Дэлхийн 197 талын төлөөлөгч, 20 мянга гаруй оролцогчийг Улаанбаатарт нэгтгэсэн COP17 өндөрлөлөө. Бэлчээрийн салбарын түүхэн хөрөнгө оруулалтын багц, гангийн тэсвэржилтийн шинэ механизм, Монголын дэвшүүлсэн “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” хурлын бодлогын өв болов.
Харин Монголд үлдсэн хамгийн том үр дүн нь зөвхөн мөнгө эсвэл төсөл биш, харин дэлхийн хэмжээний хурлыг өөрийн өнгө төрх, олон улсын өндөр стандарттай хослуулан зохион байгуулж чадсан нь байлаа.
Энэхүү нийтлэлийн хураангуй нь 2026 оны Наймдугаар сарын 31-нд хэвлэгдсэн Unread Today сонинд анх бичигдсэн болно.
Unread

Бямба гарагийн шөнө гурван цаг болж байхад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хаалтын хуралдаан үргэлжилсээр байв.
Хоёр долоо хоногийн турш Улаанбаатарт чуулсан 197 талын төлөөлөгчид сүүлийн санал зөрөлдөөнүүдээ шийдвэрлэхээр ажиллаж, COP17-ийн ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зөвшилцлийн хэлэлцээг удирдан явууллаа. 20 мянга гаруй оролцогч, 900 гаруй арга хэмжээний эцэст сүүлийн алх цохиход нийт 34 шийдвэр батлагдсан байв.
Хэдхэн долоо хоногийн өмнө бид “COP17 Монголд юу авчрах вэ?” хэмээн асууж, ногоон санхүүжилт, байгалийн капитал, шинэ түншлэлийн боломжийг тайлбарласан. Харин одоо хурал өндөрлөсний дараа асуултыг өнгөрсөн цаг дээр тавих боломжтой боллоо. COP17 үнэхээр Монголд юу үлдээв?
Хариултыг зөвхөн зарласан доллар, гарын үсэг зурсан баримт бичгийн тоогоор хэмжихэд хангалтгүй. COP17 бүх асуудлыг шийдээгүй, оролцогч талууд ч бүгд сэтгэл хангалуун үлдээгүй. Хамгийн өндөр хүлээлттэй байсан гангийн асуудлаарх шинэ зохицуулалтын төвөгтэй хэлэлцээг 2028 онд Египетэд болох COP18 хүртэл хойшлууллаа. Иргэний нийгмийн байгууллага, залуучууд, уугуул иргэдийн оролцоо хангалтгүй гэх шүүмжлэл үргэлжилж, хурлын гадна эсэргүүцлийн дуу хоолой ч сонсогдов. Санхүүжилтийн амлалтууд бодит төсөл болж, хөрсөн дээр бууж, хэрэгтэй хүндээ хүрэх эсэх нь мөн л нээлттэй асуулт хэвээр үлдсэн.
Гэсэн ч Улаанбаатарын хурал улс төрийн 34 шийдвэрээс гадна санхүүжилтийн шинэ механизм, хөрөнгө оруулалт татах боломжтой төслийн багц, бэлчээр болон түүнийг хамгаалж буй малчдын талаарх шинэ ойлголтыг олон улсын бодлогын төвд авчирч чадлаа. Монголын хувьд үүнээс ч илүү ач холбогдолтой нэг үр дүн бий. Бид дэлхийн хэмжээний олон талт хурлыг олон улсын өндөр түвшинд зохион байгуулж чаддагаа бусдад төдийгүй өөрсдөдөө харуулав.

Улаанбаатарын үр дүн: бэлчээр бодлогын төвд
COP17 өмнө нь дэлхийн бодлогын захад үлддэг байсан бэлчээрийг газрын асуудлын төвд авчирснаараа түүхэнд бичигдэнэ. Бэлчээр дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум хүний амьжиргааг тэтгэн, 500 сая орчим нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийн хамгаалалтад оршдог. Хүнсний үйлдвэрлэл, усны тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн суурь болсон энэ орон зай үндэсний бодлого, олон улсын хөрөнгө оруулалтад ач холбогдолтойгоо дүйцэх хэмжээнд тусдаггүй байв.
