруулах төдий зүйл бүр ч биш. Харин үнэнхүү сонирхож буй зүйлсийнхээ гүнд орох тухай юм.

Малкольм Гладвэлл

Эвлүүлдэг тоглоом мэт бичих нь

Тэрээр өөрийгөө эвлүүлдэг тоглоом тоглож буй мэт бичдэг хэмээн онцолсон. Энд тэндээс олж мэдсэн санаа, түүхээ элдэв дараалал, цэгцэнд оруулах гэж хичээлгүйгээр бичиж, хоосон зайнуудаа тайвнаар бөглөдөг ажээ. Баримтат (Non-fiction) буюу уран зохиолын бус бүтээл туурвихдаа анхаарвал зохих зөвлөгөөг хуваалцсан юм.

  • Бичиж буй бүхэн тань төгс байх албагүй. Үнэндээ төгс биш байх нь илүү сонирхол татам шүү дээ.
  • Хэрэв бичиж эхлэхдээ л цэгцтэй, ойлгомжтой бичих гэж хичээвэл эцэст нь бүтэлгүйтэх магадлалтай. Уншигчдад бүрэн хариулт өгөх гэж хэт улайрах хэрэггүй. Бичсэн бүхнээс тань асуулт ургах, эргэцүүлэл үлдээх зай үлдээ. Өөрийнхөө зарим хариуцлагыг уншигчдад шилжүүл.
  • Интернэт, хайлтын системд бүү найд. Гадагш гарч алх, хүмүүстэй уулз. Таны сонирхол татах зүйлсийг олж судал.
  • Бичиж буй сэдвээ сайтар боловсруулж хөгжүүлэх арга зам бол хүмүүстэй хуваалцах. Бусдад ярьж, аль хэсэгт нь илүү анхаарлаа хандуулж буйг ажиглах.

Ярилцлага хийх тухайд:

  • Сайн ярилцлага хийхийн тулд тайван, даруу, гэнэн бай. Яг таг бичсэн цаас шагайхын оронд өөрийн зөн совинд итгэ. Сайтар бэлдсэн ярилцлагаас илүү төсөөлөөгүй асуулт, хариултаар өрнөх нь илүү сонирхолтой.
  • Миний хувьд ярилцлагын үеэр хамгийн их хэлдэг үг бол "Хүлээгээрэй, та сая юу гэв" гэх асуулт. Тэгж байж яриаг удаашруулж, дундаас нь асуулт сугална.
  • Ярилцана гэдэг яггүй эрч хүч шаарддаг учраас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ядарсан үедээ ярилцвал зочныхоо яриаг олигтой сонсож чадахгүй шүү дээ.
  • Туршлагатай хөтлөгч, сэтгүүлчдийн ярилцлагыг сонсож, тэдний тактик, арга барилыг судалж үзээрэй.
  • Ярилцлагын мөч бүрийг нарийн төлөвлөх хэрэггүй. Ярих сэдвээ ерөнхийд нь хураангуйлаад, заавал асуух асуултаа тэмдэглэхэд хангалттай.
  • Ярианы сэдэв хазайгаад эхэлбэл зочныхоо яриаг зогсоохоос бүү эмээ. Хэт урт яриа аль алиныхаа эрч хүчийг барна.
  • Ярилцлага авсан даруйдаа шинэ мэдээлэл, мэдрэмжээ цаасан дээр буулгахыг хичээ.

Бичих арга барилын тухайд:

  • Хөрөг нийтлэл бичих хамгийн сайн арга бол тухайн хүний эргэн тойронд байх зүйлсийг онцлох. Дотнын найз, амьдардаг газар, дуртай зүйлс зэрэг туслах объектуудыг нь олж судал.
  • Бичсэн зүйлээ хэр найруулснаа шалгахын тулд дууны хэмнэлд оруулж буй мэт чангаар уншаад үз. Уншихад эвгүй байвал дахиад ажиллах хэрэгтэй шүү.
  • Ширээний ард өдөржингөө суугаад олон хуудас бичнэ гэж найдсаны хэрэггүй. Миний хувьд хамгийн бүтээмжтэй үедээ ердөө ганц хуудас бичихэд хангалттай гэж үздэг. Ихэвчлэн өглөө сэргэг үедээ бичиж, үдээс хойш ярилцлага хийх, гадуур явах зэрэг бусад ажлуудаа хийдэг юм.
  • Яаж бичихээ мэдэхгүй гацалтад орсон ч бичихээ зогсоож болохгүй. Хэдэн мөр ч болтугай бичиж, бага багаар блокоосоо гарах хэрэгтэй.
  • Нэгэнт нийтлэл, номоо гаргасан бол тэр бүхэн таны биш уншигчийн мэдэлд очсон. Тэд хэрхэн шүүн тунгаах тухай хэт санаагаа чилээх хэрэггүй.
  • Уншина гэдэг бичиж сурахын хамгийн чухал үйл явцын нэг. Уншихгүйгээр бичих боломжгүй.

