Та цахилгаан барааны дэлгүүрт 4K зурагтаар гарах тод өнгөтэй, ан амьтны дүрс харж л байсан биз дээ? Бидний үзэж өссөн хар өнгөтэй, том овортой зурагт гэх зүйл технологийн хөгжилд “өртөж”, өмнө нь боломжтой гэдгийг нь ч мэдээгүй өнгө, ялгарлыг харуулдан мэлмийг баясгадаг шүү дээ.
Тэгвэл энэ мэдрэмжийг гэрээсээ тэр дундаа монгол сувгуудаа үзэж байхдаа авах цаг ойртжээ. Энэ бол хар зурагтаас өнгөт зураг руу шилжин нүд нээсэн цаг үетэй адилтгаж болох чухал үйл явдал юм. Иймд 4К хэмээх дэвшилтэт технологийг тайлбарлая.
4K юугаараа илүү юм бэ?
Товчхондоо, үзэгч та харааны шил зүүсэн мэт урд хожид харж байгаагүй илүү их өнгө, дүрсийг тодоор харна гэсэн үг. Бидний одоогийн ашигладаг HD формат нь аливаа дүрсийг 2 сая ширхэг пиксэлээр харуулдаг бол 4K нь үүнээс даруй дөрөв дахин их буюу 8 сая пиксэлээр харуулна.
Үүнийг кино театрын том дэлгэцээр кино үзэх, утсаараа кино үзэх хоёрт гардаг тэнгэр, газар шиг ялгаатай зүйрлэж болно. Кино театрын дэлгэцээр үзэхээр тухайн дүрс, үйл явдал асар тод харагдаж, кинон дотор орсон мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг. HD форматаас 4К руу шилжсэнээр үзэгч та яг л тийм ялгааг буйдан дээрээсээ мэдэрч чадна.

4К-ийн товч түүх
Энэхүү нягтшилыг тэртээ 1984 онд Hitachi компани, хар цагаан өнгөөр харуулж, дэлгэцийн нэн шинэ үеийг эхлүүлж байв. Тухайн үед энэ төрлийн дүрсийг өнгөтөөр бичих камер байгаагүй бөгөөд 2003 онд гарсан Dalsa Origin дэлхийн анхны 4К камер байлаа. Тэр үедээ энэхүү хүчирхэг камерын өдрийн түрээс нь л гэхэд 3,000 ам.доллар байсан гэдэг. Технологийн хөгжил, хурдсаж хүн төрөлхтөн илүү олон пикселийг илүү бага зайд багтааж чадсанаар өндөр нягтшилтай дэлгэц болон камерууд бий болов.
Ийнхүү өнөөгөөс нэгэн арваны өмнө буюу 2013 онд Канадын Bulb TV дэлхийн анхны 4К дамжуулалт хийдэг телевизийн сувгуудын нэг болсон нь 4К технологи олны хэрэглээнд нэвтрэх том алхам болжээ. Түүнтэй зэрэгцэн YouTube тэргүүтэй аваргууд энэ форматыг албан ёсоор дэмжих болсноор контент бүтээгчид ч гэсэн чанараа нэг шат ахиулан HD-ээс 4К-руу шилжсэн билээ.
Өдгөө энэхүү технологи олон улсад хэдийн байр сууриа олжээ. 2021 онд АНУ-ын айл өрхийн 44 хувь нь 4К нягтшилтай зурагт ашиглаж байв. 2019 онд энэ тоо 31 хувь байсан нь эл төрлийн технологи бидний хэрэглээнд ямар хурдтай нэмэгдэж буйг харуулж байгаа юм. Орчин цагийн бүх л кино контент, нэвтрүүлэг 4К болон түүнээс дээш нягтшилтай бичигдэж буй нь эл хурдад нөлөөлсөн нь лав.