Монголын хувьд бэлчээр бол хийсвэр, поп сэдэв биш. Энэ нь малчдын амьжиргаа, ноолуур, мах, сүүний нийлүүлэлтийн сүлжээ, хөдөөгийн эдийн засаг, цаашлаад үндэсний соёл, нүүдлийн амьдралын хэв маягийн үндэс юм. Иймээс бэлчээрийг хурлын гол сэдэв болгосон нь Монгол өөрийн эмзэг асуудлыг дэлхийн нийтлэг сорилттой холбож чадсан дипломат сонголт байлаа.
Улаанбаатарт эхлүүлсэн бэлчээрийн тэргүүлэх санаачилга 45 төслийн хүрээнд 1.2 тэрбум долларын санхүүжилтийг нэгтгэсэн нь конвенцын түүхэнд энэ чиглэлээр бүрдүүлсэн хамгийн том багц болов. Харин газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийн өргөн хүрээний багц 23 орныг хамарч, 1.3 тэрбум долларт хүрчээ. Үүнээс 644.5 сая ам.долларыг шинэ санхүүжилт гэж тодорхойлсон бол 216.4 сая ам.доллар баталгаажиж, хэрэгжилтийн шатанд шилжсэн байна.
Энд “багц”, “шинэ санхүүжилт”, “баталгаажсан санхүүжилт” гэсэн ойлголтыг ялгаж унших хэрэгтэй. Нийт дүн нь бүгд хурлын үеэр дансанд шилжсэн мөнгө биш. Зарим нь өмнө эхэлсэн хөтөлбөр, зарим нь ирээдүйн хөрөнгө оруулалтын боломж, зарим нь төсөл тодорхой шалгуур хангасны дараа олгогдох санхүүжилт юм. Харин 216.4 сая доллар хэрэгжилтийн шатанд орсон нь амлалтаас бодит төсөл рүү шилжсэн хэсгийг харуулж буй илүү чухал үзүүлэлт билээ.
COP17-ийн жинхэнэ шинэчлэл нь бэлчээрийг зөвхөн хамгаалах шаардлагатай газар бус, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг байгалийн капитал гэж харах хандлагыг бэхжүүлсэнд оршино. Нөхөн сэргэсэн бэлчээр малын бүтээмжийг нэмэгдүүлж, ус тогтоон барьж, хөрсний элэгдлийг бууруулан, нүүрстөрөгч шингээж, биологийн олон янз байдлыг хамгаална. Гэвч эдгээр өгөөж өөр өөр оролцогчид болон урт хугацаанд хуваарилагддаг учраас хөрөнгө оруулагчийн хувьд шууд орлого болдоггүй. Тиймээс төр, хөгжлийн банк, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн эрсдэл ба өгөөжийг зөв хуваарилсан санхүүгийн бүтэц шаардлагатай гэдгийг дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарт цугларч, гурван хоногийн турш тусдаа хуралдсан малчдын төлөөлөл онцолж байв.

чамлахаар чанга атга: Гангийн эсрэг шинэ санхүүгийн механизм
Ган, зуд бол нүүдэлчин Монголчуудад эчнээ танил сэдэв. Өмнөх жилүүдийн COP-оос хамгийн "дутуу хэлэлцэгдэж", хойш тавигдаж үлддэг байсан энэ сэдвийг Улаанбаатарт онцгойлон хөндсөн нь санамсаргүй хэрэг биш гэлтэй.
Хурлын үеэр гангийн тэсвэржилтэд зориулсан дэлхийн анхны катализатор санхүүжилтийн платформыг эхлүүлэв. UNCCD болон Люксембургийн хамтран байгуулсан "Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын сан" нь усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт, байгальд түшиглэсэн шийдэлд 400 сая доллар хүртэлх хөрөнгө татан төвлөрүүлэх зорилготой.
