Хүн төрөлхтний туйлын хүсэл юу вэ?
Баян чинээлэг байх, амар амгалан орших, мөнх амьдрах, өөр өөрсдийн өмнө тулгарсан хамгийн том асуудлыг шийдэх. Хэн нэгний хувьд сансар огторгуйг эзэгнэх, нөгөө нэгнийх нь хувьд урьд өмнө бүтээгдээгүй гайхамшигт бүтээл туурвих ч байж мэднэ. Хариулт бүр өөр.
Харин "Өртөө" үзэсгэлэнгээс гараад надад нэг л хариулт үлдсэн юм.
Энэ бол ердөө л “холбогдох хүсэл” байжээ. Маш энгийн, гэхдээ хамгаас чухал.
Хамгийн хайртай хүмүүстээ сэтгэлээ хүргэхийн тулд, хамгийн чухал мэдээгээ дамжуулахын тулд, өөрийн мэдлэгээ хойч үедээ үлдээхийн тулд, эсвэл ердөө л "би энд байсан" гэдгээ хэлэхийн тулд бид үеийн үед шинэ арга замыг эрэлхийлж, асуудал бэрхшээл бүрийг туулсаар иржээ. Цаг хугацаа, орон зайг товчилж, хол байгаа нэгэндээ хүрэх гэсэн тэр хүсэл л хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаана байсан мэт.
ЭХЛЭЛийн өмнө
Монголын харилцаа холбооны тэргүүлэх тоглогчдын нэг Unitel-ийн 20 жилийн ойд зориулан дэлгэгдсэн “Өртөө” нэртэй үзэсгэлэн өнгөрсөн сарын турш над шиг олон мянган хүнд гайхширал, санаашралыг зэрэг төрүүлсэн нь гарцаагүй. Хотын төвийн, хамгийн их хүн явдаг гэж хэлж болох Сөүлийн гудамж, Драмын театрын зааг дээр баригдсан хар хайрцагт юу байгаа юм бол гэсэн бодлоос миний аялал эхэлсэн юм. Удалгүй олон нийтэд зарлагдсан компанийн шинэ брэнд, шинэ мессеж, шинэ алсын хараа нь доторхыг нь хурдан “задалж” үзэх сэдлийг улам өдөөж орхив.
Хүлээсэн өдөр ирж, хар хайрцгийн гүн рүү орсон минь харин урам хугалсангүй.
Сүүлийн жилүүдэд "Immersive Experience" буюу үзэгчийг бүтээсэн ертөнцдөө бүрэн татан оруулдаг хэлбэр дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн хамгийн сонирхолтой чиг хандлагын нэг болоод байна. Louis Vuitton, Samsung зэрэг брэндүүд, TeamLab, Cosm зэрэг студиуд технологийг ашиглан өөрсдийн түүх, үзэл санааг шинэ хэлээр өгүүлж эхэлсэн нь үүний илэрхийлэл. Тиймээс "Өртөө"-өөс би дэлхийн жишгийн техник, төгс дүрслэл, дуу, гэрлийн шоу л хүлээж байлаа.
“Өртөө”-д энэ бүхэн бүгд бий. Өндөр нягтаршилтай LED дэлгэцүүд, орон зайг бүхэлд нь эзэмдэх дууны шийдэл, үзэгчийг өөр ертөнцөд аваачих визуал контент гээд олон төрлийн орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглажээ. Гэхдээ намайг хамгийн их гайхшируулсан нь энэ бүхэн биш байлаа. Харин эдгээр технологи бараг байхгүй мэт мэдрэмж төрүүлсэн нь байв.
Үзэсгэлэнгийн турш дэлгэц, проектор, гэрэл, дуу нэгэн цул болон ажиллаж, хааяа дуу алдуулж, хааяа нам гүмхэн эргэцүүлэх мөчийг ч бүтээж байлаа. Гэвч нэг ч агшинд тэд өөрсдийгөө гол дүр болгосонгүй. Харин ч эсрэгээрээ арын албанд үлдэж, өгүүлж буй түүхээ улам тодруулж, үзэгчийн бүх анхаарлыг агуулга руугаа чиглүүлж байв. Сайн киноны эвлүүлэг, сайн тайзны гэрэлтүүлэгтэй адил хамгийн сайн технологи өөрийгөө биш, түүгээр дамжуулан өгүүлэх түүхээ л гэрэлтүүлдэг. "Өртөө"-гийн хамгийн том давуу тал нь ч магадгүй энэ байсан мэт.



