Интерьер дизайны салбар нь зөвхөн албан байгууллага, дундаас дээш зэрэглэлийн барилгуудад л хамаатай зүйл мэт ойлгогддог байсан цаг саяхан. Хотжилт нэмэгдэхийн сацуу уг салбарт чадварлаг мэргэжилтнүүд нэмэгдэх болсны дүнд өнөө үед интерьерийн зураг төсөл, гүйцэтгэлийн ажлууд илүү нийтлэг ойлголт болж буй нь таатай. Олон нийтэд интерьер дизайныг зөвөөр таниулах, ач холбогдлыг нь ойлгуулах чиглэлд голчлон анхаарч, харилцагчдадаа зөвхөн өөрт нь зориулагдсан ажиллаж, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэн өгч буй "Номи студи"-тэй танилцацгаая. 

Нэр: Nomi Studio
Хаяг: "Ривер Гарден" хотхоны зүүн урд, Их Монгол Плаза төвийн дөрөвдүгээр давхар
Чиглэл: Интерьер дизайн, зөвлөх үйлчилгээ, тавилгын худалдаа
Үүсгэн байгуулагч: Ж.Номин-Эрдэнэ
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны нэгдүгээр сар
Холбоосууд: Nomi Studio (Фэйсбүүк), @nomi.interior.studio (Инстаграм)


Үүсгэн байгуулагч Ж.Номин-Эрдэнэ

Сэдэл

Интерьер дизайны чиглэлээр өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Студиэ байгуулахаас өмнө 10 жилийн турш интерьер дизайны чиглэлээрээ ажиллаж, туршлагажсан. Энэ хугацаандаа электрон барааны компанид бүтээгдэхүүний өрөлт, харагдацыг хариуцан хэрэглэгчдийн таашаал болон стандартыг нэг шугамд огтлолцуулан, хамгийн үр дүнтэй дизайн гаргах тал дээр анхаарч байв. Дараа нь олон улсын хөрөнгө оруулалттай компанид орон сууц, амины хаус зэрэг төрөл бүрийн барилгын интерьерийг боловсруулан, зураг төслийн дагуу гүйцэтгэж түүнийгээ богино болон урт хугацааны эргэлтэд оруулдаг байлаа. Зорилтот зах зээл нь харьцангуй дээд зэрэглэлийн захиалагчид байдаг тул бүх зүйлийг төгс бөгөөд стандартын дагуу хийх шаардлагатай байснаараа ихэд онцлог.

Салбартаа харьцангуй туршлагажаад, ажлаа гартаа оруулаад ирэхээр өөрийн өнгө аяс, төсөөлөл мэдрэмжээ хэн нэгнээс хараат бусаар хийхийг хүсдэг юм билээ. Ингээд л бие дааж, өөрийгөө сорихоор шийдээд, өнгөрөгч оны нэгдүгээр сард "Номи студи"-ээ байгуулсан даа.

ялгарал

Би болон манай хамт олон интерьер дизайны салбар хэт арилжааны байж болохгүй гэдэгт санал нэгддэг. Учир нь хүн амьдралынхаа ихэнх хугацааг дотор байгууламж буюу гэр, ажил, сургууль гэх мэт дотоод орчинд өнгөрүүлдэг. Хүмүүс яагаад гэрээ тохижуулахад тэгж их анхаардаг билээ? Хүүхдүүд яагаад сургуулиа том, цэлгэр байгаасай гэж хүсдэг билээ? Ажлын бүтээмжид ажлын орчин гэдэг шалгуур яагаад дээгүүрт ордог билээ? Энэ бүгд хүний сэтгэл санаа, баяр баясалд орчин тойрон, түүний өнгө төрх ихээхэн нөлөөлдгийн илрэл юм. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр байгаа орчныхоо нөлөөнд автаж, сэтгэл зүйгээрээ удирдагдаж байдаг. Ялангуяа цар тахлын үеэр хүмүүс орчноо солилгүй удаан хугацаанд нэг газарт байснаар гэрийн тохижилт, гэртээ ажил хийх хэсгийг тусад нь шийдэхийн ач холбогдлыг ойлгож эхэлж байна.

Ийм чухал зүйл хэт арилжааны болчихвол хэтдээ үнэ цэнээ алдаж, ач холбогдол нь харагдахгүй болно шүү дээ. Тиймээс бид бүх л төсөл дээрээ харьцангуй их цаг гаргаж, маш нягт нямбай ажилладаг. Ингэснээр хэрэглэгч маш сайхан сэтгэгдэлтэй үлддэг. Түүнчлэн интерьер дизайны тухай мэдлэгтэй болж, дараа дараагийн удаа илүү ойлголт, туршлагатай болж авдаг. Улмаар салбарыг маань илүү хүндэтгэж, мэргэжилтнүүдийг үнэлж сурдаг юм. Аль болох ирээдүйн үнэ цэнийг нь бодож арилжааны бус итгэлцлийн харилцааг эрхэмлэж ажилладаг нь л манай гол ялгарал байх. Үүний тулд л бид төсөл бүрийн өмнө харилцагчтайгаа маш сайн ярилцаж, амьдралын хэв маяг, хувь хүний зан төлөвийг хүртэл судалж байж зураг төслөө боловсруулдаг.

