Өнөө үед цахим орчинд өөрийгөө баталгаажуулан, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй авах онлайн хэрэгцээ хүн бүрд бий. Цар тахлын нөлөөгөөр зайнаас ажлаа явуулах, цахим орчинд ажиллах чадварт хүчээр шахам суралцаж буй бидэнд хамгийн хэрэгтэй технологи цахим гарын үсэг болж байна. Зурмал гарын үсгийн адил хүчин төгөлдөр үйлчлэх технологийн дэвшил болох тоон гарын үсгийн үйлчилгээ үзүүлэгч "TridumKey"-ийг танд танилцуулъя. 

Нэр: "TridumKey" ХХК
Хаяг: Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн баруун талд, D block
Чиглэл: Систем хамгаалал, технологи, цахим гарын үсэг
Үүсгэн байгуулагч: "Tridum e-Security" ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2018
Холбоосууд:tridumkey.mn (Вэб), Tridum Key (Фэйсбүүк)


Гүйцэтгэх захирал Л.Аюушжав

сэдэл

Манай толгой компани болох "Tridum e-Security" 2005 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологи, цахим аюулгүй байдлын чиглэлд 15 дахь жилдээ амжилттай ажиллаж буй. Үйл ажиллагааны онцлогоос хамаарч, олон улсын техник технологийн дэвшил, чанар стандартууд бидний гол залуур, хөгжлийн чиг хандлага болдог. Энэ л хэв маягаар хөгжиж явсаар зайлшгүй цахим гарын үсэг, тоон баталгаажуулалтын технологид тулж ирсэн л дээ.

Иймд бид зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах, олон улсын чиг хандлага, салбарынхаа хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зэрэг шалтгаанаас үүдэн 2018 онд "TridumKey" компанийг байгуулан, энэ чиглэлд эрчимтэй ажиллах болсон юм. Тухайн үед хүмүүс тоон гарын үсгийг татварын тайлан өгөх болон тендерт оролцох гэх мэт онцгой үед л хэрэглэдэг флаштай төстэй зүйл гэж ойлгодог байсан. Бид анхнаасаа энэ хэвшмэл, явцуу ойлголтыг засан, тоон гарын үсгийг бүрэн дүүрэн ашиглаж, хэрэглэгчдийнхээ хэрэглээг нэг шат ахиулахыг эрмэлзсэн тул нээлтээ хийхдээ л USB-ээс гадна Bluetooth интерфэйстэй тээгч бүхий гарын үсгийг шинээр худалдаанд гаргаж байлаа.

ялгарал

Тоон гарын үсэг бол цоо шинэ бүтээгдэхүүн биш. Энэ бол дэлхий дахины хэрэглээнд хэдийн нэвтэрсэн, ирээдүйд бидний өдөр тутам зайлшгүй хэрэглэдэг болох технологи юм. Мэдээж зайлшгүй хэрэглэх шалтгааныг бий болгож буй хэд хэдэн чухал шалтгаан бий. Тэр дундаа TridumKey-ийн тоон гарын үсгийн давуу тал нь:

1. Зардал багатай. Тоон гарын үсэг нь таны цаг болон зардлыг хэмнэнэ. Зөвхөн гарын үсэг зурж, өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулахын тулд нэгээс нөгөө цэг рүү зорчих шаардлагагүй. Өөрөөр хэлбэл танд тоон гарын үсэг, цаашлаад гар утас байхад л дэлхийн хаанаас ч, хэзээ ч ажлаа төвөггүй явуулж чадах юм.

2. Хялбар. Хэрэглээнээсээ шалтгаалаад тоон гарын үсгийг ямар ч хэлбэрээр ашиглах боломжтой. Компьютероос л ажлаа хийдэг бол флаш диск, ухаалаг төхөөрөмжүүдийг хослуулан ашигладаг бол Bluetooth тээгч, бүх ажлаа илүү ахисан түвшинд зайнаас хийдэг бол тоон гарын үсгийн систем бүхий сим картыг ашиглаад өөрийгөө батлах шаардлагатай бүх ажлуудаа гар утаснаасаа хялбархан хийж болно. Байгууллагууд гарын үсэг зуруулахын тулд удирдлагынхаа ирэх цагийг хүлээх шаардлагагүй гэсэн үг.

3. Хурдан, хямд. Тоон гарын үсгийг зурахад ердөө 3-5 секунд хангалттай.

4. Хүртээмжтэй. Одоогоор бид төрийн үйлчилгээ, банк санхүү, финтек үйлчилгээнүүд, байгууллагын ERP системийг хөгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж тоон гарын үсгийг байгууллага, хувь хүн гэлтгүй бүх л шатанд хэрэглэдэг бүтээгдэхүүн болгоход анхаарч байна.

5. Найдвартай, аюулгүй. Мэдээж тоон гарын үсэг хамгийн найдвартай, аюулгүй байх ёстой зүйл. Бид тоон гарын үсгийн үндсэн систем хөгжүүлэгч, Швед улсаас гаралтай "PrimeKey" компанийн системээр найдвартай байдлаа хангаж байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират, Турк, АНУ, Швед зэрэг улсад ашиглагддаг, хамгийн найдвартай, аюулгүй гэдгээрээ танигдсан компани юм. Мөн бүтээгдэхүүнүүд маань “FIPS 140-2 level 3” хэмээх олон улсын нууцлалын стандартаар албан ёсоор баталгаажсан гэдгийг дурдах нь зүй.