I хэсэг: эргэцүүлэл, төсөөлөл, мэдрэмж
"Өртөө" үзэсгэлэн үндсэндээ хоёр хэсгээс бүтнэ. Эхний хэсэг тэр чигтээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийн аялал байлаа. Энд өөр өөр хэв маягтай, өөр өөр утга агуулгатай богино визуал дүрслэлүүд үзэгдэнэ. Туйлын туяанаас хар нүх хүртэл, элсний ширхгээс танил дүрсүүд хүртэл бүгд өөр өөр өнгө аяс, өөр өөр хэмнэл, өөр өөр агуулгыг шингээжээ.
Хүн бүр өөрийн дурсамж, төсөөлөл, туршлагаараа тэдгээрийг нөхөж, өөр өөр түүх бүтээх орон зайг энэ хэсэг зориуд үлдээжээ. Зарим агшинд яг киноноос үздэг ертөнцөд алхаж байгаа мэт, заримдаа шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн дунд орчихсон ч юм шиг, хааяа бүр үгээр тайлбарлахад бэрх цэвэр мэдрэмж л үлдэнэ. Сонирхолтой нь энэ бүх дүрслэл үзэгчийг алмайруулах гэж бус, түр саатуулах гэж оролдож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Хэсэг хугацаанд өдөр тутмын завгүй, ачаалалтай амьдралаасаа тасарч, зүгээр л харж, сонсож, эргэцүүлэхийг урьж буй орон зай. Тийм ч болохоор "Өртөө" надад үзэсгэлэн гэхээсээ илүү эргэцүүллийн орон зай шиг санагдсан байх.
Үзэгчдийн хариу үйлдлийг ажиглах ч ихэд сонирхолтой байлаа. Зарим нь буланд суугаад гүн бодолд автсан байв. Нөгөө нь яг голд нь очиж, өнцөг бүрээс зураг авч, бичлэг хийхийг хичээнэ. Зарим нь юу ч дуугарахгүйгээр бүх өрөөг тойрон алхах аж. Чухам энэ л ийм үзэсгэлэнгийн хамгийн гайхалтай хэсэг нь байдаг байх. Үзэгч бүр ижил бүтээлийг үздэг ч ижил мэдрэмжтэй гардаггүй. Хүн бүр агуулгыг өөрийнхөөрөө тайлж, өөрийнхөөрөө авч үлддэг.
20 жилийн туршид шинэ, шинэлэг, дэвшилтэт бүхнийг түүчээлж ирсэн хамт олон баярын түүхээ зөвхөн яриад өнгөрөхийг хүсээгүй бололтой. Харин хэрэглэгчидтэйгээ хамт туулсан цаг хугацаа, хамтдаа бүтээсэн дурсамж, цаашдын хүсэл тэмүүлгээ хуваалцахыг хүсжээ. Тэр нь өнгө, гэрэл, дуу, дүрслэлээр дамжин хүн бүрийн өөр өөр дурсамжтай огтлолцож, заримд нь гайхширал, заримд нь дурсамж, заримд нь эргэцүүлэл үлдээж байв. Магадгүй энэ ч бас өнөөх л нийтлэлийн эхэнд дурдсан "холбогдох хүсэл"-ийн өөр нэг хэлбэр байсан биз.
САНАЛ БОЛГОХ: Технологийн гайхамшгаар түүх амилав: "Urtuu" immersive experience-ийн эргэн тойронд
Unread

II хэсэг: түүх, дурсамж, тэмүүлэл
Хоёр дахь хэсэгт холбогдох хүслийн тухай дуулал улам бүр тодрох ажээ.