“Катализатор” гэх тодотголын цаана нэг энгийн логик бий. Газрын нөхөн сэргээлт, гангийн бэлтгэл хангах төсөл урт хугацааны өгөөжтэй боловч эхний эрсдэл өндөр, орлогын урсгал нь тодорхой бус байдаг. Төр, хөгжлийн байгууллага, буяны сан эхний эрсдэлийн тодорхой хэсгийг үүрч, хөнгөлөлттэй зээл, баталгаа, техникийн туслалцаа үзүүлснээр хувийн хөрөнгө оруулагч орох нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 400 сая долларыг нэг сан дангаараа тараах бус, бага хэмжээний нийтийн эх үүсвэрээр илүү их хувийн хөрөнгө хөдөлгөхийг зорьж байгаа хэрэг.
Өдгөө 70 гаруй улс үндэсний гангийн эсрэг төлөвлөгөөтэй болсон нь 2013 оны ердөө гурван улстай харьцуулахад том ахиц. Мөн COP16-аар эхлүүлсэн "Рияадын гангийн тэсвэржилтийн дэлхийн түншлэл" эмзэг нөхцөлтэй 70 орчим улсыг дэмжих нэгдсэн сан байгуулах ажлаа Улаанбаатарт урагшлууллаа. COP17 гангийн асуудлаарх заавал дагаж мөрдөх шинэ протокол дээр тохиролцоонд хүрээгүй ч төсөл бэлтгэх, санхүүжилт татах, өгөгдөлд тулгуурлан эрсдэлийг хэмжих институцийн суурийг ахиулав.
Энэ хэмжээний хөрөнгө дэлхий дахинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд жил бүр дутагдаж буй 278 тэрбум долларыг нөхөж чадахгүй. Гэхдээ Улаанбаатарын үр дүнг зөвхөн санхүүжилтийн цоорхойтой харьцуулж жижигсгэх нь бас өрөөсгөл. Шинэ механизм туршигдаж, хөрөнгө оруулах боломжтой төслийн жагсаалт бий болж, улсын төлөвлөгөөнүүд санхүүгийн байгууллагын шаардлагатай ойртсон нь дэлхий нийт дараагийн алхам хийхэд тэр хэрээрээ ойртсоны илэрхийлэл мөн.

Монгол өв: тал нутгийн төлөвлөгөө
Монгол Улс COP17-ийг зөвхөн олон улсын тунхаглалтай дуусгахгүй байхыг зорьж, өөрсдийн онцлог, хэрэгцээд нийцсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан. Үүнээс хуралд оролцогч 196 тал бүгд хүлээн зөвшөөрч, баталсан “Тал нутгийн төлөвлөгөө”-г зайлшгүй онцлох учиртай. Уг хөтөлбөр бэлчээрийн тогтвортой менежмент, газар ба усны нэгдсэн удирдлага, байгальд түшиглэсэн тогтвортой дэд бүтцийг шинжлэх ухаан, бодлого, хөрөнгө оруулалттай холбох зорилготой. Үүнийг “бэлчээрээ хамгаалъя” гэсэн ерөнхий уриаг төсөл, санхүүжилт, хэмжигдэхүйц үр дүнгийн хэл рүү хөрвүүлэх оролдлого гэж тодорхойлж болно.
Хөтөлбөрийн хүрээнд Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро хүртэлх ойн тогтвортой хөтөлбөр боловсруулах эрмэлзлийн баримт бичиг байгуулж, Дэлхийн банктай SMILE хөтөлбөрөөр дамжуулан 100 сая долларын хосолсон санхүүжилтийн боломж танилцуулав. Мөн 50 сая ам.долларын анхны хөрөнгөтэй Монголын ногоон санхүүгийн корпорацыг эхлүүлж, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх зорилготой Business4Land үндэсний төвийг байгууллаа.
