Эцэсгүй мэт үргэлжлэх манан шаргал говийн хязгаарт хот сүндэрлүүлэхээр зорьсон “Шамбала 2056” төслийнхөн тавдугаар сард "Шамбала 2056: Урлаг ба технологи нүүдэлчдийн форум" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үеэр, хүрээлэн буй орчинд тулгамдаад буй асуудлуудлыг шинжлэх ухаанч өнцгөөс хэлэлцэх бөгөөд тэдгээр асуудлыг технологийн дэвшлийн тусламжтайгаар олонд таниулахыг зорьж буй аж. Ийнхүү шийдэл эрэлхийлэхдээ залуу уран бүтээлчдийн бүтээлүүдийг ашигласан нь сонирхолтой.
ШАМБАЛА2056 ТӨСӨЛТЭй танилцах
"Шамбала2056 - Инженерийн суурин байгуулах төслийг танилцуулах нь"
"Шамбала2056 - Инженерийн суурин, говийн ирээдүйг бүтээх нь 2.0 баримтат кино"
Монголын говь нутаг байгаль, уур амьсгалын хүнд нөхцөлтэй хэдий ч өнөө цагийн технологийн өргөн боломжуудыг ашиглаваас дэвшилт хот байгуулах боломжтой юм. Шинжлэх ухаанч хандлагыг үндэсний соёл, үнэт зүйлстэй бүтээлчээр холбож, шийдэл эрэлхийлсэн эл арга хэмжээний тухайд мэдүүштэй зургаан зүйлийг хүргэж байна.
1. Хүй орчлон, хүн төрөлхтөн ба XXI зуун

Энэхүү арга хэмжээний гол санаа нь хүй орчлон, хүн төрөлхтний цаглашгүй хурдлах технологийн дэвшил хийгээд урлагийг монгол ахуй соёлтой хослуулан цөлжилтийн эсрэг нийтээрээ хөдлөхөд орших юм. "Шамбала 2056" төслийн баг тус форумаа оны тавдугаар сарын 20-23 өдрүүдэд зохиохоор төлөвлөгөө ажлаа эхлээд буй. Тэд монгол өв уламжлалыг өнөө цагийн өндөр дэвшилтэт ололтуудыг ашиглан олонд таниулах, цөлжсөн бүс нутгуудад нөхөн сэргээлт хийх, хуурай газрын экосистемийг хамгаалах гэсэн үндсэн гурван зорилтын дагуу 2056 он хүртэлх алсын хараагаа тодорхойлсон гэнэ.
2. урлаг соёлын зүтгэлтэн, технологийн мэргэлжилтэн, судлаачид, бүгдэд
"Шамбала 2056" төсөлд салбар салбарын мэргэжилтнүүд оролцож буй. Форумд ч ялгаагүй төрөл бүрийн мэргэжилтэй, сонирхолтой хүмүүс оролцож, хэн бүхний мэдлэгт нэмэр болох, шинэ залуу үеийнхний санаачилгыг дэмжиж урамшуулах, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах санал санаачилгуудыг хэлэлцэх ажээ.

3. Одоо 10,000, нийт 350,000
“Шамбала 2056” төслийн хамт олон ирэх долоодугаар сараас өмнө 10,000 хайлааст мод суулгахаар зорьжээ. "Шамбала 2056: Урлаг ба технологи нүүдэлчдийн форум"-д оролцогчид дурсамжийн мод тарьж, энэхүү үйл хэрэгт гар бие оролцож болох юм. Уг төслийн дор ирэх 35 жилд 50 га газарт 350,000 мод тарихаар төлөвлөсөн гэнэ.

4. Монгол өнгө төрх брэнд бүтээгдэхүүнд шингэх нь
Арга хэмжээний үеэр “Kidult-93” брэнд цөлжилтийн эсрэг уриа бүхий хавар, зуны цуглуулгаа онлайн загварын шоугаар танилцуулах аж. Түүнчлэн, ойрын жилүүдэд загварын ертөнцөд өргөн яригдах сэдэв болсон байгальд ээлтэй хувцаслалтын талаар “Urongooider” брэнд илтгэл тавихаар төлөвлөжээ.


5. говийн ирээдүйг бүтээх нь 2.0

“Шамбала 2056” төсөл хийгээд тус арга хэмжээний ач холбогдол нь хүрээлэн буй орчны хурцадсан асуудлуудыг инновац шинэчлэлийн замаар шийдэх гарцыг эрэлхийлж, хамтаар бүтээхэд орших юм. Энэ зорилго дор гурван өдрийн хугацаанд зорилтот салбаруудын манлайлагчдын хэлэлцүүлэг, семинарууд зохиогдох аж. Урлаг ба технологийн салбарын төлөөлөгч байгууллага, хамт олонд тус тусын яриа хэлэлцээрээ явуулах гэр олгогдох бөгөөд оролцогчид өөрсдийн сонирхож буй гэрт орж ярианд оролцох юм. "Unread"-аас жил бүр зохион байгуулдаг “Unplug 2021” эвент орон нутагт анх удаа, технологийн салбарт жишиг тогтоох, залуусын урмыг бадраах зорилгын дор энэхүү арга хэмжээнд нэгдэхээр болсныг энэ ташрамд дуулгая.
6. "чандмань"
Монгол төрийн сүлдний оройд байрлах, хүслийг хангагч чандмань эрдэнэ тус форумын ерөнхий бэлгэдэл. Арга хэмжээгээ зохион байгуулахдаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг чандмань эрдэнийн өнгөөр илэрхийлэн, гурван хэсэгт хуваажээ.

Мөн чандмань бэлгэдлийн хүрээнд хүн хорвоод үр болон бүрэлдэж, үүрээ засан товхинож, ирсэн үүдээрээ газар тэнгэрийн дундах заадасдаа шингэдэг жамын санааг хөндсөн инсталляц бүтээл гарах аж. Энэхүү “Үр, үүр, үүд” гэсэн гурван хэсэг бүхий бүтээлд говь нутгийн ирээдүйг өнгөлөх технологи, инженерчлэлийн шийдлийг, байгаль орчинд тулгамдаад буй асуудлыг урлагийн торгон мэдрэмжээр өгүүлэн дүрслэх юм.

Чандманийн ногоон өнгөөр өнгөрсөн цагийг, байгаль эх, үржил шимт хөрст дэлхийг илэрхийлнэ.

Чандманийн улаан өнгөөр эрчим хүч, гал, амьдралыг тэтгэгч гэрэл гэгээг харуулах ба энэ нь одоо цагийн илрэл юм.

Чандманийн цэнхэр өнгөөр цаглашгүй эрх чөлөө, зах хязгааргүй хурмастыг ирээдүй цагтай хослуулан үзүүлэх авай.

Сэтгэгдэл бичих