Хэдэн мянган жилийн өмнө хэн нэгэн хаданд дүрс үлдээжээ. Магадгүй саяхан авласан ангаа, магадгүй гэр бүлийнхээ тухай, эсвэл ердөө л "би энд байсан" гэж хэлэх гэсэн байх. Тэр хүн хэн байсныг бид мэдэхгүй. Харин нэг зүйл тодорхой. Тэр хэн нэгэнд ямар нэгэн зүйл үлдээхийг хүссэн. Холбогдохыг хүссэн.
Тэрхүү сүг зураг аажмаар бичиг болон хувирна. Бичиг гэдэг зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл биш, өөрөө дүрслэл, өөрөө соёл, өөрөө урлаг байжээ. Сүг зургаас монгол бичиг рүү шилжих тэр агшинд дүрс алга болоогүй, харин илүү нарийн, илүү утга төгөлдөр хэлбэрт шилжсэн мэт санагдлаа. Хэл бий болсноор хүмүүс хоорондоо ойлголцож сурсан бол бичиг бий болсноор цаг хугацаатай ярилцаж сурчээ.
Тэндээс үзэсгэлэн Монголын төрт ёсны түүхээр дамжин үргэлжилнэ. Хүннүгийн үе, Их Монгол Улс, Чингис хааны байгуулсан өртөө, гэрэгэ, элчийн тогтолцоо. Тэр үед л "Өртөө" гэх нэр ямар утгатай болох нь аажмаар тайлагдана. Энэ бол зөвхөн мэдрэмж, дурсамжийн аялал бус Монголын аугаа түүхээр өнгийх цаг хугацааны аялал бас байжээ.
Өртөө зөвхөн морио сэлгэдэг газар байгаагүй. Мэдээлэл дамждаг зангилаа, төр улсыг нэгтгэдэг сүлжээ, итгэлийг баталгаажуулдаг тогтолцоо байжээ. Өнөөдөр дата шилэн кабелиар аялдаг бол нэгэн цагт хааны зарлиг өртөөнөөс өртөө дамжин тал нутгийг туулдаг байжээ. Найман зууны өмнөх тэр тогтолцоог харахад өнөөдрийн дижитал сүлжээтэй зарчмын хувьд төстэй санагдах нь ч бий. Технологи өөрчлөгдсөн ч холбогдох гэсэн хүний хүсэл өөрчлөгдөөгүй.
Түүх цааш цахилгаан холбооны эрин рүү шилжинэ. Богд хааны ордныг Гадаад яамтай холбосон анхны цахилгаан утас, утасны сүлжээ, радио, телевиз, интернэт. Холболтын түүх энэ мөчөөс хойш улам хурдалсан ч надад хамгийн сонирхолтой санагдсан нь төхөөрөмжүүд биш, харин хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлэмж байв.
Телевизийн мэдээгээ цаг хүлээж үздэг, кино театрт очиж байж дуртай баатраа хардаг, хусдаг картаар интернэтэд холбогдохыг тэвчээртэй хүлээдэг байсан үе саяхан. Харин өнөөдөр бид дуртай контентоо хүссэн үедээ эхлүүлж, түр зогсоож, ухрааж, хаанаас ч үздэг болжээ. Магадгүй технологийн хамгийн том хувьсгал нь хурдыг нэмсэндээ биш, харин хүлээлтийг багасгасандаа байсан ч юм шиг.
Чухам эндээс Unitel-ийн түүх эхэлнэ. Бидний мэддэг түүх, бидний нэг хэсэг нь болон хамтдаа хөгжсөн түүх. Гэхдээ тэд өөрсдийгөө энэ түүхийн эхлэл болгож тавьсангүй. Харин хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн холболтын түүхийн дараагийн өртөө болгон байршуулжээ. Энэ нь миний хамгийн их үнэлсэн бүтээлч шийдвэр байв. Монголыг дэлхийтэй холбох, дэлхийн шилдэг контентыг айл бүрд хүргэх, хэрэглэгчийг контент бүтээгч болгох, харилцаа холбооны компаниас технологийн экосистем, цаашлаад ухаалаг амьдралын хэв маягийг бүтээх оролдлого хүртэлх замнал нь эцэстээ нэг л санаанд зангидагдана.