Ахин сануулахад, эдгээр тоог хооронд нь нэмээд Монголд хэдэн зуун сая доллар бэлнээр орж ирлээ гэж ойлгож болохгүй. Европын хөрөнгө оруулалтын банкны баримт бичиг нь бүрэн батлагдсан зээлийн гэрээ бус, төсөл бэлтгэж, үнэлж, санхүүжилтийн бүтэц тохирох эхлэл. SMILE нь мөн грант, хөнгөлөлттэй эх үүсвэр, хувийн хөрөнгийг хослуулах боломж. Харин Ногоон санхүүгийн корпорац өөрөө айл өрхөд шууд зээл өгөхөөс илүү банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан урт хугацааны эх үүсвэр нийлүүлэх институцийн үүрэгтэй.
Энэ бүхнийг том зургаар нь дүгнэвэл хоёр зүйлийг онцолж болно. Эхнийх нь, хувийн хэвшлийн оролцоо. TenGer TV-ийн студид шууд ярилцлагад оролцсон гадны зочид бүр Улаанбаатарын хуралд хувийн хэвшил манлайлж оролцож байгааг тодотгож байв. Үнэхээр ч манай дотоодын үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн бүгд өөр өөрсдийн хэмжээнд уг хуралд оролцсон нь гарцаагүй үнэн. Хувийн хэвшлийн манлайлал, ялангуяа банк, санхүүгийн салбарын идэвх оролцоо цаашид COP-оос үлдэж буй өвийг төгөлдөржүүлэх учиртай. "Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум", "Хотын дарга нарын форум", "Олон улсын парламентчдын форум" зэрэг дангаараа л ач холбогдол, цар хүрээгээрээ томд тооцогдох арга хэмжээнүүд COP-ийн хүрээнд улам ч амттай, илүү үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлж чадлаа.
Нөгөөх нь, тогтолцооны шинэчлэл. Монгол Улс байгаль орчны төслөө жил бүр төсөв, гадаадын тусламжаас хамаарах байдлаар бус, олон эх үүсвэрээс хөрөнгө татаж, эрсдэлийг хуваарилж, үр дүнг хэмждэг санхүүгийн платформ болгон хөгжүүлэхийг оролдож эхэлжээ гэсэн сэтгэгдэл төрөв. Хэрэв энэ тогтолцоо ажиллавал ойн нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт, усны аюулгүй байдлын төслүүд тус тусдаа жижиг санаачилга бус, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой багц болж чадах биз ээ.
COP17-ийн үеэр танилцуулсан Ерөнхий сайд Н.Учралын онцгойлон танилцуулсан олон тэрбум долларын өртөг бүхий 863 МВт-ын ногоон дата төвийн түншлэлүүд ч Монголын шинэ амбицыг илэрхийлэв. Арван санамж бичгийн цаана Монголын хүйтэн, хуурай уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцооллын дэд бүтэц хөгжүүлэх санаа бий. Гэхдээ эдгээр нь одоогоор урьдчилсан тохиролцоо бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, эрчим хүчний найдвартай эх үүсвэр, дамжуулах сүлжээ, өгөгдлийн аюулгүй байдал, хөрөнгө оруулалт болон зөвшөөрлийн шат дарааллыг давах шаардлагатай. COP17 Монголыг уул уурхайн дараах шинэ үеийн хөгжлийн хурдасгуураа эрэлхийлэх аянд хэдийнээ гарсан гэдгийг батлан харуулав.

Нүүдэлчдийн зочлох ёсон: Дэлхийн хэмжээний зохион байгуулалт
COP17-ийн албан ёсны тайланд шийдвэр, санхүүжилт, оролцогчдын тоо бүртгэгдэнэ. Харин Монголд үлдсэн өөр нэг үр дүнг мөнгө эсвэл тоогоор хэмжихэд бэрх. Энэ бол дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулах чадавх, зохион байгуулсан гэдэг туршлага, бүр ч илүүг зохион байгуулж чадна гэдэг итгэл юм.