Үзэгчид ихэвчлэн спортын тоглолтуудыг шууд үзэх хандлага их байдаг энэ төрлийн контентууд 4К нягтшилтай болсоор байна. Сүүлд л гэхэд Евро 2024 болон Аваргуудын лигийн финалын тоглолтууд хуучны HD форматаа халж, 4К болсон юм. Ингэснээр үнэнч үзэгчид дуртай спортоо илүү тод, өндөр нягтшилтай үзэж, өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг авах боломж бүрдсэн билээ.
Одоо тэгвэл монголд 4К технологи нутагшиж буй талаар өгүүлье.
Дүрс юуг туулдаг вэ?
Бид энэ технологийг ярихын тулд зурагтаар үзэж буй дүрс ямар зам туулдаг талаар гарцаагүй хөндөх хэрэгтэй. Зурагтаар үзэж буй бүх л дүрсийг хаа нэг газраас ямар нэгэн байдлаар илгээдэг нь ойлгомжтой. Манай оронд шилэн кабель (IPTV), сансрын хиймэл дагуул (DTH) гэсэн хоёр арга зам хамгийн нийтлэг. Айл өрхийн зурагт бүрийг нэг цэг гэж үзвэл хэдэн зуун мянган цэгт аливаа контентыг нэгэн зэрэг хүргэнэ гэдэг тийм ч хялбар ажил биш нь тодорхой. Олон мянган эгнээтэй замаар асар олон ачааны тэрэг зогсоо зайгүй сүлжилдэнэ давхиж таны дуртай контентуудыг гэрийн тань хойморт хүргэнэ гэсэн үг.
Монголд анх удаа хэрэглэгчдийн зурагтад 4K дамжуулалт хийхээр бүх л бэлтгэл ажлаа хангаад буй ДДэш-ийн хамт олон сансраас сүлжээгээ дамжуулдаг нь хамгийн том давуу тал. Учир нь манай улс шиг өргөн уудам нутагтай оронд ямар нэгэн биет дамжлагаар бус сансрын уудам орон зайнаас дүрсээ авна гэдэг магадгүй байж болох хамгийн төгс шийдлүүдийн нэг болов уу.
Ташрамд дурдахад, тэртээ 2008 онд үүсгэн байгуулагдсан ДДэш 2017 онд өөрсдийн сансрын хиймэл дагуулыг хөөргөж, өмнөхөөсөө жижиг антенаар илүү олон сувгийг өндөр чанараар авах боломжийг нээж байв. Энэ талаар дэлгэрэнгүйг “Элон Маскийн Ангарагт хүрэх аугаа төлөвлөгөөтэй танилц” нийтлэлээс уншаарай.
Тийм хэцүү юм уу?
Магадгүй 4К шиг дэвшилтэт технологийг яагаад бид өмнө нь ашиглаж байгаагүйг гайхаж байж болох юм. Хариулт нь ийм технологийг нутагшуулахад шаардах бэлтгэл ажил, хөрөнгө оруулалттай холбоотой. Бид 4K байтугай дэлхийг байлдан дагуулж эхлээд буй 8К технологиос ч хоцорсон явж байгаа нь үнэн. Гэхдээ эдгээр технологийг нутагшуулах тийм ч хялбар ажил биш. Бид HD буюу энгийн 1K нягтшилд бүрэн шилжээд ойролцоогоор нэгэн арваныг л үзэж байна. Иймд телевизийн шууд дамжуулах технологи яагаад өндөр зардалтай, олон талын урт хугацааны хичээл зүтгэл байдгийг тайлбарлая.

Нэгт, илгээх дүрс. HD бичлэгийг хүчээр томруулаад 4К болгох биш анхнаасаа 4К нягтшилаар бичнэ гэсэн үг. Орчин цагт олон улсын гэлтгүй дотоодын студи, контент бүтээгчид бүгд энэ форматаар бичиж чадах ч тухайн дамжуулж буй технологи 4K дэмжихгүй бол тэд контентоо 4K-аар хүргэж чадахгүй.
Хоёрт, дүрс илгээх дэд бүтэц. Шилэн кабелиар 4К нягтшилтай, том хэмжээний дүрсийг илгээхэд хэт өндөр ачааллаас болоод тасалдах, гацах, цаашлаад гэрийн интернэтийн хурдад нөлөөлөх зэрэг эрсдэл тулгарах боломжтой. Харин хиймэл дагуулаас илгээх дүрсэд хоцрогдол, гацалт асар бага гардаг нь хамгийн том давуу тал.
Гуравт, хүлээн авах төхөөрөмж. YouTube дээр 4К бичлэг үзэхийг хүслээ ч хэрэв таны дэлгэц HD нягтшил л дэмждэг бол 4К дүрс үзэх ямар ч боломжгүй. Үүнтэй адилаар зурагтаараа 4К дүрс үзэхийг хүсвэл хүлээн авагч төхөөрөмж нь орчин үеийн байх шаардлагатай тулгарч буй.
ДДэш-ийн хамт олон дээр дурдсан технологийн шаардлагуудыг бүрэн биелүүлсэн бөгөөд өдгөө Premier Sports Network сувагтай хамтран спортын тоглолтуудыг 4К нягтшилтай дамжуулахаар ажиллаж буй гэнэ. Мөн тун удахгүй 4K төхөөрөмжөө хэрэглэгчдийн гарт хүргэх юм байна.

Сэтгэгдэл бичих