Үнэ: Сим карт -11,000₮, USB токен - 22,000₮, Bluetooth - токен 33,000₮. Нэг жилийн эрх - 22,000₮.


"TridumKey" гэж юу вэ? 

Зурмал гарын үсгийг 100 хувь орлох, хүчин төгөлдөр цахим гарын үсгийн технологийг хөгжүүлэгч компани. Та тоон гарын үсгийг хэрэглэж заншсанаар хэрэглээгээ шат ахиулж, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэж, гар утсаа ашиглан бүхий л ажлаа амжуулах боломжтой.

нэр

Толгой компани болох "Tridum E-Security"-гийнхээ эхлэл хэсэгт нууцлал, аюулгүй байдлын илэрхийлэл болсон түлхүүр буюу "Key" гэх үгийг залгаж өгсөн.

одоо

Одоогоор бид тоон гарын үсгийн хэрэглээг нийгэмд таниулах, сурталчлах ажилд анхаарлаа хандуулахаас гадна дөрвөн чиглэлд үйлчилгээгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд, финтек, банк санхүү, төрийн үйлчилгээ, ERP систем багтаж буй. Финтек салбарын хувьд "Monpay"-ийн хэрэглэгчид тоон гарын үсэгтэй сим карт ашиглан цахим гарын үсэг ашиглаад эхэлсэн. Банк, санхүүгийн салбарын хувьд, бид ихэнх арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, "Голомт" банк цахим зээлийн үйлчилгээг хэрэглэгчтэй заавал биечлэн уулзалгүй цахим гарын үсгээр нь дамжуулан, гэрээ байгуулан олгож эхэлсэн.

Мөн төрийн 181 үйлчилгээг цахимаар шийдэх боломжтой "Emongolia" платформ нээлтээ хийгээд байна. Бид уг платформтой хамтран апп-аар дамжуулан цахим гарын үсгээ зураад хаанаас ч төрийн үйлчилгээг төвөг чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Дараагийн харж буй зах зээл нь байгууллагын зах зээл. Байгууллагын ERP системээр дамжуулан гэрээ, тушаал, шийдвэр, албан тоот зэргийг онлайнаар хийхэд ямар ч асуудалгүй болгох зорилготой. "Эрдэнэт үйлдвэр" гэхэд үйл ажиллагаандаа цахим гарын үсгийг хэдийн ашиглаад хэвшсэн. Мөн "Е-doc", "Smart office", "Able" гэх зэрэг албан хэрэг хөтлөлтийн системүүд дээр нэвтрүүлээд явж байна.



баг

"Tridum e-Security" компанийн маань боловсон хүчин бэлэн байсан тул багаа бүрдүүлэх тал дээр асуудал үүсээгүй шүү. Одоогоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүний ихэнхийг технологи, системийн мэргэжилтнүүд бүрдүүлдэг.

ирээдүй

Тоон гарын үсэг бол өмнө нь байсан, ирээдүйд бүр ч илүү хөгжих технологи. Тиймдээ ч бид дэлхийн энэ чиг хандлагыг дотооддоо нутагшуулж, үүгээр дамжуулан шинэлэг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой. Олон үйлчилгээнд нэвтрүүлж, түгээмэл болох тусмаа илүү үнэ цэнтэй. Иймд ирээдүйд даатгал, эрүүл мэнд гэх мэт өөр салбаруудад нэвтрүүлж, хаанаас ч ямар ч үйлчилгээг зайнаас авах боломжтой болгоно гэж зорьж байна. 2-3 жилийн өмнө үүнийг ойлгуулахад бид их хүчин чармайлт гаргадаг байсан бол 2020 он гарсаар цар тахлын улмаас хүмүүс онлайнаар ажил амьдралаа явуулж сурах нь хэчнээн чухал болохыг ойлгосон нь их түлхэц болж байгаа. Одоо бол маш олон байгууллагууд хэрэглэгчийг биеэр ирүүлэхгүйгээр хэрхэн таньж, баталгаажуулах, гэрээ хэлэлцээр байгуулж болохыг дор бүрнээ судалж, улмаар тоон гарын үсгийг хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна.

эрсдэл

Цахим гарын үсэг гэх нэр томьёо хүн бүхний чихэнд хэдийн хоногшиж танил болсон ч “Тоон гарын үсэг бол байгууллага, тэдний удирдлагууд л ашигладаг, бидний ойлгохгүй тусдаа зүйл” гэх ташаа ойлголт нийгэмд байсаар л байна. Угтаа бол хүн бүхэн хэрэглэх, маш хялбар зүйл гэдгийг ойлгуулахад тодорхой хугацаа шаардагдана.

Нөгөө талаас хамтын ажиллагаа байж л аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд амжилттай нэвтэрч чадна. Иймд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойлгуулахын тулд байгууллагууд идэвх санаачлагатай ажиллахыг уриалмаар байна.