Төрийн байгууллага, бизнес, зочид буудал, тээвэр, хоол үйлдвэрлэл, хамгаалалт, орчуулга, хэвлэл мэдээлэл, сайн дурын багууд хоёр долоо хоногийн турш нэг том системийн хэсэг болон ажиллалаа. Тээвэр найдвартай, хурлын талбай эмх цэгцтэй, хоол амттай, ажилчид найрсаг байв. Өөрөөр хэлбэл, Монголчууд эх орондоо олон улсын томоохон арга хэмжээг дэлхийн хэмжээнд зохион байгуулж чадлаа.
НҮБ-ын хурлын аюулгүй байдал, протокол, орчуулга, мэдээллийн технологи, арга хэмжээний урсгал, мянга мянган хүний өдөр тутмын логистикийг зэрэг ажиллуулах нь зөвхөн сайхан тайз засахаас хавьгүй төвөгтэй ажил. Монголчууд энэ шалгалтыг амжилттай давлаа гэж бардам хэлэх эрхтэй.
Энэ удаагийн арга хэмжээ зөвхөн хамгаалалтын цаана дөрвөн ханан дунд өрнөх ойлгоход төвөгтэй хэлэлцээрээс хязгаарлагдсангүй. Зохион байгуулагч орны санаачлагаар олон нийтэд нээлттэй "Ногоон бүс"-ийг гаргасан нь олон улсаас ихээхэн сайшаал хүртэв. 100 гаруй оролцогч байгууллага, 400 орчим арга хэмжээтэй уг бүсээр 110 мянган хүн зочилсон нь тооцоолсноос хэд дахин өндөр үзүүлэлт.
Монголын зочломтгой байдал оролцогчдод урьдчилан найруулсан хиймэл үзүүлбэр шиг санагдсангүй. Зочноо хүндэлж, байгаагаа хуваалцдаг нүүдэлчдийн уламжлал орчин үеийн олон улсын хурлын стандарттай байгалийн жамаар нийцсэн нь энэ удаагийн онцлог байв. Хаалтын хэвлэлийн бага хурлын үеэр UNCCD-ийн удирдлага зохион байгуулагч оронд талархал илэрхийлж, төлөөлөгчид сайн дурынхан, ажилтнууд, үйлчилгээний багийг онцлон магтсан нь бид зөвхөн техникийн шаардлага биелүүлээгүй, харин оролцогчдод халуун дулаанаар дурсагдах дурсамжийг бий болгосны илэрхийлэл байлаа.
Энэ туршлага дараагийн олон улсын хурал, спортын тэмцээн, бизнесийн форумыг татах бодит хөрөнгө болно. Олон зуун сайн дурын ажилтан, мэргэжилтэн олон талт дипломат ажиллагаа, олон улсын арга хэмжээний менежмент, хэл, харилцааны бодит туршлага хуримтлууллаа. Монгол Улс дэлхийн ярианы захад бус, төвд нь байж болохыг шинэ үеийнхэн өөрсдийн нүдээр гэрчилсэн нь тэднийг урам зоригоор тэтгэж, эрч хүчээр цэнэглэсэн, магадгүй урт хугацаанд үлдэх хамгийн үнэ цэнтэй өв нь ч байж мэднэ.
Дэлхий Улаанбаатарт цугларлаа. Монголчууд бид чадлаа. Харин одоо чадсанаа үргэлжлүүлэх чухал цаг эхэлж байна.

Өмнөх нийтлэлүүдтэй танилцах:
Яагаад цөлжилт XXI зууны хамгийн том сорилтуудын нэг болсон бэ?
COP гэж юу вэ?: Дэлхийн газрын асуудлаарх хамгийн том хэлэлцээрийг ойлгох нь
Өмнөх COP хурлуудын амжилт ба сургамжаас
UNCCD-ийн талаар таны мэдэх ёстой бүх зүйлс
COP17 хурлын тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсэгт
10 өнцөг, 10 ертөнц: COP17-ийн оролцогчид
Хил хязгаарыг үл мэдэх шороон шуурга
COP17-д зориулсан залхуу хөтөч
Монголын тал нутаг ямар үнэ цэнтэй вэ?
Unread
Сэтгэгдэл бичих