Мөн бид загварлаг тавилгуудыг интерьерийн ажилтайгаа хослуулан галлерейн зарчмаар буюу түүвэрлэн импортолж хэрэглэгчдэдээ санал болгодог. Дэлхийд алдартай, үнэ цэнтэй дизайнерын бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэх ёстой вэ гэвэл дээрх бүтээлүүд дээр хэлбэр, материал, эргономикийн маш их судалгаа хийгдсэн байдаг. Монголын хэрэглэгчид үүнд бэлэн үү гэдгийг мэдэхийн тулд туршилт болгон зарим нэг загварын хуулбаруудыг оруулж ирснээр энэ ажлаа эхлүүлж байсан.



Номи студи гэж юу вэ?

Бид зөвхөн танд болон таны гэр бүл, хамт олон бизнест тань зориулсан таатай орчныг бүрдүүлж, дотоод ертөнцийг тань бодитоор буулган харуулах зорилготой интерьер дизайны чиглэлд мэргэшсэн мэргэжлийн студи юм.

Нэр

Намайг Ж.Номин-Эрдэнэ гэдэг. Өөрийн нэрээ оруулсны дээр илүү бүтээлч, шинэлэг гэдэг ойлголтыг өгөх үүднээс студи хэмээн тодотгосон. Ингээд "Номи студи" болсон доо.

одоо

Бидний гол ялгарал бол хэрэглэгчдэдээ сайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар энэ салбарын хөгжлийг харуулж, боловсрол мэдлэг олгоход чиглэдэг гэдгийг дээр дурдсан. Тиймээс бид зөвхөн гэрээ байгуулсан харилцагчдад бус шоурүүмээр ирж үйлчлүүлэн, энэ чиглэлийн мэргэжлийн санал зөвлөмж хэрэгцээтэй бүх хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг юм. Энэ маягаар тодорхой хугацаанд явсны дараа "Ер нь монгол хүний интерьерийн чиг хандлага ямар байдаг юм бэ? Монгол хүний зан төлөв интерьерийн онцлогт хэрхэн нөлөөлдөг юм бэ? Орчин цагийн интерьерийн соёл, чиг хандлага өнөөгийн монголчуудад тохирч чадаж байна уу?" зэрэг асуултууд гарч ирэх болсон. Нөгөө талаас энэ мэт суурь мэдээлэлтэй байж л хамгийн сайн интерьерийг хийх боломжтой шүү дээ.

Тиймээс сүүлийн үед бид энэ чиглэлийн мэргэжлийн судалгааг хийж, эхний ээлжинд нийгмийн төрөл бүрийн төлөөлөл болох хүмүүсээс уг судалгаагаа авахаар бэлтгэлээ ханган, арга зүйгээ боловсруулан ажиллаж байна.

Түүнчлэн "Буудай консепт" болон "Синдерелла" клиник, хоол зүйч Аззаяагийн кафе,"Ренчин Есүй" брэндийн шоурүүм, 112 Fight Club академийн барилга тэргүүтэй төслүүдээ дуусгаад, одоо Баян-Өлгий, Эрдэнэт зэрэг орон нутгийн төслүүд дээрээ төвлөрч буй. Мэдээж энэ мэт байгууллагын төслүүдийн хажуугаар орон сууцны ажлуудаа ч орхигдуулаагүй.



баг

Одоогоор үндсэн баг маань арваад хүний бүрэлдэхүүнтэй. Дөрвөн дизайнер зураг төслөө гаргадаг. Хүргэлт, угсралтын болон гүйцэтгэлийн багууд бас бий.

ирээдүй

Өмнө нь би өөрийн зураг төслөө олон уулсын тэмцээнд илгээж, улмаар орон орноос ирсэн 180-аад бүтээлээс шалгарч, есдүгээр байранд орж байсан юм. Тухайн үед "шагнал авчихлаа" гэж баярлахаас илүүтэй "монгол дизайнер бусадтай эн зэрэгцэж байна, болох юм байна" гэдэг итгэлийг олж авсан. Тиймээс ирээдүйд монгол дизайнерууддаа гүүр нь болж, дотоодын оюуны бүтээлийг дэлхийд экспортолж, дизайнеруудтайгаа хамтдаа хөгжих зорилгыг байнга тээж явдаг.

Мөн бид хэрэглэгчдийнхээ хүсэлтээр өөрсдийн гаргасан интерьерт хамгийн сайн зохицно гэж үзсэн тавилгуудын судалгааг хийж, түүвэрлэн импортлодог. Энэ ажлаасаа маш их нөөц боломж, эрэлт хэрэгцээг харж, туршлагажиж байна.

Дээр дурдсан судалгааны ажлаа зогсоохгүй. Урт хугацаанд салбараа хөгжүүлэхийн тулд боловсрол, эрдэм шинжилгээний талыг орхигдуулалгүй авч явах зайлшгүй шаардлагатай.

эрсдэл

Барилгын чиглэл өөрөө нэлээд өндөр өртөгтэй бизнес л дээ. Нэг хүн эсвэл залуу хүмүүс нийлээд дангаар эхлүүлээд явахад санхүү нь жигдрэх хүртэл урсгал зардал, үйл ажиллагааны өртөг нь жаахан чангаддаг талтай. Мөн Монголд гүйцэтгэл дээр ажилладаг хүмүүс ерөнхийдөө хариуцлагагүй, тогтвор суурьшил муутай байдгийг хэн бүхэн л мэдэх байх.

Гэхдээ нэгдүгээрт хариуцаад хийж буй хүний дур, тууштай байдал, хоёрдугаарт зах зээлийн зарчим, гуравдугаарт эрэлт хэрэгцээ байхад энэ бүхэн яваандаа засарна гэдэгт итгэдэг.