"Өртөө"-ний энэ хэсэг зөвхөн хүмүүсийг хооронд нь холбох тухай бус, цаг хугацааг холбох тухай байжээ. Тиймээс энэ үзэсгэлэн надад брэндийн түүхээс илүү алсын хараа, хүсэл тэмүүллийн тухай өгүүлэмж болон үлдсэн юм.



ТӨГСГӨЛийн оронд
"Өртөө"-гийн тухай ярихдаа үзэгчийн хардаг зүйлсээс гадна харагддаггүй хэсгийг нь онцлохгүй өнгөрч болохгүй. Ийм хэмжээний “Immersive Experience”-ийг ганц найруулагч, ганц агентлаг, эсвэл ганц дизайнер бүтээх боломжгүй. Энэ бол кино бүтээхтэй дүйцэхүйц цар хүрээтэй, олон салбарын мэдлэг, ур чадварыг нэг өгүүлэмжийн дор нэгтгэсэн томоохон хамтын бүтээл юм. Түүхчид, соёл судлаачид, зохиолчид, уран бүтээлчид, хөдөлгөөнт дүрсний артистууд, инженерүүд, гэрэл, дууны дизайнерууд, технологийн мэргэжилтнүүд, брэнд стратегичид гээд олон мэргэжлийн хүмүүсийн оролцоо үзэсгэлэнгийн турш мэдрэгдэнэ. Магадгүй энэ л шалтгаанаар "Өртөө" энгийн нэг үзэсгэлэн биш, эхлэл, өрнөл, төгсгөлтэй бүтэн өгүүлэмж болж чаджээ.
Энэ бүтээлийн ард бүтэн жилийн хөдөлмөр бий. Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг долоон орны 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхч хамтран ажилласан байна. Тиймээс хэсэг бүр өөрийн гэсэн дүрслэлийн хэл, хэмнэл, уур амьсгалтай болж чаджээ. Нэг хэсгээс нөгөө рүү шилжих бүрд өөр уран бүтээлчийн ертөнцөд орж буй мэт атлаа бүхэлдээ нэг л түүхийг өгүүлж буй нь энэ төслийн хамгийн сонирхолтой ололтын нэг байлаа. Зөвхөн анимейшний хэсэгт л гэхэд 5,925 фреймийг Монгол уран бүтээлчид гараар зурсан нь онцлох баримт.
Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг холбосон хүн төрөлхтний харилцааны хөгжлийн түүхийг Монголын өв соёлтой уялдуулан, орчин үеийн дүрслэл, дуу, дэвшилтэт технологийн хэлээр өгүүлэхийн тулд ийм хэмжээний хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байжээ. Магадгүй "Өртөө"-гийн хамгийн том амжилт нь үзэгчдэд үзүүлэх орон зайг байгуулсандаа бус, олон салбарын мэргэжилтнүүдийг нэгэн зорилгын төлөө нэгтгэж, нэгэн цогц ертөнцийг бүтээж чадсанд оршиж байгаа болов уу.
Тэр утгаараа "Өртөө" зөвхөн Unitel-ийн 20 жилийн ойд зориулсан төсөл биш. Харин Монголын бүтээлч үйлдвэрлэл өнөөдөр ямар хэмжээний хамтын ажиллагаа, ямар хэмжээний өгүүлэмж бүтээх боломжтой болсныг харуулсан нэгэн жишээ юм. Бусад брэндүүд, олон мэргэжилтнүүд тэднээс эрч хүч, урам зориг авч, ийм бүтээлч, ийм зоригтой, ийм цараатай түүх өгүүлэх санаа сэдлийг авсан нь гарцаагүй. Энэ төслийн хамгийн том нөлөө нь ч магадгүй энд орших биз ээ.

Санал болгох: Өртөө: Цаг хугацаа орон зайн холбоос, өнгөрсөн ба өнөөдрийн хэлхээс
Unread

Сэтгэгдэл бичих