Хичээлийг бүтнээр үзэх

MasterClass

Маргарет Этвүүд

Канадын яруу найрагч, зохиолч Маргарет Этвүүд нь утга зохиолын ертөнцөд олон алдартай роман, яруу найраг, шүлгийн түүврээрээ нэрд гарсан. Түүний хамгийн алдартай бүтээл болох "Шивэгчний үлгэр" нь 1985 онд хэвлэгдсэнээс хойш дэлхий даяар олон сая хувь борлогдсоноос гадна кино дэлгэцийн бүтээл болсон билээ.

Багаасаа бичих дуртай байсан тэрээр сэтгүүлч болохыг хүссэн ч тухайн үед эмэгтэй зохиолчдыг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн өдөр тутмын сонинд эмгэнэлийн хэсэг бичих боломжтой байжээ. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхээр Парис явж, зохиолч болохоор шийдсэнээр түүний карьерын зам эхэлсэн юм.

Өдгөө түүний 40 гаруй бүтээл дэлхийн 35 орны хэл дээр хэвлэгдээд буй. Тэрээр хэрхэн уран зохиолын бүтээл туурвих тухай олон сонирхолтой арга барилыг хуваалцаж, өөрийн туршлага, техникийг тайлбарлажээ. Зузаан романы эхний хуудаснаас эцсийн хуудас хүртэл уншигчийн анхаарлыг хэрхэн соронздох тухай өөрийн нандин жороосоо хуваалцсаныг хүргэе.

Цаасан дээр "цахилах нь"

Маргарет эхлээд гараар бичиж, дараа нь бичгийн машинаар цэгцлэн буулгадаг аж. Бичсэн зүйлээ цэгцэнд оруулахын өмнө 50-60 хуудсыг шуудхан буулгаж орхидог байна. Тэрээр тус бүр нь 10-15 минут үргэлжлэх 23 цуврал хичээлээр хэрхэн роман, тууж, шүлэг, найраглал зэрэг уран зохиолын бүтээл туурвих тухай сонирхолтой яриа өрнүүлснээс тэмдэглүүштэй санааг хүргэе.

  • Сайн бичдэг болохын тулд юун түрүүнд бичих үйл явцаа тодорхойл. Танд өдрийн аль үед хамгийн бүтээмжтэй, төвлөрч суухад таатай үе тохиодог вэ?, Ямар үед юу ч бичмээргүй, бичсэн ч бүтэл муутай байдаг вэ? гэдгээ санаад үзээрэй.
  • Бичих үед төрдөг айдсаа жагсаагаад үз. Юунаас айж байгаагаа жагсааж, яавал айдсаа давж болохыг бодоод үзээрэй.
  • Юу бичихээ мэдэхгүй үедээ дараах гурван жагсаалтыг гаргаарай.Үүнд, өөрт тохиолдсон эсвэл бусдын түүхийг өгүүлэх 10 сонирхолтой үйл явдлыг бичээд үз. Заавал том үйл явдал эсвэл түүх байх албагүй. Дараа нь, дотнын найз нөхөд, танил эсвэл огт ярьж байгаагүй хүн гээд 10 дүрийн тухай бич. Хэт урт байх хэрэггүй. Эцэст нь, ахмад буурлууд эсвэл бусдаас сонсож байсан 10 домог, түүх, үлгэрийг товчхон бичээрэй. Ингээд дээрх гурван хэсгээс тус бүр нэг үйл явдал, дүр, түүхийг сонгоод, шинэ зохиол бичих гээд оролдоод үз.

Маргарет Этвүүд "Шивэгчний үлгэр" романаа бичиж байх үе. 1984 он
  • Унших дуртай уран зохиолын номоо дэлгээд, ямар бүтэцтэй бичсэнийг сайтар ажигла. Эхлэл нь яаж өрнөв, үйл явдлын дараалал урд эсвэл хойно орсон эсэхийг сонирхоорой.
  • Зохиолын дүрийн өнцөг, ялгарлыг гаргахдаа дараах туршилтыг хийж үзээрэй. Нэг үйл явдалд оролцож буй гурван өөр дүрийг төсөөлөөд үз. Бодит бус дүр байж болно. Цаасан дээр тухайн үйл явдлыг буулгахдаа гурван өөр дүрийн өнцгөөс гурван өөр байдлаар сийрүүлж үзээрэй.
  • Хоолны газар, кафе, нийтийн тээвэр газар олон нийтийн газарт байгаа хүмүүсийн харилцан ярианаас чагнаад үз. Тэд юу ярилцаж, хэрхэн бие биенийгээ сонсож байна вэ? Хэн нь илүү давамгай ярьж, хэн нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна вэ? Ажигласан зүйлсээ цаасан дээр буулгааарай. Дараа нь, бичсэн хэсгүүдээсээ хамгийн сонирхолтойг нь шилж үлдээгээд өөрийн бичиж буй зохиолын баатрууд дээр буулгаж болох эсэхийг тунгаа.

Хичээлийг бүтнээр үзэх

MasterClass

Бичих чадвараа сайжруулах тухай санал болгох нийтлэлүүд

Unread Guide: Бичих чадвараа хэрхэн ахиулах вэ?
Монгол хэлээр найруулан бичихэд сургах номууд #2
Монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах 3 ном
Ганзогийн товшлол